Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 205/МА2019/00015

 

Д.Па-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж

заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг

Ерөнхий шүүгч Ж.Баттогтох даргалж,

Бүрэлдэхүүнд: Шүүгч Б.Намхайдорж, Б.Ариунбаяр

Бусад оролцогчид:

Нэхэмжлэгч: Д.Па-

Хариуцагчийн өмгөөлөгч/Онлайнаар/: М.Гомборагчаа

Нарийн бичгийн дарга: М.Пүрэвдорж нар оролцов.

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 141 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгч Д.Па-гийн давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх хэргийг 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч Д.Па- нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 2015 оны 10 дугаар сард У.Мө-д өвлийн орон сууцыг 30 сая төгрөгөөр зарахаар тохиролцож, уг 30 сая төгрөгтөө 1 пургон машин, бэлнээр 500.000 төгрөг, 162 толгой хонь оролцуулахаар болсон. Пургон машиныг 9.000.000 төгргөнд тооцож авсан. Харин байшингийн гэрчилгээ миний нэр дээр, би банкны барьцаанд тавьсан байсан учраас тухайн үед гэрчилгээг нь У.*******ын нэр дээр шилжүүлж өгч чадаагүй, дараа нь шилжүүлж өгөхөөр тохиролцсон байсан. 2016 оны 6 сард У.Мө- эхнэртэйгээ манайд ирээд байшингийн үл хөдлөхийн гэрчилгээгээ өөрийн нэр дээрээ шилжүүлж авмаар байна гэсэн. Тухайн үед пургон машиныг буцаагаад зарах гэсэн боловч зарагдахгүй, хуучин пургон машин ийм өндөр үнэтэй байдаггүй, У.Мө-ас авсан машин нь 9.000.000 төгрөгийн үнэд хүрэхээргүй гэдгийг нь мэдсэн байсан учраас энэ талаараа У.Мө-д хэлээд машинаа буцааж ав гэхэд машинаа буцааж авахгүй, харин 4 сая төгрөг бэлнээр нэмж өгөхөөр болсон. Эхнэр нь 4 сая төгрөг юу юм бэ өгнө гэж хэлсэн. Тэгээд хэд хоногийн дараа У.Мө- 3.500.000 төгрөг бэлэн авч ирээд 500.000 төгрөгийг нь хоёулаа дундаа хийчихъе, та 3.500.000 төгрөгөө аваад миний байшингийн үл хөдлөхийн гэрчилгээг чөлөөлөөд миний нэр дээр болгоод өг, тэгээд наймаагаа дуусгая гэж хэлэхээр нь би зөвшөөрөөд банкин дээр очоод үл хөдлөхийн гэрчилгээг барьцаанаас гаргуулж авах гэсэн боловч зээлээ бүрэн төлж дуусгаж байж авч болно гэсэн. Тухайн үед би Хас банкинд 11 сая төгрөгийн төслийн зээлтэй, уг зээлийн барьцаанд үл хөдлөхийн гэрчилгээ барьцаалагдсан байсан. Тэгээд би мөнгө хайж эхэлсэн, харин У.