Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 13 өдөр

Дугаар  2022/ДШМ/03  

 

Е.Х-д холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж, шүүгч Х.Талгат, Б.Болормаа, нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн, 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 2021/ШТ/130 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч  Е.Хд холбогдох эрүүгийн 2113001210126 дугаартай, 2 хавтастай хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Айбек, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэж 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд тус аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Дорждэрэм, шүүгдэгч Е.Х, түүний өмгөөлөгч Д.Айбек, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М, түүний өмгөөлөгч С.Тилеуберди,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Арманбек, орчуулагч /хэлмэрч/ А.Ахмерей нар оролцов.

 

Монгол улсын иргэн, 1995 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Баян-Өлгий аймгийн А суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ээж, дүү нарын хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Ө сумын 6 дугаар багт оршин суух хаягтай, урьд Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 71 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3 сар 1 хоногийн хугацаагаар баривчлах ял шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай Т овогт Е-ны Х  /PД00000000/ нь Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 71 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3 сар 1 хоногийн хугацаагаар баривчлах ял шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай Е.Х нь 2021 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт тухайн үед үүссэн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Ж.А-ыг цохиж, амь насыг нь хохироож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

Прокурорын 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 135 дугаар яллах дүгнэлтээр Е.Х-ны үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн  2021/ШЦТ/130 дугаар шүүхийн шийтгэх тогтоолоор:

1. Шүүгдэгч Т овогт Е Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцож,

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Е.Х-д 9 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж,  

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Е.Х-д оногдуулсан 9 (есөн) жилийн хорих ялыг эрэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлж
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Е.Х-ы энэ хэргийн улмаас баривчлагдсан, цагдан хоригдсон 80 (ная) хоногийг түүний эдлэх хорих ялд оруулан тооцож.
  3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Е.Х нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М-гаас гэмт хэргийн хохирол, хор уршигт нэхэмжилсэн 3.651.600 (Гурван сая зургаан зуун тавин нэг мянга зургаан зуу) төгрөгөөс 260.000 (хоёр зуун жаран мянга) төгрөг төлснийг дурдаж, үлдэх 3.391.600 (гурван сая гурван зуун ерэн нэг мянга зургаан зуу) төгрөгийн хохирлыг шүүгдэгч Е.Х-аас гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М-д олгож шийдвэрлэжээ.            

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М-гийн давж заалдах гомдлын агуулга:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11-р сарын 10-ны өдрийн 2021/ШЦТ/130 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ ЭХХШТХ-ийг 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал” бүрэн гүйцэд нотлогдоогүй, эргэлзээгүй шалгаж тогтоогоогүй байдлууд байсаар байтал анхан шатны шүүх энэ байдлыг авч үзээгүй хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хэрэгт цугларсан нотлох баримтад зөв дүгнэлт хийгээгүй, шүүхээс хууль зүйн дүгнэлтийг буруу гаргасан ингэснээр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

2. Тухайн хэрэг гарсан өдөр талийгаач Ж.А-ын карманд нь ажиллаж байсан газраас авсан цалин болох 100,000 мянган төгрөг /Нэг зуун мянган төгрөг/-г байсан энэ талаар тухайн тоосгоны компани эзэн, захирал Х.Е-н баримт 1-р ХХ-ийн 197 дугаар хуудсанд авагдсан бөгөөд талийгаачийг шунахай сэдэлтээр амь насыг хохироосон байж болзошгүй байдал байхад энэ байдлыг эргэлзээгүй бүрэн гүйцэд шалгаж тогтоогоогүй. Тухайн өдөр карманд нь гар утас байсан энэ талаар хэрэг дотор ямар нэгэн баримт авагдаагүй байгаа нь нотолбол зохих байдал бүрэн гүйцэд нотлогдоогүй гэж үзэхээр байна

