Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2016/00769

 

М.Сарантуяагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 01 дүгээр сарын 20-ныөдрийн 102/ШШ2016/00740 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 782 дугаар магадлалтай,

М.Сарантуяагийн нэхэмжлэлтэй

Б.Ганбатад холбогдох

Хохиролд хоёр өрөө орон сууц буюу 71 040 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Нарантуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганцэцэг, хариуцагчийн өмгөөлөгч Г.Баяржаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Хажидмаа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2002 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Б.Ганбатын хүсэлтээр 8 000 000 төгрөгийг “Төв азийн сан” ХЗХ-оос 6 хувийн хүүтэй зээлж, өөрийн Сонгинохайрхан дүүрэг 13 дугаар хороо, 8-331 тоотын 2 өрөө орон сууцыг барьцаалж Б.Ганбатад авч өгсөн. Б.Ганбат нь гэрээний хугацаанд зээлээ төлөөгүй тул шүүхийн шийдвэр гарч, 2004 онд манай байрыг зээлийн өрөнд албадан дуудлага худалдаагаар зарж бид байргүй болсон. Энэ хугацаанд Б.Ганбатыг эрэн сурвалжилсан шийдвэр 2009 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр гарсан ч 2009 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр түүнийг олж уулзсан. Б.Ганбат нь авсан зээлээ төлөөгүйн улмаас бид барьцаанд тавьсан орон сууцаа алдсан тул 2 өрөө орон сууц буюу орон сууцны үнэ 71 040 000 төгрөгийг Б.Ганбатаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2002 оны 08 дугаар сард М.Сарантуяа болон түүний нөхөр 3.Баярхүү нараас аман хэлцэл хийж 8 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай зээлсэн. Тэр үед уурхайн ажилд мөнгө хэрэг болоод зээл хөөцөлдөөд явж байх үед М.Сарантуяа, 3.Баярхүү нар өөрсдөөсөө мөнгө зээлэхийг зөвшөөрч, шагнал гэж М.Сарантуяа нь зээлсэн 8 000 000 төгрөгөөс 500 000 төгрөг бэлнээр авсан. Би бодитоор 7 500 000 төгрөгийг М.Сарантуяагаас зээлэхдээ ямар ч гэрээ байгуулаагүй. М.Сарантуяа “Төв азийн сан” ХЗХ-оос 6 хувийн хүүтэйгээр, Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 8-331 тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцыг барьцаалан Б.Ганбат надад зээл авч өгсөн. Би М.Сарантуяагаас 3 сарын хугацаатай 8 000 000 төгрөг зээлсэн нь үнэн ч, орон сууцаа барьцаанд тавьж, хураалгасан талаар би юу ч мэдэхгүй. Харин ХЗХ-той тохиролцон худалдсан гэх мэдээлэл байдаг. Тухайн үед уурхайн ажилд хөрөнгө оруулалтын хомсдол, техник тоног төхөөрөмжийн эвдрэл саатлаас шалтгаалан үр ашигтай ажиллаж чадаагүйгээс тогтсон хугацаандаа зээлсэн мөнгөө өгч чадаагүй тухайгаа нэхэмжлэгчид тайлбарлаж, тодорхой хугацааны дараа зээлийн төлбөрийг барагдуулахаар учирласан ч үл ойлголцон. Би зээлсэн 8 000 000 төгрөгөө эгүүлэн төлөхөд бэлэн. Харин нэхэмжлэлд дурдсан 2 өрөө орон сууцны 71 040 000 төгрөгийг төлөх үндэслэлгүй. Учир нь “Төв азийн сан” ХЗХ-той би ямар нэгэн гэрээ байгуулж, эрх зүйн харилцаанд ороогүй. Иймд М.Сарантуяагийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас зөвхөн аман зээлээр зээлсэн 8 000 000 төгрөгийг төлөхөд бэлэн, үлдэгдэл 63 040 000 төгрөгийг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн  Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 102/ШШ2016/00740 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Ганбатаас 2 өрөө орон сууц буюу орон сууцны үнэ 71 040 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Сарантуяад олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 51.