Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 2022/ДШМ/02  

 

   С.Н-т холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,  

тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Талгат даргалж шийдвэрлэсэн, 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн  2021/ШЦТ/120 дугаар цагаатгах тогтоолтой, цагаатгагдсан этгээд С.Н-т холбогдох 1913001080102 дугаартай, эрүүгийн 4 хавтастай хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэж, 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд Ховд аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболд /цахим сүлжээгээр/, цагаатгагдсан этгээд С.Н, түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал, Н.Оюунчимэг /цахим сүлжээгээр/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Даулетжан нар оролцов.

 

Монгол Улсын иргэн, яс үндэс Казах, 1989 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, өмгөөлөгч ажилтай, ам бүл 7 хүнтэй, эцэг, эх, эхнэр, хүүхдүүдийн хамт Баян-Өлгий аймгийн Ө сумын 5 дугаар багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, У овогт С-ын Н /БЮ00000000/ нь нь 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хэрэг бүртгэлтийн 181300364 дугаартай хэрэгт гэрчээр 2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр мэдүүлэг өгсөн гэрч Т.А  зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор ятгаж, гэрч Т.А-д хууль бусаар нөлөөлсөн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

Ховд аймгийн Прокурорын газраас С.Н-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 2021/ШЦТ/120 дугаар цагаатгах тогтоолоор Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У овогт С.Н-т холбогдох эрүүгийн 1913001080102 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтаар хэрэгсэхгүй болгож, С.Ныг цагаатгажээ.  

 

Прокурорын эсэргүүцэлд:  

 

 

1. Ховд аймгийн прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Т.Өсөхболд би, эрүүгийн 1913001080102 дугаартай С.Н-т холбогдох хэрэгт прокурорын яллах дүгнэлт үйлдэн, 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хэргийг шүүхэд шилжүүлсэн.

2. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 120 дугаартай цагаатгах тогтоолоор шүүгдэгч С.Н, гэрч К.Е нар нь гэрч Т.А-с 2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр эрүүгийн 181300364 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн байдалтай холбогдуулан гэрч Т.А-г зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр хоорондоо тохирсон, улмаар шүүгдэгч С.Н нь 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр ажлын өрөөнд гэрч Т.А-ийг хүлээн авч, зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр ятгасан гэх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэхэд эргэлзээтэй, мөн гэрч Т.А, А.А, К.Е  нараас мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн байдал нь цаг хугацааны хувьд үйл баримтын талаар өөр өөр байдлаар мэдүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгээ үгүйсгэсэн нөхцөл байдал тогтоогдсон, шүүгдэгч С.Н нь өмгөөлөгчийн хувьд хуулиар хүлээсэн чиг үүргээ зөрчиж, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэрчид ... хууль бусаар нөлөөлөх гэмт хэргийн субьектив талын шинж болох гэмт хэргийн сэдэлт, зорилго нь дээр дурдсан нотлох баримтуудын хүрээнд эргэлзээгүй, бодит байдлаар нь хангалттай тогтоогдоогүй гэж үзэх үндэслэлтэй, мөн гэрч Т.А-ийг Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгчийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 181300364 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүн гэж үзэхэд мөн эргэлзээтэй гэж тус тус дүгнэсэн байна.

3. Түүнчлэн Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих нөхцөл байдлын хүрээнд С.Н-т холбогдох эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарсан тул түүнийг Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд заасан гэм буруутайд тооцох зарчмын дагуу шүүгдэгч С.Н-т ашигтайгаар шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэж Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэжээ.

4. Цагаатгах тогтоолыг 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч танилцаад шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч байна.

5. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 120 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив.” гэжээ.

            Цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч Ж.Энхжаргалын шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

            1. Прокурорын давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангахгүй байна гэж үзэж байна. 

            2. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах чиглэлүүдийн талаар зааж өгсөн. Үүнээс үзэхэд хууль зүйн асуудлаар зөвлөгөө өгөх нь хуульчийн өдөр тутмын үйл ажиллагааны нэг байна. С.Н нь хуульд заасан үүргийнхээ хүрээнд үйлчлүүлэгчид зөвлөгөө өгсөн. Гэтэл С.Н нь тухайн хүний өгсөн мэдүүлэг нь үнэн зөв эсэхийг тодорхойлдог эрх бүхий албан тушаалтан биш.

