Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Пунцагжавын Болормаа |
Хэргийн индекс | 147/2024/00024/И |
Дугаар | 147/ШШ2024/00106 |
Огноо | 2024-04-26 |
Маргааны төрөл | Тээвэрлэлт, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 26 өдөр
Дугаар 147/ШШ2024/00106
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2 дугаар баг, Ногоон төгөл хотхоны 4-р байр, 5-64 тоотод оршин суух *******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар баг, Залуус хотхоны 106 дугаар байрны 1 дүгээр орц, 5-21 тоотод оршин суух *******өд холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: “4,000,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: *******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ганжууржав нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* холбогдуулан “тээврийн хөлс 4,000,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараахь байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. 2023 оны 12 сарын 16-ны өдөр Энхмөнх гэх хүний шалаанз машинаар нийт 90 гаруй тооны үхрийг Баруун-Урт сумын .......гэх газраас Онгон сумаас урагш 30 км-т байх газар руу 2 удаа тээвэрлүүлэхээр тээврийн хөлсөнд 8,000,000 төгрөг өгөхөөр тохирч, 12 сарын 17-ны өдөр 8,000,000 төгрөгийг Энхмөнхийн Төрийн банкны данс руу шилжүүлсэн. Гэтэл М.Энхмөнх 50 гаруй тооны үхрийг 1 удаа л тээвэрлэсэн. Үлдсэн 40 гаруй тооны үхрийг тээвэрлэхээс татгалзаж, тээвэрлээгүй. Тээврийн хөлсөө 1 удаа явахдаа 4,000,000 төгрөгөөр тохирсон бөгөөд 1 удаа л явсан. Одоо цас ихтэй байгаа болохоор тээвэрт явахаас татгалзаж, амаар хийсэн гэрээг зөрчиж байгаа тул нэг удаагийн тээврийн хөлс 4,000,000 төгрөгийг ******* буцаан гаргуулах хүсэлтэй байна. ******* тээвэртээ яв, эсхүл миний нэг удаагийн тээврийн хөлсийг буцааж өг гэхэд миний мөнгийг өгөхгүй, тээвэртээ явж өгөхгүй байна. Би цас, зудтай малаа 2,3 газар хувааж байлгах боломжгүй, мөнгөө яаралтай авч, үлдсэн үхрээ ачуулах шаардлагатай байна. Иймд ******* тээврийн хөлс 4,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч шүүхэд хариу тайлбараа ирүүлээгүй.
3. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн лавлагаа, улсын тэмдэгтийн хураамжид 78,950 төгрөг төлсөн баримт, 2023 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 270000411139 тоот дансанд 8,000,000 төгрөг шилжүүлсэн баримтыг нотлох баримтаар шүүхэд ирүүлсэн.
4. Хариуцагчаас нотлох баримт гаргаж ирүүлээгүй.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* холбогдуулан “тээврийн хөлс 4,000,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.
Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.
Үүнд: 1.1 2023 оны 12 сарын 16-ны өдөр хариуцагч Энхмөнхийн шалаанз машинаар нийт 90 гаруй тооны үхрийг Баруун-Урт сумын ...... гэх газраас Онгон сумаас урагш 30 км-т байх газар руу 2 удаа тээвэрлүүлхээр, тээврийн хөлсийг 8,000,000 төгрөгөөр тохирч, 8,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Энхмөнх нь нэг удаа тээвэр хийгээд дурдсан хугацаандаа дахин явахгүй гэрээг зөрчиж байгаа тул нэг удаагийн тээврийн хөлс 4,000,000 төгрөгийг ******* буцаан гаргуулна гэж,
2. Шүүх энэ хэрэгт 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, хариуцагч ******* 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан.
3. Хариуцагч шүүхэд хариу тайлбараа ирүүлээгүй.
4. Шүүх нэхэмжлэгчийн тээврийн зардалд төлсөн 4,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
5. Хавтаст хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримт, нэхэмжлэгчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч ******* нь 2023 оны 12-р сарын 16-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Улаан тойром гэх газраас Онгон сумаас урагш 30 км-т байрлах газар руу 8,000,000 төгрөгөөр 2 удаа 90 гаруй тооны үхэр тээвэрлүүлхээр, хариуцагч ******* харилцан тохиролцсон байна. 2023 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 8,000,000 төгрөгийг хариуцагч М.Энхмөнхийн Төрийн банкны 270000411139 тоот дансанд шилжүүлсэн. 50 гаруй тооны үхрийг нэг удаа тээвэрлэсэн, 2 дахь удаагийн тээврээр 40 гаруй тооны үхрийг тээвэрлэх байсан боловч дурдсан хугацаанд тээвэрлээгүй байна.
6. Хариуцагч шүүхэд хариу тайлбараа ирүүлээгүй.
Энэ тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т “Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно” гэж зааснаар зохигчдыг 90 гаруй тооны үхрийг 2 удаа ачуулахаар тохиролцсон, тээврийн хөлсөнд 8,000,000 төгрөг төлсөн үйл баримтын талаар маргаагүй гэж шүүх үзлээ.
Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-д “Тээвэрлэлтийн гэрээгээр тээвэрлэгч нь зорчигч буюу ачаа, тээшийг тогтоосон газар хүргэх, тээвэрлүүлэгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, мөн 386.1-д ”ачаа тээвэрлэлтийн гэрээг дагалдах бичгийн хэлбэрээр байгуулна” гэж тус тус заажээ. Иймд уг гэрээг дагалдах бичгийн хамт байгуулах журамтай.
Учир нь, дагалдах бичигт Иргэний хуулийн 387 дугаар зүйлийн 387.1, 387.2-т тус тус зааснаар ачаа илгээгч, тээвэрлэгч, хүлээн авагч, ачааны нэр, төрөл, тоо хэмжээ, жин, амархан хагарах, түргэн муудах шинж чанар болон хүргэх газар гэх мэт зүйлийг тусгадаг бөгөөд энэ нь хожим талуудын хооронд маргаан гарсан тохиолдолд нотлох баримтын үүрэг гүйцэтгэдэг байна.
Тус хуулийн 386 дугаар зүйлийн 386.2-т “Дагалдах бичгийг гурван хувь үйлдэж, талууд гарын үсгээ зурж эхний хувийг ачаа илгээгчид үлдээж, хоёр дахь хувийг ачаанд хавсаргаж, гурав дахь хувийг тээвэрлэгчид өгнө” гэж зааснаас үзэхэд бичгийн хэлбэрээр энэхүү гэрээг байгуулахыг илэрхийлсэн ба 42 дугаар зүйлийн 42.2-т “Энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно” гэж зааснаар гэрээнд талууд гарын үсэг зурж хүчин төгөлдөр болдог.
Гэтэл зохигчид ачаа тээврийн гэрээг бичгээр байгуулаагүй байна. Гэвч Иргэний хуулийн 386 дугаар зүйлийн 386.2-т “Дагалдах бичиггүй, түүнийг дутагдалтай үйлдсэн, эсхүл үрэгдүүлснээс үл хамааран энэ бүлгийн холбогдох заалт тээвэрлэлтийн гэрээний агуулга, хүчинтэй байх нөхцөлд нэгэн адил хамаарна” гэж заасан. Өөрөөр хэлбэл, талууд ачаа тээврийн гэрээг байгуулахдаа дагалдах бичиг үйлдээгүй нь гэрээг хүчин төгөлдөр бус гэж шууд үзэхгүй бөгөөд чухам ямар ачаа ачсан бэ гэдгийг бусад нөхцөл байдлыг харгалзан тогтооно.
Хэдийгээр зохигчид 90 гаруй тооны үхрийг тээвэрлэхээр харилцан тохиролцохдоо дагалдах бичгийг үйлдээгүй боловч нэхэмжлэгч ******* нь хариуцагч М.Энхмөнхөөр 90 гаруй тооны үхрийг 2 удаа тээвэрлүүлхээр, тээврийн хөлсөнд 2 удаагийн тээвэрт 8,000,000 төгрөг төлөхөөр тохиролцож, 8,000,000 төгрөгийг шилжүүлсэн. 1 дэх удаагийн тээврээр 50 гаруй тооны үхрийг ачуулсан. 2 дахь удаагийн тээврээр 40 гаруй тооны үхрийг тээвэрлэх, ачуулах байсан боловч хариуцагч дурдсан хугацаандаа тээвэрлээгүй тул тээврийн хөлсөнд төлсөн 4,000,000 төгрөгийг гаргуулна гэх үйл баримтын талаар маргаагүй тул тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 386 дугаар зүйлийн 386.1-д зааснаар ачаа тээвэрлэлийн гэрээ байгуулагдсан гэж үзэв.
Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-д “тээвэрлэлтийн гэрээгээр тээвэрлэгч нь зорчигч буюу ачаа, тээшийг тогтоосон газар хүргэх, тээвэрлүүлэгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар нэхэмжлэгч ******* нь тээврийн хөлс 4,000,000 төгрөгийг хариуцагч ******* шаардах эрхтэй байна.
Иргэний хуулийн 393 дугаар зүйлийн 393.3-д зааснаар “тээвэрлэгч өөрийн буруугаас хохирол учруулсан бол түүний хүлээх хариуцлагыг хязгаарласан буюу нотлох үүргээс чөлөөлсөн энэ бүлэгт заасан журам хамаарахгүй” гэж зааснаар хариуцагч тээвэрлэлтийн гэрээний дагуу дурдсан хугацаанд 2 дахь удаагийн тээврийг хийгээгүй хариуцлага алдсан гэж шүүх дүгнэлээ. Иймд тээврийн хөлсөнд урьдчилан төлсөн 8,000,000 төгрөгөөс 4,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгохоор шийдвэрлэлээ.
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 78,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* улсын тэмдэгтийн хураамжид 78,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1, 393 дугаар зүйлийн 393.3-д заасныг баримтлан хариуцагч ******* тээврийн хөлс 4,000,000 (дөрвөн сая) төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 78,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* 78,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БОЛОРМАА