Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Пунцагжавын Болормаа |
Хэргийн индекс | 147/2024/00075 |
Дугаар | 147/ШШ2024/00098 |
Огноо | 2024-04-25 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 147/ШШ2024/00098
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбит 68 дугаар гудамжны 42 тоотод оршин суух *******гийн,
Нэхэмжлэлийн шаардлага: ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: ******* (цахимаар)
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Ганжууржав нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
1.1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Би 1987 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс 1990 оны 03 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Худалдаа бэлтгэлийн ангид барааны дэлгүүрийн худалдагчаар ажиллаж байсан юм. Худалдаа бэлтгэлийн ангид гал гарч миний ажилд орсон тушаал олдохгүй байгаа тул ажиллаж байсан байдлаа шүүхийн шийдвэрээр баталгаажуулах шаардлагатай гэсэн. Иймд миний 1987 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс 1990 оны 03 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Худалдаа бэлтгэлийн ангид барааны дэлгүүрийн худалдагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Худалдаа бэлтгэлийн ангийн даргын тушаалын хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар (*******гийн 1987-1990 онуудад Түвшинширээ сумын Худалдаа бэлтгэлийн ангид ажиллаж байсан үеийн бичилт бүхий), гэрч асуулгах хүсэлт зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байна.
3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх Л.И, Д.Ө нараас гэрчийн мэдүүлэг авсан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь 1987 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс 1990 оны 03 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Худалдаа бэлтгэлийн ангид барааны дэлгүүрийн худалдагчаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.
2. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
3. Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нэхэмжлэгчийн тайлбар, бичгийн бусад нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4. ******* нь 1987 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс 1990 оны 03 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Худалдаа бэлтгэлийн ангид барааны дэлгүүрийн худалдагчаар ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Худалдаа бэлтгэлийн ангийн даргын тушаалын хуулбар (*******г худалдагчийн ажлаас чөлөөлсөн бичилт бүхий), хөдөлмөрийн дэвтрийн хуулбар (*******гийн 1987-1990 онуудад Түвшинширээ сумын Худалдаа бэлтгэлийн ангид ажиллаж байсан үеийн бичилт бүхий),
5. Гэрч Л.И-ын шүүхэд өгсөн: “...Би 1984 онд Худалдааны техникум төгсөөд Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Худалдаа бэлтгэлийн ангид эдийн засагчаар томилогдоод ажилд орж байсан. ******* нь 1987 оны 07 дугаар сард Түвшинширээ сумын Худалдаа бэлтгэлийн ангид барааны дэлгүүрийн худалдагчаар ажиллаж байсан. Гурван жил гаруй хугацаагаар ажилласан. 1990 оны 03 дугаар сард ар гэрийн гачигдлаар Эрдэнэт хот руу шилжих болоод ажлаасаа гарч байсан” гэх мэдүүлэг,
6. Гэрч Д.Ө-ийн шүүхэд өгсөн: “.... Би 1987 оны 12 дугаар сард Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Худалдаа бэлтгэлийн ангид хүнсний дэлгүүрийн худалдагчаар ажилд орж байсан. Намайг ажилд ороход ******* нь барааны дэлгүүрийн худалдагчаар ажиллаж байсан. Бид хоёр 1990 оны 04 дүгээр сар хүртэл хамт ажиллаж байсан. Хүнсний болон барааны дэлгүүр нь нэг байшинд тус тусдаа хаалгаар ордог байсан.1988 онд хаврын их цэвэрлэгээ болоод складны үүдэнд хогоо шатааж байгаад гал алдсанаас болоод склад нь тэр чигтээ шатсан юм. Тэр складанд хүнс, барааны бүх юм хадгалагдаж байсан” гэх мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
7. Иймд *******гийн 1987 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс 1990 оны 03 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Худалдаа бэлтгэлийн ангид барааны дэлгүүрийн худалдагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-т заасныг баримтлан *******гийн 1987 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс 1990 оны 03 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Худалдаа бэлтгэлийн ангид барааны дэлгүүрийн худалдагчаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.БОЛОРМАА