Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 158/ШШ2023/0037

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батчимэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б.Батбаяр,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Энхболд,

Хариуцагч: Булган аймгийн Орхон сумын Засаг дарга нарын хоорондын

Булган аймгийн Орхон сумын Засаг даргын 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн А/125 дугаартай захирамжийн Б.Батбаярт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Батбаяр, түүний өмгөөлөгч М.Энхболд, хариуцагч Булган аймгийн Орхон сумын Засаг дарга Н.Амартүвшин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энхмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Иргэн Б.Батбаяр нь Булган аймгийн Орхон сумын Засаг даргын 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн А/125 дугаартай захирамжийн Б.Батбаярт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар маргаж байна.
  2. Нэхэмжлэгч нь Булган аймгийн Орхон сумын Засаг даргын 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн А/73 дугаартай “Газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх тухай” захирамжаар Сандуйжавын Бямбажавын Булган аймгийн Орхон сумын 2 дугаар багийн нутаг улсын чанартай авто замын баруун талд Тэспетролиум, Петровис ШТС-уудын дунд байршилтай, шатахуун түгээх станцын зориулалтаар эзэмшиж байсан 2998м2 газрыг 15 жилийн хугацаагаар эзэмших эрхтэйгээр шилжүүлэн авчээ.
  3. Гэвч Булган аймгийн Орхон сумын Засаг дарга нь “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа хоёр ба түүнээс дээш жил ашиглаагүй” гэх үндэслэлийг зааж 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн А/125 дугаартай захирамжаар Б.Батбаярын нэгж талбарын 6304004558 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
  4. Тиймээс Б.Батбаяр 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Булган аймгийн Засаг даргад хандаж өргөдөл гаргасан бөгөөд тус Засаг даргаас 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 01/853 дугаартай албан бичгээр “...Орхон сумын Засаг даргын захирамжтай холбоотой гомдлоо хуулийн байгууллагад хандаж, шийдвэрлүүлэх нь зүйтэй” гэсэн хариуг өгчээ.
  5. Нэхэмжлэгч нь Булган аймгийн Орхон сумын Засаг даргын 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдөр гаргасан А/125 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдөр тус шүүхэд ирүүлж маргаан үүсгэсэн.
  1. Тэрээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “Миний бие 2019-04-04-ний өдрийн А/73 тоот Орхон сумын засаг даргын захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг 2019-04-08-ны өдөр авсан. Тус газар нь шатах тослох түгээгүүрийн газрын зориулалттай Халиун багт байрлах 15 жилээр олгогдсон бөгөөд Орхон аймгаас Булган аймаг руу явах замд байрлалтай дуудлага худалдаагаар авч байсан газар болно. Гэтэл 2023 оны А/125 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай захирамж гарч хавсралтын 12 дахь заалтаар надад холбогдох газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгожээ. Өнгөрсөн хугацаанд газрын төлбөрийг цаг хугацаанд нь төлж Орхон сумтай байгуулсан гэрээний дагуу өр төлбөр тооцоогүй явж ирсэн. Энэ талаар Е-mongolia, е-gazar.mn-ээр нотлогддог. Мөн аймгийн Байгаль орчин, аялал жуучлалын газраар байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээг 2023-05-02-ны өдөр хийлгэж, 2023-04-20-ны өдөр газрын төлөв байдал чанар хяналтын баталгааг хийлгэсэн. Шатахуун түгээх станцын газар нь ямар ч хашаалалт байдаггүйгээрээ онцлогтой задгай үйл ажиллагаа явуулдаг газар болно. Гэтэл өнгөрсөн хугацаанд тус газрыг хашаалаагүй үндэслэлээр хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Тухайн газартай холбоотой хэд хэдэн хүндэтгэн үзэх шалтгаан бий болсон. Энэ талаар дурьдвал:

1. 2019 оноос нийтээр мэдэж байгаа буюу Засгийн газрын тогтоолоор хэрэгжиж байсан ковидын үеийн онц дэглэмийн хугацаа болон шалтгаан нөхцөл нь арилсан 2023 оны 01 сарын Засгийн газрын тогтоолд хамрагдах хугацаанууд

2. Хил гааль хаасантай холбоотой барилгын материал техник тоног төхөөрөмжийн хомсдол Барилгын материалын үнэ имфляцид дагалдаад их хэмжээгээр өссөн.

3. Тээвэр ложистикийн үнэ өссөн зэрэг шалтгаант нөхцөлүүд үүсэж давагдашгүй хүчин зүйлийн нөхцөл байдалтай байсан.

4. 2020-12-09-нд Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж гарч тус захирамжийн 7-д зааснаар Б.Батбаярын өмчлөлийн Булган аймгийн Орхон суманд байрлах 2998 мкв газрыг нэхэмжлэлийн үнийн дүнгээр битүүмжилснээр тухайн газартай холбоотойгоор ямар ч үйл ажиллагаа явуулахгүй болох гол шалтгаан нөхцөл болсон. Тухайн битүүмжлэлтэй холбоотой 2023-03 сараас Булган аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас битүүмжээс чөлөөлсөн нь Булган айгийн Орхон сумын Засаг даргын захирамжийн 1-д заагдсан хүндэтгэн үзэх шалтгаан бий болсныг илтгэж байна.

Газраа шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны битүүмжээс гаргасны дараа даруй гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд тус газартаа дараах хөрөнгө оруулалт болон бичиг баримтын бүрдүүлэлтийг хийж эхэлсэн.

1. Газрын чанар хянан баталгааг 2023-03 сард 1.000.000 төлж захиалга өгөн 2023-05-01-нд “Алсын зураглал” ХХК-аар хийлгэж дуусгасан.

