Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 00115

 

Булган аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,
нарийн бичгийн дарга Н.Батзаяа,
улсын яллагч Ц.Гэрэлбаатар,
шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Дэмбэрэлдагва,
гэрч Ч.Энх-Амгалан, Б.Баятбаяр
шүүгдэгч Н.Ренчинбямба, С.Оюунбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж, Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5, 35.6-д заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ойн овогт Намсрайн Ренчинбямба, Шарганууд овогт Сурмаахоролын Оюунбаатар нарт холбогдох эрүүгийн 201706000112 дугаартай, 132/2017/0083/Э индекстэй хэргийг 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1957 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд төрсөн, 60 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ойн техникч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шанд багийн 49-07 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Ойн овогт Намсрайн Ренчинбямба /РД:ФБ57032815/,
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1962 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Булган аймгийн Сэлэнгэ суманд төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэнд дунд боловсролтой, мод бэлтгэлийн машин механизмын механик мэргэжилтэй, Булган аймгийн Хялганат тосгоны ойн ангийн инженер ажилтай, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Булган аймгийн Сэлэнгэ сумын Шаншийн 01-01 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Шарганууд овогт Сурмаахоролын Оюунбаатар /РД:ГИ62071219/.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Н.Ренчинбямба , С.Оюунбаатар нар нь бүлэглэж 2017 оны 11 сард Булган аймгийн Хангал сумын нутаг “Улаан бургас” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 17423 М3 хус модыг бэлтгэсэн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/ ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүгдэгч Н.Ренчинбямбын өгсөн: Би 2016 оны 11 дүгээр сарын эхээр Хялганатын ойн ангиас хус мод бэлтгэх зөвшөөрөл авахаар С.Оюунбаатар даргад хандсан. С.Оюунбаатар дарга би хэд хоногийн дараа хариу өгье гэсэн. Ингээд би 3 хоногийн дараа өөрөө хариугаа сонсохоор ирсэн. Тэгэхэд арчилгаа цэвэрлэгээний мод хийчихээр газар хаана байдаг юм бэ гэж надаас асуухад нь би Улаанбургаст гэдэг газар нягтрал ихтэй газар байдаг гэж хэлсэн. Яагаад гэвэл би өөрөө энэ мэргэжлийн хүн тэнд
ажиллаж байсан учраас мэднэ. Ингээд талбайн тусгаарлалт хийж өгсөн. Би Ариунхишиг гэж хүнийг өөрийнхөө унаагаар аваад газарт нь тусгаарлалт хийлгэсэн. Ингэж тусгаарлалтаа хийлгэчихээд би Ариунхишигийг Хялганат сум руу хүргэж өгсөн. Би маргааш гоожингоо аваад модоо бэлтгэж болох уу гэхэд болно гэж хэлсэн. Би Ариунхишигийг хүргэж өгчихөөд маргааш нь Хангал сумын байгаль хамгаалагч Эрдэнэбаатар гэх хүн дээр ороод талбайн тусгаарлалт хийлгэчихлээ гоожин авах гэсэн юм гэж хэлсэн. Тэгэхэд Эрдэнэбаатар материалыг үзье би шууд бичиж болохгүй гэж хэлсэн. Материал нь одоо гарч байгаа би ажилчидаа хөдөө гаргасан учраас яараад байна гэж хэлсэн. Тэгээд Эрдэнэбаатар Ариунхишигтэй утсаар ярьсан. Ариунхишиг хариулахдаа материал нь одоохондоо гарч амжаагүй байна. Би шивж байна гэсэн. Гоожин бичихэд буруудахгүй байх С.Оюунбаатар даргатай ярь гэж Ариунхишиг хэлж байсан. Тэгээд Эрдэнэбаатар надад мод бэлтгэх эрхийн бичиг бичиж өгсөн. Улаанбургасаас хус мод хэрэглээний шугамаар 20 м.куб мод бэлтгэх эрхийн бичгийг 2016 оны 11 дүгээр сарын 15-нд бичиж өгсөн. Ингээд би эрхийн бичгээ хүмүүстээ үзүүлээд талбайн тусгаарлалт хийлгэсэн газраас унасан модыг цуглуулаад, нягтрал ихтэй модноос сийрэгжүүлж авна гэж зааж өгөөд, хөдөлмөр хамгаалалын зөвлөгөөг өгч модыг бэлдүүлж эхэлсэн. Хус модноос 20 м.