Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 00114

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,
нарийн бичгийн дарга Д.Одончимэг,
улсын яллагч Г.Баяраа,
шүүгдэгчийн өмгөөлөгч М.Найдан,
шүүгдэгч С.Цэдэндаш нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Булган аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1201 дугаар зүйлийн 1201.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайж овогт Шааравын Цэдэндашид холбогдох 132/2017/0099/Э индекстэй, эрүүгийн 1715000010003 дугаартай хэргийг 2017 оны 8 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1978 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт Булган аймгийн Рашаант сумын 1 дүгээр багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Тайж овогт Шааравын Цэдэндаш /РД:ГП78041011/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ш.Цэдэндаш нь 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Булган аймгийн Рашаант сумын 1 дүгээр багийн нутагт “Тарна” гэх газар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр Н.Насандуламын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Цэдэндаш мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн, нэмж ярих зүйл байхгүй гэх мэдүүлэг,
1715000010003 дугаартай эрүүгийн хэргээс хэрэг бүртгэлийн шатанд: Хохирогч Н.Нансалдуламын өгсөн: Манай нөхөр Ш.Цэдэндаш нь намайг зодож гарыг маань хугалсан. Би нөхөр Ш.Цэдэндаштай 2003 онд танилцаж тэр жилдээ гэр бүл болж өдийг хүртэл 14 жил хамт амьдарч байна. Энэ хугацаанд бидний дундаас 5-14 насны 4 хүүхэд төрж, бид хөдөө хэдэн мал маллан амьдарч байна. Бид хоёр гэр бүл болоод хүний ёсоор л сайхан амьдарч байсан. Манай нөхөр надтай анх амьдарч эхлэхдээ архи уудаг байсан ч одоо шиг авир гаргадаггүй байсан. Тэрээр 3 жилийн өмнөөс архи уусан үедээ гэр бүлийнхэндээ болон ах, дүүс нартаа агсам тавьж, хэл амаар доромжилж дарамталдаг болсон. Сүүлдээ намайг ямар ч шалтгаангүй хардаж зоддог болсон. Энэ тухай манай ээж, ах, дүү нар бүгд мэддэг ба архи нь гараад эрүүл болохоороо зүгээр болчихдог юм.
Би гэр бүл, хэдэн хүүхдээ бодоод аав, ээж, ах дүү, найз нөхөд, хууль, цагдаагийн байгууллагад мэдэгддэггүй, аль болох нууж өнгөрөөгөөд ирсэн юм. Сүүлийн үед зодож агсан тавих нь ихсэж манай ээж, ах, дүүгийн хажууд ч зоддог, тэднийг ч гэсэн дарамталж зодох гэдэг болсон. 2016 оны хавар зодохдоо хавиргыг маань хугалж байсан. Тухайн үед сумын төв орж Баярмаа эмчид үзүүлчихээд харьсан. Мөн 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Ш.Цэдэндаш гэртээ Санжаа, Мөнх-Ертөнц нартай архи ууж согтчихоод, манай гадаа байсан машинтай хүмүүстэй хардан зодож өшиглөхөд нь Санжаа Цэдэндашийг бариад авахаар нь ээж бид хоёр хүүхдүүдээ аваад Тарны гуанз руу зугтаж, сумын төвөөс хүргэнээ дуудаж тэр даруй эмнэлэгт ирж үзүүлсэн чинь гар чинь хугарсан байна гэсэн. Маргааш өглөө нь эрт Хархорин сум орж зургийг нь авахуулах гээд очтол цахилгаан тасраад зураг авахуулж чадаагүй, эмчээр бариулж боолт хийлгүүлсэн. Цэрэндашийн олон удаагийн зодуурыг нууж өнгөрөөж байсан, одоо би цаашид тэвчихгүй тул энэ хүнд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж өгөөч гэх мэдүүлэг /хх-7-8 тал/, Гэрч Г.Цэцэгээгийн өгсөн: Би Н.Насандуламын ээж нь байгаа юм. Би зургаан хүүхэдтэй, гурав дахь охин маань Н.Насандулам. Миний охин Н.Насандулам нь Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумаас Рашаант суманд нүүж ирсэн жил одоо энэ нөхөр болох Ш.Цэдэндаштай гэр бүл болж, гэр бүлээ батлуулан тусдаа гарсан юм. Манай хүргэн Ш.