Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 00111

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч С.Цэрэндулам даргалж,
нарийн бичгийн дарга Д.Одончимэг,
улсын яллагч Ж.Болорпүрэв,
хохирогч П.Мэндсайхан,
хохирогчийн өмгөөлөгч М.Төмөрцэцэг,
шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Алтанцэцэг, М.Төмөрцэцэг
гэрч Ц.Нямтайван,
шүүгдэгч Д.Отгонжаргал, Ш.Баасансүрэн, У.Энхтүвшин нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж, Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Отгонжаргал, Ш.Баасансүрэн, У.Энхтүвшин нарт холбогдох эрүүгийн 201506000273 дугаартай, 132/2017/0071/Э индекстэй хэргийг 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1987 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Булган аймгийн Гурванбулаг суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Булган аймгийн Гурванбулаг сумын 6 дугаар багт оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Авзага овогт Ургамалын Энхтүвшин /РД:ГГ87041411/, Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1970 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Булган аймгийн Гурванбулаг суманд төрсөн, 47 настай, халх, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 8 дугаар хороо баруун тосгоны 3-19 тоотод оршин суух, Бэрхжаргал овгийн Дамбийнямын Отгонжаргал /РД:ГП70102708/, Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1967 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Булган аймгийн Гурванбулаг суманд төрсөн, 50 настай, халх, эрэгтэй, Бүрэн дунд боловсролтой, малчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг 8 дугаар хороо баруун тасган 3-19 тоотод байнга оршин суух хаягтай, түр Булган аймгийн Гурванбулаг сумын 2 дугаар багт амьдардаг, Авзага хайрхан овгийн Ширбазарын Баасансүрэн /РД:ГГ67021114/,
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч У.Энхтүвшин нь 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Булган аймгийн Гурванбулаг сумын 5 дугаар багт Д.Отгонжаргал, Ш.Баасансүрэн нарыг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан, шүүгдэгч Д.Отгонжаргал, Ш.Баасансүрэн нар бүлэглэн, согтуугаар 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Булган аймгийн Гурванбулаг сумын 5 дугаар багт П.Мэндсайхантай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар Ш.Баасансүрэн нь П.Мэндсайхантай зодолдох явцад Д.Отгонжаргал нь шил шидэж П.Мэндсайханы бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/ ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүгдэгч Ш.Баасансүрэнгийн өгсөн: Манай авгай дүүгийн хурим болно, би хотоос гарлаа, зам дээр яваад ир гэсэн. Тэгээд бид 2 дүүгийнхээ хуриманд очсон. Би 6 жил ганцаараа мал малласан болохоор их ядарсан байсан ба найранд очоод архи, айраг уугаад амархан согтсон байсан. Тэгээд Мэндээтэй гэрийн хойно сууж байгаад юм ярьтал Мэндээ намайг чиний баян гэж юу байдаг юм. Чамайг их адуутай гэдэг гэл үү, чи тийм их адуутай юм уу, чи тийм баян бол энэ айлын өвлийн идшийг ууцны хоньтой нь өгөөрэй гэсэн. Энэ айлыг юугаар мялаасан юм, мялаалгаа аваад яваарай гэж хэл амаар доромжилсон. Тэгээд тухайн үед нь за за гээд орхисон. Тэгээд ерөөсөө болохгүй болохоор нь шанааруу нь нэг цохьсон. Мэндээ эргүүлээд намайг 2 удаа цохьсон. Машин дотроо унтаж байтал Мэндсайханы дүү нар ирээд бид хоёрыг зодчихсон байсан. Би эхнэртэйгээ бүлэглэж П.Мэндсайханыг зодсон зүйл огт байхгүй. Ц.Отгонжаргал намайг өмөөрч л Мэндээрүү юм шидсэн байсан гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Д.