Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 128/ШШ2023/0606

 

2023         08           07                                       128/ШШ2023/0606

                                                                                                             

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням би даргалж,  шүүх хуралдааны дөрөвдүгээр танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Нарантрейд ХХК

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Төрбаяр,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Намнансүрэн, Ө.Сайнбаяр

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга

Хариуцагч: В.Баттулга, С.Мөнхдөл,

Хариуцагчийн өмгөөлөгч У.Хүрэлсүх,

Гуравдагч этгээд: Асар СӨХ

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Эрхэмбаяр нарын хоорондын “Нийслэлийн Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн А/1463 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Төрбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Намнансүрэн, Ө.Сайнбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, С.Мөнхдөл, хариуцагчийн өмгөөлөгч У.Хүрэлсүх, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Эрхэмбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ган-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Нарантрейд ХХК нэхэмжлэлийн шаардлагаа Нийслэлийн Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн А/1463 дугаар захирамжийг хүчингүй болгуулах гэж тодорхойлжээ.

Нэхэмжлэгч нь маргаан бүхий актыг эс зөвшөөрч нийслэлийн Засаг даргад 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр гомдол гаргаж, 2022 оны  12 дугаар сарын 13-ны өдрийн 06/6598 тоот албан  бичгээр гомдлыг хангах үндэслэлгүй гэх хариуг авч  шүүхэд хандсан гаргасан байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

Маргаан бүхий акт нь дараах үндэслэлээр хууль бус. Үүнд:

Нийслэлийн засаг даргын хувьд хуульд заасан журмын дагуу сонсох ажиллагаа хийгээгүй буюу нэхэмжлэгч талын байр суурь холбогдох нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн дүүрэн нягтлан үзэж үндэслэл бүхий дүгнэлтийг хийгүй,

Архитектур төлөвлөлтийн даалгавар болон барилгын зөвшөөрлийг авахдаа мэргэжлийн байгууллагаас хяналтыг хийж ойр орчмын оршин суугч, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг алдагдуулсан зүйл байхгүй гэсэн дүгнэлт гарсан байгаа,

Нийслэл Улаанбаатар хотын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар тухайн хуулийг 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө гэж тогтоосон. Тус хуулийг зөрчсөн зүйлгүй, баримт, үндэслэлгүйгээр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн нөхцөл байдал үүсгэсэн гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Төрбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сонсох ажиллагаа явуулахдаа манай компанид 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн огноогоор хариу тайлбарыг 2022 оны 10 дугаар сарын 21-ний дотор ирүүлнэ үү гэсэн мэдэгдэл ирсэн. Гэвч тухайн мэдэгдэлд 10 дугаар сарын 21-ний дотор хариу тайлбар ирүүлнэ үү гэж байгаа боловч манай компанид 10 дугаар сарын 25-ны өдөр ирснийг “Монгол шуудан” ХК тодорхойлсныг хавтаст хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн байгаа.

Нөгөө талаас ингэж мэдэгдэл хугацаанаасаа хожимдож ирсэн ч гэсэн газрын албаны холбогдох хүмүүстэй нэхэмжлэгчийн зүгээс холбоо барьж хариу тайлбараа өгөхөд хурал нь болно гэсэн тайлбар өгч байгаад ямар нэгэн хурал болохгүйгээр шийдвэр нь гарсан гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Намнансүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:    нэхэмжлэгч компани 1993 онд хууль болон холбогдох журмын дагуу нийтэд нээлттэй зарлагдсан дуудлага худалдаанд оролцон Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, 00-р хороололд байрлах цэцэрлэгийн зориулалттай баригдаж байсан хоёр давхар дуусаагүй барилгыг тухайн үеийн үнэлгээгээр 31.000.000 /гучин нэгэн сая/ төгрөгөөр хувьчилж авсан байдаг.

  Мөн 1993 онд цэцэрлэгийн барилгын зэргэлдээ баригдахаар төлөвлөгдсөн 19, 20 гэсэн хоёр байрны суурь байсныг Улаанбаатар хотын барилга хөрөнгө оруулалтын газраас хууль болон холбогдох журмын дагуу худалдан авсан.  Энэхүү сууриуд маргаан бүхий газар дээр нэг дор байдаг. 1996 онд Нийслэлийн газрын албанаас газрын тооллогыг нийтээр зохион байгуулан тоолох үед тус эзэмшил газрыг тооллогод хамруулах хүсэлтийг нэхэмжлэгч компани 1996 оны 5 дугаар сарын 29-ний өдөр албан тоотоор гаргаж тооллогод хамруулсан байдаг.

  Ийнхүү тооллогод хамруулахад Хот байгуулалт, газар зохион байгуулалтын мэргэжлийн комиссын хурал хэлэлцэж 1996 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Нийслэлийн засаг даргын А/176 тоот захирамжаар 15900 м.кв буюу 1.6 га газар ашиглах эрхийг нэхэмжлэгчид олгосон.

