Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржготовын Чанцалням |
Хэргийн индекс | 128/2023/0368/З |
Дугаар | 128/ШШ2023/0605 |
Огноо | 2023-08-07 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 08 сарын 07 өдөр
Дугаар 128/ШШ2023/0605
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “4” дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Есөн өөлд овогт Осорын Амартуяа
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Долгорсүрэн
Хариуцагч: Хууль зүй, дотоод хэргийн сайд,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Энхзаяа
Хариуцагч: Нотариатчидын танхимын дэргэдэх Сахилгын зөвлөл,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Хосжаргал нарын хоорондын “Нотариатчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгох тухай Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/109 дүгээр тушаал, Нотариатчидын танхимын дэргэдэх Сахилгын зөвлөлийн 2023 оны 02 дугаар сарын 16-ны 3 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүссэн захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Нацагдорж, хариуцагч Хууль зүй, дотоод хэргийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхзаяа, хариуцагч Нотариатчидын танхимын дэргэдэх Сахилгын зөвлөл Х.Хосжаргал, гэрч Ө.Мөнхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Номинзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч О.Амартуяа нь нэхэмжлэлийн шаардлагаа Нотариатчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгох тухай Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/109 дүгээр тушаал, Нотариатчидын танхимын дэргэдэх Сахилгын зөвлөлийн 2023 оны 02 дугаар сарын 16-ны 3 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тодорхойлжээ.
Иргэн А.Шижирмаагаас нотариатч О.Амартуяад холбогдуулан Нотариатчидын танхимын дэргэдэх Сахилгын зөвлөлд 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр гомдол гаргаж, Сахилгын зөвлөл тус гомдлыг 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хэлэлцээд нэхэмжлэгч О.Амартуяагийн нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд хүргүүлсэн тогтоолыг 2023 оны 03 дугаар сарын 10-нд цахимаар хүлээн авч 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Хууль зүй, дотоод хэргийн сайдад гомдол гаргасан боловч Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/109 дүгээр тушаалаар нотариатчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгосон тул нэхэмжлэгчээс дээрх захиргааны актыг эс зөвшөөрч 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:
Маргаан бүхий акт нь дараах үндэслэлээр хууль бус. Үүнд:
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 12-д заасны дагуу гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй байхад Хууль зүй, дотоод хэргийн сайд гомдлыг хянан шийдвэрлэх үүргээ биелүүлээгүй нь хууль бус эс үйлдэхүй гаргасан,
Нотариатчийн үйл ажиллагаанд хориглосон хэм хэмээг зөрчсөн гэж байгаа ч Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3-д шууд нэрлэн заасан нотариатчийн үйл ажиллагаанд хориглосон хэм хэмжээг огт тусгаагүй,
Гишүүний татвартай холбоотой асуудлыг хуулиар ноцтой зөрчил хэмээн үзээгүй байхад хуульд захирагдмал байх ёстой эрх зүйн хэм хэмжээний актаар ноцтой зөрчил хэмээн үзэх боломжгүй гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Нацагдорж шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...хамгийн гол үндэслэл нь хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой асуудал юм. 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрөөс нэмэлт өөрчлөлт оруулсан хууль мөрдөгдөж эхэлсэн бөгөөд иргэний хуульд заасан ердийн хөөн хэлэлцэх хугацаа 10 жил байна гэж заасан.
Түүнээс өмнө Сахилгын дүрэмд зааснаар хөөн хэлэлцэх хугацаа 2 жил байсан. Нэхэмжлэгч нь тухайн үйлдлийг 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хийсэн бөгөөд өмнөх хуулийн үйлчлэлд хамаарч байгаа тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад сахилгын шийтгэл ногдуулж байгаа нь хуульд нийцэхгүй.
Нотариатын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт “Нотариатын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ” гэж заасан. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн заалтыг эхэлж хэрэглэнэ гэж заасан. Иргэний хуулийг хэрэглэхдээ эрх зүйн байдлыг дордуулсан бол хуулийг буцааж хэрэглэхгүй, гарсан цагаасаа хойш үйлчилнэ гэж заасан байдаг.