Отгонжаргалын өгсөн: 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр дүүгийнхээ охины хуриманд очсон. Манай нөхөр гэрт байсан чинь Мэндсайхан гаднаас орж ирсэн. Баасансүрэн машины сүүдэрт сууж байхад Мэндсайхан үл тоосон байдалтай хандаж, хэл амаар доромжилж, дээрэлхсэн байдалтай зүйл ярьсан. Мөн “чи энэ айлд өгсөн юмаа аваад эндээс зайл” гэж хэлсэн. Тэр үед манай нөхөр согтуу байсан ба Мэндсайхантай маргалдахаар нь би “та 2 одоо боль” гэж зөндөө хэлсэн. Би манай нөхрийг зодож байна гэж бодоод юм аваад шидсэн. Тэгээд Сандаг-Очир орж ирээд намайг аваад гарсан. Энэ үйл явдал богино хугацаанд болоод өнгөрсөн. Тэндээс гараад машин дотроо нөхөр бид 2 унтаж байтал Энхтүвшин ирээд манай нөхрийг машинаас татаж буулгаад зодсон. 2 залуу салгах гэсэн боловч дийлэхгүй байсан. Манай ах дүү нар сүүлдээ айсан. Тэгээд арай гэж салгаад сумын төв рүү авч явсан гэх мэдүүлэг,
Шүүгдэгч У.Энхтүвшингийн өгсөн: 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр сургуулийн нээлтийн үеэр дааганы уралдаан үзээд явж байсан. Тэгтэл ах чинь эмнэлэгт ирчихлээ хүрээд ир гээд утсаар ярихаар нь яваад очсон. Тэгээд эмнэлэг ороод ахыгаа хараад үнэхээр цочирдсон. Нүд нь хавдсан, цус нь гоожсон эмчийн урд сууж байсан. Эмч нь бушуухан хот явж үзүүлэхгүй бол болохгүй байна гэсэн. Тэгээд хөдөө ахынхаа машиныг авах гээд очсон. Намайг очиход Отгонжаргал, Баасансүрэн 2 тасарсан машиндаа унтаж байсан. Ямар ч биеэ авч явах чадваргүй болчихсон байсан. Отгонжаргал гуай ухаа мэдрэл байхгүй байсан. Өмдөндөө шээчихсэн байдалтай байсан. Тэгээд ахыгаа харж цочирдсондоо уур хүрээд Баасансүрэн гуайг 2 удаа цохьсон. Тэгтэл Отгонжаргал гэдэг хүн машинаасаа бууж ирээд хэл амаар доромжилж над руу дайраад майжаад байхаар нь та цаашаа бай гээд нэг л удаа түлхсэн. Тэгээд би дүүд нь араас цагдаа дээр очоорой. Цагдаа дээр очиж учраа олно шүү гэж хэлчихээд явсан. Би шууд цагдаагийн газар очоод зодоон болсон байна гэж хэлчихээд ахыгаа аваад хотруу явсан гэх мэдүүлэг, Хохирогч П.Мэндсайханы өгсөн: Би 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдөр бэр гуйгаад тэр өдрөө найрлаж байгаад шөнө 2 цагт унтсан. Маргааш нь 10 цагийн үед сэрээд найранд ирсэн. Намайг ирэхэд Отгонжаргал нэлээн согтуу, Баасансүрэн нүүр ам нь халцраад хавдсан байсан. Тэгээд би хүмүүсээс Баасансүрэн яагаа вэ гэхэд хүн болгонтой агсам тавиад цохиулах хүндээ цохиулаад, өшиглүүлэх хүндээ өшиглүүлээд ийм болсон гэсэн. Намайг гэрт ороход над руу агсарч дайраад “чи гуйлгачин байсан одоо овоо болчихож, ахынхаа хүчинд сэхчихэж, боорцог гуйж байсан гуйлгачин” гэхэд нь би “хүн яаж ч явж болно, чи ингэж болохгүй” гэж зөндөө хэлсэн. Тэнд байгаа хүмүүсээс хамгийн эрүүл нь би байсан. Баасансүрэнгээс хүн болгон дөлж зугтаж байсан. Би Баасансүрэнг хүн болгонруу дайраад байхаар нь гэрт оруулчихаад гараад явсан. Тэгтэл над руу агсарч дайраад болохгүй байсан. Тэгээд би за хоёулаа архи ууя гээд хойморт суугаад би архи хундагалаад суусан. Тэгтэл үг дуу үгүй босч ирээд цээж рүү цохьсон. Тэгээд би яагаад чи намайг цохиж байгаа юм, би чамайг яасан юм гээд босоод цохих гэтэл нүүрэнд дунд гал бутраад л явчихсан. Нүүрээ дараад гараа хартал цус гоожиж байсан. Тэгээд хүмүүс орж ирээд аваад гарсан. Энэ талаар гэрчүүд мэдүүлэг өгсөн байна лээ. Тэр гэрчүүд бидний хажууд байгаагүй. Отгонжаргал ширээн дээр байсан юмнуудыг бүгдийг нь шидсэн. Сандал хүртэл шидсэн. Баасансүрэн л өөрөө эхэлж намайг өдөж, цохиж авсан. Нүдээ цохиулчихаад эмнэлэг дээр очоод үзүүлээд, дүү рүүгээ утасдуулсан. Эмч хот явахгүй бол болохгүй юм байна, нэлээн их гэмтэл авч гэсэн. Хотод очоод эмнэлэг үзүүлэхэд мэс засалд ор гэсэн. Хараа орох магадлалтайг мэдэхгүй байсан гэж хэлсэн. Мэс засал орсноос хойш маш их өвддөг болсон. Эмч хараа орох боломжгүй гэж хэлсэн. Нөгөө нүдэндээ нөлөөлж магадгүй гэж эмзэглэж явдаг. Надад 3000000 төгрөг өгсөн. Урьд нь 2000000 төгрөг өгье гэхэд би татгалзсан. Хүнийг шөнө унтаж байхад 2 цагийн үед цагдаа дагуулаад мөнгө ав гэж нүцгэн шахуу дээлээ нөмөргөөд өрөөндөө аваачиж мөнгө ав гэсэн. Би авж чадахгүй өмгөөлөгчөөсөө асууна ингэж авах ёсгүй байх гээд татгалзсан. Эмчилгээний зардал 1500000 төгрөг гарсан. Эмнэлэгт хэвтсэн зардал, замын зардал зэргийг баримт аваагүй болохоор өгөөгүй. Надаас ерөөсөө уучлалт гуйгаагүй. Би та эмчтэй уулз, ямар зардал гарахыг би хэлж мэдэхгүй гээхд эмчтэй ч уулзаагүй. Би одоо бүхэл бүтэн нүдээрээ хохирсон байна. Маш их гомдолтой байна. 1130000 төгрөг нэхэмжилж байна гэх мэдүүлэг,