            Энэхүү захирамжаар цэцэрлэгийн зориулалттай барилга болон 19, 20 дугаар байрны үл хөдлөх эд хөрөнгүүд бүхэлдээ олгогдсон.

2000 онд 20-р байрыг барих ерөнхий төлөвлөгөө боловсруулж 1200 м.кв газар эзэмших хүсэлт гаргасан бөгөөд Хот байгуулалт газар зохион байгуулалтын мэргэжлийн комиссын хурлаар хэлэлцэгдэж тус газрыг дуудлага худалдааны үнээр олгох тухай асуудлыг судлах шийдвэрийг гаргасан. Энэ шийдвэрийн үндсэн дээр Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас тус газрыг олгох үндэслэлтэй байгааг тодорхойлж 2000 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Нийслэлийн засаг даргын 458 дугаар захирамж гарч ашиглах эрх олгосноор уг барилга баригдаж 2002 онд ашиглалтад орсон байдаг.

      Нийслэлийн засаг даргын А/176 болон 458 дугаар захирамжууд сүүлд олгосон газрыг нэгтгэсэн.

       2009 онд газрын гэрээг сунгах үед орчин үеийн аргаар нарийн хэмжилт хийж газрын нарийвчилсан кадастрын зургийг тодорхойлон, баталгаажуулах ажил явагдсан. Энэ ажлын хүрээнд тус хоёр газрын нийлбэр талбай 19980 м.кв болох нь тодорхойлогдсон.

   Ингэснээр 2009 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр Нийслэлийн газрын албанд шинээр гарч ирсэн нарийвчилсан хэмжээгээр залруулга хийх хүсэлтийг гаргасан. Хүсэлтийг хүлээн авч Нийслэлийн газрын алба, Барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газрын дэргэдэх Техникийн зөвлөлөөрөө хуралдан хэлэлцээд 2009 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн Нийслэлийн засаг даргын захирамжаар газар эзэмших эрхийн хугацааг сунгаж, 2009 оны 3 дугаар сарын 13-ны өдөр гэрээ байгуулж нарийвчилсан координат бүхий кадастрын зургаар эзэмшил газрыг баталгаажуулсан.

       2015 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн Нийслэлийн засаг даргын А/548 дугаар захирамжаар, 2014 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс 2015 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хүртэлх газар эзэмших хүсэлтийг шийдвэрлэсэн. 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн Нийслэлийн засаг даргын А/548 дугаар захирамжаар тус газрын эзэмших эрхийг 10 жилээр сунгаж 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдөр гэрээг байгуулж баталгаажуулсан.

           Нэхэмжлэгч тус газрыг анхнаасаа сургалтын цогцолбор зориулалтаар эзэмшсэн бөгөөд өнөөдрийг хүртэл газрыг зориулалтын дагуу эзэмшин, ашиглаж ямар нэгэн хууль, тогтоомж зөрчсөн үйл ажиллагаа явуулаагүй бөгөөд 1996, 2009, 2015 онуудад гарсан Нийслэлийн засаг даргын захирамжуудад Сургалтын цогцолбор гэсэн агуулгаар олгогдсон.

            Гэтэл Нийслэлийн засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн А/1463 дугаар захирамжаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа хоёр жилээс дээш хугацаагаар дараалан ашиглаагүй гэх үндэслэлээр худалдан авсан объектоос бусад 9076 м.кв газрыг хасаж, эзэмшлийн газартаа барилгын ажил эхлүүлсэн нь ойр орчмын байрнуудын оршин суугч иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг алдагдуулсан гэх үндэслэлээр Нийслэлийн архитектурын 2021 оны МЗХ2021/14-008 гэсэн архитектур төлөвлөлтийн даалгавар, Нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газрын 2022 оны 612/2022 дугаарын барилгын ажлын гэрчилгээ, Нийслэлийн засаг даргын А/548 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн.

            Тус газарт 1996 оноос хойш тасралтгүй бүтээн байгуулалт хийсээр ирсэн. Үүнийг нэхэмжлэлийн үндэслэл дээр бичгээр хүснэгт гарган дэлгэрэнгүй тайлбарлан бичсэн.

            Нийслэлийн засаг даргын хувьд хуульд заасан журмын дагуу сонсох ажиллагаа хийгээгүй буюу нэхэмжлэгч талын байр суурь холбогдох нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн дүүрэн нягтлан үзэж үндэслэл бүхий дүгнэлтийг хийхгүйгээр хөнгөн хуумгай хандсан гэж үзэж байна.