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 513 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 513 150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ. 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 782 дугаар магадлалаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 102/ШШ2016/00740 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...219 дүгээр зүйлийн 219.1...” гэсний дараа “...228 дугаар зүйлийн 228.1-д...” гэж нэмж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганцэцэгийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 513 150 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Шийдвэрт өөрчлөлт оруулсан нь хууль зүйн үндэслэлгүй. Шийдвэрийн үндэслэх хэсэгт “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны 2004 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн албадан дуудлага худалдааны худалдах-худалдан авах гэрээгээр дээрх орон сууцыг бусдад худалдсанаар нэхэмжлэгч нь өөрт учирсан хохирлыг арилгуулахаар хариуцагчаас шаардах эрх үүссэн байна. Шүүгчийн 2015 оны 01 дугээр сарын 14-ний өдрийн 1870 дугаар захирамжийн дагуу Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дугээр хэлтэсээс ирүүлсэн баримтаар Баянзүрх дүүргийн шүүхийн 2009 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2094 дүгээр шийдвэрээр Б.Ганбатыг эрэн сурвалжилж 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хариуцагчийг олж тогтоосон байхаас гадна нэхэмжлэгч хариуцагчид холбогдуулан хохирол гаргуулах нэхэмжлэлийг 2009 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхэд гаргаж байснаас үзвэл нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 75 дугаар зуйлийн 75.1-д заасан хөөн хэлэлцэх ерөнхий хугацааг хэтрүүлсэн гэж үзэх боломжгүй байна” гэжээ. Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Иргэний хуулийн 75 дугаар зүйл 75.2.4-т “бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа таван жил байна” гэж заасан. Анхан шатны шүүх Б.Ганбат зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүйн улмаас М.Сарантуяад гэм хор учирсан байна гэж дүгнэсэн атлаа ерөнхий хөөн хэлэлцэх хугацаа хэрэглэсэн нь ойлгомжгүй. Мөн шаардах эрхийг тухайн орон сууц шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмын дагуу албадан дуудлага худалдаанд борлогдсон үеэс эхэлж тооцох нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ болон шүүхэд өгсөн мэдүүлэгтээ 2002 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Б.Ганбат нь 8 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай зээлүүлсэн гэдэг. Шаардах эрх нь 2002 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр буюу зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэх ёстой байсан өдрөөс эхлэн тоологдох ёстой. Нэхэмжлэгч нь хариуцагчийг зээлийн гэрээний үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй тохиолдол Иргэний хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй байсан ч нэхэмжлэл гаргаагүй байна. Түүнчлэн М.