куб мод бэлтгэсэн. Энэ 20 м.куб модноос Баян-Өлгий рүү 6-7 м.куб мод чиргүүл дээр нь ачуулсан. Дараа нь 12 сар гарахад 20 м.куб модноос 10 м.куб мод үлдсэн байх. Нөгөө жолооч Баян-Өлгий явах гэж байна гэхээр нь ахиад 10 м.куб гоожин авбал ачаа нь дүүрэх юм байна. Надад ч ашигтай гэж бодоод нөгөө талбай тусгаарлалтын газраас мод бэлтгэх гэсэн юм 10 м.куб модны зөвшөөрөл өгөөч гэж Эрдэнэбаатар дээр дахиж очсон. Ингээд 10 м.куб модны зөвшөөрөл өгөхдөө талбайн тусгаарлалт хийгдсэн юм байна. Би үүнийг түлээний шугамаар бичлээ бүдүүн мод аваарай гэхэд нь би тооно хийх зориулалттай нарийн үзүүр нь 15 сантиметрийн диаметртэй модыг 200 ширхэгийг 2016 оны 12 дугаар сард хоёр дахь гоожин авч бэлдсэн. 2017 оны 3 дугаар сард Баян-Өлгий рүү ачих унаа олдохгүй. Өмнө ачуулж байсан Блот гэж жолооч хотод ирсэн байна гэхэд нь би энд үлдсэн мод дээрээ нэмээд жаахан мод бэлтгэсэн ачуулъя гэхэд Блот гэх жолооч бичиг баримт нь бүрэн юм уу гэж надаас асуухад нь би бүрэн гэж хэлсэн. Ингээд 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдөр манай гэрт ирж хоносон. Ингээд 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр жолоочтойгоо хамт явж модоо ачуулсан. Энэ нь 20 м.куб мод болсон. Ингээд Би С.Оюунбаатартай ярьж модоо ачуулчихлаа гарал үүслийн бичгээ авъя гэхэд би ажлаа өгсөн. Л.Энх-Амгалан гэж шинэ даргатай болсон. Энэ хүнээс гарал үүслээ ав. Би хөдөө явж байна, очих завгүй байна гэж хэлсэн. Ингээд Л.Энх-Амгалан даргатай уулзаж гарал үүслийн бичиг авъя гэхэд Л.Энх-Амгалан дарга юун гарал үүсэл вэ?, энэ жил хусны зөвшөөрөл байхгүй гэхэд нь би хусны зөвшөөрөл энэ жил байхгүй. Би энэ ажлыг урьд нь хийж байсан. Өөрийн мэргэжлийн хэмжээнд өтгөрөл, нягтралтай газраас арчилгаа цэвэрлэгээний огтлолт хийдэг журам байдаг гэхэд чамд өгөхгүй гээд Ариунхишигийг дуудаад энэ хүн гоожин барьчихаад гарал үүсэл авна гээд байна. Юун хус мод юм бэ? гэж асуусан. Ариунхишиг хариулахдаа манайх талбайн тусгаарлалт хийгээд өгсөн юм гэхэд нь материал нь хаана байгаа юм бэ? гэж асууж байсан. Ингээд Л.Энх-Амгалан дарга Оюунбаатар даргатай ярихад талбайн тусгаарлалт хийгдсэн гоожин өгч болно гэж ярихыг нь сонссон. Дараа нь Хангал сумын байгаль орчны улсын байцаагч Шижирбат гэж хүнтэй ярьсан. Намайг сонсож байхад тийм зүйл хийсэн, өг болохгүй юм байхгүй гэж хэлсэн. Дараа нь дахиад Эрдэнэбаатар руу ярьж чи гоожин бичсэн байна. Энийг яах ёстой юм бэ гэхэд Эрдэнэбаатар болохгүй гэж хэлээгүй. Гэтэл надад гоожин өгөхгүй. Би бүх юмыг мэддэг. Чамд гарал үүсэл өгөхгүй. Хоёулаа тохиръё гэж ярьж байсан. Тэгэхээр нь миний дургүй хүрээд би гоожинг журмын дагуу хөөцөлдөж байгаа. Би Булган аймаг орж хөөцөлдөнө гэж гарч яваад ачаатай машинаа Хангал
суман дээр авч ирэхэд машин нь эвдэрсэн. Тэнд хэдэн цаг зогсоход би эргэж Шижирбат, Эрдэнэбаатар нартай уулзаж шинэ даргатай яриад өг гэж хэлсэн. Тэр үед иргэдийн хуралтай байсан. Ингээд би 4, 5 цаг хүлээгээд аргаа бараад Шижирбатад Эрдэнэт орж ачаагаа тавиад Булган аймаг орж гарал үүслээ хөөцөлдье Гантөмөр даргатай уулзая гэж хэлсэн. Тэгээд би Эрдэнэт хотод ирчихээд маргааш өглөө 8 цагт Гантөмөр даргатай уулзаж учраа хэлэхэд наад асуудлын чинь талаар Улаанбаатар хотоос ярьсан. Хялганатаас хулгайн мод гарч байна. Яамны хүн мэдээлэл өгсөн гэж хэлсэн. Дараа нь Сараа гэдэг казак надруу утсаар залгаж агсам тавиад байсан. Сарааг Гантөмөр дарга танидаг байсан юм байна лээ. Хялганат сумаас хулгайн мод гарч байна гэж байна. Би түүнийг зогсоо гэдэг үүрэг өгсөн. Таны мод байсан юм уу? гэж байсан. Нэгэнт ийм асуудал болсон юм бол шалгуулаад дараа нь үнэн худал нь тогтоогдоно биз гэж Гантөмөр хариу өгсөн. Ингээд байж байтал жолооч над руу утасдаж Хангалын хэсгийн төлөөлөгч гэх хүн намайг бичиг баримт чинь хаана байна. Машин чинь хаана байна. Машиныг чинь журамлана гэж байна гэж хэлсэн. Тэгэхэд нь би гарал үүслийн бичиг бүтэхгүй Булган аймагт Гантөмөр даргатай уулзаад явж байна. Гарал үүслийн бичгээ авчихаад очиж болох уу гэхэд болохгүй заавал шалга гэж үүрэг өгсөн гэж хэлсэн. Ингээд би 6 цагийн алдад Эрдэнэт хотод очиход намайг өнөө шөнө заавал багтаж ир гэхэд нь би жолоочтойгоо хамт ажлын цаг дууссан хойно 7 цагийн үед очиж мөрдөн байцаагчид мэдүүлэг өгсөн. Тэгээд маргааш нь машиныг Булган аймгийн журмын хашаанд хийгээд шалгагдаад явж байна гэх мэдүүлэг,