2. 2021-03-25-ны өдөр ажлын зурагны өмнөх үе болох “Эскиз” зурагны үнэ болох 1,000,000 төгрөг төлж ДИ энд жийс ХХК-аар хийлгэсэн.

3. Ажлын зурагны урьдчилгаанд 7,000,000 төгрөгийг мөн ДИ энд жийс ХХК-д төлж хийлгэж байна. Ажлын хөлсний үлдэгдэл 17,000.000 төгрөг байна.

4. 2023-03 сард Дээшлэх говь ХХК-аар ШТС-ын ажлын зураг барилгын ажил хийлгэхээр тохирч урьдчилгаанд 16.5 сая төгрөгт тооцон пирус 30 авто машин бартераар өгч ажлаа эхлүүлээд зураг магадлалын шатанд явж байна.

Миний эзэмшлийн газрын гэрчилгээг хүчингүй болгосон Орхон сумын ЗД-ын захирамжийг 2023-05-17-ны өдөр авсан бөгөөд 2023-05-26-нд Булган аймгийн засаг даргад газартай холбоотой хугацааны талаар олон хөрөнгө оруулалт хийгдэж буй ажлын талаар тайлбар бичсэн. Уг асуудлаар ямар нэгэн албан тушаалтны хариу одоогоор ирээгүй байна.

Иймд Булган аймгийн Орхон сумын ЗД-ын 2023-05-15-ны өдрийн А/125 дугаартай захирамжийг хүчингүй болгож иргэн миний хууль ёсны эрх ашгийг хамгаалж өгнө үү” гэжээ.

    1. Нэхэмжлэгч Б.Батбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019-2020 онд ковид гарсанаас хойш хил гааль хаагдсан. Ингээд барилгын материалын хомсдол үүссэн. Энэ байдал 2023 оны 01 дүгээр сараас эхлэн хил нээгдэж эхэлснээр хэвийн болж эхэлсэн. Одоо ч гэсэн үнийн өсөлт буухгүй байна. Тээвэр ложистикийн үнийн өсөлт буугаагүй. 2019 онд арматур төмөр 1,750,000 төгрөг байсан бол одоо 2,450,000 төгрөг болсон байна. Одоо л манай компанийн үйл ажиллагаа жигдэрч байна. Эдийн засгаа босгох гэж оролдож байна. Манай компани хэрэгжүүлэх гэж байгаа төслөө хэрэгт гаргаж өгсөн. Мөн эх хувиар нь авч ирсэн. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар уг газрыг битүүмжилсэн. 2023 оны 3 дугаар сард битүүмжлэл тавигдсан. Би уг газарт шатахуун түгээх станц болон үйлчилгээний зориулалттай барилга барих хүсэлтээ аймгийн Засаг даргад танилцуулсан. Гэтэл Орхон сумын Засаг дарга Н.Амартүвшинд танилцуул гэсэн. Би Амартүвшин даргатай уулзаж, материалаа танилцуулж шатахуун түгээх станцын хажууд үйлчилгээний зориулалттай барилга барих талаар хэлсэн. Амартүвшин дарга холбогдох стандартын дагуу шатахуун түгээх станц болон үйлчилгээний газрын хоорон дахь зайг баримтлах болон ажилчдын амрах өрөө баривал болно гэж хэлсэн. Шатахуун түгээх станцын ажлын зургийг тусгай зөвшөөрөлтэй компани хийдэг юм байна лээ. Харин барилгын ажлыг барилга барих зөвшөөрөлтэй компани гүйцэтгэнэ. Ингээд 2 өөр компанитай харьцаж, тодорхой ажлууд эхлээд төлбөр төлөгдөөд явж байсан. 2020 онд шүүгчийн захирамжаар уг газрыг битүүмжилсэн. Би тухайн үед санаа зовж байсан. Тэмээн дээр ямааны гарз гарах вий гэж бодоод уг газарт нээх айхтар хүчилж юм хийгээгүй. Мөн тухайн үед гэрээс гарах боломжгүй байсан. Энэ нөхцөл байдлуудыг харгалзан үзээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.
  1. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Энхболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Булган аймгийн Орхон сумын Засаг даргын захирамжаар тухайн газрыг олгосон. Ингэхдээ дуудлага худалдаанд орж уг газрыг авсан. Тухайн үед Батбаяр Сингапур улсад байсан тул өөрийгөө төлөөлүүлэн иргэн Бямбажавыг цахимаар дуудлага худалдаанд оролцуулсан. Ингээд дараа нь газрыг өөрийн нэр дээр шилжүүлж авсан байдаг. Уг газар нь шатахуун түгээх станцын зориулалттай. Засаг даргын А/73 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг 2019 оны 4 дүгээр сард гаргуулан авсан. Булган аймгийн Орхон сумын Халиун багт байрлах маргаан бүхий газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшсэн. 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн Засаг даргын захирамжаар газрыг эзэмшиж, 2019 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр газар эзэмших гэрээ байгуулсан. Гэтэл 2023 онд Засаг даргын А/125 дугаартай захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байна. Энэ захирамжийн хавсралтын 12 дахь заалтыг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзээд шүүхэд нэхэмжлэл гаргасан. Газар эзэмшигч нь гэрээний дагуу эрх, үүргээ хэрэгжүүлээд явж байсан. Газар эзэмших гэрээний 4 дэх заалтад зааснаар байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, газрын хянан баталгаа хийлгэсэн ба газрын төлбөрийг тухай бүр төлөөд явж байсан. Уг газарт шатахуун түгээх станц барина. Шатахуун түгээх станцад ямар нэгэн хашаа, хаалт барьдаггүй тул заавал хашаа барих шаардлагагүй байсан. Уг газарт тэгшилгээ хийх шаардлагатай байсан тул шороо буулгаж, барилгын ажлыг эхлүүлсэн. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхээс Б.Батбаярт холбогдуулан иргэний хэрэг үүсгэсэн. Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулахаар тус шүүхийн шүүгчийн захирамж гарсан. Ингээд шүүгчийн захирамжийн дагуу тухайн газрыг битүүмжилсэн. Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас битүүмжлэх ажиллагааг хийж гүйцэтгэсэн. Шүүгчийн захирамжийг хэрэгт гаргаж өгсөн. Захирамжийн 7 дугаар заалтад Б.Батбаярын эзэмшлийн уг газрыг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжил гэж заасан. Энэ нь хүндэтгэн үзэх шалтгаанд орно. Мөн 2019 онд гэнэтийн давагдашгүй хүчин зүйл дэгдсэнтэй холбоотой уг газарт ямар нэгэн үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. Улс орон даяар хорио цээрийн дэглэм тогтоосон. Булган аймгийн Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоож энэ нь аймаг даяар хэрэгжиж байсан. Ковидын нөхцөл байдлын үед өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж, 2022 оны 4 дүгээр сар хүртэл шар түвшинд байсан. Давагдашгүй хүчин зүйл буюу гэрээний 6 дугаар зүйлд зааснаар хүндэтгэн үзэх шалтгааныг тайлбарласан байдаг. Байгалийн давагдашгүй хүчин зүйл болон тухайн газрын эзэмшигчийн буруугүй үйлдлээс шалтгаалсан байвал хүндэтгэн үзэх шалтгаанд тооцно гэж зааж өгсөн. Б.Батбаяр нь гэрээний дагуу үүргээ хэрэгжүүлээд явсан. Гэтэл гэнэтийн байдлаар нэхэмжлэгчийг дуудаж ирүүлээд гарын үсэг зуруулж, газрыг хураах болсоныг танилцуулсан болж мэдэгдсэн. Засаг даргын А/125 дугаартай захирамж гарч Б.Батбаярын газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй байна. Тиймээс уг захирамжийн хавсралтад заасан Б.Батбаярт холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэв.
  2. Хариуцагч Булган аймгийн Орхон сумын Засаг дарга Н.Амартүвшин шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Халиун багийн нутаг засмал замын урд талд ШТС-ын зориулалтаар 2998 м2 газрыг 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр цахимаар явагдсан дуудлага худалдаанд С.Бямбажав оролцож, ялалт байгуулан Газрын даамалтай ялагчтай байгуулах гэрээг байгуулж, хуулийн хугацаанд 8 460 000 төгрөгийг төрийн сангийн дансанд төвлөрүүлсэн.