Сарантуяа нь “Төв азийн сан” ХЗХ-той эвлэрлийн гэрээ байгуулж 14 160 000 төгрөг төлөхөө зөвшөөрч Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2003 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 366 дугаар шүүгчийн захирамжийн дагуу хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Хэрвээ М.Сарантуяа нь хоршооноос зээлсэн 8 000 000 төгрөгийг өөрөө авч хэрэглээгүй байсан бол хариу тайлбартаа өөр хүнд авч өгснөө тайлбарлаж бичих байсан. Гэтэл эсрэгээрээ М.Сарантуяа зээл авч, хэрэглэсэн болохоо хүлээн зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрч эвлэрсэн. Хоёр шатны шүүх зээл төлөх хугацаа, шүүгчийн захирамж гарсан хугацааг үл тоож албадан дуудлага худалдаагаар борлогдсон өдрөөс шаардах эрх үүссэн нь ойлгомжгүй. Шийдвэрийнхээ үндэслэл болгож байгаа албадан дуудлага худалдаа явуулсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүх зохигчдын хүсэлтээр нотлох баримт цуглуулж болдог. Гэтэл анхан шатны шүүх өөрийн санаачилгаар нотлох баримт цуглуулсан нь хэт нэг талыг барьсан үндэслэлгүй шийдвэр болсон. Үндэслэлгүйгээр өөрийн санаачилгаар цуглуулсан нотлох баримтаа үнэлэн шийдвэр гаргасан нь хэт нэг талыг барьсан үйлдэл. Шийдвэрийн үндэслэх хэсэгт “Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар нэхэмжлэгч нь өөрт учирсан хохирлыг хариуцагчаас шаардах эрхтэй байна” гэснийг давж заалдах шатны шүүх 228.1 болгон өөрчилсөн. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 228 дугаар зүйлийн 228.1-д заасны дагуу хохирлыг шаардахад үүргийн харилцаа үүссэн байх, үүрэг зөрчсөн байх, буруутай байх гэсэн 3 шаардлагыг хангасан байх ёстой. Гэтэл хариуцагч М.Сарантуяагаар зээл авахуулсан нь нотлогддоггүй. М.Сарантуяа нь хоршоотой зээлийн гэрээ байгуулсан ч Б.Ганбаттай ямар ч гэрээ хэлцэл байгуулаагүй. Өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлэх гэсэн ойлголтоос үүдэн учирсан хохирлыг хэрхэн тооцох вэ? гэдэг асуудал урган гарч ирнэ. Иргэн хүн өөрийн найзаас 8 000 000 төгрөг зээлснийхээ төлөх 71 040 000 төгрөг төлнө гэдэг нь шударга ёсны зарчимд нийцэхгүй. Хуульд заасны дагуу бодитой учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй. Иргэний хуулийн 228 дугаар зүйл 228.1-д “зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгуй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно” гэж заасан. М.Сарантуяагийн хураалгаж хохирсон 331 тоот 2 өрөө орон сууц нь үүнээс хойш хэд хэдэн хүний өмчлөлд шилжиж өөрчлөгдсөн ба одоо уг орон сууцыг буцаан гаргаж өгөх боломжгүй. Өөрөөр хэлбэл хэрэв эрх нь зөрчигдсөн гэж дүгнээд байгаа бол зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй болсон. Түүнчлэн 228.1-д харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно гэж заасан. Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2003 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 366 дугаар шүүгчийн захирамжийн дагуу М.Сарантуягаас 14 160 000 төгрөг гаргуулж “Төв азийн сан” ХЗХ-д олгохоор шийдвэрлэсний дагуу уг орон сууцыг хурааж 17 200 000 төгрөгөөр зарагдсанаас үзэхэд хохирол учирсан гэж үзвэл бодитой учирсан хохирол 14 160 000 төгрөг байх ёстойг шүүх 71 040 000 төгрөг гэж хангаж байгаа нь бодитой учирсан гэх хохирлоос харьцангуй их байна.

