Шүүх | Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бат-Эрдэнийн Батчимэг |
Хэргийн индекс | 158/2023/0013/З |
Дугаар | 158/ШШ2023/0036 |
Огноо | 2023-07-28 |
Маргааны төрөл | Татвар, |
Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 07 сарын 28 өдөр
Дугаар 158/ШШ2023/0036
Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батчимэг даргалж хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “Нэвсгэр өвст ургамал” НҮТББ,
Хариуцагч: Булган аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч /У.Мөнхчимэг, ДЗолжаргал/ нарын хоорондын
“Булган аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Золжаргал, У.Мөнхчимэг нарын 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн № НА-04220000019 тоот нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгох” шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Нэвсгэр өвст ургамал” НҮТББ-ын гүйцэтгэх захирал Х.Нарангэрэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Галмандах, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Булган аймгийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн дарга, татварын улсын байцаагч С.Санжаасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энхмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. “Нэвсгэр өвст ургамал” нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага /цаашид ““Нэвсгэр өвст ургамал” НҮТББ” гэх/ нь Булган аймгийн Татварын хэлтэс /цаашид “Татварын хэлтэс” гэх/-ийн татварын улсын байцаагч нар /У.Мөнхчимэг, Д.Золжаргал/-т холбогдуулан “Татварын улсын байцаагч нарын 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн НА-04220000019 дугаартай нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах”-аар маргаж байна.
2. Татварын хэлтэс нь “Нэвсгэр өвст ургамал” НҮТББ-ыг түүний хүсэлтээр 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгэсэн бөгөөд уг хуулийн этгээдээс 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 1 дугаартай албан бичгээр нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөс чөлөөлүүлэх тухай хүсэлтийг гаргажээ.
2.1. Харин Татварын хэлтэс 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 01/572 дугаартай албан бичгээр Татварын ерөнхий газрын Эрсдлийн удирдлагын газарт “Нэвсгэр өвст ургамал” НҮТББ-ын эрсдлийг тооцуулах хүсэлтийг хүргүүлсэн бөгөөд дээрх байгууллагаас 51 хувийн дэнд эрсдэлтэй гэж үнэлэн цахим бүртгэлд татварын хяналт шалгалт хийх эрхийг нээсэн байна.
2.2. Улмаар Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн даргын 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 4221102951 дугаартай “Татварын хяналт шалгалт хийх томилолт”-ын дагуу тус хэлтсийн улсын байцаагч Д.Золжаргал, У.Мөнхчимэг нар “Нэвсгэр өвст ургамал” НҮТББ-ын 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн хоорондох санхүүгийн үйл ажиллагаанд татварын хяналт шалгалтыг хийж 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэгчид 18589000 төгрөгийн нөхөн татвар, 5576700 төгрөгийн торгууль, 3766876 төгрөгийн алданги, нийт 27932576 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр тогтоосон НА-04220000019 дугаарын “Нөхөн ногдуулалтын акт”-ыг гаргажээ.
3.Татвар төлөгчийн зүгээс Татварын улсын байцаагчийн № НА-04220000019 тоот нөхөн ногдуулалтын актаар ногдуулсан төлбөрийг эс зөвшөөрч Булган аймгийн Татварын хэлтсийн дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан байна.
3.1. Дээрх Маргаан таслах зөвлөл нь 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хуралдаж, 01 дугаар тогтоолоор татварын улсын байцаагчийн НА-04220000019 дугаартай нөхөн ногдуулалтын актаас 5,923,780.83 төгрөгийн төлбөрийг бууруулж, 14646750.9 төгрөгийн нөхөн төлбөр, 4394025.27 төгрөгийн торгууль, 2968019 төгрөгийн алданги, нийт 22,008,795.17 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлэжээ.
4. “Нэвсгэр өвст ургамал” НҮТББ нь татварын улсын байцаагчийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн № НА-04220000019 дугаартай “Нөхөн ногдуулалтын акт”-ыг хүчингүй болгуулахаар маргаан үүсгэсэн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ “..Булган аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Золжаргал, У.Мөнхчимэг нар 4221102951 тоот хяналт шалгалт хийх томилолтын дагуу 2022.11.22-ноос 2022.12.14-ний өдрүүдэд "Нэвсгэр өвст ургамал” НҮТББ-ын 2021.10.11-нээс 2022.10.26-ны өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт /НӨАТ-төлөгчийн бүртгэлээс хасагдах/ хийж 2022.12.14-ний өдөр № НА-04220000019 тоот нөхөн ногдуулалтын актаар 27,932,576 төгрөгийн төлбөрийг ногдуулсан.
Татвар төлөгчийн зүгээс Татварын улсын байцаагчийн № НА-04220000019 тоот нөхөн ногдуулалтын актаар ногдуулсан төлбөрийг эс зөвшөөрч Булган аймгийн Татварын хэлтсийн дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан.
Уг гомдлын дагуу маргаан таслах зөвлөл 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хуралдаж, 01 дугаар тогтоолоор татварын улсын байцаагчийн №НА-23210000201 тоот нөхөн ногдуулалтын актаас 5,923,780.83 төгрөгийн төлбөрийг бууруулж, 22,008,795.17 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлэсэн.
Нэхэмжлэгчийн зүгээс энэхүү нөхөн ногдуулалтын акт болон түүнийг урьдчилан шийдвэрлэх журмаар шийдвэрлэсэн Татварын маргаан таслах зөвлөлийн 2023 оны 01 дугаар тогтоолыг эс зөвшөөрч Татварын ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 19 дэх хэсэгт заасны дагуу энэхүү гомдлыг гаргаж байна.
А. Татварын улсын байцаагч шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчсөн талаар: Татварын улсын байцаагч татварын хяналт шалгалт хийж, шийдвэр гаргахдаа Татварын ерөнхий хуулийн 9 дүгээр бүлэг, Татварын ерөнхий газрын даргын 2022 оны А/70 тоот тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан "Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам/”-г баримтлан шийдвэр гаргадаг. 'Татварын ерөнхий хуулийн 41.2-т болон хяналт шалгалтын үйл ажиллагааны журмын 3.6-д тус тус зааснаар хяналт шалгалтыг зөвхөн томилолттойгоор гүйцэтгэх бөгөөд тухайн албаны хяналт шалгалтын нэгжийн дарга олгодог... Тус журмын 7.2-т зааснаар нөхөн ногдуулалт акт хавсралтын хамт хүчинтэй бөгөөд хавсаргах хавсралтыг 7.7-д зааж өгсөн. Томилолт нь тус журмын 7.7.1-д заасан албан ёсоор хавсаргах баримт юм.
2022.12.15-ны өдөр № НА-04220000019 тоот нөхөн ногдуулалтын ...хүчин төгөлдөр болсон акттай "Нэвсгэр өвст ургамал" НҮТББ-н гүйцэтгэх захирал Х.Нарангэрэл танилцаж, актын зургийг хувийн утас дээр авч баримтжуулан, актын бүх хуудасны доод талд "хөх” өнгийн балаар гарын үсэг зурж, цаасан хэлбэрээр хүлээн авалгүй үлдээсэн. Татварын улсын байцаагч нар тус журмын 4.5.10-д заасан хугацаанд нөхөн ногдуулалтын актыг, хавсралтын хамт хүлээлгэж өгөхдөө хяналт шалгалт хийх 4221102951 тоот томилолтыг хүлээлгэж өгөөгүй. Тухайн томилолтыг 2023.03.23-ны өдөр аймгийн Татварын хэлтсийн бичиг хэргээс авсан.