          Сумын Засаг даргын 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн А/52 тоот захирамжаар газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон. 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн А/73 тоот захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг иргэн Б.Батбаяр өөрийн нэр дээр шилжүүлэн авсан. Б.Батбаярын нэхэмжлэлд дурдагдсанаар газар эзэмшиж авснаасаа хойш 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдөр аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраар байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийлгэсэн, 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр газрын төлөв байдал чанарын хянан баталгаа хийлгэсэн байна.

          Булган аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Улсын байцаагчаас /дутагдал арилгуулах тухай/ 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 02-17-04/056/01 албан шаардлагыг 4 дүгээр сарын 10-ны өдөр ирүүлсэн бөгөөд уг албан шаардлагын дагуу сумын Засаг даргын 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн А/125 тоот захирамжаар нэр бүхий 19 хүний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон. /Батбаяр нь дээрх захирамжийг бүхэлд нь хүчингүй болгох эрхгүй/

         Газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн, тухайн газар дээр одоог хүртэл ямар ч үйл ажиллагаа явуулаагүй, тухайн газраа зориулалтын дагуу ашиглаагүй байгаа учраас Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох заалттай тул уг заалтын дагуу сумын Засаг даргын 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн А/125 тоот захирамжаар Б.Батбаярын газар эзэмших гэрчилгээ хүчингүй болсон болно” гэжээ.

    1. Хариуцагч Булган аймгийн Орхон сумын Засаг дарга Н.Амартүвшин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариу тайлбараа шүүхэд бичгээр гаргаж өгсөн. Нэхэмжлэгчийг тухайн газарт барих барилгын зураг төслийг хийлгэсэн гэдгийг сонссон. Нэхэмжлэгч талаас уг газарт хөрөнгө оруулалт хийгдсэн гэж тайлбарлаж байна. Бид бүхэн 2 жил зориулалтын дагуу ашиглаагүй болон эдгээр газартай холбоотой асуудлыг нийтээр нь харж шийдвэрлэсэн. Хамтран шийдвэр гаргасан” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