Мө- надад 3.500.000 төгрөгөө өгөөгүй, буцаагаад аваад хөдөө явсан байсан. Би мөнгө хайгаад олохгүй болохоор Төрийн банкны эдийн засагч *******тай уулзахад ... та манай банкнаас 8 сая төгрөгийн цалингийн зээл авч болохоор байна, харин цалингийн зээлээ авсан тохиолдолд Хас банкны 11 сая төгрөгийн зээлээ төлөх шаардлагатай.. гэж хэлсэн. Би бодохдоо Төрийн банкнаас 8 сая төгрөгийн зээл аваад У.Мө-ас 4 сая төгрөгөө аваад Хас банкны 11 сая төгрөгийн зээлээ төлөөд У.Мө-д үл хөдлөхийн гэрчилгээг нь чөлөөлөөд өгчхөөд зөвхөн Төрийн банкинд цалингийн зээлээ төлөөд байж болох юм гэж тооцоод Төрийн банкнаас 8 сая төгрөгийн цалингийн зээл аваад Хас банкинд хийсэн. Харин У.Мө-ас мөнгөө авах гэтэл мөнгөө үрчихсэн одоо мөнгө байхгүй гэсэн. Гэтэл Төрийн банкнаас Хас банкны зээл хаасан баримтаа авчирч өг гээд нэхээд би хүнд байдалд орсон. Ингээд би дахин сар гаруй мөнгө хайж байтал Төрийн банкнаас нэмж зээл авах эрх үүсээд цалингийн зээлээ 11.890.000 төгрөгийн зээл болгож нэмэгдүүлээд Хас банкны зээлээ хаасан. ХэрэвУ. Мө- мөнгө өгнө гэж хэлээгүй байсан бол би Хас банкнаас авсан төслийн зээлээ хаах шаардлагагүй байсан, учир нь зээлийн хүү нь харьцангуй бага хүүтэй байсан юм. Ингээд У.Мө- нь мөнгө өгөхгүй болохоор бид хоёр ярилцаад 2017 оны 6 сард нотариатч ******* гэдэг хүн дээр очиж ... У.Мө- надад үлдэгдэл 4.000.000 төгрөгийг өгнө, харин үл хөдлөхийн гэрчилгээг би чөлөөлж өгнө... гэдэг гэрээ хийж нотариатаар батлуулсан юм. Гэрээний нэг хувь надад байхгүй байгаа. Би бичиг үсэг мэдэхгүй учраас тийм утгатай гэрээ байгуулагдсан гэж ойлгосон, уг нь манай эхнэр надтай хамт, У.Мө- эхнэртэйгээ явж байсан юм. Гэтэл тэр гэрээ нь одоо танилцахад зөвхөн би гэрчилгээг нь чөлөөлж өгнө гэж бичсэн, надад мөнгө өгөх талаар ерөөсөө бичээгүй гэрээ байсан байна. Бид хоёр нэг л удаа нотариат дээр очсон юм, надад 4 сая төгрөг өгнө гэсэн агуулгатай гэрээ байхгүй, энэ гэрээ мөн байх, би тухайн үед уншаагүй учраас өөр гэрээ байх ёстой гэж ойлгоод байсан юм. Гэхдээ У.Мө- надад 4 сая төгрөг өгөх нь үнэн, энэ талаар нотариатч *******, банкны эдийн засагч ******* нар хэлсэн байгаа учраас одоо У.Мө-ас 4 сая төгрөгөө нэхэмжилж байгаа юм. У.*******ыг мөнгөө өгөхгүй болохоор би байшингийн үл хөдлөхийн гэрчилгээг Тэгшдаян гэдэг компанид 2 сая төгрөгөнд барьцаалаад зээл авсан байсан түүнийгээ төлөөд одоо 500.000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. У.Мө- мөнгөө өгчих юм бол үл хөдлөхийн гэрчилгээг нь аваад түүний нэр дээр нь шилжүүлээд өгчихөж болно.