201506000273 дугаартай эрүүгийн хэргээс хэрэг бүртгэлтийн шатанд: Хохирогч П.Мэндсайханы өгсөн: “.. 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Булган аймгийн Гурванбулаг суманд манай дүүгийн хурим болсон. 9 дүгээр сарын 01-ний өглөө унтаж байгаад 10 цагийн үед сэрэхэд Баасансүрэн маш их согтсон байсан. Олон хүнлүү орилж хашгираад байхаар нь гэрээс гарсан. Намайг гэрт орсон чинь Ш.Баасансүрэн намайг хэл амаар доромжлоод зүгээр суулгахгүй байсан. Тэгэхээр нь би гэрээс гарч гадуур явж байгаад буцаж орж ирэхээр л агсан тавиад хүмүүс рүү агсан согтуу тавиад байхаар нь “ингэж болохгүй ээ, найранд ирчихээд ийм зүйл ярьж болохгүй” гээд нэлээд аргадсан юм. Тэгээд бид хоёр гэрийн хойморт зэрэгцээд Ш.Баасансүрэн миний хажууд сууж байсан. Тухайн үед би архи аягалаад сууж байсан ба гэрт Ш.Баасансүрэн, түүний эхнэр Д.Отгонжаргал бид гурав байсан юм. Тэгтэл Ш.Баасансүрэн нь намайг гэнэт босч ирээд баруун талаас толгойны баруун чамархай хавьцаа гараараа цохисон. Тэгэхээр нь би Ш.Баасансүрэнг “чи яахаараа хүн цохиж байгаа юм бэ” гээд босоход гэнэт зүүн нүдэн тус газарт халуу оргиод маналзсан. Тэгсэн чинь эхнэр Д.Отгонжаргал нь гэрийн зүүн талд сууж, байгаад ийш тийш нь юм шидээд байх шиг байсан. Тухайн үед бид нар гэрийн гол хэсэгт байрлуулсан ширээ тойроод сууцгааж байсан ба Отгонжаргал ширээн дээр байсан зүйл шидсэн байх, ...Ямар ч байсан Ш.Баасансүрэн намайг гараараа цохисны дараагаар Д.Отгонжаргал нэг юм шидээд нүдийг оночихсон. Тэгээд нүд гал бутраад цус гарч овоож хавдсан. Ш.Баасанжаргал миний нүүрэн тус газар цохиход цус гараагүй, Д.Отгонжаргал юм шидэж оносны дараа миний нүднээс цус гарч овоож хавдсан юм. Нөхөрөө өмөөрч шидсэн байх гэж бодож байна.." гэх мэдүүлэг/хх 22-23, 167-168-р тал/ Хохирогч Д.Отгонжаргалын өгсөн: "..Би Булган аймгийн Гурванбулаг суманд айлын хуриманд очоод найрлаж байгаад айраг ууснаас болж тасраад ухаан балартсан байтал намайг Энхтүвшин гээд залуу алгадаж унагаасан юм. Тэрнээс болж толгой тархи хөдөлсөн. Мөн зүүн чихнээс ус шиг шингэн зүйл гарч тухайн цохиулсанаас болж миний биеийн ихэнх хэсэг хөх алаг болж няцарсан байсан юм. Мөн миний хиймэл шүд хөдөлсөн байсан. Тэгж эрүүл мэндээрээ хохирол хүлээсэн юм. Энхтүвшин намайг 2-3 удаа толгойн тус газарт гараараа цохисон. Мөн намайг хэл амаар нэлээд их доромжилсон юм. Би гомдолтой байгаа. Миний чихний хэнгэрэгнээс гараад байгаа шингэн зүйлийг эмчлэхэд гарах зардлыг нэхэмжилнэ.." гэх мэдүүлэг /хх 17 тал/, Хохирогч Ш.Баасансүрэнгийн өгсөн: "..Би эхнэр Д.Отгонжаргалын хамтаар Булган аймгийн Гурванбулаг сумын 5 дугаар багийн нутагт Хишигдоржийн хуриманд очсон юм. Очсон өдрөө шөнөжин найрлаж архи ууж хоносон юм. Тэгээд маргааш өглөө нь босоод мөн адил найрлаж архи уусан юм.. Би тэгээд нэг мэдсэн чинь айлд унтаад байж байсан тэгээд л ухаан орж сэргэсэн юм... Би нэлээд их архи уусан найранд очсон болохоор өдөр, шөнөгүй уусан юм. Энхманлай, Энхтүвшин мөн нэг танихгүй залуу гурав л зодсон гэсэн. Миний толгой өвдөж байгаа. Миний үүдэн шүд бага зэрэг хөдөлгөөнд орсон. Бусад зүйл гайгүй хэвийн байгаа..", “...Намайг зодсон шалтгааныг сайн мэдэхгүй байна. Би У.Энхтүвшинтэй маргалдсанаа согтуу байсан болохоор санахгүй байна. Миний санаж байгаагаар У.Энхтүвшин нь намайг машинаас буулгаж ирээд нуруу толгой, гэдэс рүү өшиглөж байсан. Мөн гараар цохисныг бол санаж байна.. /хх 20, 91 тал/, Гэрч У.Энхманлайгийн өгсөн: "… Энхтүвшин нь Ш.Баасансүрэн ах дээр очоод Ш.