            Нэхэмжлэгч нь энэхүү хугацаанд асар их төлөвлөлт хийж, ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт болон зардал гаргасан бөгөөд одоо ч өндөр үнэ бүхий гэрээнүүд байгуулагдаж түүний дагуу зохих ажил хийгдэж байгаа нь баримтаар хангалттай тогтоогдоно.

            Нэхэмжлэгч нь Нийслэлийн засаг даргын захирамжаар олгогдсон 1.99 га талбайг 2012 онд 7 блок үйлчилгээтэй орон сууцны барилгын загвар, зураг төслийг батлуулж байсныг өөрчлөн 2021 онд сургууль цэцэрлэгийн цогцолбор гэсэн үндсэн зорилгодоо нийцүүлж 1 блок ажилчдын сууц байхаар шинэчилж батлуулсан.

            Архитектур төлөвлөлтийн даалгавар болон барилгын зөвшөөрлийг авахдаа мэргэжлийн байгууллагаас хяналтыг хийж ойр орчмын оршин суугч, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг алдагдуулсан зүйл байхгүй гэсэн дүгнэлт гарсан байдаг.

            Мөн Нийслэл Улаанбаатар хотын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар тухайн хуулийг 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө гэж тогтоосон. Тус хуулийг зөрчсөн зүйлгүй, баримт, үндэслэлгүйгээр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн нөхцөл байдал үүсгэсэн гэж үзэж байна.

Дээрх үндэслэлүүдээр маргаан бүхий захирамж үндэслэлгүй гэж үзэж байгаа тул хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.           

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Сайнбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Маргаан бүхий захиргааны актын хоёр жилийн хугацаанд дараалан ашиглаагүй гэсэн үндэслэл дээр хэдэн оны хэдэн сараас хэдэн хүртэл ашиглаагүй гэдгийг баримтаар нотолж байж энэ үндэслэлийг хариуцагч нар барих байсан. 

Энэхүү архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг хэрхэн авдаг вэ? гэвэл хөрсний шинжилгээ, дүгнэлт, гүйцэтгэгч барилгын компанийн гэрээ, техникийн нөхцөлүүд зэрэг зүйлүүд авагдаж байж авагддаг. 

Нэхэмжлэл дээрээ бид хэдэн онд ямар ажлууд хийсэн бэ? гэдгээ дэлгэрэнгүй дурдсан байгаа.

Тиймд 2021 оноос 2023 он хүртэл 2 жилийн хугацаанд дараалан ашиглаагүй гэж хариуцагч нарын яриад байгаа нь баримт байхгүй, үндэслэлгүй.

Ойр орчмын байрнуудын оршин суугчдын эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг алдагдуулсан гэдэг нь энэ газар дээр яригдаагүй шүү. Энэхүү захирамжийн үндэслэл дээр зөвхөн архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын ажлын зөвшөөрөл л яригдсан. Барилгын тухай хууль, норм дүрэм, нар ээвэрлэх боломжийг хязгаарласан нөхцөл байдал байгаа юу? гэдгийг өнөөдрийг хүртэл асуусан тийм баримт ганц ч байхгүй.

Хүний эрхийн талаас нь зөрчсөн зүйл байгаа юу гэж Хүний эрхийн үндэсний комисст оршин суугчид, СӨХ-ийн зүгээс гомдол гаргасан, хяналт шалгалт хийсэн хүний эрхийг зөрчсөн зүйл байхгүй байна гэсэн дүгнэлтийг гаргасан.

Иймд энэхүү үндэслэл үгүйсгэгдэж байгаа юм.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбар дээр 2 хүүхдийн амь эрсэдсэн, гал гарахад орж чаддаггүй гэх мэтээр ярьж байна. Үүнийг зүгээр ингээд ярьдаг зүйл биш, баримтаа гаргаад ирэх ёстой. Бид нар үзлэг хийсэн, сансрын зургийг он оноор нь хийсэн, мөн кадастрын зураг дээрээс харсан ч болно. Ойр орчмын орц, гарцууд чөлөөтэй, том зайтай байгаагаараа байгаа.

Үүн дээр ямар нэгэн оршин суугчдын орц гарцыг хаасан зүйл байхгүй. Хэрэв ийм зүйл байгаа бол тухайн маргаан бүхий захирамжийнхаа үндэслэл болоод явах ёстой. Ийм зүйл байхгүй байгаа тул нотлогдохгүй байна гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болоод байгаа ганц зүйл бол Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5 дахь заалтыг барьж яриад байх шиг байна. Гэтэл энэхүү заалтад шинээр барилга байгууламж барих эрхийг өгөхгүй гэж заасан. Бид нарын зөвшөөрлийн хувьд 2022 оны 7 дугаар сард авсан. Хуулийн хугацаа 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөнө гэж заасан тул нэгэнт авагдсан зөвшөөрлийн тухайд энэхүү хуулийн үйлчлэлд хамаарахгүй.

Ингэснээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан тайлбар үндэслэлгүй гэж үзэж байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мөнхдөл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн засаг дарга газрын холбогдох хууль тогтоомжид заасны дагуу 2022 оны А/1463 захирамжийг батлан гаргасан. Гол үндэслэл нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэлээр газрын хэмжээг хасаж шийдвэрлэсэн. Тухайн захирамжийг гаргахдаа тус дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт 19980 м.кв газар эзэмших Наран трейд ХХК хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газрыг гэрээнд заасан зориулалтаар тухайн газрыг ашиглаагүй гэж өмч хувьчлахад хамаарахаас бусад 9076 м.кв газрыг иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор хассан.

Нийслэлийн засаг даргын 2018 оны А/1148 дугаар захирамжийг зөрчин тухайн газар дээр барилгын зөвшөөрөл өгсөн байдаг.

Мөн түүнчлэн Газрын тухай хуулийн 40.1.6-г Улсын дээд шүүхийн 2008 оны 15 дугаар тогтоолд зааснаар тухайн газар дээр гэрээ байгуулснаас хойш хоёр жилийн хугацаанд барилга угсралтын болон газар шорооны ажил хийгдээгүй гэж үзэж тухайн газрын хэсгийг хүчингүй болгосон тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч У.Хүрэлсүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд зааснаар сонсох ажиллагаа хийгдээгүй гэж үзээд байгаа. 2 дугаар хавтаст хэргийн 7, 29 дүгээр хуудсанд 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр сонсох ажиллагаа хийгдэх тухай мэдэгдэл хүргүүлэхэд тухайн компани өөрөө ирээгүй нөхцөл байдал байдаг.

Мөн гэрээ байгуулснаас хойш гэдгийг 2015 оны 6 дугаар сарын   5-ны өдрийн А/548 зөвшөөрлийн дагуу 2015 оны 7 дугаар сарын 06-с хойш 2 жил дараалан газраа ашиглаагүй гэж үзэж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж  байна гэв.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Эрхэмбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Асар СӨХ-ийн нийт 3000 гаруй оршин суугчдын эрх ашиг дараах байдлаар маш ноцтой зөрчигдөж байна.

Үүнд 21, 22Б байруудын халуун, хүйтэн ус, дулааны хэрэглээ зэрэг бүх зүйлүүд Наран трейд ХХК-ийн 31.000.000 /гучин нэгэн сая/ төгрөгөөр хувьчилж авсан гэх цэцэрлэгийн объектын хэсэгт зангилагдсан байдаг. Энэ дээр заримдаа хаадаг, боодог халуун ус тасардаг, өвөл дулаан тасардаг гэх мэт хүнд нөхцөлүүд үүсдэг.

Наран трейд” ХХК-ийн захирал Болдхэт нь Улсын их хурлын гишүүнээр 1994 онд сонгогдохдоо тухайн цэцэрлэгийн зориулалттай газрыг Англи сургалттай сургууль барина гээд өдий хүртэл ашиглалтад оруулаагүй. Иймд зөвхөн өнөөдрийн байдлаар Асар СӨХ-ийн хамаарал бүхий 489 хүүхэд цэцэрлэггүй байдаг. Энэ нь ганцхан өнөө жилийнх 1991 онд хувьчилж авсан гэхээр 32 жилийн туршид тухайн үе үеийн хүүхдүүд ямар ч цэцэрлэггүй.

Цэцэрлэгийн барилгаа барьдаггүй мөртөө хашааг нь нийт гурван удаа сунгасан байдаг тул манай 21-р байрныханд зогсоол байдаггүй. Оросууд барьсан байр тул доороо гарааш байдаггүй. Мөн явган хүний гарц, тоглоомын талбай байдаггүй. Одоогоос хоёр, гурван жилийн өмнө хоёр хүүхэд машинд дайруулж нас барсан.

Ийм байдлаар манай оршин суугчид маш их хохирдог. Мөн төрийн тусгай үйлчилгээ болох 103, гал команд зэргийг авах ямар ч боломж байхгүй. Миний мэдэхийн хоёр удаа гал гарсан үүнийг оршин суугчид өөрсдөө ус зөөн унтраасан.

Би төр засагтаа баярлаж байгаа. Энэ олон 32 жил нийтийн эрх ашгийг зөрчиж байсныг олж харж 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А/1463 тоот захирамжаар шийдвэрлэснийг Асар СӨХ-ийн 3000 гаруй оршин суугчид бүгд дэмжиж байгаа.