Мөн би бичиг үсэг мэдэхгүй учраас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийн төрсөн хүү П.*******ыг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцуулсан боловч хүү маань Ховд аймагт яаралтай ажилтай явж байгаа учраас шүүх хуралдаанд өөрөө оролцохоор хүсэлт гаргасан. Би өөрийн эдлэх эрх үүрэг, нөлөөллийн мэдүүлэг болон 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс өмнө хэргийн материалд цугларсан нотлох баримттай итгэмжлэгдсэн төлөөлөгч П.*******аар дамжуулан танилцсан, харин 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс хойш хэрэгт цугларсан нотлох баримтуудыг өөрийн найз Ц.Төртогтохоор уншуулж танилцсан. Надад хэргийн материал, эрх үүрэг танилцах болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой санал хүсэлт, гомдол байхгүй. Хариуцагч тал 2.000.000 төгрөг өгье, эвлэрэн хэлэлцэе гэж байгаа боловч би зөвшөөрөхгүй байна, би Мө-ас 4 сая төгрөг авах ёстой. Би энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч авах шаардлагагүй гэж үзэж байна. Иймд хариуцагч У.Мө-ас 4.000.000 төгрөгийг гаргуулан өгнө үү ... гэжээ.

Хариуцагч У.Мө- нь шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 

... Би Па-гийн гаргасан 4.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. 2015 оны 10 сард наймаа хийгээд Па- төрсөн дүүтэйгээ ирээд 30 сая төгрөгөндөө тооцоод 162 толгой хонь, пургон автомашин, бэлнээр 500 мянган төгрөг аваад явсан. 2016 оны 6 дугаар сарын 20-нд очиж хашаа байшингийн бичиг баримтаа авахаар очсон чинь машины үнэ дээр тохиролцоогүй. Би наймаагаа буцаая гэсэн чинь Па- ... малыг чинь алаад идчихсэн, мөнгө байхгүй, машинаас өөр юм байхгүй... гэж хэлсэн. Машины үнэ дээр 4 сая төгрөг нэмж өг гэхээр нь би өгөхгүй гэсэн. Би 4 сая төгрөг нэмж өгөхөөр ерөөсөө тохиролцоогүй, одоо болтол хашаа байшингийн гэрчилгээгээ өөрийн нэр дээр болгож аваагүй байгаа. Тэгээд байшингийн бичиг баримт шилжүүлж өгөхгүй болохоор нь 2017 оны 6 дугаар сарын 23-ний өдөр нотариат дээр очоод 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр гэхэд байшингийн бичиг баримтыг чөлөөлж миний нэр дээр шилжүүлж өгөхөөр гэрээ байгуулсан. Түүнээс хойш одоо болтол шилжүүлж өгөхгүй байгаа. Энэ талаар би Завхан аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байсан. Би одоо Па-д 2.000.000 төгрөг өгье, тэгээд маргаанаа дуусгавар болгоё, миний байшингийн гэрээ гэрчилгээг миний нэр дээр шилжүүлээд өгчих гэдэг эвлэрэх санал тавьсан боловч зөвшөөрөхгүй байгаа. Эвлэрэхгүй тохиолдолд 2 сая төгрөгийг би хүлээн зөвшөөрөхгүй. Би байшингийн үнэ хөлсийг хангалттай төлсөн учраас одоо надад Па-д өгөх өр, төлбөр байхгүй тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.... гэжээ.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Па-гийн нэхэмжлэлтэй хариуцагч У.Мө-д холбогдох 4.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Па-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78.950 /далан найман мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Д.Па- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Миний бие нь Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 141 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. У.Мө-ас хашаа, байшингийн үнийн үлдэгдэл 4.000.000 төгрөгийг авахаар байсан боловч өгөхгүй болохоор нь Д.******* нотариат дээр очоод үлдэгдэл 4.000.000 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр У.Мө- нь төлж барагдуулна. Харин би үл хөдлөхийн гэрчилгээг банкнаас чөлөөлж нэр дээр нь шилжүүлж өгнө гэсэн утгатай гэрээ байгуулсан юм. Энэ гэрээний нэг хувиа би өөрөө алга болгочихсон байсан учраас нотариатаас үлдэгдэл нэг хувийг нь гаргуулахаар мөн нотариатын бүртгэлд үзлэг хийлгүүлэхээр анхан шатны шүүхэд хүсэлт гаргасан юм. Гэтэл анхан шатны шүүх миний гаргасан хүсэлтийг яаж шийдвэрлэсэн талаараа надад мэдэгдээгүй миний эрхийг зөрчсөн байна. Миний зүгээс У.*******ын гаргаж өгсөн гэрээг хуурамчаар нотлох баримт бүрдүүлсэн гэж үзсэн учраас нотариатын бүртгэл, гэрээний нэг хувь дээр нь үзлэг хийлгүүлэх шаардлагатай гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүх миний гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй, хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн, нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэж чадаагүй гэж үзэж байгаа учраас хэргийн материалыг бүхэлд нь дахин хянуулахаар гомдол гаргаж байна.

Гомдлыг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч У.Мө- давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн хүсэлтэндээ:

Завхан аймгийн Улиастай сумын Жаргалант багийн иргэн Д.Па-н нэхэмжлэлтэй иргэний хэргийн хариуцагч Мө- миний бие 2019 оны 07 дугаар сарын 26-ны 16 цаг 00 минутад болох шүүх хуралд оролцох боломжгүй байна. Нэхэмжлэгч Па-н гаргасан гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гомдол бичигдсэн нотариатын үйлдлийг би бичээгүй ба хийх боломжгүй бөгөөд энэ үйлдлийг нотариатч *******, Д.Па- түүний эхнэр ******* нар бичиж нотариатаар батлуулсан болно. Иймд Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Д.Па- давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