Баасансүрэн ахыг гараараа цохиж байгааг хараад очиж салгасан юм. Тэгээд бид нар тэнд хоорондоо жаахан маргалдаж байгаад салаад явцгаасан юм.. У.Энхтүвшин ганцаараа л цохисон өөр ямар нэгэн хүнтэй хамт бүлэглэсэн зүйл байхгүй. Тэр хоёр архи уучихсан нэлээд согтуу байсан юм. Мэндсайхан ахыг өмөөрөөд л цохисон байх.." гэсэн мэдүүлэг/хх 24-25 тал/, Гэрч Д.Рэнцэнхандын өгсөн: "..Тэгтэл гэрийн гадаа нэг машин ирж зогсох нь сонсогдсон. Тэгтэл 3 залуу ирчихсэн. Д.Отгонжаргал эгч Ш.Баасансүрэн ах хоёрын унтаж байсан машинаас нь буулгачихсан Ш.Баасансүрэн ахыг нэг нь өшиглөж байх нь харагдсан.. /хх 26-27 тал/, Гэрч Б.Хишигдоржийн өгсөн: "..Ш.Баасансүрэн ахыг П.Мэндсайхан ахын дүү нар болох Энхманлай, Энхтүвшин нар зодох шиг болсон. Энхтүвшин хоёр удаа өшиглөх шиг болсон. Д.Отгонжаргал эгч өөрөө Энхтүвшингийн урдаас дайрч давшлахаар нь буцааж түлхээд байсан... Д.Отгонжаргал эгчийг У.Энхтүвшин нэг удаа биерүү нь цохисон.. тэгээд цааш нь түлхэж байсан.." гэсэн мэдүүлэг /хх 31-32, 290 тал/, Хохирогч Д.Отгонжаргалын бие махбодод яллагдагч У.Энхтүвшингийн үйлдлийн улмаас хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг нотолсон Шүүх эмнэлгийн шинжээч эмч дүгнэлт №12862 /хх-ийн 38-р хуудас/ Хохирогч Ш.Баасансүрэнгийн бие махбодод яллагдагч У.Энхтүвшингийн үйлдлийн улмаас хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг нотолсон Шүүх эмнэлгийн шинжээч эмч дүгнэлт №12874 /хх-ийн 40-р хуудас/ Гэрч Д.Рэнцэнхандын өгсөн: ".. 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр миний хуриманд П.Мэндсайхан, Д.Отгонжаргал, Ш.Баасансүрэн нар ирцгээсэн. Тэгтэл Баасансүрэн ах П.Мэндсайхан ах хоёр хоорондоо маргалдаж байгаад Баасансүрэн ах Мэндсайхан ахын нүүрлүү нь гараараа цохисон. Мэндсайхан ах “чи яахаараа намайг цохидог юм бэ” гэж хэлээд босч ирээд Баасансүрэн ахын нүүрэн тусах газарт нь гараараа цохисон. Удалгүй гэрт байсан хүмүүс гарч ирээд П.Мэндсайхан гуай машинд суугаад яваад өгсөн. Гэрээс гарч ирэхэд хөмсөгний доод тал нь товойж хавдсан байх нь харагдсан. ...П.Мэндсайхан ах архи уусан ч гэсэн согтолт нь гайгүй байсан. Д.Отгонжаргал, Ш.Баасансүрэн нарыг харахад нэлээн согтчихсон байсан, …П.Мэндсайхан ах Ш.Баасансүрэн ахад баярхуу зан гаргаж “танайх их баян гээ биз дээ, энэ жилийн ууцны хонь, өвлийн идшийг нь даагаарай” гэх зүйлийг яриснаас болж тэдний хооронд маргаан үүссэн. Харин Д.Отгонжаргал эгч нөхрийг нь баян ядуугаар нь дуудсанаас болж П.Мэндсайхантай хэрүүл маргаан хийж улмаар зодолдох шалтгаан болсон.." гэсэн мэдүүлэг /хх 26-27, 208-209-р тал/, Гэрч Ц.Нямтайваны өгсөн: "... Ш.Баасансүрэн, П.Мэндсайхан нар зэрэгцэж сууж байтал Баасансүрэн гуай Мэндсайханыг баруун гараараа шанааруу нь нэг удаа цохисон. Тэгтэл Мэндсайхан, Баасансүрэн хоёр хоорондоо барьцалдаад авсан. Тухайн үед гэрийн зүүн талын орон дээр сууж байсан Отгонжаргал эгч Мэндсайхан руу ширээн дээр байсан шил шидсэн чинь нүүрэнд нь оносон. ...Мэндсайхан гуайн нүдийг Отгонжаргал эгч ширээн байсан шил шидсэн... Шидсэн шил нь архины шил байсан ба 0.75 литрийн хэмжээтэй байсан. Д.Отгонжаргал нь эхлээд ширээн дээр байсан архины шилийг авч П.Мэндсайханруу чиглүүлэн шидсэн чинь зүүн нүд хавьцаа нь хальт шүргээд өнгөрсөн. Тэгэх үед нүднээс нь ямар нэг байдлаар цус гарсан харагдаагүй ба харин хэсэг хугацааны дараа зүүн нүдний хөмсөгний хавьцаанаас цус гарсан харагдаж байсан. Эхний архины шил шидсэний дараа дахин ширээн дээр байсан архины шилийг авч шидсэн боловч оноогүй хажуугаар нь зөрж өнгөрөөд цаад талд нь байсан том шилтэй мөлхөө тавилгыг онож шилийг нь хагалсан.. Миний урд нь шил гэж ерөнхий байдлаар хэлж байсан зүйлийг тодорхойлж нарийвчлан хэлбэл архины 0.75 литрийн шил байсан юм.. Д.Отгонжаргалын эхний шидсэн архины шил П.Мэндсайханы нүдэн тусах газарт шүргээд өнгөрсөн ба тухайн архины шил хагараагүй газарт унасан... Дээрх үйл явдал нь маш хурдан буюу ойролцоогоор 2-3 минут үргэлжилсэн. Ш.