Иймд Наран трейд ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анх Нарантрейд ХХК нь 1993 онд Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, 00 дугаар хороололд байрлах 2 давхар цэцэрлэгийн зориулалтаар баригдаж байсан дуусаагүй барилгыг дуудлага худалдаагаар тухайн үеийн ханшаар 31,000,000 төгрөгөөр, мөн зэргэлдээ орших 19, 20 дугаар байрны суурийг Улаанбаатар хотын Барилга Хөрөнгө оруулалтын газраас /хуучнаар/  худалдан авсан болох нь хавтаст хэрэгт авагдсан №377 дугаартай эрхийн гэрчилгээ, Барилга Хөрөнгө оруулалтын газрын 1993 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 1/61 тоот магадалгаа зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Хот байгуулалт, газар зохион байгуулалтын Мэргэжлийн комиссын / хуучнаар/ хэлэлцэж, нийслэлийн Засаг даргын 1996 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн А/176 дугаар захирамжаар тус компанид 1.6 га газрыг газар ашиглах эрхийг олгож, газар ашиглах гэрчилгээ олгож, гэрээ байгуулжээ.

Үүний дараа 2000 онд дээрх 20 дугаар байрны ерөнхий төлөвлөгөөг батлуулж, нийслэлийн Засаг даргын 2000 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 458 дугаар захирамжаар 1200м.кв газрыг олгож, 2012 онд 20 дугаар байрыг бүрэн ашиглалтад оруулсан байна.

Нийслэлийн Засаг даргын 2009 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 94 дугаартай,  мөн 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/548 дугаар захирамжаар нэхэмжлэгч компанийн нийт 19.980 м.кв газрын эзэмших хугацааг 10  жилээр сунгаж, эзэмшил газрыг баталгаажуулан 2021 оны 5 дугаар сарын 7-ны өдөр орон сууц, сургуулийн цогцолборын зориулалтаар гэрчилгээ олгож, 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 01110-2015/01494 дугаартай газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан байна.

Нийслэлийн Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн А/1463 дугаар захирамжаар Нарантрейд ХХК-ийг тухайн газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлээр худалдан авсан объектод хамаарахаас бусад 9076 м.кв газрыг хасаж эзэмших талбайн хэмжээг өөрчлөн, барилгын ажил эхлүүлсэн нь ойр орчмын оршин суугч иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг алдагдуулсан  гэж 2021 оны МЗХ2021/14-008 дугаар Архитектур төлөвлөлтийн даалгавар, 2022 оны 612/2022 дугаар Барилгын ажлын зөвшөөрөл, нийслэлийн Засаг даргын 2015 оны 06А/548 дугаартай захирамжийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчээс “... 1996 оноос хойших энэ хугацаанд тасралтгүй үйл ажиллагаа явуулж, их хэмжээний төлөвлөлт, ажлыг хийж, асар их хэмжээний хөрөнгө оруулалт болон зардал гаргасан, ойр орчмын байрнуудын оршин суугч, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг алдагдуулсан талаар ямар ч баримтгүй, дүгнэлтгүй...” гэж, хариуцагчаас “...эзэмшил газартаа барилгын ажил эхлүүлсэн нь иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж, барилгажих боломжгүй газарт газар эзэмшүүлж, архитектур төлөвлөлтийн даалгавар олгосон нь нийслэлийн Засаг даргын 2018 оны А/1148 дугаартай захирамжийг зөрчсөн...” гэж маргажээ.

Нэхэмжлэгч Нарантрейд ХХК нь нийслэлийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/548 дугаартай захирамжтай Баянзүрх дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт, 00 дугаар хороолол  орон сууц, сургуулийн зориулалтаар эзэмшүүлсэн 1.99 га газарт:

Сургууль, цэцэрлэгийн цогцолбор, ажилчдыг орон сууц барих архитектур төлөвлөлтийн даалгаврыг 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр авсны дараа: 

Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга загвар зургийг баталж,

Барилгын хөгжлийн төв 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Барилга байгууламжийн зураг төслийн  магадлал, дүгнэлт хийж,

Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагч  2022 оны 06 дугаар сарын  16-ны өдрийн 02-03-077/541 дугаартай  Зураг төсөл  эрүүл ахуйд  “нийцсэн “ гэх дүгнэлт гаргуулж,

Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр олгосон талаарх үйл баримттай талууд маргаагүй.

Гэвч Нарантрейд ХХК-д нийслэлийн хот байгуулалтын албанаас 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 01-08/5241 дугаартай албан бичгээр “...иргэдийн өргөдөл гомдлын дагуу олон нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлж байгаа нь нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргын 2022 оны 110 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтээр тогтоогдсон тул...газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл тогтоогдож байна...” гэсэн утга бүхий сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлсэн байна.

Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/1148 дугаартай захирамжаар нийслэлийн иргэд, оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангаж,... Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгасан, энэ захирамжийн хавсралтад заасан суурьшлын бүсийн хязгаарт инженерийн болон нийгмийн дэд бүтцийн барилга байгууламж, нийтийн эзэмшлийн зам, талбай барихаас бусад зориулалтаар шинээр газар эзэмших, ашиглах, барилга байгууламж барих зөвшөөрөл олгохгүй...гэжээ.

