Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 205/МА2019/00017

 

Ч.Да-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж

заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны

Даргалагч шүүгч:

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах

шатны шүүхийн шүүхийн шүүгч Б.Намхайдорж

Бүрэлдэхүүнд:

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж

заалдах шатны шүүхийн шүүхийн шүүгч Ч.Энхтөр

 

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах

шатны шүүхийн шүүхийн шүүгч Б.Ариунбаяр

 

Бусад оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Э.*******

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.*******

Нарийн бичгийн дарга: М.Пүрэвдорж нар оролцов

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 262 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн нэхэмжлэгч Ч.Да-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.*******ийн давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх хэргийг 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Ариунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч Ч.Да- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие *******ын Да- нь Завхан аймгийн Баянтэс суманд эхнэр, хүүхдүүдийн хамт оршин суудаг. Би анх 2013 онд Завхан аймгийн Төрийн албаны салбар Зөвлөлөөс Баянтэс сумын Бүрэн дунд сургуулийн захирлын сул орон тоон дээр зарлагдсан сонгон шалгаруулалтанд орж, нийт оноогоор 1-р байранд жагссанаар Завхан аймгийн Засаг даргын 2013.10.01-ний өдрийн Б/281 тоот захирамжаар Баянтэс сумын Бүрэн дунд сургуулийн захирлаар томилогдсон.

Үүнээс хойш ажлаа хийж байтал 2016 оны сонгуулийн үр дүнд томилогдсон Завхан аймгийн Засаг дарга Д.******* нь 2016.11.11-ний өдөр Б/123 дугаартай захирамж гарган, МУ-ын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29-р зүйлийн 29.2 дахь заалт, Боловсролын тухай хуулийн 30-р зүйлийн 30.1.15 дахь заалт, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 12-р зүйлийн 12.1 дэх заалт, мөн хуулийн 29.2.4 дэх заалтуудыг тус тус үндэслэн намайг ажлаас чөлөөлсөн.

Энэхүү шийдвэрийг нь би хүлээн зөвшөөрөөгүй учраас Завхан аймаг Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Харин шүүхээс намайг урьд эрхэлж байсан ажилд маань буцаан томилох тухай шийдвэрийг гаргасан. Энэхүү шийдвэрийг Давж заалдах болон Хяналтын шатны шүүхийн шийдвэрээр баталгаажуулсан. Шүүхийн шийдвэрийн дагуу би Завхан аймгийн Засаг даргын 2017.09.06-ны өдрийн Б/87 тоот захирамжаар Баянтэс сумын Бүрэн дунд сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоогдсон.

Гэтэл Завхан аймгийн Засаг дарга Д.******* нь 2018.03.07-ны өдрийн Б/16 тоот захирамжаараа МУ-ын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29.2, Авилгын эсрэг хуулийн 10.3, 13.8.4, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23.3, 29.2.4 дэх заалтуудыг үндэслэн, намайг Баянтэс сумын Бүрэн дунд сургуулийн захирлын ажлаас 2 дахь удаагаа халсан.

Энэхүү шийдвэрийг мөн би үндэслэлгүй гэж үзэж, МУ-ын Ерөнхий сайд, Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргаснаар Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018.08.08-ны өдрийн 18 тоот шийдвэрээр намайг Баянтэс сумын Бүрэн дунд сургуулийн Захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, миний ажилгүй байсан 2018.03.07-ны өдрөөс 2018.08.08-ны өдрийн хоорондох 111 хоногийн цалинг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцож суутгуулахаар шийдвэрлэсэн.

Анхан шатны шүүхийн энэхүү шийдвэр нь Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2018.10.04-ний өдрийн 221/МА2018/0532 тоот магадлал, МУ-ын Дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018.12.17-ны өдрийн 503 тоот тогтоолоор тус тус хүчин төгөлдөр болсон.

Ийнхүү би Улсын дээд шүүхийн шийдвэрийг гардан аваад хуульд заасан хугацаа өнгөрмөгц дээрх шүүхийн шийдвэрийг биелүүлэхээр Завхан аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хандсанаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, намайг Завхан аймгийн Засаг даргын 2019.02.26-ны өдрийн Б/06 тоот захирамжаар Баянтэс сумын Ерөнхий боловсролын сургуулийн Захирлын албан тушаалд эгүүлэн томилох шийдвэр гарсан.