Шүүгдэгч С.Оюунбаатарын өгсөн: Өнөөдрийн ийм байдал хүрсэн нь хүмүүсийн буруу ойлголтоос болсон гэж үзэж байна. Аймгийн иргэдийн хурал болон Байгаль орчин ногоон хөгжлийн яамны шийдвэрээр хоёр өөр шийдвэр гарсан. Нэгдүгээрт тухайн орон нутагт хэрэглээний болон түлээний мод бэлтгэх Аймгийн иргэдийн хурлын шийдвэр гардаг. Энэ нь сум болгонд хуваарьлагдаад, сум нь аж ахуйн нэгж, иргэн, нөхөрлөлд хуваарьлагддаг. Нөгөө шийдвэр нь арчилгааны огтлолт, гэрэлжүүлэх тохируулах ажиллагааг хийх талбайн хэмжээг Байгаль орчны яамны сайдын шийдвэрээр гаргадаг. 2017 оны хувьд 400 га гэж гарч байна. Миний үед 350 га гэж гарч байсан. Байгаль орчин ногоон хөгжлийн яамны дэргэдэх ойн судалгааны төвийн даргатай гэрээ хийгдэж байж хийгддэг. Энэ арчилгааны огтлол нь улсын төсөв буюу орон нутгийн төсвөөр хийгддэг. Үүнийг мэргэжлийн ойн анги нь орон нутгийн төсвөөр хийхдээ иргэн хүмүүсийг хөлсөлж мэргэжлийн удирдлагаар хангаж цалин хөлс олгож хийгддэг ажил байдаг. Ойн анги нь ойн тухай хуульд заасны дагуу мэргэжлийн байгууллагын хувьд ойд гэрэлжүүлэх болон тохируулах огтлолтын арчилгааг хийдэг. Гэрэлжүүлэх тохируулах огтлолтыг шилмүүст буюу навчит модонд хийнэ гэж заасан байдаг. Манай ойн анги нь 2016 онд Байгаль орчин аялал жуулчлалын яамны харъяа Ойн судалгаа хөгжлийн төвтэй Булган аймгийн Сэлэнгэ сумын нутгаас 15 га, Хангал сумын нутгаас 15 га газарт огтлолт хийхээр гэрээ байгуулж ажилласан. Энэ ажлыг эхлүүлж 2016 оны 11 дүгээр сарын эхээр тус ойн ангийн инженер Ариунхишигт хийх ажлыг үүрэг болгож хийх ажлын зардал болон төсвийг шийдэж Булган аймгийн Хангал сумын нутаг Улаан бургас гэх газарт навчит мод буюу хус модонд арчилгааны огтлолт хийх гээд талбайн тусгаарлалт хийгээд эхлүүлээд байж байхад Ойн судалгаа хөгжлийн төвөөс урт настай мод буюу шинэс модондоо хийвэл зүйтэй гэж байна гэж манай ойн ангийн инженер Ариунхишиг надад хэлсэн. Тэгээд Хангал сумын Улаан бургас гэх газраас мод бэлтгэхээ болиод Хангал сумын Цагаан хөтөл гэх газраас 15га, Сэлэнгэ сумын нутаг Дух нарс гэдэг газраас 15га газарт арчилгааны гэрэлжүүлэх огтлолт хийсэн. Ойн арчлалтаар хийгддэг мод нь хаягддаг мод байсан. Ингээд тухайн орон нутгийн хүмүүс ямарч гоожин төлбөргүй авч түлж хаядаг мод байсан. Өмнө Сэлэнгэ сумаас хаягдал модоор гэрийн тооно, унь хийе гэж авч байсан. Тэр нь Сэлэнгэ сумын Ингэтийн даваа гэх газар цасанд дарагдаад
байгалийн жамаар унасан модонд дүгнэлт гаргаад өгч байсан. Үүнд аймгийн иргэдийн хурлын шийдвэр хамаарахгүй гэж бодож байна. Хус мод нь гэрэлжүүлэх тохируулах огтлолын мод мөн. Ер нь шилмүүст мод ховор байдаг. Одоогоор манайх 3 газар үйл ажиллагаагаа явуулдаг. Төрийн тусгай хамгаалттай газар бас шийдвэр гардаг. Шийдвэр гарах үед бид хариуцаж байгаа газраасаа модоо хайдаг. Үүнийг хүмүүс буруу ойлгоод аймгийн иргэдийн хурал дээр хус мод бэлтгэнэ гэж яриагүй гээд анхан шатнаасаа сумын дарга, шалгаж байгаа цагдаа нь хүртэл тэгж яриад байсан. Манай инженерт ойн судалгааны төвийн Алтансүх мэргэжилтэн ойн анги өөрөө ямар модонд хийхээ сонгож болно. Тэр ч байтугай навчит модонд хийж болно гэж тайлбар өгсөн байдаг. Гэрэлжүүлэх мод нь 20 хүртэлх насны мод, тохируулах огтлолын мод нь 40 хүртэлх насны мод гэж заасан байдаг. 