Шийдвэрийн үндэслэх хэсэгт “шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар ул хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдаагаар 17 200 000 төгрөгөөр бусдад худалдаж, зөрүү мөнгийг нэхэмжлэгчид буцаан олгосон гэж үзэх үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчид учирсан хохирлын хэмжээг 71 040 000 төгрөг гэж үзэх үндэслэлтэй” гэснийг давж заалдах шатны шүүх үндэслэлтэй гэж үзэн ойшоохгүй орхисныг ойлгохгүй байна. Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд “дуудлага худалдаанаас үлдсэн үлдэгдлийг эд хөрөнгө нь дуудлага худалдаанд орсон өмчлөгчид шилжүүлнэ” гэж заасан. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн эд хөрөнгө албадан дуудлага худалдаагаар борлогдсон эсэх нь тогтоогдохгүй болохоор өөрийн санаачилгаар нотлох баримт цуглуулж тогтоосон атлаа хариуцагчийн эрх ашгийг хамгаалах нотлох баримтыг цуглуулаагүй нь илтэд нэг талыг барьж шийдвэр гаргасан гэдэг нь илэрхий харагдсаар байтал давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн нь ойлгомжгүй.

Хариуцагч нь 70 хувийн хөдөлмөрийн чадвар алдалдтай, группт байдаг хүн. Түүнчлэн нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлээ Б.Ганбатаас шаардах хугацаа байсаар байтал шаардаагүй, “Төв азийн сан” ХЗХ-г нэхэмжлэл гаргахад тус хоршооноос зээлсэн мөнгөө Б.Ганбатад зээлсэн талаар огт дурдаагүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг сайн дурын үндсэн дээр бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн, шүүгчийн захирамж гарсны дараа Б.Ганбатад холбогдуулан нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй байсаар байтал гаргаагүй нь нэхэмжлэгч цаг хугацааны хувьд ойролцоо хүнд зээлсэн мөнгөө хоршооноос зээл авч өгсөн мэтээр гүтгэж үндэслэлгүйгээр их хэмжээний мөнгө нэхэмжилсэн нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч М.Сарантуяа нь гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан гэм хорын хохирлыг хариуцагч Б.Ганбатаас шаарджээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч М.Сарантуяа нь 2002 оны 08 дугаар сарын 14-ны өдөр “Төв азийн сан” ХЗХ-оос 8 000 000 төгрөгийг зээлэхдээ өөрийн өмчлөлийн 2 өрөө орон сууцаа барьцаалсан, уг мөнгийг Б.Ганбатад зээлдүүлсэн, зээл 14 160 000 төгрөгийг “Төв азийн сан” ХЗХ-д төлөхийг М.Сарантуяа зөвшөөрснийг баталж Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2003 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 366 дугаар захирамжаар  шийдвэрлэсэн, шийдвэр гүйцэтгэлийн журмаар 2004 оны 04 дүгээр сарын  30-ны өдөр барьцааны зүйлийг албадан дуудлага худалдаагаар борлуулсан үйл баримт тогтоогджээ.

Хариуцагч Б.Ганбат нь М.Сарантуяаг Хадгаламж зээлийн хоршооноос зээл авч өөрт нь өгсөн болохыг мэдэж байсан, зээлийг хүлээн зөвшөөрч байснаас гадна шүүхийн шийдвэрийн дагуу төлөх 14 760 000 төгрөгийг 2005 оны 08 дугаар сарын 20-ны дотор төлж барагдуулна гэж баталгаа гаргаж байсан байна.

Б.Ганбат нь зээлийг тохирсон хугацаанд төлсөн бол нэхэмжлэгч нь дуудлага худалдаагаар орон сууцнаас үүргийг хангуулж, сууцаа алдаж, хохирохгүй байсан тул Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 228 дугаар зүйлийн 228.1-д заасан зохицуулалтаар нэхэмжлэгчид учирсан эд хөрөнгийн гэм хорыг арилгуулах нь зүйтэй гэж үзсэн шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

Хариуцагч нь зээл төлөх үүргээ хугацаандаа биелүүлээгүй, гэрээний үүргийн зөрчил гаргаж, энэ нь нэхэмжлэгчийн туйлын эрх болох эд хөрөнгийн өмчлөх эрхийг зөрчсөн тул  Иргэний хуулийн гэм хорын нийтлэг зохицуулалтыг хамт хэрэглэж, шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн дүгнэлт оновчтой болсон байна.

Харин орон сууцыг албадан дуудлага худалдаагаар 17 200 000 төгрөгөөр худалдсан нь тогтоогдсон, төлөх зээлийн хэмжээ 14 160 000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж  88 400 төгрөг, үүнээс шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны зардлыг 10 хувиар бодоход нийт 15 664 000 төгрөгийн үүрэг байсан байх ба 17 200 000 төгрөгөөс дээрх үүргийг хасаж үзвэл зөрүү 1 536 000 төгрөгийг хариуцагч хариуцах үндэслэлгүй байна. Орон сууцны үнийн зөрүү болох 1 536 000 төгрөг нь тухайн үеийн орон сууцны үнийн 9 хувь байсан, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 71 040 000 төгрөгийн үнэ бүхий орон сууцны 9 хувь нь 6 393 600 төгрөг болох тул хохирлоос хасаж, энэ үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганцэцэгийн хяналтын гомдлын энэ хэсгийг хүлээн авч, харин орон сууцны үнийг бус, зээл 14 160 000 төгрөгийг төлөх байсан гэх гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.1, 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 782 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 102/ШШ2016/00740 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...71 040 000...” гэснийг “...64 646 400...” гэж, 2 дахь заалтад “...хариуцагчаас 513 150 төгрөгийг...” гэснийг “...хариуцагчаас 481 182 төгрөгийг...” гэж тус тус өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганцэцэг хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 513 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар гаргуулж, буцаан олгосугай.    

 

     ТАНХИМЫН ТЭРГҮҮН                               Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                         П.ЗОЛЗАЯА