Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2026 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 2026/ШЦТ/163

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга,

Улсын яллагч Б.Үүрийнтуяа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Буяндалай,

Шүүгдэгч П.Ө нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Пгийн Өт холбогдох эрүүгийн 2638001160089 дугаартай хэргийг 2026 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Л овогт Пгийн Ө,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч П.Ө нь 2025 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Хөвсгөл аймгийн **** сумын *** дугаар багийн **** тоотод байх П.Гийн байшингийн цонхоор орж улсын дугааргүй ***** маркийн мотоциклыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 1,901,200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай оронд байранд нэвтэрч үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийхэд шүүгдэгч П.Ө нь 2025 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Хөвсгөл аймгийн **** сумын *** дугаар багийн **** тоотод байх П.Гийн байшингийн цонхоор орж улсын дугааргүй ***** маркийн мотоциклыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 1,901,200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай оронд байранд нэвтэрч үйлдсэн үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Нотлох баримтуудын талаар:

Талуудын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн үйл баримт эргэлзээгүй тогтоогдсон болно.

Үүнд: Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн  3-р хуудас),

Шүүгдэгч П.Ө-ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Г-ийн гэрт нь очиход эзэнгүй байхаар нь байшингийнх нь цонхоор ороод дотроос нь хаалгыг нь онгойлгоод улаан өнгөтэй ***** маркийн мотоциклийг хулгайлж аваад *** сумын *** дугаар багт хүнд зарахаар тохироод очтол гар утсаар тулна гэхээр нь үгүй гэсэн. Тэгэхээр нь фэйсбүүк дээр зар оруулсан байж байтал нэг хүн холбогдоод *** сумын **** дугаар хороонд ирж үзээд 850,000 төгрөгөөр авахаар болоод аваад явсан...Надад мөнгөний хэрэг гарсан байсан юм. Би өртэй болсон байсан. Би өрөө төлж барагдуулаад үлдсэн мөнгөөр нь хэрэглээнд хэрэглэсэн...” гэх мэдүүлэг,

Хохирогч П.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Ажилдаа явах үедээ *** сумын *** дугаар багийн **** тоот байшиндаа мотоциклио үлдээгээд яваад ажлаасаа ирээд унаж хөдөө гардаг юм...2026 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр би фэйсбүүк хаягнаас Хөвсгөл аймгийн нэгдсэн зар мэдээ гэсэн цахим хаягнаас миний мотоциклийг зарна гээд зурагтай нийтэлсэн байхаар нь хараад өөрийн мотоциклио таниад Ө руу ярихад би таны мотоциклийг аваагүй, юу яриад байгаа юм бэ гэж хэлсэн...байшингийн дотор талаар нь таньсан манай байшин мөн байсан. Мотоциклоо дотор үлдээсэн байсан болохоор...” гэх мэдүүлэг (хх-ийн 9-10-р хуудас),

Гэрч Х.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би фэйсбүүк ороод байж байтал мотоцикль зарна гэсэн зар байхаар нь гар утсаар нь залгаад ярьтал ** дугаар хороонд байна гэхээр нь очиж үзсэн чинь улаан өнгийн ***** маркийн мотоцикл байсан бөгөөд алаг нүдтэй туранхай жижигхэн залуу байсан бөгөөд 850,000 төгрөгөөр зарна гээд 800,000 мянган төгрөгт авахгүй юу гэхээр нь бэлнээр 800,000 төгрөгийг өгөөд мотоциклыг аваад явсан. Тэгтэл удалгүй цагдаагаас дуудаад таны мотоцикль хулгайн мотоцикл байна гэхээр нь унаж ирээд мотоциклын эзэн гэх залуу байсан бөгөөд гаалийн бичигтэйгээ арлын дугаар энтэрийг тулгаж аваад унаад явсан. Тэгээд нөгөө надад мотоцикл зарсан нөхөр буцаагаад 800,000 төгрөгийг бэлнээр нь өгсөн байдаг....Надад гомдол санал байхгүй. Өгсөн мөнгөө буцааж авсан. Тэгээд мотоциклыг нь эзэнд нь хүлээлгэж өгсөн....” гэх мэдүүлэг (хх-ийн 50-р хуудас),

**** ХХК-ийн 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 12 дугаартай: “...Хөрөнгийн үнэлгээний тооцоо 1,901,200 төгрөг...” гэх дүгнэлт (хх-ийн 28-34-р хуудас) зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба уг нотлох баримтууд нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Эрүүгийн 2638001160089 дугаар хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтуудыг мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

Мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.

Гэм буруугийн талаар талуудын гаргасан санал, дүгнэлт:

Улсын яллагч шүүх хуралд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч П.Ө нь хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч П.Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч нь гэм буруугийн тал дээр маргаангүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч оролцож байна...” гэв.

Шүүгдэгч П.Ө шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

Эрх зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэрэг гэдэгт бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар, шунахай сэдлээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, өөрийн өмчийн нэгэн адил үнэ төлбөргүйгээр захиран зарцуулсан, эсхүл захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн байхыг ойлгох бөгөөд шүүгдэгч П.Ө нь 2025 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Хөвсгөл аймгийн **** сумын *** дугаар багийн **** тоотод байх П.Гийн байшингийн цонхоор орж улсын дугааргүй ***** маркийн мотоциклыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангаж байна.

Хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч хүний орон байрны халдашгүй байдал болон хуулиар хамгаалагдсан эд хөрөнгийн хувьд эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрлөөр нэвтрэхээс бусад тохиолдолд түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонх, хаалга, түгжээг эвдэх, цуургыг сугалах байдлаар орсон бол хууль бус нэвтрэлт гэж үзэж, хохирлын хэмжээг үл харгалзан уг шинжээр хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан юм.