2007 оноос хойш Ойн тухай шинэ хууль үйлчилж байгаа. Иргэн хүн мод бэлтгэж болохгүй гэж байсан бол уламжлалт аргаар гэр ахуйн унь, тооно бэлдэх ажилд иргэн хүнд мод бэлтгэхийг зөвшөөрсөн шийдвэр гаргасан. Би өөрийнхөө гаргасан шийдвэрийг хууль бус гэж үзэхгүй байна. Мод бэлтгэхээс өмнө мод бэлтгэх эрхийн бичиг авдаг. Мод бэлтгэх эрхийн бичгээ авсан бол модоо 3 хоногийн дотор ойгоос гаргах ёстой. Гарал үүслийн бичиг нь модыг өөр орон нутагт тээвэрлэхдээ ашигладаг эрхийн бичиг байдаг. Энэ эрхийн бичгээр хүн хашаандаа дүнз банз болгож хураагаад тавьсан модоо жилийн дараа зөөвөрлөж болдог гэх мэдүүлэг, Гэрч Ч.Энх-Амгалангийн өгсөн: 2017 оны 3 дугаар сард байх намайг ажил дээрээ байж байхад Орхон аймгийн иргэн Н.Ренчинбямба гэх хүн над дээр орж ирээд гарал үүслийн гэрчилгээ авъя гэж хэлээд орж ирсэн тэгээд л анх Н.Ренчинбямба гэх хүнийг Хангал сумын Улаан бургас гэх газраас мод бэлтгэсэн талаар мэдсэн. Тэгээд тэр хүнээс би мод бэлтгэх эрхийн бичгийг нь аваад үзэхэд хус модны эрхийн бичиг байсан. Тэгэхээр нь гайхаад 2016 онд Хангал суманд хус мод бэлтгэх зөвшөөрөл байгаагүй болохоор нь гарал үүслийн гэрчилгээ бичээгүй. 2016 онд Булган аймгийн Хангал суманд хус мод бэлтгэх хуваарь байгаагүй. Тийм болохоор би гарал үүслийн гэрчилгээ бичиж өгөөгүй. Тэрнээс хэн нэгний захиалгаар болон хувийн асуудлаас болж гарал үүсэл бичиж өгөөгүй асуудал байхгүй гэх мэдүүлэг, Гэрч Б.Батбаярын өгсөн: Би 2016 оны 10 дугаар сард Ренчинбямба ахын түлээний модыг хөрөөдөж өгч байхдаа Ренчинбямба ахаас ажил байна уу, гэхэд ах нь ажил мэдэж байя гэж хэлсэн. Тэгээд 2016 оны 11 дүгээр сарын 05-ны үед Ренчинбямба ах над руу утсаар залгаад Булган аймгийн Хялганат тосгонд модны ажил байна хийх үү гэж хэлсэн. Тэгээд тэр ажилд нь явахаар болоод Орхон аймгаас Пүүжээ, Баярсайхан, Ринчинбямба ах нарын хамтаар 4 үүлээ Булган аймгийн Хялганат тосгонд очсон. Тэгээд тэндээсээ бид нар уул руу очоод уулнаас гар хөрөөгөөр шигүү хэсгээс нь нарийн нойтон хус мод унагаа гэхээр нь би гар хөрөөгөөр мод унагаагаад уулын захад цагаалж гаргасан. Намайг мод унагааж байхад Пүүжээ, Баярсайхан нар мөн гар хөрөөгөөр нарийн нойтон хус мод тус тусдаа унагааж бэлтгэсэн, мөн уулнаас унасан байсан модноос ч авсан гэх мэдүүлэг /хх-н 97-99 тал/,
201706000162 дугаартай эрүүгийн хэргээс хэрэг бүртгэлтийн шатанд:
Хохирогч Ж.Батдоржийн өгсөн: “Би болсон хэргийн талаар бол сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан 2017 оны 3 дугаар сарын 23-ны үед манай Булган аймгийн Хангал сумын 1-р багийн нутаг Улаанбургас гэх газраас Орхон аймгийн хүн их хэмжээний нарийн хус мод тээвэрлэж яваад саатуулагдсан гэж би Булган аймгийн Хангал сумын Засаг даргаас сонссон. 2016 онд Булган аймгийн Хангал суманд хус мод бэлтгэх эрх олгогдоогүй. Манай сумын мод бэлтгэх талбайн тусгаарлалтыг Булган аймгийн Хялганат тосгоны сум дундын ойн ангиас хийдэг. Экологи эдийн засгийн үнэлгээгээр гарсан хохирлыг нэхэмжилнэ. Учирсан хохирлыг манай Булган
аймгийн Хангал сумын байгаль хамгаалах санд хийлгэж хохирлыг барагдуулна уу” гэх мэдүүлэг /хх 92-93 тал/,
Гэрч П.Эрдэнэбатын өгсөн: “2016 оны 11 дүгээр сард байх Орхон аймгаас Ренчинбямба гэх хүн над дээр ирээд Булган аймгийн Хангал сумын Улаан бургас гэх, Хялганат тосгоны ойн ангийн талбайн тусгаарлалт хийсэн газраас хус мод авах гэсэн юм. Мод бэлтгэх эрхийн бичиг бичиж өгөөч гэхээр нь би Хангал сумын Улаан бургас гэх газарт талбайн тусгаарлалт хийгдээгүй байгаа, би мэдээгүй гэж хэлээд явуулсан. Тэгсэн Хялганат тосгоны ойн ангийн даргаар ажиллаж байсан Оюунбаатар над руу утсаар залгаад манай ойн анги 2016 онд Хангал сумын Улаан бургас гэх газарт хус модонд арчилгааны огтлолт, гэрэлжүүлгийн огтлолт хийх гэж байгаа, талбайн тусгаарлалтаа хийсэн, нэгэнт арчилгааны огшолтоор мод бэлтгэсэн тохиолдолд эрхийн бичиг бичихэд буруудахгүй гэж хэлсэн. Тэгээд би Хангал сумын Улаан бургас гэх газарт 2016 оны 11, 12 дугаар сард 2 удаа мод бэлтгэх эрхийн бичгийг Орхон аймгийн иргэн Ренчинбямба гэх хүнд хийж өгсөн. Учир нь би өөрөө тухайн үедээ Хялганат тосгоны ойн ангийн даргаас асуусан чинь талбайн тусгаарлалт хийсэн гэж хэлсэн юм. ...