Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 56

 

 

 

 

 

 

 

 

2019      04         11                                     56

 

 

Агийн нэхэмжлэлтэй хариуцагч

“Э” ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн

холбоонд холбогдох иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдсан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 142/ШШ2019/00232 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Агийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: “Э” ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбоонд холбогдох,

Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 16.316.660 төгрөг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н-ийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н, нарийн бичгийн дарга Ө.Оюумаа нар оролцов.

Нэхэмжлэгч А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие нь 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Э ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б-ийн Б/06 тоот тушаалаар ажлаас халагдсан бөгөөд Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 267 дугаар шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 60 дугаар магадлал, Улсын Дээд Шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1402 дугаар тогтоолоор тус тус намайг урд ажиллаж байсан ажилд маань эгүүлэн тогтоосон бөгөөд ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдрөөр буюу 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 12-ний өдрийг дуустал хугацааны цалин 4.375.822 төгрөг гаргахаар шийдвэрлэсэн. Иймд миний бие нь ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш одоог хүртэлх хугацаагаар буюу 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийг дуустал 10 сарын хугацааны цалин болох 16.316.660 төгрөгийг нэхэмжилж байна. Нэхэмжлэгч миний нэхэмжлэлийг хангаж ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 16.316.660 төгрөгийг Э ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооноос гаргуулж, 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс хойших хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Э ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбоо шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Аг ажлаас халсан Холбооны дарга Б-ийн сонгогдохоос өмнө Т холбооны дарга байх үед ажилд орсон байдаг. Ер нь цомхон бүтэцтэй, нэг төрлийн үйл ажиллагаатай ҮЭ-ийн байгууллагын хувьд нярав, бичиг хэргийн ажил бүтэн орон тоо өндөр цалинтай ажиллах ачаалалгүй, бусад зайлшгүй байх зохион байгуулагч, мэдээллийн ажилтан хавсран гүйцэтгэх бүрэн боломжтой тул 2018 оны сүүлийн хагасаас орон тоо хасагдсан. Холбооны даргаар ажиллаж байсан Б энэ асуудлыг тус ҮЭ-ийн Холбооны дүрмийн хүрээнд Хөдөлмөрийн тухай хуульд нийцүүлэн зохицуулж шийдвэрлэх байтал Тэргүүлэгчидтэй зөвлөлдөж хэлэлцэлгүй дураар авирласнаас шүүхийн шийдвэрүүдэд заасан үр дагавар үүссэн. Ийм ч учраас Бийг хамтран хариуцагчаар оролцуулах асуудлыг тавьж байгаа. А 2018 оны 12 дугаар сарын 03-нд тэр үед ҮЭ-ийн Холбооны даргын үүрэг гүйцэтгэж байсан Т над дээр шүүхийн шийдвэрт заасан мөнгөө авах, ажилдаа орох хүсэлтээ илэрхийлж ирсэн. Миний бие шүүхийн шийдвэрт заасан мөнгийг санхүүгийн боломжоос шалтгаалж хоёр тасалж олгоё гэхэд А дургүйцсэн. Би түүнд хуучин ажиллаж байсан орон тоо байхгүй тул өөрөөр хэлбэл шаардлагагүй гэж үзэж бүтэц, орон тоогоо баталсан гэдгийг тайлбарлаж, Эийн жишгээр 13 дахь сарын цалин гэж нэрлэгдэх олговор олгох, цаашид 2019-2020 онд Үйлдвэрчний