Дээрх захирамжийн хавсралтаас үзвэл Баянзүрх дүүрэг, 0 дугаар хорооны хориглосон бүсийн хил хязгаарт маргаан бүхий газар ороогүй болох нь тогтоогдож байх ба Хот байгуулалт хөгжлийн газрын 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 03/3642 тоот албан бичигт тус цогцолбор нь 2018 онд тооцсон хүн амын нягтралын хэмжээнээс хэтрээгүй... гэжээ.

Мэргэжлийн хяналтын газрын 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 02-02/3608 дугаартай  Баянзүрх дүүргийн 6  дугаар хорооны 21, 22б  дугаар байрны оршин суугчдад хүргүүлсэн албан бичигт “...Нарантрейд ХХК-ийн захиалгатай сургууль цэцэрлэгийн цогцолбор, ажилчдын орон сууцны зориулалттай барилгын холбогдох зураг төсөл, баримт бичгийг шалгахад:

 Хот төлөвлөлт хяналтын чиглэлээр:

Орон сууцны 22Б дугаар байрнаас төлөвлөгдөж буй 16 давхар ажилчдын орон сууны барилга 60 м, орон сууцны 21 дүгээр байрнаас төлөвлөгдөж буй 2 давхар спорт заал, хоёр давхар цэцэрлэгийн барилгууд нь 35м зайтай байгаа нь,

Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт БНбД 31-01-10-ийн 2.5 дахь орон сууцны барилга хоорондын, орон сууц олон нийтийн барилга хоорондын байршлын зайн ойролцоо хэмжээг заавал мөрдөх 12 дугаар хүснэгт /барилгын тууш тал, хөндлөн талын хооронд болон сууцны өрөөний цонхтой хөндлөн талуудын  хооронд 20м, 10м байна/,  

Орон сууц, нийтийн барилга, сууцны барилгажилтын бүсийн нарны тусгалын Ээвэрлэлтийн хангамж БНбД23-04-07-ийн 3.5,3.6 дахь шаардлага, Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6.3 дах Төлөвлөгөөнд хамруулсан нийт газар нутгийн 30-аас доошгүй хувь нь цэцэрлэг, ногоон байгууламж, автомашины зогсоол байх,

Мөн хуулийн  12 дугаар зүйлийн 12.8 дах барилга байгууламжийн зураг төсөл нь хот тосгоны батлагдсан ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний шийдлүүд, олгогдсон газрын хэмжээ, зориулалттай уялдсан байх байх бөгөөд барилгажих талбай нь тухайн газрын 70 хувиас илүүгүй байх,

 Хот байгуулалтын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2 дах Эдэлбэр газар эзэмших барилга байгууламж барих, инженерийн шугам сүлжээ, тохижилтын ажлыг нутгийн захиргааны байгууллага, болон эрх бүхий мэргэжлийн байгууллагаас олгосон зөвшөөрлийн үндсэн дээр зураг төслийн дагуу гүйцэтгэх гэсэн заалтуудыг зөрчөөгүй гэж,

Барилгын техникийн хяналтын чиглэлээр:

Төлөвлөгдөж буй 16 давхар ажилчдын орон сууцны барилга, 2 давхар спорт зал, 2 давхар цэцэрлэгийн барилгууд нь газар хөдлөлтөд тэсвэртэй, зэргэлдээ байрласан барилгын ашиглалтын хэвийн нөхцөл байдлыг алдагдуулахгүйгээр хийц, бүтээцийн  тооцоо судалгаа хийгдсэн байгаа нь Газар хөдлөлтийн бүс нутагт барилга төлөвлөх БНбД 22-01-21-ийн холбогдох шаардлага,

Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4 дэх зэргэлдээ орших барилга байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөлийг алдагдуулахгүй байх гэж зааснаар магадлалын ерөнхий дүгнэлтийг Барилгын хөгжлийн төвөөр баталгаажуулсан байгаа нь,

 Барилгын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх Барилга байгууламжийн зураг төсөлд хийх магадлалыг барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 34.1.10-т заасны дагуу эрх олгосон иргэн, хуулийн этгээдээр гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлнэ, 39.4 дэх Эксперт барилга байгууламжийн зураг төслийн холбогдох хэсэгт магадлалын дүгнэлт гаргаж, мэргэжлийн хариуцлага хүлээнэ гэсэн заалтуудыг хангаж байна гэжээ.