3. Ялтан Е.Х гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байх боловч үйлдсэн гэмт хэрэг нь нийгмийн хор аюулаар их, гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирч, хүнд хор уршиг учирсан, гэмт хэргийн хохирол, хор уршиг арилаагүй, хохирол болох 3,651,600 төгрөгөөс энэ та нарт болно гэдэг байдлаар шүүх хурал болох өдрийн өмнөх өдөр 260,000 мянган төгрөг өгч доромжилсон, энэ байдлаар хуулийн хөнгөлөлт авах санаачлаг гаргасан энэ байдлыг харгалзан Улсын яллагчаас шүүгдэгч Е.Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хорих ял оногдуулж, уг хорих ялыг эрэгтэйчүүдийн хаалттай хорих ангид эдлүүлэх саналыг гаргаж үүнийг хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгч дэмжин оролцож байхад шүүхээс Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт заасан нээлттэй хорих ангид ял эдлүүлэхээр, мөн 12 жилийн хорих ялыг 9 жил болгон шийдвэрлэсэн нь доромжлогдсон бидэнд их цохилт болсон, бидэн шиг ядуу тахир дутуу хүмүүст төр дэндүү ялгавартай хандаж байгаа мэт шударга ёсонд нийцээгүй шийдвэр болсон мэт итгэл үнэмшил төрүүлж байна.

4. Мөн 1 дүгээр хавтаст хэргийн 93-94 дүгээр хуудаст ялтан Е.Х-ы ээж Х.С-ны оршуулгын зардалд гарсан зардлыг нь өгнө гэж хэлсэн боловч одоогоор өгч чадаагүй байна. Буяны ажилд нь хэрэглэсэн 3,655,100 төгрөгийг төлж өгөхөөр зээл хөөцөлдөж байгаа.Нэхэмжилж байгаа мөнгийг хүлээн зөвшөөрч байна.Хохирлыг би өөрөө төлж барагдуулах болно гэж мэдүүлсэн бөгөөд одоо учирсан хохирол, Хор уршгийг ялтан Е.Х-аас гаргуулахаар шүүх шийдвэрлэсэн амьдралд биелэлтээ олохгүй шийдвэр болсон. Шүүхээс Х.С-ыг давхар хариуцагчаар тогтоож өгсөн бол шударга шийдвэр байх байсан.

5. Урьд нь шүүхээс ял авсан хүн, хүн алж, доромжилж байгаа байдалтай хохирлыг төлж хуулийн хөнгөлөлт авч болох байсан бол шударга шүүхийн байхын хэрэг байна уу /Жич: Шүүх хурал болж дууссан өдөр ялтны ээж Х.С хажуудаа хоёр залуу улж ирж өвчтэй миний нөхөр болон надад “та нар олж долоосон уу, уучлалт өг гэж дарамталж ан Е.Х урьд нь ял авахад мөн адил хохирлоо төлөөгүй, одоо ч төлөхгүй та нар олж долоогоорой” гэж хэл амаар доромжилж, дарамталж явсан./

6. 1-р ХХ-ийн 197 тал авагдсан X. Е-ын баримт, 1-р ХХ-ийн 93-94 тал авагдсан Х.С-ны: Хохирлыг би өөрөө төлж барагдуулах болно гэж мэдүүлсэн мэдүүлэг, 1 -р XX 201 талд авагдсан Е.Х: Урьд нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан тухай баримт зэрэг нотлох баримтад шүүхээс зөв дүгнэлт хийгээгүйгээс хууль зүйн дүгнэлт буруу хийгдсэн.

7. Иймд ялтан Е.Х-д Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, шүүхээс гэм буруутайд тооцож 9 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж уг ялыг эрэгтэйчүүдийн нээлттэй их ангид эдлүүлэхээр гаргасан Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан ны шүүхийн 2021 оны 11-р сарын 10-ны өдрийн 2021/ШЦТ/130 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3 дахь заалтад өөрчлөлт оруулж ялтан Е.Х-д 12 жилийн  хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр болгож өөрчилж өгнө үү гэжээ.

