Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 127

 

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж, тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:    

 

      Улсын яллагч                                               Л.Энхтайван

      Хохирогч                                                 Э.Боргил

      Нарийн бичгийн даргаар                       Б.Намуунзул  нар  оролцов.

 

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж аймгийн  Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Моодо овогт Батбаярын Давхарбаярд холбогдох 1731000470024  тоот  хэргийг хянан хэлэлцэв.

 

Үндсэн захиргаа; Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд 1995 оны 06 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар баг, 2 дугаар хэсэг, 6-23 тоотод оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, үйлдсэн хэргээ хариуцах чадвартай гэх Моодо овогт Батбаярын Давхарбаяр, /РД: МЮ95060133/,

          

Шүүгдэгч Б.Давхарбаяр нь 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутаг дэвсгэрт “Номт” амралтын газарт Э.Боргилын эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.    

Тодорхойлох нь

 Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд;

 1. Шүүгдэгч Б.Давхарбаярын мөрдөн байцаалтын шатанд 2017 оны 08 дугаар сарын  11-нд  сэжигтнээр  өгсөн:  ...Би 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 15 цагийн үед манай байрны Энхболдын төрсөн өдөр байсан болохоор Ганпүрэв, Манлай, Энхболд, Аззаяа бид нар Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутаг дэвсгэрт байрлах “Номт” амралтын газарт очиж хоногийн 20,000 төгрөгийн үнэ бүхий гэрийг 1 хоногоор авсан. Ингээд бид нар хоол унд хийж идээд орой 23 цагийн үед Номтын дэлгүүрээс 0,75 литрийн Соёрхол архи 1 ширхэг, 2,5 литрийн Боргио пиво зэргийг дэлгүүрээс аваад амарч байсан гэр лүүгээ очиж авсан архиа ууж байхад Энхболд гэрээс гараад явсан. Гэтэл гэрийн ойролцоо хүмүүс хэрэлдэж, маргалдах чимээ гараад байхаар нь гэрээс гараад хартал манай найз Энхболдтой Боргил гэх залуу маргалдаад  зогсож байгаа харагдсан. Ингээд юу болсон талаар Энхболдоос асуухад “энэ залуу сая Зүүн хараагийн майнтын шоронгоос гарч ирсэн гээд надад томроод байна” гэхээр нь би “за Боргилоо чи хэзээ шоронд суусан юм бэ,чамайг мэдэхгүй хэн байдаг юм” гэж хэлээд зогсож байтал гэрээс нэг охин гарч ирээд намайг Боргилтой маргалдаж байна гэж андуураад намайг шууд нүүрэн тус газар нэг удаа цохиод авсан. Тэгтэл бид нартай хамт байсан Аззаяа намайг өмөөрч нөгөө охинтой маргалдаад, зууралцаад хоорондоо барьцалдаж аваад байхаар нь бид нар тэр 2-г салгаад Боргилын амарч байсан гэр лүү ороход Аззаяа, нөгөө охин 2 гэрт бас маргалдаад байхаар нь Аззаяаг аваад гэртээ орцгоосон. Тэгтэл манай гэрт Энхболд, Боргилтой хамт байсан. Ингээд хоорондоо юм яриад сууж байтал удаагүй Боргил 0,75 литрийн “Улаанбаатар” архи барьсан орж ирж ирээд ширээн дээр архиа тавиад гэрийн баганы хажууд уухгүй зогсоод бид нараас “2 ширхэг гар утас манай гэрээс алга болчихсон байна” гээд бид нараас нэхээд байсан. Энэ үед “юу гэж бид нар танай гэрт байсан хүний гар утас хулгай хийх юм бэ” гэсэн чинь Боргил шууд манай Энхболдыг “утас авсан” гээд Энхболд руу дайраад, давшлаад байхаар нь миний уур хүрээд Боргилыг “манай гэрээс гар” гэж хэлээд түлхэх үед миний өмсөж явсан цамцнаас зуураад авсан. Тэгтэл би Боргилыг шууд  хавираад газарт унах үед нь 2-3 удаа нүүрэн тус газарт нь баруун хөлөөрөө өшиглөсөн. Бид нар Энхболдын төрсөн өдрийг тэмдэглэж байхад Боргил нь гэрийн гадаа Энхболдыг өдөөд бас дарамтлаад байсан мөн утас хулгайлсан гэж гүтгээд дайраад байхаар нь миний уур хүрээд зодчихсон юм. Миний бодлоор Боргил нь өөрийнхөө ярьж байгаа үг яриа, хийж байгаа үйлдлээ мэдэхгүй тасарчихсан байсан. Маргааш нь юу болсон талаараа надаас асуугаад байсан. Боргилд эмчилгээний зардал гэж 1.050.000 төгрөг бэлнээр өгсөн байгаа. ...гэх мэдүүлэг /хх-ийн 36,37-р ху/,