№0169926, №0033115 тоот дугаартай эрхийн бичигүүдээр мэргэжлийн байгууллага буюу сум дундын ойн анги мод бэлтгэх ёстой. Уг эрхийн бичиг нь цэвэрлэгээний огтлолтоор мод бэлтгэх ёстой эрхийн бичиг байсан. Яагаад цэвэрлэгээний огтлолтоор гэж бичсэн бэ гэхээр Хялганат тосгоны ойн ангийн дарга Оюунбаатар нь манай ойн анги Улаан бургас гэх газраас арчилгааны огтлолт хийх гэж байгаа арчилгааны огтлолтоор гарсан модыг Ренчинбямба гэх хүн авах гэж байгаа юм гэж хэлсэн. Тэгэхээр ойн анги өөрсдөө арчилгааны огтлолтоо хийгээд гарсан модыг нь Ренчинбямба гэх хүн авсан бол болно. Гэтэл Хялганат тосгоны ойн анги нь Улаан бургас гэх газарт арчилгааны огтлолт хийхээ больсон байсан. Тэгсэн чинь Ренчинбямба гэх хүн надад ойн ангийн хийсэн модыг авах гэж байгаа гэж худлаа яриад өөрөө дур мэдээд их хэмжээний мод тайрч бэлтгэсэн байсан гэх мэдүүлэг /хх-н 94-96 тал/,
Гэрч Д.Баярсайханы өгсөн: “2016 оны 11 дүгээр сарын 05-ны үед манай хүргэн ах Ренчинбямба нь намайг Булган аймгийн Хангал сумын нутаг Улаан бургас гэх газраас ойн цэвэрлэгээний журмаар мод бэлтгээд өгөөч ажлын хөлсийг нь өгөе гэж хэлсэн. Тэгээд Батбаяр, Пүүжээ гэх хүмүүсийн хамтаар гурвуулаа 2016 оны 11 дүгээр сарын 06-08 ны хооронд 3 хоног ууланд мод бэлтгэсэн. Нийтдээ яг хичнээн ширхэг мод тайрч бэлтгэсэн гэдгийг мэдэхгүй байна. Ренчинбямба ахын машин дээр ачиж яваад баригдсан моднуудыг л тухайн үед уулнаас бэлтгэсэн юм. Энэ моднуудаас портер модыг нь уулнаас болон уулын хаяанаас түүж авсан юм. Батбаяр, Пүүжээ бид гуравт мод бэлтгэж өгсөн гээд хүн нэг бүрийн 70000 төгрөг хөлсөнд нь өгсөн. Тухайн үед 3 хоног ууланд мод бэлтгэхэд Ренчинбямба ах өөрөө хажууд байсан” гэх мэдүүүлэг /хх 100-102 тал/, Гэрч Ш.Ариунхишигийн өгсөн: “Манай ойн анги жил бүр Ойн судалгаа хөгжлийн төвтэй гэрээ байгуулж хуваарьт тавигдсан арчилгааны огтлолт хийдэг. Тэгээд 2016 оны 11 дүгээр сарын эхээр манай ойн ангийн дарга С.Оюунбаатар өөрөө анх хус модонд арчилгааны огтлолт хийх санаа гаргаж намайг Булган аймгийн Хангал сумын Улаан бургас гэх газар луу тусгаарлалт хийгээд ир гэж хэлсэн. Би тэгээд даргын өгсөн үүргийн дагуу Булган аймгийн Хангал сумын Улаан бургас гэх газарт очихоор болсон. Тэгээд дарга надад гадаа бэлэн машин байгаа тэр машинтай хамт яваад ир гэсэн. Тэгээд гарахад саарал өнгийн жижиг тэрэгт нэг намхан шар өвгөн байсан. Тэгээд тэр машинд суугаад Булган аймгийн Хангал сумын Улаан бургас гэх газарт очиход 3 залуу байсан. Тэгээд би тэр 3 залуугаар туслуулж цэг авсан газартаа шон хийсэн. Шонгоо хийж дуусаад ойр орчмын зургийг аваад буцаад Булган аймгийн Хялганат тосгон руу ирсэн. Тухайн үед тэр хүмүүс сонирхоод надаас өөрсдөө энэ модон дээр бичсэн байгаа а, о
гэсэн үсэг юу гэж байгаа юм бэ гэж асуухад нь би арчилгааны огтлолт гэж байгаа юм. Энэ нь шигүү байгаа модыг сийрэгжүүлж аль тахир муруй моднуудыг сонгож угаар нь сүхээр чавчиж авдаг юм гэж хэлж байсан. Би буцаж ирээд Оюунбаатар даргад мод бэлтгэх талбайн тойм зураг болон мод бэлтгэх талбайн фото зураг, арчилгааны огтлолтын тооцооны хамт гаргаж өгсөн. Бусад асуудлыг би мэдэхгүй. Би тэр хүмүүст Булган аймгийн Хангал сумын Улаан бургас гэх газраас нарийн хус мод бэлтгэ гэж хэлсэн асуудал байхгүй. Булган аймгийн Хангал сумын Улаан бургас гэх газарт талбайн тусгаарлалт хийчихээд мод бэлтгэлийн ажил эхлээгүй байхад Ойн судалгаа хөгжлийн төвөөс