 

Шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

1. Шүүгдэгч Е.Х-д холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч Е.Х-ны гэм буруугийн талаар маргаагүй боловч зүйлчлэлийн талаар маргаж зүйчлэлийг өөрчилж өгөхийг санал болгосон юм. Гэтэл сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх анхаарч үзээгүй, дүгнэж үзээгүй юм.

2. Шүүгдэгч Е.Х-д холбогдох эрүүгийн хэргийг хариуцлагын шүүх хуралдаанд Е.Х-д оногдуулах ялыг багасгах  зорилгоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-г хэрэглэхийг санал болгосон ба эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хэрэглэх боломжгүй гэж дүгнэсэнд гомдол гаргаж байна.

3. Иймд сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 2021/ШЦТ/130 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Айбекийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

            1. Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны  өдрийн 2021/ШЦТ/130 тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хоёр үндэслэлээр гомдол гаргасан.

            2. Шүүгдэгч Е.Х-д холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч Е.Х-ны гэм буруугийн талаар маргаагүй боловч зүйлчлэлийн талаар маргаж зүйлчлэлийг өөрчилж өгөхийг санал болгосон. Учир нь шүүгдэгч хохирогчийг санаатайгаар алаагүй. Энэ гэмт хэрэг гарах болсонд хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн гэдэгт анхаарах хэрэгтэй. Гэтэл Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ байдалд анхаарч үзээгүй.

            3. Мөн шүүгдэгч Е.Х-д холбогдох Эрүүгийн хэргийг хариуцлагын шүүх хуралдаанд Е.Х-д оногдуулах ялыг багасгах зорилгоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-г хэрэглэхийг санал болгосон ч анхан шатны шүүхээс хэрэглэх боломжгүй гэж дүгнэсэнд гомдол гаргаж байна.

            4. Иймд Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 2021/ШЦТ/130  дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

            Шүүгдэгч Е.Х-ны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

            1.Би энэ хэрэгт 2021 оны 08 дугаар сарын 22-ны өдөр холбогдсон. Би найзтайгаа хамт тамхи татаад зогсож байхдаа хохирогч архи уусан согтуу байдалтай ирээд агсам тавьж, над руу чулуу шидээд, намайг хэл амаар доромжилсон. Тийм учраас би уурлаад хохирогчийн гарт байсан чулууг нь булааж аваад нэг алгадсанаа хүлээн зөвшөөрч байна. Би хохирогчийг алгадахаар газар уначихсан.

            2.Тэгээд би түүнийг босгож болсон үйл явдлын талаар хэлж өгөөд аваад ээжид нь болон дүүд нь хүлээлгэж өгсөн. Тухайн үедээ би архи согтууруулах ундааны зүйл огт хэрэглээгүй байсан. Хохирогчийг ар гэрт хүлээлгэж өгөөд явсны дараа найзтайгаа архи уусан юм. Дараа  нь үүрээр 7 цагт цагдаа нар ирж намайг баривчлаад цуснаас шинжилгээ авч намайг архи уусан гэсэн дүгнэлт гаргасан.

            3.Миний бие үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Тиймээс миний ар гэрийн нөхцөл байдлыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж өгөхийг хүсэж байна гэв.

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М-гийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар:

            1. Шүүгдэгч Е.Х өөрөөр мэдүүлж байгаа боловч болсон хэргийн талаар бид бүхэн сайн мэдэж байгаа. Тухайн үед шүүгдэгч миний хүүг согтуу байсны улмаас алсан гээд хүлээлгэж өгөөд явчихсан. Би ч гэсэн хүн. Ингэж худал хэлж болохгүй. Шүүгдэгч хангалттай хөнгөлөлт эдэлсэн.

            2. Хохирлыг одоо хүртэл төлж өгөөгүй. Төлж өгсөн 1,300,000 төгрөг нь хүний амь насны үнэ цэн биш. Шүүхээс хохирлыг  гаргуулж эсхүл шүүгдэгчид оногдуулсан ялыг хүндрүүлж өгөхийг хүсэж байна гэв.