Цэдэндаш нь миний охин Н.Насандуламтай нэг гэрт ханилж суусан цагаасаа архи уухаараа байнга зоддог, бид нарыг хэл амаар доромжилж айлгаж сүрдүүлсээр өнөөг хүрсэн. Ер нь олон жил байнгын агсан тавьж охиныг маань зодож биед нь гэмтэл учруулдаг байсан бөгөөд бид нар тэднийхтэй хамт байдаггүй болохоор тэр болгоныг нь мэдддэггүй, охин маань бид нарт тэр болгон яриад байхгүй нуугаад байдаг байсан байна лээ. Манай хүргэн Ш.Цэдэндаш нь сүүлийн хоёр гурван жилээс агсарч дарамтлах нь ихсэж бид нарт ч агсарч хэл амаар доромжилон байнгын дарамттай байдаг болсон. 2016 оны зун байх Хөгний өвөрт нутаглаж байхдаа Ш.Цэдэндаш нь архи ууж ирээд Н.Насандуламд агсан тавьж зодоод хавиргыг нь хугалсан байсан. Н.Насандулам нь тэр үед сумын төв орж эмнэлэгт үзүүлж ирээд дөрвөн хүүхэдтэй болохоороо тэд нарыгаа бодоод л чимээгүй өнгөрсөн. Тэр хоёр гэр бүл болсоноос хойш 4 хүүхэд төрүүлсэн, одоо том нь 14 настай, бага нь 4 настай. Мөн саяхан манайх Цэдэндашийнхтай хамт Тарны голд зусаж байхад 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдөр манай хүргэн Ш.Цэдэндаш гэртээ Санжаа гэдэг залуу, манай хүү Н.Мөнх-ертөнц хоёртой хамт хоёр шил архи хувааж уугаад согтчихоод эхнэр болох манай охин Н.Насандуламыг бусадтай хардан агсан тавиад байж байснаа хэд хэд өшиглөөд авахаар нь би Санжаа гэдэг хамт архи уусан залууг нь унтаж байхаар нь сэрээгээд энэ “хүн аллаа” чи босооч гэж босгосон тухайн үед Санжаа гэх тэр залуу их согтуу юу болж байгааг ч мэдэхгүй байгаа мөртлөө босож ирээд Цэдэндашийг бариад хорьсон. Охин бид хоёр тэр хооронд нь хойшоо замруу зугтаагаад зам дээр очоод хүргэнээ дуудаж машинтай нь ирүүлээд сумын төв орж ирсэн. Н.Насандуламын гар тэр үед их хавдчихсан өвчтэй байсан болохоор нь сумын эмнэлэг орж үзүүлээд Хархорин сум явсан. Н.Насандуламын зүүн гарын шууны яс нь хугарсан байсан. Тэгээд одоо энэ хүргэний ааш авирыг дийлэхээ болиод цагдаад өргөдөл гаргасан юм гэх мэдүүлэг /хх-10-11 тал/, Гэрч Н.Мөнх-Ертөнцийн өгсөн: Би Н.Насандуламын төрсөн ах нь юм. Манай хүргэн Ш.Цэдэндаш нь Н.Насандуламтай гэрлээд 12 жил болж байна. Тэр хоёр одоо дөрвөн хүүхэдтэй хөдөө мал маллаж амьдардаг юм. Сүүлийн үед манай хүргэн архи уугаад эхнэрээ зодоод байдаг бололтой байна. Манай дүү нуугаад бид нарт хэлэхгүй өдий хүрсэн байна. Ноднин хавар хүргэн Цэдэндаш манай дүү Н.Насандуламыг зодож хавиргыг нь хугалсан байсан. Тухайн үед Н.Насандулам бид нарт хэлээгүй нуугаад өнгөрөөсөн байсан. Манай ээж бид хоёр энэ зун хөдөө Тарны тэнд хүргэн Ш.Цэдэндашийнхтай хамт зусаж байгаа юм. Тэр өдөр Элсэн тасархайн замын хойно нутагладаг Санжаа гэдэг залуу Ш.Цэдэндашийнд хоёр шил архи өвөртөлчихсөн ирсэнийг нь Ш.Цэдэндаш, Санжаа бид гурав хувааж уугаад би согтоод унтчихсан байсан. Тэгтэл гэнэт бөөн хүн шуугилдаад явчихаар нь сэртэл манай хүргэн Ш.Цэдэндаш агсан тавьчихсан Санжаа хориод байж байсан. Харин ээж, Н.Насандуламд хоёр гадаа зогсож байсан. Ш.Цэдэндаш Н.Насандуламын гарлуу нь өшиглөөд гарыг нь хугалчихлаа гэж ээж хэлж байсан. Н.Насандулам орь дуу тавиад уйлаад байсныг ээж аваад замруу явж унаа олж сумын төв явна гээд явсан. Ш.Цэдэндаш ээж, Н.Насандулам хоёрыг явсаны дараа гадаа гарч хашгирч байгаад гэртээ ороод унтаад өгсөн. Санжаа ч харих гээд яваад өгсөн гэх мэдүүлэг /хх-12-13 тал/, Гэрч З.Баяраагийн өгсөн: Би Рашаант сумын эрүүл мэндийн төвд эх баригч бага эмч ажилтай юм. 2017 оны 6 дугаар сарын 29-ний орой 23 цагийн орчим байх би эмнэлэг дээр хүн төрүүлэх гээд байж байтал гаднаас хөдөө амьдардаг Н.