эвлэлийн Холбооны бодлогоор өөрийгөө санхүүжүүлэх эх үүсвэртэй болохоор төлөвлөж байгаа ажилд ажиллуулъя гэдэг санал тавьсан. А жирэмсэн, төрөх дөхсөн гэдэг нь илт байсан учраас нэмж мөнгө нэхэмжлэх шаардлага тавиагүй бол түүнээс эмнэлгийн тодорхойлолтыг нь авч, ажилд томилсон тушаал гаргаад Хөдөлмөрийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1-д заасан жирэмсний болон амаржсаны 120 хоногийн амралтыг олгож, улмаар мөн хуулийн 106.1-д зааснаар ээлжийн амралтыг тооцсоны дараа, хүүхэд асрах чөлөөг нь өгч, уг чөлөө нь дууссан болон дуусаагүй ч ажилд орох хүсэлт гаргавал хуулийн 106.2-т заасныг баримтлан ажлын албаны орон тоо байхгүй тул ҮЭ-ийн Холбооны төсвөөс гадуурх үйл ажиллагаанд ажиллуулах эсхүл ажил олгогч Эийн зохих албанд хүсэлт гаргах замаар асуудлыг шийдвэрлэх боломжийг эрэлхийлэх шаардлагатай байсан боловч Агийн төсөв муутай ҮЭ-ийн байгууллагаас их хэмжээний мөнгө нэхсэнээс уг асуудал зөрчилдөөнт байдалд хүрч одоо дахин шүүхийн асуудал болоод байна. Э ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн Холбооны дүрмийн 18 дугаар зүйлийн 18.14-т "Э ХХК-ийн ажлын албаны бүтэц, зохион байгуулалт, орон тоо, үндсэн цалингийн хэмжээг батлах" эрх тэргүүлэгчдийн хуралд хадгалагддаг. Манай ҮЭ-ийн холбооны даргаар ажиллаж байсан Т 2015 онд Аг нярав, бичиг хэргийн ажилтнаар авахдаа дүрмийн дээрх заалтаар батлагдаагүй орон тоо гаргаж ажилд авсан, Т болон 2017 онд сонгогдсон холбооны дарга Б нар 2016, 2017 онд мөн дүрмийн дээрх заалтаар орон тоо, бүтэц батлуулаагүй ажилласан учраас Агийн нярав, бичиг хэргийн ажилтны орон тоо манай холбоонд угаасаа байгаагүй одоо ч байхгүй юм. Нөгөө талаар хэргийн оролцогчид хууль, шүүхийн өмнө адил эрхтэйн хувьд хариуцагч тал шүүхийн шийдвэрийг давж заалдсан, хяналтын журмаар гомдол гаргасан, иймд гомдол гаргах үндэслэлтэй гэж мэргэжлийн өмгөөлөгч зөвлөж өөрөө эрхээ хэрэгжүүлсэн, үүнээс болж анхан шатны шүүхийн шийдвэр эцэслэн шийдвэрлэгдэх хугацаа сунжирсан нь Э ХХК-ийн ҮЭ-ийн холбооны буруутай үйлдэл биш болно. Иймээс Агийн 10 сарын цалин 16.316.660 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно уу. Агийн жирэмсний болон амаржсаны амралт дуусаж, хүүхэд асрах чөлөөний хугацаа дууссаны дараа ажилд орох хүсэлт гаргавал түүний хөдөлмөрийн харилцааны асуудлыг хуульд заасан журмаар зохицуулах болно. Эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтрийн бичилтийг анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны 00267 тоот шийдвэрт зааснаар хэрэгжүүлнэ гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 142/ШШ2019/00232 дугаар шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан ажилгүй байсан хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 16.316.660 төгрөгийг хариуцагч Э ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооноос гаргуулж нэхэмжлэгч Ад олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан Агийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговроос 2017 оны 12 сарын 19-ний өдрөөс хойших хугацааны нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцон суутгаж, дэвтрүүдэд бичилт хийхийг хариуцагч Э ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбоонд даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57-р зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Э ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооноос улсын тэмдэгтийн хураамж 239.533 төгрөг гаргуулж, төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н давж заалдсан гомдолдоо:

Улсын дээд шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны 01402 тоот тогтоолоор баталгаажсан 4.375.822 /дөрвөн сая гурван зуун далан таван мянга найман зуун хорин хоёр/ төгрөгийн олговрыг олгох, Агийн хөдөлмөрийн харилцааг сэргээх асуудал дээр тус холбоо маргаагүй. Харин 2018 оны 12 дугаар сарын 03-д А нь холбооны удирдлагатай уулзахдаа өөрөө жирэмсэн бөгөөд төрөх дөхсөн нь илэрхий байхад тушаалаа гаргуулах, нийгмийн даатгалаа төлүүлж дэвтрээ бөглүүлэх, улмаар Хөдөлмөрийн тухай хуулийн 104 дүгээр зүйлд заасан тэтгэмж, чөлөө, амралтыг асуудлаа ярихын оронд шүүхээр тогтоогдоогүй 17.000.000 /арван долоон сая/ төгрөг, 13 дахь сарын цалин, дээр дурдсан шүүхээр тогтоогдсон олговрыг бөөнд нь авна гэж шаардлага тавьснаас үл ойлголцолд хүрснээс түүнийг дэд дарга шийдвэрлэх эрх хэмжээ байхгүй учир холбооны дүрмийн дагуу Гүйцэтгэх зөвлөлд хандахыг зөвлөсөн. Гүйцэтгэх зөвлөл хэлэлцсэн боловч түүнийг ажиллуулж байсан орон тоо нэгэнт байхгүй тул тодорхой шийдэл гаргах боломжгүй байсан ба үүнээс улбаалж дахин шүүхэд нэхэмжлэл гаргасан нөхцөл байдал үүссэн болохыг буюу өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн сэдэл, үндэслэл нь хариуцагчийн буруутай үйлдэл биш болно. ҮЭ-ийн Холбооны дарга байсан Т Аг анх 2015 онд ажилд авахдаа Холбооны дүрмийн 18.1.4 -д заасны дагуу батлагдсан нярав, бичиг хэргийн ажилтан гэсэн орон тоо буюу ажлын байр байхгүй байхад ашиг сонирхлын зөрчилтэйгөөр авсан байдаг бөгөөд түүний орон тоог 2016 оны ажлын албаны бүтэц, зохион байгуулалтад батлуулаагүй, 2017 онд дарга байсан Б Ажлын албаны бүтэц, орон тоо гэж ерөөсөө батлуулаагүй байдаг. Харин Бийг огцорсны дараа ҮЭ-ийн Холбооны зөвлөл, Тэргүүлэгчид 2018, 2019 оны бүтэц, орон тоог батлахдаа ийм ажлын байр байх шаардлагагүй гэж үзсэн байгаа. Энэ байдал Агийн өргөдлийг хэлэлцсэн Зөвлөлийн хурлын тэмдэглэлээс болон Тэргүүлэгчдээс гарсан шийдвэрүүдээр тодорхой нотлогдоно. Иймд Агийн орон тоо тус Холбоонд угаасаа байгаагүй, одоо ч байхгүй юм. Энэ нь Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 4 дүгээр зүйл, МҮЭ- ийн Холбооны дүрмийн 11 дүгээр зүйлийн 11.6 дахь заалт, тус Холбооны дүрмийн 18 дугаар зүйлийн 18.1.4 дэх заалтаар тус Холбооны хууль ёсны эрх хэмжээнд байгаа асуудал болно. Тус ҮЭ-ийн Холбоо шүүхийн шийдвэрийг биелүүлж Агийн хөдөлмөрийн эрхийг сэргээсэн шийдвэр гаргаж, Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцож, түүнд жирэмсний болон амаржсаны амралтыг нөхөн олгох ба, цаашид түүний асуудлын Хөдөлмөрийн тухай хуулийн 104, 106 дугаар зүйлд зааснаар шийдвэрлэх болно. Ариунзаяа нь жирэмсэн болон төрсөн тухай, чөлөө авах тухай ямар ч баримтыг тус Холбоонд ирүүлэхгүй байгаа ба 2 удаа зөвхөн мөнгө шаардсан өргөдөл ирүүлээд байгаа нь хөдөлмөрийн харилцаагаа сэргээлгэх биш олговор авах сонирхолтой байна гэж харагдаж байгаа. Аг ажилд эргүүлэн тогтоосон анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны 00267 тоот шийдвэрийг хариуцагч Үйлдвэрчний эвлэлийн холбоо давж заалдсан, хяналтын шатны шүүхэд хянуулсан явдал нь хэргийн оролцогчдод хуулиар олгосон адил тэнцүү эрхийн хүрээнд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь заалт, 26 дугаар зүйлийн 26.1, 26.4-д заасан журмаар хэрэгжүүлсэн үйл ажиллагаа тул 00267 тоот шийдвэрийн давж заалдах хугацаа эхлэхээс хяналтын шатны шүүхийн шийдвэр ирж гардуулах хүртэлх хугацаанд хариуцагч ҮЭ-ийн холбоо эрхээ хэрэгжүүлсний төлөө Агийн өмнө нөхөх мөнгөн хариуцлага хүлээх үндэслэлгүй. Харин А шүүхийн эцэслэн шийдвэрлэгдсэн шийдвэрийг авч ҮЭ-ийн холбоон дээр ирснээс хойш түүнд жирэмсний амралтын тэтгэмж олгох хүртэлх хугацааны цалин, эсхүл ҮЭ-ийн холбооноос шалтгаалж нийгмийн даатгалын сангаас авах жирэмсний ба амаржсаны тэтгэмжээ авч чадаагүй хохирсон бол түүнийгээ нэхэмжлэх эрхтэй байж болно. Иймд анхан шатны шүүхийн 232 тоот шийдвэрийг хянан үзэж өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