Баасансүрэн эхлээд П.Мэндсайханыг шанаа хавьцаа нь хоёр удаа гараараа цохиод цааш нь түлхсэн. Тэгтэл П.Мэндсайхан Ш.Баасансүрэнтэй барьцалдаж аваад түүний зүүн нүд хавьцаа нь нэг удаа цохисон.. эхлээд П.Мэндсайхан, Ш.Баасансүрэн хоёр хоорондоо маргалдаж эхэлсэн. Юунаас болсон гэхээр Ш.Баасансүрэн нь бага байхдаа надаас боорцог гуйдаг гуйлгачин байсан биз дээ гэж П.Мэндсайханд хэлсэн" гэх мэдүүлэг/хх 28-30, 205-206-р тал/, Гэрч Б.Хишигдоржийн өгсөн: "...тухайн өдөр миний хуримын хоёр дахь өдөр байсан. Найр болж байхад манай гэрт хүмүүс архи дарс ууж, хоол цай идэж байсан. Тэгтэл Ш.Баасансүрэн ах, П.Мэндсайхан ах хоёр эд хөрөнгөнөөсөө болж баян, ядуугаараа дуудалцаж маргалдсан юм. Тухайн үед манайд ирсэн найрны хүмүүсийн зарим нь орон дээр унтаж амарч байсан ба би өөрөө гэрээс орж гараад байж байтал П.Мэндсайхан ах Ш.Баасансүрэн ах хоёр эхлээд эвлэрч найрамдаад зодолцож цохилцохгүй гээд ярьж байсан. Тэгээд би гэрээс гарсан чинь удалгүй П.Мэндсайхан ах, Ш.Баасансүрэн ах хоёрын чангараад маргалдаж эхлэхээр нь яваад орсон чинь Ш.Баасансүрэн ах босч ирээд П.Мэндсайхан ахыг баруун гараараа цохисон чинь хойшоо унаад босч ирээд Ш.Баасансүрэн ахыг 2 удаа гараараа цохиод авсан юм. Тэгэхээр нь би дундуур нь орж салгасан.. Д.Отгонжаргал эгч П.Мэндсайхан ахыг цохисны дараа харсан чинь зүүн нүдний хөмсөг хавьцаа овоож хавдсан цус дуслан гарч байсан.." гэх мэдүүлэг /хх 31-32-р тал/ Гэрч Д.Сандаг-Очирын өгсөн: "..Би 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Булган аймгийн Гурванбулаг суманд төрсөн эгч Д.Рэнцэнхандын хуриманд очсон юм. Намайг байхад хүмүүс найрлаж архи дарс хэрэглсэн хоол унд идэцгээж байсан. Тэгтэл найранд цөөхөн хэдэн хүмүүс үлдсэн байтал П.Мэндсайхан ах, Ш.Баасансүрэн ах хоёр хоорондоо 2-3 цаг орчим маргалдсан. Тэр хоёр эд хөрөнгө мал зэргээс шалтгаалан нэг нь баян нөгөө нь ядуу гэх мэтээр дуудалцаж маргалдсан. Тэгээд намайг гэрээс гарсан хойгуур хүмүүс хоорондоо гэрт зодолдох шиг болохоор нь орсон чинь Д.Отгонжаргал эгч П.Мэндсайхан ах руу гараараа цохих гээд дайрахаар нь дундуур нь орж салгасан. П.Мэндсайхан ахын зүүн нүдний дээд хэсэгт овоож хавдсан байсан ба бага зэрэг цус гарчихсан байсан.. 14 цагийн орчмоос эхлэн П.Мэндсайхан ах, Ш.Баасансүрэн ах хоёр маргалдаж бие биенийгээ чи намайг тоохгүй байна, өмнө нь хоёулаа ямар байлаа гээд, мөн эд хөрөнгө яриад нэгнийгээ ядуу гуйлгачнаар дуудаад байж байгаад болиод эвлэрээд байсан.. Д.Отгонжаргал эгч та хоёр болиоч найр наадам болж байхад яагаад хороондоо маргалдаад байгаа юм бэ гээд байсан.. П.Мэндсайхан ахыг Д.Отгонжаргал чи яахаараа манайхыг дээрэлхээд байгаа юм гээд маргалдаад байсан.. тэгээд гэхэд Д.Отгонжаргал нь чи яахаараа манайхыг дээрэлхээд байгаа юм гэж хажуунаас нь Ш.Баасансүрэн, П.Мэндсайхан ах хоёр хоорондоо барьцалдаад зодолдох хэлээд.. тэр хоёр хоорондоо зодолдоод салгаж байх үед Д.Отгонжаргал эгч ширээн дээр байсан архины шил авч шидсэн, "...Отгонжаргал эгчийн нөхрийг нь Энхтүвшин ах зодоод байхаар нь нөхрийгөө өмөөрч Энхтүвшин ахыг яагаад байгаа юм бэ гээд дайрах үед нь Энхтүвшин ах Д.Отгонжаргал эгчийн толгой руу нь баруун гараараа түлхсэн. Ингэж түлхэх үед нь Д.Отгонжаргал эгч холдохгүй байсан. Гэтэл дахин 2 удаа толгой руу нь түлхсэн. Энэ үед Д.Отгонжаргал эгч тэнцвэр алдаад арагшаа газарт өнхөрч унасан. Д.Отгонжаргал эгч газраас босч ирээд дахин Энхтүвшин ах руу дайрсан. Гэтэл Энхтүвшин ах Отгонжаргал эгчийг нөхөрийнх нь машины урд хамар хэсэгт нь очиж Отгонжаргал эгчийг арагш нь дарж байгаад хоолойг нь шахаж боосон. Тэгээд нэг их удалгүй минут ч хүрэлгүй би Энхтүвшин ахыг Отгонжаргал эгчээс салгаад Отгонжаргал эгчийг нөхрийнх нь машины арын хаалгаар арын суудалд нь суулгасан. Энэ үед Энхтүвшин, Отгонжаргал эгч хоёр хэрэлдээд байсан. Яг юу гэж хэрэлдэж байсныг санахгүй байна. Энэ үед Отгонжаргал эгчийг Энхтүвшин ах 2 удаа нүүрэн тус газарт нь машины гадна талаас алгадсан” гэх мэдүүлэг /хх 33-34, 93-94 тал/, Гэрч М.