“Орон байр” гэдэгт хүн байнга буюу түр амьдрахад зориулагдсан төрөл бүрийн орон сууц, байшин, гэр, урц, зочид буудал, амралт, сувиллын газар, зуслангийн байр, майхан зэргийг хамааруулан үздэг ба шүүгдэгч П.Ө нь хүн байнга амьдрахад зориулагдсан П.Гийн эзэмшлийн байшинд хууль бусаар нэвтэрсэн болох нь тогтоогдсон.

Хүн амьдрах орон байр нь шүүгдэгчийн хувьд нэвтрэхийг зөвшөөрөгдөөгүй эсвэл тухайн цаг хугацаанд нэвтрэхийг хориглосон орон зай байх ба шүүгдэгч энэхүү хоригийг мэдсээр байж байшингийн хаалганы цоожийг төмрөөр хөшиж орсон үйлдэл нь түүнийг хууль бус нэвтрэлтэд тооцох үндэслэл болж байна.

Тодруулбал шүүгдэгч П.Ө нь 2025 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Хөвсгөл аймгийн **** сумын *** дугаар багийн **** тоотод байх П.Гийн байшингийн цонхоор орж улсын дугааргүй ***** маркийн мотоциклыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь шүүгдэгчийн хувьд нэвтрэхийг зөвшөөрөгдөөгүй буюу хууль бус нэвтрэлт болох нь хэрэгт авагдсан хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон болно.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт "хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй..." гэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дүгээр бүлэгт уг эрхийг тусгайлан хамгаалж, дээрх эрх зөрчигдсөн, хохирол, хор уршиг учруулсан үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч П.Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцов.

Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирч байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх үзлээ. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдлаа.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн санаа зорилго, архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Шүүгдэгч нь бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр байж өөрт ашиг хонжоо олох зорилгоор, шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгөнд хохирол учруулан хор уршиг хүсч үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, бүр мөсөн, үнэ төлбөргүйгээр эд хөрөнгийг эзэмшилдээ авч, өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн үеэс төгссөнд тооцдог юм.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас...эд хөрөнгөд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан ба шүүгдэгч П.Ө нь хохирогч П.Гийн мотоциклыг хулгайлж 1,901,200 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд хохирогч П.Г нь гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн байх тул шүүгдэгч П.Өыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “....Шүүгдэгчийн хувийн байдал, 18 насанд хүрсэн хэдий ч 21 насанд хүрээгүй боловч оюун санаа, сэтгэхүйн хөгжлийн хувьд өсвөр насны хүүхдийн хэмжээнд, юм үзэгдлийн мөн чанар, үр дагаврыг ойлгох чадвар сул, хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг, багийн засаг даргын тодорхойлолт, прокурорын шатанд болон шүүхийн шатанд биеэ авч яваа байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг,  8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэх арга хэмжээ авах саналыг гаргаж байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийг журамлан энэ хэргийг шийдвэрлэх боломжтой гэж дүгнэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулна гэж заасан буюу 1 жил 1 сарын хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийг журамлан, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг найман жил, түүнээс доош хугацаагаар тогтоосон, эсхүл энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан ял оногдуулахыг тэнсэж нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэж болно гэж заасныг үндэслэж 1 жилийн хугацаагаар тэнсэж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч П.Өт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, төрсний гэрчилгээний хуулбар, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 15-21-р хуудас) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

Шүүгдэгч П.Ө нь урьд ял шийтгэлгүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 21-р хуудас)-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч П.Ө нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч П.Ө нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдэж хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, 19 настай зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж шүүгдэгч П.Өт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, түүний хорих ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх үзлээ.

Улсын яллагч, шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгч П.Өт Эрүүгийн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийг журамлан, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг жармлан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай санал дүгнэлтийг шүүх хүлээн хүлээн авах боломжгүй байна.

Учир нь шүүгдэгч гэмт хэрэг үйлдэх үедээ буюу 2025 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 19 нас 1 сар 14 байсан болох нь иргэний үнэмлэхийн хуулбар (хх-ийн 18-р хуудас)-аар тогтоогдсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт "Шүүхээс арван найман насанд хүрсэн ба хорин нэгэн насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болно" гэж заасан ба уг хуулийн зохицуулалт нь оюун санаа, сэтгэхүйн хөгжлийн хувьд өсвөр насны хүүхдийн хэмжээнд, юмс үзэгдлийн мөн чанар, үр дагаврыг ухамсарлан ойлгох чадвар сул энэ нь сэтгэцийн шинжээчийн дүгнэлт, бусад нотлох баримтуудаар батлагдсан хүний хувьд хэрэглэж болдог онцгой тохиолдлыг тусгайлан хуульчилсан тул шүүгдэгч П.Өт энэхүү ойлголтод хамааруулан үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.

Тодруулбал шүүгдэгч П.Ө нь оюун санаа, сэтгэхүйн хөгжлийн хувьд өсвөр насны хүүхдийн хэмжээнд, юмс үзэгдлийн мөн чанар, үр дагаврыг ухамсарлан ойлгох чадвар сул талаарх баримт хэрэгт авагдаагүй болно.

Бусад асуудлын талаар:

Эрүүгийн 2638001160089 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Өт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих  таслан  сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Л овогт Пгийн Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Пгийн Өыг 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялаар  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Өт оногдуулсан 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн 2638001160089 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Өт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.УУГАНБАЯР