                                            ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч А нь хариуцагч Э ХХК-ийн ҮЭХ-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 16.316.660 төгрөг гаргуулах 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч байгууллага нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргажээ.

Нэхэмжлэгч А нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 267 дугаар шийдвэр, давж заалдах болон хяналтын шатны шүүхийн магадлал, тогтоолд үндэслэн тодорхойлжээ.

Нэхэмжлэгч А нь 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Э ХХК-ийн ҮЭХ-ны дарга Бийн Б/06 дугаар тушаалаар ҮЭХ-ны нярав, бичиг хэргийн ажилтны ажлаас чөлөөлөгдсөн байх ба шүүхэд ажилдаа эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргаснаар иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 267 дугаар шийдвэрээр Аг Э ХХК-ийн ҮЭХ-ны нярав, бичиг хэргийн ажилтны албан тушаалд эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацаатай тэнцэх хэмжээний нөхөн олговорт 4.375.822 төгрөгийг гаргуулж олгохоор шийдвэрлэсэн байна. Энэ шийдвэрийг Орхон аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 60 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1402 дугаар тогтоолоор тус тус хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч байгууллага нь 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүхийн 1402 дугаар тогтоолоор хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, Аг ажилд нь эгүүлэн томилоогүй байх тул шүүх хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2.-т зааснаар ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө эрхэлж байсан ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажил олгогч ажилтныг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эргүүлэн авах үүрэгтэй ба ажил олгогч үүргээ биелүүлээгүйн үр дагаврыг хариуцах учиртай гэсэн дүгнэлт хийж Агийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалтанд нийцсэн байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т зааснаар ажилтны урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаал нь цомхотгогдсон бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй болно.

Хариуцагч Э ХХК-ийн ҮЭХ нь нэхэмжлэгч Аг ажлаас үндэслэлгүй халж хохироосон болох нь шат шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдож байхад хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлд заасан үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч Агийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

Хариуцагч байгууллагын гомдол үндэслэлгүй тул хүлээн авах боломжгүй анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 142/ШШ2019/00232 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Нгийн гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагч Э ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 240.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                        Б.ОЮУНЦЭЦЭГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                                       Б.БАТТӨР

ШҮҮГЧ                                                                                 С.УРАНЧИМЭГ