 

Прокурорын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтийн агуулга:

1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс хохиролтой холбоотой давж заалдах гомдол гаргасан. Анхан шатны шүүх шийтгэх тогтоолынхоо тогтоох хэсгийн 5 дахь заалтаар шүүгдэгч Е.Х нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М-гаас гэмт хэргийн хохирол, хор уршигт нэхэмжилсэн 3.651.600 төгрөгөөс 260.000 төгрөг төлснийг дурдаж, үлдэх 3.391.600 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Е.Х-аас гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М-д олгож шийдвэрлэсэн. Энэхүү үлдэх хохирлоос шүүгдэгч талаас нэмж 800.000 төгрөг төлж өгсөн.

2. Төлөгдөөгүй хохирлыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар төлүүлэх боломжтой. Шүүгдэгчийн өмгөөлөгч 2 үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан. Шүүгдэгч Е.Х-ны үйлдсэн гэмт хэрэг нь хүнийг санаатайгаар алах гэмт хэрэг байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг шүүх хэрэглээгүй гэж гомдол гаргасан. Шүүгдэгчийн зүгээс хохирлыг бүрэн төлж барагдуулаагүй учраас шүүх үндэслэлтэй шийдвэр гаргасан гэж үзэж байна.

3. Шүүгдэгч Е.Х нь 2021 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт тухайн үед үүссэн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Ж.А-ыг цохиж, амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн. Анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх бүх нөхцөл байдлыг тал бүрээс нь үнэлж шийдвэр гаргасан байх тул Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны  өдрийн 2021/ШЦТ/130 тоот шийтгэх тогтоолыг хэвээр нь үлдээх саналтай байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Давж заалдах шатны шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М, шүүгдэгч Е.Х, түүний өмгөөлөгч Д.Айбек нарын гаргасан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзэхэд, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байна.

 

2. Хэргийн бүх ажиллагааг хянахад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шүүх үнэлж дүгнэх боломжтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.

 

            3. Шүүгдэгч Е.Х нь 2021 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 17-18 цагийн үед  Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6 дугаар багт байрлах засмал замын  хашлага дээр шүүгдэгч Е.Х, гэрч Х.К нарыг сууж байхад амь хохирогч Ж.А архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай ирж, Е.Х, Х.К нар луу салаавч гаргаж хэл амаар доромжлон, чулуу шидэхээр завдах үед шүүгдэгч Е.Х амь хохирогч Ж.А-ыг барьж аван, улмаар шанаа тус газарт нь нэг удаа цохиход амь хохирогч засмал зам дээр хойшоо савж унан, түүний тархинд гавал, тархины гэмтэл, дагзны том нүхнээс эхлэн дагз руу үргэлжилсэн хугарал, дагзны баруун зүүн тал, бага тархины 2 тал бөмбөлгийн цус харвалт зэрэг хүнд гэмтэл учирч амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь:  Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургууд, /1 дэх хавтаст хэргийн 13-17 дахь тал/

цогцост үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургууд, /1 дэх хавтаст хэргийн 18-22 дахь тал/

            - хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М-гийн “...2021 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн орой 18 цагийн үед үл таних хоёр залуу миний хүү Ж.А-ыг манай гэрийн хашааны гадна аваад ирэхээр нь би гэрээсээ гараад яваад очтол нөгөө үл таних хоёр залуугийн нэг нь махлагдуу, эрүүн доороо сахалтай залуу нь надад хандаж сая танай хүүтэй зам дээр муудалцчихлаа. Танай хүүг нэг, хоёр удаа алгадсан чинь арагшаа дагзаараа засмал зам дээр уначихлаа. Эр хүмүүс байна гайгүй байлгүй дээ гэж хэлээд яваад өгсөн. Тэгээд Ж.Аыг отгон хүү Ж.А цуг хоёр талаас нь түшиж зуны байшин руу оруулж орны бүтээлгийг газарт дэвсэж хэвтүүлсэн. Тэр үед Ж.А-ын биеийн байдал нь муудсан байдалтай надад дагзаар өвдөөд байна гэж хэлээд бөөлжөөд зүүн хацар нь хавдсан байсан. ...Ж.А цагдаад юу болсныг хэлж чадахгүй өвдөөд зовуурилсан чигээрээ 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн үүрийн 04 цагийн үед өөд болсон” гэх мэдүүлэг, /1 дэх хавтаст хэргийн 42-49 дэх тал/