танай ойн ангийн арчилгааны огтлолт юу болж байна гэж асуухаар нь би манай ойн анги арчилгааны огтлолтоо эхлэх гэж байгаа, хус модонд хийхээр болсон гэхэд хус модонд хийгээд байхдаа яадаг юм бэ, таваарлаг чанараа бодсон ч шилмүүст модонд /нарс, шинэсэндээ/ хийгээч гэж хэлсэн. Тэгэхээр нь би Оюунбаатар даргад Ойн судалгаа хөгжлийн төвөөс утсаар ярьж байна, хус модонд хийгээд яахав, шилмүүст модонд /нарс, шинэсэндээ/ хийгээч гэж байна гэж хэлсэн. Тэгсэн Оюунбаатар дарга тэгвэл гэрэлжүүлэх огтлолтоо нарс шинэс модондоо хийе гэж шийдсэн. Үүний дагуу Булган аймгийн Хангал сумын Цагаан хөтөл гэх газарт 15 га газарт шинэс, Сэлэнгэ сумын Дух нарс гэх газарт 15 га газарт нарс модонд арчилгааны огтлолтоо хийсэн. Хийсэн ажлынхаа тайланг Ойн судалгаа хөгжлийн төв рүү хүргүүлсэн гэх мэдүүлэг /хх-н 108-111 тал/, Гэрч О.Болатын өгсөн: “Би Баян-Өлгий аймгаас Улаанбаатарын хооронд ачаа ачиж тээвэрт явдаг юм. Тэгсэн Орхон аймгийн иргэн Ренчинбямба гэдэг хүн над руу утсаар залгаад өнгөрсөн намар ачсан модны үлдэгдэл бэлэн байна ирээд ач, бичиг баримт нь бэлэн байгаа гэж хэлсэн. Тэгээд 2017 оны 3 дугаар сарын 14-ний шөнө Орхон аймагт ирж хоноод 2017 оны 3 дугаар сарын 15-ны өглөө Булган аймгийн Хялганат тосгон ороод цаашаа уул руу явж нарийн хус моднууд өөрийн эзэмшлийн 97-77 БӨТ улсын дугаартай Норд бенз маркийн тээврийн хэрэгсэл дээрээ ачаад Орхон аймаг руу ороод Ренчинбямба гэх хүний хашаанд Баян-Өлгий аймаг явах гээд байж байсан. Тэгээд л цагдаа нарт баригдсан. Би дээрх ачсан моднуудаа Баян-Өлгий аймаг руу хөлсөөр авч явах гэж байсан юм” гэх мэдүүлэг /хх-н 112 тал/, Гэрч Б.Алтансүхийн өгсөн: Би Байгаль орчин аялал жуулчлалын яамны харъяа Ойн судалгаа хөгжлийн төвд мэрэгжилтнээр ажилладаг юм. 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдийн А/24 дүгаартай тушаалаар ойжуулалт, ойн аж ахуйн арга хэмжээний ажлын зардлын хувиарыг баталж, эрх шилжүүлэх төлөвлөгөө батлах тухай түшаал батлагдсан. Энэ тушаалын гуравдугаар хавсралтанд насны 1, 2 дугаар ангийн ойд арчилгааны огтлолт хийх төлөвлөгөөгөөр 450 га батлагдсан юм. Тухайн төлөвлөгөөний дагуу манай газарт зардлын хувиарын эрх шилжин ирсэн. Үүний дагуу манай газрын даргын 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/04 дугаартай тушаалаар зардлыг задлан хувааж баталсан. Үүний дагуу Булган аймгийн Хялгант сум дундын ойн ангид 30 га газар хувиарлагдаж 2016 оны 03 дүгаар сарын 17-ны өдөр ОСХТ-н захирал Д.Мөнхбат, Хялгант сум дундын ойн ангийн дарга Оюунбаатар нар гэрээ байгуулан арчилгааны огтлолт хийх ажлыг хийж гүйцэтгэхээр болсон. Тэгээд Булган аймгийн Хялгант суманд 1 дүгээр насны ангийн огтлолтыг шилмүүст модонд хийхээр болж сум дундын ойн ангийн гаргасан хүсэлтын дагуу огтлолт хийх 30 га газрын эрхийг олгосон. Сум дундын ойн анги нь 30 га газрын талбайг тусгаарласан бөгөөд манай байгууллагаас зөвлөмж авсан бөгөөд Сум дундын ойн анги нь хусан ойг сонгосон байсан учраас манай байгууллагын зүгээс шилмүүст мод бүхий ойд огтлолт хийлгэнэ хусан ойд огтлолт хийлгэхгүй гэдгийг хэлсэн. Үүний дагуу сум дундын ойн анги нь шилмүүст ойд огтлолт хийхээр болсон бөгөөд харин анх тусгаарласан байсан газар нь Сум дундын ойн ангийн хамтран гүйцэтгэхээр тохирсон байсан газар нь хусан ойд