Энэхүү захирамжийн дагуу надад Баянтэс сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажлыг 2019.03.13-ны өдөр хүлээлгэн өгсөн. Би ТҮБД-5-5 шатлалаар цалинждаг. Миний сарын үндсэн цалин 893,425 төгрөг. Мөн би 2018 оны 03-р сард ажлаас халагдаж, 2018 ондоо багтаж ажилдаа эргэн томилогдож чадаагүй учраас 2018 оны ээлжийн амралтаа эдэлж чадаагүй, мөн амралтын мөнгөө ч бодуулж авч чадаагүй.

Иймд Ч.Да- надад Баянтэс сумын Ерөнхий боловсролын сургуулийн Захирлын албан тушаалд эгүүлэн тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдөр буюу 2018.08.08-ны өдрөөс тус албан тушаалд эгүүлэн томилсон 2019.02.26-ны өдрийн хоорондох ажилгүй байсан хугацааны цалин, 2018 оны ээлжийн амралтын мөнгөн урамшууллыг тус тус хариуцагч Завхан аймгийн Засаг даргаас гаргуулж, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгал, хүн амын оролгын албан татварыг тус тус хариуцагчаар нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Э.******* миний бие Завхан аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхэд аймгийн Засаг даргад холбогдох нэхэмжлэлтэй ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн төлүүлэх тухай маргаантай Иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна.

Ч.Да- нь Авилгын эсрэг хууль болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиудыг зөрчсөн тухай албан бичгийг Авилгатай тэмцэх газраас ирүүлсэн тул Аймгийн Засаг дарга эрх хэмжээнийхээ хүрээнд 2018.03.07-ны өдрийн Б/16 тоот захирамжаар албан тушаалаас нь чөлөөлсөн.

Ч.Да- нь Хөдөлмөрийн тухай хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу ээлжийн амралтаа биеэр эдлэх боломжтой байсан хэдий ч Авилгын эсрэг хууль болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиудыг зөрчсөн зөрчил нь Авилгатай тэмцэх газрын дүгнэлтээр илэрсэн учраас үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн тул ээлжийн амралтаа эдлэх үндэслэлгүй юм. Ч.Да-гийн ажилгүй байсан хугацаанд ээлжийн амралтын хугацаа хамаарч байгаа тул ээлжийн амралтыг биеэр эдэлж чадаагүй үндэслэл болохгүй юм.

Иймд Ч.Да-гийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 Нэхэмжлэгч Ч.Да- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 Би 2018 оны 08 сарын 08-ны өдөр Завхан аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс миний нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангасан шийдвэр гарсан. Шүүхийн шийдвэр маань давж заалдах болон хяналтын шатны шүүхийн шийдвэрээр баталгаажсан. Улмаар аймгийн засаг даргын 2019 оны 02 сарын 26-ны өдөр ажилд эгүүлэн томилогдох захирамж гарсан. Энэхүү захирамж нь биелэгдэхдээ 2019 оны 03 сарын 13-ны өдөр би ажлаа хүлээж авсан. 2018 оны 08 сарын 08-наас 2019 оны 03 сарын 13-ны өдөр хүртэлх цалин болон нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татварыг тус тус хариуцагчаар нөхөн төлүүлж, дэвтрүүдэд нөхөн бичилт хийлгүүлэх, мөн би ээлжийн амралтын мөнгөн урамшууллыг гаргуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан. Тухайн үед би ээлжийн амралтаа эдлээгүй байсан. Би хэдий ажлаасаа халагдсан хэдий ч Монгол улсын гурван шатны шүүхийн шийвдэр намайг та буруугүй эргээд ажилдаа орох ёстой гэсэн шүүхийн шийдвэр гарсан учраас миний амралтын мөнгө авах болон ээлжийн амралт авах эрх нь нээгдэж байгаа болов уу гэж үзэн шүүхэд нэхэмжлэл гаргасан юм гэв.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгчийн ээлжийн амралтын хувьд 2018 онд ажлаас халагдсан тушаал нь гарсан, 2019 онд ажилд орох тушаал нь гарсан. Эрүүл мэнд нийгмийн хамгаалал 2018 оны 164 дүгээр тоот тушаалын 1-р хавсралтаар ээлжийн амралт олгох тухай уг тушаалын 12 дугаар зүйлд юу гэж заасан байна бэ гэхээр ээлжийн амралтыг биеэр эдлэж чадаагүй тохиолдолд ажил горилогчийн хүсэлтийн дагуу тодорхой хугацааны дараа ээлжийн амралтыг олгоно гэж заасан байдаг. Нэхэмжлэгч маань ээлжийн амралт авах тухайн хүсэлтээ ирүүлээгүй учраас манай талаас ээлжийн амралтын мөнгийг өгөх боломжгүй гэж үзэж байна. Ажилгүй байсан хугацааны хувьд 2019 оны 02 сарын 26-нд Да-г ажилд эгүүлэн томилох тухай засаг даргын захирамж гарсан. Гэтэл Да- 2019 оны 03 сарын 13-ны өдөр ажлаа хүлээн авсан. Ажилд томилох тухай тушаал гарсан өдөр ажлаа хүлээж авах ёстой байсан учраас энэ хугацааны цалин болон нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөх боломжгүй. Ийм учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Анхан шатны шүүх:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5 дахь хэсгүүдэд зааснаар Завхан аймгийн Засаг даргын Тамгын газраас 6,931,842 /зургаан сая есөн зуун гучин нэгэн мянга найман зуун дөчин хоёр/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Да-д олгосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан бүх хугацаанд нийгмийн болон эрүүл мэндийн шимтгэл болон хувь хүний орлогын албан татварыг хуульд заасан хувь хэмжээгээр суутгаж, зохих санд төвлөрүүлэх, дэвтрүүдэд бичилт хийхийг Завхан аймгийн Засаг даргын Тамгын газарт даалгасугай.

3. Нэхэмжлэгч Ч.Да-гийн амралтын мөнгөн урамшуулал гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид 125,859 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

5. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

6. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл түүнийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Э.******* би Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд аймгийн Засаг даргад холбогдох Ч.Да-гийн нэхэмжлэлтэй ажилгүй байсан хугацааны мөнгөн төлбөр гаргуулах тухай маргаантай иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон.

Тус шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 262 дугаар шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан зохицуулалт нь ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд тогтоох шүүхийн шийдвэрийг үндэслэн олгох дундаж цалин хөлстэй тэнцэх олговор юм. Нэхэмжлэгч Ч.Да- нь ажлаас чөлөөлөгдөхийн өмнө 3 сарын буюу дундаж цалин хөлс нь 1.047.153 гэж үндэслэл муутай дүгнэлт хийсэн байна.

Нэхэмжлэгчийн дундаж цалин хөлсийг бодохдоо Ч.Да-гийн шүүх хурал дээр гаргаж ирсэн ямар нэгэн тамга, тэмдэг гарын үсэг байхгүй цалингийн цэсийг үндэслэсэн хэмээн үзэж байна.

Иймээс 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 262 дугаар Завхан аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Ч.Да-гийн анхан шатны шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн хууль бус цалингийн цэсийг үндэслэж анхан шатны шүүх шийдвэрлэсэн гэж үзэж байна. Нэхэмжлэгч Ч.Да-гийн 2017 оны 12 дугаар сар, 2018 оны 01, 02 дугаар сарын цалингуудын дундажыг буруу бодож гаргасан гэж үзэж байна гэв.

 Нэхэмжлэгч Ч.Да-гийн өмгөөлөгч Э.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгохдоо нэхэмжлэгчийн Нийгмийн даатгалын дэвтрийн ажлаас халагдахаас өмнөх сүүлийн 3 сарын дунджаар тооцож гаргасан байгаа. Шүүхийн шийдвэрт үндэслэх хэсэг болон тогтоох хэсэгт Ч.Да-гийн шүүх хуралдаан дээр гаргасан цалингийн цэсний талаар хариуцагч талаас нэг ч дурдаагүй байдаг. Шүүгч нэхэмжлэгч Ч.Да-гийн ажилгүй байсан хугацааны олговрыг тооцохдоо Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралт болох Дундаж цалин хөлс тодорхойлох журмыг баримтлаад нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийгдсэн ажлаас халагдсанаас өмнөх 3 сарын цалингийн дундажыг тооцож гаргасан байгаа. Нийгмийн даатгалын дэвтрийн бичилт хэсэгт 2017 оны 12 дугаар сар, 2018 оны 1, 2, 3 сарын бичилтүүд байгаа юм. Нэхэмжлэгч нь 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр ажлаасаа халагдсан учраас 3 сарын цалингийн бичилтийг бүтэн сарын цалин гэж үзэж дундчилж болохгүй тэгэх юм бол нэхэмжлэгчийн эрх зөрчигдөнө. Яагаад гэвэл 2018 оны 03 дугаар сар гараад 7 хоногийн бичилт хийгдсэн учраас 2017 оны 12 дугаар сар, 2018 оны 01, 02 дугаар сарын бүтэн цалингаа авсан хамгийн сүүлийн 3 сарын дунджаас тодорхойлсон байгаа юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 69.1 дээр энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан цалин хөлсний дундажтай тэнцэх олговрыг олгоно гэсэн байгаа. Ч.Да-гийн ажилгүй байсан хугацаа нь 2018 оны 03 дугаар сарын 07-нд ажлаасаа халагдаад 2018 оны 08 дугаар сарын 08-нд анхан шатны шүүх шийдвэрээр тогтоогдсон боловч хариуцагч байгууллага анхан шатны шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй явсаар Улсын Дээд Шүүхийн шийдвэр эцэслэн 2018 оны 12 дугаар сарын 17-нд гарсан. 2018 оны 12 дугаар сарын 17-ноос хойш мөн шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй явсаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр захирамж гаргаад 2019 оны 03 дугаар сарын 03-ны өдөр ажлаа хүлээж авсан. Тэгэхээр энэ хоорондох цалин хөлсийг Хөдөлмөрийн тухай хуулийн 69.1-ийг баримтлаад нэхэмжлэгч шаардах эрхтэй гэж үзэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх зохигчдын хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргааныг Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтанд нийцүүлэн үндэслэл бүхий хянан шийдвэрлэсэн байна.

 Нэхэмжлэгч Ч.Да- нь хариуцагч Завхан аймгийн Засаг даргад холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин, ээлжийн амралтын мөнгөн урамшуулал гаргуулан нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгүүлэх тухай шаардлага гаргажээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т зааснаар ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тохиолдолд ажил олгогч нь ажилтаныг урьд эрхэлж, байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй байдаг.

Ч.Да-г Завхан аймгийн Баян-Тэс сумын Бүрэн дунд сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, олговор гаргуулсан Завхан аймгийн Захиргааны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 08 ны өдрийн 18 тоот шийдвэр нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 04-ны өдрийн 221/МА2018/0532 тоот магадлал, Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 503 тоот тогтоолоор хүчин төгөлдөр болжээ.

Ажил олгогч ажилтныг ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоохдоо түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстөй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговор олгохыг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 д заасан.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.-д заасан ажилгүй байсан бүх хугацаа... гэдэгт ажилтныг үндэслэлгүйгээр халснаас хойш түүнийг ажилд эгүүлэн авах хүртэлх хугацааг ойлгох ба ажилтан нь ажил олгогчийн хууль бус тушаалын улмаас энэ хугацаанд цалин, хөлсөөр хохирч байгаа учраас хохирлыг арилгах үр дагаврыг хуулиар зохицуулсан байна.

Иймд нэхэмжлэгч нь 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс ажилд тогтоох хүртэлх буюу 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацааны олговор шаардах эрхтэй байжээ.

Анхан шатны шүүх Ч.Да-гийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлсийг тооцохдоо ажилгүй болохоос өмнөх бүтэн 3 сарын цалин хөлсний дундажаас тооцсон нь зөв байна.

Харин нэхэмжлэгчийн ээлжийн амралтын мөнгөн урамшуулал гаргуулах шаардлагын талаар шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 262 шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч байгууллага нь давж заалдах гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт заасны дагуу тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.НАМХАЙДОРЖ

ШҮҮГЧИД Ч.ЭНХТӨР

Б.АРИУНБАЯР