Хүний Эрхийн Үндэсний комиссын 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 05/1000 дугаартай албан бичгээр Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 21-202 тоотод оршин суугч иргэн Б.Халиунд өгсөн хариуд “...гомдолд дурдсан асуудлаар хууль зөрчсөн нөхцөл байдал тогтоогдохгүй  байна гэсэн нотлох баримтуудаас үзвэл нэхэмжлэгч Нарантрейд ХХК нь сургууль цэцэрлэгийн цогцолбор барилга барих үйл ажиллагаа явуулахдаа орчны газрын оршин суугч иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчсөн талаар эрх бүхий байгууллагын дүгнэлт гаргаагүй байх бөгөөд харин дээрх баримтуудаар зөрчөөгүй болох нь тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Нарантрейд ХХК  нь Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших эзэмшлийн газартаа зориулалтын дагуу сургууль цэцэрлэгийн цогцолбор барилга барихаар 2021 оны МЗХ 2021/14-008 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулж, барилга барих зөвшөөрөл авсны дараа тухайн газартаа:

Эскиз буюу эх загвар зураг боловсруулан батлуулах,

Эрх бүхий захиргааны байгууллагуудаас техникийн нөхцөл авах,

Инженер геологийн судалгаа хийлгэх,

Барилга барих талбайг чөлөөлж, цэвэр ус болон дулааны шугам зөөх,

Барилга барих тэг тэнхлэг тавьж, мэдээллийн санд бүртгүүлэх,

Суурь цутгалтын ажил хийлгэх,

Хөрсний ус зайлуулах,

Эргийн бэхэлгээ хийх,

Дулааны шугам татах, төв шугамаас огтолгоо хийх,

Тус цогцолборын ерөнхий гүйцэтгэгчийг шалгаргуулж, гэрээ байгуулах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэхийн зэрэгцээ 25 аж ахуй нэгж байгууллагуудтай нийт 3,874,792,340 төгрөгийн үнийн дүн бүхий гэрээ байгуулж, 790,423,358 төгрөгийн холбогдох байгууллагуудад төлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар нотлогдож байна.

Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д Хотын төлөвлөлт, барилгажилтын норм, дүрэмд заасан хүн амын нягтралын хязгаарыг давсан газарт инженерийн болон нийгмийн дэд бүтцийн барилга байгууламж, нийтийн эзэмшлийн зам, талбай, ногоон байгууламж барихаас бусад зориулалтаар шинээр газар эзэмших, ашиглах эрх,барилга байгууламж барих зөвшөөрөл олгохгүй,

Хот байгуулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-т нийгмийн дэд бүтэц гэж соёл, боловсрол, худалдаа, ахуйн үйлчилгээний барилга байгууламжийн цогцолборыг гэж заасныг тухайн тохиолдолд холбогдуулан үзвэл нэхэмжлэгч Нарантрейд ХХК нь тухайн газарт орон сууцны барилга барихаар төлөвлөж байгаад түүнийгээ цуцалж, сургууль цэцэрлэгийн цогцолбор барихаар  холбогдох хууль, дүрэм, журмын дагуу  эрх бүхий байгууллагуудын зөвшөөрөл авсан нь дээрх хуулийн дагуу нийгмийн дэд бүтцийн барилга гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгч компанийн зүгээс 2021 оны 8 дугаар сарын 5-ны өдөр сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих архитектур төлөвлөлтийн даалгавар авсан байх тул 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн үйлчлэлд хамаарахгүй гэх нэхэмжлэгч талын тайлбар үндэслэлтэй байна.

Мөн Хот байгуулалт хөгжлийн газрын 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 03/3642 тоот албан бичгээс үзвэл тус цогцолбор барих газар нь 2018 онд тооцсон хүн амын нягтралын хэмжээнээс хэтрээгүй гэжээ.

Нөгөөтэйгөөр нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн  хурлын даргын 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 110 дугаар захирамжаар нийслэлийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нарантрейд ХХК-ийн эзэмшил газарт орон сууцны барилга барих болсонтой холбогдуулан тус газар орчмын оршин суугч иргэдийн эсэргүүцэл маргаан үүссэн асуудлын судлан, цаашид авах арга хэмжээний санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж,

Ажлын хэсгээс 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн дүгнэлтээр “Нарантрейд ХХК нь 2000 м.кв газар илүү ашиглаж байх магадлалтай байх тул мэргэжлийн байгууллагаар  газар дээр нь хяналтын хэмжилт хийлгүүлэх,

Тухайн газартаа автомашины төлбөртэй зогсоол ажиллуулж байгаа нь газраа гэрээнд заасан зориулалтын дагуу  эзэмшиж, ашиглах гэсэн заалтыг зөрчиж байх тул тус хэсгийг газар эзэмших эрхийг хүчингүй болгох,

Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/1148 дугаар  захирамжийг зөрчиж орон сууцны барилга барих зөвшөөрлийг  олгосон тул тус компанид олгосон архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зураг, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгох санал дүгнэлтийг гаргасан байхад хариуцагч маргаан бүхий актыг гаргахдаа дээрх дүгнэлтэд заасан хяналтын хэмжилт хийгээгүй, эрх бүхий байгууллагын дүгнэлт гаргуулаагүй, мөн уг дүгнэлтийг маргаан бүхий актын үндэслэл болгохгүйгээр нэхэмжлэгч компанийн эзэмшил газрын хэмжээг хасаж шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.

