Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 221/MA2017/0565

 

 

 

 

 

 

 

2017 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 221/МА2017/0565

Улаанбаатар хот

Н.Бүнчинсүрэнгийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Сайхантуяа даргалж, шүүгч Г.Билгүүн, Ерөнхий шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгч Н.Бүнчинсүрэн, хариуцагч Баянхонгор аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын дарга М.Мөнхбат нарыг оролцуулан, Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 111/ШШ2017/0010 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Баянхонгор аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргын давж заалдах гомдлоор Н.Бүнчинсүрэнгийн нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Засаг дарга, Баянхонгор аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргад холбогдох захиргааны хэргийг Ерөнхий шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 111/ШШ2017/0010 дугаар шийдвэрээр: ”Төсвийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3-д зааснаар Баянхонгор аймгийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 506 дугаар “Бүтцэд өөрчлөлт оруулах тухай”, 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/65 дугаар Боловсрол, соёл, урлагийн газрын бүтцийн нэгж чиг үүргийг батлах тухай захирамж, Боловсрол, соёл, урлагийн газрын дарга Боловсрол соёл, урлагийн газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 04 дүгээр “Боловсрол соёл, урлагийн газрын бүтэц ,орон тоог, шинэчлэх тухай” тушаалыг тус тус хүчингүй болгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны цалин 6819792 төгрөгийг Баянхонгор аймгийн Боловсрол, соёл, урлагийн газраас гаргуулан Н.Бүнчинсүрэнд олгож, мөн нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг Баянхонгор аймгийн Боловсрол, соёл, урлагийн газарт даалгаж,

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т зааснаар нэхэмжлэгч 1500000 төгрөгийг нэхэмжилсэн ба 750.000 төгрөгийг Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газраас, 750000 төгрөгийг Баянхонгор аймгийн Боловсрол, соёл, урлагийн газраас тус тус гаргуулж, Н.Бүнчинсүрэнд олгож,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож” шийдвэрлэжээ.

Хариуцагч Баянхонгор аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын дарга М.Мөнхбат давж заалдах гомдолдоо: “1. Боловсрол, соёл, урлагийн газрын дарга нь Хууль зүйн хэлтсийн дарга Д.Уранчимэгт 2017 оны 03 дугаар сарын 24-ний “Хүсэлт хүргүүлэх тухай” 101 дүгээр албан бичгээр итгэмжлэл олгосон ч 2017 оны 05 дугаар сарын 15-ны шүүх хуралдааны явцад Д.Уранчимэг нь Иргэний хуулийн 67 дугаар зүйлийн 67.3 дахь хэсэгт “...Хэдийд ч төлөөлүүлэгч итгэмжлэлээ хүчингүй болгох, төлөөлөгч итгэмжлэлээс татгалзах эрхтэй...” гэж зааснаар төлөөлөгчөөс татгалзсан атал хариуцагч М.Мөнхбатыг шүүх хуралд оролцуулалгүйгээр /ажлын шаардлагаар хурал хойшлуулах хүсэлт явуулсан/ шүүх хуралдааныг хийсэн. Учир нь Боловсрол, соёл, урлагийн газрын эрх ашиг хөндөгдөж байгаа тул зайлшгүй өөрийн биеэр оролцох шаардлагатай байгаа.

2. Баянхонгор аймгийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын “Бүтцэт өөрчлөлт оруулах тухай” 506, 2017 оны 01 дүгээр сарын 24-ний “Боловсрол, соёл, урлагийн газрын бүтцийн чиг үүргийг батлах тухай” захирамжийн шалтгаан нөхцлийг шүүх тогтоогоогүй атал хүчингүй болгосон. Н.Бүнчинсүрэн нь ажиллах хугацаандаа төсвийн төслийг хүлээн авах, хянах доод шатандаа хяналтыг сулруулж, шаардлага хангаагүй, зөрчилтэй төслийг хүлээн авсан, багш ажиллагсдад тэтгэмж олгох болзол нөхцөлийг хангасан эсэхийг нотлох баримтыг бүрдүүлэлгүй төсөвт тусган, санхүүжилт хийж хариуцсан ажилдаа хариуцлагагүй хандаж санхүүгийн ноцтой зөрчил гаргаж ажиллаж байсан тул аймгийн боловсролын салбарын төсвийн төлөвлөлт, гүйцэтгэлийн хэрэгжилтийг сайжруулах, нэгдсэн төлөвлөлттэй уялдуулах зорилгоор дээрх захирамжууд гарсан байдаг. Боловсрол, соёл, урлагийн газрын төсвийн мэргэжилтний ажлын чиг үүргийг Төрийн санд шилжүүлсэн учир шалтгаан нь Н.Бүнчинсүрэнгийн буруутай үйл ажиллагаанаас болсон нь аудитын дүгнэлтээр батлагдсан байдаг.

Дээрх захирамжууд болон Боловсрол, соёл, урлагийн газрын даргын тушаалыг хүчингүй болгосноор Боловсрол, соёл, урлагийн газарт ажиллаж буй ажилтан, мэргэжилтэн, ажилчдын эрх ашиг хөндөгдөж байна.

3. Н.Бүнчинсүрэн ажилдаа эргэн орох өргөдөл гаргасан. Төсвийн мэргэжилтний орон тоо байгаа мэт боловч ажлын чиг үүрэг нь шилжсэн учир хийх ажил үгүй хоосон орон тоо болж байгаа юм. Иймд Хөдөлмөрийн хуулийн 106 дугаар зүйлийн дагуу Н.Бүнчинсүрэнд өөр ажлын байр хэд хэдэн удаа санал болгоход өөрөө зөвшөөрөхгүй байгаа билээ. Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 111/ШШ2017/0010 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулахаар энэхүү өргөдлийг гаргаж байна” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах үүргээ бүрэн гүйцэтгээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Нэхэмжлэгч Н.Бүнчинсүрэнгээс анх Баянхонгор аймгийн Засаг дарга, Баянхонгор аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргад холбогдуулж “Баянхонгор аймгийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 506 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, урьд ажиллаж байсан аймгийн Боловсрол, соёлын газрын салбарын төсөв хариуцсан санхүүгийн мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн бичүүлж, тухайн захирамж болон ажилд буцаан оруулаагүйн улмаас учирсан хохирол болох нотариатын зардал 8000, хууль зүйн туслалцаа үзүүлсний хөлс 500.000, нийт 508.000 төгрөгийг төрөөс гаргуулах“-аар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Баянхонгор аймгийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/65 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, Баянхонгор аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 24 дүгээр тушаалыг хүчингүй болгох, ажилд авахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох”-оор нэмэгдүүлснийг шүүх хүлээн авч, хянан шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.4, 52.5-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулж, тус бүрт нь дүгнэлт өгч шийдвэрлэх, өөрөөр хэлбэл, ойлгомжтой, биелэгдэх боломжтой шийдвэрийг шүүхээс гаргах учиртай.

Тухайлбал, нэхэмжлэгчээс “урьд эрхэлж байсан төсөв хариуцсан санхүүгийн мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоолгох”, “ажилд авахгүй байгаа үйлдэл хууль бус эс үйлдэхүй болохыг тогтоолгох” тухай шаардлагууд гаргасантай холбогдуулж түүнээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлд заасан аль шийдвэрийг гаргуулж, зөрчигдсөн ямар эрхээ хэрхэн сэргээлгэхээр тийнхүү шаардаж байгаа, тухайн шаардлагууд хоорондоо хэрхэн уялдаж байгааг, ялангуяа Төрийн албаны тухай хууль болон Хөдөлмөрийн тухай хуулийн ямар зүйл, заалтын дагуу төрийн албан хаагчийн баталгааг хангуулж, зөрчигдсөн гэх эрхээ сэргээхийг хүсч байгааг зайлшгүй тодруулах байжээ.

Үүнээс гадна “Баянхонгор аймгийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн “Бүтцэд өөрчлөлт оруулах тухай” 506, 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн “Боловсрол, соёл, урлагийн газрын бүтцийн нэгж, чиг үүргийг батлах тухай” А/65 дугаар захирамжууд, Баянхонгор аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн ”Боловсрол, соёл, урлагийн газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” 04 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд юуны түрүүнд тухайн захиргааны актууд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хэрхэн зөрчсөнд тодорхой дүгнэлт өгсний дараа актуудын хууль зүйн үндэслэлд, ялангуяа аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын бүтэц, чиг үүрэг, орон тоог батлах эрх хэмжээ хариуцагч нарт олгогдсон эсэхэд дүгнэлт өгөхөөр байна.

Нөгөөтэйгүүр, анхан шатны шүүх “ажилд авахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, ажилд эгүүлэн тогтоолгох” шаардлагыг шийдвэрлэлгүй орхисон атлаа хохирлыг нэхэмжлэгчийн шаардсан хэмжээнээс илүүтэйгээр гаргахаар шийдвэрлэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 106.4, 106.5 дахь хэсгийг зөрчжээ.

Иймд дээрх алдааг анхан шатны шүүхээр залруулалгүйгээр давж заалдах шатны шүүхээс хэргийг эцэслэн хянан шийдвэрлэх боломжгүй тул шүүхийн шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121.3.3, 121.3.7-д зааснаар хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаахаар шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.7 дахь заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 111/ШШ2017/0010 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                                                   Ц.САЙХАНТУЯА

ШҮҮГЧ                                                                                   Г.БИЛГҮҮН

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                             Д.БАТБААТАР