МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батчимэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б.Баяржаргал,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Газарбаатар,
Хариуцагч: Булган аймгийн Орхон сумын Засаг дарга нарын хоорондын
“Булган аймгийн Орхон сумын Засаг даргын 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн А/125 дугаартай захирамжийн хавсралтын арван гуравт дурдагдсан Б.Баяржаргалд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Газарбаатар, хариуцагч Булган аймгийн Орхон сумын Засаг дарга Н.Амартүвшин, гэрч Ж.Ундрах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энхмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
- Иргэн Б.Баяржаргал нь Булган аймгийн Орхон сумын Засаг даргын 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн А/125 дугаартай захирамжийн хавсралтын арван гуравт дурдагдсан Б.Баяржаргалд холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар маргаж байна.
- Нэхэмжлэгч нь Булган аймгийн Орхон сумын Засаг даргын 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн А/52 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамжаар Булган аймгийн Орхон сумын Халиун багийн нутаг засмал замын дагуу /баруун талд/ Петровис ШТС-ын баруун талд байршилтай 0.6 га газрыг үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмших эрхтэй болжээ.
- Гэвч Булган аймгийн Орхон сумын Засаг дарга нь “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа хоёр ба түүнээс дээш жил ашиглаагүй” гэх үндэслэлийг зааж 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн А/125 дугаартай захирамжаар Б.Баяржаргалын нэгж талбарын 6304004637 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
- Тиймээс Б.Баяржаргал нь Булган аймгийн Орхон сумын Засаг даргын 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдөр гаргасан А/125 дугаартай захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдөр тус шүүхэд ирүүлж маргаан үүсгэсэн.
- Тэрээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “Б.Баяржаргал миний бие бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор Булган аймгийн Орхон сумын засаг даргын тамгын газраас 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр зохион байгуулсан газрын дуудлага худалдаанд оролцож дээд үнийг тогтоосноор тус сумын газрын даамал Д.Нямаатай “Дуудлага худалдаанд ялагчтай байгуулах гэрээ“-г байгуулж, гэрээний дагуу дуудлага худалдаагаар тогтсон үнэ болох 4.420.000 ...төгрөгийг Булган аймгийн Төрийн сангийн 100040000943 тоот дансанд тушааснаар Булган аймгийн Орхон сумын Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн А/52 тоот захирамжийн дагуу 000064409 гэрчилгээний дугаартай Булган аймгийн Орхон сумын 2-р Халиун багийн засмал замын баруун талд байрлах нэгж талбарын 6304004637 дугаар бүхий 6001 м.кв /га/ газрыг “Худалдаа, нийтийн үйлчилгээ газар, төв, цогцолбор” барих зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмших эрхийн гэрчилгээ 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр олгогдсон.
Тухайн газарт Б.Баяржаргал манай гэр бүлийн байгуулсан Төгөл группийн “Ургамал Энх” ХХК-ийн хөрөнгө оруулалтаар худалдаа үйлчилгээний цогцолбор төв байгуулахаар барилгын зураг, төслийн тусгай зөвшөөрөлтэй 6019463 регистрийн дугаартай “Конар” ХХК-иар ажлын зургийг 18 сая төгрөгөөр хийж гүйцэтгүүлэн барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөн ажиллаж байсан.
Уг газрыг Булган аймгийн Орхон сумын Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн А/125 дугаартай захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт заасан Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь үндэслэлгүй юм.
Дэлхий нийтийг хамарсан Короновируст халдвар, цар тахал /Соvid-19/-ийн улмаас Монгол улс 2020 оны 11 сараас 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт байж, хил гааль хаалттай байсан, Монгол, Хятадын хилийн /Замын-Үүд-Эрээний/ авто замын боомт 2023 оны 1 дүгээр сарын 8-ны өдрөөс нээгдэж, түүнээс өмнө бараа бүтээгдэхүүн оруулж ирэх боломжгүй, эдийн засгийн хямрал, барилгын материалын үнийн хөөрөгдөл зэрэг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас дээрх газарт зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй байсан.
