Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 00116

 

Булган аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,
нарийн бичгийн дарга Д.Одончимэг,
улсын яллагч Ц.Гэрэлбаатар,
хохирогч П.Энхтуяа,
шүүгдэгч Б.Бямбацэнд нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бүдсүрэнгийн Бямбацэндэд холбогдох эрүүгийн 171500006100013 дугаартай, 132/2017/0108/Э индекстэй хэргийг 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1977 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Булган аймгийн Тамгын газарт жижүүр ажилтай, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Булган аймгийн Булган сумын 1 дүгээр баг 40 айлын 8-2 тоотод оршин суух, урьд 5 удаагийн ял шийтгэлтэй, хэрэг хариуцах чадвартай, Сахалт овогт Бүдсүрэнгийн Бямбацэнд /РД:ГЮ77122613/.
Холбогдсон хэргийн талаар:
Б.Бямбацэнд нь /яллах дүгнэлтээр/ 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Булган аймгийн Булган сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байх өөрийн гэртээ эхнэр П.Энхтуяаг зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Бямбацэндийн өгсөн: 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 13 цагийн үед цагийг нь сайн санахгүй байна. Тухайн үед би ажил дээрээ байж байгаад тамхи авах гээд Гончигийн дэлгүүр лүү машинтайгаа явж байсан чинь манай 2 хүүхэд явж байхаар нь би машинаа зогсоогоод 2 хүүхдээсээ “та хоёр хаа хүрч байгаа юм бэ” гэж асуусан чинь ээж гэртэй байхгүй бид 2 тоглож яваа юм гэж хэлэхээр нь би 2 хүүхдээ аваад замаар эхнэрийн дүүгийнд орж хүү Эрдэнэцогтыг аваад
гэртэй 3 хүүхдээ хүргэж өгчихөөд ажилдаа машинтайгаа явж байтал эхнэр Шинэ хорооны далангийн хажууд харих гээд явж байхаар нь хүргэж өгье гэж бодоод би буцаад эхнэр дээрээ очих гээд явж байтал намайг хараад зугтаагаад байхаар нь би машинаасаа буугаад араас нь явган гүйцэж очоод эхнэрийг “чи надаас яагаад зугтаагаад байгаа юм” бэ гэж асуусан чинь дуугарахгүй байсан тэгэхээр нь чи машинд суугаач гэрт хүргээд өгье гэсэн чинь машины ар талын суудал дээр суусан тэгээд бид хоёр харих гээд шинэ хорооны далангийн хажууд явж байтал эхнэр машины хаалга онгойлгоод машинаас үсрээд унасан тэгэхээр нь би машинаа зогсоогоод эхнэрийг чи зүгээр үү эмнэлэг явах уу гэж асуусан чинь эхнэр би зүгээр эмнэлэг явахгүй гэж хэлсэн тэгээд бид хоёр гэртээ харьсан. Бид хоёр гэртэй байж байгаад би эхнэрийг чи яагаад машинаас үсэрч байгаа юм чи намайг хэрэгт хийх гээд байгаа юм уу гэж хэлсэн чинь эхнэр яадгийн гэж хэлэхээр нь миний уур хүрээд гэрт байсан хуванцар сандалыг аваад эхнэр лүү шидсэн юм. Миний шидсэн сандал эхнэрийн баруун гуя дээр нь оносон. Тэгээд би гэрээс гараад ажилдаа явсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Ар гэрээ би ганцаараа тэжээдэг учраас торгуулийн ялаас өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч П.Энхтуяагийн өгсөн: 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр байх өдрөө сайн санахгүй байна. Орой 17 цагийн үед гэртээ хүүхдүүдтэйгээ байж байхад манай нөхөр Бямбацэнд гаднаас архи согтууруулах ундаа хэрэглээгүй эрүүл орж ирээд надаас миний гар утасны сим картыг авах гэхэд нь би айлд орхичихсон гэсэн чинь олж ир гэсэн. Уг нь миний утасны сим карт надаа байсан ба дургүй хүрээд өгөөгүй юм. Тэгээд гэрээс гарч яваад буцаад гэртээ ирэхэд манай нөхөр надаас сим карт асуухаар нь байхгүй гэсэн чинь над руу хуванцар том сандал шидэж миний зүүн хөлийн гуя хэсэгт нэг удаа оносон. Тэгээд би 3 хүүхдээ аваад өөрийн ээж Цэндийн гэрт нь очиж 2-3 хоноход манай нөхөр Бямбацэнд 3 хүүхдээ аваад гэр лүүгээ явсан байсан. Намайг Шинэ хорооны далан даваад явган ганцаараа 15 цагийн үед явж байхад Бямбацэнд машинтай ирээд намайг суу гэхээр нь би суухгүй гэсэн чинь намайг суулгаад явж байхад нь би хүрэн худагны ойролцоо өөрөө арын суудал дээрээс хаалгыг онгойлгож үсрээд баруун талын мөр, ташаа хэсгийг гэмтээсэн. Тэгээд би цагдаад хандаж өргөдөл гаргасан. Миний биед учирсан гэмтлийг би өөрөө өөртөө учруулсан юм. Харин зүүн хөлийн гуяанд учирсан гэмтлийг нөхөр маань учруулсан. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг,
171500006100013 дугаартай эрүүгийн хэргээс хэрэг бүртгэлтийн шатанд:
Шинжээч эмч О.Нансалмаагийн өгсөн: Магадлуулагч П.Энхтуяагийн биед үүссэн гэмтлүүд нь тээврийн хэрэгсэл болон цохиж зодох үед аль алинаас нь үүсэх боломжтой гэх мэдүүлэг /хх-17 тал/,
Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн дүгнэлтэнд: П.Энхтуяагийн биед баруун бугалага, баруун шуу, баруун ташаа, зүүн гуя, баруун өвдөгөнд цус хуралт, баруун даланд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг гарсан цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар
сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-14 тал/,
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол /хх-1 тал/, мөрдөгчийн санал /хх-20 тал/, өргөдөл, гомдол хүлээн авсан тэмдэглэл /хх-4 тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон хувийн байдлын талаарх баримтууд /хх-32-38 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг хянаж шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Булган аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.Бямбацэндэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-т заасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Б.Бямбацэнд нь 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Булган аймгийн Булган сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байх өөрийн гэртээ эхнэр П.Энхтуяаг зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, гэмт хэргийн сэдэлт, шалтгаан, учирсан хор уршгийн талаар хохирогч, өөр хоорондоо зөрүүгүй өгсөн мэдүүлгүүд, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсаныг тогтоосон шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч Б.Бямбацэндийн холбогдсон хэргийн талаар гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдож байна.
Хохирогчийн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.
Иймд шүүгдэгч Б.Бямбацэнд нь хүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Бямбацэндийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч П.Энхтуяа санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлжээ.
Шүүгдэгч Б.Бямбацэндэд ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, гэм хорыг арилгасныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Хэдгийгээр Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялын саналыг оруулж байгаа боловч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлэг,
шүүгдэгчийн хувийн байдал болон ар гэрийн нөхцөл байдлыг харгалзан торгуулийн ял оногдуулах боломжгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Б.Бямбацэнд нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:
1. Сахалт овогт Бүдсүрэнгийн Бямбацэндийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Бямбацэндийг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.Бямбацэндэд 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.Бямбацэнд нь 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Б.Бямбацэнд нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй, хохирогч санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бямбацэндэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ДЭЛГЭРМӨРӨН