- гэрч Х.Б  “...2021 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 18 цагийн үед миний бие 5 сартай нялх хүүхдээ тэврээд өөрийн хашаан дотроо салхилуулж явахад манай байшингийн урд байдаг засмал зам дээр хоёр эрэгтэй хүн нэг нэгэнтэйгээ маргалдаж байсан. Тэдний нэг нь махлагдуу биетэй хар цамцтай, цоохор өнгийн шорттой залуу байсан. Харин нөгөөх нь толгойдоо улаан өнгийн саравчтай малгай өмссөн туранхай залуу байсан. Хувцсыг нь сайн анзаарч хараагүй. Тэр хоёр залуу маргалдаж байсан ба тухайн үед улаан малгайтай туранхай залуу махлагдуу биетэй залууг хэл амаар доромжилж чи миний боовыг ид гэж казахаар хэлэхэд махлагдуу биетэй залуу нь нөгөө туранхай улаан малгайтай залууг нэг удаа гараараа шанаа тус газар нь цохиход нөгөө залуу шууд засмал дагуу арагшаа савж унасан...” гэх мэдүүлэг, /1 дэх хавтаст хэргийн 53-54 дэх тал/

- гэрч Ж.А-н “...2021 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн орой 18 цагийн үед байх гэрт аав, н.Ж , ээж Б.М, ах Ж.Б , бид дөрөв гэртээ байж байтал хашааны гадна том ах Ж.А-ыг хоёр залуу хоёр талаас нь түшээд ирж байхаар нь би хашааны гадна гараад очсон юм. Би гэрээсээ гараад очиход Ж.А-ыг миний таньдаг Е.Х болон түүний хажууд үл таних нэг шар царайтай залуу хоёр талаас нь сугадаж авчирсан. Тэр үед ахын царай нь цайчихсан, хөлс нь гарсан байдалтай байсан ба надад толгой өвдөөд байна гээд хоёр удаа хэлсэн. Харин Е.Х гэх махлагдуу, эрүүндээ сахалтай залуу надад танай ах бид нар луу чулуу шидэж, салаавч гаргахаар нь хоёр удаа алгадахад хойшоогоо засмал зам дээр уначихлаа. Тэгээд босгоод аваад ирлээ гэж хэлсэн. Тэр үед ах ухаан санаагаа мэдэхгүй дагзаар өвдөөд байна гэж арай гэж үг хэлж байсан. ...ер нь өчигдөр орой Ж.А ах гэрт ирснээс хойш нас барах хүртлээ толгой дагзаар өвдөөд байна гээд хэд хэдэн удаа бөөлжсөн...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 62-64 дэх тал/