Газрын тухай хуулийн  27 дугаар зүйлийн 27.1-т Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, 27.4-д Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно, 40 дүгээр зүйлийн 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж зааснаас үзвэл нийслэлийн Засаг даргын 2015 оны А/548 дугаартай захирамжаар нэхэмжлэгч Нарантрейд ХХК-ийн газар эзэмших эрхийг 10 жилээр сунгаж, орон сууц, сургуулийн цогцолборын зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэж, 2021 онд газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон, тухайн газартаа 2012 онд 8 блок барилга барих эскиз зураг батлуулан зураг төсөл хийлгэсэн байсныг 2021 онд өөрчлөн сургууль цэцэрлэгийн цогцолбор, багш ажилчдын орон сууц барих архитектур төлөвлөлтийн даалгавар, эскиз зураг хийлгэн магадлалын ерөнхий дүгнэлт гаргуулж, бусад холбогдох зөвшөөрлүүдийг  төрийн захиргааны эрх бүхий байгууллагуудаас авч барилгын ажлаа эхлүүлсэн байх тул хариуцагч талын “...нийт 19980 м.кв газраа ашиглаагүй зарим хэсгийг нь ашиглаж  байгаа...”  гэх тайлбар үндэслэлгүй юм.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Нарантрейд ХХК нь тухайн газартаа:

1994-1997  онд 19 дүгээр байрыг барьж ашиглалтад оруулсан,

1999-2002 онд 20 дугаар байрны барилгыг барьж ашиглалтад оруулсан,

2009-2010 онд спорт заал барих зөвшөөрөл болон техникийн нөхцөлүүд авсан,

2012 онд 8 блок барилга барих эскиз зураг батлуулж,

2013-2020 онд 84 дүгээр барилгыг барьж ашиглалтад оруулсан,

2021-222 онд Сургууль, цэцэрлэгийн цогцолбор, багш ажилчдын  сууц барих зөвшөөрөл авч, зураг төсөл боловсруулсан зэргээс үзвэл хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т Эрх бүхий байгууллага барилгын ажлын зөвшөөрөл олгохдоо доор дурдсан асуудлыг харгалзан үзнэ, 7.1.2-д иргэн, хуулийн этгээдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, ажиллахтай холбогдон үүсэх эрх, ашиг сонирхол, 7.2-д Нийтийн болон гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхол зөрчигдөх тохиолдолд энэ хуульд заасан шаардлага, үндэслэлийн дагуу барилгын үйл ажиллагаатай холбоотой хувийн эрх, ашиг сонирхлыг эрх бүхий байгууллагын шийдвэрээр хязгаарлаж болно гэж заасныг тухайн тохиолдолд хэрэглэвэл эрх бүхий байгууллагаас нэхэмжлэгчид барилгын ажлын зөвшөөрөл олгохоос өмнө иргэн, хуулийн этгээдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөх эсэх асуудлыг шалгаж, дээрх нөхцөл байдал тогтоогдвол зөвшөөрөл олгохоос татгалзахаар байх боловч тухайн нөхцөлд орчны оршин суугч иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчсөн талаар эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогоогүй байна.

Иймд нэхэмжлэгч Нарантрейд ХХК нь Барилгын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-т Барилгын үйл ажиллагааг энэ хуульд заасан нөхцөл, журмын дагуу тусгай зөвшөөрөл, барилгын ажлын зөвшөөрөл, бүртгэлийн үндсэн дээр эрхэлнэ гэж зааснаар төрийн захиргааны эрх бүхий байгууллагуудаас олгосон нөхцөл журмын дагуу сургууль, цэцэрлэгийн цогцолбор, багш ажилчдын орон сууц барих ажлыг эхлүүлсэн нь иргэн, хуулийн этгээдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байх тул Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-т Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно гэсний дагуу нийслэлийн Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн А/1463 дугаар захирамж нэхэмжлэгч компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэж, хүчингүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.1, 106.3.12 дах хэсэгт заасныг удирдлага болгон

     ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн  27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 61 дүгээр зүйлийн 61.1, Барилгын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1  дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Нарантрейд ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, нийслэлийн Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн А/1463 дугаар захирамжийг хүчингүй болгосугай.

 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

     3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр 114.1-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

   ШҮҮГЧ                                 Д.ЧАНЦАЛНЯМ