            3. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн гэрч нарын мэдүүлгүүд зөрүүтэй байсан учраас миний бие мэдүүлгийн зөрүүг арилгуулах тухай хүсэлтээ аймгийн Ерөнхий прокурорт, Улсын Ерөнхий Прокурорын газарт хүртэл гаргаж байсан. Ийм учраас анхан шатны шүүхэд шүүх хуралдаанд тодорхой нэр бүхий гэрч нарыг шүүх хуралдаанд гэрчээр асуулгах тухай хүсэлт гаргасан.

            4. Т.А-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гэрч гэж үзэх нь учир дутагдалтай. Учир нь Т.Аийг тодорхой хэрэгт холбогдуулан шалгаж байгаа учраас өөрийн гэм буруугаа нотлох үүрэг хүлээхгүй, өөрийн эсрэг мэдүүлэг өгөхөөс татгалзах эрхтэй субъект байна. Харин гэрч гэж  хуульд зааснаар үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй, үнэн зөв мэдүүлэг өгөхөөр баталгаа гаргаж хууль сануулсан баримтад гарын үсэг зурсан этгээдийг нэрлэдэг. Гэрч К.Е-ээс С.Н-ыг яаж таньдаг талаар асуухад иргэний хэрэгт миний эсрэг талыг өмгөөлж, намайг ялж байсан учраас таньдаг гэж хариулсан ба “мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ гарын үсэг зурахдаа гүйцэд уншиж танилцаад гарын үсэг зураагүй, би С.Н-тай урьдчилан тохиролцож Т.А-ээр гомдол бичүүлээгүй” гэж өмнөх өгсөн мэдүүлгээ үгүйсгэж мэдүүлэг өгсөн. Мөн К.Е-н С.Н-тай урьдчилаад ярьсан эсэхийг шалгах үүднээс Мобиком Корпораци ХХК-аас авсан лавлагаанаас К.Е-н утасны дугаараас С.Н-ын утасны дугаар луу ярьж байгаагүй болох нь тогтоогдсон. Т.А шүүхийн шинэчилсэн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ “хууль хяналтын байгууллагын ажилтнууд хүн дарамталж, айлган сүрдүүлж байгаад мэдүүлэг авсан асуудлаар өмгөөлөгч С.Н-тай уулзаад зөвлөгөө авсан” гэж мэдүүлэг өгсөн. Мөн Т.А-ийн зүгээс прокурорын байгууллагад гаргасан гомдлоо өөрөө бичсэн гэдгийг хүлээн зөвшөөрсөн. С.Н-ын хувьд ч гэсэн Т.А-тэй уулзсаныг үгүйсгэхгүй. Тиймээс тодорхой зүйл дээр мэдүүлгийг газар дээр нь шалгах гэх мэт ажиллагаа явуулах шаардлагагүй байсан.

            5. Прокурорын зүгээс цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч байгаа үндэслэлээ тайлбарлахдаа шүүх хуралдаанд оролцсон орчуулагчийн нэрийг цагаатгах тогтоол дээр бичээгүй орхигдуулсан гэсэн үндэслэлийг ярьж байгаа боловч анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд орчуулагч оролцсон талаар бичсэн ба шүүхээс орчуулагчид эрх үүрэг тайлбарлаж, хууль сануулж байгаад Т.Аээс бусад гэрч нараас мэдүүлэг авах ажиллагаанд оролцуулсан. Орчуулагч үнэн зөвөөр, хэн нэгний нөлөөнд автахгүйгээр хуульд заасан үүргээ бүрэн хэрэгжүүлсэн. Ийм учраас цагаатгах тогтоолд орчуулагчийн нэрийг бичээгүй гэсэн нь цагаатгах тогтоолыг хүчингүй болгох үндэслэл болохгүй.

