Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 2022/ДШМ/03

 

Х.Батбаяр, Д.Мөнхбадрах нарт  холбогдох эрүүгийн хэргийн тухай

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч З.Энхцэцэг даргалж, шүүгч Я.Алтаннавч, С.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор                                                                 С.Алтай

Шүүгдэгч                                                                     Х.Батбаяр

  Д.Мөнхбадрах

Хохирогчийн хууль ёсны

төлөөлөгчийн өмгөөлөгч                                         М.Энхтуяа

Шүүгдэгч Д.Мөнхбадрахын өмгөөлөгч                Ө.Батболд

                                                                                       Э.Ганбат

                                                                                       Д.Урансувд

Шүүгдэгч Х.Батбаярын өмгөөлөгч                        Б.Баярмагнай

                                                                                       Б.Мянган

Нарийн бичгийн дарга                                           Г.Чинзориг нарыг оролцуулан,

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж, шүүгч Г.Намуунтуяа, С.Насанбуян нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 2021/ШЦТ/305 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Мөнхбадрах, түүний өмгөөлөгч Ө.Батболд, Э.Ганбат, шүүгдэгч Х.Батбаярын өмгөөлөгч Б.Баярмагнай нарын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч Х.Батбаяр, Д.Мөнхбадрах нарт холбогдох 201611000324 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 02ы өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овогт Доржийн Мөнхбадрах,1980 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Дорнод аймгийн Сэргэлэн суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Сэргэлэн сумын 5 дугаар багт оршин суух, гавьяа шагналгүй, /РД: ЖЗ80073118/, Урьд:

- Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 49 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 3 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд зааснаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан.

Шарайд овогт Хүрэлбаатарын Батбаяр, 1991 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Төв аймгийн Баянцогт суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 3, ээж, охины хамт Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэг 24 дүгээр хороо, Зээлийн 9 дүгээр гудамж 09 тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, /РД: УХ91010797/

Шүүгдэгч ******* нь 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 23 цагийн үед Дорнод аймгийн Сэргэлэн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт ****** гэх айлын хашааны хойд талд согтуугаар мал хулгайлсан гэх шалтгаанаар, хувийн таарамжгүй харьцааны улмаас ********ыг зодож алсан,

шүүгдэгч *********** нь Дорнод аймгийн Цагдаагийн газарт Сэргэлэн сум хариуцсан хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байхдаа тайлбар, мэдүүлэг авах, хэрэг хүлээлгэх зорилгоор 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдөр өглөөний 06-07 цагийн үед ************ын нүүр болон хэвлий орчимд цохиж бие махбодыг шаналган зовоож эрүү, шүүлт тулгасан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Дорнод аймгийн Прокурорын газраас Д.Мөнхбадрахын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

шүүгдэгч Х.Батбаярын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүжээ.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Боржгон овогт Доржийн Мөнхбадрахыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Шарайд овогт ********ын *******г мөн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Төрийн албан хаагч хэрэг хүлээлгэх зорилгоор бие махбодыг шаналган зовоож эрүү шүүлт тулгасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Доржийн ********ад 10 /арав/ жилийн, шүүгдэгч Х.Батбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар шүүгдэгч Х.Батбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг, 2 /хоёр/ жилийн хугацаагаар Зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *********хад оногдуулсан 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **********ын цагдан хоригдсон 776 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгч ********ын 2 жилийн хугацаагаар Зорчих эрхийг хязгаарлах ялаас түүний цагдан хоригдсон 297 хоногийг хасаж, Зорчих эрхийг хязгаарлах ялыг 433 хоногоор тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **********ын 433 хоногийн хугацаанд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, **********т хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэж, Шүүгдэгч Х.Батбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх зааснаар оногдуулсан 433 хоногийн Зорчих эрхийг хязгаарлах ялыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэж, хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Батбаярыг Зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны Зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD хэрэгт хавсаргаж, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Д.Мөнхбадрахын Дорнод аймгийн Сэргэлэн сумын 5 дугаар багт байрлах 750 м.кв газар, 2 настай 80 тооны эм хонь зэргийг битүүмжилсэн Мөрдөн байцаагчийн 2016 оны 09 дүгээр сарын 20, 21-ний өдрүүдийн Эд хөрөнгийг битүүмжлэх” тухай тогтоолыг хүчингүй болгож, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Х.Батбаярын УХ91010797 тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, шүүгдэгч Д.Мөнхбадрахын ЖЗ80073118 тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд тус тус хүргүүлж, Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ад урьд авсан хилээр гарах эрх хязгаарлах арга хэмжээг хүчингүй болгож, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Х.Батбаярт урьд авсан хилээр гарах эрх хязгаарлах арга хэмжээг хүчингүй болгож, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, ... шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.Мөнхбадрах давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Д.Мөнхбадрах би амь хохирогчтой зүгээр нэг хоорондоо архи ууж байгаад танхайрч дээрэлхэж түүнтэй маргалдаж зодолдож амь насыг нь хохироогоогүй. Үнэхээр харамсалтай гашуудалтай хэрэг болсон.

2016 оны 7 сарын эхээр энэ хэрэг гарахаас өмнө хулгайд алдсан 3 тугалтай үнээ, бяруу, шүдлэн нийлсэн 9 толгой үхэр хайж 2 хоног явсан. Хулгайд алдаад байгаагаа цагдаад бүртгүүлсэн байсан. Хэрэг гарахаас 2 хоногийн өмнө баахан эрэлд явж байгаад сумын төвд ирж мотоциклоо янзлуулчихаад хөдөө гэрлүүгээ явах санаатай явж байгаад сумын хэсэг залуучууд архи ууж байхаар нь таараад цугтаа том пиво ууцгаасан.

Тэр хүмүүсийн дунд хүргэн ах талийгаач Эрдэнэбаатар байсан бөгөөд надаар хөдөө гэртээ хүргүүлье гэхээр нь түүнийг хүргэж өгөх гэтэл ахдаа нэг шил архи аваад өгөөч гэхээр нь дэлгүүрээс 0,5 литрийн Ерөөл архи, 1 том пиво зээлж аваад гэр лүү нь явах санаатай Хурган уулын тийш явж байхдаа замдаа сумын зүүн хойно Ганчулуун ахтай хотоос ирсэн байхтай нь таараад цуг 1 шил архиа хувааж уугаад үлдсэн том пивоо Дашзэвэг ахын хашаанд очиж хоёулаа хувааж уусан.

Цаг нэлээн орой болсон байсан. Бид 2 ойр зуурын юм ярьж байгаад үхрийн эрэлд яваад олддоггүй баахан л хайлаа. Хулгай л авчих шиг боллоо. Нярай тугалтай үнээнүүд байсан юм, холдох ямар ч нөхцөлгүй, зөндөө хайлаа ямар ч сураг алга гэлцээд ярилцаж байхад талийгаач нэлээн согтоод “Ахыгаа уучлаарай ах нь мөнгөний хэрэг болоод танай үхэрнүүдийг янзалчихсан юм. Ах нь төлж өгнөө.” гэхээр нь “арай үгүй байлгүй дээ, нялх тугалтай үхэрнүүд байсан ш дээ. Тугалнуудыг нь яасан юм бэ” гэхэд “халуун зунаар яаж чарлуулаад байхав дээ гээд тугалнуудыг нь хэдэн хэсэг цавчаад хонхор газар сэвсэн доор нь булчихсан” гэхээр нь миний уур хүрсэн.

Та очиж очиж дүүгийнхээ малыг хулгайлахдаа яахав дээ, ядаж тугалнуудыг нь үлдээчихгүй яасан юм бэ, угжаад ч гэсэн мал болох байсан шүү дээ. Би таныг цагдаад өгнө гээд утсаа бариад хий 1, 4-ийн тоо голцуу дараад дуугаргахад талийгаач цагдаа дуудаж байна гэж ойлгоод миний хөлийг тэврээд битгий цагдаа дуудаа гээд миний шилбэнээс маш хүчтэй хазаад авсан юм. Тэгээд би уурандаа хэд хэд цохиж, өшиглөсөн. Энэ үнэн.

Тэгээд би 89991188 дугаар луу төрсөн дүү Энхбадрах руу залгаад хүргэн ах Эрдэнэбаатарыг мал хулгайлсан талаар нь хэлээд одоо түүнтэй хамт байгаа талаараа хэлсэн. Тэгээд эмч, цагдаагийн дугаар аваад Болормаа эмчийг дуудсан, мөн хэсгийн төлөөлөгчийг дуудаж хэлсэн.

Энэ хэргийн талаар шүүгч нар арай өөр сэтгэхүй төсөөлөл мэдрэмжтэй байсан. Би энэ хэрэг шалгагдахад хяналт тавьж байсан прокурор Ц.Лхамсүрэн, С.Алтай нарт маш их гомдолтой байгаа. Алтай прокурор ял хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа гэдэг талаараа шүүх хуралдаанд хэлдэг боловч нөгөө л 10 жилийн хорих ялаа байнга л хэлж байдаг. Бидний гаргасан нэг ч хүсэлтийг хангаж шийдвэрлэж байгаагүй. Бүгдийг татгалздаг. Яагаад ч цагаатгаж болохгүй нөхцөл байдал үүсгээд, эд мөрийн баримтгүй хүртэл болгоод, нухсаар байгаад л ирүүлсэн. Үүнийг би өөрийн хар ухаандаа ойлгож байна. Өмгөөлөгч нар маань Монгол улсад гарч болох бүх шинжилгээ хийгдсэн гэж хариу өгдөг. Энэ хэрэг Сүхбаатар аймгийн давж заалдах шатны шүүхээс 1 удаа, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс  2 удаа мөрдөн байцаалтаас буцах үед Авилгатай тэмцэх газар руу шилжүүлсэн. Эд мөрийн баримтыг нь мөрдөгч М.Батмөнх бүр устгаж хаясан. Шүүгчийн захирамжаар устгасан гэж худал тогтоол тэмдэглэгээг хэрэгт хийчихээд л явж байгаа. Улсын дээд шүүхээс хүртэл энэ хэрэг нэмэлт мөрдөн байцаалтад буцсан байдаг.

Би талийгаачийг зодолдсон газраа хаяад явах биш хүн ёсоор иргэний үүргээ биелүүлж гэмт халдлагаас сэргийлэх ёстой цагдааг нь дуудсан. Эрүүл мэндийг хамгаалах ёстой эмчийг нь дуудсан. Бүгдээрээ үзсэн харсан. Батбаяр ч гэсэн үнэхээр бие муу байсан бол өөрөө аймгийн эмнэлэгт хүргэдэггүй юм аа гэхэд аймгаас түргэн дуудах боломжтой байсан. Өөрөө ч хүргээд өгөх боломжтой байсан. Би буруугүй гэж маргаагүй. Надад асар олон шинжээчийн дүгнэлтүүд гарч маш их эргэлзээтэй нөхцөл байдлуудтай байсаар энэ 5 жил гаруй хугацааг өнгөрөөлөө.

Иргэн хүн би эмч, цагдаа дуудахаас өөр ямар зүйл хийж чадах байсан юм бол. Одоог хүртэл талийгаачийн араас харамсаж суудаг. Нярай тугал хэдэн хэсэг цавчаад хаячихсан гэхэд үнэхээр тэсэж тэвчиж чадаагүй байсан.

Намайг цагдан хоригдож байхад ар гэрийнхэн маань талийгаачийн хохирлыг миний мал хөрөнгөөр болон өөр бусад байдлаар бүрэн төлж барагдуулсан. Би гарч ирээд байхдаа хүртэл нэмж 1 сая төгрөг өгсөн, дараа нь 15 хонь хүртэл өгсөн. Ямар ч байсан миний учруулсан гэмтлээс талийгаач нас барсан гэж ойлгож энэ бүхэндээ гэмшиж хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан.

Энэ хэрэгт шалгагдах үед надад эрх мэдэл, албан тушаал, танил тал юу ч байхгүй. 75 нас хүрч байгаа ээж, эхнэр 3 хүүхэд, А дансны 300 гаран толгой мал л байсан. 5 жилийн дараа 1 морь, 1 тугалтай үнээ, 38 ямаа, 4 төлөгтэй л үлдлээ.

Үнэхээр харамсалтай байна. Тэр хэдэн үхрийн хойноос цагдаа авч явалгүй шууд л аймгийн төвийн эмнэлэг рүү аваад явсан бол амь насыг бүрэн, 100 хувь аврах боломжтой байсан нь тодорхой байдаг. Хүний эрүүл мэндийг сахин хамгаалах үүрэг бүхий этгээдүүд болох эмч Болормаа, бага эмч Амгаланбаяр нар нь амь хохирогчийг цагдаагийн байранд ирж үзээд зүрхний цохилт болон даралт, биед авсан гэмтэл шархыг үзээд амин үзүүлэлтүүд хол хавирганы хугарал байхгүй гэж үзлэгийн тэмдэглэл хөтөлж, эмнэлэгт аваачиж эмчлэх шаардлагагүй гэж дүгнээд хэсгийн төлөөлөгчид хариуцуулан цагдаагийн байранд үлдээгээд явчихсан.

Ямар байдалтай байсныг нь хүү нь харж л байсан. 100 хувь амь нас аврагдах боломжтой байсан гэж би хувьдаа бодож байна. Яагаад гэвэл ухаан санаа саруул шөнөжингөө бороохойдуулж асуугдаж, байцаагдаж, манай гадаа ирж дээл хувцсаа солиод, 25-30 км газар өөрийн ухаантай машинтай яваад, мотоциклийн ард суугаад энд тэнд байгаа гээд газар заагаад явж байсан хүн шүү дээ.

Би өмнө нь энэ хүний амь нас хохирох асуудал надтай холбоогүй Батбаяртай хамаатай гэж маргадаг байсан нь үнэн. Энэ гэмтлүүд бүгд л Батбаяртай холбоотой юм шиг гараад байгаа хэрнээ нэг цаг заагаад л над руу чиглүүлчихнэ. Тэр ч утгаараа би 2 аймгийн шүүхээр 10 жилийн хорих ялаар 2 удаа шийтгүүлж байсан. Авилгатай тэмцэх газраас 2 дахин хэрэг шалгагдаад байцаагч комиссарын хэлснээр хийгдэж болох бүх шинжээчийн дүгнэлт гарсныг уншиж танилцсан болохоор анхан шатны шүүх хурал дээр өөрийн гэм буруугаа хүлээж мэдүүлэг өгсөн. Одоо ч би хүлээн зөвшөөрч байна. Өөрийн гэм буруугаа хүлээсээр байхад надад дахиад 10 жилийн хорих ял оногдуулаад байгаа нь ямар учир шалтгаан байгааг үнэхээр ойлгохгүй байна. Маш их гомдолтой байна.

Намайг ямар хүн болох талаар манай нутгийн олон түмэн бүгд хэлж өгөх байх, зарим нотлох баримтууд ч хэрэгт байгаа. Би өөрийн үйлдсэн гэмт хэрэгтээ маш их гэмшиж байна. Би гэмт хэрэг үйлдсэнийхээ дараа хохирогчид шууд эмнэлгийн тусламж үзүүлсэн. Учруулсан хохирлыг бүрэн төлсөн, өөрийн үйлдсэн гэм буруугаа хүлээсэн, шинжээчдийн дүгнэлтийг бүрэн хүлээн зөвшөөрсөн, хохирогч нар анхнаасаа гомдол санал тээж яваагүй байдаг. Эмч үзээд явсан болохоор нь ингээд амь нас нь өнгөрчихнө гэж үнэндээ төсөөлөөгүй зэрэг нөхцөл байдлуудыг минь харгалзан үзэж надад оногдуулсан хорих ялыг багасгаж хөнгөн ялаар шийтгэж өгнө үү.” гэжээ.

Үнэхээр харамсалтай хэрэг гарсан. Би маш их харамсаж явдаг. Би гомдолдоо тухайн үед болсон явдлыг тодорхой бичсэн. Би энэ олон шинжээчийн дүгнэлтэд эргэлзсэн юм. Тэрнээс биш хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Би ээж, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг. Ээжийн маань бие муу байгаа гэсэн. Би гэртээ хүүхдүүдээ асарч, эхнэр маань ажил хийдэг байсан. Ар гэрийн маань нөхцөл байдлыг харгалзан үзэж аль болох хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

Шүүгдэгч Д.Мөнхбадрахын өмгөөлөгч Ө.Батболд давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний үйлчлүүлэгч Д.Мөнхбадрах нь нийтлэг гардаг хэргүүдтэй адил талийгаачид эр бяраа гайхуулж түүний амь насыг хөнөөх зорилготой танхайрч дээрэлхэн амь насыг бүрэлгэсэн зүйл байхгүй. Маш ээдрээ төвөгтэй хэргийн холбогдогч болоод байгааг шүүх анхаарч үзэх нь зүйтэй байна.

... Үхэр хулгайлсан, тугал хэдэн хэсэг цавчиж булсан гэх сэтгэл эмзэглэм асуудлаас болж Д.Мөнхбадрах нь уурандаа хэд хэд цохиж, өшиглөж талийгаачийн биед тодорхой тооны гэмтэл учруулсан үйлдэл нь тогтоогдоно. Хэдийгээр энэ гэмт үйлдэл хийж байгаа нь буруу боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасанчлан “хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” гэж дүгнэх бүрэн боломжтой байна. Өмгөөлөгч миний зүгээс мал хулгайлсан гэх асуудлыг шалгаж тогтоож өгнө үү гэх хүсэлтийг удаа дараа гаргадаг бөгөөд энэ хүсэлтийг шүүх, прокуророос аль нь ч шийдвэрлэж байгаагүй.

Гэхдээ яллагдагч Батбаяр, сумын цагдаа, хэсгийн цагдаа Э.Хартогоо нар яах гэж талийгаачийг Хурган уулын тийшээ авч явсан талаар тодоос тод мэдүүлсэн  нотлох баримтууд байгаа болно. Үхэр, тугал хулгайлсан гэх асуудлыг шалгаж яваад амь нас нь эндсэн талаар нотлох баримт хэрэгт хангалттай бий.

Гэмт хэрэг гарсны дараа өөрийн төрсөн дүү Д.Энхбадрахын утас руу залгаж хүргэн ах Эрдэнэбаатарыг мал хулгай хийсэн талаар хэлээд, сумын эмч, цагдаагийн дугаарыг авч Болормаа эмчийг дуудаж Дашзэвэг гэх айлын хашааны ард байгаагаа хэлсэн, мөн хэсгийн төлөөлөгчийг дуудаж алдсан малынхаа эзэн холбогдогчийг олсон талаараа хэлсэн байдаг.

Энэ хэрэгт өмгөөлөгчийн зүгээс тасралтгүй гомдол гаргаж байсан. Нэгийг ч хангаж байгаагүй. Бүх хүсэлтийг татгалздаг. Прокурор, мөрдөгч нараас нэг ч удаа хүсэлт хангах тогтоол үйлдээгүйн зэрэгцээ арайхийн шүүхийн буцаасан заалтыг шалгахдаа ажиллагаа гүйцэтгэх төдийхнөөр гүнд нь орж шалгахгүй орхигдуулсаар ирсэн.

Энэ 5 жил 5 сарын хугацаанд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад анхан шатны шүүхээс 3 удаа, Сүхбаатар аймгийн давж заалдах шатны шүүхээс 1 удаа, Улсын дээд шүүхээс 1 удаа, Дорнод аймгийн давж заалдах шатны шүүхээс 1 удаа анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж, мөн 1 удаа мөрдөн байцаалтад буцаасан тогтоолыг хэвээр, ял шийтгэл оногдуулсан тогтоолыг 1 удаа хэвээр үлдээсэн зэрэг нийт 10 удаагийн шүүх хурал болж байсан гэдгийг дурдах нь зүйтэй.

Д.Мөнхбадрахын хувьд талийгаачтай мал хулгайлсан гэдэг асуудлаас болж муудалцаж цохилцож зодсон гэм буруугаа хүлээсээр ирсэн. Энэ олон шинжээчдийн дүгнэлтийн аль нь зөвийг ч мэдэхгүй, гэмт хэргийн ээдрээ төвөгтэй нөхцөл байдлаас шалтгаалан гэм буруугийн асуудлаар ингэж олон удаа хэлэлцэгдсэн нөхцөл байдал үүссэнийг бид бүхэн мэдэж байгаа.

Д.Мөнхбадрахын хувьд талийгаач Эрдэнэбаатарыг зодсон газраа хаяад явах биш хүн ёсоор иргэний үүргээ биелүүлж гэмт халдлагаас сэргийлэх ёстой цагдааг нь дуудсан, эрүүл мэндийг хамгаалах ёстой эмчийг дуудсан. Бүгдээрээ үзсэн харсан. Иргэний хүний хийх ёстой бүх л үүргийг биелүүлсэн.

Гэтэл цагдаагийн албан хаагч үнэхээр гэмтэлтэй байсан бол заавал эрүүдэн шүүлгүйгээр түргэн тусламж дуудаж эмнэлэгт үзүүлэх, өөрөө аймгийн эмнэлэгт хүргээд өгдөггүй юм аа гэхэд аймгаас түргэн дуудах боломжтой байсан. Өөрөө ч хүргээд өгөх боломжтой байсан. Яг үнэндээ талийгаач Эрдэнэбаатар хэсгийн төлөөлөгчийн эрхшээлд байсан цаг хугацаа гэдгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчид бид хэнээр ч хэлүүлэлтгүй мэдэж байгааг эрх биш шүүх бүрэлдэхүүн анзаарч байгаа буй за.

Амь хохирогчийн ар гэрийнхэнд учруулсан хохирлыг Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэрэг хэлэлцэгдэх үед хохирлыг төлж барагдуулсан бөгөөд энэ хэрэг нэмэлт мөрдөн байцаалтад шалгагдах үед нэмж 1 сая төгрөг, болон 15 хонийг 1 500 000 төгрөгөнд бодож төлж барагдуулсан байдаг. Энэ нь хавтаст хэрэгт нотлох баримтаар байгаа болно.

Д.Мөнхбадрахад үүссэн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийхэд эмч, цагдаа дуудахаас илүү ямар зүйл хийж чадах ёстой байсан бол. Батбаярын эрүүдэн шүүлтийг тас зогсоогоод өөрийнхөө мотоциклд суулгаад аймгийн эмнэлэг рүү аваачих байсан юм болов уу эсвэл гэр рүү нь хүргэх байсан юм болов уу ер нь яах ёстой байсан юм бол оо гэдэг асуудал зүй ёсоор тавигдана. Бид үүнд ямар хариулт өгөх ёстой юм бэ. Үнэхээр хэлж мэдэхгүй байна. Тун цөөхөн тохиолдолд энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон хүн эмнэлэг цагдаад ханддагийг бид бүхэн мэднэ.

Өмгөөлөгч миний хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг нөхөх төлсөн” гэх ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд бүрэн хамаарагдана гэхээс өөр тайлбар үнэхээр алга. Анхан шатны шүүх хуралдаанд улсын яллагч С.Алтай ч ял хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа талаар маргаан үүсгээгүй.

Гэмт хэрэг гарсан гэх цаг хугацаа нь Монголын Цагдаагийн байгууллага үүсч хөгжсөний түүхт 95 жилийн ой болж байсан үе бөгөөд хулгайд алдагдсан хэдэн үхэр, тугалын хойноос хэсгийн төлөөлөгч амь хохирогчийг авч явалгүй шууд л аймгийн төвийн эмнэлэг рүү аваад явчихсан бол амь насыг аврах бүрэн боломжтой байсан нөхцөл байдал ч тодорхой байдаг.

Энэ талаарх нотлох баримтуудад дүн шинжилгээ хийвэл 1-р хавтас 62 дугаар хуудас гэрч Болормаагийн мэдүүлэгт: “Пульс анх үзэхэд 109 байснаа гарах үед үзлэг хийхэд 90 болж буусан. Амьсгалын даралт 130/80, 120/70 амин үзүүлэлт гайгүй байхаар нь Амгаланбаяр бид 2 цагдаагийн байрнаас гарч явсанаа цус тогтоох тариа хийчихээд авья гэж ярилцаад буцаж ороод цус тогтоох тариа хийчихээд дуудаарай гэж хэлээд гараад явсан.” гэх, 1-р хавтас 63 дугаар хуудас “Хэрэв сумын эмнэлэгт аваачсан бол архийг нь гаргаад сахиж хянаж байгаад аймаг руу мэдэгдэх байсан”, та талийгаачийг тухайн үед үзээд яаралтай эмнэлэг рүү аваачин тусламж үзүүлэх шаардлагагүй гэж үзээд орхиж явсан гэж ойлгож болох уу гэхэд “тийм” гэж хариулсан.

1-р хавтас 65 дугаар хуудас гэрч Амгаланбаярын мэдүүлэгт: “00:05 минутын үед олон нийтийн цагдаа, Мөнхбадрах гэх ах, Болормаа эмч, Эрдэнэбаатар гэх хүмүүс байсан. Эрдэнэбаатарын даралт пульсийг үзэхэд 109 байснаа хэсэг ажиглаж байгаад дахиад үзэхэд 90 болсон. Энэ нь хэвийн гэсэн үг юм. Үзлэг хийгээд амин үзүүлэлтүүд болох биеийн халуун судасны цохилт, артерийн даралт, амьсгал зэрэг хэвийн байсан учир тэгж дүгнэсэн” гэх мэдүүлэг, гэрч Сарнайгийн “Номоороо бол дуудлагыг эмнэлэгт ирээд жижүүрийн сувилагч бүртгээд шаардлагатай тохиолдолд эмнэлэгт авчирч хоёрдогч эмчийг дуудан эмч нар зөвлөлдөж эмчилгээ хийдэг. Цагдаагийн байранд үзсэний дараа эмнэлэг дээрээ очоод өөрөө бичсэн байна лээ. Согтуу хүнийг эрүүл болтол нь үйлчилгээ үзүүлнэ гэсэн журам байгаа. Болормаа эмчид чи эмнэлэгт авчирч эмчилгээ хийх ёстой байсан гэхэд юу ч дуугарахгүй байсан” гэх мэдүүлэг, 1-р хавтас 80 дугаар хуудсанд гэрч Ганзоригийн “...өрөөнд ороход Мөнхбадрах ширээний хажуу талд сандал дээр сууж байсан харин Эрдэнэбаатар нь цонхны доод талд өөрийн ухаантай хэвтэж байсан. Хүү Хартогоог шөнийн 02 цагийн үед хэсгийн байранд авчирсан. Тэр үед Эрдэнэбаатар нь сэрчихсэн цонхны доод талд сууж байсан. Өглөө 05 цаг өнгөрөөд хэсгийн хороонд орж ирэхэд Эрдэнэбаатар босоод зогсчихсон архи нь гарчихсан байдалтай яваад байсан. Тэгээд хөдөө хээр очоод Батбаяр нь Эрдэнэбаатараас малын сэвс чинь хаана байгаа юм бэ гэж асуухад энд байгаа, тэнд байгаа гээд яриад байсан” гэх мэдүүлэг, 1-р хавтас 69 дүгээр хуудас гэрч *********ын “Эрдэнэбаатар өөрөө нүүрээ угаагаад явж байсан. Энд тэнд гээд заагаад явж байсан” гэх мэдүүлэг, 8-р хавтас 190 дүгээр хуудас, шинжээч эмч Ариунзулын “2016.07.28-ны шөнө талийгаачийг Улсын хэмжээний 2, 3 дугаар шатлалын клиникийн төв эмнэлгүүдэд яаралтай томографик хийж, оношилж, эмчилсэн бол амь нас аврагдах боломжтой” гэх мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, гэрч Хартогоогийн мэдүүлэг зэргээс үзэхэд 100 хувь амь нас аврагдах боломжтой байсан гэх дүгнэлтэд хүрч байгаа юм.

Яагаад гэвэл ухаан санаа нь саруул шөнөжингөө бороохойдуулж, асуугдаж, байцаагдаад, Д.Мөнхбадрахын гадаа ирж дээл хувцсаа солиод, 25-30 км газар заагаад явж байсан, амин үзүүлэлтүүд нь улам сэргэж байсан зэрэг нөхцөл байдлууд тогтоогдоно.

Хоёрдугаар шатны эмнэлэгийн тусламж аваагүй нөхцөл байдал нь яллагдагч Д.Мөнхбадрахтай шалтгаант холбоогүй юм. Энэ хүний санаа сэтгэхүйд талийгаачийн амь насыг хохироох, эмнэлэгт үзүүлэхгүй байх ямар ч хүсэл сонирхол байхгүй байгааг анхаарч үзэх нь зүйтэй байна.

Хүний эрүүл мэнд, амь насыг сахин хамгаалах үүрэг бүхий этгээдүүд нь амь хохирогчийг хүнд гэмтэл аваад байхад нь үзэж зохих эмчилгээг шат дараатай хийсэн үйл баримт байхгүй, мөн дараагийн шатлалын эмнэлэгт шилжүүлсэн бол уг цусан хурааг чөлөөлөх мэс засал хийлгэснээр талийгаач амь нас аврагдах бүрэн боломжтой байсан зэрэг нөхцөл байдлууд байсан.

Хэрэг болсон гэх Сэргэлэн сум нь аймгийн төвөөс 60 км зайд байрлах ба цаг хугацаа эмнэлзүйн хувьд талийгаачийн амь насыг аврах бүрэн боломжтойгоос гадна түүний амь нас хохирох хор уршиг яллагдагч Д.Мөнхбадрахаас үл шалтгаалсан нөхцөл байдлууд үүссэн байгаад дүгнэлт хийн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар зүйлчилж оногдох ял хариуцлагыг хөнгөрүүлэх бүрэн боломжтой юм.

Амь хохирогч нь сумын цагдаа нарыг дагаж хулгайн гэмт хэрэг үйлдсэн газраа маргааш өглөө 06 цагийн үед сумын төвөөс 25-30 км орчим газар явж улмаар хулгайн гэмт хэргийн талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийн биеэр оролцож яваад 09 цаг өнгөрхөд амь нас хохирсон нөхцөл байдал тогтоогдож байгаа болно.

Яаж ч бодсон хэргийн зүйлчлэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэгдэх ямар ч нөхцөлгүй юм. Үнэхээр л талийгаачийн амь нас хохирсон явдал нь Мөнхбадрахын үйлдэлтэй шалтгаант холбоотой гэж дүгнэвэл энэ хэргийн зүйлчлэлийн асуудал хурцаар хөндөгдөнө. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар Д.Мөнхбадрахын хэргийн зүйлчлэлийг өөрчилж шийдвэрлэх бүрэн боломжтой нөхцөл байдалд очиж таарна.

Иймд тогтоолыг хүчингүй болгож хэргийг мөрдөн байцаалтад буцаах эсхүл Д.Мөнхбадрахад холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар зүйлчилж ял хариуцлагыг хөнгөрүүлж шийдвэрлэж өгнө үү.

Үнэхээр уг хэргийн зүйлчлэл зөв гэж дүгнэвэл 2016.07.28-ны өдөр талийгаач Эрдэнэбаатартай Дашзэвэг гэх айлын хашааны ард уулзаж, архи ууж хулгайн гэмт хэрэг үйлдсэн асуудлаас болж өөр хоорондоо маргалдаж цохилцож Д.Мөнхбадрах нь сумын эмч, хэсгийн төлөөлөгчид мэдэгдэж байгаа хандлага нь хууль зүй, ёс зүй, хүн ёсны үүднээс ч тэр буруу зүйл биш юм.

Д.Мөнхбадрахын хувийн байдлын талаарх нотлох баримтууд хангалттай тогтоогдсон. 1-р хавтасны 134 дүгээр хуудас гэрч ******ийн мэдүүлэг, 135 дугаар хуудас гэрч ********гийн мэдүүлэг, 138 дугаар хуудас гэрч Сарангаравын мэдүүлэг, 139 дүгээр хуудас гэрч Энхтуяагийн мэдүүлэг, 148 дугаар хуудас гэрч Одончимэгийн мэдүүлэг, 149 дүгээр хуудас гэрч Энхбадрахын мэдүүлэг, 2-р хавтасны 6 дугаар хуудас урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, 16 дугаар хуудас Хил хамгаалах ерөнхий газрын лавлагаа, 19 дүгээр хуудас Д.Мөнхбадрахын А дансны хуулбар, 3-р хавтасны 77-83 дугаар хуудас Д.Мөнхбадрахын хувийн байдалтай холбоотойгоор гаргасан сум орон нутгийн иргэдийн хүсэлтүүд, 4-р хавтасны 143 дахь хуудас хохирол хүлээлгэн өгсөн тухай баримтууд, 8-р хавтасны 179 дүгээр хуудас шинжээчийн дүгнэлтүүд, 189 дүгээр хуудас шинжээч эмч Ариунзулыг байцаасан тэмдэглэл зэрэг нотлох баримтууд байгаа болно.

Д.Мөнхбадрах нь өөрийн үйлдсэн гэмт хэрэгтээ маш их гэмшиж байгаа бөгөөд гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн тусламж үзүүлсэн, учруулсан хохирлыг бүрэн төлсөн, өөрийн үйлдсэн гэм буруугаа хүлээсэн, шинжээчдийн дүгнэлтийг бүгдийг хүлээн зөвшөөрсөн, хохирогч нар анхнаасаа Д.Мөнхбадрахад гомдол тээж яваагүй байдаг. Эмч үзээд явсан болохоор нь ингээд амь нас нь өнгөрчихнө гэж үнэндээ төсөөлөөгүй зэрэг нөхцөл байдлуудыг нь харгалзан түүнд оногдуулсан 10 жилийн хорих ялыг давж заалдах шатны шүүх өөрийн бүрэн эрхийн хүрээнд гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хорих ялыг багасгаж 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж өгнө үү.” гэжээ.

Миний хувьд хангалттай тайлбараа гаргасан. Бичгээр саналаа гаргасан. Энэ бүх саналаа бүрэн дүүрэн дэмжиж байна. Дээрээс нь хохирогчийн төлөлөөгчийн саналыг авч үзээч гэж хүсч байна. Хохирол төлбөрөө барагдуулсан. Ялыг нь хөнгөрүүлж шийдвэрлэх боломжтой талаар хохирогчийн төлөөлөгч саналаа хэлж байна. Ялыг хөнгөрүүлэх талын нотлох баримтыг үнэлэх боломжтой шүү дээ. Зүйлчлэлийг хөнгөрүүлэх бүрэн боломжтой гэв.

Шүүгдэгч Х.Батбаярын өмгөөлөгч Б.Баярмагнай давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... 1. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн талаар:

Хэрэгт цугларсан баримтаас үзэхэд шүүгдэгч Х.Батбаярын үйлдсэн гэмт хэрэг нь 2016.07.29-ний өдөр үйлдэгдсэн болох нь тогтоогдож байна. Тухайн цаг хугацаанд 2002 онд батлагдсан Эрүүгийн хууль хэрэгжиж байсан бөгөөд анхан шатны шүүх шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэж байгаа гэх үндэслэлээр 2015 оны Эрүүгийн хуулийн 21.12 дугаар зүйлд зааснаар миний үйлчлүүлэгчийг гэм буруутайд тооцсон байдаг.

2002 оны Эрүүгийн хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт Эрүү шүүлт тулгах үйлдлийг гэмт хэрэгт тооцон 5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан байна. 2015 оны Эрүүгийн хуулийн 21.12 дугаар зүйлд мөн 5 жилийн хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан байна.

Эрүүгийн хуульд зааснаар хуулийг буцаан хэрэглэхдээ “шүүгдэгч этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх” ерөнхий зарчимтай. 2002 оны Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.2 дахь хэсэгт хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэнээс хойш таван жил өнгөрсөн бол эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхөөр заасан байдаг. Мөн 2015 оны Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангийн хорих ялын доод хэмжээг нэг жилээс дээш, дээд хэмжээг найман жил түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын доод хэмжээг нэг жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш таван жил өнгөрсөн бол” яллагдагчаар татаж болохгүй эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй талаар тус тус тусгасан байна.

Хэрэгт цугларсан баримтаас үзэхэд Х.Батбаярын үйлдэл нь 2016.07.29-ний өдөр үйлдэгдсэн гэх бөгөөд хуанлийн тооллоор 2021.07.29-ний өдөр 5 жилийн хугацаа нь дууссан байна.

2015 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй талаар хуульчилсан байна. Иймд хуулийн дээрх заалтыг үндэслэн Х.Батбаярт холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

2. Мөн шүүгдэгч Х.Батбаярт холбогдох үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн 21.12 дугаар зүйлд заасан зүйл ангиар зүйлчлээд төрийн албан хаагч тайлбар мэдүүлэг авах, хэрэг хүлээлгэх ял шийтгэл оногдуулах ялгаварлах зорилгоор гэх үйлдэлд буруутгасан бөгөөд хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд шүүгдэгч Х.Батбаярын яг ямар үйлдэл нь дээрх хуулийн шаардлагыг хангаж байгаа нь эргэлзээтэй байх тул ЭХХШТХ-ийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Улсын яллагчийн хувьд үнэхээр хуульд заасны дагуу тайлбар гаргаж байгаа эсэх нь эргэлзээтэй байна. Яллагдагчаар татсан учраас хөөн хэлэлцэх хугацаа зогссон гэж хэлж байгааг ойлгосонгүй. Тоглоод байгаа юм шиг санагдлаа. Эрүүгийн хуулийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэдэг юм уу? Эсвэл прокурорт ашигтайгаар шийдвэрлэдэг юм уу? Би улсын яллагчийг ингэж хэлж байгаад нь харамсаж байна. Аль аль талаас миний үйлчлүүлэгч Х.Батбаярын эрх ашигт халдаж тайлбар гаргадаг юм. Эрүүгийн хуулийн хувьд төрийн албан хаагчид давуу байдал үүсгэсэн хууль биш. Хохирогчийн өмгөөлөгчийн хувьд хохирогчийн эрх ашгийг хамгаалж л өмгөөллийн үйл ажиллагаа явуулах ёстой. Тэрнээс биш яллах талын чиг үүргийг баримтлах ёсгүй. Би үнэхээр ингэж хэлж байгаад харамсаж байна. Хөдөө орон нутагт нэг хүн зодуулаад орж ирэхэд нь цагдаагийн албан хаагч, эмч нь анхан шатны үзлэг л хийж байгаа шүү дээ. Шууд Улаанбаатар хот руу авч очоод имрай хийлгэх боломжгүй шүү дээ. Би энэ хэргийг тусгаарлаж шийдвэрлэх хүсэлт гаргаж байсан. Энэ хэргийн хувьд хөнгөн, хүнд хоёр өөр төрлийн хэрэг байгаа шүү дээ. Хүнд гэмт хэргийн улмаас хөнгөн гэмт хэрэгт холбогдсон этгээдийн эрх ашиг хөндөгдөж ирсэн. Өмнө гаргасан тайлбараа бүрэн дэмжиж байна гэв.

Шүүгдэгч Д.Мөнхбадрахын өмгөөлөгч Э.Ганбат давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “1. Шүүгдэгч Д.Мөнхбадрахыг 2016.07.28-ны өдөр Б.Эрдэнэбаатарыг зодож тархины цусан хураа бүхий хүнд гэмтэл учруулсны улмаас хохирогч 2016.07.29-ний өдөр 09 цагийн үед нас барсан гэж дүгнэсэн боловч 2016.07.28-ны орой 23 цагаас 2016.07.29-ний өдрийн 09 цаг хүртэлх үйл баримтыг зөв дүгнээгүй байна гэж үзэх үндэстэй. Дээрх хугацаанд хохирогч Эрдэнэбаатарын биед сумын эмч Болормаа үзлэг хийсэн боловч оношийг тогтоох зорилгоор эмнэлэгт хэвтүүлээгүй орхисон. Илтэд ил гэмтэлтэй иргэнийг цагдаагийн мэдэлд үлдээж, эрүүдэн шүүх боломжийг бүрдүүлсэн цагдаагийн ажилтан Батбаяр нар нь ЭХХШТХ-ийн ноцтой зөрчиж ил болон гавал тархины гэмтэлтэй хохирогчийг хэвтрийн дэглэмд байлгах, дахин дуудлага өгч эмнэлэгт үзүүлэх оношлуулах эсхүл хууль зөрчиж саатуулж эрх чөлөөг хязгаарласнаас хохирогч Эрдэнэбаатарт эмнэлэгт хандах боломж нөхцлийг алдагдуулсан ил болон тархины гэмтэлтэй хүнийг доргилт авах боломж бүхий байдлаар тээврийн хэрэгсэл, мотоцикл зэргээр 30 км авч явсан. Толгой цохисон үйлдэл хийсэн болох нь нотлогдсон байхад уг гэмтлийг аваад амь насыг аврах боломжгүй эмчилгээ хийлгэж байгаад нас барсан мэт үнэлж эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн байх, үндэслэлтэй байх зарчимд нийцээгүй болно.

2. Шүүх эмнэлгийн удаа дараагийн дүгнэлтээр хохирогчийн биед учирсан үхэлд хүргэсэн гэх тархины цусан хураа гэмтэл нь хүнд зэргийн гэмтэлд хамаарах болох нь тогтоогдсон. Уг цусан хураа нь аажмаар үүсэж 2016.07.29-ний 09 цагийн үед тархийг дарж үхэлд хүргэсэн болох нь нотлогдсон. Мөн шинжээч Ариунзулын мэдүүлэг, мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбараар гэмтсэний дараа эмнэлэгт хүргэж тархины шинжилгээ хийлгэж, мэс засал хийлгэсэн бол амь нас аврагдах боломжтой байсан гэсэн шинжлэх ухааны үндэслэлтэй нотолгоог үнэлэхгүй орхигдуулсан, няцаалт хийж тайлбарлаагүй нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэхэд, шүүхийн шийдвэрт ноцтой нөлөөлсөн байна гэж үзэх бүрэн үндэстэй юм.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.5 дахь хэсэгт заасан хүнд гэмтлийн улмаас хохирогч нас барсан гэмт хэргийн шинж тогтоогдсон байхад эрх зүйн байдлыг хэт дордуулж, шинжлэх ухааны болон хууль зүйн үндэслэлгүй эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр ял шийтгэсэн гэж үзэж байна. Шүүхийн тогтоолд хэргийн зүйлчлэлийг өөрчлөх үйл баримт нотлогдон тогтоогдоогүй байна гэсэн шүүхийн дүгнэлт нь үндэслэлгүй бөгөөд харин шүүх нотлох баримтыг дангаар болон харьцуулан зөв дүгнэж чадаагүй юм. Хохирогчийн биед 2016.07.28-ны орой 23 цагийн үед тархины судас хагарч цус алдалт маш багаар нэмэгдсээр 2016.07.29-ний өглөө 09 цагийн үед томорч дарснаас үхэлд хүргэжээ гэж үзэх баримт нотолгоо хангалттай байхад түүнд зөв үнэлэлт өгөөгүй төдийгүй амь нас аврах боломжгүй байсан мэт гэмтэл аваад шууд ухаан алдаад эмчилгээ хийсэн боловч эмчлэх боломжгүй үр дүнд хүрээгүй нас барсан дүгнэлт хийсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг хэт дордуулж шийдвэрлэхэд хүргэсэн.

Иймд Д.Мөнхбадрахад эрүүгийн хариуцлага оногдуулан Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 болгон өөрчилж эрүүгийн хариуцлага оногдуулж шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Зүйлчлэлийг өөрчлөх нь зүйтэй. Бүрэн боломжтой байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль хэрэглээний хувьд үндэслэлээ зөв тайлбарлах ёстой байдаг. Хэсэг хугацааны дараа нас барсан нь зүйлчлэлд нөлөөлөхгүй гэж тайлбарласан. Ганц шинжийг нь л баримталж байгаа үйлдэл юм. Нарийвчлан тогтоосны дараа зүйлчлэлийг шийдвэрлэх ёстой байдаг. Шүүхийн шийдвэрт нөлөөлөх боломжтой үндэслэлд дүгнэлт өгөөгүй. Прокурорын хувьд 10.1 дүгээр зүйлээр зүйлчилсэн зүйлчлэлийг дэмжиж байгаа боловч няцаах талын тайлбарыг хэлсэнгүй. Угаасаа хэлэх ч боломж байхгүй гэдгийг хэлэхийг хүсч байна. Хангалттай нотлох баримт байгаа. Зүйлчлэлийг өөрчилж хөнгөн ял шийтгэж өгнө үү гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Энхчимэгийн өмгөөлөгч М.Энхтуяа давж заалдах гомдолтой холбогдуулан гаргасан тайлбартаа: “Хохирогч шүүхийн шийдвэр шударга ёсыг тогтоож чадаагүй, прокурор мөрдөн байцаалтын шатнаас ийм болчихоод ирсэн хэргийг шийдлээ л гэнэ. Үнэндээ үзэг барьж, эрх мэдэлтэй хүний эрхийг ханган шударгаар шийднэ гэдэг ч шийдэж чадаагүй.

Миний аавыг, миний нөхрийг гарцаагүй үхэлд хүргэсэн хүн нь цагдаагийн эрх мэдэлтэн байсан тэд л хэргийг ийм болгосон гэдэг нь тодорхой. Хулгайд сэрдэж Мөнхбадрах зодсон байхад цагдаагийн ажилтан Батбаяр шөнөжин эрүүдэн шүүж маргааш нь аяга бүлээн ус амсуулахгүй хөдөө авч яван хэргийн газар заалгах нэртэй машин мотоциклоор давхиулж зааж өгсөнгүй хэмээн элгэдэж, шанаадаж, унатал нь ухаан алдуулсан тэр цагаа хойш тэр хүн сэхээгүй байдаг. Төд удалгүй нас барсан. Хэрэв аавыг цохиж унагаагаагүй бол аав өмнөх шигээ л яваад л байхаар байсан гэж хохирогчийн төрсөн хүү харсан байдаг учир харамсан мэдүүлдэг. Нэгэнт эрх мэдэлтэй нь хэргийг зөв бүрдүүлээгүй энэ олон жилийн турш шинжээчийн дүгнэлт өөрчлөгдөж, эмч шинжээчдийн дүгнэлтээ хамгаалсан шинжтэй болсон. Энэ бол цагдаа, шүүх шинжилгээний байгууллагын ашиг сонирхлын холбоог харуулж байгаа гэж үздэг. Нэгэнт шударга ёсыг тогтоож чадаагүйгээс хойш эрх мэдэлтэй хүмүүс нь хууль эмнэлгийн дүгнэлтийг эргүүлж чадсан болохоор Мөнхбадрахын зодсоноос болж үхсэн гэдэгт итгэхгүй байгаа тул түүнд хатуу хариуцлага, ял оногдуулахыг шаардахгүй. Амь насыг нь аврах боломж байсан биш үү. Ухаан алдаад эмнэлэг дуудаад үзүүлэхэд эмч оношилж чадаагүй, цагдаа эрүүл мэндийг нь хайхраагүй, малын хулгайг л сонирхож зодож, нүдсэн. Түүний оронд биед нь жоохон ч гэсэн анхаарсан бол дахиад эмч дуудаад үзүүлэх боломж байсан. Үнэхээр Мөнхбадрахад зодуулаад тархины судас тасарсан юм бол цаг хугацаа өнгөрөх тусам алдаж байгаа цус тархийг дарж хэвийн байдлыг улам доройтуулж сулруулна биз дээ.

Гэтэл тэр хүн машин дотор ч мотоциклтой зүгээр л биеэ аваад яваад байсан. Зүгээр ярьж хариулаад зогсож байхад нь хажуунаас нь нам цохиж унагааснаас хойш ухаан ороогүй тэр чигтээ үхсэн. Тэр болтол эмнэлгийн тусламж авсан бол яах байсан бол гэж боддог. Иймд хүчгүй мань мэтийн амыг хааж Мөнхбадрахыг хүн амины хэрэгт буруутгаад өнгөрч байгаад гомддог. Өмгөөлөгчийн бичсэн өргөдөлд аргагүй үнэн байдлыг дурдсаныг дэмжиж байна. Харин манайх бусдын малыг хулгайлаагүй. Энэ талаар бичсэн зүйлийг зөвшөөрөхгүй.” гэжээ.

Шүүхийн шийдвэр ерөнхийдөө шударга болж чадаагүй. Прокуророос зүйлчлэлийг ирүүлсний дагуу шийдвэрлэсэн байх гэж хэлдэг. Цагдаагийн газартай хуйвалдаж анхнаасаа мэдүүлэг өөрчилж авснаас болж ийм хэрэг гарсан гэж үздэг. Мөнхбадрахын хувьд хулгайн хэрэгтэй холбогдуулж талийгаачид гар хүрсэн. Цагдаагийн албан хаагчийн хувьд шөнөжин эрүүдэн шүүж, хулгайн малыг зааж өгсөнгүй гэж элэгдэж, цохиж унагасан байгаа. Энэ үед ухаан алдаад дахин босч ирээгүй. Бид анхнаасаа энэ хэрэгт Батбаярыг буруутай гэж үздэг. Эрх мэдэлтэй хүмүүс хэрэгт холбогдож шударга бусаар хэргийг шийдвэрлэж байна гэдэг үгээ хэлсээр ирсэн. Эрүүдэн шүүж байхын оронд эмнэлэгт хүргэж өгөх ёстой байсан. Аяга ус ч өгөхгүй цохиж зодсон. Ер нь бол хамгийн сүүлд Батбаяр үйлдлээс болж л нас барсан байгаа шүү дээ. Манай талаас шүүгдэгч Мөнхбадрахын ялыг хөнгөлж өгөхийг хүсэхгүй. Хуулийн байгууллага нь эрх мэдлийн хүрээнд шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй. Ер нь бол талийгаачийн хувьд хулгайн гэмт хэрэг үйлдсэн зүйл байхгүй гэв.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Д.Мөнхбадрахын өмгөөлөгч Д.Урансувд гаргасан тайлбартаа: Шүүхээс прокуророос ирүүлсэн зүйлчлэлийн хэмжээнд л хэргийг шийдвэрлэсэн байгаа. Хэргийн материалд яг хэний буруутай үйлдлээс болж амиа алдсан талаар баримт тодорхой харагдаж байгаа. Тухайн үед хүнд гэмтэл учруулсан нь үнэн. Гэхдээ аажмаар цус хуралдаж нас барах болсон шалтгаанд Мөнхбадрах буруутай биш байна. Хүнд гэмтлийг зөөвөрлөх, тээвэрлэх, цохих зэргээр халдаж байгаа үйлдэл гаргасан. Мөрдөгч Батбаярын хувьд цагдаагийн байгууллагын мэдэлд шилжсэний дараа нас барсан. Мөнхбадрах зодсон нь үнэн хэдий ч амь насанд халдахаар хэмжээний ноцтой хохирол учруулаагүй. Ядаж хүнд гэмт хэрэг учруулсны улмаас нас барах гэмт хэргийн зүйлчлэлээр зүйлчлэх бүрэн боломжтой байна. Ер нь шүүхээс хэт өндөр яллах талын байр суурийг баримталж байна. Шүүгдэгчийн хувьд хийсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрдөг, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн. Хуулиар ял хариуцлагыг хөнгөрүүлэх талын нотлох баримтыг яагаад үнэлэхгүй байгаа юм бэ? Хуульд ял хариуцлагыг хөнгөрүүлэх талаар заасан байгаа шүү дээ. Хуулийг нэг мөр хэрэгжүүлэх хэрэгтэй гэв.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Х.Батбаярын өмгөөлөгч Б.Мянган гаргасан тайлбартаа: Миний бие энэ хэргийн хувьд 5 жилийн хугацаанд өмгөөлөгчөөр оролцож байна. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэдэг байр суурьтай байгаа. Анхнаасаа энэ зарчмыг баримталж ирсэн. 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан үйлдэл болж байна. 2015 оны Эрүүгийн хуулийн 21.15 дугаар зүйлийн үйлчлэх хүрээ нь өргөн болж зохицуулалт нь өргөн болсон байгаа. Хуулийн үг өгүүлбэр, цэг таслал бүр нь утга агуулж байдаг. Хэрэг хүлээлгэх, ял шийтгэл оногдуулах, ялгаварлах зорилгоор энэ гэмт хэргийг үйлдсэн байхыг шаарддаг. 2002 оны Эрүүгийн хуулийн хэрэг бүртгэгч мөрдөн байцаагч хэрэг хүлээлгэх зорилгоор хүч хэрэглэж, мэдүүлэг өгөхийг албадах зорилгоор гэж зааж өгсөн байгаа. Мэдүүлэг өгөх үед л эрүү шүүлт тулгахыг өмнөх эрүүгийн хуулиар зохицуулдаг байсан. Тухайн үед хэргийн газрын үзлэгийг хийх гэж авч явсан байгаа. Прокурор эрх зүйн байдлыг доруулсан Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэсэн үйлдэл гаргаж байна. Дараагийн дугаарт хөөн хэлэлцэх хугацааны асуудлыг сөхөх зайлшгүй шаардлагатай байна. Шүүхээр шийдвэрлэх хүртэл хугацаанд 5 жилийн хугацаа өнгөрсөн бол хэргийг хэрэгсэхгүй болгох зохицуулалттай байсан. Эрүүгийн эрх зүй нь бусад хувийн эрх зүйгээс нилээд ялгаатай байдаг. Гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх хязгаарлагдмал байдаг. Гэмт хэрэг гарсан үед оногдуулж болох байсан ялын зохицуулалтаас хэт өндөр ял оногдуулж болохгүй талаар хүний эрхийн үндэсний комиссын түгээмэл тунхаглалд тусгасан байдаг. Шүүхээс хуулийг хэрэгжүүлэхдээ хүний эрх тэгш байдлыг хангах ёстой байдаг. Гэтэл эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэж байгаа нь буруу үйлдэл юм. Хөөн хэлэлцэх хугацааны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгох бүрэн боломжтой байна гэв.

Шүүх хуралдаанд прокурор С.Алтай гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхээс хэргийг хэрхэн шийдвэрлэсэн талаар илтгэгч шүүгчээс тодорхой илтгэсэн. Х.Батбаярын хувьд хөөн хэлэлцэх хугацааны асуудлыг ярьж байна. Хэргийг хэрэгсэхгүй болгох боломжтой талаар дурдаж байна. Гэхдээ энэ хуулийн зохицуулалтыг хэрэглэх боломжгүй байдаг. Мянган өмгөөлөгчийн хувьд 2002 оны Эрүүгийн хуулийн 251 дүгээр зүйлийг баримталсан нь шүүгдэгчид ашигтай биш байна гэж маргаж ирсэн. Тухайн үед Х.Батбаярын хувьд хэрэг бүртгэгчээр ажиллаж байсан. Энэ зүйл заалтыг баримтлах ёстой байсан бол хууль бус эрүү шүүлт үзүүлж албадан тулгаж байгаа хэлбэрийг зааж өгсөн байдаг. 2015 оны Эрүүгийн хуулийг хэрэглэж байгаа нь түүний эрх зүйн байдлыг дээрдүүлж байгаа хэлбэр шүү гэдгийг хэлэхийг хүсч байна. Мөнхбадрахын өмгөөлөгч нарын хувьд хохирогчид хүнд гэмтэл санаатай учруулсны улмаас хүний амь нас хохирсон зүйл заалтаар зүйлчлэх нь зүйтэй гэж тайлбарлаж байна. Энэ бол хоорондоо зөрүүтэй зүйл заалт юм. Үхэлд хүргэсэн гэмтэл нь дангаараа юм уу гэдгийг тогтоох ёстой байдаг. Талийгаач нь Мөнхбадрахад зодуулсны улмаас тархи гавалны битүү гэмтэл үүсч энэ шалтгааны улмаас талийгаач нас барсан. Энэ бол дангаараа тухайн гэмтлийг учруулж байгаа хэлбэр юм. Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гэж үзэж байна. Оролцогч нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мөнхбадрах, Х.Батбаяр нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болсон байна.

Мөн мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдохгүй байна.

Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Мөнхбадрахыг согтуугаар 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 23 цагийн үед тус аймгийн Сэргэлэн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт Дашзэвэг гэх айлын хашааны хойд талд мал хулгайлсан гэх шалтгаанаар, хувийн таарамжгүй харьцааны улмаас Б.Эрдэнэбаатарыг зодож алсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж хэргийг шүүхэд ирүүлсэн ба анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд үнэлж чадаагүй, шүүхийн шийдвэрт нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан, түүнийг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Д.Мөнхбадрах нь согтуугаар 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 23 цагийн үед Дорнод аймгийн Сэргэлэн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт Дашзэвэг гэх айлын хашааны хойд талд мал хулгайлсан гэх шалтгаанаар Б.Эрдэнэбаатарыг зодож, түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн өглөө 09.23 цагт нас барсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

шүүгдэгч Д.Мөнхбадрахын анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд мэдүүлсэн “...Тэр үед би талийгаачид хандан “та манай малыг хараагүй биз дээ. Би малаа хайж байгаад ирлээ” гэхэд “ах нь авчихсан юм аа. Цагдаад битгий хэлээрэй” гэсэн. Ингээд бид хоёр маргалдахад талийгаач миний хөлөөс хазсан. Тэр үед миний уур бухимдал хүрээд талийгаачийн уруул, цээж, бөгс хэсэг рүү өшиглөсөн. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. ...” гэсэн, / 9 хх 70/

шүүгдэгч Х.Батбаярын анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд мэдүүлсэн “...Би талийгаачийг дээш нь эргүүлээд харахад цээж нь бүхэлдээ хөхөрсөн байсан. ... Бид нар сумын төвөөс 20 орчим километрийн зайд байх талийгаачийн зааж өгсөн газарт очоод 2 тийш салаад сэвс хайгаад явцгаасан. Тэр үед Д.Мөнхбадрах талийгаачийг мотоциклынхоо ард суулгаад малын сэвсээ хайж байгаад 20-40 минут орчим болоод ирсэн. Тэр үед талийгаач мотоциклоос буугаад алхахдаа найгасан байдалтай байсан. ...талийгаачийг гэрийнх нь гадаа хүргэж ирэхэд царай нь хөхрөөд сонин болчихсон. Бид нар эмч дуудаад сумын төв руу автомашинаараа явж байхад замд эмч ирээд үзлэг хийхэд “зүрх нь зогсож нас барсан байна” гэж хэлсэн.” гэсэн, /9 хх 71-72/

гэрч Болормаагийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “... Эрдэнэбаатараас “хэн зодсон юм бэ” гэж асуухад “Мөнхбадрах зодсон” гээд юм яриад байсан. ...дотуур цус алдаж байж магадгүй гэж бодоод “Виказол” цус тогтоох тариа хийгээд амыг нь цэвэрлээд явахдаа Батжаргалд наад хүний чинь архи нь гараад янз бүрийн зовуурь хэлбэл бид хоёрт дуудлага өгөөрэй гээд явсан. ...амин үзүүлэлтүүдийг нь үзэхэд гайгүй байсан.  Мөнхбадрах нь нэлээн согтуу байсан. ...”  гэсэн, /1  хх 60, 6 хх 73-74/

гэрч Г.Амгаланбаярын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Эрдэнэбаатарын биед үзлэг хийхэд цээж нэлэнхүйдээ хөхөрсөн, нүүр хэсэг хавдаж хөхөрсөн, уруул хэсэгт язарч хавдсан, нурууны зүүн хэсэгт хөндлөн зураасан шалбархайтай, баруун гарын булчин хэсэгт хөхөрсөн байдалтай байсан. ...” гэсэн, /1 хх 64-66/

гэрч Э.Хартогоогийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Хэсгийн төлөөлөгч Х.Батбаяр нь “танай аав та хоёрын үг зөрөөд байна, ааваас чинь асууна.” гээд аавыг татаад босгоод ирэхэд аавын нүүр царай ам, уруул нь аймаар хавдаж хөхөрсөн, нэг нүдний доод талаас цус гарсан байдалтай байсан. ...тэгээд ааваас юм асуухад юм ярих тэнхэлгүй, цээж нь аймаар улаан эрээн болсон хоёр бакал гутлын оромтой байсан. ... Мөнхөө надад өөрөө ярихдаа би танай аавыг зодсон, аав чинь манай үхрийг хулгайлсан гэж хүлээсэн. Тэгээд би цагдаад хэлсэн гэж ярьсан. ...” гэсэн, /1 хх 50-55, 5 хх 147/

гэрч Б.Батжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Болормаа эмч Эрдэнэбаатарын биед үзлэг хийгээд бас нэг эрэгтэй эмчийг дуудаж хамт үзээд тариа хийгээд одоо зүгээрээ гээд тэр хоёр эмч яваад өгсөн. ...Мөнхбадрахаас юу болсон талаар асуухад “Эрдэнэбаатар манай малыг хүүтэйгээ хулгайлсан байна, тэгээд би зодсон” гэж хэлж байсан. ...Эмч Эрдэнэбаатарыг үзээд цээжинд нь хөхөрч улайсан байна гэж хэлсэн. Би яг тэрийг нь хараагүй. Миний харснаар Эрдэнэбаатарын нүүрэнд шархтай, нүд, уруул хэсэг нь хөхөрч хавдсан байдалтай байсан. ...” гэсэн, /1 хх 69-73/

гэрч Б.Ганзоригийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Хэсгийн төлөөлөгч юу болсон талаар асуухад Мөнхбадрах бид хоёр хамт архи уусан. Эрдэнэбаатар нь миний 6 тооны үхрийг авсан талаараа хүлээсэн. Тэгээд би жоохон зодсон юм гэж хэлж байсан. ... Хөдөө хээр очоод Батбаяр нь Эрдэнэбаатараас “малын сэвс чинь хаана байгаа юм бэ” гэж  асуухад “энд байгаа, тэнд байгаа” гээд байсан. ...Тэгээд гэрийнхээ гадаа ирээд ухаангүй болчихсон...” гэсэн, /1 хх 79-85/

гэрч Ц.Баярцогтын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Тэгж байхдаа Эрдэнэбаатар ахыг үхэр мал авсан байна гэж загнаад жижиг чулуу аваад түүн рүү нясалж байсан. ... Эрдэнэбаатар ахыг бид нарын дэргэд ирэхэд түүний нүүр ам, биеийн ил харагдах хэсэгт гэмтэл бэртэл, шарх сорви харагдаагүй зүгээр байсан. ...” гэсэн /1 хх 96-98/

гэрч Т.Цэрэндуламын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр дэлгүүртээ сууж байхад 16 цагийн орчимд Эрдэнэбаатар, Мөнхбадрах нар хамтдаа манай дэлгүүрт орж ирээд манай нөхөр Батбаяртай уулзаад бид 2 танай үхрээр ороод ирлээ. Би үхрээ алдаад хайж байгаа юм гээд манай нөхрөөс үхрийн зүс хэлээд асуугаад байсан. ...” гэсэн, /1 хх 101-102/ 

гэрч А.Батбаярын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Мөнхбадрах баруун талаас мотоциклтой ирээд бид нартай хамт суугаад ...16 цагийн үед хөдөө явна гээд Эрдэнэбаатарыг мотоциклдоо суулгаад аваад явсан. … Эрдэнэбаатар ах хүнд зодуулж цохиулсан гэж хэлээгүй, түүнийг орж ирэхэд ам болон биеийн ил харагдах хэсэгт гэмтэл, шарх харагдаагүй. ...” гэсэн, /1 хх 112-114/

гэрч Т.Ганчулууны мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “... 2016 оны 07 сарын дугаар 28-ны орой ... Эрдэнэбаатар буюу Баб, Д.Мөнхбадрах нар манайд 18 цаг өнгөрч байхад мотоциклтой ирсэн. 0,5 литрийн Ерөөл архитай ирсэн. Баб нь нэг нүд нь хөхөрсөн байдалтай ирсэн. Нүд чинь яагаад хөхөрчихсөн юм бэ гэхэд хүнд цохиулчихсан юмаа гэсэн. ...” гэсэн, /1 хх 121-122/

гэрч Н.Энхтуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...надад хэлэхдээ Энхбадрах нь “над руу Мөнхбадрах яриад, би Бабыг зодсон чинь манай үхрийг хүлээчихлээ. Тэгсэн чинь Бабын бие муудаад байна, эмч дуудаад өгөөч гэж ярьсан. Тэгэхээр нь би Болормаа эмч рүү ярьж, очиж үзээд өгөөч гэж хэлсэн. ...Тэгэхээр нь би Мөнхбадрах нилээн зодчихоод л Энхбадрах руу ярьжээ гэж бодож байсан.” гэсэн мэдүүлгүүд, / 2 хх 224/

эмч М.Болормаагийн 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдөр гаргасан анхны үзлэгийн тодорхойлолтод: “...Үзлэг хийхэд өвчтөн өөрөө согтуу, хэнд зодуулсан гэхэд Мөнхөөд зодуулсан гээд ярьж байсан. Өөр зовуурь хэлээгүй. Үзлэгээр: pult-109, А/Д-130/80, 120/70, сагурац-98, баруун нүдний доод хэсэг баруун чамархай хөхөрч зулгарсан, зүүн нүдний доод талаар хавантай цус хурсан, баруун чихний дээд талын дэлбээ хөхөрсөн, амнаас бага зэргийн бүлэнтэй цус гарсан, амыг ангайлгаж үзэхэд шүд хөдлөөгүй, уруулын дотор тал язарсан, 2 уруул /дээд доод/ хавагнасан, зүүн талын бөөрний орчимд 11 см орчим урт зурагдсан шархтай, цээжин бие хоёр хөхний дээд талаар нэлэнхийдээ хөхөрч цус хурсан, дарж үзэхэд хавирганы хугарал байхгүй байсан. Өмдийг тайлж үзэхэд хоёр гуяны гадна талд хэсэг хэсэг газар жижиг, жижиг хөх толботой байхыг үзэж тодорхойлсон. 24 цаг 20 минутын үед дахин үзэхэд pult-90 болсон байсан. ...” гэсэн, /2 хх 36/

эмч М.Болормаагийн 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдөр гаргасан анхны үзлэгийн тодорхойлолтод: “...Дуудлагад явж байх замд цагдаагийн машин зогсоож өвчтөнг үзүүлсэн. Үзэх үед өвчтөн нас барсан байсан. ...” гэсэн, / 2 хх 37/

шинжээч Б.Ариунзулын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Талийгаач дээрх гэмтлүүдийг авснаас хойш дээрх үйлдлүүдийг хийх боломжтой. Тархи дарагдалт үүсэж амьсгал зүрх судасны төв зогсох хүртэл гэрэлт үедээ хэвийн эрүүл мэт үйлдлүүдийг хийх боломжтой байдаг. ... 2016 оны 07 дугаар сарын 28-ны шөнө  Улсын хэмжээний 2, 3 дугаар шатлалын клиникийн төв эмнэлгүүдэд яаралтайгаар толгойн компьютер томограф хийж оношилж эмчилсэн бол амь аврах боломжтой, сумын нөхцөлд боломжгүй юм.” гэсэн мэдүүлэг, /8 хх 235/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн шинжээч эмч Н.Уянгын 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн “... Учирсан гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...Талийгаач тархины хүнд гэмтлийн улмаас нас баржээ.” гэх 71 дугаартай дүгнэлт,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй хийсэн шинжээчдийн 2020 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн “Б.Эрдэнэбаатарт үүссэн гэмтэл, эмгэг өөрчлөлт, нас барсан шалтгаан тогтоохоор хавтаст хэргийн материал, задлан шинжилгээний протокол, фото зургуудтай танилцан эд эсийн шинжилгээг давтан шинжлэхэд талийгаачид тархины гэмтлийн шалтгаант аалзан бүрхүүл доорх шинэ, хуучин цус харвалт, тархины няцралын хуучин голомтод дахисан шинэ цус харвалт, баруун чамархай хэсгийн хатуу хальс доорх цусан хураа, их бие мөчдийн олон тооны цус хуралт, баруун 6,7,8, зүүн 7-р хавирганы хугарал бүхий гэмтэл, судас хатуурал, архаг хүчилтөрөгч дутмагшлын шалтгаант тархи эмгэгшил, ховдлын хоргүй хавдар бүхий архаг эмгэг өвчин тогтоогдлоо. Аалзан бүрхүүл доорх шинэ цус хуралт, баруун чамархай хэсгийн хатуу хальсны доорх цусан хураа үүссэн хугацааг 8-12 цагийн өмнө үүсгэгдсэн байх боломжтойг эд эсийн шинжилгээг үндэслэн тогтоолоо. Үхэлд хүргэсэн шалтгаан нь хатуу хальс доорх цусан хураанаас тархи дарагдаж, шахагдаж нас барсан байна.” гэх 733 дугаартай дүгнэлтүүд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 7-10/, талийгаач Б.Эрдэнэбаатарын өмсөж явсан хувцаст үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг  / 1 хх 11-14/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1 хх 25-27/, мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 56-58, 6 хх 67-72/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 163-169/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх  хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Дээрх нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар дүгнэж үзвэл шүүгдэгч Д.Мөнхбадрах нь амь хохирогчийг зодсон даруйдаа эмч болон цагдаад мэдэгдсэнээр эмч, олон нийтийн туслах цагдаагийн хамт ирж, амь хохирогчийг сумын цагдаагийн хэсгийн байранд аваачин эмнэлгийн тусламж үзүүлсэн, амь хохирогчийг үзсэн эмч Болормаа “Б.Эрдэнэбаатарын амин үзүүлэлт хэвийн” гэж үзэж, цус тогтоох тариа /виказол/ хийж, анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлсний дараа амь хохирогч Эрдэнэбаатарыг цагдаагийн хэсгийн байранд саатуулж тайлбар авсан /амаар/, маргааш нь өглөө 07 цагийн үед хэргийн газрын үзлэг хийхээр 30 орчим км газар машин, мотоциклоор авч явсан нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч  нас барах” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлд заасан “Хүнийг алах”  гэмт хэргээс ялган зүйлчлэхийн тулд гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, үргэлжилсэн хугацаа, гэмтэл учруулсан арга, үйлдлийн тоо болон шинж чанар, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан хэрэгсэл, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, гэмт хэрэг үйлдсэн хүний санаа зорилго, үйлдэлдээ болон хохирол, хор уршигт хандсан сэтгэхүйн харьцаа, хохирогчид учруулсан гэмтэл түүний үхэлтэй шууд шалтгаант холбоотой эсэх зэрэг нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг харгалзан үзэх учиртай юм.

Амь хохирогч Б.Эрдэнэбаатарт учирсан гэмтэл, түүний үхлийн /нас барсан/ шалтгааныг тогтоох зорилгоор нийт 7 удаагийн дангаар болон бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гарсан, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн шинжээч эмч Н.Уянга 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр “...Б.Эрдэнэбаатарын биед учирсан гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...Талийгаач тархины хүнд гэмтлийн улмаас нас баржээ.” гэсэн 71 дугаартай дүгнэлтийг анх гаргасан бөгөөд  хамгийн сүүлийн 7 дахь дүгнэлт буюу Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн бүрэлдэхүүнтэй хийсэн 733 дугаартай дүгнэлтэд: “1.Б.Эрдэнэбаатарт үүссэн гэмтэл, эмгэг өөрчлөлт, нас барсан шалтгааныг тогтоохоор хавтаст хэргийн материал, задлан шинжилгээний протокол, фото зургуудтай танилцан эд эсийн шинжилгээг давтан шинжлэхэд талийгаачид тархины гэмтлийн шалтгаант аалзан бүрхүүл доорх шинэ, хуучин цус харвалт, тархины няцралын хуучин голомтод дахисан шинэ цус харвалт, баруун чамархай хэсгийн хатуу хальс доорх цусан хураа, их бие мөчдийн олон тооны цус хуралт, баруун 6,7,8, зүүн 7-р хавирганы хугарал бүхий гэмтэл, судас хатуурал, архаг хүчилтөрөгч дутмагшлын шалтгаант тархи эмгэгшилт, ховдлын хоргүй хавдар бүхий архаг эмгэг өвчин тогтоогдлоо. Аалзан бүрхүүл доорх шинэ цус хуралт, баруун чамархай хэсгийн хатуу хальсны доорх цусан хураа үүссэн хугацааг 8-12 цагийн өмнө үүсгэгдсэн байх боломжтойг эд эсийн шинжилгээг үндэслэн тогтоолоо. Үхэлд хүргэсэн шалтгаан нь хатуу хальс доорх цусан хураанаас тархи дарагдаж, шахагдаж нас барсан байна.”  гэсэн дүгнэлтүүдийг гаргасан ба хэрэгт авагдсан 1403, 942, 1348, 498 дугаар бүхий шинжээчийн дүгнэлтүүд нь амь хохирогч Б.Эрдэнэбаатарын биед учирсан гэмтэл, гэмтлийн зэрэг, уг учирсан гэмтэл хэдий цаг хугацаанд учирсан талаарх дүгнэлтүүдийн агуулга /гэмт хэрэг үйлдсэнийг тогтоосон цаг хугацааны заалтаас бусад/ нь өөр хоорондоо зөрүүгүй байх ба амь хохирогч Б.Эрдэнэбаатарт учирсан хүнд гэмтэл нь шүүгдэгч Д.Мөнхбадрахын үйлдэлтэй шалтгаант холбоотой гэж үзнэ.

Шүүгдэгч Д.Мөнхбадрах, хохирогч Эрдэнэбаатар нарт урьд нь өс хонзон, атаа хорсол, таарамжгүй харилцаа байгаагүй бөгөөд тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн өдөр тэд тохиолдлын байдлаар таарч, хамт архи ууж байгаад “мал хулгайлсан” гэх шалтгаанаар маргалдаж улмаар шүүгдэгч Мөнхбадрах нь хохирогч Б.Эрдэнэбаатарыг зодохдоо алах зорилго агуулаагүй, өөрийнхөө үйлдлийн улмаас хохирогчийн биед амь насанд аюултай хүнд гэмтэл учруулсан байна.

Иймд шүүгдэгч Д.Мөнхбадрахын хохирогчийг зодож хүнд гэмтэл учруулсан үйлдэлдээ санаатай  хандсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлд заасан гэм буруугийн холимог хэлбэрийг агуулсан байх тул түүнийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1-д заасан “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй, харин “Хохирогчид хүнд гэмтэл санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан” буюу хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж тус давж заалдах шатны шүүх дүгнэв.

Шүүгдэгч Д.Мөнхбадрахыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар 7 жил  хорих ялыг оногдуулж, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар шүүгдэгчид оногдуулсан 7 жил хорих ялаас 2 жилийг хасаж, эдлэх ялыг 5 жилээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мөнхбадрахад оногдуулсан 5 /таван/ жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулав.

Шүүгдэгч Х.Батбаяр нь Дорнод аймгийн Цагдаагийн газарт Сэргэлэн сум хариуцсан хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байхдаа тайлбар, мэдүүлэг авах, хэрэг хүлээлгэх зорилгоор 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдөр өглөөний 06-07 цагийн үед Б.Эрдэнэбаатарын нүүр болон хэвлий орчимд цохиж бие махбодыг шаналган зовоож эрүү, шүүлт тулгасан гэх гэмт хэргийг үйлдсэн болох нь:

шүүгдэгч Х.Батбаярын анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...Тухайн өдөр буюу 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 23 цагийн орчимд сумын эмч Болормаа над руу утсаар яриад “Д.Мөнхбадрах хүнтэй маргалдаад зодчихлоо. Бас алдсан малынхаа талаар юм яриад байна. Та хүрээд ирэх үү” гэхээр нь би “та очоод эмнэлгийн тусламж үзүүлээрэй. Би аймгийн төвөөс очлоо” гэж хэлээд 02 цагийн орчимд суманд очсон. ... Би талийгаачид “чи яагаад худлаа яриад байгаа юм бэ?” гэж хэлээд ёс бус үг хэлээд дугтраад автомашин дотроо суулгах гэтэл талийгаач би малын сэвс байгаа газраа зааж өгнө гээд газарт унасан. Тэгэхээр нь би талийгаачид хандан “чи бос л доо. Юундаа жүжиглээд байгаа юм бэ?” гэж хэлээд хөлийнхөө өлмийгөөрөө цээж рүү нь хүрсэн. ... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар миний гаргасан зандрангуй үйлдэл хамаарч байна. ... Гэм буруугаа зөвшөөрч байна.” ... гэсэн мэдүүлэг, /хх-ийн 9 дэх хавтас 71-72/

гэрч Э.Хартогоогийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...хөдөө малын сэг хайж явж байхад хэсгийн төлөөлөгч Батбаяр нь манай аавын зүүн шанаа хэсэг рүү нь их хүчтэй биш зөөлхөн 2-3 удаа цохисон. Би өмнө өгсөн мэдүүлэгтээ 1 удаа гэж буруу мэдүүлсэн байна. ...тэгээд аав хамгийн сүүлд цохиход нь унаад өгсөн. ...Хэсгийн төлөөлөгч аавын цээж /аймхай/ орчимд 2 удаа зөөлхөн өшиглөөд “малын сэгээ ол” гээд байсан.” ... гэсэн мэдүүлэг  /хх-ийн 1 дэх хавтас 50-55, 5 дахь хавтас 147 талууд/, зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад бичгийн баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж шинжлэн судалсан нотлох баримтуудад хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж, шүүгдэгч Х.Батбаярыг “Төрийн албан хаагч хэрэг хүлээлгэх зорилгоор бие махбодыг шаналган зовоож эрүү шүүлт тулгах” гэмт хэргийг  үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Х.Батбаярын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, түүнд тухайн зүйл, хэсэгт зааснаар 2 жил хорих ялыг оногдуулж, уг ялыг 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар 2 жил зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Батбаярт оногдуулсан 2 жил зорчих эрхийг хязгаарлах ялаас цагдан хоригдсон 297 хоногийг хасаж, зорчих эрхийг хязгаарлах ялыг 433 хоногоор тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Батбаярыг 433 хоногийн хугацаанд Улаанбаатар хотоос гарахыг хориглож шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүү шүүлт тулгах” гэмт хэрэг үйлдсэн этгээдэд “таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж хууль тогтоогч хуульчилсан бол 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт заасан “эрүү шүүлт тулгах” гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулахгүй, “тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч, таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж заасан байх тул гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулах ялыг хөнгөрүүлсэн хуулийг анхан шатны шүүх буцаан хэрэглэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

Шүүгдэгч Х.Батбаярыг 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдөр үйлдсэн “эрүү шүүлт тулгах” гэмт хэрэгт холбогдуулан 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр яллагдагчаар татсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 5/05 дугаартай тогтоолоор яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулсан байх тул 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно.” гэж зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байхад түүнийг яллагдагчаар татсан  нь хууль зөрчөөгүй байна. /1 хх  241, 5 хх 235/

Мөн шүүгдэгч Х.Батбаяр “эрүү шүүлт тулгах” гэмт хэрэг үйлдсэнээс хойш 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдөр таван жил болсон бөгөөд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулахаас өмнө хөөн хэлэлцэх хугацаа нь дуусаагүй байсан тул энэ зүйл, хэсэгт өөрчлөлт оруулахаас өмнөх “Гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно.” гэсэн зохицуулалтыг хэрэглэх боломжгүй юм.

Иймд шүүгдэгч Х.Батбаярын өмгөөлөгч Б.Баярмагнайн “шүүгдэгч Х.Батбаярын үйлдсэн гэмт хэргийг Процессын хууль болон Эрүүгийн хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.”  гэх давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Д.Мөнхбадрах, түүний өмгөөлөгч Э.Ганбат, Ө.Батболд нарын гаргасан “шүүгдэгч Д.Мөнхбадрахын үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү.” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв. 

 Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо шүүгдэгч Д.Мөнхбадрахыг 776 хоног цагдан хоригдсон гэж буруу тооцсоныг зөвтгөх нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд шүүгдэгч Д.Мөнхбадрах нь 2016 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нийт 154 хоног, 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 09 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл, 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нийт 308 хоног, 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 04 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл нийт 101 хоног, 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нийт 111 хоног, 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 04 дүгээр сарын 10-ний өдөр хүртэл нийт 100 хоног, нийт 774 хоног цагдан хоригдсон байна.

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 2020/ЦХШЗ/74 дугаар шүүгчийн захирамжаар ялтан Д.Мөнхбадрахыг Багануур дүүрэг дэх 427 дугаар хаалттай хорих ангиас даруй суллах шийдвэр гаргасан ба тус хорих ангиас 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр сулласан нь “Ялын тооцооны лавлагаа”-гаар тогтоогдож байх тул орхигдуулсан 4 хоногийг нэмж нийт 778 хоног болгон шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ. /8 хх 107-110, 113/

Мөн шүүгдэгч Д.Мөнхбадрахын шийтгэх тогтоол гарснаас хойш цагдан хоригдсон 91 хоногийг эдлэх ял эдлэх хугацаанд оруулан тооцохоор шийдвэрлэв.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 22 дугаар хуудсанд амь хохирогч Б.Эрдэнэбаатарыг “Б.Энхбаатар” гэж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Энхчимэгийг “М.Энхчимэг” гэж алдаатай бичсэн, 14, 15, 16, 17, 19 дүгээр хуудсанд үг, үсэг гээж бичих зэрэг техникийн шинжтэй алдаа гаргасныг цаашид анхаарвал зохино. /9 хх 105-108, 110, 113/

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1.4, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 2021/ШЦТ/305 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Мөнхбадрахын үйлдсэн гэмт хэргийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Шүүгдэгч Боржгон овогт Доржийн Мөнхбадрахыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд ...” гэснийг  “Шүүгдэгч Боржгон овогт Доржийн Мөнхбадрахыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,” ... гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Доржийн Мөнхбадрахад 10 /арав/ жилийн,” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Доржийн Мөнхбадрахад 7 жил,” гэж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтын “2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар шүүгдэгч Х.Батбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг, 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсугай.” гэснийг “ 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн  6 дугаар зүйлийн 6.2, 7 дугаар зүйлийн 7.1-д тус тус зааснаар шүүгдэгч Д.Мөнхбадрахад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 7 жилийн хорих ялаас 2 жилийг хасаж, түүний эдлэх ялыг 5 жилээр тогтоож, шүүгдэгч Х.Батбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил хорих ялыг, 2 /хоёр/ жил  зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсугай.” гэж,

тогтоох хэсгийн 4 дэх заалтын “... 10 /арав/ ...” гэснийг “ ... 5 /тав/ ...” гэж,

тогтоох хэсгийн 5 дахь заалтын “ ... 776 ...” гэснийг “... 778 ...” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

3. Шүүгдэгч Х.Батбаярын өмгөөлөгч Б.Баярмагнайн “шүүгдэгч Х.Батбаярын үйлдсэн гэмт хэргийг Процессын хууль болон Эрүүгийн хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэсэн гомдлыг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Д.Мөнхбадрах, түүний өмгөөлөгч Э.Ганбат, Ө.Батболд нарын гаргасан “шүүгдэгч Д.Мөнхбадрахын үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү.” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авсныг дурдсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мөнхбадрахын  2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 2002 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 91 /ерэн нэг/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                З.ЭНХЦЭЦЭГ

                    ШҮҮГЧИД                                                  С.ОЮУНТУНГАЛАГ

                                                                                       Я.АЛТАННАВЧ