 2. Шүүгдэгч Б.Давхарбаярын мөрдөн байцаалтын шатанд 2017 оны 08 дугаар сарын 31-нд  яллагдагчаар өгсөн:  ...Намайг “Номт” амралтын газарт найзуудын хамт амарч байхад манай гэрт гаднаас Н.Энхболд, Б.Энхболд бид 3 хоорондоо ойр зуурын юм яриад орон дээр сууж байхад гаднаас Боргил нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байдалтай орж ирээд Н.Энхболдод хандаж манай гэрт байсан амарч байсан хүмүүсийн гар утас алга болчихсон байна гээд Н.Энхболдын авсан гээд хардаад маргалдаж байгаад Боргил нь Н.Энхболдын нүүр лүү баруун гараараа мангасдаж бас цохих гээд гараараа далайх үед нь би хажуунаас нь Н.Энхболдыг өмөөрч Боргилыг салгах үед Боргил нь миний өөдөөс дайраад байхаар нь хавирч газар унагаж байгаад 2-3 удаа Боргилын нүүрэн тус газарт өшиглөсөн байхад гаднаас хамт амарч байсан хүмүүс нь орж ирээд аваад гарсан. Би Боргилыг өшиглөсөн тэрнээс болж хүндэвтэр гэмтэл учирсан. Надаас өөр хүн гар хүрээгүй. Миний буруугаас болж ийм зүйл боллоо маш их харамсаж байна. Би Боргилд эмчилгээний зардал гэж 2.150.000 төгрөгийг бэлнээр өгсөн байгаа. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 41-р ху/,

3. Шүүгдэгч Б.Давхарбаярын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн:  2017 сарын 08 сарын 03-нд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Номт амралтын газар Б.Давхарбаяр миний бие Э.Боргил тэгээд Энхболд байсан. Оргил бид хоёр үл ойлголцсоноос би Э.Боргилын эрх чөлөөнд нь халдсан. Би энэ хэргээ хүлээн зөвшөөрч буруугаа ойлгож байна.  Миний хувьд ганц нэг пиво уусан архи уугаагүй. Э.Боргил манай гэр рүү орж ирээд утас алга болчихлоо гэснээс болж маргасан юм. Тэгээд бид хоёр барьцалдаад би Оргилыг түлхэж унагаад нүүрэн тус газар нь 3 удаа цохисон. Э.Боргилын эмчилгээний төлбөрт туслалцаа үзүүлж 2.000.000 төгрөг өгсөн. Цаашид гарах эмчилгээний төлбөрийг төлнө гэж бодож байгаа. Хийсэн хэрэгтээ ихэд гэмшиж байна. ... гэх мэдүүлэг,

4.Хохирогч Э.Боргилын мөрдөн байцаалтын шатанд 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр өгсөн:  ... Би Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутаг дэвсгэрт байрлах “Номт” амралтын газарт “Номт” нэртэй амралтыг төрсөн ах Итгэлтэй хамт түрээслэж ажиллуулдаг юм. 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 22 цаг 40 минутын үед манай 10 жилд хамт нэг ангид сурдаг байсан Отгонтулга, Энхболд, Пүрэвдаваа, Номин-Эрдэнэ, Халиунаа, Оюунзул нар манай амралтын газарт амрах гэж ирэх үед 1 дугаартай гэрт байрлуулсан. Ингээд ангийнхантайгаа нийлээд бага зэрэг архи хэрэглэсэн. Миний санаж байгаагаар 02 цагийн үед Пүрэвдаваа бид 2 гэрээс гараад 00 орох үед замд танихгүй 18-20 насны гэмээр 2 залуу архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай хүрч ирээд “хаанаас ирсэн, хэн гэдэг залуу вэ” гээд би 2-г хоргоогоод байсан. Энэ үед цаанаас дахин нэг залуу ойртож ирсэн. Тухайн үед гадаа харанхуй байсан учир ойртон хартал манай амралтанд хэд хэдэн удаа амарч байсан Давхараа гээд залуу байсан. Ингээд Давхараатай хамт байсан танихгүй 2 залуу над руу томроод байсан. Тэгтэл манай ангийн хүүхэд бид хоёрыг салгах гээд гараад ирсэн. Энэ үед би Давхараатай хамт байсан хүмүүстэй хэрэлдэж байгаад ямар нэг зодоон болоогүй салаад гэртээ орцгоосон. Араас Давхараа танихгүй 3 залуутай хамт манай амралтын гэрт орж ирсэн. Ингээд бид нарын “ууж байсан архинаас нэг шил архи аваад миний байрлаж байгаа гэрт ороод ир” гэж хэлээд гараад явцгаасан. Удаагүй би гэрт байсан 0,75 граммын “Улаанбаатар” архи аваад Давхараагийн байрлаж байсан гэрт ганцаараа ортол Манай ангийн хүүхэд Энхболд, Давхараа, танихгүй 3 залуу, 1 охин байсан. Ингээд авчирсан архийг ширээн дээр тавиад орон дээр суутал Энхболд Давхараатай хамт байсан нэг залуутай маргалдаад байсан. Энэ үед би тэр хоёрыг салгах үед Давхараа намайг “чи ямар том пизда вэ” гээд намайг татаж мөргөх үед би хойшоо алхах үед над руу дайраад намайг өргөж газарт хавираад унагаасан. Тэгээд би босох гэтэл баруун хөлөөрөө нэг удаа нүүрэн тус газарт өшиглөсөн. Ингээд би нүүрээ дараад доошоо болтол миний дээрээс өшиглөөд байсан. Энхболд намайг салгаж байгаа харагдсан, харин Пүрэвдаваа гэрт орж ирээд намайг аваад гарсан. Би маш гомдолтой байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 10-р ху/,

5.Хохирогч Э.Боргилын мөрдөн байцаалтын шатанд 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр дахин өгсөн: ...2017 оны 08 дугаар сарын 03-ны орой 22 цагийн үед манай 10 жилийн ангийн хүүхдэд манай төрсөн ах Итгэлийн түрээслэж байгаа “Номт” амралтын газарт ирсэн. Ингээд ангийнхаа хүүхдүүдийн хамт архи, дарс хэрэглэж байхад хажуу гэрт амарч байсан Давхарбаяр нь манай гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай ганцаараа орж ирээд Отгонтулгатай маргалдаад болохгүй болохоор нь би салгаад гэрээс гаргаад “чи яах гээд байгаа юм? найз нь ангийнхантайгаа амрах гэж байна, одоо яв” гэхэд  “шинээр дээр байгаа архиа аваад манай гэрт ороод ир” гээд яваад өгсөн. Ингээд би гэртээ ороод ширээн дээр байсан уух гэж байсан архиа аваад ганцаараа Давхарбаярын амарч байсан гэрт ортол манай ангийн Энхболд, Давхарбаяр, танихгүй 3 залуу, нэг эмэгтэй байсан. Тэгээд архийг ширээн тавиад гарах гэтэл Давхарбаяртай хамт байсан өндөр залуу нь манай ангийн Энхболдтой маргалдаад байхаар нь би Давхарбаярын мөрнөөс нь татаад “найзыгаа салгаач” гэхэд шууд намайг нэг удаа мөргөж газарт унагаад босох үед нүүр лүү өшиглөсөн. Энэ үед манай ангийн хүүхдүүд орж ирээд бид 2-г аваад гарсан. Надад гомдол санал гээд байх зүйл алга. Харин эмчилгээний зардал болох үлдэгдэл мөнгийг бүрэн барагдуулж өгөхийг хүсэж байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 12-р ху/,

6. Хохирогч Э.Боргилын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2017 оны 08 сарын 03-наас 4-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Алтанбулаг суманд байрлах Номт гэх амралтын газар би хариуцсан ажлаа хийж байсан. Б.Давхарбаяр тэгэхэд манай амралтанд ирсэн. Манай ангийнхан Б.Давхарбаярын хажуу өрөөнд байрлацгааж, би хариуцсан ажлаа хүлээлгэн өгөөд ангийнхан дээрээ ирсэн. Давхарбаяр манай найзтай бага зэрэг маргасан. Би Давхарбаярыг гэртээ орчих маргах асуудал байхгүй гэж хэлсэн. Тэгээд Давхарбаяр намайг гэртээ байгаа нэг шил архиа аваад ирчих хэдүүлээ цуг ууя гэж хэлсэн. Тэгээд би архи авчирч өгсөн. Би тухайн үед согтууруулах ундаа хэрэглэсэн байсан.Б.Давхарбаяр ч согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Гэхдээ өөрийгөө хянах чадвартай байсан. Одоо миний нүдний хараа “8.5” байгаа өмнө нь “-5”-ыг зүүдэг байсан. Давхарбаяр надад эхлээд надад 200.00 гаран мянган төгрөг өгсөн дараа нь 400.000 мянган төгрөг өгсөн. Нийтдээ 2.000.000 төгрөг өгсөн. Одоо хагалгаанд орох шаардлагатай байгаа 2.000.000 төгрөгийг нэхэмжилж байна. Үүнийг өгчихвөл өөр гомдол санал байхгүй. ...гэх мэдүүлэг,

7.Гэрч Ч.Оюунзулын 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр мөрдөн байцаалтын  өгсөн: ...Боргил бид хоёр нэг ангид сурч байсан болохоор таньдаг. Харин Давхарбаярыг танихгүй. 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдөр манай ангийн хүүхдүүд болох Номин-Эрдэнэ, Энхболд, Халиунаа, Пүрэвдаваа бид нар “Номт” амралтын газарт буюу Боргилын амралтанд очиж амрахаар болоод орой 22 цагийн үед очсон. Энэ үед Боргил бид нарт гэр гаргаж өгөөд хэсэг архи, пиво хэрэглэж байхад гаднаас нэг танихгүй залуу орж ирээд манай ангийн хүүхэд болох Отгонжаргалтай маргалдаад байсан. Энэ үед Боргил нөгөө согтуу залуу аваад гэрээс гарсан. Удаагүй Боргил буцаж орж ирээд ширээн дээр байсан 0,75 литрийн архийг аваад гэрээс гарсан. Тэгээд Боргил буцаж орж ирэхгүй болохоор нь манай ангийн хүүхэд Энхболд, Халиунаа бид нар оруулж ирэхээр гарсан боловч Боргил хэн нэгэнд зодуулсан байдалтай нүдний шилгүй, нүүр нь улайсан байдалтай хүнд цохиулсан гэмээр царайтай орж ирсэн юм. Боргил хэнд зодуулсан талаар би хараагүй. Боргилын өөрийнх нь яриагаар бол манай гэрт орж ирсэн согтуу залуу зодсон гэж байсан. ...гэх мэдүүлэг, / хх-ийн 18-р ху/,   

