Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 147/ШШ2024/00100

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 3 дугаар баг, “Б....” гэх газар оршин суух Хавхчин овогт *******ы,

Нэхэмжлэлийн шаардлага: “ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” нэхэмжлэлийг 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Энхцэцэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Ганжууржав нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ******* нь “ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

1.1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие 1984-1987 онуудад Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын “Жаргалын зам” нэгдэлд мал маллаж байсан. Мөн 1989-1998 онуудад Эрдэнэцагаан сумын Хилийн цэргийн 0146 дугаар ангид мал маллаж байсан. Миний бичиг баримт овгийн зөрүүтэй байсан учраас ажиллаж байсан байдлаа тогтоолгож болохгүй байсан. Тус шүүхийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 87 дугаар шийдвэрээр хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгосон.

Иймд миний 1984-1987 онуудад Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын “Жаргалын зам” нэгдэлд малчнаар, 1989-1998 онуудад Эрдэнэцагаан сумын Хилийн цэргийн 0146 дугаар ангид малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгчээс Роозой овогтой *******ы иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, (Лхамжав овогтой *******ы 1985-1987 онуудад Эрдэнэцагаан сумын “Жаргалын зам” нэгдэлд малчнаар ажиллаж байхдаа авч байсан цалингийн бичилт бүхий), Хилийн цэргийн тусгай архивын 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн а/1807 дугаартай архивын лавлагаа (Лхамжавын *******ы ХЦ-ийн 0146 дугаар ангид 1990-1995 онуудад ажиллаж байхдаа авч байсан цалингийн бичилт бүхий),

Хилийн цэргийн тусгай архивын 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн а/1808 дугаартай архивын лавлагаа (Лхамжавын *******ы ХЦ-ийн 0146 дугаар ангид 1996-1998 онуудад ажиллаж байхдаа авч байсан цалингийн бичилт бүхий), гэрч асуулгах хүсэлт зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх Л.Б, О.А нараас гэрчийн мэдүүлэг авсан байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч ******* нь 1984-1987 онуудад Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын “Жаргалын зам” нэгдэлд малчнаар, 1989-1998 онуудад Эрдэнэцагаан сумын ......... ангид малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.

2. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

3. Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нэхэмжлэгчийн тайлбар, бичгийн бусад нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4. Хавхчин овогт ******* нь 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 09 дүгээр сарыг хүртэл Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын “Жаргалын зам” нэгдэлд малчнаар, 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1998 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хилийн цэргийн 0146 дугаар ангид малчнаар тус тус ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, (Лхамжав овогтой *******ы 1985-1987 онуудад Эрдэнэцагаан сумын “Жаргалын зам” нэгдэлд малчнаар ажиллаж байхдаа авч байсан цалингийн бичилт бүхий), Хилийн цэргийн тусгай архивын 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн а/1807 дугаартай архивын лавлагаа (Лхамжавын *******ы ХЦ-ийн 0146 дугаар ангид 1990-1995 онуудад ажиллаж байхдаа авч байсан цалингийн бичилт бүхий), Хилийн цэргийн тусгай архивын 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн а/1808 дугаартай архивын лавлагаа Лхамжавын *******ы .... дугаар ангид 1996-1998 онуудад ажиллаж байхдаа авч байсан цалингийн бичиглэл бүхий уг лавлагаануудын овог нь Роозой, Лхамжав нэртэй цалингийн лавлагаа байх боловч тухайн нэгдлийн цалингийн баримт, Хилийн цэргийн тусгай архивын лавлагаанууд, хөдөлмөрийн дэвтэрт түүний овгийг Роозой, Лхамжав гэж бичсэн байгаа боловч архивын хадгаламжийн нэгжийн нэг хуудсанд зарим лавлагаанд эх Роозойгоор, зарим лавлагаанд эцэг Лхамжаваар овоглож бичигдсэн нь харагдаж байх тул *******ы цалингийн лавлагаа гэж шүүх үнэлсэн болно.

5. Гэрч Я.Б-ийн шүүхэд өгсөн: “...******* нь 1984 оноос эхлэн Эрдэнэцагаан сумын “Жаргалын зам” нэгдэлд мал маллаж байсан. 1989 оноос Эрдэнэцагаан сумын Хилийн цэргийн 0146 дугаар ангид үхэр, адууны хоёр суурьтай байхад үхэр суурьт үхэр хариулж байсан. Нэг суурьт 80-100-аад толгой үхэр хариулдаг байсан. Нэг суурийн үхрийг тухайн хүн өөрөө л хариуцан маллана. Туслах малчин гэж байдаггүй байсан юм. Тухайн үед жилд 6,12 дугаар саруудад мал тооллого явагддаг байсан. Мал дутагдуулвал төлдөг, хариуцлага хүлээлгэдэг байсан цаг юм. Ядарсан малаа өөрсдөө тэжээдэг. Би өөрөө 1989-2005 онуудад Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хилийн цэргийн 0146 дугаар ангид үхэр, адуу хоёрыг холиод малладаг байсан. *******тай нэг суурьт хамт мал маллаж байсан болохоор түүний ажиллаж байсан байдлын талаар сайн мэднэ” гэх мэдүүлэг,

6. Гэрч О.А-ийн шүүхэд өгсөн: “...******* нь 1984 оноос Эрдэнэцагаан сумын “Жаргалын зам” нэгдэлд мал маллаж байсан. 1989 оноос эхлэн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хилийн цэргийн 0146 дугаар ангид үхэр, адууны хоёр суурьтай байхад үхэр суурьт үхэр хариулж байсан. Манайхан айл саахалт “Хадтай”, “Далайбулаг”, “Баянбулаг” гэх газруудаар нутагладаг, нэг суурьт мал маллаж байсан.  Манай хүн ........дугаар ангийн үхэр болон адууны суурьт малчин байсан. Хамт нэг суурьт байсан болохоор *******ы ажиллаж байсан байдлыг мэднэ” гэх мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

7. Иймд Хавхчин овогт ******* нь 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 09 дүгээр сарыг хүртэл Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын “Жаргалын зам” нэгдэлд малчнаар, 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1998 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын ........ дугаар ангид малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээв.

9. ******* нь 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 12 дугаар сарыг дуустлах хугацаанд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын “Жаргалын зам” нэгдэлд малчнаар ажиллаж байсан талаарх бичгийн нотлох баримтаа бүрдүүлж, шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-т заасныг баримтлан Хавхчин овогт *******ыг 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 09 дүгээр сарыг хүртэл Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын “Жаргалын зам” нэгдэлд малчнаар, 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1998 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын ......дугаар ангид малчнаар тус тус ажиллаж байсан тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. ******* нь 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 12 дугаар сарыг дуустлах хугацаанд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын “Жаргалын зам” нэгдэлд малчнаар ажиллаж байсан талаарх бичгийн нотлох баримтаа бүрдүүлж, шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         П.БОЛОРМАА