Батхүрэлийн өгсөн: "..Би 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр ажил дээрээ байж байхад Д.Отгонжаргал, Ш.Баасансүрэн хоёр хамт ирсэн. Тэгээд надад болсон явдлын талаар хэлсэн. Тэгэхээр нь би драгер багажаар согтолтын зэргийг тогтоож баримтжуулсан. Тэгээд удалгүй П.Мэндсайхан ирэхээр мөн адил драгер багаж ашиглан согтолтын зэргийг тогтоосон. Тэгээд материалд хавсаргасан.." гэх мэдүүлэг/хх 92 тал/, Шинжээч эмч Ш.Цэцэгмаагийн өгсөн: "..П.Мэндсайханы биед учирсан хөнгөн гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэдэх боломжтой. Дээрх 3 тохиолдлын аль алинд нь үүсэх боломжтой. Толгойн доргилт болон нүдэнд учирсан гэмтэл нь хоёулаа хөнгөн гэмтэл болно.." гэх мэдүүлэг /хх 294 тал/, Шинжээч эмч М.Энхбаярын өгсөн: "..хохирогч П.Мэндсайханы зүүн нүд хуучин гэмтэлтэй, хараагүй болсон байсан гэдэг нь эмнэлгийн бичиг баримтуудаар тогтоогдсон байсан тул бид сүүлд авсан гэмтлийн хувьд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.." гэх мэдүүлэг /хх 327 тал/, Мөрдөн байцаалтын шатанд Д.Отгонжаргалын яллагдагчаар өгсөн: "..Би тухайн үедээ нөхөр Ш.Баасансүрэнг П.Мэндсайхан нь зодож байна гэж бодоод ширээн дээр байсан хундагыг шидэж П.Мэндсайханы нүдэнд гэмтэл учруулсан үйлдэлдээ уйчлалт гуйж байна. Тухайн үед би дүүгийнхээ найранд очиж сэтгэл хөөрсөнөөс болж архи уугаад согтсон байсан /хх-ийн 57-р хуудас/ ...би нөхрөө өмөөрч ширээн дээр байсан архины хундагыг П.Мэндсайханруу шидсэн тэгж миний шидсэн зүйл П.Мэндсайханыг нүүрэн тус газарт нь оносон" гэх мэдүүлэг /хх 215 тал/ Мөрдөн байцаалтын шатанд Ш.Баасансүрэнгийн өгсөн: Эхнэр бид 2 бүлэглэж П.Мэндсайханг зодоогүй. Харин П.Мэндсайханы дүү Энхманлай, Энхтүвшин нар эхнэр бид хоёрыг зодсон тул гомдолтой байна” гэх мэдүүлэг /хх 344 тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 12863 дугаартай 1. П.Мэндсайханы биед зүүн нүдний болорын мултрал, шилэнцэрийн цус хуралт, зүүн нүдний харааны бууралт /гэрэл мэдрэх төдий/, зүүн нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, зүүн хөмсөгт няцарсан шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 4.34.1-д зааснаар цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 35% нөлөөлөх тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх 36 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 12862 дугаартай 1. Д.Отгонжаргалын биед баруун тохой, шуу, зүүн бугалганд цус хуралт, баруун доод бага араа шүдний сулрал, хэлэнд язрал, завьжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээр гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх 38 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 12874 дугаартай 1. Ш.Баасансүрэнгийн биед зүүн нүдний зовхинд цус хуралт, хамар, баруун дал, бүсэлхийд зулгарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээр гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх 38 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээч нарын 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн №1388 дугаартай 1. Шинжээч эмч Ц.Бадралын №12863 тоот дүгнэлт үндэслэлтэй эсэхийг шинжээч эмч нар тогтоохгүй, 2. Хавтаст хэргийн задгай материалд ирүүлсэн Солонго болон Инфинити нүдний эмнэлэгийн амбулаторын карт, нийгмийн даатгалын хэлтсээс гаргуулан авсан холбогдох баримтуудаар П.Мэндсайханы зүүн нүд хуучин гэмтлийн гаралтай болорын мултрал, болорын цайлт, харааны бууралт /гэрэл мэдрэх төдий/ бүхий өөрчлөлтүүдтэй байжээ. 3. П.Мэндсайханы биед тухайн үед тархи доргилт, зүүн нүдний шилэнцэрийн цус хуралт, зүүн нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, зүүн хөмсөгт няцарсан шарх, зүүн нүдний зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учирчээ.