Хуулиар тогтоосон зүйл буюу эрх зүйн байдлыг дордуулж байгаа тохиолдолд хэрэглэхгүй гэж заасан байхад уг хүний зөрчилд хамаарахгүй гэж тайлбарлаж байгаа нь болхи тайлбар болно.
Тухайн үед үйлчилж байсан сахилгын дүрэмд хөөн хэлэлцэх хугацаа 2 жил байна гэж заасан.
Иймд 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдөр үйлчилж байгаа хуулийн зохицуулалтаар сахилгын шийтгэл оногдуулж байгаа нь хууль хэрэглээний алдаа байна.
Сахилгын зөвлөлийн тогтоол нь олон төрлийн үйлдлийг бичиж байгаад хамгийн сүүлд дүгнэхдээ татвар төлөөгүй гэж үзсэн байдаг. Татвар төлөөгүй гэх асуудлын хүрээнд нэхэмжлэгчийн татвар төлсөн баримтыг нотлох баримтаар гаргаж өгсөн байгаа.
Татвар төлөөгүй нь ноцтой зөрчил болно гэж хууль тогтоогчийн зүгээс үзээгүй. Хууль тогтоогчийн зүгээс ноцтой зөрчил гэдэгт юуг хамааруулах талаар Нотариатын тухай хуульд нэг бүрчлэн нэрлэн заасан байгаа. Хууль тогтоогчийн тогтоосон ноцтой зөрчил гэдэгт хамаарах агуулга Сахилгын зөвлөлийн тогтоолд байхгүй.
Нотариатын тухай хуульд заасан хориглосон хэм хэмжээг зөрчсөн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаал болон Монголын нотариатчидын танхимын дэргэдэх Сахилгын зөвлөлийн шийдвэрт дурдаагүй.
Иймд хориглосон хэм хэмжээг зөрчөөгүй. Хориглосон хэм хэмжээг зөрчөөгүй байхад эрхийг нь хасаж байгаа шийдвэр хүндэдсэн. Нөгөө талаас хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн. Хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул тушаал, шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэв.
Хариуцагч хууль зүй, дотоод хэргийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхзаяа шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...Сахилгын зөвлөлөөс гомдлыг хэлэлцээд зөвшөөрлийг хүчингүй болгох тухай саналыг ирүүлсэн байдаг. Сануулах шийтгэл олгох нь Сахилгын зөвлөлийн эрх хэмжээний асуудал юм. Манай зүгээс уг асуудлыг судлаад, тухайн саналыг үндэслэж, холбогдох баримтад тулгуурлаж хүчингүй болгосон.
Өөрсдийнх нь зөвтгөж байгаа асуудал нь хөөн хэлэлцэх хугацаатай хамааралгүй гэж үзэж байна. Энэ нь өөрийнх нь хийсэн үйлдлийг зөвтгөх үндэслэл болохгүй.
Гомдол гаргагч. Гомдлын дагуу энэ асуудлыг хэлэлцэж, зохих байгууллагад хандаагүй бол О.Амартуяа нотариатч цаашдаа ийм үйлдэл гаргах боломжтой байсан. Татвар төлсөн эш асуудал нь хэрэгт төдийлөн ач холбогдолтой зүйл биш. Учир нь тухайн үед хууль дүрмийнхээ дагуу ажиллах ёстой байсан. Уг үйлдэл нь нотариатч О.Амартуяагийн өөрийнх нь үйлдлийн үр дүнд үүсэж байгаа зүйл тул тухайн хүнийг зөвтгөх боломжгүй байна.
Зөрчсөн үйлдэл нь илэрхий байсан учраас шүүхийн шийдвэр гарсан. Иргэний эрх ашиг зөрчигдсөн учраас иргэн эрхээ сэргээлгэхээр хандсан. Зөвхөн мэдээллийн системийн ажиллагаатай холбоотойгоор уг асуудлыг зөвтгөж болохгүй. Маш олон тооны баримт материалыг судалж тухайн шийдвэрийг гаргасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
Хариуцагч Нотариатчидын танхимын дэргэдэх Сахилгын зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Хосжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...
2019 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Нотариатын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсон бөгөөд энэ нь 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн.