  1. Нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Нэхэмжлэгч Б.Батбаяр нь 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдөр тус шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ “Булган аймгийн Орхон сумын Засаг даргын 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн А/125 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийнхээ шаардлагыг тодорхойлсон.
  2. Гэвч түүний өмгөөлөгч М.Энхболд нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн дээрх шаардлагыг “Булган аймгийн Орхон сумын Засаг даргын 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн А/125 дугаартай захирамжийн Б.Батбаярт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэж багасгасныг нэхэмжлэгч дэмжиж байх тул шүүх уг шаардлагын хүрээнд маргааныг хянан шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэл үндэслэлтэй байна.  
  3. Нэхэмжлэгч
    1. 2019 оноос нийтээр мэдэж байгаа буюу Засгийн газрын тогтоолоор хэрэгжиж байсан ковидын үеийн онц дэглэмийн хугацаа, хил гааль хаасантай холбоотой барилгын материал техник тоног төхөөрөмжийн хомсдол, барилгын материалын үнэ имфляцид дагалдаад их хэмжээгээр өссөн. Тээвэр ложистикийн үнэ өссөн зэрэг шалтгаант нөхцлүүд үүсэж давагдашгүй хүчин зүйлийн нөхцөл байдалтай байсан.
    2. 2020 оны 12 дугаар сарын 09-нд Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж гарч тус захирамжийн 7-д зааснаар Булган аймгийн Орхон суманд байрлах 2998 мкв газрыг нэхэмжлэлийн үнийн дүнгээр битүүмжилснээр тухайн газартай холбоотойгоор ямар ч үйл ажиллагаа явуулахгүй болох гол шалтгаан нөхцөл болсон.
  4. Сонсох ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй гэх үндэслэлүүдээр  маргаж байна.
  5. Хэрэгт авагдсан баримтуудыг судлан үзэхэд дараах үйл баримтууд тогтоогдов. Үүнд:
  1. Булган аймгийн Орхон сумын Засаг дарга /цаашид “Орхон сумын Засаг дарга” гэх/-ын 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн А/05 дугаартай захирамж[1]-аар тус сумын 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад дуудлага худалдааны журмаар эзэмшүүлэхээр тусгагдсан газрын байршил, хэмжээ, анхны үнийг баталж, дуудлага худалдааг 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 15:00 цагт газрын биржийн программ хангамж ашиглан цахим хэлбэрээр явуулахыг дуудлага худалдааны комисст даалгаж шийдвэрлэжээ.
  2. Уг дуудлага худалдаанд Сандуйжавын Бямбажав оролцон нэгж талбарын 6304004558 дугаартай 0,3 га газрыг “ШТС”[2]-ын зориулалттайгаар 15 жилийн хугацаагаар эзэмших эрхтэй болсон болох нь Орхон сумын Засаг даргын 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн А/52 дугаартай захирамж, түүний хавсралт, тус нэгж талбарын газрын кадастрын зураглал болон эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлгээр,
  3. С.Бямбажав нь дээрх газрыг эзэмших эрхээ Батцэцэгийн Батбаярт шилжүүлсэн болох нь тэдний 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, Орхон сумын Засаг даргын 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн А/73 дугаартай “Газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх тухай” захирамж болон Б.Батбаярын “Иргэний газар эзэмших эрхийн улсын бүртгэлийн 000020895 дугаартай гэрчилгээ, Булган аймгийн Орхон сумын газрын мэргэжилтэн Д.Нямаа болон Б.Батбаяр нарын 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр байгуулсан №06325-2019/00130 дугаартай “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-гээр
  4. нэхэмжлэгч Б.Батбаяр нь дээрх нэгж талбарын 6304004558 дугаартай газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны дүгнэлт болон байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээг тус тус гаргуулсан болох нь “Алсын зураглал” ХХК-ийн 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн дүгнэлт, Булган аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн Төслийн 2023/09 дугаартай “Ерөнхий үнэлгээний гүйцэтгэлийн хуудас”-аар тус тус нотлогдов.         
  5. Булган аймгийн Орхон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нь 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 01/04 дугаартай албан бичгээр тус сумын 2021, 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт шалгалт хийлгүүлэх тухай хүсэлтийг “Орхон сумын ИТХ-ын төлөөлөгчдийн 2021, 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилт, газар олголтын талаар хийсэн хяналт, шалгалтын дүгнэлт”-ийн хамт Булган аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт,

Булган аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас дээрх албан бичгийн хариуг 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 01/304 дугаартай албан бичгээр Орхон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд,

уг Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын баталсан 01 тоот удирдамжийн дагуу газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагч Х.Энхбаяр Орхон сумын 2021, 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт шалгалт хийж 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр улсын байцаагчийн 02-17-04/056/01 дугаартай “Албан шаардлага”-ыг гаргаж Орхон сумын Засаг даргад тус тус хүргүүлжээ.  