Насандулам өөрийн дүү Мөнхцэцэгийн хамт орж ирсэн. Н.Насандулам манай нөхөр Цэдэндаш архи уугаад ээж, бид хоёрыг зодох гээд агсраад миний гар луу хөлөөрөө өшиглөөд гарыг маань хугалчих шиг боллоо, одоо хөдөлгөж болохгүй их өвчтэй байна гэхээр нь үзлэг хийхэд зүүн гарын шууны яс хугарсан байдалтай хавдартай, овоочихсон байхаар нь өвчин намдаах тариа хийгээд хугарсан гарыг нь шохойдоод Улаанбаатар хотруу гэмтлийн эмнэлэгт очиж зургийг нь авхуулж яаралтай үзүүлэх шаардлагатай гэж хэлээд явуулсан. Өөр ямар нэг гэмтэл байгаагүй. Н.Насандулам хотруу яваагүй, маргааш нь Хархорин сумруу явсан байсан гэх мэдүүлэг /хх-10-14 тал/, Гэрч Ч.Санжаагийн өгсөн: Манайх одоо Элсэн тасархай гэдэг газар нутаглаж байгаа юм. 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдөр би манайхаас урагш Тарна гэх газар нутаглаж байгаа өөрийн найз Мөнх-Ертөнцийнд ойрд уулзаагүй болохоор уулзах гэж өдөр 12 цаг өнгөрч байхад очсон юм. Мөнх-Ертөнцийнх хүргэн дүү Цэдэндашийнхтайгаа хамт нутаглаж байсан. Би гэрээсээ нэг шил 0.5 литрийн Ерөөл архи авч очсон. Мөнхөөгийнд очиход гэрт нь ээж нь байсан. Тэгээд би авч очсон архиа гаргаж Мөнхөөд өгөөд тэр архийг Мөнхөө, Цэдэндаш бид гурав хувааж уугаад дуустал Цэдэндаш гэрээсээ дахин нэг шил 0.5 литрийн Ерөөл архи авчирсан. Бид гурав тэр архийг нь мөн хувааж уугаад би согтоод гадаа гэрийн сүүдэрт нь унтаад өгсөн байсан. Тэгтэл орой гэгээ тасархийн үед Цэдэндашийн эхнэр Н.Насандулам намайг сэрээгээд “босоо Санжаа, Цэдэндаш агсан тавиад байна. Намайг зодож элдээд байна” гэхээр нь би босоод хартал Цэдэндаш эхнэрээ зодох гээд “хөөе пизда минь” гээд хойноос нь хөөгөөд байхаар нь би гүйж очоод Цэдэндашийг тэвэрч аваад хориод байж байтал Н.Насандулам ээж, хүүхдийнхээ хамт хойшоо засмал замруу гүйгээд явчихсан. Мөнхөө бид хоёр Цэдэндашийг хорьж тайвшруулчихаад “одоо би харилаа” гээд Мөнхөөд хэлчихээд гэрлүүгээ харьсан гэх мэдүүлэг /хх-15-16 тал/, Гэрч Г.Цогтбаярын өгсөн: Би тус сумын 1 дүгээр багийн Засаг даргын ажлыг нийт 20 гаран жил хийж байгаа юм. Шааравын Цэдэндаш нь манай багийн иргэн юм. Тэднийх ам бүл зургуулаа, хөдөө амжиргааны цөөн хэдэн малтай амжиргааны баталгаажих түвшингээс доогуур амьдралтай өрх байгаа юм. Ш.Цэдэндаш нь хувь хүний хувьд хүнд тусархуу, хөдөлмөрч хүн, би багаас нь мэднэ. Харин архи, согтууруулах ундааг зарим үед хэтрүүлээд хэргэлчихдэг, архи уусан үедээ гэр бүлдээ агсан тавьж айлгаж ичээдэг жаахан авир гаргадаг зантай. Энэ зангийн нь нутгийн иргэд мэднэ. Би Ш.Цэдэндашид болон гэр бүлийн хүн Н.Насандуламд энэ талаар олон удаа хэлж зөвөлж анхааруулж байсан гэх мэдүүлэг /хх-17 тал/, Шүүгдэгч Ш.Цэдэндашийн яллагдагчаар өгсөн: Би эхнэр Насандуламтай 2003 онд анх гэр бүл болсон, дундаасаа 4 хүүхэдтэй хүмүүс байгаа юм. Гэр бүл болсон цагаас хойш Булган аймгийн Рашаант сумын 1 дүгээр багт амьдарч байгаа юм. Би одоогоос 2-оос 3 жилийн өмнөөс эхнэртэйгээ гэр бүлийн хувийн харилцаанаас болж хоорондоо маргалдаж, хэрэлдэх болсон. Миний хувьд ер нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэртэйгээ маргадаг бөгөөд хааяа нэг гар хүрч алгадах болсон юм. Бид хоёрын маргах шалтгаан нь хувийн бага зэргийн харьцаанаас үүдэн маргалдаж, хүчирхийлж зодох болсон юм. Харин архи уугаагүй эрүүл үедээ бол хэвийн энгийн харьцаатай байдаг. Энэ болгоныг эхнэр цагдаад мэдэгдэлгүй чимээгүй өнгөрдөг байсан. Ингэж байж байгаад эхнэртэйгээ өөрийн гэртээ 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 2 шил архи ууж согтсон үедээ хэрүүл өдөж маргаад улмаар өшиглөж зодоод гарыг нь хугалж гэмтээсэн юм. Үүнээс болоод манай эхнэр цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж намайг шалгуулж байгаа юм. Ийм л зүйл болоод байна гэх мэдүүлэг /хх-25-26 тал/, Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн ¹202 тоот: 1. Н.