Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 210

 

“Ю С” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Эрүүл мэндийн яаманд

холбогдох захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч шүүгч:       Л.Атарцэцэг

Шүүгчид:                     Г.Банзрагч

                                     Х.Батсүрэн

                                     Б.Мөнхтуяа

Илтгэгч шүүгч:            Ч.Тунгалаг

Нарийн бичгийн дарга: Г.Гантогтох

Нэхэмжлэлийн шаардлага: Эрүүл мэнд, спортын яамны /хуучин нэрээр/ Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн комиссын хурлын 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 09 дүгээр шийдвэрийн Улсын нэгдүгээр төв эмнэлгийн “Ж Н Э”-т холбогдох хэсгийг, Эрүүл мэнд, спортын сайдын /хуучин нэрээр/ 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 443 дугаар тушаалын хавсралтад заасан “Ж Н Э”-т холбогдох хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох тухай.

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2017/0951 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2018/0139 дүгээр магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.С, Ж.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ш, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Л нар,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.С-гын гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2017/0951 дүгээр шийдвэрээр Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 10 дугаар зүйлийн 10.1, 10.1.1, 15 дугаар зүйлийн 15.12 дахь хэсгийн 15.12.3, Эрүүл мэндийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2, 19.3, 19.3.1, 19.11, 19.12, 19.13 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ю С” ХХК-ийн “Эрүүл мэнд, спортын яамны /хуучин нэрээр/ Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн комиссын хурлын 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 09 дүгээр шийдвэрийн Улсын нэгдүгээр төв эмнэлгийн “Ж Н Э”-т холбогдох хэсгийг, Эрүүл мэнд, спортын сайдын /хуучин нэрээр/ 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 443 дугаар тушаалын хавсралтад заасан “Ж Н Э”-т холбогдох хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор хэргийг 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдөр хянан хэлэлцээд 221/МА2018/0139 дүгээр магадлалаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2017/0951 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.С хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. ...Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2-т зааснаар “тусгай зөвшөөрөл хүсэгч нь хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээ”-г бүрдүүлэх баримт бичгийн хамт өгөх бөгөөд хуулийн этгээдийн нэр дээр эрүүл мэндийн тусгай зөвшөөрөл гарна. Ийнхүү алдаатай тусгай зөвшөөрлийг олгох шийдвэр, тушаал гарснаар Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2, 19 дүгээр зүйл, Концессын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т зааснаар зохицуулах байгууллага “концесс эзэмшигчийн гүйцэтгэх ажил, үзүүлэх үйлчилгээ нь аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөлтэйгээр эрхлэх үйл ажиллагаа бол концесс эзэмшигчтэй концессын гэрээ байгуулснаас хойш холбогдох тусгай зөвшөөрлийг зохих журмын дагуу нэн даруй олгоно” гэж, Эрүүл мэндийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.12, 19.14.1, 19.14.2-т тус заасныг зөрчиж байгаа юм. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүл мэндийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.11, 19.13-т заасныг буруу тайлбарласан бөгөөд Концессын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасныг маргаан хянан шийдвэрлэхдээ хэрэглээгүй байна.

4. Хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай чухал баримтыг нотлох баримтаар авалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчийн зүгээс “Ю С” ХХК-д хамаарах баримтыг үндэслэн Улсын нэгдүгээр төв эмнэлэг “Ж Н Э” гэдэг нэрээр эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан тухай маргаж байгаа. Гэтэл анхан шатны шүүх маргааны гол зүйл болсон Улсын нэгдүгээр төв эмнэлгийн 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 1/1099 дугаар тусгай зөвшөөрөл хүссэн албан бичигт хавсаргасан 550 хуудас материалыг нотлох баримтаар аваагүй хэргийг хянан шийдвэрлэсэн. Эрүүл мэндийн яам Улсын нэгдүгээр төв эмнэлгийн 2015 оны 1/1099 дугаар тусгай зөвшөөрөл хүссэн албан бичигт хавсаргасан 550 хуудас баримт нь олдохгүй байна гэсэн ганц шалтгаанаар тухайн баримтгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн. Тус баримт материал байсан ба түүнд Арбитрын шүүхээс очиж үзлэг хийсэн тухай тэмдэглэл байдаг. Эрүүл мэндийн яам өөрт ашигтай материалыг гаргаж өгөхгүй байгаа боловч өөрт ашигтай 550 хуудас материалын эхэнд байх Улсын нэгдүгээр төв эмнэлгийн 2015 оны 1/1099 дугаар тусгай зөвшөөрөл хүссэн албан бичгийг хуулбар үнэн дарсан байдлаар гаргаж өгсөн. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож гомдлыг ханган шийдвэрлэж өгнө үү.  

