Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 2022/ДШМ/04

 

С.Өнөртүвшин нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч З.Энхцэцэг даргалж, шүүгч С.Оюунтунгалаг, Ж.Долгормаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “В” танхимд /цахимаар/ нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор                                                 Х.Насанжаргал,

Шүүгдэгч                                                  С.Өнөртүвшин,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч                     Г.Цэрэндолгор,

Нарийн бичгийн дарга                               Г.Чинзориг нар оролцуулан

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2021/ШЦТ/351 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Өнөртүвшин, С.Сэржмядаг, тэдний өмгөөлөгч Г.Цэрэндолгор нарын гаргасан давж заалдах гомдлоор С.Өнөртүвшин, С.Сэржмядаг нарт холбогдох 2121000000341 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 30ы өдөр хүлээн авч, шүүгч Ж.Долгормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Иөншөөбү овогт Сүхбаатарын Өнөртүвшин, 1986 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дорнод аймгийн Баянтүмэн 2 дугаар багт оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, /РД: ЖЭ86022378/

Тариачин овогт Сумъяагийн Сэржмядаг, 1984 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Баянхонгор аймгийн Бөмбөгөр суманд төрсөн, 38 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар багт оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, /РД: ВИ84040804/

Шүүгдэгч С.Өнөртүвшин, С.Сэржмядаг нар нь бүлэглэн 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн хооронд Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Мангирт гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамал болох дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг түүж, Мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоциклоор тээвэрлэн Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Сайхан нуур гэх газарт байх өөрийн гэрт хадгалж, байгаль экологид 122,462,630 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.Өнөртүвшин, С.Сэржмядаг нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

- Шүүгдэгч Иөншөөбү овогт Сүхбаатарын Өнөртүвшин, Тариачин овогт Сумъяагийн Сэржмядаг нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэн байгалийн ховор ургамлыг  зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор түүж, тээвэрлэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

- Эүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Сүхбаатарын Өнөртүвшин, Сумъяагийн Сэржмядаг нарыг хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссэж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч С.Өнөртүвшин, С.Сэржмядаг нарыг оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь тэнссэн 1 жил 6 сарын хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч С.Өнөртүвшин, С.Сэржмядаг нарт мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

- Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.3, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3-т тус тус зааснаар шүүгдэгч С.Өнөртүвшин, С.Сэржмядаг нараас хууль бусаар түүж тээвэрлэн  хадгалсан 216.94 кг дэрэвгэр, жиргэрүү ургамлын байгаль орчинд учруулсан хохиролд 122,462,630 /Нэг зуун хорин хоёр сая дөрвөн зуун жаран хоёр мянга зургаан зуун гуч/ төгрөг /216.94 кг x 112,900 төгрөг x 5 =122,462,630 төгрөг/-ийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн орлогод оруулж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж  Дорнод аймгийн Цагдаагийн газрын эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж буй 216.94 килограмм дэрэвгэр жиргэрүү ургамлын үндэс, хэрэгт битүүмжлэгдсэн Мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоциклийг тус тус хураан авч худалдан борлуулж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөд зарцуулж,

- Энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн  4/12 тоот Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч С.Өнөртүвшин, С.Сэржмядаг нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж,

- Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Өнөртүвшин, С.Сэржмядаг нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүж, ... шийдвэрлэжээ.

Шүүгдэгч С.Өнөртүвшин, С.Сэржмядаг, тэдний өмгөөлөгч Г.Цэрэндолгор нар 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гаргасан давж заалдах гомдолдоо: “... С.Өнөртүвшин, С.Сэржмядаг нар нь 216.94 кг дэрвэгэр жиргэрүү ургамлыг түүсэн үйлдлээ хүлээн зөвшөөрдөг. Дэрвэгэр жиргэрүү ургамал түүх хориотой хариуцлага тооцдог талаар мэдээгүй байсан гэдгээ хэлдэг. Хуулиар хориглосон үйлдэл хийсэн гэдгээ ойлгосон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Эдгээр шүүгдэгч нар нь эхнэр нөхөр. Байгаль экологид учруулсан хохирол болох 122.462.630 төгрөгийг төлөх чадваргүй талаараа илэрхийлж байна ам бүл 3, Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар багт айлын мал маллан амьдардаг. Өөрийн гэх эд хөрөнгө байхгүй, бичиг үсэг мэдэхгүй, амьжиргааны түвшин доогуур тул хохирлыг багасгаж өгнө үү.” гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч С.Өнөртүвшин гаргасан тайлбартаа: Төлбөрөө багасгах хүсэлтэй гомдол гаргасан. Миний хувьд үнэхээр төлбөрийн чадвар байхгүй. Би эхнэр, гурван хүүхдийн хамт айлын мал харж амьдардаг. Сард 300 000 төгрөгийн цалин авдаг гэв.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Цэрэндолгор гаргасан тайлбар, саналдаа: С.Өнөртүвшингийн хувьд амьжиргааны түвшин доогуур, нэн ядуу өрх гэсэн тодорхойлолттой байдаг. Ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт айлын мал харж амьдардаг. Улсад нийт 126 000 000 төгрөгийн хохирол учруулсан. Энэ хохирлыг төлөх ямар ч боломжгүй гэдгээ илэрхийлсэн. Энэ талаар баримтууд хэрэг хавсаргагдсан байгаа. Иймд Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.2-т  заасны дагуу төлбөрийг багасгаж өгнө үү гэв.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор Х.Насанжаргал гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч нар нь нэн ядуу өрх, айлын мал харж амьдардаг учраас байгаль орчинд учирсан хохирлыг нөхөн төлөхөөс татгалзаж байгаа юм байна. Гэхдээ энэ байдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.2-т  гэм хорын хэмжээг багасгах зохицуулалттай хэдий ч санаатай гэмт хэрэг үйлдсэн бол багасгах үндэслэлгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй, хуулийг ноцтой зөрчсөн зүйл байхгүй учир хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

Мөрдөн байцаалтын ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Шүүгдэгч С.Өнөртүвшин, С.Сэржмядаг нар нь бүлэглэн 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн хооронд Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Мангирт гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамал болох дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг түүж, Мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоциклоор тээвэрлэн Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Сайхан нуур гэх газарт байх өөрийн гэрт хадгалж, байгаль экологид 122,462,630 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Иргэний нэхэмжлэгч О.Ганболдын: “...Манай сумын Мангирт гэх газар байгалийн ховор ургамал дэрэвгэр жиргэрүү их ургадаг... Уг ургамал нь тал хээрийн экологийн чийгийг тэнцвэржүүлдэг. Дэрэвгэр жиргэрүү ургамал хураагдсан учраас хууль журмын дагуу нэхэмжилнэ...” /хх 21-22/ гэсэн,

Гэрч Б.Мөнхдалайн: “...Баянтүмэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Сайхан нуур гэх газарт амьдардаг С.Өнөртүвшин, С.Сэржмядаг нарын гэрээр орж шалгахад хууль бусаар 216,94 кг  буюу 16 шуудай үндэс хатааж байхад нь Дорнод аймгийн Цагдаагийн газрын 7058102 дугаарт дуудлага өгсөн...” /хх 34-35/ гэсэн,

С.Өнөртүвшингийн яллагдагчаар өгсөн: “...Хүмүүс дэрэвгэр жиргэрүү ургамлыг түүгээд зарах юм бол үнэтэй худалдаж авдаг гэхээр нь эхнэрийн хамт 2021 оны 08 дугаар сарын 20-ноос 09 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл манай гэрээс хойш 20 км орчимд байдаг Мангирт гэх газраас түүсэн. Уг ургамлын үндсийг бороонд норгохгүйн тулд гэртээ хатааж байхад цагдаагийн албан хаагч нар хурааж авсан...” /хх 53-55/ гэсэн,

С.Сэржмядагийн яллагдагчаар өгсөн: “...Нөхөр С.Өнөртүвшингийн хамт 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 09 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл дэрэвгэр жиргэрүү ургамлыг түүсэн. 16 шуудай ургамлын үндсийг гэртээ дэлгэж хатааж байхад цагдаагийн албан хаагч нар хураан авсан...”  /хх 49-50/ гэсэн мэдүүлгүүд,

Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн “...Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/677 дугаар тушаалын хавсралтад 1 кг “дэрэвгэр жиргэрүү” Saposhnikovia divaricate Schischk ургамлын нойтон үндэсний экологи эдийн засгийн үнэлгээ нь 112,900 төгрөгөөр тогтоогдсон байдаг. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.3 /ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр/ нөхөн төлүүлнэ гэсэн заалтын дагуу 1 кг ургамалд учирсан хохирлын нөхөн төлбөр нь 564,500 төгрөгийн нөхөн төлбөр байна. Нийт хураагдсан 216,94 кг-ийг 564,500 төгрөгөөр үржүүлж 122,462,630 төгрөгийн экологид учирсан хохирлын нөхөн төлбөр тогтоогдож байна.” гэсэн 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 12-04-029-004 тоот дүгнэлт  /хх 57-59/,  эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 9-15/, эд зүйлийн үнэлгээ /хх 62/ зэрэг тухайн хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогджээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт  заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн С.Өнөртүвшин С.Сэржмядаг нарыг бүлэглэн байгалийн ховор ургамлыг  зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор түүж, тээвэрлэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч С.Өнөртүвшин, С.Сэржмядаг нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, тэдэнд хорих ял оногдуулахгүйгээр тус бүрийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссэн нь тэдний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт  тохирсон байна.

Шүүгдэгч С.Өнөртүвшин, С.Сэржмядаг, тэдний өмгөөлөгч Г.Цэрэндолгор нар нь: “...Хуулиар хориглосон үйлдэл хийсэн гэдгээ ойлгосон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Байгаль экологид учруулсан хохирол болох 122 462 630 төгрөгийг төлөх чадваргүй, ...өөрийн гэх эд хөрөнгө байхгүй, амьжиргааны түвшин доогуур тул хохирлыг багасгаж өгнө үү.” гэсэн давж заалдах гомдол гаргажээ.

Анхан шатны шүүх Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна. ...” мөн зүйлийн 49.2-т “Байгаль орчинд учруулсан хохирлыг дараах байдлаар ангилна: ...3/ургамалд учруулсан хохирол; ...”, мөн зүйлийн 4-т “Энэ хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1-5 дахь заалтад заасан хохирлыг тухайн төрлийн байгалийн нөөцийн экологи-эдийн засгийн үнэлгээг үндэслэн дор дурдсан хэмжээгээр тогтооно: ...3/ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи–эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр; ...” тогтооно гэж тус тус заасныг үндэслэн зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор байгалийн ховор ургамал болох 216,94 кг дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг түүж, тээвэрлэн, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн шүүгдэгч С.Өнөртүвшин, С.Сэржмядаг нараас  учруулсан хохирлын нөхөн төлбөрт 122 462 630 төгрөгийг гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын санд оруулахаар  шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Өмгөөлөгч Г.Цэрэндолгор нь тус шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Өнөртүвшин, С.Сэржмядаг нар нь өөрийн гэх эд хөрөнгөгүй, амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур амьдралтай зэргийг харгалзан Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.2-т заасны дагуу нөхөн төлбөрийн хэмжээг багасгаж өгнө үү гэж тайлбарлаж байгаа боловч Иргэний хуулийн 514.1-д “Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно.”, 514.2-т “Санаатай гэмт хэргийн улмаас учруулснаас бусад гэм хорыг нөхөн төлөх хэмжээг тогтоохдоо гэм хор учруулагчийн эд хөрөнгийн байдлыг харгалзан шүүх багасгаж болно.” гэж тус тус заажээ.

Үүнээс үзэхэд шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь дээрх хуулийн заалтад хамаарагдахгүйгээс гадна шүүгдэгч  С.Өнөртүвшин, С.Сэржмядаг тэдний өмгөөлөгч Г.Цэрэндолгор нарын гаргасан давж заалдах гомдлын дагуу шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах үндэслэлгүй гэж үзэв.

Иймд шүүгдэгчид болон тэдний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, мөн зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хийсэн шүүх хуралдааны 2021/ШЦТ/351 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Өнөртүвшин, С.Сэржмядаг тэдний өмгөөлөгч Г.Цэрэндолгор нарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              З.ЭНХЦЭЦЭГ

                                    ШҮҮГЧИД                                                С.ОЮУНТУНГАЛАГ

                                                                                             Ж.ДОЛГОРМАА