  1. Хариуцагч Орхон сумын Засаг дарга нь дээрх албан шаардлагад тусгасан зөрчил дутагдлыг арилгуулах, сонсох ажиллагаа явуулах үүрэг чиглэл бүхий ажлын хэсгийг 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн А/101 дугаартай захирамжаар томилсон бөгөөд нэхэмжлэгч тухайн ажлын хэсэгтэй уулзсан болох нь Орхон сумын газрын мэргэжилтний бичсэн “Сонсох ажиллагаа явуулсан тухай илтгэх хуудас”, тухайн ажиллагаанд ирж оролцсон гэх иргэдийн нэрсийг тэмдэглэж, гарын үсэг зуруулсан “Сонсох ажиллагаа хийгдсэн тухай” гэх гар бичвэр бүхий эх баримт, 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн огноотой “Сонсох ажиллагааны мэдэгдэл”, “Сонсох ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл” болон нэхэмжлэгчийн гар бичвэр бүхий баримтуудаар тогтоогдов.
  2. Улмаар Орхон сумын Засаг дарга нь 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.1, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.6 дахь заалтуудыг үндэслэн маргаан бүхий А/125 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжийг гаргасан бөгөөд тус захирамжийн хавсралтын 12-т нэхэмжлэгч Б.Батбаярын “ШТС”-ын зориулалтаар эзэмшиж байсан нэгж талбарын 6304004558 дугаартай 2998м2 газрыг тусгажээ. 
  3. Захирамжийн талаар нэхэмжлэгч Б.Батбаярт 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 1640 цагт танилцуулсан болох нь “Захирамж танилцуулсан тухай” баримтуудаар нотлогдож байна.
  1. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1,  27.2,  27.3 дахь хэсгүүдэд зааснаар газрыг зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлэх бөгөөд нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байхаар хуульчилсан бол мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “...сум ...-ийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно”, 40.1.6 “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй”, 40.2-т “Энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол ...сум...-ийн Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж, энэ тухайгаа эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан ...этгээдэд мэдэгдэнэ”, 40.3-т “Эрхийн гэрчилгээ эзэмшигч ...этгээд нь Засаг даргын шийдвэрийг хууль бус гэж үзвэл тухайн шийдвэр гарсан өдрөөс хойш ажлын 10 өдрийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй” гэж тус тус заасан.
  1. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасан зохицуулалт болон 06325-2019/00130 дугаартай “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”, улсын бүртгэлийн Э-0409000096 дугаарт бүртгэлтэй 000020895 дугаартай “Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ” зэргээс дүгнэхэд Б.Батбаяр нь нэгж талбарын 6304004558 дугаартай газрыг 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөс эзэмших эрхтэй болжээ.
  • Орхон сумын Засаг дарга нь 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн А/125 дугаартай захирамждаа “Хүндэтгэн үзэх шалтгаангүй гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа хоёр ба түүнээс дээш жил ашиглаагүй” гэх үндэслэлийг заасан байна.
    1. Монгол Улсын дээд шүүхийн 2008 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 15 дугаартай тогтоолын 1.10-т “...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр...” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний, эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байхыг ойлгоно” гэж, Монгол хэлний их тайлбар тольд “давагдашгүй” гэх үгийг “Давах аргагүй, дийлдэшгүй” гэж, “гэнэт” гэх үгийг “Санамсаргүй атал хоромхонд болох юм, гэнэт тохиолдох (санамсаргүй тохиолдох), гэнэтийн аюул (цаг бусын аюул, гэнэтийн үзэгдэл (байгалийн ер бусын үзэгдэл)...” гэх агуулгуудаар тус тус тайлбарлажээ.
    2. Нэгж талбарын 6304004558 дугаартай газрыг эзэмших эрх 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр нэхэмжлэгчид шилжсэн.
    3. Гэтэл 2020 оны 1 дүгээр сард БНХАУ-д коронавирус халдвар /КОВИД-19/-т шинэ өвчин бүртгэгдсэн талаар мэдээллэн, улмаар дэлхий нийтээр тухайн өвчнийг “ЦАР ТАХАЛ” гэж зарласан.  
    4. Харин манай улсын тухайд Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 178 дугаар тогтоолоор мөн оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг”-т анх шилжүүлж хөдөлгөөн хязгаарласан бөгөөд 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр эхний сэжигтэй тохиолдол бүртгэгдэн, батлагдсан нь нийтэд илэрхий болсон үйл явдал юм.
    5. Энэхүү цар тахалаас урьдчилан сэргийлэх, тархалтыг бууруулах хариу арга хэмжээний хүрээнд авч хэрэгжүүлсэн үйл ажиллагаа нь тус аймагт хэрхэн үргэлжилсэн нь Булган аймгийн Засаг даргын удаа дараагийн захирамжуудаар нотлогдож байна.
    6. “Ковид-19” гэх коронавируст халдварт өвчин нь урьд өмнө нь хүн төрөлхтөнд танигдаагүй, гэнэтийн өвчин байсныхаа хувьд тухайн цаг хугацаандаа “давагдашгүй” хүчин зүйл болно.
    7. Тиймээс Монгол Улсын Засгийн газар болон Булган аймгийн Засаг даргаас уг цар тахалаас урьдчилан сэргийлэх, тархалтыг бууруулах хүрээнд авч хэрэгжүүлсэн үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн эзэмшлийн газраа зориулалтын дагуу ашиглах боломж хязгаарлагдсан тул түүнийг газар эзэмшигчийнхээ эрх, үүргийг хуульд заасан хугацаанд хэрэгжүүлээгүй гэж буруутгах боломжгүй. Тодруулбал: Нэхэмжлэгчид “Хүндэтгэн үзэх шалтгаан” үүссэн.
  1. Нөгөө талаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “...тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж заасан бол Монгол Улсын дээд шүүхийн 2008 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 15 дугаартай тогтоолын 1.10-т “...зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй...” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно” гэж тайлбарласан.