Татварын улсын байцаагч нар нөхөн ногдуулалтын актыг татвар төлөгчид гардуулж өгөхдөө татвар төлөгчийн 2022.12.15-ны өдөр акттай танилцаж, гарын үсэг зурсан нөхөн ногдуулалтын актны "ЭХНИЙ” хуудсыг сольж өгсөн ба энэ талаар татвар төлөгч юу ч мэдээгүй. Тухайн сольсон хуудаст орсон өөрчлөлт нь "2021 оны 10 сарын 11-ний өдрөөс" гэх бичвэрийг "2021 оны 01 сарын 01-ний өдрөөс” болгон өөрчилсөн. Өөрөөр хэлбэл 2022.12.14-ний өдөр хүчин төгөлдөр болсон актад өөрчлөлт оруулсан гэсэн үг. Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлд зааснаар захиргааны байгууллага өөрөө захиргааны актын илэрхий алдааг засах бөгөөд энэ талаар татвар төлөгчид мэдэгдэх үүрэгтэй. Тухайн үед байцаагч нар энэ засварын талаар татвар төлөгчид мэдэгдээгүй болно. Эрх зүйд хугацаа бол хууль зүйн пакт болох бөгөөд түүнийг засварлах нь илэрхий алдаанд орохгүй. Учир нь "Нэвсгэр өвст ургамал” НҮТББ-ын хяналт шалгалтад хамрагдах хугацааг 2021.10.11.-нээс 2022.10.26-ны өдрийг дуусталх гэж тодорхойлсныг 2021.01.01.-нээс 2022.10.26-ний өдрийг дуусталх хугацаанд болгож өөрчилснөөр татвар төлөгчийн санхүүгийн баримтад хяналт шалгалт хийх хугацааг уртасгаж байна. Ингэснээр өөрсдийн илрүүлсэн гэх зөрчлийн хугацааг хяналт шалгалтад хамрагдах хугацааны хязгаарт багтаах, цаашилбал хууль тогтоомжид заасан удирдамж, томилолтгүйгээр хяналт шалгалт хийсэн гэх зөрчлөөс урьдчилан сэргийлсэн хууль бус үйлдэл гэж үзэхээр байна. Мөн сольсон хуудасны доод хэсэгт татварын төлөгчийн гарын үсэг байхгүй бөгөөд сольсон гэдэг нь үүгээр нотлогдох юм.
Нөхөн ногдуулалтын актын солигдоогүй хуудаст бичигдсэнээр “Нэвсгэр өвст ургамал” НҮТББ-ын хяналт шалгалтад хамрагдах хугацааг 2021.10.11.-нээс 2022.10.26-ны өдрийг дуусталх гэж зааж өгсөн бөгөөд 2021.10.11.-нээс өмнөх хугацаанд хяналт шалгалт хийх боломжгүй. Өөрөөр хэлбэл 2021.10.11-нээс өмнөх хугацаанд хяналт шалгалт хийх томилолт байхгүй гэсэн үг. Гэтэл ТУБ нар татвар төлөгчийн 2021.01 сараас 2021.09 сар хүртэлх хугацаанд хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрт холбогдох 215,285,000 төгрөгийн санхүүжилтийг НӨАТ-н тайланд тусгаагүй гэх зөрчил илрүүлсэн нь хяналт шалгалтад хамруулаагүй хугацааны санхүүгийн анхан шатны баримтад хяналт шалгалт хийснийг илэрхийлж байна. Энэ үйлдлээ зөв болгох үүднээс хяналт шалгалтад хамрагдах хугацааг 2021.01.01.-нээс 2022.10.26-ний өдрийг дуусталх болгон өөрчилсөн нь татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журмын 4.5.7, 4.5.9, 4.5.10-р зүйлийг болон Захиргааны ерөнхий хуулийн 39, 40, 45 дугаар зүйлийг тус тус зөрчсөн үйлдэл юм. Маргаан таслах зөвлөлийн тогтоолын 5 дугаар хуудасны 2 дугаар параграфт "Татварын ерөнхий газрын Эрсдэлийн удирдлагын газраас хэсэгчилсэн хяналт шалгалт байсныг иж бүрэн хяналт шалгалт болгож томилолт өгсөн болох нь 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн №4221102951 томилолт, 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн №НА-04220000019 дугаартай нөхөн ногдуулалтын акт зэргээр нотлогддог...", мөн тогтоолын 5-6 дугаар хуудаст татварын улсын байцаагч У.Мөнхчимэгийн тайлбарт "... хяналт шалгалт хийх хугацаанд өөрчлөлт оруулан 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 26-ныг дуустал шалгахаар шалгалтын хугацааг сунгасан..." гэсэн маргаан таслах зөвлөлийн эрх зүйн дүгнэлт, байцаагчийн тайлбараас үзвэл хяналт шалгалтын төрлийг өөрчилсөн, хяналт шалгалтын хугацааг сунгасан үйл баримтыг хяналт шалгалтын асуудал хариуцсан нэгжийн дарга нь хяналт шалгалтын үйл ажиллагааны журмын 3.1.17-д зааснаар өөрчлөлтийг томилолтын 10 дах хэсэгт, 3.1.16 зааснаар сунгалтыг томилолтын 9 дэх хэсэгт тус тус тусгаж, гарын үсэг зурж, тэмдэг дарж баталгаажуулаагүй байна. Мөн томилолтын 7 дахь хэсэгт татварын хяналт шалгалт эхлэх хугацаа 2022 оны 12 сарын 1-ний өдөр, нөхөн ногдуулалтын актад шалгалтыг 2022 оны 11 сарын 22-ны өдрөөс эхэлсэн гэж зөрүүтэй байгаа нь бидэнд 2023.03.23-ны өдөр "хуулбар үнэн" тамгатай томилолтыг дээрх зөрчлөө нуун далдлах зорилгоор дахин үйлдсэн, эсхүл татварын улсын байцаагч нар Татварын ерөнхий хуулийн 41.2 дах заалт болон хяналт шалгалтын үйл ажиллагааны журмыг зөрчиж томилолтгүйгээр хяналт шалгалтыг эхэлсэн гэсэн ойлгомжгүй, тодорхойгүй байдлыг бий болгож байна.
Б. 2021 оны 185,890,000 төгрөгийн борлуулалтын орлогыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тайлагнаагүй гэх зөрчлийн талаар:
"Нэвсгэр өвст ургамал" НҮТББ нь Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо /МБАНХ/-той Сэлэнгэ үүлдрийн үржлийн зориулалттай үхэр сонгох нийлүүлэх үржлийн цөм сүрэг бүрдүүлэх, гарал үүсэл чанарын мөшгөх тогтолцоог нэвтрүүлэх төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр 2021.06.23-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулсан.
Уг гэрээний дагуу Хаан банкны 5286172353 тоот дансанд 2021.07.08-2021.07.24-ний өдрүүдэд 197,900,000 төгрөг шилжин орж, 39 малчдад 127 үхрийн үнэд 197,800,000 төгрөгийг шилжүүлсэн.
2021.08.16-ны өдөр дээрх малчдаас үхрээ хүлээн авч, тус тусын үнийн дүнгээр е баримт үүсгэхэд 2 малчнаас бусад нь одоо болтол баталгаажуулаагүй байна. 2021.08.23-ны өдөр үхэр хүлээлгэн өгсөн тухай акт үйлдэж, Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоонд 127 үхрийг хүлээлгэн өгч, 197,900,000 төгрөгийн урьдчилж олсон орлогыг борлуулалтын орлогоор хүлээн зөвшөөрч е баримтыг шивсэн. Энэхүү үйл баримтыг нягтлан бодох бүртгэлд дараах байдлаар тусгасан. Үүнд:
• Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооноос "Нэвсгэр өвст ургамал" НҮТББ-д 2021.07.08-2021.07.24-ний өдрүүдэд шилжүүлсэн 197,900,000 төгрөгийг
Дт: Харилцах 197,900,000
Кт: Урьдчилж орсон орлого 197,900,000
Бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ үзүүлэхээс өмнө тэдгээрийн үнийг худалдан авагч, эсхүл захиалагчаас урьдчилан хүлээн авсан тохиолдолд хүлээн авсан мөнгөний хэмжээгээр богино хугацаат өр үүсгэж "Урьдчилж орсон орлого” дансанд бүртгэнэ. Энэ дансыг бараа, үйлчилгээ үзүүлсэн буюу орлого хэрэгжсэн үед дебитлэж, холбогдох борлуулалтын орлогын дансыг кредитлэнэ. Өр гэдэг нь аж ахуйн нэгжийн санхүүгийн тайлангийн өдрийн дараах нэг жил ба үйл ажиллагааны циклийн аль уртад төлж барагдуулах бусдын өмнө хүлээн санхүүгийн хариуцлага юм. 2021.07.08-2021.07.26-ны өдрүүдэд малчдад үхрийн үнэд 197,800,000 төгрөгийг урьдчилж шилжүүлсэн
Дт: Урьдчилж төлсөн тооцоо 197,800,000
Кт: Харилцах 197,800,000
Бараа материал, бусад зүйлсийг худалдан авахаар төлсөн урьдчилгааг урьдчилж төлсөн тооцоонд хамааруулна.
• 2021.08.16-ны өдөр малчдаас үхрээ хүлээж авсан
Дт: Бараа материал 197,800,000
Кт: Урьдчилж төлсөн тооцоо 197,800,000
• 2021.08.23-ны өдөр Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны өмчлөлд 125 үхрийг хүлээлгэн өгсөн
Дт: Урьдчилж орсон орлого 197,900,000
Кт: Борлуулалтын орлого 197,900,000
Дт: Борлуулсан бүтээгдэхүүний өртөг 197,800,000
Кт: Бараа материал 197,800,000
Дээрх үйл баримтыг эрх зүйн талаас
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.8-д "нэмэгдсэн өртгийн албан татвар суутгах үүрэг үүсэх өдөр” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан үйл ажиллагаа эрхэлж, орлого олж байгаа хувь хүн, хуулийн этгээдийн уг үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ 50 сая ба түүнээс дээш төгрөгт хүрсэн өдрийг гэж,
4 дүгээр зүйлийн 4.1.1-д "борлуулалт" гэж барааг бусдын өмчлөлд шилжүүлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэхийг гэж,
4 дүгээр зүйлийн 4.1.2-т "бараа" гэж мөнгөн хөрөнгөнөөс бусад бүх төрлийн хөрөнгийг гэж,
5 дугаар зүйлийн 5.2-т" Үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ нь 50 сая ба түүнээс дээш төгрөгт хүрч, албан татвар ногдуулан суутган авч, төсөвт төвлөрүүлэх үүрэг бүхий дараах этгээд албан татвар суутган төлөгч байна” гэж,
5 дугаар зүйлийн 5.6-д "Энэ хуулийн 5.2-т заасан борлуулалтын орлогын хэмжээ нь нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтаар нотлогдсон байна” гэж,
Сангийн сайдын 347 дугаар тушаалаар батлагдсан "Өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллагад нийтлэг хэрэглэгдэх анхан шатны бүртгэлийн маягтыг нөхөх заавар” журмын 6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт "Төлбөрийн баримт нь бараа, ажил, үйлчилгээний төлбөр, тооцоо хийгдсэнийг нотлох анхан шатны цаасан болон цахим баримт юм. Төлбөрийн баримтад борлуулагч, худалдан авагчийг таних тэмдэг, татвар төлөгчийн дугаар, төлбөр тооцоо хийгдсэн он, сар, өдөр, бараа, ажил, үйлчилгээний нэр, код, тоо хэмжээ, үнэ, татварын дүнг тусгана. Төлбөрийн баримтыг цахим гарын үсэг эсхүл тусгай нууцлалын (Кодоор баталгаажуулах бөгөөд ... хоёр хувь үйлдэнэ.” гэж тус тус зааснаас үзвэл "Нэвсгэр өвст ургамал" НҮТББ-д харилцах дансанд 2021.07.08-2021.07.24-ний өдрүүдэд шилжин орсон 197,900,000 төгрөгийг нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4.1.8-д заасан борлуулалтын орлого олж нэмэгдсэн өртгийн албан татвар суутгах үүрэг үүсэх өдөр гэж үзэхгүй. Тодруулбал тус төрийн бус байгууллага нь хамтран ажиллах гэрээний дагуу Сэлэнгэ үүлдрийн үржлийн зориулалттай үхрийг Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны өмчлөлд шилжүүлж өгөх үхрээ малчдаас ч хүлээж аваагүй байсан. Малчдаас 2021.08.16-ны өдөр үхрээ хүлээн авч, 2021.08.23-ны өдөр 125 үхрийг Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны өмчлөлд шилжүүлж, гэрээ дүгнэн, төлбөрийн баримт үйлдсэн. 2021.08.23-ны өдөр нь нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4.1.8-д заасан нэмэгдсэн өртгийн албан татвар суутгах үүрэг үүсэх өдөр юм. "Нэвсгэр өвст ургамал" НҮТББ нь 2021.09.27-ны өдөр нэмэгдсэн өртгийн албан татварын суутган төлөгчөөр бүртгүүлэх хүсэлтээ өгсөн. Татварын хэлтэс уг хүсэлтийг хүлээн авч, 2021.10.10-ны өдөр нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгэсэн.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 10.1-д "Албан татвар суутган төлөгчийн борлуулалтад албан татвар ногдуулах хугацааг татварын албанаас гэрчилгээ олгосон өдрөөс эхлэн тооцно" гэж, мөн хуулийн 16.1-д "Албан татвар суутган төлөгч нь борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд ногдох албан татварыг доор дурдсан журмаар дараа сарын 10-ны өдрийн дотор төрийн сангийн нэгдсэн дансанд шилжүүлж, баталсан маягтын дагуу тайлангаа харьяалах татварын албанд тушаана”, гэж зааснаас харахад албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлсэн этгээд гэрчилгээ авсан 2021.10.10-ны өдрөөс эхлэн борлуулалтдаа татвар ногдуулж, 2021 оны 10 сараас хойш сар бүрийн 10-ны дотор харьяалах татварын албанд тайлагнах хууль зүйн үүрэгтэй байна. Гэтэл "Нэвсгэр өвст ургамал" НҮТББ-нь 2021 оны 8-н сард е-баримтаар шивсэн борлуулалтын орлого болох 204,479,000 төгрөгийг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгаагүй гэж үзэн зөрчилд тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн ТУБ нарын үзэж байгаачлан эдгээр орлогыг 10-12 сарын НӨАТ-н тайланд дахин тусгах нь нягтлан бодох бүртгэл болон санхүүгийн тайлагналын олон улсын стандарт, татварын ерөнхий хуулийн тодорхой зарчимд үл нийцнэ” гэжээ.
Нэхэмжлэгч “Нэвсгэр өвст ургамал” НҮТББ-ын гүйцэтгэх захирал Х.Нарангэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... 9 дүгээр сарын 24-ний өдөр Булган аймгийн Татварын хэлтсээс над руу ярьсан. Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлэх шаардлагатай болсон байна гэсэн. Ингээд 27-ны өдөр хүсэлт өгсөн. Би нийгмийн сайн сайхны төлөө ажилладаг хүн. Өөр аймагт хэрэгжих гэж байсан төслийг Булган аймгийн сумдын нэг ч гэсэн малчин өрхөд орлого оруулах гэж орон нутагтаа хэрэгжүүлсэн. Надад өөрт маань ямар ч орлого ороогүй. Миний дансанд мөнгө үлдээгүй. Орж ирсэн мөнгө нь 127 толгой мал болоод явсан. Шилжиж орж ирсэн мөнгийг малчдад шилжүүлсэн. Орлого гэдэг үгийг би анх ашиг гэж ойлгоод байсан” гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Галмандах шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэл гаргахдаа 3 зүйлээр гаргасан. Нэгдүгээрт шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчсөн байна. Энэ нь томилолтод гарын үсэг зурах, дахиад шинээр томилолт үүсгэсэн, өөрчлөлт дээр гарын үсэг зураагүй. Хяналт шалгалтын хамрагдах хугацааг өөрчилж байгаа асуудал нь хяналт шалгалтын төрөл, хэлбэр өөрчлөх шийдвэр гарсан гэж хуульд заасан. Тэр шийдвэр нь Эрсдлийн удирдлагын газраас гарсан. Тэгвэл үүнийг заавал бүртгэнэ. Хоёрдугаарт актын эхний нүүрийг сольсон асуудал байна. Энэ нь Татварын ерөнхий хуулийн 42 дугаар зүйл 42.4, Хяналт шалгалтын үйл ажиллагааны журмын 4.5.7-д заасныг зөрчсөн. Тухайн нөхөн ногдуулалтын актыг үйлдсэн этгээд буюу улсын байцаагч гарын үсэг зурж, хариуцсан нэгжийн дарга гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно. Акт 12 дугаар сарын 14-ний өдөр хүчин төгөлдөр болсон. Санжаа даргаас хугацааг өөрчлөх хүсэлтийг хэзээ явуулсан бэ? гэж асуусан. Ер нь сонин хугацаа хэлж байна. 12 дугаар сарын 12-ны өдөр явуулсан гэж байна. Хяналт шалгалтын бэлтгэл үе, гүйцэтгэх үе, дуусгах үе нь байцаагч шалгалтаа хийгээд түүнийгээ даргадаа танилцуулж байгаа процесс юм. Гэтэл дуусах үе шатанд явж байхад дахиад хяналт шалгалтын хамрагдах хугацааг нэмэгдүүлээд байна. Он, сар, өдрийн хувьд ч гэсэн хоёрхон хоногийн дотор шийдвэрлэгдэх тухай асуудал байхгүй. 35 дугаар хуудсанд байгаа баримтыг та бүхэн хараарай. Санжаасүрэн гэдэг хүнээс хугацааг өөрчилж өгнө үү гэсэн утгатай хүсэлт явуулсан. Энэ нь 12 дугаар сарын 14-ний өдрийн 2 цаг 14 минутад явуулсан байна. Хяналт шалгалтын үйл ажиллагааны журмын 7.2-т акт, илтгэх хуудас нь татварын бүртгэл мэдээллийн нэгдсэн сангаас олгогдсон нэгдсэн дугаартай байх бөгөөд хавсралтын хамт хүчинтэй байна, 7.7-д нөхөн ногдуулалтын акт нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулсан илтгэх хуудаст баталгаажуулсан маягтын хамт хавсаргана, 7.1.1-т хяналт шалгалтын томилолт гэж заасан. Томилолтыг татвар төлөгчид өгөх шаардлагагүй мэтээр ярилаа. Гэтэл заавал хавсаргаж өгөх ёстой. Мөн журмын 7.7.4-т хяналт шалгалтыг илрүүлсэн ногдуулсан төлбөр тооцооны маягт ХШ0602 гэж байна. Үүнийг одоо хүртэл өгөөгүй. Заавал өгөх ёстой эдгээр баримтуудаа өгөөгүй бол энэ журмаар нөхөн ногдуулалтын акт хүчингүй болно. Хавсралтын хамт хүчинтэй байна гэж заасан. Хавсралтуудаа өгөөгүй бол хүчинтэй байх боломжгүй. Дараагийн дугаарт татвар төлөгч ямар ч хууль зөрчсөн асуудал гаргаагүй. Татварын алба, Маргаан таслах зөвлөл нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.8-д заасан нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөх үүрэг үүсэх өдөр гэдгийг одоо хүртэл тодорхойлоогүй. 7 сард анхны санхүүжилт орж ирсэн тэр өдрөөс эхлэн 50,000,000 төгрөг болсон. Тэр өдөр үүрэг үүссэн. Түүнээс хойш 10 хоногийн дотор бүртгүүлэх ёстой гэсэн ерөнхий тайлбарыг өгмөөргүй байна. Татварын байгууллагыг төлөөлж байгаа хүний хувьд. Энэ нь татвар төлөгчид маш их хохиролтой байна. Ямар нэгэн зөрчил гаргаагүй байж өнөөдрийг хүртэл ингээд явж байгаа нь сэтгэл санааны хувьд бухимдалтай, стресстэй байна. Борлуулалтын орлого нь хэзээ үүссэн бэ?. Борлуулалтын орлого гэдгийг зөв томъёолох хэрэгтэй. ...Барааг бусдын өмчлөлд шилжүүлнэ ...гэдэг нь эрх зүйн талаасаа тэр эд хөрөнгө хэн нэгэн лүү шилжээд яваад байхыг хэлж байгаа. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд хэрвээ урьдчилж орсон орлого бол бүртгэгдээд явна гээд тодорхой заасан байдаг. Тэр өдрийг тодорхойлоогүйгээс болж энэ байгууллагыг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль зөрчсөн мэтээр тайлбарлаад байна. Хоёрдугаарт зөрчил илрүүлсэн тухай асуудал байна. Нэмэгдсэн өртгийн албан татвараа тайлагнах ёстой гэдэг асуудал яриад байна. 8 дугаар сарын 23-ны өдөр е баримтаар бараагаа шилжүүлээд холбогдох нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтаараа баримтжуулаад өгсөн. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд борлуулалтын орлого нь нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтаар нотлогдсон байна гэж заасан. Сангийн сайдын 347 дугаар тушаалд зааснаар е баримт, зарлагын баримтууд, хүлээлцсэн акт анхан шатны баримтад орж байгаа. Түүнээс биш орж ирсэн орлогыг гэж хэлээгүй. Борлуулалтын орлого гэдгийг юу гэж хэлж байна вэ? Хамгийн их маргаан дагуулж байгаа асуудал нь энэ юм. Татвар төлөгч 8 дугаар сарын 23-ны өдөр е баримтаа бичээд Бэлчээр ашиглалтын холбоонд үхрээ шилжүүлж, актаар хүлээлцсэн. Тэгвэл үүрэг үүсэх өдөр нь 8 дугаар сарын 23-ны өдөр байна. Шүүхээс талуудыг эвлэрэн хэлэлцэх үү гэж асуусан. 8 дугаар сарын 27-ны өдөр энэ байгууллага борлуулалт хийсэн. Тэр нь анхан шатны баримтуудаар харагдаж байна. 6,479,000 төгрөгийн борлуулалт хийсэн. Хэрвээ акт тавигдвал энэ борлуулалтын орлого дээр тавигдана. Актын хувьд дийлэнх нь хүчингүй болвол бүгд хүчингүй болдог зохицуулалттай. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-т заасныг ярьж байна. Захиргааны актын илэрхий алдааг засах гэж байна. 10 дугаар сарын 11-ний өдөр гэдгийг 01 дүгээр сарын 01-ний өдөр болгож байгаа мөн чанар нь 10 дугаар сарын 11-ний өдрөөс өмнөх харилцааг шалгах ямар ч зохицуулалт байхгүй. Татварын албанд ямар ч эрх байхгүй. Жилийн эцсийн тайлан 204,000,000 төгрөгийг чөлөөлөгдөх орлогод тайлагнасныг нэмэгдсэн өртгийн албан татвар дээрээ тайлагнаагүй гээд зөрчил гэж үзээд явчихсан. 10 дугаар сарын 11-ний өдөр, 01 дүгээр сарын 01-ний өдөр гэдэг нь хяналт шалгалтад хамруулах хугацааг бий болгож байна. Юу нь илэрхий алдаа байна вэ?. Хууль зүйн факт байна. Захиргааны илэрхий алдаа гэдгийг захиргааны актын бичилтийн болон тооцооны алдаа, түүнтэй адилтгаж болохоор бусад илэрхий алдааг захиргааны актын зохицуулалт, утга агуулгыг өөрчлөхгүйгээр захиргааны байгууллага өөрөө эсхүл оролцогчийн хүсэлтээр засна. Уг засварыг оролцогчид мэдэгдэх үүрэгтэй. Гэтэл мэдэгдсэн гэж тайлбарлаад байна. Бид нар Маргаан таслах зөвлөлийн хурал дээр шоконд орсон. Бид нар хугацаанд засвар ороогүй гэсэн. Бид нар гар утсан дээрээ авсан актын зургаараа яваад байсан. Хяналт шалгалтанд хамрагдах хугацааг 10 дугаар сарын 11-ний өдөр гэснийг 01 дүгээр сарын 11-ний өдөр гээд бичсэн байж болно. Энэ бол бичилтийн алдаа. Томилолт үүнийг нотолно. Томилолт дээр 10 дугаар сарын 11-ний өдөр гэж байна. Эрсдлийн удирдлагын газраас тогтоосон хугацаа нь 10 дугаар сарын 11-ний өдөр гэж байна. Тэгвэл энд бичилтийн алдаа гарсан байна гээд татвар төлөгчид үүнийг засахаас өөр аргагүй боллоо гэж мэдэгдээд засаад баримтжуулж өгөх ёстой байсан. Шүүгчээс хяналт шалгалтын актын эхний хуудсыг өөрчлөхөд та нар ямар шийдвэр гаргасан бэ? гэж асуугаад байгаа нь зөв. Гэтэл урдаас нь хүсэлт яриад байх юм. Дараагийн дугаарт хууль тогтоомжийг буруу хэрэглэсэн байна. Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг үндэслэсэн. Хэзээ татвар төлөгчийг дуудахад ирээгүй юм бэ?. Хэзээ татвар төлөгчөөс баримтуудыг өгөөгүй юм бэ?. Татварын ерөнхий хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-т заасны дагуу зөрчил илэрсэн бол Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу шийтгэлийн хуудас бичээд 4,000,000 төгрөгөөр торгох ёстой байсан. Тийм зүйл байхгүй байна. Энэ зөрчил ямар татвартай холбоотой юм бэ? гэж асуухад Нэмэгдсэн өртгийн албан татвартай холбоотой гэж байна. Тийм бол Татварын ерөнхий хуулийн 84 дүгээр зүйлд заасныг үндэслэх байсан. Гэтэл уг хуулийн 82 дугаар зүйлийг үндэслэсэн. Мордохын хазгай гэгчээр процессуудаа буруу томъёолоод, суутган төлөгчийн үүрэг үүсэх өдрөө буруу тогтоогоод, хүлээлгэх хариуцлагаа буруу тодорхойлоод явчихсан. Тэгвэл Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т хуульд үндэслэх гэсэн зарчим байна. Энэ нь тухайн татвар төлөгчийн гаргасан зөрчил нь хууль тогтоомжид заасан зохицуулалттай нийцэж байвал хэрэглэнэ, нийцэхгүй бол хэрэглэхгүй гэсэн үг юм. Тайлагнаагүй гэж нэг юм яриад, үүрэг үүссэн эхний 50,000,000 төгрөг нь ингэх ёстой гэж нэг юм яриад байна. Бид нар хуульд үндэслэж ярих ёстой. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д зааснаар зорилгодоо нийцсэн байх ёстой. Татварын байгууллага татвар төлөгчийг татварын хууль тогтоомжийг дагаж мөрдөж байгаа эсэхийг нь шалгадаг. Зорилгоо хэрэгжүүлж байна гээд татвар төлөгчийг хууль зөрчөөгүй байхад зөрчсөн мэтээр хохироож болохгүй. Бодит нөхцөлд тохирсон байх ёстой гэж байна. 7 дугаар сард орж ирсэн мөнгө 50,000,000 төгрөг гээд байна. Гэтэл орж ирсэн орлого биш борлуулалтын орлого гэж хэлсэн. Борлуулалтын орлогыг хуульд тодорхой заасан. Нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтаар нотлогдоно. Тэгвэл яагаад анхан шатны баримтуудыг ярихгүй байна вэ?. Өнөөдрийг хүртэл яагаад журналыг авч үзээгүй вэ?. Зарлагын баримтуудыг яагаад үзээгүй вэ?. Ганцхан е баримт дээр тоглолт хийгээд байж болохгүй. Харилцах дансаар орж ирсэн мөнгөнүүд дээр тоглолт хийгээд байж болохгүй. Сангийн сайдын 347 дугаар тушаалаар батлагдсан өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгжүүдэд хэрэглэгддэг санхүүгийн анхан шатны баримтууд гэж байна. Түүнд зарлагын баримт, е баримт байгаа. Сангийн сайдын 361 дүгээр тушаалаар батлагдсан нягтлан бодох бүртгэлээр урьдчилж орсон орлого гэж юу юм. Урьдчилж гарсан зардал гэж юу юм. Борлуулалтын орлого гэж юу юм. Энэ бүгдийг тайлбарласан байгаа. Үүнийг бүгд хэрэглэх ёстой. Нийтээрээ дагаж мөрдөх журам мөн юм. Татвар төлөгчийн төлж болохуйц байдлыг харгалзан үзэх хэрэгтэй. Хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ёстой гээд татвар төлөгчийг хохироогоод байгаа нь үнэхээр хангалтгүй байна. Шийдвэр нь үндэслэл бүхий байх ёстой. Нөхөн ногдуулалтын актын үндэслэх хэсгийг ярьж байна. Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Татварын ерөнхий хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-т заасныг үндэслэсэн. Илэрсэн зөрчил нэмэгдсэн өртгийн албан татвартай холбоотой мөртлөө хуулийн үндэслэл нь буруу байна. Ийм байж болохгүй. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5-д заасныг татварын байгууллага зөрчсөн. Шийдвэр гаргах ажиллагааны журам, материаллаг эрх зүйг зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн тул 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Булган аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Золжаргал, Мөнхчимэг нарын гаргасан НА-04220000019 тоот нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгож өгнө үү” гэв.
5. Хариуцагч Булган аймгийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын улсын байцаагч Д.Золжаргал шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “8282455 регистрийн дугаартай “Нэвсгэр өвст ургамал” НҮТББ -ийн 2021-2022 онуудын санхүүгийн баримтад хяналт шалгалт хийх ерөнхий удирдамжийн дагуу /НӨАТ төлөгчийн бүртгэлээс хасагдах/ 4221102951 тоот томилолтоор 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийг дуусталх хугацаанд Татварын улсын байцаагч У.Мөнхчимэг, Д.Золжаргал нар эрсдэлд суурилсан төлөвлөгөөт бус иж бүрэн шалгалтыг хийж гүйцэтгэв.
“Нэвсгэр өвст ургамал” НҮТББ нь 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгэгдсэн байна. НӨАТ төлөгчөөс хасагдах хүсэлт өгсний дагуу Эрсдэлийн удирдлагын газарт хүргүүлэхэд эрсдэл “51” буюу “дунд” үнэлгээтэй байсан. Хяналт шалгалт хийх хугацааг 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийг дуусталх хугацаанд шалгалт хийхэд дараах зөрчлүүд илэрсэн. Үүнд:
1. Хяналт шалгалт хийх явцад “Нэвсгэр өвст ургамал” ХХК-ны хаан банкин дахь бүртгэлтэй 5286172353 тоот дансны гүйлгээгээр 2021 оны 7 дугаар сарын 24-ний өдөр орлого орж НӨАТ төлөгч болох үүрэг үүссэн өдөр байсан боловч тухайн аж ахуйн нэгж НӨАТ төлөгчөөр бүртгүүлээгүй нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйл 4.1.8-д “Нэмэгдсэн өртгийн албан татвар суутгах үүрэг үүсэх өдөр” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан үйл ажиллагаа эрхэлж орлого олж байгаа хувь хүн, хуулийн этгээдийн уг үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ 50 сая ба түүнээс дээш төгрөгт хүрсэн өдрийг, гэсэн заалтыг зөрчсөн нь тогтоогдсон.
2. НӨАТ төлөгчөөр бүртгүүлснээс хойших хугацаанд үйл ажиллагаа явуулаагүй боловч Эрсдэлийн удирдлагын газраас эрсдэлийн оноо “51” буюу дунд үнэлгээтэй байгаа нь жилийн эцсийн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангийн борлуулалтын орлого 204,479,000 төгрөг, Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн борлуулалтын орлого 0,00 дүнгээр тайлагнасантай холбоотойгоор хяналт шалгалт хийх хугацаанд өөрчлөлт оруулж хугацааг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийг дуустал шалгахаар хугацааг сунгасан.
3. “Нэвсгэр өвст ургамал” ХХК-ны Хаан банкин дахь 5286172353 дансны хуулгаар тухайн жилийн борлуулалтын орлого 215,285,000 төгрөг байсан. Цахим төлбөрийн баримтын системд Монголын бэлчээр ашиглагчдын холбоонд 204,479,000 төгрөгийг борлуулалтын орлогоор төлбөрийн баримт үүсгэсэн боловч тухайн борлуулалтын орлогыг чөлөөлөгдөх орлого хэмээн үзэж тайланд тусгаагүй нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д Монгол улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил үйлчилгээнд албан татвар ногдуулна. Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйл 28.1-д “татвар төлөгч холбогдох татварын хуулиар төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлж, хуулиар тогтоосон хугацаанд төсөвт төлнө”, 29 дүгээр зүйлийн 29.1.1-д “анхан шатны баримт бүрдүүлэх, нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам, нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу төлбөрийн баримтад үндэслэн хөтөлж, татварын тайланг санхүү, аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэлд үндэслэн үйлдэх” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн тул Зөрчлийн тухай хууль 11.19 дүгээр зүйлийн 11.19.4, Татварын ерөнхий хууль 73 дугаар зүйлийн 73.1, 82 дугаар зүйлийн 82.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн 18,589,000 төгрөгийн нөхөн татвар 5,576,700 төгрөгийн торгууль, 3,766,876 төгрөгийн алданги, нийт 27,932,576 төгрөгийн төлбөр төлүүлэхээр хуулийн дагуу №НА-04220000019 тоот актыг үнэн зөв үйлдсэн болно” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Булган аймгийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн дарга, улсын байцаагч С.Санжаасүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... “Нэвсгэр өвст ургамал” НҮТББ-ыг нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөс хасуулах хүсэлтийн дагуу татварын ерөнхий газрын Эрсдлийн удирдлагын газарт хүсэлтийг дамжуулж, энэ аж ахуйн нэгжийг эрсдэлтэй эсэхийг хянуулсан. Хэрвээ эрсдэлгүй байвал шууд татан буулгах тухай шийдвэр ирдэг. Гэтэл Татварын ерөнхий газрын Эрсдлийн удирдлагын газраас “Нэвсгэр өвст ургамал” НҮТББ-ыг өндөр эрсдэлтэй буюу 51 хувийн үнэлгээтэй байх тул хяналт шалгалтад хамруулах нь зүйтэй гэсэн шийдвэр ирсэн. Ингээд төлөвлөгөөт бус шагалтад хамруулахаар оруулсан. 2012 оноос хойш манай татварын хяналт, шалгалтын үйл ажиллагаа цахимжсан. Хяналт, шалгалтын программд уг аж ахуйн нэгжийг шалга гэж төлөвлөгөөнд орж ирсэн. Үүний дагуу Татварын хяналт шалгалтын тасгийн дарга төлөвлөгөө баталж, томилолт олгосон. 2022 онд хяналт шалгалтыг 3 байцаагч, ахлахтайгаа хийж байсан. Байцаагч нараас хэн нь ахлах болох хэн нь уг аж ахуйн нэгжид мэдэгдэж, баримтаа шаардаж авах вэ гэдгийг тодруулахын тулд томилолт үүсгэдэг. Томилолт авсан байцаагч Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.5-д заасны дагуу 10-аас доошгүй хоногийн өмнө татвар төлөгчид үүнийг мэдэгдэж, санхүүгийн баримтыг шаардан авч хяналт, шалгалтыг эхлүүлдэг. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлж байгаагаар 3 үе шат буюу бэлтгэх, гүйцэтгэх, дуусгах үе шатуудаар хяналт, шалгалт явагддаг. Бэлтгэх шатанд томилолт авсанаас хойш байцаагч программ дээр тухайн байгууллагын тайлан, мэдээг шалгаж эрсдэл нь хаана байна гэдгийг тогтоож, татвар төлөгчөөс баримтаа шаардах үйл ажиллагаа явагддаг. Баримтаа шаардаж авсан тохиолдолд гүйцэтгэх ажиллагаагаа хийж, санхүүгийн баримтыг шалгаж, зөрчил байвал хяналт, шалгалтын ахлахад танилцуулдаг. Дуусах шатанд нөхөн ногдуулалтын акт бичигддэг. Тухайн аж ахуйн нэгжийг Татварын ерөнхий газрын Эрсдлийн удирдлагын газраас 51 хувийн буюу дунд үнэлгээтэй гэсний дагуу анх хяналт шалгалтын хугацааг 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хийж гүйцэтгэхээр томилолт олгосон. Манай байгууллага цахимжсан тул томилолт цахимаас гардаг. Хяналт шалгалтын тасгийн дарга гэсэн гарын үсэг зурагдаад бусад сунгалтын мэдээллүүд нь өөр цаасан дээр хэвлэгдсэн. Хэвлэхээр гарын үсэгнийхээ доор гардаггүй тул шинэ цаасан дээр хэвлэж хэргийн материалд өгсөн. Шалгалтын хугацаанд уг НҮТББ-ын захирал нь Улаанбаатар хотод суралтанд суух болсон тул хяналт, шалгалтын хугацааг сунгасан. Миний бие өөртэй нь уулзаад сургалтанд суух талаар нотлох баримтаа ирүүл гэж хэлсэн. Бид нар томилолтын хугацаанд хяналт, шалгалтыг хийж дуусгах үүрэгтэй байсан. Сургалтанд суусан талаархи баримтыг мэйл хаягаар авч томилолтын хугацааг сунгасан. Сунгасан талаархи мэдээлэл нөхөн ногдуулалтын актад орсон байгаа. Хяналт, шалгалтын явцад “Нэвсгэр өвст ургамал” НҮТББ-ын дансаар 2021 оны 7 дугаар сарын 24-ний өдөр орлого орж ирсэн. Энэ нь 50,000,000 төгрөг ба түүнээс дээш дүнг давсан тул нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн үүрэг үүссэн өдөр гэж тодорхойлж байна. Эрсдэл яагаад үүссэн бэ? гэхээр 2021 оны 7 дугаар сарын 24-ний өдөр 197,000,000 төгрөгийн орлого орсон. Гэтэл энэ татвар төлөгч нь хуульд заасан босго давсан бол 10 хоногийн дотор татварын албанд энэ талаар мэдэгдэж, нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлэх ёстой. Энэ нь татвар төлөгчийн үүрэг юм. Гэтэл энэ үүргээ биелүүлээгүй. Сүүлд 10 дугаар сард нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч болсон. Үүнээс хойш энэ байгууллагад борлуулалт хийгдэж орлого орсон зүйл байхгүй. Гэтэл татварын хяналт шалгалтаар татварын хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгадаг. Татвар төлөгч хэдийгээр өөрөө орлого, зарлагаа тодорхойлж тайлагнадаг боловч татварын хяналт шалгалтаар татвар төлөгч хууль тогтоомжийг үнэн зөв дагаж мөрдсөн эсэхийг шалгадаг. Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-т зааснаар татварын хууль тогтоомжид заасны дагуу төлвөл зохих ноогдлоо бүрэн гүйцэт тодорхойлж, хугацаанд нь төлсөн эсэхийг татварын алба хянан шалгана гэж заасан. Үүний дагуу хяналт, шалгалт хийж, нөхөн ногдуулалт бичсэн. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ярьж байгаагаар 100 гаруй сая төгрөг орсон гэж байна. Тэгвэл хуульд 50,000,000 төгрөгийн босго яагаад тавигдсан бэ?. 185,000,000 төгрөгийн орлого орсон. Энэ орлогод нэмэгдсэн өртгийн орлогын албан татвар ногдохгүй. Үүнээс хойшхи орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдоно гэж буруу тайлбарлаад байна. Эрсдэлийн удирдлагын газраас тухайн байгууллагыг 51 хувьтай гэж шийдвэрлэж ирүүлсэн. Гэтэл шалгалтын хугацааг 10 дугаар сарын 01-ний өдрөөс гэж нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгч болсон өдрөөс хойших хугацааг тавьсан байсан. Гэтэл энэ байгууллагын эрсдэл уг хугацаанд байхгүй үүнээс өмнө аж ахуйн нэгж дээрээ борлуулалтын орлого гэж тайлагнасан. Гэтэл е баримтаар Монголын бэлчээр ашиглалтын холбоо руу 100 гаруй сая төгрөгийн борлуулалтыг шивсэн. Харин нэмэгдсэн өртгийн албан татвар дээр 0 гэж байсан. Эрсдэл нь шалгах хугацаанд байхгүй байна гэхэд Эрсдлийн удирдлагын газар шалгах хугацааг 01 дүгээр сарын 01-ний өдрөөс гэж оруулж ирсэн. Энэ талаар эх материал дээр байгаа. 14-ний өдөр актаа хэвлэхэд актын дээд хэсэг автоматаар программаас хэвлэгдсэн. Ингэхдээ засвар нь орж ирээгүй байсан. Тэр үед томилолт нь засагдсан байсан. Нарангэрэл төлөөлөгч анх акттай танилцаад зургийг нь авъя гэсэн. Нэгэнт та зургийг нь авч байгаа тул та танилцсанаар гарын үсэг зур гэсэн. Түүнээс биш акт дээр гарын үсэг зуруулаагүй. Төлөөлөгч акт дээр хүчээр гарын үсэг зуруулсан гэж тайлбарлаад байна. Нарангэрэл төлөөлөгч надтай орж ирж уулзсан. Би эрх, үүргийг нь тайлбарлаад захиргааны хэргийн шүүхэд хандаж болно. Миний хувьд татварын улсын байцаагчийн шийдвэрт нөлөөлөх зүйл байхгүй гэж хэлсэн. Актад бүх байцаагч нар гарын үсэг зурсан, Татварын хяналт шалгалтын тасгийн дарга гарын үсгээ зурсан байдаг. Гэтэл Нарангэрэл төлөөлөгчийг явсаны дараа он нь солигдсон эсэхийг шалгахад солигдоогүй байсан. Би программ томилолтын хугацааг татахгүй байна гээд Эрсдлийн удирдлагын газар луу дахиж ярьсан. Ингээд мэдээлэл технологийн төв рүү яриад хугацааг нь 01 дүгээр сарын 01-ний өдөр болгуулсан. Маргааш нь Нарангэрэл төлөөлөгч өөрөө ирж актаа гардаж авсан. Та 1 хувь актаа ямар ч байсан аваад яв. Маргаан таслах зөвлөлд ийм ийм хүмүүс байдаг гэж хэлсэн. Төрийн сангийн Батцогт дарга болон хуулийн хэлтсийн холбогдох хүмүүстэй актаа барьж очоод уулзсан байсан. Гэтэл танилцуулаагүй юм шиг ярьж байна. Ингэж засвар орсон шүү гэхэд 1 хувь актаа аваад гарсан. Монголын бэлчээр ашиглалтын холбоотой гэрээ байгуулсан байна. Хэргийн материал дотор гэрээ авагдсан. Гэрээгээ хаагаад акт үйлдсэн. 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдөр акт үйлдэж, 197,800,000 төгрөгийн е баримтад “Нэвсгэр өвст ургамал” НҮТББ борлуулалтын орлого гээд Монголын бэлчээр ашиглалтын холбоо нь худалдан авагч тал болоод явсан байна. Энэ 2 байгууллага бие бие рүүгээ гүйлгээ хийгээд байдаг мөртлөө бланк нь нэг байна. Энэ бол хууль зөрчсөн байна. Борлуулалтын орлогоо аж ахуйн нэгж дээрээ тайлагнасан мөртлөө нэмэгдсэн өртгийн албан татвар дээрээ тайлагнаагүй учраас нэмэгдсэн өртгийн албан татварын борлуулалтын орлого гэж үзэх үндэслэлтэй юм. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд заасан борлуулалт гэсэн зүйлийг уншиж танилцуулаад байна. Борлуулалт яг тийм л байдаг. Барааг бусдын өмчлөлд шилжүүлэх гэж байна. Малчдаас үхэр аваад Монголын бэлчээр ашиглалтын холбоонд шилжүүлсэн. Энэ чинь борлуулалт юм. Мөнгө нь ороод ирсэн. Энэ байгууллагын дансанд орж ирсэн тул зарцуулах эрх нь энэ байгууллагын асуудал юм. Ийм учраас нэмэгдсэн өртгийн албан татварын борлуулалтын орлого гэж үзэж татварын улсын байцаагч нар нөхөн ногдуулалтын акт бичсэн... аж ахуйн нэгжийн борлуулалт бол нэмэгдсэн өртгийн албан татварын борлуулалттай ижил байх ёстой... 50,000,000 төгрөгийн босго давлаа түүнээсээ худалдан авалтаа хасаж өгнө. Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн эрх үүссэн өдөр нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч болсон өдөр хоёрын хооронд худалдан авалт байвал татвар төлөгч үүнийг хасах эрхтэй байдаг... Акт гаргахаас өмнө би Татварын ерөнхий газар луу хүсэлт явуулсан. Томилолт засагдлаа гээд акт хэвлэсэн асуудал дээр ач холбогдол өгөөд байна. Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-т илэрхий алдааг засах гэж заалт байгаа. Тухайн акттай холбоотой дүнд илэрхий өөрчлөлт ороогүй. Захиргааны актын бичилт болон тооцооны алдаа түүнтэй адилтгаж болохоор өөр бусад илэрхий алдааг захиргааны актын үндсэн зохицуулалт, утга агуулгыг өөрчлөлгүйгээр захиргааны байгууллага өөрийн хүсэлтээр буюу оролцогчийн хүсэлтээр засна гэж байна. Үүний дагуу томилолт үүсгэсэн он, сар татагдаагүй тул ийм зүйл болсон... Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т заасны дагуу борлуулалт тул татварын улсын байцаагчийн актыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
3. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар дараах үйл баримтууд тогтоогдов.
- Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооноос нэхэмжлэгчид нийт 199879000 төгрөгийг шилжүүлсэн болох нь 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 60000000 болон 43200000 төгрөг, 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдөр 49500000 төгрөг, 2021 оны 7 дугаар сарын 24-ний өдөр 45200000 төгрөг буюу нийт 197900000 төгрөгийг “Малчдын үржлийн цөм сүрэг RMTS нэвтрүүлэх” гэх “Хуулгын агуулга”-тай, 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 1 удаагийн гүйлгээгээр 1979000 төгрөгийг “Малчдын үржлийн цөм сүргийн үлд/төлбөр Бул” гэх “Хуулгын агуулга”-тай орлогын гүйлгээгээр,
- харин “Нэвсгэр өвст ургамал” НҮТББ-аас нийт 39 удаагийн гүйлгээгээр 197800000 төгрөгийг нэр бүхий иргэдийн данс руу шилжүүлсэн болох нь 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдөр нийт 11 удаагийн гүйлгээгээр 102000000 төгрөгийг, мөн сарын 09-ний өдөр 1 удаагийн гүйлгээгээр 1200000 төгрөгийг, 26-ны өдөр нийт 27 удаагийн гүйлгээгээр 94600000 төгрөгийг “МАЛЫН ЦӨМ СҮРЭГ RMTS НЭВТРҮҮЛЭХ” гэх “Хуулгын агуулга” бүхий зарлагаар,
- 100000 төгрөгийг малын гарал үүслийн зөвшөөрөл авахад зарцуулсан болох нь 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 2 удаагийн гүйлгээгээр нийт 100000 /54000+ 46000/ төгрөгийг “МАЛЫН ЦӨМ СҮРЭГ ГАРАЛ ҮҮСЭЛ” гэх “Хуулгын агуулга” бүхий зарлагаар,
- 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдөр тус бүр 4000, 1975000, 4600000 төгрөгийн үнийн дүн бүхий зарлагуудыг гаргасан болох нь Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоонд шилжүүлсэн “ТӨЛБӨРИЙН БАРИМТ”-уудаар тус тус нотлогдож байна.
- “73.1.1.татвар төлөгчийн хугацаандаа төлөөгүй татварт тооцох алдангийн хэмжээг Монголбанкнаас зарласан арилжааны банкуудын зээлийн хүүгийн жилийн жигнэсэн дунджаас 20 хувиар илүү байхаар”,
- “73.1.2.татварын албанаас үндэслэлгүй илүү хураасан татварт тооцох алдангийн хэмжээг Монголбанкнаас зарласан арилжааны банкуудын зээлийн хүүгийн жилийн жигнэсэн дундаж байхаар” гэсэн нарийвчилсан зохицуулалтыг агуулсан заалтуудтай байх ба тухайн заалтууд нь өөр өөр утга агуулгыг илэрхийлсэн байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дахь заалтад тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1, 73 дугаар зүйлийн 73.1, 73.1.1, 76 дугаар зүйлийн 76.1, 76.1.1, 81 дүгээр зүйлийн 81.1, 81.1.4, 82 дугаар зүйлийн 82.1, 82.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.2.3, 40.3, 45 дугаар зүйлийн 45.1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.12 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Нэвсгэр өвст ургамал” НҮТББ-ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Булган аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч /У.Мөнхчимэг, Д.Золжаргал/ нараас 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр гаргасан НА-04220000019 дугаартай “Нөхөн ногдуулалтын акт”-ыг хүчингүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БАТЧИМЭГ
[1] Энэ талаар хэргийн оролцогчид шүүх хуралдаанд тайлбарласан бөгөөд тухайн асуудлаар маргаагүй тул холбогдох баримтыг хэрэгт нотлох баримтаар цуглуулах шаардлагагүй гэж дүгнэсэн болно.
[2] Нэхэмжлэгч “Нэвсгэр өвст ургамал” НҮТББ-ын “актын эхний нүүрийг сольсон” гэх үндэслэлээс бусад агуулгаар маргаж буй хүрээнд хууль зүйн дүгнэлт хийхэд нөлөөлөхгүй.
[3]2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн огноотой.
[4] Нотлох баримтад “ХҮТББ” гэж хуулийн этгээдийн төрлийг буруу бичсэн байх ба уг байдлаар нь тусгав.
[5] Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд тайлбарласан агуулга /үг/-аар тусгав.
[6] Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.8-д заасан.
[7] Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол доор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулна”, 7.1.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ” гэжээ.
[8] Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д “Татвар төлөгчийн хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй татварт, эсхүл татварын албаны үндэслэлгүй илүү хураасан татварт тус тус алданги тооцох бөгөөд тухайн татварын жилд мөрдөх алдангийн хэмжээг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тухайн татварын жилийн 1 дүгээр сард багтаан дараах зарчмыг үндэслэн тогтооно” гэжээ.