Насандуламын биед зүүн шууны зөрүүгүй хагурал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогттох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5. Дээрх гэмтэл авсан гэх цаг хугацааг одоогоор тогтоох боломжгүй байна гэх дүгнэлт /хх 19 тал/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх 1-2 тал/, гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-4 тал/, хохирогчийн өвчний карт /хх-20-21 тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-36-38 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Дээрхи нотлох баримтуудаас дүгнэлт хийхэд шүүгдэгч Ш.Цэдэндаш нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Н.Насандулам болон түүний ээж Г.Цэцэгээ нарыг хэл амаар доромжлон дарамтлах, догшин ширүүн авирлан зодож Н.Насандуламын хавирга, гарын шуу зэргийг хугалж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан хууль зүйн факт, үйл баримт тогтоогдож байна. Энэ үйл баримт нь хэрэг бүртгэлтийн шатанд хохирогч Н.Нансалдулам, гэрч Г.Цэцэгээ, Н.Мөнх-Ертөнц, З.Баяраа, Ч.Санжаажамц, Г.Цогтбаяр нарын мэдүүлэг, хохирогчийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн ¹202 тоот тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Хохирогч, гэрч нарын мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.
2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж, 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж тус тус заажээ.
2015 оны Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байх тул 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх боломжгүй байна.
Хэргийн зүйлчлэл зөв, хэргийн талаар нотолбол зохих асуудлууд нотлогдсон, Аймгийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1201 дүгээр зүйлийн 1201.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүгдэгч Ш.Цэдэндашийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд иргэний нэхэмжлэл гаргаагүй байна.
Шүүгдэгч Ш.Цэдэндашид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1201 дүгээр зүйлийн 1201.1-д заасан гэмт хэрэг нь 1 сараас 3 сар хүртэл баривчлах ялын санкцитай, 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны Эрүүгийн хуулийн 5.2 дугаар зүйлд заасан ялын төрлүүдэд баривчлах ял байхгүй байх тул шүүгдэгч Ш.Цэдэндашийг баривчлах ял эдлэхээс чөлөөлөх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт шүүгдэгч Ш.Цэдэндаш нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг дурьдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:
1. Тайж овогт Шааравын Цэдэндашийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1201 дүгээр зүйлийн 1201.1-д зааснаар шүүгдэгч Ш.Цэдэндашийг 3 /гурав/ сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.
3. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.2 дугаар зүйлд заасныг баримтлан шүүгдэгч Ш.Цэдэндашийг 2002 оны Эрүүгийн хуулийн 1201 дүгээр зүйлийн 1201.1-д зааснаар оногдуулсан 3 сарын баривчлах ял эдлэхээс чөлөөлсүгэй.
4. Хэрэгт хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч иргэний нэхэмжлэл гаргаагүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Цэдэндашид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНХАНД