Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 58

 

 

 

 

 

 

 

2019        04          18                                    58

 

 

“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

хариуцагч “Э” ХХК-д

холбогдох иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 142/ШШ2019/00216 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Э ХХК-д холбогдох,

29.394.038 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, Чанаргүй, үйлдвэрлэлд тохирохгүй цавуугаар туршилт хийснээс учирсан хохирол болох нийт 83.933.461 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М-ын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д-, П-, нарийн бичгийн дарга Ө.Оюумаа нар оролцов.

Нэхэмжлэгч “Х” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“Нэхэмжлэгч “Х” ХХК нь “Э” ХХК-аас 970 кг цавууны үнэ болох 47.151.700 төгрөгийн нэхэмжлэл гаргаж 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 936 дугаартай шийдвэр гарч мөн Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 167 тоот магадлал гарч эцсийн байдлаар 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн 001/ХТ2018/00366 дугаартай тогтоол гарч “Э” ХХК-аас цавууны үнэ 17.217.662 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Х” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Давж заалдах тогтоолын хяналтын хэсэгт хариуцагч компани нь нэхэмжлэгч компаниас 970 кг цавууг хүлээн авсан тухайд маргаагүй ба “Э” ХХК цавуунаас 354.2 кг цавууг үйлдвэрлэлийн туршилтад оруулж нийт 1.482 тн хүдэр боловсруулсан, үлдэгдэл 615.8 кг цавуу байгаа нь туршилтын явцад хийсэн акт, цавууны үлдэгдэлд тооллого хийсэн актаар тогтоогдсон байх бөгөөд хэрэгт авагдсан баримтаас үзэхэд 1 кг цавуу 48.610 төгрөгийн үнэтэй байна. Хариуцагчийн тайлбараас үзэхэд “Э” ХХК-д үйлдвэрлэлийн туршилтад хэрэглэх бүтээгдэхүүн худалдан авах тусгайлсан журам үйлчилдэггүй байна. “Э” ХХК нь нэхэмжлэгчийн нийлүүлсэн цавуунаас 354.2 кг-г үйлдвэрлэлийн туршилтад ашигласан ба үлдэгдэл цавууг буцаан авах, хүлээлгэн өгөх талаар талууд аль аль нь ямар нэг үйлдэл хийсэн тухай баримт хэрэгт авагдаагүй байна. Иймээс Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар үйлдвэрлэлийн туршилтад ашигласан 354.2 кг цавууны үнэ 17.217.662 төгрөгийг хариуцагч нь нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй болно гэжээ. Хяналтын шүүхийн тогтоох хэсэгт нэхэмжлэлээс үлдэх 29.934.038 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон хэдий ч өнгөрсөн хугацаанд үлдэгдэл болох 615.8 кг цавуу нь химийн чанар байдлын хувьд шинж чанараа алдаж ашиглалт байхгүй хэрэгцээгүй бүтээгдэхүүн болсон байх бөгөөд учир нь корробонд болон мультипласт ПК цавуунууд нь ашиглалтын хугацаа эвлэрүүлэн зуучлах анхан шатны болон давж заалдах шат хяналтын шатны шүүхүүдээр маргаантай байсан хугацаанд уг цавууны ашиглалтын хугацаа дууссан байна. Нэхэмжлэгчээс тогтоол гарсны дараа үлдэгдэл цавууг хүлээн авах, хүлээн авахдаа чанар байдал нь алдагдсан эсэхийг тогтоолгохоор цавуунаас дээж авахыг хүссэн боловч хариуцагч дээж авахыг зөвшөөрөөгүй. Иймд манай компаний өмч болох 615.8 кг цавуу шинж чанараа алдаж бидэнд гэм хор үүссэн тул Монгол улсын Иргэний хуулийн 493 дугаар зүйл буцаан шаардах шаардлагад хамаарах зүйлс 493.2 үндэслэлгүй олж авсан зүйлийн чанар байдлын улмаас буюу өөр шалтгаанаар түүнийг буцаан өгөх боломжгүй бол олж авсан итгээд түүний үнийг төлнө гэж заасны дагуу “Э” ХХК-иас 615.8 кг цавууны үнэ 29.394.038 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П- шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэлд дурдсан үйл баримтын талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа талаар. “Х” ХХК нь 2017 онд тус шүүхэд 970 кг цавууны үнэ болох 47.151.700 төгрөгийг “Э” ХХК-иас гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байсан бөгөөд энэхүү үйл баримтыг анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхүүд шат шатандаа тал бүрээс нь хянан шалгаж, эцэслэн шийдвэрлэсэн болно. “Х” ХХК-ийн гаргаж байгаа нэхэмжлэлд дурдсан гэм хороос үүдэлтэй хохирол учирсан гэх үйл баримтыг өмнө нь гурван шатны шүүх тал бүрээс нь хянан хэлэлцэж, улмаар Монгол улсын Дээд шүүх эцсийн шийдвэрийг гаргаж, одоо “Х” ХХК-ийн нэхэмжлээд буй 615.8 кг цавууны үнийг хэрэгсэхгүй болгож хэргийг эцэслэн шийдвэрлэсэн болно. “Х” ХХК-ийн нэхэмжлэлд дурдсан үйл баримтын талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа гэж үзэж байна. “Х” ХХК-ийн компанийн өмнө цавууг хадгалах, шинж чанарыг алдагдуулахгүй байх, харж хамгаалах ямар ч үүрэг хүлээгээгүй. “Х” ХХК нь өдий хүртэл үлдэгдэл 615.8 кг цавуугаа авахгүй байгаад байгаа нь “Э” ХХК-ийн хувьд хохиролтой, агуулахын зай талбай эзэлж, үйлдвэрлэлийн барааны эргэлтэд сөргөөр нөлөөлж, хүндрэл учруулж байна. “Э” ХХК нь анхнаасаа “Х” ХХК-ийн цавуутай холбоотой ямар нэгэн эрх зүйн харилцаа үүсгээгүй, туршилт хийхийг санаачлаагүй, зөвхөн туршилт хийх санал тавьсныг нь хүлээн авч, туршилтыг гүйцэтгэн, цавууны чанар үйлдвэрлэлийн технологид тохирохгүй байгаа талаарх акт дүгнэлтийг газар дээр нь мэдэгдэж, чанар хангахгүй байгаа тул цаашид энэ цавууг үйлдвэр ашиглахгүй тухай маш ойлгомжтой мэдэгдсэн. “Х” ХХК-ийн туршилтад өгсөн цавуу нь үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд нийцэхгүй болох нь бүрэн тогтоогдсон. Иймд “Х” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6 дахь хэсэгт заасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах хууль зүйн үндэслэл болох нэхэмжлэлд дурдсан үйл баримтыг өмнө нь хянан хэлэлцэж, шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа тул мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д-, П- нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

“Х” ХХК нь Мультипласт ПК болон Корробонд 65 маркийн давирхайн цавууг үйлдвэрлэлийн туршилтад оруулах тухай хүсэлтийг “Э” ХХК-д удаа дараа гаргаж, улмаар 2 удаагийн үйлдвэрлэлийн туршилтыг “Э” ХХК-д гүйцэтгэсэн байдаг. Үүнд: “Х” ХХК нь 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 15/30 тоот, 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 15/64 тоот албан бичгүүдээр Мультипласт ПК болон Корробонд 65 маркийн давирхайн цавууг үйлдвэрлэлийн туршилтад оруулах тухай хүсэлтийг “Э” ХХК-д гаргаж, улмаар “Э” ХХК-ийн Баяжуулах үйлдвэрт 2015 оны 03 дугаар сарын 20-ний өдөр КМД-3000Т2-ДП №13 бутлуур дээр хөдөлгөөнгүй хуяг №ОФ.02.621-1 ширхэг, хөдөлгөөнт хуяг №1268.05.604-1 ширхгийг тус тус суурилуулж, туршилтын компаниудын цутгалтыг “Х” ХХК-ийн мэргэжилтнүүдийг байлцуулан хийж, 2015 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр бутлуурыг ажилд оруулж, үйлдвэрлэлийн туршилт хийсэн бөгөөд тус цавуу нь манай компанийн бутлан тээвэрлэх хэсэгт тохироогүй. 2015 оны 08 дугаар сарын 02-ны өдөр тус компаундыг цутгасан конусын хуяг суларсан тул бутлуурыг зогсоосон ба төлөвлөгөөт хүдэр боловсруулалтын гүйцэтгэл 950 мян.тн байхаас 807.1 мян.тонныг боловсруулж, улмаар 142,9 мян.тонны алдагдал хүлээж, бутлуурын хуягийг солих засварын ажил гүйцэтгэсэн. Энэ тухай “Х” ХХК-д мэдэгдэн. Ийнхүү “Э” ХХК нь “Х” ХХК-ийн хүсэлтээр 2 удаагийн үйлдвэрлэлийн туршилт явуулсан ба “Х” ХХК-ийн туршилтад оруулсан давирхайн цавуу нь үйлдвэрлэлд тохирохгүй байснаас үүдэн КМД-3000Т-ДП №13, КМД-ЗОООТ-ДП №12 бутлууруудад гэмтэл гарч, засвар үйлчилгээ хийж, хуягийг сольсон. Бутлууруудын хуягийг шинээр солиход 79.115.353 төгрөг, 2 удаагийн туршилт явуулахад компаниас 159.84 хүн/цаг ажилласны 4.818.108 төгрөгийн зардал, нийт 83.933.461.00 /наян гурван сая есөн зуун гучин гурван мянга дөрвөн зуун жаран нэг/ төгрөгийн хохирлыг “Э” ХХК-д учруулсан. Иймд “Х” ХХК нь чанаргүй, үйлдвэрлэлд тохирохгүй цавуугаар туршилт хийснээс “Э” ХХК-д учирсан хохирол болох нийт 83.933.461.00 /наян гурван сая есөн зуун гучин гурван мянга дөрвөн зуун жаран нэг/ төгрөгийг “Х” ХХК-иас гаргуулж, “Э” ХХК-д олгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М- сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа:

“Э” ХХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. “Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэлдээ бутлуурын хуяг гэмтээсэн талаар дурдсан боловч нотлох баримт хавсаргаагүй, ажиллах хүчний зардал гаргаагүйгээс хохирол учирсан гэх боловч мөн л нотлогдохгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Харин ч “Э” ХХК манай компанийн нийлүүлсэн цавууг ашиглаж хүдэр боловсруулан ашиг олсон талаар Монгол Улсын дээд шүүхийн тогтоолоор тогтоогдсон гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 142/ШШ2019/00216 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.2-т заасныг баримтлан “Э” ХХК-с 29.394.038 төгрөг гаргуулах, “Х” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар “Х” ХХК-с чанаргүй, үйлдвэрлэлд тохирохгүй цавуугаар туршилт хийсний улмаас учирсан хохирол 83.933.461 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307.620 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 577.618 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М- давж заалдсан гомдолдоо:

“Х” ХХК нь химийн шинж чанараа алдаагүй бүтээгдэхүүнийг 2015 онд үнэ өртөг, хил гааль, татвар, тээврийн хөлсийг төлж оруулж ирсэн талаар нотлох баримтыг гаргаж өгсөн байхад анзаарсангүй. Мөн “Э” ХХК-ний гаргасан акт нь ямар нэгэн хөндлөнгийн байгууллагын дүгнэлт биш бөгөөд зөвхөн нэг талаас гаргасан “Х” ХХК-иас хүлээн зөвшөөрч гарын үсэг зураагүй акт юм. Анхны 2017 оны гаргасан маргаанаар нийт 970кг цавууны үнийг нэхэмжилсэн маргаан байсан учраас бид үлдэгдэл цавууг авах шаардлага байгаагүй. Эвлэрүүлэн зуучлах маргаанаас эхлүүлэн шат шатны шүүхээр явж 2018 онд дээд шүүхийн тогтоол гарснаар үлдэгдэл цавууны асуудал гарч ирсэн. Энэ талаар “Х” ХХК Улсын дээд шүүхээс тодруулга хүссэн байсан учир мөн үлдэгдэл цавууг авах талаар асуудлыг шийдвэрлэх боломжгүй гэдэг нотлох баримтыг хавтаст хэрэгт хавсаргасныг Анхан шатны шүүх харгалзан үзсэнгүй. Тухайн цавууг Эийн агуулахын нярав Бат-Эрдэнэд хүлээлгэн өгөх үед тухайн бүтээгдэхүүн хэрэглэгдэх боломжтой баталгаат хугацаа дуусаагүй байсан. Корробонд 65, Мультипласт ПК цавуунууд нь хоёр өөр нэршилтэй 2 үйлдвэрлэгчийн цавуунууд. Гэтэл Мультипласт ПК цавууны талаар хэрхэхийг анхан шатны шүүхээс шийдвэрлэж өгсөнгүй. Корробонд 65 цавуу нь үйлдвэрлэсэн өдрөөс хойш 18 сарын хадгалах хугацаатай талаар нотлох баримтыг албан ёсоор гаргаж өгсөөр байтал Эт шилжүүлэх үед хугацаа нь дууссан мэтээр үзсэн нь үндэслэлгүй юм. Нэгэнт иргэний хуулийн 493 зүйлийн 493.2-т зааснаар үндэслэлгүй олж авсан зүйлийн чанар байдлын улмаас буюу өөр шалтгаанаар түүнийг буцааж өгөх боломжгүй бол олж авсан этгээд түүний үнийг төлнө гэж заасан байдаг. Иймд Орхон аймаг дах сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 142/ШШ2019/00216 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэхь хэсгийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

                                               ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч “Х” ХХК нь “Э” ХХК-иас цавууны үнэ 29.394.038 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч “Э” ХХК нь үйлдвэрт тохирохгүй цавуугаар туршилт хийлгэснээс учирсан хохиролд 83.933.461 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч байгууллага болон нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргажээ.

Нэхэмжлэгч “Х” ХХК нь хариуцагч “Э” ХХК-д холбогдуулан 615.8 кг цавууны үнэ 29.394.038 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүх Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.2-т зааснаар “Э” ХХК-иас 29.394.038 төгрөг гаргуулах, “Х” ХХК-ийн нэхэмжлэл, “Э” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “Х” ХХК нь “Э” ХХК-иас 2014 онд зарласан композитний состав мультпласт нийлүүлэх тендерийн сонгон шалгаруулалтанд оролцохоор импортоор “Мультпласт ПК”, “Корробонд 65” гэсэн 2 төрлийн цавууг оруулж ирсэн бөгөөд “Э” ХХК-иас зарласан дээрх тендерт шаардлага хангасан нэг ч тендер ирээгүй үндэслэлээр үнэлгээний хорооны шийдвэр гарч тендерийг хүчингүй болгож татгалзсан байна.

Нэхэмжлэгч “Х” ХХК нь 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдөр “Э” ХХК-д 2 төрлийн нийт 970 кг цавууг хүлээлгэн өгсөн. 2015 оны 02 дугаар сарын 05, 03 дугаар сарын 09-ний өдрүүдэд “Э” ХХК-ийн Баяжуулах фабрикийн ерөнхий механикийн хэлтэст “Мультпласт ПК”, “Корробонд 65” цавууг үйлдвэрийн туршилтанд оруулах тухай хүсэлтүүдийг гаргасан, энэхүү хүсэлтийн дагуу Э ХХК 354.2 кг цавууг туршилтанд оруулж 1482 кг хүдэр боловсруулсан, тухайн цавуу нь бутлан тээвэрлэх хэсэгт хэрэглэхэд тохиромжгүй гэсэн акт гарсан /туршилт явуулахдаа нэхэмжлэгч талын 2 хүнийг байлцуулсан/ зэрэг үйл баримтууд хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон, зохигчид энэ талаар маргаагүй байна.

“Х” ХХК-ийн “Э” ХХК-иас цавууны үнэ 47.151.700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай хэргийг Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 001/ХТ2018/00366 дугаар тогтоолоор цавууны үнэ 17.217.662 төгрөгийг “Э” ХХК-иас гаргуулж “Х” ХХК-д олгож нэхэмжлэлийн шаардлагаас 29.934.038 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх ба нэхэмжлэлд дурдсан үйл баримтын талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага нотлогдоогүй гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6., 117 дугаар зүйлийн 117.1. дэх заалтанд нийцээгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй хууль хэрэглээний хувьд алдаа гаргажээ.

Мөн хариуцагч “Э” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг үйлдвэрийн бутлууруудад эвдрэл гарсан гэх боловч энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй, гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, хохирлын хооронд шалтгаант холбоо, гэм хор учруулагчийн гэм буруу байх ёстой “Х” ХХК нь гэм буруугүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй Иргэний хуулийн 497 дугаар зүйлд нийцсэн байна.

Хариуцагч “Э” ХХК нь “Х” ХХК-ийн удаа дараагийн хүсэлтийг хүлээн авч “Мультпласт ПК”, “Корробонд 65” цавууг Баяжуулах үйлдвэрийн бутлан тээвэрлэх хэсэгт туршилт явуулж хүдэр боловсруулснаар КМД3000Т-ДП№13 КМД3000Т-ДП№12 бутлуурын компаунд цутгасан конусын хуяг суларсан гэмтэл гарч түүнийг засаж сэлбэхэд гарсан зардал, хүн цаг, ажилласан зардал зэрэгт “Х” ХХК-ийг буруутай гэж үзэх боломжгүй юм.

Зохигчдын хооронд ямар нэгэн гэрээ хэлцэл хийгдээгүй тул туршилт явуулснаас гарах эрсдэлийг хэн нэгэнд хариуцуулах болон тухайн 2 төрлийн цавууг хариуцагч байгууллага хадгалах, хамгаалах шинж чанарыг алдагдуулахгүй байх талаар үүрэг хүлээгээгүй байна.

Иймд нэхэмжлэгч “Х” ХХК-ийн давж заалдсан гомдол үндэслэлгүй байх тул хүлээн авах боломжгүй, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 142/ШШ2019/00216 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг хүчингүй болгож, “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1.-д зааснаар цавууны үнэ 29.394.038 гаргуулах тухай “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Э” ХХК-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3.-т зааснаар “Х” ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 307.620 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Б.БАТТӨР

ШҮҮГЧИД                                                                                Б.ОЮУНЦЭЦЭГ

                                                                                                   С.УРАНЧИМЭГ