  1. Хариуцагчаас А/125 дугаартай шийдвэрээ гаргахдаа дээрх “хоёр ба түүнээс дээш жил ашиглаагүй” гэх хугацааг №06325-2019/00130 дугаартай “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-г байгуулсан өдрөөс маргаан бүхий А/125 дугаартай захирамжийг гаргасан өдрийг хүртэлх хугацаа болох 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд тасралтгүйгээр тооцсон болох нь түүний ““...Газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн...” гэх тайлбараар нотлогдож байна.
  2. Гэтэл Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор батлагдсан "Коронавируст халдвар /КОВИД-19/-ын тархалтын түвшинд үндэслэн хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохицуулах журам"-ын 4.1-д “Халдварын тархалтын түвшинтэй уялдуулан бүх шатны онцгой комисс дараахь арга хэмжээг хэрэгжүүлнэ”, 4.1.2-т “"Шар түвшин"-д бүх төрлийн үйл ажиллагааг хязгаарлахгүйгээр Улсын онцгой комиссоос баталсан журмын дагуу байгууллага, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд тавигдах тусгай нөхцөл, шаардлагыг мөрдөж ажиллана”, 5.1-д ”Энэ журмыг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол Төрийн албаны тухай, Зөрчлийн тухай хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ” гэж журмалсан тул “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг”-ийг шар түвшинд шилжүүлээгүй улаан, улбар шар түвшинд байх үед газар эзэмшигч гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэх боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаан үргэлжилж байсан.
  3. Булган аймгийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн А/102 дугаартай “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг”-ийг Коронавируст халдвар /Ковид-19/-ын тархалтыг “Шар түвшин”-д шилжүүлэх тухай” захирамжийн “1”-д “Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор улсын хэмжээнд гамшгаас хамгаалах “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг”-ийг цуцалсантай холбогдуулан Коронавируст халдвар (Ковид-19)-ын тархалтын “Шар түвшин”-д 2022 оны 02 сарын 16-ны өдрөөс эхлэн шилжүүлсүгэй” гэжээ.
  4. Тиймээс нэхэмжлэгчийг нэгж талбарын 6304004558 дугаартай газраа зориулалтын дагуу ашиглах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болгосон “хүндэтгэн үзэх шалтгаан” 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр арилсан байх тул мөн өдрөөс дээрх хугацааг эхлэн тоолох нь шударга ёсонд нийцнэ.
  5. Булган аймгийн Засаг даргын А/102 дугаартай захирамжаар “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг”-ийг “Шар түвшин”-д шилжүүлсэн өдөр болох 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс маргаан бүхий А/125 дугаартай захирамжийг гаргасан 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаа нь 1 жил 3 сар болж байна. Тодруулбал: Дээрх 1 жил 3 сарын хугацаа нь тасралтгүй үргэлжилж буй хугацаа бөгөөд энэ нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “2 жил дараалан” гэх нөхцөл шаардлагыг хангаагүй байх тул нэхэмжлэгчийн газар эзэмших эрхэд халдах хууль зүйн үндэслэл бүрдээгүй байна.
  1. Хариуцагч “...тухайн газар дээр одоог хүртэл ямар ч үйл ажиллагаа явуулаагүй, тухайн газраа зориулалтын дагуу ашиглаагүй байгаа...” гэж мэтгэлцэж байна.
  1. Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4 дэх заалтад "түгээх станц" гэж газрын тосны бүтээгдэхүүнийг хүлээн авах, хадгалах, тээврийн хэрэгслийг цэнэглэх, савласан бүтээгдэхүүний жижиглэнгийн худалдаа эрхлэхэд зориулсан барилга, байгууламжийн цогцолборыг ойлгоно” гэж  тайлбарласан бол 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт “Газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага газрын тосны бүтээгдэхүүний талаар дор дурдсан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 5.2.2-т “...бүх төрлийн шатахууныг импортлох, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох” гэжээ.
  2. Мөн Зөвшөөрлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэхэд аймгийн Засаг даргын зөвшөөрлөөр гүйцэтгэхээр тус тус хуульчилсан зэргээс дүгнэхэд “шатахуун түгээх станц” буюу бүх төрлийн шатах, тослох материалын худалдаа эрхлэх, тухайн үйл ажиллагааг явуулах барилга байгууламжийг барихад төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас олгосон энгийн болон тусгай зөвшөөрлүүдийн үндсэн дээр хэрэгжихээр байна.
  3. Нэхэмжлэгч нь нэгж талбарын 6304004558 дугаартай газрыг 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн шатахуун түгээх үйл ажиллагаа явуулах зориулалтаар эзэмших эрхтэй болсныхоо тухайд тус газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны дүгнэлтийг “Алсын зураглал” ХХК-аар, байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээг Булган аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраар тус тус гаргуулсан[3] талаар шийдвэрийн “5.4”-т тусгасан бөгөөд эзэмшлийн газрынхаа хэвгийг тэгшлэх зорилгоор шороо буулгасан байсан болох нь тус шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдөр газар дээр хийсэн үзлэгийн тэмдэглэлд хавсаргасан зургаар нотлогдоно.       
  4. Нэхэмжлэгчийн дээрх үйлдэл нь өөрийн эзэмшлийн газрыг зориулалтын дагуу ашиглах хуульд заасан шаардлага /урьдач нөхцөл/-ыг хангаж буй үйл ажиллагаа бөгөөд түүний үргэлжлэх хугацаанд өмнө хэсэгт тайлбарласан “хүндэтгэн үзэх шалтгаан” нөлөөлснийг харгалзан үзэх нь шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтны хувьд үүрэг байх учиртай. Тодруулбал: Маргаан бүхий захирамжийн үндэслэл болгосон Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтын “...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр...” гэх хэсэг нь “хүндэтгэн үзэх шалтгаан”-тай бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохгүй гэсэн агуулгаар хэрэглэгдэнэ. 