            6. Прокурор эсэргүүцэл гаргахдаа цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч байгаа хууль зүйн үндэслэлүүдээ тодорхой дурдаж өгч чадаагүй. Энэхүү эсэргүүцэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангахгүй байна гэж үзэж байна. Учир нь прокурор эсэргүүцэлдээ анхан шатны шүүх хуралдаанд оролцсон гэрч нарын мэдүүлгүүдийг хэрхэн няцааж байгаагаа тайлбарлаагүй, шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг яаж зөрчсөн талаар хангалттай тайлбарлаж өгөөгүй. Өдөр тутмын мэргэжлийн үйл ажиллагаа явуулсан өмгөөлөгчийг дээрх үндэслэлээр яллаж байгаа нь хуульд огт нийцэхгүй. Иймд шүүхийн цагаатгах тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаж байнгаа учраас шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгөхийг хүсэж байна.”  гэв.

 

Цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч Н.Оюунчимэгийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:  

            1. Миний хувьд Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 120 дугаар цагаатгах тогтоол нь хууль ёсны бөгөөд, үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна.

            2. Миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж яллах талаас яллаж байгаа боловч Т.А нь Эрүүгийн хуульд заасан хахууль өгөх гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа этгээд учраас түүнийг гэрч гэж үзэх боломжгүй.

            3. Прокуророос хэргийг шүүхэд шилжүүлэхдээ Т.Аийг гэрч, яллагдагч гэсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын аль нь болохыг тогтоогоогүй. Гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа хүнийг гэрч гэж үзэн, гэрчид нөлөөлсөн гэсэн үндэслэлээр С.Ныг буруутгаж байгаа нь хууль зүйн үндэслэлийн хувьд учир дутагдалтай.

            4. Хэргийг шүүхэд шилжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих бүх байдлыг хангалттай нотлоогүй атлаа С.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж яллаж байгаа нь үндэслэлгүй гэсэн байр суурьтай байна.

            5. Нөгөөтээгүүр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар гэрчид хууль бусаар нөлөөлсөн гэдэг нь нотлогдоогүй.

            6. Т.А прокурорын газарт гомдол гаргасан болохоос гэрчээр худал мэдүүлэг өгсөн тохиолдол байхгүй.

            7. Энэ хэрэгт гэрчээр оролцсон гэрч нар шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээсээ өөр мэдүүлэг өгсөн. Энэхүү шүүхийн шинэчилсэн байцаалтад өгсөн гэрч нарын мэдүүлгийг шүүх нотлох баримтаар үнэлсэн нь хууль зөрчөөгүй. Учир нь шүүх хуралдаан даргалагчаас гэрч нарт хууль сануулж, баримтад гарын үсэг зуруулсны үндсэн дээр мэдүүлэг авсан.

            8. Хуулиар өмгөөлөгч хүнд үйлчлүүлэгчийнхээ гэм бурууг нотлох, түүний эсрэг мөрдөн шалгах ажиллагаа явуулахыг хориглосон. Гэтэл өмгөөлөгч хүн зөвлөгөө авсан хүний хэлж байгаа нь үнэн зөв эсэхийг шалган тогтоох үүрэг хүлээсэн субъект биш учраас хууль зүйн зөвлөгөө авахыг хүссэн хүнд зөвлөгөө өгсний төлөө ийм хэрэгт татан, буруутгаж байгаа нь байж боломгүй зүйл.

            9. С.Нын хувьд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, Өмгөөллийн тухай хуульд заасан үүргээ зөрчсөн асуудал байхгүй учраас Эрүүгийн хуулийн 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж болохгүй.

            10. Мөн прокурор шүүхээс шүүх хуралдаанд талуудад эрх тэгш мэтгэлцэх боломжийг олгоогүй гэж маргаж байгаа. Гэтэл улсын яллагчаас хэд хэдэн удаа нэг асуултыг давтаж тавьсан боловч гэрч асуултыг ойлгоогүй, хариулах боломжгүй байсан учраас шүүхээс таслан зогсоосон. Үүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй.

            11. Иймд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар С.Н нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэдэг хангалттай нотлогдохгүй байгаа учраас анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр нь үлдээж өгөхийг хүсэж байна.” гэв.

 

Цагаатгагдсан этгээд С.Н-ын шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

1. ... гаднаас урьд өмнө харж байгаагүй, танихгүй, ямар нэгэн харилцаа тогтоож байгаагүй, айдас түгшүүртэй дунд насны эмэгтэй хүн орж ирсэн. Тухайн хүнийг нэг эрэгтэй хүн дагуулж ирсэн ба Сагсай сумаас явж байгаа хүн байсан.

2. Би тухайн хүнээс ямар учраас өмгөөлөгчийн тусламжийг авах гэж байгааг тодруулж асуухад “цагдаа нар айлган сүрдүүлж, хэд хэдэн удаа гэр оронд минь ирээд хүүхдүүдийг маань айлгаад намайг хүнд хахууль өгсөн мэтээр бичүүлж аваад мэдүүлэг авсан. Хэт их сандраад байсан учраас эмчид мөнгө өгсөн юм гэж хэлсэн. Хүнийг айлган сүрдүүлж байгаад мэдүүлэг авч болох уу? Би одоо яах вэ?” гэж учир байдлаа тайлбарлаад надаас зөвлөгөө авсан.

3. Тэгэхэд би түүний өгсөн мэдээлэлд тулгуурлаж ямар ч нөхцөл байдал үүссэн хүнээс айлган сүрдүүлж байгаад мэдүүлэг авч болохгүй” гэж зөвлөгөө өгсөн. Би тухайн эмэгтэй хүний асуултад цагдаагийн алба хаагч нар танаас мэдүүлэг авахдаа зүй бусаар харьцаж, айлган сүрдүүлэх маягаар мэдүүлэг авч болохгүй гэж хариу өгсөн. Та болсон үйл явдлын талаар үнэн зөвөөр бичиж прокурорын байгууллагад гомдол гаргах боломжтой. Хэрэв прокурорын байгууллагаас таны өгсөн мэдүүлгийг хууль зөрчиж авсан гэж мэдүүлэг гэж үзсэн тохиолдолд хүчингүй болгоно гэж хариулсан.

4. Тэгэхэд Т.А нь “би монгол хэл, бичиг үсэг мэдэхгүй, гомдлоо өөрөө бичиж чадахгүй” гэхээр нь “та заавал гомдлоо монгол хэлээр бичих шаардлагагүй. Өөрийн мэддэг эх хэлээрээ болсон үйл явдлын талаар дэлгэрэнгүй бичиж болно” гэсэн зөвлөгөөгөө өгсөн.

5. Т.А миний ажлын өрөөнөөс гараад явсны дараа энэ тухай гомдлоо өөрийн гараараа бичиж прокурорын байгууллагад өгсөн байна. Болсон үйл явдал ердөө л энэ.

6. Прокурорын эсэргүүцэл болон яллах дүгнэлтэд намайг яллаж байгаа бүх үйл баримт худлаа. Энэхүү үндэслэлгүй ялласан нь гэрч нарын шүүхийн шинэчилсэн байцаалтад өгсөн мэдүүлгүүдээр болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар үгүйсгэгдсэн учир анхан шатны шүүх намайг цагаатгаж шийдвэрлэсэн.

7. Энэ хэрэгт холбогдоод 2 жил гаруй хохирсон.  Би өндөр настай эцэг эхтэй, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй зэрэг өрх толгойлсон ар гэрийн асуудалтай.

8. Энэхүү хилс хэрэгт холбогдсоны улмаас би маш их хохирол амссан. Тодорхой албан тушаалд томилогдохоор нэр дэвшээд, шалгалт өгсөн боловч энэ хэрэгт холбогдсоны улмаас албан тушаалд томилогдож чадаагүй.

9. Яллах талаас намайг Т.А гэх хүн надтай яриад “Н аа надад ийм асуудал байна, чи энэ хүнийг аргалчих” гэх мэтээр ярьсан юм шиг байдлаар тайлбарлаж мэдүүлэг авсан байна.  Гэтэл гэрч Т.А анхан шатны шүүх хуралдаанд “мөрдөн байцаалтын шатанд мэдүүлгийг уншихгүйгээр гарын үсэг зурсан байна, би С.Н-аас ямар нэгэн байдлаар тийм зүйл хүсээгүй, бид хоёрын хооронд ямар нэгэн харилцаа байхгүй” гэж мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээ үгүйсгээд мэдүүлэг өгсөн. 

10. Мөн бидний зүгээс Т.А-ийн утасны яриаг шалгуулахад надтай харилцаж байсан тухай баримт олдоогүй.Т.А надаас тийм хууль бус зүйл хүсэх байтугай надтай эсрэг байр суурьтай хүн. Өмнө Өлгий сумын 3 дугаар сургуулийн захирлын хөдөлмөрийн маргаанд биТ.Ад эсрэг байр суурьтай х.Гүлжазира гэх хүнд өмгөөллийн үйлчилгээ үзүүлж байсан.

11. Т.А-ийг миний өрөөнд дагуулж ирсэн гэрч н.А  ч гэсэн гэрчид нөлөөлсөн асуудал болоогүй гэдгийг мэдүүлсэн. Т.А анхан шатны шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө “гэрчид худал мэдүүлэг өгөхөөр нөлөөлсөн, ятгасан зүйл болоогүй” гэж мэдүүлэг өгснийг анхан шатны шүүх анхаарч үзсэн.

12.  Т.А-ийн төлбөрийн чадварыг харгалзаж үзээд, та одоохондоо өмгөөлөгч авахгүй байж байгаарай, та миний боломжит үйлчлүүлэгч байна, би таны нууцыг чанд хадгалах болно, хэрэв цаашид ямар нэгэн асуудал гарвал надтай холбогдоорой” гэж өөрийн утасны дугаараа жижиг цаасанд бичээд өгсөн.

13. Т.А прокурорын байгууллагад гомдол гаргасны дараа надтай утсаар холбогдсон.  Т.А аймгийн төвд ирсэн гэж надтай утсаар холбогдоод “цагдаагийн алба хаагч нар ирээд намайг аваад явах гэж байгаа” гэхээр нь “та аймгийн төвд ирсний дараа надтай холбогдоорой, би таны эрх ашгийг хамгаалж өмгөөлөгчөөр оролцоод өгье” гэсэн . Т.А аймгийн төвд ирсний дараа ирснээ мэдэгдэж надтай утсаар яриад “аймгийн Цаглаагийн газар луу орох гэж байна” гэсэн. Үүний дараа би аймгийн Цагдаагийн газрын гадаа очиж Т.А-ийн утас руу нь залгасан боловч холбогдож чадаагүй. Дараа нь Т.А-ээс утсаа аваагүй шалтгааныг асуухад “аймгийн Цагдаагийн газрын дэд дарга н.Ганболд утсаар ярихыг зөвшөөрөөгүй” гэж хариулсан.

14. Энэ бүхнээс харахад энэ нь урдаас төлөвлөгдсөн, зохион байгуулалттай хэрэг гэж үзэж болно. Намайг хилс хэрэгт гүтгэсний улмаас сэтгэл санаа, эрүүл мэнд, эд хөрөнгөөр маш их хохирч байна. Өнөөдрийн байдлаар 7 дахь жилдээ  төрсөн аймагтаа өмгөөллийн үйл ажиллагаа эрхэлж байна.

15. Энэ хугацаанд нэг ч удаа мэргэжлийн алдаа, ёс зүйн зөрчил гаргаж байгаагүй. Тиймээс анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгөхийг хүсэж байна.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлийг  үндэслэн анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр, тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

2. Хэргийн бүх ажиллагааг хянахад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шүүх үнэлж дүгнэх боломжтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчилгүй, цагаатгах тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг бүрэн хангасан байна.

 

3. Цагаатгах тогтоол хууль ёсны байна гэдэгт Эрүүгийн хуулийг буюу материаллаг хуулийг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай процессын хэм хэмжээг хэргийн үйл баримтад шүүхээс зөв зохистой хэрэглэснийг, үндэслэл бүхий байна гэдэгт хэргийн нөхцөл байдал, үйл баримтыг хэрэгт хуульд заасан үндэслэл, журмаар цугларсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудыг үндэслэн бүрэн тогтоосныг ойлгоно.

 

4. Хэрэгт цугларсан мөрдөн шалгах ажиллагааны тэмдэглэлүүд, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгүүд, гэрч А.А ,Т.А, У.М, М.Ө, Р.А нарын мэдүүлэг, Т.А-ийн тэмдэглэлийн дэвтэрт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Т.Аийн Баян-өлгий аймгийн Прокурорын газрын ерөнхий проукрорт гаргасан өргөдөл, 2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр, 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрүүдэд Цагдаагийн газарт гэрчээр өгсөн мэдүүлгүүд /1хх-ийн 20, 138-139/,   “Мобиком корпораци” ХХК-ний 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 18/2049 дугаартай, 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 18/2841 дугаартай албан бичиг, хавсралт зэрэг нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар тал бүрээс нь бодит байдлаар нь харьцуулан үнэлэхэд, С.Н нь Монголын Хуульчдын холбооны  гишүүн өмгөөлөгчөөр ажиллахдаа 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хэрэг бүртгэлтийн 181300364 дугаартай хэрэгт гэрчээр 2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр мэдүүлэг өгсөн гэрч Т.А-ийг зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор ятгаж, гэрч Т.А-д хууль бусаар нөлөөлж, гэрчид хууль бусаар нөлөөлөх гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй, энэ талаарх анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолд заасан дүгнэлт нь бодит байдалд нийцсэн, хууль ёсны байх зарчмыг хангажээ.  

 

                5. Ховд аймгийн прокурорын газраас С.Н-т  холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг  анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль ёсны зарчим, 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчим, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  1.15 дугаар зүйлийн 1, 2  дахь хэсэгт заасан  гэм буруугүйд тооцох зарчимд тус тус нийцжээ.

 

6. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудад анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, С.Н-ын үйлдэлд гэрч Т.А-ийг зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор ятгаж, гэрч Т.Ад хууль бусаар нөлөөлж, гэрчид хууль бусаар нөлөөлөх буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэж, цагаатгахдаа  Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна. Энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлгүй байна.

7. Хэрэг бүртгэлтийн 181300364 дугаартай эрүүгийн хэргийн гэрч Т.А нь 2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр “...манай Сагсай сумаас ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон Е  гэх хүнтэй ярьж болсон явдлыг хэлтэл аймгийн ЭХМК -ийн гишүүн эмч С  гэх хүн 200.000 төгрөг нэхэж байна, хэрэв чи бид хоёр тэр мөнгийг нь өгвөл чиний группийн хугацааг нэг жилээр сунгаж өгнө хэмээн хэлж байна гээд надад хэлсэн ба аймгийн ИТХ-ын төлөөлөгч Е төлөөлөгчид за би суманд очиж байгаад энд тэнд хүмүүсээс асууж танд явуулъя гэдгээ хэлж 200.000 төгрөгийг манай сумын такси Ө  гэдэг хүнээр цаасанд боож Е-д аваачиж өгөөрэй хэмээн өгч явуулсан ба ингэхдээ Ө-т дотор мөнгө байгаа талаар хэлээгүй болно. Тэгээд миний группийн хугацааг 1 жилээр сунгаж над руу уг таксигаар тэр өдрийн орой аймгийн ИТХ-ын төлөөлөгч Е-д явуулж байсан юм.” гэх агуулгатай гэрчийн мэдүүлэг өгч, үүний дараа 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр өмгөөлөгч С.Н-аас хууль зүйн туслалцаа авч, улмаар төрийн байгууллага буюу тус аймгийн Прокурорын газарт 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр “...2018 оны 12 дугаар сарын дундуур цагдаа гэрт ирж таныг шалгах болно. С  эмчид авлига өгсөн гэж худлаа гүтгэж, 3 удаа айлгаж мэдүүлэг авч, гарын үсэг зуруулж авсан. Өөрөө өвчтэй эмчийн хяналтад байдаг. Айлгаснаас хойш даралт маань ихсэж, нойргүй болсон, хүүхэд маань нойрондоо айж сандарч босдог боллоо....ийм дарамтаас болж ойлгоогүй мэдүүлэгт гарын үсэг зурсан нь үнэн, ямар нэгэн мөнгө өгөх байтугай эм тариаг цаг хугацаанд нь авч ууж чадахгүй байна. Цаашид цагдаагийн албан хаагчид гэрт зөвшөөрөлгүй орж, хашхирч намайг болон хүүхдийг минь айлгаж, хийгээгүй зүйлийг хийсэн гэж худлаа гүтгэж, өөрийн хүсэлтээр биш мэдүүлэг авч, хүчээр гарын үсэг зуруулсан цагдаагийн албан хаагч дээр өргөдөл гаргах болно.” гэсэн агуулгатай гомдол гаргасан үйл баримт тогтоогдсон бөгөөд уг гомдлыг өмгөөлөгч С.Н нь гэрчид зориуд худал мэдүүлэг өгүүлсэн гэж үзэхгүй.  

