Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 149/ШШ2024/00172

 

2024 оны 04 сарын 18 өдөр 149/ШШ2024/00172 Мандал су

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Алтанцэцэг би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо Москва хороолол бизнес төвийн 7 давхарт үйл ажиллагаа явуулдаг, /РД:*******, Утас:*******, *******/ Гэрэл кредит ББСБХХК-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4 дүгээр баг Гүн худаг №******* тоотод оршин суух, /*******, Утас:*******/ ******* овогт д холбогдох

 

1,810,386.58 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Гэрэл кредит ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д. нь Гэрэл кредит ББСБ ХХК-тай 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр ЗГ22-1448 тоот Зээлийн гэрээ байгуулж 1,899,900 төгрөгийг жилийн 34.8 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээлээр авсан болно. Зээлдэгч нь манай ББСБ-аас олгосон зээлээр Сайн интернэшнл ХХК-иас А73 загварын гар утас худалдан авсан бөгөөд зээлээр олгох мөнгөн дүнг тус компанийн Хаан банкин дахь *******11*******3488 тоот дансаар хүлээн авахаар хүсэлт гаргасны дагуу уг дансанд зээлийг шилжүүлсэн болно. Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралтад заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөх үүрэгтэй боловч уг хуваарийг зөрчсөн ба 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс хойш огт эргэн төлөлт хийгээгүй болно. Зээлийн гэрээний 3.2-т Зээлдэгч нь Зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээл, зээлийн хүүг төлөөгүй бол зээл хугацаандаа төлөөгүйд тооцогдох ба ноцтой зөрчсөн гэж үзнэ. Хариуцагч нь зээлийн гэрээний 4.2 дахь хэсгийн 4.2.3 дахь хэсгийг ноцтой зөрчсөн байна. Энэ хүү зээлдэгчийн ноцтой зөрчил зээлийн гэрээний 7 дахь хэсэгт заасан нөхцөл байдлыг үүсгэсэн учир гэрээний 7.3-т заасны дагуу зээлдүүлэгч гэрээг дангаар цуцлах эрхтэй. Иймд Д.ээс үндсэн зээлийн үлдэгдэл 1,583,779.15 төгрөг, төлөх ёстой хүү 177,709.14 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 29,898.29 төгрөг, нотариатчийн зардал 19,000 төгрөг нийт 1,810,386.58 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... Миний бие нь Гэрэл кредит ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 1,810,386.58 төгрөгийг маргах зүйлгүйгээр бүрэн төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Гэрэл кредит ББСБ ХХК-ийн 1,810,386.58 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д. маргах зүйлгүйгээр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь түүний бичгээр гаргаж баталгаажуулсан тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

Мөн нэхэмжлэгчээс төлсөн Улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу хариуцагч болон төрийн сангаас гаргуулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Гэрэл кредит ББСБ ХХК-ийн 1,810,386.55 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д. төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43917 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Д.ээс 21,958 төгрөг, төрийн сангийн 100130400941 тоот данснаас 21,958 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Гэрэл кредит ББСБ ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.