Нотариатын үйлдэл нь 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хийгдсэн. 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөр Сахилгын зөвлөлийн журмын шинэчилж, өөрчилсөн. Гэхдээ нотариатчид шийтгэл оногдуулж байгаа журам нь хууль буцааж хэрэглэсэн үйлдэл биш. Сахилгын журам нь гарсан цагаасаа эхлэн мөрдөгддөг. Манай зүгээс нотариатчийн үйлдэл бүрийг нь зүйлчлэхдээ 2011 оны Нотариатын тухай хууль болон 2011 оны Нотариатын үйлдэл эрхлэн хийх зааврыг баримталсан байгаа. Эрх зүйн байдлыг нь дордуулсан хууль хэрэглээгүй байгаа.
Сахилгын дүрмийг 2019 оны 11 дүгээр сарын сүүлчээр Хууль зүй, дотоод хэргийн сайд баталсан.
Сахилгын зөвлөлөөс зөрчлийн шинж байдлыг харгалзаж үзээд ноцтой зөрчил гэж үзсэн. Учир нь энэ маргааныг шийдвэрлэхээс өмнө Сахилгын зөвлөлд гомдол ирсэн бөгөөд өөрийнхөө хүүгийн 8-н ширхэг зээлийн гэрээг баталсан гэж хандсан. Тус үйлдэл нь Нотариатын тухай хууль болон бусад хэм хэмжээг зөрчсөн үйлдэл байгаа. Үүнтэй холбоотойгоор эхний хурал явагдахад О.Амартуяа нь гомдол гаргагчтай эвлэрсэн бөгөөд хохирлыг төлөх хугацаа өгнө үү гэсэн.
Төлбөрөө төлөхөө илэрхийлсэн тул гомдол гаргагч нь гомдлоо татсан байдаг. Тухайн гомдлыг татсаны дараа өвлөх эрхийн гэрчилгээтэй холбоотой асуудал орж ирсэн.
Нотариатч О.Амартуяа нь ажил үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа илэрхий тодорхой алдаатай шийдвэр гаргаж байгаа нь зөрчлийг давтан гаргаж байгаа гэсэн үндэслэлийг Сахилгын зөвлөлөөс дэвшүүлсэн байгаа.
Нотариатчийн үйлдэл хийхдээ гаргасан гаргасан алдаанууд нь ур чадварын хувьд тэнцэхгүй, цааш ажиллах боломжгүй гэсэг нь харагдаж байна. Зөрчилд нь тохирсон шийтгэл ногдуулсан гэж үзэж байна.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхээс болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судлаад, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч О.Амартуяад Монголын нотариатчидын танхимын дэргэдэх Сахилгын зөвлөлийн хурлын 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 03 дугаар тогтоолоор түүнийг 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хороо 46 дугаар байр 99 тоотод байрлах 29м.кв, 0102198 гэрчилгээтэй, Y-2205026858 улсын бүртгэлийн дугаар бүхий орон сууцны өвлүүлэгч Н.Булганд оногдох хэсгийг өвлөгч А.Зулгэрэлд өвлүүлэн өвлөх, гэрээслэх гэсэн гарчигтай бүртгэлийн дэвтрийн 4 дугаарт бүртгэн, 3 гэж дугаарлан өвлөх эрхийн гэрчилгээ олгохдоо:
А.Зулгэрэлийн төрсний гэрчилгээ, төрөл садангийн лавлагаа авагдаагүй, өмчлөх эрхийн ямар ч гэрчилгээгүйгээр өвлөх эрхийн гэрчилгээ олгосон,
А.Зулцэцэг нь өвлүүлэгч Н.Булганы өвлөгч мөн болох нотлох баримтыг гаргуулж аваагүй, түүний оршин суугаа баг хорооны Засаг даргын тодорхойлолт болон хүсэлтийг аваагүй,
Өвлөгдөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээний эх хувь байхгүй байхад Н.Булганы эд хөрөнгө мөн эсэхийг тогтоолгүйгээр төлөөлөгч С.Хаш-Очирын эд хөрөнгөтэй эсэх лавлагааг үндэслэн өвлөх эрхийн гэрчилгээ олгосон,
Нотариатч гэрээслэл, өвлөх эрхийн гэрчилгээ олгох үйлдлийг нэг бүртгэлд хамтад нь бүртгэснээр өвлөх эрхийн гэрчилгээ олгох болон гэрээслэлийн бүртгэлд бүгд буруу дугаарлагдах бөгөөд нотариатын цахим системд өвлөх эрхийн гэрчилгээг 3 гэж дугаарласан атлаа бүртгэлийн дэвтэрт иргэн С.Туяагийн гэрээслэл 3 дугаарт бүртгэлтэй, маргаж байгаа өвлөх эрхийн гэрчилгээг 4 дугаарт бүртгэсэн нь холбогдох хууль, заавар журмыг зөрчсөн болохыг