 

8. Гэрч Т.А нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Үндсэн хуульд зааснаар хууль зүйн туслалцаа авах эрхтэйгээс гадна түүний прокурорт гаргасан гомдол гэрчийн мэдүүлэг биш юм.

 

9. Хэрэг бүртгэлтийн 181300364 дугаартай хэрэгт Т.А нь анх 2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн тасгийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Р.Ж-д “...манай Сагсай сумаас ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон Е гэх хүнтэй ярьж болсон явдлыг хэлтэл аймгийн ЭХМК -ийн гишүүн эмч Сакен гэх хүн 200.000 төгрөг нэхэж байна хэрэв чи бид хоёр тэр мөнгийг нь өгвөл чиний группийн хугацааг нэгж жилээр сунгаж өгнө хэмээн хэлж байна гээд надад хэлсэн ба аймгийн ИТХ-ын төлөөлөгч Е төлөөлөгчид за би суманд очиж байгаад энд тэнд хүмүүсээс асууж танд явуулъя гэдгээ хэлж 200.000 төгрөгийг манай сумын такси Өмирзах гэдэг хүнээр цаасанд боож Е-д аваачиж өгөөрэй хэмээн өгч явуулсан ба ингэхдээ Өмирзахт дотор мөнгө байгаа талаар хэлээгүй болно. Тэгээд миний группийн хугацааг 1 жилээр сунгаж над руу уг таксигаар тэр өдрийн орой аймгийн ИТХ-ын төлөөлөгч Е-д явуулж байсан юм.” гэх агуулгатай мэдүүлэг өгсөн бөгөөд үүний дараа уг мэдүүлгээ өмгөөлөгч С.Н-ын ятгалгаар өөрчилж, өөр худал мэдүүлэг өгсөн гэх үйл баримт тогтоогдохгүй байна. Харин Т.А нь тус хэрэгт 2 дахь удаагаа 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын Дэд бөгөөд Эрүүгийн цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч Б.Ганболдод мэдүүлэг өгөхдөө өмнөх мэдүүлгийнхээ утга агуулгаас зөрүүгүй мэдүүлэг өгсөн нь баримтаар тогтоогдсон учраас түүнийг өмгөөлөгч С.Н нь худал мэдүүлэг өгүүлсэн гэх хууль зүйн болон бодит үндэслэл тогтоогдохгүй байна.

 

10. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлд Худал мэдүүлэх гэмт хэргийг хуульчилсан. Хэрэгт авагдсан нотлох баримтаар өмгөөлөгч С.Н-ын гэрч Т.А-д хууль зүйн зөвлөх үйлчилгээ үзүүлсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинж тогтоогдоогүй бөгөөд уг эрүүгийн хэрэг үйлдэгдэх урьдчилсан нөхцөлд худал мэдүүлэх гэмт хэрэг үйлдсэн гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлд заасан нөхцөл байдал шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор тогтоогдсон байх шаардлагатай. Харин хэрэгт авагдсан нотлох баримтаар ийм нөхцөл байдал тогтоогдоогүй. 

 

11. Прокурор нь “...Цагаатгах тогтоолыг 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч танилцаад шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэлүүдээр эс зөвшөөрч байна. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 120 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах тухай.” эсэргүүцлийг шүүхэд гаргажээ.  

Прокурорын эсэргүүцэлд “шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай хуулийг ноцтой зөрчсөн” гэх үндэслэл дурдсан боловч анхан шатны шүүх цагаатгах тогтоол гаргахдаа ямар ноцтой зөрчил гаргаснаа тодорхой бичээгүй, эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр, тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй тул прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах тогтоолыг хэвээр баталж шийдвэрлэв.  

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгож,

 

 

 

 

 

 

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 2021/ШЦТ/120 дугаар цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

                                

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         С.ӨМИРБЕК

 

 

ШҮҮГЧ                                                             М.НЯМБАЯР

 

 

                                    ШҮҮГЧЧ                                                          Д.КӨБЕШ