- гэрч Х.К “...2021 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн орой 17 цагийн үед Е.Х бид хоёр Өлгий сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 5 дугаар бүрэн дунд сургуулийн хойгуур шинээр тавигдсан замын төгсгөл, гурван замын уулзварын хэсэгт засмал замын зогсоолтой хэсгийн хашлаганд сууж байтал согтуу байдалтай нэг хүн явж байсан харагдсан. Тэр хүн бид нарт дөхөж ирээд учир зүггүй бид хоёр луу салаавч гаргаж сүүлдээ Е.Х руу жижиг чулуу шидсэн. ...Тэгээд тэр үл таних хүн Е.Х бид хоёр луу жижиг чулуу шидэхээр нь Е.Х сууж байсан газраасаа босоход цаашаа зугтаж явчхаад буцаж бид хоёр луу дөхөж ирсэн ба тэр хүний гарт том чулуу байсан. Тэгэхээр нь Е.Х уурлаад босож очоод тэр хүний гарт байсан чулууг нь газарт унагааж аваад нүүр лүү алгадаж авахад нөгөөдөх хүн хойшоогоо савж засмал зам дээр унаад 2-3 гаруй минут босож чадахгүй байхаар нь би Е.Хд хандаад наад хүнийг босгоод гэрт нь хүргэж өгье. Дараа нь гай болно шүү гэж хэлэхэд Е.Х надад тэгье, гэрийг нь мэднэ гээд бид хоёр нөгөө хүнийг хоёр талаас нь сугадаж босгоод гэр лүү нь хүргэсэн. Гэрт нь дөхөх үед хашаанаас нь дүү нь гэх нэг эрэгтэй хүн гарч ирэхээр нь Е.Х түүнд ах чинь салаавч гаргаад чулуу шидэхээр нь нэг, хоёр алгадсан чинь уначихлаа. Эр хүмүүс байна гайгүй биз гэж хэлээд нөгөө согтуу байдалтай хүнийг дүүд нь өгөөд бид хоёр яваад өгсөн. Е.Х түүний зүүн хацарт нь гараараа нэг удаа алгадаад авсан. Харин зодоогүй. Ж.А нь тухайн үед толгойндоо улаан малгайтаа доогуураа хар өмд, хар ботинктой байсан санагдаж байна” гэх мэдүүлэг, /1 дэх хавтаст хэргийн 67-69 дэх тал/

- гэрч М.Г  “...2021 оны 8 дугаар сарын 22-ны орой 18 цагийн орчимд гэрийн гадна хашаандаа ишиг оруулж байхад манай байшингийн урд байдаг хөрш хашаанаасаа хүн аллаа шүү дээ гэх орилсон дуу чимээ гарахаар нь би сонирхоод юу болсон эсэхийг харахаар хашаандаа хурааж тавьсан байсан модны дээр гараад харахад засмал зам дээгүүр хоёр эрэгтэй хүн нэг хүнийг хоёр талаас нь сугадаж түшиж явж байсныг харсан. Тэр хоёр хүний нэг нь махлагдуу биетэй нөгөөдөх нь туранхай хүн байсан. Махлагдуу нь цоохор богино шорттой байсан санагдаж байна” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 82тал/

 - шүүх эмнэлгийн шинжээч эмчийн 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 44 дугаартай “...Ж.А-ын цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр  дараах гэмтэл тогтоогдлоо. Гавал, тархины гэмтэл, дагзны том нүхнээс эхлэн дагз руу үргэлжилсэн хугарал, дагзны баруун зүүн тал, бага тархины 2 тал бөмбөлгийн цус харвалт хүнд гэмтлийн улмаас нас баржээ. Эмнэлгийн тусламж авч иж бүрэн эмчилгээ хийгдсэн тохиолдолд амь нас аврагдах боломжгүй байна...” гэх дүгнэлт 1 дэх хавтаст хэргийн 126-128 дахь тал/ зэрэг нотлох баримтууд болон гэрч Ж.Б  мэдүүлэг, /1 дэх хавтаст хэргийн 75 дахь тал/ М.Ж-ийн мэдүүлэг, /1 дэх хавтаст хэргийн 58-59 дэх тал/ шүүгдэгч Е.Х-ны сэжигтнээр болон яллагдагчаар  өгсөн мэдүүлгүүд, /1 дэх хавтаст хэргийн 151-152, 170-171 дэх тал/  амь хохирогч Ж.А-ын өмсөж явсан хувцсанд  үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургууд, /1 дэх хавтаст хэргийн 32-34 дэх тал/ мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургууд, /1 дэх хавтаст хэргийн 35-36 дахь тал/ нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогджээ.