ХЯНАВАЛ:

5. Анхан болон давж заалдах шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй бөгөөд хэрэглэвэл зохих Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль, Эрүүл мэндийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

6. Эрүүл мэнд, спортын яамны /тухайн үеийн нэрээр/ эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох комиссын 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн хурлын 09 дүгээр шийдвэрээр Улсын нэгдүгээр төв эмнэлгийн “Ж Н Э”-т нэгдсэн эмнэлгийн тусламж үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг 1 жилийн хугацаатай олгохоор шийдвэрлэсэн, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн “Тусгай зөвшөөрөл олгох тухай” 443 дугаар тушаалаар тус эмнэлэгт нэгдсэн эмнэлгийн тусламж үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг 1 жилийн хугацаагаар олгосон, нэхэмжлэгч “Ю С” ХХК нь “...концессын гэрээний дагуу уг тусгай зөвшөөрлийг манай компанид олгох ёстой байсан,... манай нэр дээрх баримтуудад үндэслэн ...салбар эмнэлэгт тусгай зөвшөөрөл олгосон, ...тусгай зөвшөөрлийг шилжүүлэн олгохыг хүссэн манай хүсэлтийг шийдвэрлээгүй, хариу өгөөгүй, ...утга агуулгын илэрхий алдаатай” гэх үндэслэлээр маргаж, дээрх шийдвэрүүдийн “Ж Н Э”-т холбогдох хэсгийг илт бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

7. Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн “Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт батлах тухай” 317 дугаар тогтоол, 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн “Концессын гэрээ байгуулах эрх олгох тухай” 260 дугаар тогтоолыг тус тус үндэслэн 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Монгол Улсын Засгийн газар, нэхэмжлэгч “Ю С” ХХК-ийн хооронд “Дуусаагүй барилга /хуучин нэрээр төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг/-ыг эмнэлгийн зориулалтаар шинэчлэн сайжруулж, 260 ор бүхий нэгдсэн эмнэлгийг, ажиллуулах төсөл”-ийг “концесс”-оор хэрэгжүүлэхээр “Концессын гэрээ” байгуулагдсан, уг гэрээнд “концесс”-ыг хэрэгжүүлэхэд шаардлагатай зөвшөөрөл, тусгай зөвшөөрөл олгох зэрэг үүрэг бүхий “төрийн байгууллага”-ыг зохицуулах байгууллагаар тодорхойлсон, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “энэ хуулийн 15 дугаар зүйлд заасан тусгай зөвшөөрлийг хуульд өөрөөр заагаагүй бол төрийн захиргааны холбогдох төв байгууллага олгох”-оор заасан, тухайн тохиолдолд Эрүүл мэнд, спортын яам нь “Концессын гэрээ”-ний дагуух зохицуулах байгууллага тул холбогдох тусгай зөвшөөрлийг концесс эзэмшигчид олгох үүрэг хүлээнэ.