  5. Гэтэл хариуцагч нь цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан Монгол Улсын Засгийн газар, Булган аймгийн Засаг даргын удаа дараагийн шийдвэрүүдээр газар эзэмшигчийн газраа зориулалтын дагуу ашиглах үйл ажиллагааг түр зогсоосон байсан хугацааг “хүндэтгэн үзэх шалтгаангүй” гэж үзсэн нь үндэслэлгүй.
  1. Нэхэмжлэгч “2020 оны 12 дугаар сарын 09-нд Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж гарч тус захирамжийн 7-д зааснаар Булган аймгийн Орхон суманд байрлах 2998 мкв газрыг нэхэмжлэлийн үнийн дүнгээр битүүмжилснээр тухайн газартай холбоотойгоор ямар ч үйл ажиллагаа явуулахгүй болох гол шалтгаан нөхцөл болсон” гэж мэтгэлцэж байна.
  1. Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 142/ШЗ2020/05841 дугаартай “Хүсэлт шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” захирамжийн “ЗАХИРАМЖЛАХ нь” хэсгийн 7-д “Б.Батбаярын өмчлөлийн Булган аймгийн Орхон суман дахь 2998м2 газрыг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжлэхийг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих ангид даалгаж, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсугай” гэжээ.
  2. Дээрх 142/ШЗ2020/05841 дугаартай захирамжаар “Б.Батбаярын өмчлөлийн Булган аймгийн Орхон суман дахь 2998м2 газрыг”[4] худалдан борлуулуулахгүй байх зорилгоор гаргасан нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжлэхээр шийдвэрлэсэн байна.
  3. Газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Монгол Улсын иргэнд өмчлүүлснээс бусад газар төрийн өмч мөн” гэжээ.
  4. Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 142/ШЗ2020/05841 дугаартай захирамжаар битүүжилсэн 2998м2 газар нь нэхэмжлэгч Б.Батбаярын өмчлөлийн бус эзэмшлийн газар байна.
  5. Тиймээс шүүгчийн дээрх захирамжийн хэрэгжилтээр нэхэмжлэгчийн уг газрыг эзэмших эрхээ бусдад шилжүүлэх эрх хязгаарлагдах боловч түүнийг зориулалтын дагуу ашиглах эрхэд нөлөөлөхөөргүй байх тул тухайн нөхцлийг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэхгүй.
  1. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь “Сонсох ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй” гэж маргаж байна.
  1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална”, 4.2.4-т “үр нөлөөтэй байх”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах”, 4.2.8-д “хууль ёсны итгэлийг хамгаалах” гэж заасан бол “хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим” гэж нийтийн эрх зүйн аливаа харилцаанд захиргааны үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдэд эдийн буюу мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүссэн тохиолдлыг ойлгоно...” гэж тайлбарласан.
  2. Түүнчлэн дээрх хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт...-г батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж, 27 дугаар зүйлийн 27.3-т “Сонсох ажиллагааны талаарх мэдэгдэлд дараах мэдээллийг тусгана” гээд 27.3.1-27.3.3 дахь заалтууд болон 27.4-27.6 дахь хэсгүүдэд сонсох ажиллагааг явуулах журам, ажиллагаа явуулах он, сар, өдөр, цаг, байрлал, дарааллын талаарх мэдээлэл, захиргааны шийдвэр гаргах эрх олгогдсон хууль, захиргааны хэм хэмжээний актын зүйл, заалт болон захиргааны шийдвэр гаргах тухайн асуудлын талаарх мэдээлэл, үндэслэл зэргийг тусгах бөгөөд сонсох ажиллагааг бичгээр, утсаар, цахим хэлбэрээр, төлөөлөгчөөр дамжуулан тус тус санал авах, биечлэн уулзах болон бусад хэлбэрээр явуулж болохоор, мөн сонсох ажиллагаа явуулах хугацаа оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан байх ба уг ажиллагааны явц, үр дүнгийн талаар тэмдэглэл хөтөлж, гарсан саналыг захиргааны шийдвэрт хэрхэн тусгасан талаар мэдээлэл бэлтгэж баримтжуулахыг үүрэгжүүлж хуульчилжээ.
  3. Орхон сумын Засаг даргаас сонсох ажиллагаа явуулах ажлын хэсгийг томилсон 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн А/101 дугаартай захирамж, тус ажлын хэсгийн гишүүн болох Орхон сумын газрын даамал Д.Нямаагийн бичсэн “Сонсох ажиллагаа явуулсан тухай илтгэх хуудас”, “Сонсох ажиллагаа хийгдсэн тухай” гэх гар бичвэр бүхий эх баримт, “Сонсох ажиллагаа хийж байгаа нь” гэх тайлбар бүхий 2 хуудас гэрэл зураг болон 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн огноотой “Сонсох ажиллагааны мэдэгдэл”, “Сонсох ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл”, нэхэмжлэгчийн гар бичвэр бүхий хүсэлтийг хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн.
  4. Нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн “Сонсох ажиллагааны мэдэгдэл”-д 2023 оны 5 дугаар сарын 10-ны дотор тайлбар ирүүлэхийг мэдэгджээ.
  5. Хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан “...Хууль эрх зүйн мэргэжилтэн, газрын даамал нарын бүрэлдэхүүнтэй орлогч даргаар ахлуулсан ажлын хэсгийг ... тайлбар гаргаж ирүүлэхийг мэдэгдэж, эдгээр хүмүүст тодорхой хугацаа өгөөд уулзаад, ярилцаад ир гээд явуулсан. Хүмүүс газар хураагдах болсон гэдэг асуудлыг хүндээр хүлээж авсан. Асуудлыг зөв талаас нь ярихгүйгээр уурлаж, бухимдсан байсан... Энэ ажиллагаа үр дүн муутай болсон...” гэх тайлбараас хариуцагчийн томилсон ажлын хэсэг нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын сумын Эрдэнэ[5] багийн байранд газар эзэмшигч 3 аж ахуйн нэгж, 11 иргэнийг нэгтгэн оролцуулсан “Сонсох ажиллагаа”-г явуулахаар эхлүүлсэн боловч тухайн ажиллагаанд оролцогчид болон ажлын хэсгийнхний хооронд үл ойлголцол үүсч тодорхой санал, тайлбарыг гаргах, сонсох нөхцөл бүрдэлгүй дуусгавар болсон болох нь нотлогдож байна.
  6. Орхон сумын газрын даамал Д.Нямаагийн бичсэн “Сонсох ажиллагаа явуулсан тухай илтгэх хуудас”-т “...сонсох ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл /мэдэгдэл/-ийг иргэд, аж ахуйн нэгжд танилцуулахад гарын үсэг зурахаас татгалзсан...” гэж тусгасан байгаа ч тухайн ажиллагааны тэмдэглэл гэх баримтыг хэрэгт нотлох баримтаар ирүүлээгүй, “Сонсох ажиллагаа хийгдсэн тухай” гэх гар бичвэр бүхий баримтад 3 хуулийн этгээд, 11 хүний нэр, огноо болон, цаг, минут бичигдэж, 10 хүн гарын үсэг зурснаас өөр бичвэргүй байгаа нь хэргийн оролцогчдын тайлбарлаж буй “Сонсох ажиллагаа” хуульд заасан хэлбэр шаардлагыг хангах хэмжээнд явагдаагүй болох нь тогтоогдов. Тухайлбал: “Сонсох ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл” гэх баримтад ”... Газрын тухай хуулийн 40.1.6 дахь заалт..., газар эзэмших гэрээний 5.3 дахь заалтыг тус тус зөрчсөн байсан иргэн Батцэцэг овогтой Батбаярт 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож байгааг үүгээр мэдэгдэж байна...” гэх хэсгээс дээрх ажиллагаа нь “Сонсох ажиллагаа” гэж нэрлэхээс илүүтэй нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захиргааны актыг мэдэгдэх ажиллагаа болсон мэтээр ойлгогдохоор байна.
  7.  Дээрх ажлын хэсэг нь нэхэмжлэгч Б.Батбаяртай биечлэн уулзсаныхаа тухайд түүний газар эзэмших эрхээ хэрэгжүүлээгүй шалтгаан нөхцлийг сонсож, холбогдох тайлбар болон нотлох баримтыг гаргуулан авах замаар бодит нөхцлийг тогтоосон мэдээллээр хариуцагчийг хангах үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй байх ба тухайн үйл ажиллагаа нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.4-д заасан үр нөлөөтэй байх зарчимд нийцээгүй ажиллагаа болжээ.
  8. Нөгөө талаар хариуцагч нь А/101 дугаартай захирамжаар томилсон ажлын хэсэг хангалтгүй ажилласныг мэдсээр байж нэхэмжлэгчтэй сонсох ажиллагааг хуульд заасан шаардлага хангахуйц байдлаар явуулалгүйгээр дутуу дулимаг мэдээлэлд үндэслэн нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон шийдвэрийг гаргасан нь Захиргааны ерөнхий хуульд заасан үр нөлөөтэй, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх болон бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах зарчмыг зөрчсөн үйлдэл болсон байна гэж дүгнэлээ.
  9. Нэхэмжлэгч нь өөрийн эзэмшлийн нэгж талбарын 6304004558 дугаартай 0.3 га газрын дуудлага худалдаанд өөрийгөө төлөөлүүлэн иргэн С.Бямбажавыг оролцуулан холбогдох төлбөрийг төлсөн бөгөөд тухайн газраа зориулалтын дагуу ашиглах зорилгоор холбогдох хууль, хэм хэмжээний актуудад заасан тусгай зөвшөөрөл болон бусад баримт бичгийг бүрдүүлэх, газрын хэвгийг засахаар эзэмшлийн газар дээрээ шороо зөөвөрлөн буулгах зэрэг ажиллагаануудыг хийж зохих хэмжээний зардал гаргасан талаар шүүх хуралдаанд тайлбарлан, холбогдох нотлох баримтуудыг хэрэгт ирүүлсэн ба хариуцагч түүнийг үгүйсгэсэн тайлбар болон нотлох баримтыг шүүхэд гаргасангүй.
  10. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д зааснаар хариуцагч нь газар эзэмшигчийн “хууль ёсны итгэлийг хамгаалах” тусгай зарчмыг баримтлан үйл ажиллагаагаа явуулах үүрэгтэй.
  11. Нэхэмжлэгч Б.Батбаярын тухайд Орхон сумын Засаг даргын 2023 оны А/125 дугаарын захирамжид заасан 0.3 га газрыг шатахуун түгээх станцын барилга байгууламж барьж, энэ чиглэлийн үйл ажиллагааг явуулах эрхтэй болсон гэж итгэн үйл ажиллагаагаа явуулахад шаардагдах эхний хөрөнгийг зарцуулан түүнд мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүссэн байна.
  1. Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д “Газартай холбогдон үүссэн дараахь маргааныг дор дурдсан байгууллага, албан тушаалтан шийдвэрлэнэ”, 60.2-т “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газартай холбогдон үүссэн маргааны талаар энэ хуулийн 60.1.1...-т заасан байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг маргааныг ...шүүхээр шийдвэрлүүлнэ” гэж, 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооногэж тус тус заажээ.
  2. Орхон сумын Засаг даргын 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн А/125 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжийн Б.Батбаярт холбогдох хэсэг нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэг болон Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.4, 4.2.5, 4.2.6, 4.2.8, 26, 27 дугаар зүйлд нийцээгүй, хууль зөрчсөн шийдвэр болсон бөгөөд нэхэмжлэгч Б.Батбаярын нэгж талбарын 6304004558 дугаартай 0.3 га газрыг шатахуун түгээх үйл ажиллагаа явуулах зориулалтаар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул  “Орхон сумын Засаг даргын 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн А/125 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжийн Б.Батбаярт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн Б.Батбаярын нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, 60 дугаар зүйлийн 60.2, 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6, 4.2.8, 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.5 дахь хэсгүүдэд заасныг тус тус үндэслэн Б.Батбаярын нэхэмжлэлийн шаардлагыг ханган, Булган аймгийн Орхон сумын Засаг даргын 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн А/125 дугаартай захирамжийн “Б.Батбаяр”-т холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.  

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Б.БАТЧИМЭГ

 

[1]Булган аймгийн Орхон сумын Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн А/05 дугаартай “Газар эзэмшүүлэх дуудлага худалдаа явуулах тухай” захирамж.

[2] Булган аймгийн Орхон сумын Засаг даргын 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн А/52 дугаартай захирамжид тусгаснаар бичив.

[3] Орхон сумын Засаг даргын 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн А/125 дугаартай маргаан бүхий захирамжийг гаргахаас өмнө гаргуулсан байна.

[4] Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 142/ШЗ2020/05841 дугаартай “Хүсэлт шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” захирамжид тусгаснаар бичив.

[5] Орхон сумын газрын даамлын “Сонсох ажиллагаа явуулсан илтгэх хуудас”-т тэмдэглэснээр тусгав.