 

4. Шүүгдэгч Е.Х нь хохирогч Ж.А-ыг салаавч гаргаж хэл амаар доромжлон, чулуу шидсэн гэх шалтгаанаар шанаа тус газарт нь нэг удаа цохиход хохирогч дагзаараа засмал замд унаж, эрүүл мэндэд “гавал, тархины гэмтэл, дагзны том нүхнээс эхлэн дагз руу үргэлжилсэн хугарал, дагзны баруун зүүн тал, бага тархины 2 тал бөмбөлгийн цус харвалт” бүхий хүнд гэмтэл учирч, үүний улмаас хохирогч нас барсан нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар эргэлзээгүй нотлогдсон талаарх анхан шатны шүүхийн хэргийн үйл баримтыг сэргээн тогтоосон дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй болжээ.

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                5. Шүүгдэгч Е.Х-д холбогдох  хэргийн үйл баримтыг бодитойгоор тогтоох, гэмт этгээдийн гэм бурууг үндэслэлтэй, эргэлзээгүйгээр нотолж чадахуйц баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх арга хэмжээг шүүхийн өмнөх шатанд мөрдөгч, прокурорын зүгээс гүйцэт авч хэрэгжүүлсэн байна. Тухайлбал, шийтгэх тогтоолд дурдсан гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтууд нь Е.Хыг хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох шүүхийн шийдвэрийн хангалттай үндэслэл болсон байх бөгөөд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд энэ талаар тодорхой тусгаж, хэргийн бодит байдалтай нийцсэн дүгнэлтийг хийжээ.

Мөн энэ хэргийн бүрдэл, нотлогдсон байдал, зүйлчлэл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шинж чанар, шүүгдэгчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, ял эдлүүлэх дэглэмийн талаар анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт, гаргасан шийдэл нь хуульд нийцсэн байна.

 

6. Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь, харьцуулан үнэлэхэд, шүүгдэгч Е.Х нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдэн, хохирогч Ж.А-ын Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан амьд явах үндсэн эрхийг хохироосон  нь тогтоогдсон, анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлаж хэрэглэжээ.

 Иймд шүүгдэгч Е.Х-ыг шүүхийн шийтгэх тогтоолоор хуульд зааснаар есөн  жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсэн нь түүний үйлдсэн гэмт хэрэг, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлсэн,  гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчимд нийцсэн төдийгүй шүүхээс оногдуулсан хорих ял мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

7. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мгийн “...Тухайн хэрэг гардаг өдөр талийгаач Ж.А-ын карманд нь цалин болох 100000 төгрөг байсан энэ талаар Х.Е  баримт /1 хх 97/ байгаа талийгаачийг шунахай сэдэлтээр амь насыг хохироосон байж болзошгүй байхад энэ байдлыг эргэлзээгүй бүрэн гүйцэд шалгаж тогтоогоогүй. ...хохирол болох 3651600 төгрөгөөс шүүх хурал болох өдрийн өмнөх өдөр 260000 төгрөг өгч доромжилсон, улсын яллагчаас 12 жилийн хорих ялыг хаалттай  хорих ангид эдлүүлэх санал гаргаж үүнийг хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгч дэмжиж оролцож байхад шүүхээс 12 жилийн хорих ялыг 9 жил болгож, нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь шударга ёсонд нийцээгүй шийдвэр болсон. Е.Х ээж Х.С оршуулгын зардалд гарсан мөнгийг өгнө гэж хэлсэн /1 хх 93-94/ боловч Е.Х-аас гаргуулахаар шүүх шийдвэрлэсэн нь амьдралд биеллээ олохгүй шийдвэр болсон. Х.Е-н баримт /1 хх 197/, Х.С  мэдүүлэг /1 хх 93-94/, Е.Х-ны Эрүүгийн хариуцлага хүлээж байсан тухай баримт /1 хх 201/ зэрэг нотлох баримтад шүүхээс зөв дүгнэлт хийгээгүйгээс хууль зүйн дүгнэлт буруу хийгдсэн. Иймд Е.Хд 12 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр өөрчилж өгнө үүгэх агуулга бүхий гомдлыг   хянан үзэхэд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар талийгаачийн тухайн үедээ карманд 100000 төгрөг байсан эсэх талаар хохирогч Б.М нь мөрдөн байцаалтын шатанд хохигчоор  өгсөн мэдүүлгүүддээ энэ талаар шалгах талаар мэдүүлээгүй, мөн хүсэлт гаргаагүй байх бөгөөд зөвхөн Х.Е-ын “... хэрэг болдог өдөр урьдчилж Ж.А нь надаас 100000 төгрөг авч явсан...” гэх баримтаар шунахайн сэдэлтээр амь насыг хохироосон гэж үзэхгүй. Мөн шүүгдэгч Е.Х-ны ээж Х.С нь хохирлыг төлж өгнө гэж мэдүүлсэн байхад оршуулгын зардалд гарсан мөнгийг Е.Хаас гаргуулсан амьдралд биеллээ олохгүй шийдвэр болсон гэх гомдлын хувьд анхан шатны шүүхийн хохирлыг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Эрүүгийн хариуцлагыг бусдад халдаан хэрэглэж болохгүй” гэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” заажээ. Иймд энэ үндэслэлээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гаргасан нотлох баримтад зөв дүгнэлт хийгээгүй гэх гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Анхан шатны шүүх шүүгдэгч Е.Х-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулсан нь мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг журам нийцсэн, түүнд оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ял гэм буруутай этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон буюу мөн хуулийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцсэн тул шүүгдэгчид оногдуулсан ялыг хүндрүүлэх тухай хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М-гийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

8. Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Айбекийн гаргасан “...гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч Е.Х гэм буруугийн талаар маргаагүй боловч зүйлчлэлийн талаар маргаж зүйлчлэлийг өөрчилж өгөхийг санал болгосон юм. Гэтэл анхан шатны шүүх анхаарч, дүгнэж үзээгүй юм. ...Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг хэрэглэхийг санал болгосон ба шүүхээс хэрэглэх боломжгүй гэж дүгнэсэнд гомдол гаргаж байна.” гэх агуулга бүхий гомдлуудыг тус тус  хянан үзэхэд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч нь Е.Х  нь хохирогч Ж.А-ыг салаавч гаргаж хэл амаар доромжлон, чулуу шидсэн гэх шалтгаанаар түүнийг шанаа тус газарт нь нэг удаа цохиж  зодсон үйлдэл нь хохирогчийн үхлийг шууд хүсээгүй боловч биед нь халдаж буй үйлдлээс болж хохирогчийн биед хүнд хохирол учруулж, хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэх урьдач нөхцөлүүд хангагдаагүй, тухайн хэргийн нийгмийн хор аюул, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзаж   шүүгдэгчийн өмгөөлөгчийн  давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

 Анхан шатны шүүх шүүх хуралдаанаас өмнө шүүгдэгч Е.Х нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 260.000 төгрөг төлснийг хохирол болох 3.651.600 төгрөгийн хохирлоос хасаж тооцож, үлдэх 3.391.600 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Е.Х-аас гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М-д олгож шийдвэрлэжээ. Шүүгдэгчээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа буюу 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хохиролд 800000 төгрөг төлсөн Б.М-гийн баримаар нотлогдож байх тул хохиролд 800000 төгрөг төлснийг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтыг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

           

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ний өдрийн 2021/ШЦТ/130 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М, шүүгдэгч Е.Х-ны өмгөөлөгч  Д.Айбек  нарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Шүүгдэгч Е.Х нь  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М-д хохиролд 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 800000 төгрөг төлснийг дурдсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         С.ӨМИРБЕК

ШҮҮГЧ                                                            М.НЯМБАЯР

ШҮҮГЧ                                                            Д.КӨБЕШ