4. Дээр гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 5. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 42-44-р хуудас/ Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, хэрэг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаас үзэхэд 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Булган аймгийн Гурванбулаг сумын 5 дугаар багийн нутаг “Хөгнө” гэх газарт шүүгдэгч Д.Отгонжаргал нь “ нөхөр Баасансүрэнг зодож, хэл амаар доромжиллоо” гэх шалтгаанаар тэдний хооронд хувийн таарамжгүй харилцаа үүсэж маргалдах явцад нь хохирогч П.Мэндсайханы нүүрэн тус газарт 0.75 литрийн архины шил шидэж биед нь хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч У.Энхтүвшин нь 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Булган аймгийн Гурванбулаг сумын 5 дугаар багийн нутаг “Хөгнө” гэх газарт хохирогч П.Мэндсайханыг өмөөрч Ш.Баасансүрэнтэй хувийн таарамжгүй харьцаа үүсгэн улмаар хохирогч Ш.Баасансүрэнг зодож хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, гэмт хэргийн сэдэлт, шалтгаан, учирсан хохирлын талаар хохирогч, гэрч нарын өгсөн мэдүүлэг, хохирогчийн биед учирсан гэмтэл, түүний зэргийг тогтоосон шүүх эмнэлгийн шинжээчийн №1388 тоот дүгнэлт, шинжээч эмч М.Энхбаярын мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдож байна.
Хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.
Аймгийн прокурорын газраас шүүгдэгч Д.Отгонжаргал, Ш.Баасансүрэн нар нь бүлэглэн, согтуугаар 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Булган аймгийн аймгийн Гурванбулаг сумын 5 дугаар багийн нутаг “Хөгнө” гэх газарт Б.Хишигдорж, Д.Рэнцэнханд нарын хуриман дээр П.Мэндсайхантай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар П.Мэндсайханыг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар,
шүүгдэгч У.Энхтүвшинг 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Булган аймгийн Гурванбулаг сумын 5 дугаар багийн нутаг “Хөгнө” гэх газарт П.Мэндсайханыг өмөөрч Д.Отгонжаргал, Ш.Баасансүрэн нартай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар тэднийг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтудаас үзэхэд шүүгдэгч Ш.Баасансүрэн нь шүүгдэгч Д.Отгонжаргалтай бүлэглэн Мэндсайханыг зодож бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчмыг баримтлан Баасансүрэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Өөрөөр хэлбэл Ш.Баасансүрэн нь Д.Отгонжаргалтай бүлэглэн гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан тохиролцоогүй , үйлдлээрээ санаатай нэгдэх субъектив санаа зорилго агуулаагүй ба Ш.Баасансүрэнгийн үйлдлийн улмаас хохирогч П.Мэндсайханы биед гэмтэл учраагүй, гэмт хэргийг үйлдээгүй болох нь ... хохирогч Мэндсайханы өгсөн ...“Тэгтэл Ш.Баасансүрэн нь намайг гэнэт босч ирээд баруун талаас толгойны баруун чамархай хавьцаа гараараа цохисон. Тэгэхээр нь би Ш.Баасансүрэнг “чи яахаараа хүн цохиж байгаа юм бэ” гээд босоход гэнэт зүүн нүдэн тус газарт халуу оргиод маналзсан. ...Ямар ч байсан Ш.Баасансүрэн намайг гараараа цохисны дараагаар Д.Отгонжаргал нэг юм шидээд нүдийг оночихсон. Тэгээд нүд гал бутраад цус гарч овоож хавдсан. Ш.Баасансүрэн миний нүүрэн тус газар цохиход цус гараагүй, гэмтэл ч учраагүй, Д.Отгонжаргал юм шидэж оносны дараа миний нүднээс цус гарч овоож хавдсан юм” гэх мэдүүлэг, тухайн үйл явдал болох үед гэр дотор байсан гэрч Ц.Нямтайвангийн өгсөн: "... Ш.Баасансүрэн, П.Мэндсайхан нар зэрэгцэж сууж байтал Баасансүрэн гуай Мэндсайханыг баруун гараараа шанааруу нь нэг удаа цохисон. Тэгтэл Мэндсайхан, Баасансүрэн хоёр хоорондоо барьцалдаад авсан. Тухайн үед гэрийн зүүн талын орон дээр сууж байсан Отгонжаргал эгч Мэндсайхан руу ширээн дээр байсан 0,75–ын архины шил чиглүүлэн шидэхэд зүүн нүд хавьцаа нь хальт шүргээд өнгөрсөн. Тэгэх үед нүднээс нь ямар нэг байдлаар цус гарсан харагдаагүй ба харин хэсэг хугацааны дараа зүүн нүдний хөмсөгний хавьцаанаас цус гарсан харагдаж байсан. Отгонжаргал эгч нилээн согтуу орон дээр тогтож чадахгүй босож чадахгүй орны толгой мөргөөд унаж байсан гэх мэдүүлэг, ... П.Мэндсайханы биед зүүн нүдний болорын мултрал, шилэнцэрийн цус хуралт, зүүн нүдний харааны бууралт /гэрэл мэдрэх төдий/, зүүн нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, зүүн хөмсөгт няцарсан шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон талаарх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 12862 дугаартай дүгнэлт,.... Хавтаст хэргийн задгай материалд ирүүлсэн Солонго болон Инфинити нүдний эмнэлэгийн амбулаторын карт, нийгмийн даатгалын хэлтсээс гаргуулан авсан холбогдох баримтуудаар П.Мэндсайханы зүүн нүд хуучин гэмтлийн гаралтай болорын мултрал, болорын цайлт, харааны бууралт /гэрэл мэдрэх төдий/ бүхий өөрчлөлтүүдтэй байжээ. П.