тайралт хийсэн байсан. Гэрэлжүүлэх огтлолтыг 1-20 хүртэл насны шилмүүст ойд хийнэ, тохируулах огтлолтыг 21-40 хүртэл насны шилмүүлст ойд, 11-20 хүртэл насны навчит ойд тохируулах огтлолтыг хийдэг журамтай юм. /хх-122 тал/ Шинжээчийн 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 06 тоот 1. Шинжлэгдэж байгаа мод нь навчит төрлийн нойтон хус мод байна. 2. Уг модны 17.339 метр куб нь хэрэглээ, 0.084 метр куб нь түлээний мод байна. 3. №0033115, 0169926 тоот дугаартай мод бэлтгэх эрхийн бичгээр дээрх модыг бэлтгэж болохгүй. Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-т “Зохих зөвшөөрөл авсан иргэн энэ хуулийн 35.2-т зааснаас өөр зориулалт, арга замаар мод бэлтгэхийг хориглоно” гэж заасан байдаг. Гэтэл тухайн иргэн ойн арчилгааны гэрэлжүүлэх огтлолтоор 1597 ширхэг мод бэлтгэсэн байна. 106 ширхэг модыг зохих журмын дагуу цэвэрлэгээний ажлаар бэлтгэсэн байх магадлалтай. Үүнийг хариуцсан Сум дундын ойн ангиас тодруулах шаардлага байна. 4. Уг моднууд нь 3.6 метрийн урттай 1597 ширхэг, 3.5 метрийн урттай 102 ширхэг, 1.7 метрийн урттай 4 ширхэг нийт 1703 ширхэг мод байна. Модны нийт эзэлхүүн 17.423 метр куб байна. 5. Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2009 оны 394-р тоот тушаалаар ой модны нөөцийн экологи-эдийн засгийн үнэлгээг модон материалд шилжүүлэхэд ашигладаг итгэлцүүрээр хэрэглээний бөөрөнхий модыг 1.8, түлээний нойтон модыг 1.4 үржүүлж бодно.Монгол Улсын түлшний модны МNS5413:2011 стандартын дагуу түлшний модны нягт шоометрийг 2.2 итгэлцүүрээр сийрэг шоометрт шилжүүлж бодно. Дээрх модны экологи-эдийн засгийн үнэлгээ 1793730 төгрөг гарч байна гэх дүгнэлт /хх-19 тал/ Хөрөнгийн үнэлгээний “Лэндс” ХХК-ийн 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн №17/67 тоот 1. 97-77 БӨТ 97-77 БӨТ улсын дугаартай “Норд бенз” маркийн тээврийн хэрэгслийг 40800000 төгрөгөөр үнэлсэн дүгнэлт /хх-н 124 тал/, Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээж авсан тэмдэглэл /хх-н 1 тал/, модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 20-42 тал/, 97-77 БӨТ улсын дугаартай “Норд бенз” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тэмдэглэл, бусад бичиг баримтууд /хх-н 43, 49-50 тал/, мод бэлтгэх эрхийн бичиг /хх-44-45 тал/, Булган аймгийн Хангал сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол /хх52 тал/, Арчилгааны огтлолтын тайлан /хх-55-70 тал/, Эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллага явуулах тогтоол /хх 74 тал/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 75-80 тал/, эд мөрийн баримт хураан авсан тогтоол, тэмдэглэл /хх-н 81-82 тал/, 1703 ширхэг нарийн нойтон хус мод битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл /хх-н 86-87 тал/, шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-н 168, 170 тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 171, 174-175 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэлэв.
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5-д заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1-д зааснаар Н.Ренчинбямбад, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1-д зааснаар С.Оюунбаатарт тус тус яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Ренчинбямба нь 2017 оны 11 сард Булган аймгийн Хангал сумын ойн ангийн
арчилгааны огтлолт хийхээр талбайн тусгаарлалт хийсэн тус сумын “Улаан бургас” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 17423 м3 хус модыг бэлтгэж цагаалан байгаль экологид 1793730 төгрөгийн хохирол учруулсан хууль зүйн факт, үйл баримт тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь хэрэг үйл явдал болсон цаг хугацаа, орон зай, учирсан хохирлын талаар өгсөн хохирогч, гэрч нарын мэдүүлэг, мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллааны тэмдэглэл болон хус модны экологи эдийн засгийн үнэлгээг гаргасан шинжээчийн дүгнэлт, хэрэгт битүүмжлэгдсэн хус мод, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл зэрэг бичгийн болон биет нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргасан байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1-д зааснаар С.Оюунбаатарт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргийн тухайд хэрэгт цугларсан дээрхи нотлох баримтуудаар хангалттай нотлогдохгүй байна.