8. Хэрэгт, нэхэмжлэгч “Ю С” ХХК-ийн Эрүүл мэнд, спортын яамны Төрийн захиргааны удирдлагын газарт хандан 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 15/010/1004 дүгээр албан бичгээр “...концессын гэрээг ...хэлбэрээр байгуулсан,... 2015 оны 12 дугаар сарын 01-нээс амбулаторийн хэсгийн тусламж үйлчилгээг эхлүүлэхээр бэлтгэл ажлууд хийгдэж байна, ...тусгай зөвшөөрлийг олгоно уу” гэсэн, 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 15/022/1204 дүгээр албан бичгээр “...бид шаардлагатай бичиг баримтуудыг бүрдүүлэн өгч хурлаар оруулан дэмжүүлж, “УНТЭ-ийн харьяа эмнэлэг”-ийн нэр дээр тусгай зөвшөөрөл гаргуулж авсан боловч концессын гэрээний дагуу концесс эзэмшигчийн нэр дээр тусгай зөвшөөрөл шаардлагатай байгаа болно, ...мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олгох буюу шилжүүлэн олгож өгнө үү” гэх агуулгатай 2 хүсэлт авагдсан, уг хүсэлтүүдийг ирүүлээгүй гэж хариуцагчаас маргасан, шүүхээс Эрүүл мэндийн яамны тухайн үеийн “ирсэн бичгийн бүртгэл”-д үзлэг хийж, дээрх бичгүүд бүртгэгдээгүйг /ирүүлээгүйг/ тогтоожээ.

9. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “тусгай зөвшөөрөл хүсэгч дараах бичиг баримтыг бүрдүүлнэ; 11.1.1-д тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл /эрхлэх үйлдвэрлэл, үйлчилгээний төрөл, хугацааг тодорхой дурдах/...”, 12 дугаар зүйлийн 12.1-д “тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага нь тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл, холбогдох бусад баримт бичгийг хянан үзэж,...” гэж тус тус зааснаас үзвэл, нэхэмжлэгч нь “тусгай зөвшөөрөл” авах хүсэлтээ хуульд заасан нөхцөл шаардлагыг биелүүлж, холбогдох журмын дагуу гаргах үүрэгтэй.

10. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шаардлагаа үндэслэж буй нотлох баримтыг шалгах, үүнтэй холбогдох баримтыг цуглуулах ажиллагааг өөрийн бүрэн эрхийн хүрээнд гүйцэтгэхдээ хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, нэхэмжлэгч /концесс эзэмшигч/ нь тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлөө гаргасан гэдэг нь тогтоогдоогүй учир “...тусгай зөвшөөрөл авахаар хандахад өөр байгууллагад олгосон” гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй талаар зөв дүгнэсэн байна.

11. Түүнчлэн, Концессын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “концесс эзэмшигчийн гүйцэтгэх ажил, үзүүлэх үйлчилгээ нь аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөлтэйгээр эрхлэх үйл ажиллагаа бол концесс эзэмшигчтэй концессын гэрээ байгуулснаас хойш холбогдох тусгай зөвшөөрлийг зохих журмын дагуу нэн даруй олгоно” гэж заасан нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль, Эрүүл мэндийн тухай хуулиар тусгайлан зохицуулсан тусгай зөвшөөрөл авахаар “өргөдөл гаргах, өргөдлийн бүрдүүлбэрт тавигдах шаардлага”-ыг үгүйсгэхгүй, тусгай зөвшөөрөл олгохтой харилцаанд уг хууль хэрэглэгдэхгүй.

12. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд, Улсын нэгдүгээр төв эмнэлэг 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 1/1099 дүгээр албан бичгээр “...Концессын гэрээ зэрэг эрх зүйн баримт бичгүүдийг дурдаж, УНТЭ-ийн салбар эмнэлэгт мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авах”-аар Эрүүл мэнд, спортын яаманд хүсэлт гаргасан, “хүсэлт гаргагчийн баримт бичгийг хүлээн авч, өргөдлийг хянан үзэх, дүгнэлт гаргах” үүрэг бүхий шинжээчийн дүгнэлтийг Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох комиссын 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн хурлаар хэлэлцэж “...Ж Н Э-ээг ...стандартын дагуу үнэлэхэд үйл ажиллагаа бүрэн эхлээгүй байгаа тул үнэлгээ гаргах хараахан боломжгүй, ...гэхдээ барьсан барилга, хийгдсэн төлөвлөгөө, төслийн үндсэн дээр нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаа эрхлэх боломжтой, үйл ажиллагааг дэмжээд богино хугацаагаар олгох нь зүйтэй” гэж дүгнэн Улсын нэгдүгээр төв эмнэлгийн “Ж Н Э”-т нэгдсэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг 1 жилийн хугацаагаар олгохоор шийдвэрлэж 09 дүгээр шийдвэр гаргасан, уг шийдвэрийг үндэслэн тус эмнэлэгт Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 443 дугаар тушаалаар тусгай зөвшөөрөл олгосон байна.