Мэндсайханы биед тухайн үед тархи доргилт, зүүн нүдний шилэнцэрийн цус хуралт, зүүн нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, зүүн хөмсөгт няцарсан шарх, зүүн нүдний зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учирчээ гэх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээч нарын 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн №1388 дугаартай дүгнэлт ..зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Мөн шүүгдэгч У.Энхтүвшин нь Д.Отгонжаргалыг зодож түүний бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэгээр хангалттай нотлогдож тогтоогдоогдоогүй эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ төрж байх тул түүнд холбогдох хэргээс Д.Отгонжаргалыг зодож хөнгөн гэмтэл учруулсан гэх үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Түүнчлэн 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр шүүгдэгч Отгонжаргал нь дүүгийнхээ хурим найранд уригдан очиж баярлаж хөөрөн архи, айраг хэтрүүлэн ууж, хүн хүн лүү үсчиж, тогтож чадахгүй орны толгой мөргөх, газар унаж байсан талаар тухайн цаг хугацаанд харж байсан гэх гэрч Нямтайваны мэдүүлэг,... У.Энхтүвшин ганцаараа л цохисон өөр ямар нэгэн хүнтэй хамт бүлэглэсэн зүйл байхгүй. Тэр хоёр архи уучихсан нэлээд согтуу байсан юм. Мэндсайхан ахыг өмөөрөөд л цохисон байх.." гэх У.Энхманлайгийн мэдүүлэг, ..Тэгтэл гэрийн гадаа нэг машин ирж зогсох нь сонсогдсон. Тэгтэл 3 залуу ирчихсэн. Д.Отгонжаргал эгч Ш.Баасансүрэн ах хоёрын унтаж байсан машинаас нь буулгачихсан Ш.Баасансүрэн ахыг нэг нь өшиглөж байх нь харагдсан гэх гэрч Д.Рэнцэнхандын мэдүүлэг, ...Д.Отгонжаргал эгч өөрөө Энхтүвшингийн урдаас дайрч давшлахаар нь буцааж түлхээд байсан... Д.Отгонжаргал эгчийг У.Энхтүвшин нэг удаа биерүү нь цохисон.. тэгээд цааш нь түлхэж байсан.." гэх гэрч Б.Хишигдоржийн мэдүүлэг зэргээр шүүгдэгч У.Энхтүвшин нь Д.Отгонжаргалыг зодсон гэх үйлдэл тогтоогдохгүй байна.
Хэргийн бүрдэл хангагдсан, хэргийн талаар нотлогдвол зохих зүйл нотлогдсон байх тул шүүгдэгч У.Энхтүвшин, Д.Отгонжаргал нарыг дээрхи гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй боловч тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэний улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул эрүүгийн хуулийг ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар ялаас чөлөөлөх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.Отгонжаргалын, гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч П.Мэндсайханы бие махбодид хөнгөн гэмтэл учирч түүнийг эмчлүүлэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохтой холбоотой гэм хорын хохиролд мөрдөн байцаалтын шатанд баримтаар шатахууны 450000 төгрөг, байрны хөлс 60000 төгрөг, кассын орлогын ордер 1680000 төгрөг, шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөгчийн хөлс 1000000 төгрөг, унааны зардал 130000 төгрөг, нийт 3320000 төгрөг нэхэмжилжээ.
Шүүх хэрэгт авагдсан болон шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн нотлох баримтуудыг үнэлээд гэм хорын хохиролд 2320000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй бөгөөд шүүгдэгч Д.Отгонжаргал нь 3000000 төгрөгийг төлсөн байх тул хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хохирол төлөгдсөн гэж үзэж, харин өмгөөлөгчийн зардал 1000000 төгрөг нь гэмт хэргийн улмаас учирсан шууд хохиролд тооцогдохгүй, гэрээний үндсэн дээр эрх зүйн туслалцаа авсантай холбоотой зардал учир нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 1, 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-д заасныг журамлан Аймгийн прокурорын газраас шүүгдэгч Ш.Баасансүрэн, Д.Отгонжаргал нарыг бүлэглэн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан, шүүгдэгч У.Энхтүвшинг Ш.Баасансүрэн, Д.Отгонжаргал нарын биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Ш.Баасансүрэнг Д.Отгонжаргалтай бүлэглэн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан , У.Энхтүвшинг Д.Отгонжаргалын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан хэргийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Аймгийн прокурорын газраас шүүгдэгч Д.Отгонжаргал, У.Энхтүвшин нарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 болгон өөрчлөн зүйлчилсүгэй.
3. Шүүгдэгч Авзага овогт Ургамалын Энхтүвшин, Бэрхжаргал овогт Дамбийнямын Отгонжаргал нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар Д.Отгонжаргал, У.Энхтүвшин нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, ялаас чөлөөлсүгэй.
5. Шүүгдэгч Д.Отгонжаргал, У.Энхтүвшин нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүйг дурьдсугай.
6. Шүүгдэгч Д.Отгонжаргал нь хохиролд 3000000 /гурван сая/ төгрөг төлсөн болохыг дурьдаж, хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөлөгчийн хөлс 1000000 /нэг сая/ төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.Энхтүвшин, Д.Отгонжаргал нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНДУЛАМ