Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2026 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 2026/ШЦТ/401

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар,

улсын яллагч Ц.Гэрэлчимэг,

шүүгдэгч Ц.С, түүний өмгөөлөгч Б.Оюунчимэг, Б.Баасандалай нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны 11 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овгийн Ц.С-д холбогдох эрүүгийн “2610000000288” дугаартай хэргийг 2026 оны 3 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Б овгийн Ц.С, 1990 оны 8 дугаар сарын 06-ны өдөр *** суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, *** боловсролтой, *** мэргэжилтэй, “***” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт *** тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар: ***.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.С нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Татвар төлөхөөс зайлсхийх” гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч Ц.С нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би энэ компаний гүйцэтгэх захирлаар ажилладаг. Санхүүгийн мэдлэг дутуугаас болж ийм зүйл болсон. Гэм буруугаа хүлээж байна. Хохирол төлбөрөө төлж барагдуулна...” гэв.

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ц.С нь өөрийн эзэмшлийн “***” ХХК-ийн нэр дээр 2022-2024 онд “***” ХХК-аас 48 ширхэг төлбөрийн баримтаар 536,529,886,22 төгрөг, “***” ХХК-аас 4 ширхэг төлбөрийн баримтаар 12,227,756,37 төгрөг, “***” ХХК-аас 12 ширхэг төлбөрийн баримтаар 120,035,373,65 төгрөг нийт 64 ширхэг төлбөрийн баримтаар 668,793,016,24 төгрөгийн худалдан авалт хийсэн мэтээр тайлагнаж, улсын төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараа 66,879,301,57 төгрөгөөр бууруулж тайлагнан их хэмжээний татвар төлөхөөс зайлсхийсэн болох нь гэрч Н.С-ны мэдүүлэг /1 хавтаст хэргийн 7-9 дэх тал/, Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын санхүүгийн шинжээч-чиглэлийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч цолтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Монгол Улсын мэргэшсэн нягтлан бодогч, Татварын мэргэшсэн нягтлан бодогч, Аудитор, Татварын шинжээч эрхтэй, мэргэжлээрээ улсад 24 дахь жилдээ ажиллаж байгаа Ц.Энхмаагийн 2025 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 47250050 дугаар мөрдөгчийн магадалгаа /1 хавтаст хэргийн 85-106 дахь тал/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн хуулийн асуудал хариуцсан улсын байцаагч Ж.Ариунзулын мэдүүлэг /1 хавтаст хэргийн 116-117 дахь тал/, Татварын Ерөнхий газрын 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 08/3653 дугаартай албан бичиг /1 хавтаст хэргийн 138 дахь тал/, шүүгдэгч Ц.С-н мэдүүлэг /1 хавтаст хэргийн 126-127 дахь тал/, Мэдээлэл баримт бичиг гаргуулах тухай мөрдөгчийн тогтоол, шүүгдэгч Ц.С-н иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суугаа газрын тодорхойлолт, гэрлэсний бүртгэл, өр төлбөртэй эсэх, нийгмийн даатгалын, авто тээврийн хэрэгслийн лавлагаа зэрэг баримтууд болон “***” ХХК-ийн 2023 оны 12 дугаар сараас 2025 оны 3 дугаар сар хүртэлх хугацааны тайлан, “***” ХХК-аас “***” ХХК руу шивсэн баримтууд, “***” ХХК-аас “***” ХХК руу шивсэн баримтууд, “***” ХХК-аас “***” ХХК-ийн руу шивсэн баримтууд, “**” ХХК-ийн гэрчилгээний хуулбар зэрэг баримтууд 1 хавтаст хэргийн 129-250 дахь тал/ гэмт хэргийн улмаас улсын төсөвт 66,879,301,57 төгрөгийн хохирол учирснаас 46,024,641,03 төгрөгийг төлж барагдуулсан /2 хавтаст хэргийн 86 дахь тал/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамаараалтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлд зааснаар Монгол улсын татвар нь: албан татвар, төлбөр, хураамж /цаашид “татвар” гэх/-аас бүрдэнэ гэж заасан бөгөөд хууль тогтоомжийн дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын орлого, эд хөрөнгө, бараа, ажил үйлчилгээнд тодорхой хугацаанд тогтоосон хувь хэмжээгээр ногдуулж, хариу төлбөргүйгээр төсөвт  төвлөрүүлж байгаа мөнгөн хөрөнгийг албан татвар гэнэ.

Татвар төлөгч нь татвар ногдох зүйл болон татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх, түүнтэй холбогдох тооцоо, мэдээ, тайланг хугацаанд нь Татварын албанд хүргүүлэх зэрэг үүргийг хүлээнэ.

Хуулиар тогтоосон татвар ногдох орлоготой буюу эд хөрөнгөтэй, эсхүл тодорхой ажил үйлчилгээ эрхэлж байгаа иргэн, аж ахуйн нэгж, хэн боловч төрд мөнгөн хэлбэрээр татвар заавал төлөх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, төлөхөөс зайлсхийсэн тохиолдолд гэмт хэрэгт тооцож, Эрүүгийн хуульд заасан ял шийтгэл хүлээлгэх учиртай.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Татвар төлөхөөс зайлсхийх” гэмт хэрэг нь мөн хуулийн 18 дугаар бүлэгт заасан “Эдийн засгийн гэмт хэрэгт” хамаарах  бөгөөд уг гэмт хэргийн үндсэн шинжийг “Татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон, нуусан” үйлдэл байхаар тодорхойлж хуульчилсан.

Татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэргийн  субъект нь татвар ногдвол зохих орлого, эд хөрөнгөтэй болон ажил үйлчилгээ эрхлэн гүйцэтгэж байгаа, хэрэг хариуцах чадвартай, Монгол Улсын иргэн, гадаадын харьяат, аль ч улсын харьяалалгүй хүн, хэн ч байж болох бөгөөд тухайн гэмт хэргийн обьектив шинж нь татвар ногдох их хэмжээний орлого, эд хөрөнгө, бараа, ажил үйлчилгээг нуух, тэдгээрийн тоо хэмжээ, үнэлгээг зориуд бууруулан мэдээлэх зэрэг арга хэлбэрээр татвар төлөхөөс санаатай зайлсхийсэн идэвхтэй үйлдэл байхаас гадна татвар ногдох орлогоо үнэн зөв тодорхойлж өгөхгүй байх, татварыг зохих ёсоор төлөхгүй байх гэсэн гэм буруугийн шууд санаатай, шунахай сэдэлттэй үйлдэл, эс үйлдэхүйн хэлбэрээр илэрхийлэгдэнэ.

Татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон, нуусан гэдэгт албан татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа, ажил үйлчилгээг татварын албанаас өнгөлөн далдлах буюу данс бүртгэл, тайлан баланст  тусгахгүй байх, үндэслэлгүйгээр бусдад шилжүүлэх, хууль бус хэлцлээр халхавчлах, хуурамчаар өглөг үүсгэх, холбогдох баримт бичгийг нууцлах, орлого, эд хөрөнгө, ажил үйлчилгээний тоо, хэмжээ үнийн дүнг нягтлан бодох бүртгэл, тайлан мэдээ, тайлан тэнцэл, орлого, татвар тодорхойлох хуудсанд дутуу мэдээлж татварын хэмжээг багаар тооцох зэргийг ойлгох юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д “тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг” их хэмжээний хохиролд,  энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна гэж тус тус тодорхойлж хуульчилсан тул татвар ногдох их хэмжээний орлого гэдэг нь 50.0 сая төгрөг, түүнээс дээш хэмжээний мөнгөн дүн байна гэж ойлгоно.

Хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул шүүгдэгч Ц.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ц.С нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Гэмт хэргийн улмаас улсын төсөвт 66,879,301,57 төгрөгийн хохирол учирснаас шүүгдэгч нь 46,024,641,03 төгрөгийг төлж барагдуулсан тул үлдэгдэл 20,854,660.54 төгрөгийг шүүгдэгч Ц.С-гаас гаргуулан Татварын ерөнхий газарт олгуулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Ц.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/  төгрөгөөр торгох ял шийтгэв.

Шүүгдэгч Ц.С-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.С-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарлав.

            Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:

Шүүгдэгч Ц.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан зүйлгүй болохыг тус тус дурдав.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овгийн Ц.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан татвар төлөгч хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Ц.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.С-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

4. Шүүгдэгч Ц.С нь хохирол төлбөр 46,024,641,03 төгрөг төлсөн болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.С-гаас 20,854,660.54 /хорин сая найман зуун тавин дөрвөн мянга зургаан зуун жаран төгрөг тавин дөрвөн мөнгө/ төгрөгийг гаргуулан Татварын ерөнхий газарт олгуулсугай.

5. Шүүгдэгч Ц.С нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг прокурор, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.