Өөрөөр хэлбэл гэрч ойн инженер Ш.Ариунхишигийн өгсөн ...Булган аймгийн Хангал сумын нутаг “Улаан бургас” гэх газарт навчит мод буюу хус модонд арчилгааны огтлолт хийх гээд талбайн тусгаарлалт хийгээд эхлүүлж байсан, Ойн судалгаа хөгжлийн төвөөс урт настай мод буюу шинэс модондоо хийвэл зүйтэй гэснээр уг талбайд хийхээ больсон гэх мэдүүлэг, гэрч БОАЖЯ-ны харъяа Ойн судалгаа хөгжлийн төвийн мэргэжилтэн Б.Алтансүхийн өгсөн …Сум дундын ойн анги нь 30 га газрын талбайг тусгаарласан бөгөөд манай байгууллагаас зөвлөмж авсан бөгөөд Сум дундын ойн анги нь хусан ойг сонгосон байсан учраас манай байгууллагын зүгээс шилмүүст мод бүхий ойд огтлолт хийлгэнэ, хусан ойд огтлолт хийлгэхгүй гэдгийг хэлсэн. Үүний дагуу сум дундын ойн анги нь шилмүүст ойд огтлолт хийхээр болсон бөгөөд харин анх тусгаарлалт хийж, Сум дундын ойн ангийн хамтран гүйцэтгэхээр тохирсон байсан газар нь хусан ойд тайралт хийсэн байсан гэх мэдүүлэг, гэрч П.Эрдэнэбатын өгсөн “...манай ойн анги 2016 онд Хангал сумын “Улаан бургас” гэх газарт хус модонд арчилгааны огтлолт, гэрэлжүүлгийн огтлолт хийх гэж байгаа, талбайн тусгаарлалтаа хийсэн, нэгэнт арчилгааны огтолтоор мод бэлтгэсэн тохиолдолд эрхийн бичиг бичихэд буруудахгүй гэж хэлсэн. Тэгээд би Хангал сумын “Улаан бургас” гэх газарт 2016 оны 11, 12 дугаар сард 2 удаа мод бэлтгэх эрхийн бичгийг Орхон аймгийн иргэн Ренчинбямба гэх хүнд хийж өгсөн” гэх мэдүүлгүүдээр шүүгдэгч М.Оюунбаатарын Э.Ренчинбямбын зохих зөвшөөрөлгүй мод бэлтгэх үйлдэлд зааж зөвлөх, зэвсэг хэрэгсэл өгөх, учрах саадыг арилгах, унаа орон байраар хангах зэргээр түүний үйлдэлд дэмжлэг үзүүлж хамжигчаар оролцсон гэх нөхцөл байдал үгүйсгэгдэж байх бөгөөд шүүгдэгч Н.Ренчинбямбын ойгоос зохих зөвшөөрөлгүй мод бэлтгэж огтлох, цагаалах үйлдэлд оролцоогүй болох нь мөн гэрч Б.Батбаяр, Д.Баярсайхан нарын мэдүүлгээр нотлогдож байна.
Иймд шүүгдэгч М.Оюунбаатарт холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах нь зүйтэй байна.
2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль хэрэгжиж, энэ хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Н.Ренчинбямбын үйлдэлд хуулийг буцаан хэрэглэж, шүүгдэгч Н.Ренчинбямбыг хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Түүний гэм буруутай үйлдлийн улмаас байгаль экологид 1793730 төгрөгийн хохирол учирсан байх тул 1793730 төгрөгийг гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Н.Ренчинбямбад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдаж, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчиийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзэв. Энэ хэрэгт шүүгдэгч Н.Ренчинбямба, цагаатгагдсан этгээд С.Оюунбаатар нар нь цагдан хоригдсон хоноггүй байна. Хэрэгт битүүмжлэгдсэн 1703 ширхэг хус мод, 2 ширхэг хөрөөг хураан авч хохиролд тооцуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж, улаан өнгийн бариул бүхий 1 ширхэг хөрөөг мөн 97-77 БӨТ улсын дугаартай “Норд бенз” маркийн авто машины битүүмжлэлийг хүчингүй болгож өмчлөгчид нь тус тус буцаан олгохоор шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан үндэслэлээр Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шарганууд овогт Сурмаахоролын Оюунбаатарт холбогдох 201706000112 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Ойн овогт Намсрайн Ренчинбямбыг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Н.Ренчинбямбыг 10000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх буюу 1000000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Н.Ренчинбямбын 1000000 /нэг сая/ төгрөгийн торгуулийн ялыг сар бүр 100000 /нэг зуун мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлж, торгуулийн ялыг биелүүлэх хугацааг 10 /арав/ сарын хугацаагаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Н.Ренчинбямба нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд төлөөгүй бол 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 хоногтой дүйцүүлж, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Н.Ренчинбямбаас 1793730 /нэг сая долоон зуун ерэн гурван мянга долоон зуун гуч/ төрөгийг гаргуулж хохирогч Ж.Батдоржид олгосугай.
7. Энэ хэрэгт цагаатгагдсан этгээд С.Оюунбаатар, шүүгдэгч Н.Ренчинбямба нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3-т заасныг баримтлан 1703 /нэг мянга долоон зуун гурав/ ширхэг хус мод, 2 /хоёр/ ширхэг хөрөөг хураан авч хохиролд тооцуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж, 97-77 БӨТ улсын дугаартай “Норд бенз” маркийн авто машины битүүмжлэлийг хүчингүй болгож
түүний өмчлөгч О.Болатод, улаан өнгийн бариул бүхий нэг ширхэг хөрөөг өмчлөгчид нь тус тус буцаан олгосугай.
9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол цагаатгагдсан С.Оюунбаатарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч Н.Ренчинбямбад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНХАНД