Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Пунцагжавын Болормаа |
Хэргийн индекс | 147/2024/00070/И |
Дугаар | 147/ШШ2024/00108 |
Огноо | 2024-05-02 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 147/ШШ2024/00108
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2 дугаар баг, .... гудамжны 906 тоотод оршин суух *******гийн,
Нэхэмжлэлийн шаардлага: ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: *******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Ганжууржав нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
1.1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие 1990 оны 04 дүгээр сараас 1991 оны 10 дугаар сар хүртэл Сүхбаатар аймгийн Барилга угсралтын конторын хүрмэн блокын цехэд нормчноор, 1991 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 1996 оны 03 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн уурын зууханд галчаар тус тус ажиллаж байсан. Би хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн учир ажиллаж байсан байдлаа шүүхийн шийдвэрээр баталгаажуулах шаардлагатай болсон. Уурын зуухны галчийн ажил нь улирлын чанартай ажил учраас хавар галлагаа зогсох дөхөөд ирэхээр зуухны ам хасагдаад ирэхээр галч нарыг цөөлөөд намар ажилд авдаг юм. Миний 1990 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөс Сүхбаатар аймгийн Барилга угсралтын конторын хүрмэн блокийн 2 дугаар ээлжинд нормчноор ажилд орсон тушаал байгаа боловч ажлаас чөлөөлөгдсөн тушаал олдохгүй байна. Харин 1991 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 1996 оны 03 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн уурын зууханд машинист (галч)-аар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, Сүхбаатар аймгийн Барилга угсралтын конторын даргын 1990 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн тушаалын хуулбар, Хүнд үйлдвэрийн яамны харъяа Сүхбаатар аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргын 1991 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 188 дугаар тушаалын хуулбар, Түлш эрчим хүчний яамны харъяа Сүхбаатар аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргын 1992 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 51 дүгээр тушаалын хуулбар, 1992 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 208 дугаар тушаалын хуулбар, 1993 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 57 дугаар тушаалын хуулбар, 1994 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 23 дугаар тушаалын хуулбар, Сүхбаатар аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргын 1996 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 49 дүгээр тушаалын хуулбар, гэрч асуулгах хүсэлт зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.
3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх С.Э, Л.Г, Ж.Э нараас гэрчийн мэдүүлэг авсан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь 1990 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөс 1991 оны 10 дугаар сарыг хүртэл Сүхбаатар аймгийн Барилга угсралтын конторын хүрмэн блокийн 2 дугаар ээлжинд нормчноор, 1991 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 1996 оны 03 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн уурын зууханд машинист (галч)-аар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.
2. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
3. Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нэхэмжлэгчийн тайлбар, бичгийн бусад нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4. ******* нь 1991 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 1992 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 1993 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 02 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн уурын зууханд машининст (галч)-аар ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар,
Хүнд үйлдвэрийн яамны харъяа Сүхбаатар аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргын 1991 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 188 дугаар тушаалын хуулбар (түрээсийн гэрээт уурын зууханд машинист ажилд томилсон бичилт бүхий хавсралтын 8-д *******) гэх,
*******г Сүхбаатар аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн уурын зуухны машинист (галч)-аар томилж, чөлөөлсөн тухай 1992 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 51 дүгээр тушаалын хуулбар, 1992 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 208 дугаар тушаалын хуулбар,1993 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 57 дугаар тушаалын хуулбар, 1994 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 23 дугаар тушаалын хуулбар, 1996 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 49 дүгээр тушаалын хуулбар (хөдөлмөрйн сахилга алдсан *******г ажлаас чөлөөлсөн тухай бичилт бүхий),
5. Гэрч Л.Г-ын шүүхэд өгсөн: “....******* нь 1991 оноос эхлэн Сүхбаатар аймгийн Нийтийн ахуй үйлчилгээний газрын харъяа 8 жилийн дунд сургуулийн уурын зууханд галчаар ажиллаж байсан. Нийтийн ахуй үйлчилгээний газар нь нэршлийн хувьд хувьчлагдаад “Дөрвөлж” ХХК болж өөрчлөгдсөн. 1992 оны үед уурын зуухнууд бүгдээрээ Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрт харъяалагддаг болсон. Галч нар нь улирын чанартай ажил хийдэг байсан болохоор хавар нь ажлаас чөлөөлөөд намар нь буцаагаад ажилд нь авдаг байсан. Одхүүгийн хувьд 1991-1996 онуудад 8 жилийн сургуулийн уурын зуухны галчаар тасралтгүй ажилласан. Би ээлжийн ахлагчаар нь ажиллаж байсан болохоор сайн мэднэ” гэх мэдүүлэг,
6. Гэрч Ж.Э-ын шүүхэд өгсөн: “....Батбаяр нь 1991 оноос эхлэн Сүхбаатар аймгийн Нийтийн ахуй үйлчилгээний газрын харъяа 8 жилийн дунд сургуулийн уурын зууханд галчаар 1996 онуудад хамт нэг ээлжинд ажиллаж байсан. Нийтийн ахуй үйлчилгээний уурын зуухнууд нь 1991 оноос Сүхбаатар аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн уурын зууханд харъяалагддаг болсон. Галч нар нь улирлын чанартай ажил хийдэг байсан болохоор намар 10 дугаар сарын 01-ээс уурын зуухаа галлаж эхлээд хавар 05 дугаар сарын 01-ний орчим чөлөөлдөг байсан. Би 1982 оноос эхлэн уурын зуухны галчаар ажиллаж байгаад 2020 онд тэтгэвэртээ гарсан. *******тэй хамт ажиллаж байсан болохоор түүний ажиллаж байсан байдлыг сайн мэднэ” гэх мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
7. Иймд *******гийн 1991 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 1992 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 1993 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 02 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрт машинист (галч)-аар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
8. Харин нэхэмжлэгч *******гийн 1990 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөс 1991 оны 10 дугаар сарыг хүртэлх хугацаанд Сүхбаатар аймгийн Барилга угсралтын конторын хүрмэн блокын 2 дугаар цехэд нормчноор, мөн 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл, 1993 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 1993 оныг дуусталх хугацаанд Сүхбаатар аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн уурын зуухны машинист (галч)-аар тус тус ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул хангаж шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзэв.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-т заасныг баримтлан *******гийн 1991 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 1992 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 1993 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 02 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрт машинчаар (галчаар) ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Нэхэмжлэгч ******* нь 1990 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөс 1991 оны 10 дугаар сарыг хүртэлх хугацаанд Сүхбаатар аймгийн Барилга угсралтын конторт нормчноор, мөн 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл, 1993 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 1993 оныг дуусталх хугацаанд Сүхбаатар аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн уурын зуухны машинист (галч)-аар тус тус ажиллаж байсан талаарх бичгийн нотлох баримтаа бүрдүүлж, шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.БОЛОРМАА