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2021/02719 дугаартай шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоож, “...Нотариатын тухай хууль болон нотариатын үйлдэл хийх зааврыг зөрчиж хийсэн Баянгол дүүргийн тойргийн нотариатч О.Амартуяагийн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 03,04 тоот өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдлийг хүчингүйд тооцож, мөн өдрийн А.Зулгэрэлд олгогдсон 03,04 дугаар Өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож...” шийдвэрлэсэн,
Мөн нэхэмжлэгч О.Амартуяа нь Өвлөх эрхийн гэрчилгээ олгохдоо 350,000 төгрөгийн үйлчилгээний хөлс авсан гэснийг хянахад танхимын санхүүгийн албаны лавлагаа, тодорхойлолтоор тухайн үйлдлийн орлогыг үнэн зөв мэдээлээгүй татвараа төлөөгүй, орлогоо нуусан болохыг дээрх 2 үйлдэлд нийт 464,000 төгрөгийн үйлчилгээний хөлс авсан нь өвлөх эрхийн гэрчилгээ, бүртгэлийн дэвтэрт бичигдсэн дүнгээр нотлогдсон гэж үзэж Нотариатын тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3, 54.2, Нотариатчидын танхимын дэргэдэх Сахилгын зөвлөлийн ажиллах журмын 2.8, 2.9, 2.15.2, 5.4 дэх хэсэгт зааснаар нийслэлийн тойргийн нотариатч О.Амартуяагийн нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд хүргүүлсэн байна.
Дээрх үйл баримттай хэргийн оролцогчид маргаагүй, харин нэхэмжлэгчээс “...гишүүний татвартай холбоотой асуудлыг хуулиар ноцтой зөрчил хэмээн үзээгүй байхад ноцтой гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, ёс зүйн зөрчлийн анх удаа гаргасан бол хөнгөрүүлэх нөхцөл байдал гэж үзнэ гэж заасан байхад огт анхаарч үзээгүй, Сахилгын зөвлөлийн хэрэглэсэн болон иш татсан актууд нь нэгдэн санд бүртгэлгүй, Сахилгын зөвлөлийн шийдвэрийг эс зөвшөөрвөл хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд гомдол гаргах эрхтэй байхад гомдлыг хянан шийдвэрлэх үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй гаргасан...” гэж, хариуцагч нараас “...нэхэмжлэгч Р.Амартуяа нь нотариатын үйл ажиллагаа эрхэлж байхдаа Нотариатын тухай хууль болон Нотариатын үйлдэл хийх зааврыг зөрчсөнийг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоосон...” гэж маргажээ.
Хариуцагч Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/109 дүгээр тушаалаар Нотариатчидын танхимын дэргэдэх Сахилгын зөвлөлийн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 03 дугаар тогтоолыг үндэслэн нийслэлийн тойргийн нотариатч Осорын Амартуяагийн нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
Нотариатын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.6-д нотариатч нь нотариатчийн ёс зүйн хэм хэмжээг ноцтой зөрчсөн бол Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн нотариатын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох эрхтэй байхаар, Нотариатчийн ёс зүйн дүрэм-ийн 17.1.2-т ёс зүйн зөрчилгүйд тооцох хугацаа дуусаагүй байхдаа ёс зүйн зөрчил дахин гаргасан бол сахилгын шийтгэлийн хүндрүүлэх нөхцөл байдал гэж үзэхээр тус тус зохицуулсан байна.