Иймд Булган аймгийн Орхон сумын Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн А/125 дугаар захирамжийн хавсралтын 13 дугаарт дурдагдсан Б.Баяржаргалд холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
-
- Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Газарбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баяржаргал нь 2019 онд дуудлага худалдаагаар уг газрыг аваад 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдөр газар эзэмших захирамж нь гараад 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдсон. Үүнээс хойш 2 жилийн хугацаанд ашиглаагүй гэдэг үндэслэлээр уг газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон. Уг газар эрэмших эрхийг хүчингүй болгохтой холбоотой сонсох ажиллагаа явуулсан. Энэ сонсох ажиллагаа нь хууль бус сонсох ажиллагаа болсон байна. Орхон сумын Засаг дарга Н.Амартүвшин 4 дүгээр сарын 24-ний өдөр сонсох ажиллагаа явуулах тухай захирамж гаргаж 4 дүгээр сарын 26-ны өдөр сонсон ажиллагаа явуулсан. Сонсох ажиллагаа явуулах тухай гэсэн гарын үсэг зурсан тамга тэмдэг байхгүй. Төрийн албан хаагчийн гаргасан албан бичиг гэхэд асуудалтай. Уг сонсох ажиллагаа Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн байран дээр явагдсан байсан. Энэ сонсох ажиллагааны тэмдэглэл, зураг зэрэг нь 6 дугаар сарын 30-ны өдөр байгаагүй сүүлд гарч ирсэн. Сонсох ажиллагаа явуулсан тэмдэглэл дээр мэдэгдлийг иргэн, аж ахуй нэгжид танилцуулахад гарын үсэг зураагүй гэсэн байгаа. Миний гарын үсэг зурагдсан байгаа юм. Иргэдийн хууль ёсны эрх ашиг хөндөгдсөн байна гээд сонсох ажиллагаа явуулсан нь зөв. Гэхдээ тухайн сонсох ажиллагааг явуулахдаа алдаа гаргасан байна. Захиргааны ерөнхий хуулийн 27.3-т заасан мэдэгдэл хүргүүлэх, тайлбар гаргах боломж олгоно гэсэн байдаг. Гэтэл уг сонсох ажиллагааг явуулахад процессын алдаа гарсан. Хэзээ хаана, ямар зорилгоор явуулах нь тодорхойгүй, сонсох ажиллагааны зорилго, үр дүн нь тодорхойгүй байсан. Булган аймгийн Орхон сумын Засаг дарга Н.Амартүвшинийн өгсөн чиглэлээр ажлын хэсэг байгуулагдаж 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр зохион байгуулсан сонсох ажиллагаа нь хууль бус байсан тул 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн А/125 дугаартай захирамжийг эргэж харахыг хүсэж байна” гэв.
- Хариуцагч Булган аймгийн Орхон сумын Засаг дарга Н.Амартүвшин шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Б.Баяржаргал нь Орхон сумын Засаг даргын тамгын газраас 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр зохион байгуулсан газрын дуудлага худалдаанд оролцож, нэгж талбарын 6304004637 дугаартай 6001 м.кв газрыг 4 420 000 төгрөгөөр ялагч болж худалдан авсан. Улмаар тус сумын Засаг даргын 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн А/52 дугаар захирамжаар дээрх газрыг “Худалдаа нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор” зориулалтаар 15 жилийн хугацаатай Б.Баяржаргалд эзэмшүүлсэн. Б.Баяржаргал нь нэхэмжлэлдээ дурдсанаар Төгөл группийн “Ургамал Энх” ХХК-ийн хөрөнгө оруулалтаар худалдаа үйлчилгээний цогцолбор төв байгуулахаар барилгын зураг, төслийн тусгай зөвшөөрөлтэй “Конар” ХХК-иар зураг төсөл хийж “гүйцэтгүүлэн барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж хөрөнгө оруулалт хийсэн талаарх нотлох баримтаа тус сумын Засаг даргын тамгын газарт ирүүлээгүй байна.
Булган аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Газар, геодези, зурагзүйн хяналтын улсын байцаагч Х.Энхбаярын “Хяналтаар илэрсэн зөрчлийг арилгуулах тухай” 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 02-17-04/056/01 дугаартай албан шаардлагын дагуу Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.6 дахь хэсгийг тус тус үндэслэн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” тус сумын Засаг даргын 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн А/125 дугаар захирамж гаргаж, тус захирамжийн хавсралтад дурдсан иргэд, хуулийн этгээдүүдийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон.
Орхон сумын Засаг даргын 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/125 дугаар захирамжийг 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хуулийн зөвлөх С.Газарбаатар гардан авч, гарын үсгээ зурсан болно” гэжээ.
- Хариуцагч Булган аймгийн Орхон сумын Засаг дарга Н.Амартүвшин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүхэд бичгээр тайлбар өгсөн учир нэмж хэлэх зүйл байхгүй байна. Миний зүгээс өөрийн ажил үүргийн дагуу уг захирамжийг гаргасан. Захиргааны акт гаргасны дагуу, хэсгийн төлөөлөгч, Лхагвадорж, хууль эрх зүйн мэргэжилтэн, газрын харилцаа хариуцсан мэргэжилтэн нар, Булган аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын улсын байцаагч хамт явсан. Гэрч хэлж байна. Байхгүй хүмүүстээ утсаар мэдэгдсэн, байгаа хүмүүстэйгээ уулзалдаад хугацаа өгөөд үйл ажиллагаа явуулах боломж олгох болсныг тайлбарласан. Гэтэл Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын улсын байцаагч Энхбаяр сонсох ажиллагааны зорилго нь энэ газрыг хураалаа гэдгийг мэдэгдэж байгаа болохоос хугацаа олгоогүй гэж тайлбарласан байдаг. Сонсох ажиллагааны үр дүнг сонсоод би Булган аймгийн Засаг даргын Тамгын газрын хууль эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн Амараас асуулгасан. Амар нь Энхбаяртай адилхан хариулт хэлсэн байсан. Лхагвадорж гэдэг залуу ажлаа өгсөн байгаа” гэв.
6. Гэрч Ж.Ундрах шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: “Булган аймгийн Орхон сумын Засаг даргын Тамгын газрын ажилчид 2023 оны 4 дүгээр сарын 25-ны орой 5 цагийн орчимд Орхон сумын Засаг даргын орлогч Цогбадрах утсаар ярьсан. Маргааш 10 цагаас сонсголтой гэсэн. Тэгээд Даваат баг дээр сонсголд цагтаа ирсэн. Иргэд ч мөн цагтаа ирсэн байсан. Би 2 цаг орчим хүлээсэн. Орхон сумын Засаг даргын Тамгын газрын ажилчид 12 цагийн үед ирсэн. Тэдэнтэй хамт Булган аймгийн Засаг даргын Тамгын газрын мэргэжилтэн газрын улсын байцаагч Энхбаяр ирсэн байсан. Тэгээд уг сонсгол 12 цаг өнгөрч байхад эхэлсэн. Сонсгол бол ямар ч бэлтгэл байхгүй харагдаж байсан. Орхон сумын Засаг даргын Тамгын газрын ажилтан Лхагвадорж үг хэлж эхэлсэн. Тэрээр сарын хугацаа өгнө. Уг хугацаанд өөрсдийн эзэмшиж байгаа газар дээр юу хийх гэж байгаа түүнийгээ хий гэсэн. Гэтэл Энхбаяр хөндлөнгөөс орж ирээд тийм зүйл байхгүй. Сонсох ажиллагаа гэдэг бол тухайн газрыг эзэмшээгүй үйл ажиллагаа явуулахгүй 2-оос дээш жилийн хугацаа өнгөрсөн байх тул газрыг хураалаа гэдгийг мэдэгдэх ажиллагаа гэсэн үг. Иймээс хугацаа өгнө гэж байхгүй гэсэн. Урд нь Орхон сумын газрын харилцааны мэргэжилтэн Нямаа 2023 оны 5 дугаар сарын 10-ны дотор газар дээр хийсэн ажиллагааныхаа талаар тайлбар өг гэсэн мэдэгдэл өгсөн. Энэ мэдэгдлийг бол урд нь өгөөгүй уг сонсголыг тарахад өгсөн. Тайлбарыг бичгээр эсвэл мэйлээр өгнө гэсэн. Миний бодлоор энэ мэдэгдлээ өмнө өгөх ёстой байсан. Гэхдээ би тайлбараа өгсөн. Уг тайлбараа өгөх гээд Орхон сум орохдоо Засаг дарга Амартүвшинд хэлж байсан. Энэ сонсох ажиллагаа ямар ч үр дүнгүй үйл ажиллагаа боллоо гэдгийг хэлсэн” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
- Иргэн Б.Баяржаргал нь “Булган аймгийн Орхон сумын Засаг даргын 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн А/125 дугаартай захирамжийн хавсралтын арван гуравт дурдагдсан Б.Баяржаргалд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Булган аймгийн Орхон сумын Засаг дарга /цаашид “Орхон сумын Засаг дарга” гэх/-д холбогдуулан гаргажээ.
- Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь дараах үндэслэлээр маргаж байна. Үүнд:
- Дэлхий нийтийг хамарсан Коронавируст халдвар, цар тахал /Соvid-19/-ийн улмаас хил гааль хаалттай байсан, эдийн засгийн хямрал, барилгын материалын үнийн хөөрөгдөл зэрэг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас дээрх газарт зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй байсан.
- Булган аймгийн Орхон сумын Засаг дарга нь сонсох ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй.
- Хэрэгт авагдсан баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдов.
- Орхон сумын Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн А/05 дугаартай захирамж[1]-аар тус сумын 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад дуудлага худалдааны журмаар эзэмшүүлэхээр тусгагдсан газрын байршил, хэмжээ, анхны үнийг баталж, дуудлага худалдааг 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 15:00 цагт газрын биржийн программ хангамж ашиглан цахим хэлбэрээр явуулахыг дуудлага худалдааны комисст даалгаж шийдвэрлэжээ.
- Нэхэмжлэгч Бадраагийн Баяржаргалын тухайд дээрх А/05 дугаарын захирамжид заасны дагуу явуулсан дуудлага худалдаанд оролцон нэгж талбарын 6304004637 дугаартай 6001 м2 газрыг “худалдаа, үйлчилгээний газар, төв цогцолбор”-ын зориулалттайгаар 15 жилийн хугацаагаар эзэмших эрхтэй болсон бөгөөд тухайн газартаа үйл ажиллагаа явуулахад шаардагдах барилгын зураг төслийг боловсруулуулахаар захиалж, ажлын хөлс 1800000 төгрөгийг төлсөн болох нь Орхон сумын Засаг даргын 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн А/52 дугаартай захирамж /хавсралтын хамт/, тус нэгж талбарын газрын кадастрын зураглал, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн 000064409 дугаартай гэрчилгээ болон 06325-2020/00038 дугаартай “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”, “Конар ХХК-тай 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан №К-001/2020 дугаар бүхий “Барилгын төсөл боловсруулах ажлын гэрээ”, бэлэн мөнгөний орлогын баримтуудаар тус тус нотлогдов.
- Хариуцагчийн тухайд: Булган аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагч Х.Энхбаяр нь Орхон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргасан хүсэлтийн дагуу тус сумын 2021, 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт шалгалт хийж улсын байцаагчийн “Дутагдал арилгуулах тухай” 02-17-04/056/01 дугаартай “Албан шаардлага”-ыг гаргаж Орхон сумын Засаг даргад хүргүүлсэн болох нь Булган аймгийн Орхон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 01/04 дугаартай албан бичиг, “Орхон сумын ИТХ-ын төлөөлөгчдийн 2021, 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилт, газар олголтын талаар хийсэн хяналт, шалгалтын дүгнэлт” болон Булган аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 01/304 дугаартай албан бичиг, улсын байцаагчийн 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 02-17-04/056/01 дугаартай “Дутагдал арилгуулах тухай” албан шаардлагаар тогтоогдож байна.
- Дээрх 02-17-04/056/01 дугаартай албан шаардлагад “...14. Иргэн Бадраа овогтой Баяржаргал...-ын газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээг хүчингүй болгох... Албан шаардлагын биелэлтийг 2023 оны 5 дугаар сарын 01-ны өдрийн дотор Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт албан бичгээр ирүүлэхийг мэдэгдье. Албан шаардлагыг биелүүлээгүй буюу хугацаа хожимдуулсан тохиолдолд “Төрийн хяналт шалгалтын тухай” хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1, Төрийн албаны тухай хуульд заасны дагуу хариуцлага тооцохыг мэдэгдье...” гэжээ.
- Орхон сумын Засаг дарга нь дээрх албан шаардлагад тусгасан зөрчил дутагдлыг арилгуулах, сонсох ажиллагаа явуулах үүрэг чиглэл бүхий ажлын хэсгийг 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн А/101 дугаартай захирамжаар томилсон бөгөөд уг ажлын хэсгийн үйлдсэн “Сонсох ажиллагаа хийгдсэн тухай” гар бичвэр бүхий эх баримтын 13-т “Б.Баяржаргал ..... 2023.04.26” гэж бичин, огнооны өмнө хэсэгт гарын үсэг зурагдсан байх ба уг ажиллагаанд нэхэмжлэгч оролцоогүй талаар түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч “...Баяржаргал тухайн үед хотод байсан. Болор-Эрдэнэ гэх хүнийг очиж уулзаач гэж гуйсан байна лээ...” гэж шүүх хуралдаанд тайлбарлав.
- Харин хариуцагч 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.1, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.6 дахь заалтуудыг үндэслэн маргаан бүхий А/125 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжийг гаргасан бөгөөд тус захирамжийн хавсралтын 13-т нэхэмжлэгч Б.Баяржаргалын “худалдаа, үйлчилгээний газар, төв цогцолбор”-ын зориулалтаар эзэмшиж байсан нэгж талбарын 6304004637 дугаартай 6001м2 газрыг тусгажээ.
- Захирамжийн талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Газарбаатарт 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 1728 цагт танилцуулсан болох нь “Захирамж танилцуулсан тухай” баримтуудаар нотлогдож байна.
- Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.2, 27.3 дахь хэсгүүдэд зааснаар газрыг зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлэх бөгөөд нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байхаар хуульчилсан бол мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “...сум ...-ийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно”, 40.1.6 “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй”, 40.2-т “Энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол ...сум...-ийн Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж, энэ тухайгаа эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан ...этгээдэд мэдэгдэнэ”, 40.3-т “Эрхийн гэрчилгээ эзэмшигч ...этгээд нь Засаг даргын шийдвэрийг хууль бус гэж үзвэл тухайн шийдвэр гарсан өдрөөс хойш ажлын 10 өдрийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй” гэж тус тус заасан.
- Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасан зохицуулалт болон 06325-2020/00038 дугаартай “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”, улсын бүртгэлийн Э-0409000192 дугаарт бүртгэлтэй 000064409 дугаартай “Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ” зэргээс дүгнэхэд Б.Баяржаргал нь нэгж талбарын 6304004637 дугаартай газрыг 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс эзэмших эрхтэй болжээ.
- Орхон сумын Засаг дарга нь 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн А/125 дугаартай захирамждаа “Хүндэтгэн үзэх шалтгаангүй гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа хоёр ба түүнээс дээш жил ашиглаагүй” гэх үндэслэлийг заасан байна.
- Монгол Улсын дээд шүүхийн 2008 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 15 дугаартай тогтоолын 1.10-т “...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр...” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний, эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байхыг ойлгоно” гэж, Монгол хэлний их тайлбар тольд “давагдашгүй” гэх үгийг “Давах аргагүй, дийлдэшгүй” гэж, “гэнэт” гэх үгийг “Санамсаргүй атал хоромхонд болох юм, гэнэт тохиолдох (санамсаргүй тохиолдох), гэнэтийн аюул (цаг бусын аюул)...” гэх агуулгуудаар тус тус тайлбарлажээ.
- Нэгж талбарын 6304004637 дугаартай газрыг эзэмших эрх 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэгчид үүссэн.
- Гэтэл 2020 оны 1 дүгээр сард БНХАУ-д коронавирус халдвар /КОВИД-19/-т шинэ өвчин бүртгэгдсэн талаар мэдээллэн, улмаар дэлхий нийтээр тухайн өвчнийг “ЦАР ТАХАЛ” гэж зарласан.
- Манай улсын тухайд Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 178, 181, 194, 209, 226, 2021 оны 1, 27, 91, 104 дугаартай тогтоолуудаар 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 06:00 цагт хүртэлх хугацаанд “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг”-т шилжсэн байсан бөгөөд 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр эхний сэжигтэй тохиолдол бүртгэгдэн, батлагдсан нь нийтэд илэрхий болсон үйл явдал юм.
- Энэхүү Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг эрчимжүүлэх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх хүрээнд авч хэрэгжүүлсэн үйл ажиллагаа нь тус аймагт хэрхэн үргэлжилсэн нь Булган аймгийн Засаг даргын удаа дараагийн захирамжуудаар нотлогдож байна.
- “Ковид-19” гэх коронавируст халдварт өвчин нь урьд өмнө нь хүн төрөлхтөнд танигдаагүй, гэнэтийн өвчин байсныхаа хувьд тухайн цаг хугацаандаа “давагдашгүй” хүчин зүйл болох бөгөөд энэ нь нэхэмжлэгч Б.Баяржаргалын газар эзэмших эрхэд нэгэн адил нөлөөлсөн болох нь Монгол Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимаас 2023 оны 7 дугаар сарын 28-ны өдөр олгосон 02/260 дугаартай гэрчилгээгээр нотлогдож байна.
- Тиймээс Монгол Улсын Засгийн газар болон Булган аймгийн Засаг даргаас Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг эрчимжүүлэх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх хүрээнд авч хэрэгжүүлсэн үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн эзэмшлийн газраа зориулалтын дагуу ашиглах боломж хязгаарлагдсан тул түүнийг газар эзэмшигчийнхээ эрх, үүргийг хуульд заасан хугацаанд хэрэгжүүлээгүй гэж буруутгах боломжгүй. Тодруулбал: Нэхэмжлэгчид “Хүндэтгэн үзэх шалтгаан” үүссэн.
- Нөгөө талаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “...тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж заасан бол Монгол Улсын дээд шүүхийн 2008 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 15 дугаартай тогтоолын 1.10-т “...зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй...” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно” гэж тайлбарласан.
- Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор батлагдсан "Коронавируст халдвар /КОВИД-19/-ын тархалтын түвшинд үндэслэн хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохицуулах журам"-ын 4.1-д “Халдварын тархалтын түвшинтэй уялдуулан бүх шатны онцгой комисс дараахь арга хэмжээг хэрэгжүүлнэ”, 4.1.2-т “"Шар түвшин"-д бүх төрлийн үйл ажиллагааг хязгаарлахгүйгээр Улсын онцгой комиссоос баталсан журмын дагуу байгууллага, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд тавигдах тусгай нөхцөл, шаардлагыг мөрдөж ажиллана”, 5.1-д ”Энэ журмыг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол Төрийн албаны тухай, Зөрчлийн тухай хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ” гэж журмалсан тул “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг”-ийг шар түвшинд шилжүүлээгүй улаан, улбар шар түвшинд байх үед газар эзэмшигч гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэх боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаан үргэлжилж байсан.
- Булган аймгийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн А/102 дугаартай “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг”-ийг Коронавируст халдвар /Ковид-19/-ын тархалтыг “Шар түвшин”-д шилжүүлэх тухай” захирамжийн “1”-д “Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор улсын хэмжээнд гамшгаас хамгаалах “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг”-ийг цуцалсантай холбогдуулан Коронавируст халдвар (Ковид-19)-ын тархалтын “Шар түвшин”-д 2022 оны 02 сарын 16-ны өдрөөс эхлэн шилжүүлсүгэй” гэжээ.
- Тиймээс нэхэмжлэгчийг нэгж талбарын 6304004637 дугаартай газраа зориулалтын дагуу ашиглах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болгосон “хүндэтгэн үзэх шалтгаан” 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр арилсан байх тул мөн өдрөөс дээрх хугацааг эхлэн тоолох нь шударга ёсонд нийцнэ.
- Булган аймгийн Засаг даргын А/102 дугаартай захирамжаар “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг”-ийг “Шар түвшин”-д шилжүүлсэн өдөр болох 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс маргаан бүхий А/125 дугаартай захирамжийг гаргасан 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаа нь 1 жил 3 сар болж байна. Тодруулбал: Дээрх 1 жил 3 сарын хугацаа нь тасралтгүй үргэлжилж буй хугацаа бөгөөд энэ нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “2 жил дараалан” гэх нөхцөл шаардлагыг хангаагүй байх тул нэхэмжлэгчийн газар эзэмших эрхэд халдах хууль зүйн үндэслэл бүрдээгүй байна.
- Хариуцагч “...Б.Баяржаргал нь ...барилгын зураг, төслийн тусгай зөвшөөрөлтэй “Конар” ХХК-иар зураг төсөл хийж гүйцэтгүүлэн барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж хөрөнгө оруулалт хийсэн талаарх нотлох баримтаа ...ирүүлээгүй...” гэж мэтгэлцэж байна.
- Нэхэмжлэгч нь Орхон сумын Засаг даргын 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн А/52 дугаартай захирамжаар нэгж талбарын 6304004637 дугаартай газрыг эзэмших эрхтэй болсон бөгөөд тус сумын газрын даамал уг эрхийг улсын бүртгэлийн Э-040900192 дугаарт бүртгэн 000064409 дугаартай гэрчилгээг 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр олгосноор тухайн эрх нь баталгаажсан. Тодруулбал: Газар эзэмшигчийн эрх, үүргээ хэрэгжүүлэх бодит нөхцөл бүрдсэн.
- Тиймээс Б.Баяржаргал нь эзэмшлийн газраа зориулалтын дагуу ашиглах үүднээс “Конар” ХХК-тай 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр №К-001/2020 дугаартай “БАРИЛГЫН ЗУРАГ ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ АЖЛЫН ГЭРЭЭ”-г байгуулж, 18000000 төгрөгийн ажлын төлсөн талаар шийдвэрийн “3.2”-т тусгасан.
- Нэхэмжлэгчийн дээрх үйлдэл нь өөрийн эзэмшлийн газрыг зориулалтын дагуу ашиглах хуульд заасан шаардлага /урьдач нөхцөл/-ыг хангаж буй үйл ажиллагаа бөгөөд түүний үргэлжлэх хугацаанд өмнө хэсэгт тайлбарласан нийтэд илэрхий болсон “хүндэтгэн үзэх шалтгаан” нөлөөлснийг шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтан харгалзан үзэх учиртай.
- Маргаан бүхий захирамжийн үндэслэл болгосон Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалт нь “хүндэтгэн үзэх шалтгаан”-тай бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохгүй гэсэн агуулгаар хэрэглэгдэнэ.
- Гэтэл хариуцагч нь цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан Монгол Улсын Засгийн газар, Булган аймгийн Засаг даргын удаа дараагийн шийдвэрүүдээр газар эзэмшигчийн газраа зориулалтын дагуу ашиглах үйл ажиллагааг түр зогсоосон байсан хугацааг “хүндэтгэн үзэх шалтгаангүй” гэж үзсэн нь үндэслэлгүй.
- Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “Сонсох ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй ...Баяржаргал сонсох ажиллагаанд оролцоогүй. Дараа нь тайлбартай танилцсан...” гэж маргаж байна.
- Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална”, 4.2.4-т “үр нөлөөтэй байх”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах”, 4.2.8-д “хууль ёсны итгэлийг хамгаалах” гэж заасан бол “хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим” гэж нийтийн эрх зүйн аливаа харилцаанд захиргааны үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдэд эдийн буюу мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүссэн тохиолдлыг ойлгоно...” гэж тайлбарласан.
- Түүнчлэн дээрх хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт...-г батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж, 27 дугаар зүйлийн 27.3-т “Сонсох ажиллагааны талаарх мэдэгдэлд дараах мэдээллийг тусгана” гээд 27.3.1-27.3.3 дахь заалтууд болон 27.4-27.6 дахь хэсгүүдэд сонсох ажиллагааг явуулах журам, ажиллагаа явуулах он, сар, өдөр, цаг, байрлал, дарааллын талаарх мэдээлэл, захиргааны шийдвэр гаргах эрх олгогдсон хууль, захиргааны хэм хэмжээний актын зүйл, заалт болон захиргааны шийдвэр гаргах тухайн асуудлын талаарх мэдээлэл, үндэслэл зэргийг тусгах бөгөөд сонсох ажиллагааг бичгээр, утсаар, цахим хэлбэрээр, төлөөлөгчөөр дамжуулан тус тус санал авах, биечлэн уулзах болон бусад хэлбэрээр явуулж болохоор, мөн сонсох ажиллагаа явуулах хугацаа оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан байх ба уг ажиллагааны явц, үр дүнгийн талаар тэмдэглэл хөтөлж, гарсан саналыг захиргааны шийдвэрт хэрхэн тусгасан талаар мэдээлэл бэлтгэж баримтжуулахыг захиргааны байгууллага, албан тушаалтанд үүрэг болгожээ.
- Орхон сумын Засаг даргаас сонсох ажиллагаа явуулах ажлын хэсгийг томилсон 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн А/101 дугаартай захирамж, тус ажлын хэсгийн гишүүн болох Орхон сумын газрын даамал Д.Нямаагийн бичсэн “Сонсох ажиллагаа явуулсан тухай илтгэх хуудас”, “Сонсох ажиллагаа хийгдсэн тухай” гэх гар бичвэр бүхий эх баримт, “Сонсох ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл”, “Сонсох ажиллагаа хийж байгаа нь” гэх тайлбар бүхий 2 хуудас гэрэл зураг болон 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн огноотой “Сонсох ажиллагааны мэдэгдэл”-ийг хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн.
- Орхон сумын газрын даамал Д.Нямаагийн бичсэн “Сонсох ажиллагаа явуулсан тухай илтгэх хуудас”-т “...сонсох ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл /мэдэгдэл/-ийг иргэд, аж ахуйн нэгжд танилцуулахад гарын үсэг зурахаас татгалзсан...” гэсэн байгаа ч тухайн ажиллагааны явцад болсон үйл явдлыг тусгасан тэмдэглэлийг хэрэгт нотлох баримтаар ирүүлээгүй, “Сонсох ажиллагаа хийгдсэн тухай” гэх гар бичвэр бүхий баримтад 3 хуулийн этгээд, 11 хүний нэр, огноо болон цаг, минут бичигдэж, 10 хүн гарын үсэг зурснаас өөр бичвэргүй байгаа, гэрч Ж.Ундрахын шүүх хуралдаанд гаргасан “...Лхагвадорж гэдэг хүн тодорхой хугацаа өгнө гэхэд Булган аймгийн Засаг даргын Тамгын газраас ирсэн хүн тийм зүйл байхгүй гээд түүний яриаг таслан шууд хураана гэдгээ мэдэгдсэн. Тэгээд л сонсголд ирсэн хүмүүс бужигнаж бүгд өөр өөрсдийн бодлоо хэлж замбараагүй юм болсон...” гэх мэдүүлэг зэргээс хариуцагчийн томилсон ажлын хэсэг нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ[2] багийн байранд “Сонсох ажиллагаа”[3]-г явуулахаар эхлүүлсэн боловч тухайн ажиллагаа хуульд заасан хэлбэр шаардлагыг хангах хэмжээнд явагдаагүй оролцогчид болон ажлын хэсгийнхний хооронд үл ойлголцол үүсч тодорхой санал, тайлбарыг гаргах, сонсох нөхцөл бүрдэлгүй дуусгавар болсон болох нь нотлогдож байна.
- Түүнчлэн “Сонсох ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл”-ийн “...Газрын тухай хуулийн 40.1.6 дахь заалт..., газар эзэмших гэрээний 5.3 дахь заалтыг тус тус зөрчсөн байсан иргэн Баяржаргалд 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож байгааг үүгээр мэдэгдэж байна...” гэх хэсгээс дээрх ажиллагаа нь “Сонсох ажиллагаа” гэж нэрлэхээс илүүтэй нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захиргааны актыг мэдэгдэх ажиллагаа болсон мэтээр ойлгогдохоор байна.
- Дээрх ажлын хэсэг нь Б.Баяржаргалын газар эзэмших эрхээ хэрэгжүүлээгүй шалтгаан нөхцлийг сонсож, холбогдох тайлбар болон нотлох баримтыг гаргаж өгөх боломжоор хангах замаар бодит нөхцлийг тогтоосон мэдээллээр хариуцагчийг хангах үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй байх ба хариуцагч нь ажлын хэсэг хангалтгүй ажилласныг мэдсээр байж нэхэмжлэгчтэй сонсох ажиллагааг хуульд заасан шаардлага хангахуйц байдлаар явуулалгүйгээр дутуу дулимаг мэдээлэлд үндэслэн нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон шийдвэрийг гаргасан нь Захиргааны ерөнхий хуульд заасан үр нөлөөтэй, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх болон бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах зарчмыг зөрчсөн үйлдэл болсон байна гэж дүгнэлээ.
- Нэхэмжлэгч нь өөрийн эзэмшлийн нэгж талбарын 6304004637 дугаартай 0.6 га газрын дуудлага худалдаанд оролцон холбогдох төлбөрийг төлсөн бөгөөд тухайн газраа зориулалтын дагуу ашиглах зорилгоор холбогдох хууль, хэм хэмжээний актуудад заасан тусгай зөвшөөрөл болон бусад баримт бичгийг бүрдүүлэх, газрыг тойруулан хашаа барих зорилгоор суурийн нүх ухах зэрэг ажиллагаануудыг хийж зохих хэмжээний зардал гаргасан талаар түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд тайлбарлан, холбогдох нотлох баримтуудыг хэрэгт ирүүлсэн ба хариуцагч түүнийг үгүйсгэсэн тайлбар болон нотлох баримтыг шүүх хуралдаанд гаргасангүй.
- Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д зааснаар хариуцагч нь газар эзэмшигчийн “хууль ёсны итгэлийг хамгаалах” тусгай зарчмыг баримтлан үйл ажиллагаагаа явуулах үүрэгтэй.
- Нэхэмжлэгч Б.Баяржаргал нь Орхон сумын Засаг даргын 2019 оны А/52 дугаарын захирамжид заасан 0.6 га газрыг худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв цогцолборын барилга байгууламж барьж, энэ чиглэлийн үйл ажиллагааг явуулах эрхтэй болсон гэж итгэн үйл ажиллагаагаа явуулахад шаардагдах эхний хөрөнгийг зарцуулан түүнд мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүссэн байна.
- Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэжээ.
- Орхон сумын Засаг даргын 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн А/125 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжийн Б.Баяржаргалд холбогдох хэсэг нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэг болон Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.4, 4.2.5, 4.2.6, 4.2.8, 26, 27 дугаар зүйлд нийцээгүй, хууль зөрчсөн шийдвэр болсон бөгөөд нэхэмжлэгч Б.Баяржаргалын нэгж талбарын 6304004637 дугаартай 0.6 га газрыг худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв цогцолборын үйл ажиллагаа явуулах зориулалтаар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул “Орхон сумын Засаг даргын 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн А/125 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжийн Б.Баяржаргалд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн Б.Баяржаргалын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, 40.3, 60 дугаар зүйлийн 60.2, 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6, 4.2.8, 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.5 дахь хэсгүүдэд заасныг тус тус үндэслэн Б.Баяржаргалын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Булган аймгийн Орхон сумын Засаг даргын 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн А/125 дугаартай захирамжийн “Б.Баяржаргал”-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТЧИМЭГ
[1]Булган аймгийн Орхон сумын Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн А/05 дугаартай “Газар эзэмшүүлэх дуудлага худалдаа явуулах тухай” захирамж.
[3] газар эзэмшигч 3 аж ахуйн нэгж, 11 иргэнийг нэгтгэн оролцуулсан.