           8 Гэрч Г.Ганпүрэвийн 2017 оны 08  дугаар сарын 17-ны өдөр мөрдөн байцаалтын  өгсөн:  ... 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 19 цаг өнгөрч байхад “Зул” фитнесээс гараад гэртээ харих замд Давхарбаяр, Манлай, Энхболд мөн нэг эмэгтэй байсан. Бид нар тэр өдөр Энхболдын төрсөн өдөр байсан болохоор миний машинтай “Номт” амралт руу орой 22 цагийн үед очиж гэр аваад 0,75 литрийн “Соёрхол” архийг Давхарбаяр, Манлай, мөн танихгүй охин бид нар уусан. Харин Энхболд тухайн үед уугаагүй. Ингээд манай байрны хүүхэд Тэнгис ганцаараа орж ирсэн ба бид нар архи уунгаа хоорондоо ойр зуурын юм яриад сууж байгаад миний гар утсанд дуудлага ирсэн. Ингээд би гэрээс гарч гэрийн ойролцоо утсаар 20 минут орчим ярьж байгаад гэртээ буцаад орсон. Гэрт Давхарбаяр, Энхболд 2 орон дээр сууж байсан. Тэнгис, нөгөө охин 2 хаашаа явсан талаар мэдэхгүй, намайг гарсан хаагуур гэрт Давхарбаяртай нэг залуу орж ирж маргалдсан гэж Давхарбаяраас сонссон. Ингээд бид нар тэндээ амраад маргааш нь буцаад гэр гэр лүүгээ явцгаасан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 20-р ху/,

      9. Гэрч Б.Манлайгийн 2017 оны 08  дугаар сарын 17-ны өдөр мөрдөн байцаалтын  өгсөн:  ... 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 20 цагийн үед Ганпүрэв, Энхболд, Давхарбаяр, мөн нэг охин байсан бид нар Ганпүрэвийн машинтай Энхболдын төрсөн өдрийг тэмдэглэх зорилгоор “Номт” амралтын газарт очиж гэр аваад 0,75 литрийн “Соёрхол” архийг Давхарбаяр, Ганпүрэв, бид 3 ууцгаасан. Давхарбаяртай хамт ирсэн охин архи, дарс хэрэглээгүй. Удаагүй гаднаас манай байрны хүүхэд болох Тэнгис орж ирээд бид нар юм яриад сууж байтал Ганпүрэв гэрээс гарсан, харин би Ганпүрэвийн араас гартал гэрийн гадаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн, миний танихгүй нэг залуу дээр ирээд “чи энд юу хийж байгаа юм бэ, одоо байрлаж байгаа гэртээ ор, би энэ амралтын газрын эзэн нь байна, ах нь сая шоронгоос гарч ирсэн, янз бүрийн хэрэг төвөг тариад баймааргүй байна” гэхээр нь би согтуу хүнтэй юу ярихав гэж бодоод шууд 00-руу орж бие засаж байхад гэрийн ойролцоо хүмүүс хоорондоо хэрэлдэж, маргалдаж байгаа дуу сонсогдсон. Энэ үед би гэр лүү очтол Давхарбаяр, Тэнгис, Энхболд мөн гэрийн гадаа анх таарсан амралтын эзэн гэх /Боргил/ нь нэг шил архи авчихсан гэрт орж байгаа харагдсан. Тэнгис бид хоёр 30 гаран минутын дараа гэр лүү ортол Энхболд, Давхарбаяр, өндөр Энхболд нар хэрүүл маргаан болсон байдалтай сууцгааж байсан. Ингээд юу болсон талаар асуухад амратын эзэн Боргил орж ирээд “манай гэрт байсан гар утас алга болчихсон байна” гээд хэрүүл болсон гэж надад Энхболд хэлсэн. Харин ямар нэгэн зодоон болсон талаар хэлээгүй. ...гэх мэдүүлэг, /хх 21-р ху/,

        10.Гэрч Н.Энхболдын 2017 оны 08  дугаар сарын 17-ны өдөр мөрдөн байцаалтын  өгсөн:  ... 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдөр миний төрсөн өдөр байсан болохоор найз Давхарбаяр, Ганпүрэв, Манлай, Аззаяа нарын хамтаар “Номт” амралтын газар очиж амрах зорилгоор очоод 0,75 литрийн “Соёрхол” архийг миний төрсөн өдөр гээд найзууд гаргаж ирээд бид нар ууж байтал гаднаас Тэнгис орж ирээд бид нартай хамт ууж байхад Ганпүрэвийн утсанд дуудлага ирээд гэрээс гарсан, араас нь Манлай, Тэнгис 2 дагаад гарсан. Гэрт Давхарбаяр, Аззаяа бид 3 юм яриад сууж байтал манай сургуулийн сонсогч Энхболд намайг энэ гэрт байгааг мэдээд 0,5 литрийн нэг шил архи бариад орж ирсэн. Удалгүй араас нь Энхболдын 10 жилийн найз гэх Боргил гэдэг залуу бас нэг шил 0,75 литрийн “Улаанбаатар” нэртэй архи барьж орж ирээд нэг охин гэрт орж ирээд Энхболд, Боргил 2-т “гэрт байсан гар утаснууд алга болчихсон байна” гээд “наад гэрт чинь байгаа залуучууд авчихсан юм биш үү” гэсэн. Тэгсэн Энхболд надад хандаж “танай найзууд чинь манай гэрт орж гар утас авчихсан юм биш үү, чи найзууддаа хэлээд гар утсыг нь гаргаад өгчих” гэж хэлээд байсан. Хажуунаас Боргил гэх залуу “би саяхан 2,5 жил Зүүнхараагийн майнтын шоронгоос гарч ирсэн” гээд томроод байсан. Энэ үед Боргил гэх залуу миний нүүр лүү баруун гараараа мангасдаж цохих гээд гараа далайх үед хажуунаас Давхарбаяр намайг өмөөрч Боргилыг гэрт хавирч газарт унагааж байгаад нэг удаа өшиглөж байсныг би харсан. Хаашаа нь өшиглөж байсныг анзаарч хараагүй. Тэгээд гаднаас Энхболд болон Боргилтой хамт байсан хүүхнүүд орж ирээд Боргилыг аваад гарсан. Өөрөө ямар нэгэн зодоон болоогүй. Маргааш нь бид нар гэрт унтаж байхад Боргил ахынхаа хамт орж ирээд “намайг хэн зодчихсон юм бэ” гээд бид нараас асуугаад байсан. Давхарбаяр бага зэргийг согтолттой байсан, харин Боргилын хувьд их хэмжээний согтолттой байгаа харагдсан. ...гэх мэдүүлэг, /хх 22-р ху/,

             11.Гэрч Г.Гантогтохын 2017 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр мөрдөн байцаалтын  өгсөн:  ...Би Боргил гэдэг хүнийг огт танихгүй. Б.Давхарбаяр гэдэг хүнийг танина, манай найз байгаа юм. Давхарбаяр нь найз нөхөд болон хамт олны дунд нэр хүндтэй хүнд их тусархаг сайн залуу байгаа юм. ...гэх мэдүүлэг, /хх 24-р ху/,

            12.Гэрч Г.Батбаярын 2017 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр мөрдөн байцаалтын  өгсөн:  ... Давхарбаяр нь миний хүү байгаа юм. Миний хүү Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн. Бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Олны дунд нэр хүндтэй, олон найз нөхөдтэй. Хүнтэй эвсэг, хүнд тусархуу сайн хүүхэд байгаа юм. ...гэх мэдүүлэг, /хх 27-р ху/,

             13.Гэрч Г.Энхболдын 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр мөрдөн байцаалтын  өгсөн:  ...Э.Боргил манай 10 жилийн ангийн хүүхэд. Давхарбаярын зүс мэднэ, ямар нэгэн харилцаа байхгүй. 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдөр манай ангийнхан “Номт” амралт руу амрахаар явсан. Ингээд амралтанд очиход 10 жилийн ангийн хүүхэд Боргил ажиллуулж байсан. Тэгээд гэр авч ороод байж байтал Боргил бид нар дээр архи уусан байдалтай 0,75 литрийн “Соёрхол” архи барьсан орж ирсэн бөгөөд архийг хувааж ууцгаасан. Энэ үед гадаа харанхуй болсон байсан Отгонтуяа, Пүрэвдаваа, Оюунзул, Номин-Эрдэнэ бие засахаар гэрээс гарч явсан. Гэрт Давхарбаярын найз Энхболд, би, Боргил, Давхарбаяр бид нар архи уугаад үлдсэн ба юунаас болсын мэдэхгүй гэнэт Боргил, Давхарбаяр 2 маргалдаад Давхарбаяр Боргилыг шууд хавирч унагаагаад нүүр лүү нь өшиглөж байсан ба би “боль” гээд Давхарбаярыг салгаж Боргилоос холдуулсан. Боргилын хувьд Давхарбаярыг цохиогүй, бүх зүйл маш хурдан болоод өнгөрсөн. ...гэх мэдүүлэг, /хх 31,32-р ху/,

          14. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн №273 тоот шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1.Э.Боргилын биед нүдний битүү гэмтэл, торлогийн урагдал, нүдний ухархайн дотор хана цөмөрсөн хугарал, салстад цус харвасан, зовхинд зулгаралтын зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эмчилгээ, эдгэрэлт, эрүүл мэндээс хамаарна.  гэх дүгнэлт, /хх-ийн 14-р ху/,  

          15.Шүүгдэгч Б.Давхарбаярын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 64-р ху/, сэжигтнээр байцаасан тэмдэглэл, /хх-ийн 36-37-р ху/, яллагдагчаар татах тогтоол, /хх-ийн 38-39-р ху/, яллагдагчийг байцаасан тэмдэглэл, /хх-ийн 41-р ху/, хохирогчид яаралтай тусламж үзүүлсэн байдал, /хх-ийн 4-6-р ху/, шүүгдэгчийн захиргааны шийтгэл хүлээсэн болон эрүүлжүүлэгдсэн эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 45-р ху/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа, /хх-ийн 46-р ху/, хохирогчийн хохирлын баримтууд, /хх-ийн 48-62-р ху/, шүүгдэгч, хохирогч нарт шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 15,16-р ху/,зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

.

      Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Давхарбаяр нь 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутаг дэвсгэрт “Номт” амралтын газарт Э.Боргилын эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн болон хохирогчийн мэдүүлсэн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийг сэжигтнээр байцаасан тэмдэглэл, шүүгдэгчийг яллагдагчаар татах тогтоол, шүүгдэгчийг яллагдагчаар байцаасан тэмдэглэл, хохирогчид Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн байдал, хохирогч шинжээчийн дүгнэлттэй танилцсан тухай тэмдэглэл, шүүгдэгч шинжээчийн дүгнэлттэй танилцсан тухай тэмдэглэл, хохирогчийн хохирлын баримтууд зэргээр үйлдсэн гэмт хэрэг батлагдаж байх тул шүүгдэгч Б.Давхарбаярыг 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутаг дэвсгэрт “Номт” амралтын газарт Э.Боргилын эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

           Шүүгдэгч Б.Давхарбаяр нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогчид 2.150.000 төгрөг хэрэг хянагдах явцад төлсөн, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй  байна..

            Шүүгдэгч Б.Давхарбаяр нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэргээ болон гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол, саналгүй, гэж байгаа зэрэг байдлуулуудыг харгалзан хуульд заасан торгох ялын доод хэмжээгээр торгож шийтгэх нь зүйтэй.      

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2-р зүйлийн 4, 36.6-р зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2,3 36.8-р зүйлийн 1, 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч  Моодо овогт Батбаярын Давхарбаярыг Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэгт  гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Моодо овогт Батбаярын Давхарбаярыг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжээр торгох  ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Давхарбаярын цалин хөлс, бусад орлого олох боломжийг  харгалзан торгох ялыг 2 сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.3-р зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох  ялыг биелүүлээгүй бол  шүүх биелэгдээгүй торгох  ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг  нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Давхарбаярд мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Б.Давхарбаяр нь энэ гэмт хэрэгт цагдан хоригдсон хоноггүй,  бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус  дурьдсугай. 

6. Хохирогч Э.Боргил нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэргийн журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй орхисугай.

7.Шүүгдэгч Б.Давхарбаярт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

9.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.13 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор тогтоолын агуулгыг  бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч  нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 4-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг энэ зүйлийн 1.2. дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай.

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, хохирогч, шүүгдэгч, нар  эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор  Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны  прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1-р зүйлийн 2-т зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ   ШҮҮГЧ                    С.НОЛХООСҮРЭН