У.Мө-тай 2015 оны 10 сард наймаа хийсэн хувийн орон сууцыг 30.000.000 төгрөгөнд зарж 162 хонь, 1 пургон машин, 500.000 төгрөг бэлнээр авсан. 2016 онд үл хөдлөхийн бичиг баримтыг шилжүүлэхээр тохиролцсон байсан. Тэгээд 2016 онд эхнэрийн хамт манай гэрт ирээд бичиг баримтаа шилжүүлэх талаар надтай ярьсан. Тэр үед нь чиний пургонд засвар үйлчилгээ хийсэн чиний пургоныг буцааж өгмөөр байна. Машиныг чинь хүнд зарах гэсэн боловч үнэтэй байна гээд авахгүй байна гэхэд манайх машин тэрэг авчихсан машинаа буцааж авахгүй гэсэн. Тэгэхээр нь би машиныг чинь 5.000.000 төгрөгт л авъя гэж хэлэхэд надад 2 сая төгрөг өгье гэж хэлсэн. Би 2 сая төгрөг авахгүй 4 сая төгрөг авна гэсэн чинь эхнэр нь болон У.Мө-тай тохирсон. Би тухайн үед үл хөдлөхийн гэрчилгээгээ барьцаанд тавиад Хас банкнаас төслийн зээл 10.000.000 төгрөг авсан байсан. 2017 оны 06 дугаар сарын 20-н хавьцаа би эхнэрийн хамт гэрт нь орж үл хөдлөхийн гэрчилгээгээ шилжүүлж өгөх талаар ярихад У.Мө- малчны зээл 3.500.000 төгрөг авсан гэж надад хэлсэн. Тэгээд би үл хөдлөхийн гэрчилгээ Хас банкинд байгаа 2017 оны 12 сард чамд шилжүүлж өгье гэж хэлсэн. Тэгээд 2017 оны 12 сарын 01-нд нотариатаар гэрээ байгуулсан. Тэндээсээ гараад Төрийн банкнаас 2 цагт зээл авахаар тохиролцоод У.Мө- руу яриад зээлээ дараад чамд шилжүүлж өгье. Чи 3.500.000 аваад хүрээд ир гэхэд У.Мө- таны үл хөдлөхийн гэрчилгээ болоогүй гэхээр нь малчны зээлээ буцааж хийгээд дарчихсан гэсэн. Би хүн гүтгэж мөнгө нэхээгүй надад өгнө гэсэн мөнгийг л нэхэмжилж байгаа 4 сая төгрөгийг авч байж би үл хөдлөхийн гэрчилгээгээ шилжүүлнэ гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч М.Гомборагчаа/Тосонцэнгэл сумаас онлайнаар/ давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Д.Па-гийн эрхийг анхан шатны шүүх зөрчөөгүй гэж үзэж байгаа. Шүүх хуралдааны явцад нотариатаар хийсэн гэрээг эх хувиар нь гаргаж өгч шалгуулсан байдаг. Нотариатын үйлдлийг хуурамчаар үйлдсэн гэдэг тал дээр бол огт тийм юм байхгүй. 4.000.000 төгрөг авч өгөх ямар ч баримт сэлт байхгүй байгаа. Тийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 Нэхэмжлэгч Д.Па- хариуцагч У.Мө-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үнэ 4.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 Хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч Д.Па- нь хариуцагч У.Мө-д 2015 оны 10 дугаар сард 30.000.000 төгрөгөөр Завхан аймгийн Улиастай сумын Жаргалант багийн Чандмань хэсгийн 2-2 тоотод байрлалтай 684 метр кв газрыг хашаа, байшингийн хамт худалдаж, үнэнд нь бэлнээр 500.000 төгрөг, 162 толгой хонь, пургон машин оролцуулахаар тохирч Д.Па-д шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй байна.

Нэхэмжлэгч Д.Па- нь гэрээний үүрэг дуусгавар болсоны дараа хариуцагч У.Мө-ас гэрээний үнэд 4.000.000 төгрөг нэмж авахаар харилцан тохиролцсон гэж 4.000.000 төгрөг нэхэмжилсэн боловч хэрэгт авагдсан баримтуудаар У.Мө- нь Д.Па-д 4.000.000 төгрөг нэмж төлөхөөр гэрээнд нэмэлт оруулсан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан банкны зээлийн гэрээ, гэрч Б.*******, Д.******* нарын мэдүүлгээр У.Мө- нь Д.Па-д 4.000.000 төгрөг өгөхөөр тохиролцсон гэж үзэхээргүй байна.

 Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

 Харин талуудын хооронд хийгдсэн хашаа байшинг 30.000.000 төгрөгөөр худалдаж, үнэнд нь бэлнээр 500.000 төгрөг, 162 толгой хонь, пургон машин өгөхөөр тохиролцсон тохиролцоо нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний шаардлагад нийцэх бөгөөд гэрээний зүйл нь үл хөдлөх хөрөнгө байгаа тохиодолд талууд гэрээг бичгээр хийж, нотариатаар гэрчлүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлснээр өмчлөх эрх шилжихээр Иргэний хуулийн 109, 110 дугаар зүйлд заажээ.

Талууд эд хөрөнгийн үнийг төлснөөр өмчлөх эрх шилжихээр бичгээр тохиролцсон байх ба талуудын хэн нэг нь гэрээний хүчин төгөлдөр эсэхэд маргаагүй гэрээ дуусгавар болсон тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэж болохоор байна.

Харин анхан шатны шүүх гэрээний хүчин төгөлдөр эсэхэд дүгнэлт хийлгүй, талууд гэрээний гол нөхцөл, гэрээний зүйл, гэрээний үнэ, үнэ тодорхойлох аргаа тохироогүй тул гэрээ байгуулагдаагүй байна гэж үзсэн нь маргааны үйл баримтаас зөрүүтэй учир дутагдалтай дүгнэлт болжээ.

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгч Д.Па-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 1. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 141 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Па-гийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Д.Па- нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 79.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАТТОГТОХ

ШҮҮГЧИД Б.НАМХАЙДОРЖ

Б.АРИУНБАЯР