Дээрх саналыг үндэслэн Хууль зүй, дотоод хэргийн 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн А/109 дүгээр тушаалаар О.Амартуяагийн нотариатын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон нь Нотариатын тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.2-т Энэ хуулиар тогтоосон журам, нотариатчийн ёс зүйн хэм хэмжээг ноцтой зөрчсөн нь захиргааны болон эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол Сахилгын зөвлөл нотариатын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд гаргана, 54.3-т Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Сахилгын зөвлөлийн саналыг үндэслэн нотариатын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно гэж заасантай нийцсэн байна.
Учир нь хэрэгт авагдсан Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2021/02719 дугаартай шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр Баянгол дүүргийн тойргийн нотариатч О.Амартуяагийн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 03,04 тоот өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдлийг Нотариатын тухай хууль болон нотариатын үйлдэл хийх зааврыг зөрчиж хийсэн тооцсон, нэхэмжлэгч нь Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2011 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 124 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан Нотариатчийн ёс зүйн дүрмийн 2.1.9-д үйлдэл, орлогын мэдээ, гишүүний татварыг тогтоосон хугацаанд үнэн зөв мэдээлж, төлж байх гэж заасан ёс зүйн зөрчил гаргасан болох нь тогтоогдсон тул нотариатч О.Амартуяад сахилгын хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн “...ноцтой зөрчилд тооцохгүй...” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй.
Мөн нэхэмжлэгч нь Нотариатчидын танхимын дэргэдэх Сахилгын зөвлөлийн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 03 дугаар тогтоолыг эс зөвшөөрч Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд гомдол гаргасан боловч маргаан бүхий акт буюу Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/109 дүгээр тушаал гаргасны дараа, гомдлын хариуг өгсөн болох нь тогтоогдож байгаа хэдий ч үүгээр маргаан бүхий захиргааны актуудыг хүчингүй болгохооргүй байна.
Монголын нотариатчидын танхимын дэргэдэх Сахилгын зөвлөлийн тогтоолд дурдсан нэхэмжлэгчийг гэм буруутайд тооцсон агуулга нь О.Амартуяаг нотариатын үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ Нотариатын тухай хууль болон бусад хууль, дүрэм, журам зөрчсөн үйлдэлд нь холбогдуулан ёс зүйн ноцтой зөрчил гаргасан гэм буруутай гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2011 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 124 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан Нотариатчийн ёс зүйн дүрэм-ийн 7.1-д Нотариатч нь үйл ажиллагаандаа дараах ёс зүйн хэм хэмжээг мөрдөж ажиллана, 7.1.1-д Монгол Улсын Үндсэн хууль, Нотариатын тухай хууль болон Нотариатчийн эрх үүргийг тодорхойлсон нотариатын байгууллагын үйл ажиллагаанд холбогдох эрх зүйн бусад акт, энэ дүрмийн хэм хэмжээг мэргэжлийн үйл ажиллагаандаа ягштал мөрдөж, иргэн, хуулийн этгээдийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг дээдэлж, өргөсөн тангарагтаа үнэнч байх гэж тус тус заажээ.
Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/109 дүгээр тушаалаар О.Амартуяагийн нотариатын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон нь Нотариатын тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.2-т Энэ хуулиар тогтоосон журам, нотариатчийн ёс зүйн хэм хэмжээг ноцтой зөрчсөн нь захиргааны болон эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол Сахилгын зөвлөл нотариатын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд гарган, 54.3-д Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Сахилгын зөвлөлийн саналыг үндэслэн нотариатын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно гэж заасантай нийцсэн байх тул нотариатчидын танхимын дэргэдэх Сахилгын зөвлөл, Хууль зүй, дотоод хэргийн сайдад холбогдуулан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нотариатын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.6, 54 дүгээр зүйлийн 54.1.3, 54.2, 54.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч О.Амартуяагаас Нотариатчидын танхимын дэргэдэх Сахилгын зөвлөл, Хууль зүй, дотоод хэргийн сайдад холбогдуулан гаргасан Нотариатчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгох тухай Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/109 дүгээр тушаал, Нотариатчидын танхимын дэргэдэх Сахилгын зөвлөлийн 2023 оны 02 дугаар сарын 16-ны 3 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