13. Түүнчлэн, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн “Төслийн хэрэгжилтийг хангах тухай” 323 дугаар тогтоолын 1 дэх заалтаар “...дуусаагүй барилгын “А” блокийг Улсын нэгдүгээр төв эмнэлгийн салбар амбулаторийн зориулалтаар өөрчлөн зохион байгуулж ажиллуулах”-аар, 3 дахь заалтаар “...төв эмнэлгийн салбар амбулаторийн үйл ажиллагааг 2016 оны 6 дугаар сараас эхлүүлэх”-ээр, 5 дахь заалтаар “Концессын гэрээ байгуулах эрх олгох тухай” Засгийн газрын 2015 оны 260 дугаар тогтоолыг хүчингүйд тооцох”-оор шийдвэрлэсэн байх бөгөөд уг тусгай зөвшөөрлийн дагуух үйл ажиллагаа нь бодитойгоор 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс эхэлсэн ба “Ж Н Э”-гийн тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр дуусгавар болсон үйл баримт тогтоогдсон, уг үйл баримттай хэргийн оролцогчид маргаагүй байна.

14. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ...захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг ойлгох”-оор заасан, илт хууль бус “захиргааны акт”-ыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд “шинж”-ээр тодорхойлсон ба эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд нэхэмжлэлийг шүүхэд гаргах эрхтэй.

15. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, маргааны үйл баримтаас үзвэл, уг маргаан нь Концессын гэрээний тал /Засгийн газар/ үүргээ биелүүлээгүйтэй холбоотой байх бөгөөд гуравдагч этгээдэд “тусгай зөвшөөрөл” олгох Эрүүл мэнд, спортын яамны /тухайн үеийн нэрээр/ эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох комиссын 2015 оны 09 дүгээр шийдвэр, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 443 дугаар тушаалын холбогдох хэсэг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасан “утга агуулгын илэрхий алдаатай” байх шинжийг агуулаагүй, дээр дурдсанаар “тусгай зөвшөөрөл”-ийн хугацаа дуусгавар болж, нэхэмжлэгч болон гуравдагч этгээдэд эрх зүйн үйлчлэл үзүүлэхээ больсон, иймд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй “акт”-ыг шүүх илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэх хууль зүйн боломжгүй.

16. Харин, шүүхийн энэхүү тогтоол нь “Концессын гэрээ”-ний үүргээ биелүүлээгүйтэй холбогдох маргааныг арбитр шийдвэрлэхэд саад болохгүй бөгөөд энэ асуудлаар анхан болон давж заалдах шатны шүүх зөв дүгнэжээ.

17. Иймд, дээрх үндэслэлүүдээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.С-гын гаргасан “...Эрүүл мэндийн тухай хуулийн 19.1, 19.11, 19.13-т заасныг буруу тайлбарласан, Концессын тухай хуулийн 29.2-т заасныг хэрэглээгүй, ...Улсын нэгдүгээр төв эмнэлгийн ...тусгай зөвшөөрөл хүссэн албан бичигт хавсаргасан 550 хуудас материалыг аваагүй хэргийг шийдвэрлэсэн” гэх гомдлыг хангаж, шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2017/0951 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2018/0139 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Л.АТАРЦЭЦЭГ

ШҮҮГЧ                                                                  Ч.ТУНГАЛАГ