Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 00112

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,
Нарийн бичгийн дарга Д.Одончимэг,
Улсын яллагч Ц.Гэрэлбаатар,
Хохирогч Д.Батмөнх,
Шүүгдэгч Ө.Баяржаргал нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Өлзийбаярын Баяржаргалд холбогдох эрүүгийн 201706000070 дугаартай 132/2017/0097/Э индэкстэй хэргийг 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1976 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Булган аймгийн Бугат сумын 3 дугаар багт оршин суух, 2004 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Булган аймгийн сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар 5 жилийн хорих ялаар, 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Хөвсгөл аймгийн сум дундын шүүхийн 208 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98.1, 261.1-д зааснаар эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан,
2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөрийн Булган аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 108 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98.1, 261.1-д зааснаар 2 жилийн хорих ялыг 2 жил тэнсэж хянан харгалзасан нийт 3-н удаагийн ял шийтгэлтэй, хэрэг хариуцах чадвартай Шарнууд овгийн Өлзийбаярын Баяржаргал /РД:РН76061494/.
Холбогдогсон хэргийн талаар:
Ө.Баяржаргал нь /яллах дүгнэлтээр/ 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Булган аймгийн Булган сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгарт иргэн Д.Батмөнхийг зодож биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.Баяржаргалын өгсөн: 2017 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Сар шинэ хийхээр гэрээсээ гараад явж байхад хохирогч болох Батмөнх нь гудамжны булан тойроод гарч ирээд надруу агсраад миний нүүр лүү цохиод авсан. Тэгэхээр нь би зөрүүлээд тэр залууг цохьсон. Газар унахаар нь дээрээс нь хэд хэдэн удаа цохиод нэг удаа нүүр лүү нь өшиглөсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирол төлбөрийг төлж барагдуулна гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Батмөнхийн өгсөн: 2017 оны 3 дугаар сарын 02-ны өдөр найз Баярсайханы гэрт шинэ хийгээд тэднийд 0,75 литрийн архи 3-лаа хувааж уучихаад тэднийхээс гараад явж байхад гудамжинд нэг хүнтэй таарсан. Нилээн согтуу байсан учраас маргалдаж байснаа санаж байна. Нэг мэдсэн эмнэлэгт сэрсэн ба зодуулаад ухаан алдчихсан байсан. Одоо толгой хааяа өвддөг. Хохирол төлбөрт 800.000 төгрөг нэхэмжилж байна гэх мэдүүлэг,
201706000070 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:
Гэрч М.Лхагвасүрэнгийн өгсөн: 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдөр гэртэй байж байсан чинь манай найз Батка гэх залуу утсаар залгаад Д.Батмөнх хүнд зодуулчихсан эмнэлэг дээр ирсэн байна гэж хэлсэн тэгээд би эмнэлэг орж түргэний тасаг руу ороход хүлээн авахын өрөөнд Д.Батмөнх согтуу хүнд зодуулсан байдалтай байж байсан. Хаана хэнд зодуулчихваа гэж асуухад мэдэхгүй. Зүүн түрүүнд явж байгаад хүнд зодуулсан гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх-11 тал/,
Гэрч С.Эрдэнэбатын өгсөн: 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Д.Батмөнх бид хоёр Булган сумын 2 дугаар багт айлаар шинэ хийж яваад нилээд халсан байсан. Тэгээд бид хоёр Зүүн түрүү орж айлд очиж шинэ хийсэн. Тэр айлд 1 шил 0.75 литрын Ерөөл архи хувааж уусан тэгсэн маргааш нь Д.Батмөнхийг хүнд зодуулсан байна гэхээр нь гэрт нь очиж уулзсан чинь нүд ам нь хавдаад хоёр нүд тагларсан гэртээ хэвтэж байсан. Чи хаана хэнд зодуулчихваа гэсэн чинь гудамжинд явж байгаад хүнд зодуулчихлаа гэж байсан би тэр үед Д.Батмөнхийг хаана хэнд зодуулсныг мэдэхгүй гэх мэдүүлэг /хх-12 тал/,
Гэрч Н.Доржийн өгсөн: 2017 оны 03 дугаар сарны 02-ны өдөр намайг гадуур явж байхад хүн утсаар залгаад танай хүү Батмөнх хүнд зодуулсан байна одоо эмнэлэг дээр байна гэхээр би 17 цагийн орчим Нэгдсэн эмнэлэг ороход миний хүү Батмөнх нь хүнд зодуулсан байдалтай цус нөжөндөө хутгалдсан хоёр нүд, нүүр, ам нь хавдсан танигдахын аргагүй болтлоо хүнд зодуулсан байсан тэгээд тэнд эмнэлэгт хэвтүүлж рентгэнд харуулж зураг авахуулж эмчилгээ хийлгэж байгаад тэнд орхиод гэртээ харьсан гэх мэдүүлэг /хх-15 тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн №71 тоот дүгнэлтэнд: 1. Д.Батмөнхийн биед тархи доргилт, нүүрний зөөлөн
эдийн няцрал, баруун, зүүн зовхинд цус хуралт, зулгаралт, дух, хөмсөг, хамрын нуруу, хацар, уруулд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг гарах тухайн цаг үед үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт,
Гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-2 тал/
ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-43-56 тал/ зэрэг нотлох баримтуудыг судлав.
Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ө.Баяржаргал нь 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Булган аймгийн Булган сумын 4 дүгээр багт иргэн Д.Батмөнхийг зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан хууль зүйн факт, үйл баримт тогтоогдож байна.
Энэ үйл баримтыг тогтоох мөрдөн шалгах ажиллагаа хуулийн дагуу явагдсан, түүний гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хоорондоо зөрүүгүйгээр өгсөн хохирогч Д.Батмөнх, гэрч нарын мэдүүлэг, хохирогчийн биед учирсан гэмтэл, гэмтлийн зэргийг тогтоосон Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.
Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргажээ.
Хэргийн зүйлчлэл зөв, хэргийн талаар нотолбол зохих асуудлууд нотлогдсон, Аймгийн прокурорын газраас хуулийг буцаан хэрэглэж шүүгдэгч Ө.Баяржаргалыг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгч Ө.Баяржаргалыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Ө.Баяржаргалд ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, гэм хорыг арилгасныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ө.Баяржаргалын цагдан хоригдсон 48 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ө.Баяржаргалын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Батмөнхийн биед хөнгөн хохирол учирсан байх ба хохирол төлбөрт 800.000 төгрөг нэхэмжилжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Батмөнх нь эмчилгээний зардалд 800.000 төгрөг нэхэмжилж байгаа боловч шүүхэд энэ талаархи нотлох баримтыг ирүүлээгүй байх тул нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:
1. Шарнууд овгийн Өлзийбаярын Баяржаргалыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ө.Баяржаргалыг 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Ө.Баяржаргалын цагдан хоригдсон 48 хоногийн хорих ялыг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цаг буюу 384 цагт оруулан тооцсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Ө.Баяржаргалын үлдэх 118 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Ө.Баяржаргал нь 118 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй, хохирогч энэ хэрэгтээ холбоотой гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.Баяржаргалд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн нэн даруй суллаж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ДЭЛГЭРМӨРӨН