Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2026 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 2026/ШЦТ/33

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх  хуралдааныг шүүгч Н.Дэлгэрмаа даргалж, нарийн бичгийн дарга М.Баярмэнд, улсын яллагч  ****, шүүгдэгч *****, шүүгдэгчийн өмгөөлөгч **** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***** холбогдох *** дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.           

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2005 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Завхан аймгийн **** суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, мэргэжилгүй, бүрэн бус дунд боловсролтой, малчин, ****сумын **** багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй. ***** овогт ***** **** /РД:****/.

Шүүгдэгч ****нь 2025 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хооронд Завхан аймгийн **** сумын “***** ****” гэх газарт бэлчээрлэж байсан хохирогч **** нас гүйцсэн сарлагийн үнээ 2, шүдлэн эм үхэр 1, нийт 3 тооны үхрийг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч, хохирогч **** 5.500.000 төгрөгийн хохирол хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч **** холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт хамаарч байна.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна. Хохирогч шүүх хуралд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.

             Нэг. Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон талаар:

Шүүгдэгч **** нь 2025 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хооронд Завхан аймгийн **** сумын “****” гэх газарт бэлчээрлэж байсан хохирогч **** 3 тооны үхрийг хулгайлсан хэргийн үйл баримт нь хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:

 3 тооны үхрээ алдсан талаар мэдүүлсэн хохирогч ****  “...2025 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хооронд **** сумын **** багийн **** гэх газраас бэлчээрээс 3 тооны үхрээ алдсан. ...Миний алдсан 3 тооны үхэр маань зөв талын чих оно имтэй, буруу талын чих хойноосоо ухам имтэй мухар бор зүсмийн нас гүйцсэн сувиа үнээ, им ижил шийр цагаан, сүүл цагаан, эвэртэй бор зүсмийн нас гүйцсэн сувиа үнээ, зөв талын чих шар перктэй мухар бор зүсмийн шүдлэн настай эм үхрээ алдсан. **** 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн орой манайд ганцаараа ирсэн. Тэгээд цай ууж сууж байснаа ах эгч та хоёртой ярих зүйл байна. Манай хүү **** танай 3 үхрийг авсан гэж бид хоёрт өөрөө хэллээ. За тэгээд энэ талаар уучлалт гуйхаар танайд ирлээ. Тэгээд уучлалт гуйгаад танай 3 тооны үхрийг төлж барагдуулъя, харин танайх цагдаад хандсан уу гэж асуухаар нь би хандсан гэсэн. Тэгсэн **** цагдаад та 3 үхрээ олсон гээд хэлчих гэсэн. Тухайн үед **** манай эхнэр бид гурав л байсан...” гэсэн мэдүүлгээр,

  Хохирогчийн мэдүүлгийг баталж мэдүүлсэн гэрч ***** “...2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн орой нөхөр бид хоёр хонио хотлуулчхаад зурагт үзээд байж байтал манай хамаатан болох **** ганцаараа орж ирсэн. Цай ууж сууж байснаа танай алдсан 3 сарлагийн үхрийг манай хүү **** авсан юм шиг байна гэж хэлээд уучлалт гуйгаад хохирлыг чинь барагдуулъя гэсэн. Тэгээд би манай 3 үхрийг **** хүү **** авсан юм байна уучлалт гуйж байгаа нь яамайдаа гэж бодсон...” гэсэн мэдүүлгээр,

 Энэ талаар мэдүүлсэн гэрч **** “...2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн өглөө би хамаатны ах болох **** цуг идэшний үхэр авахаар Завхан аймгийн ***сумын ***багийн “****” гэх газар **** гэдэг хүн дээр очсон манай ах **** энэ хүнээс хоёр үхэр авахаар утсаар ярьж тохирсноороо уулзсан юм байна лээ. Ах бид хоёр анх очихдоо **** гэрт очиход ээжтэйгээ цуг байсан ээж нь манайд зарчих үхэр байхгүй юм сан хүү яагаад үхэр зарна гэж зар өгсөн юм бол би сайн мэдэхгүй байна гээд байсан. Тэгээд ах маань ***** гэрээс гарч уулзахад ах ээж сайн мэдэхгүй харин би яг үхрийн эзэн болох хүнтэй би яриадахъя гээд тэр хоёр сүлжээнд гарахаар цуг явцгаасан. Тун удалгүй сүлжээнээс бууж ирээд ах надад нөгөө хүнтэй нь ярихад би зарах үхрийн эзэн байна, би хол байна эндээ бас бог мал гаргаж байна үүний дараа дахиж 1 адуу гаргаад яваад очъё, эсвэл тантай цуг байгаа **** гэдэг хүнтэй ярьж тохироод уулзаад мөнгөө шилжүүлчих би **** өөрөө учраа олчихъё гэж хэлж байна гайгүй юм шиг байна гээд бид нар **** гэрээс зүүн зүг рүү 7-10 км зайтай явж байгаад тэндээ үхрээ машиндаа ачаад ах ***** мөнгөө шилжүүлж бид хоёр 3 үхрээ ачаад явцгаасан...” гэсэн мэдүүлгээр,

****3 тооны үхэр худалдан авсан талаараа мэдүүлсэн гэрч **** “...2025 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр **** аймгийн зарын групп дээр үхэр **** гэсэн хаягаас үхэр зарна” гэсэн утгатай зар байхаар би анх өөрийнхөө фейсбүүк хаягаас зар тавьсан байсан хаяг руу би холбогдож анх харилцсан. Тэгэхэд “миний дугаар луу залгаарай гээд **** дугаар өгөхөөр нь би тэр өдрөө шууд залгаж ярихад 2 үнээ байгаа та ирээд авбал би гаргаад өгье гэхээр нь за тэгвэл би 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр яваад очъё гээд ярьж тохирсон. ...хөдөө **** очсон. Гэрт ороход 40 орчим насны эмэгтэй хүнтэй **** цуг байсан. *** ээж нь "Уул нь манайд зарах үхэр байхгүй дээ, би сайн мэдэхгүй байна" гэхээр нь **** гэрээс авч гараад юу болоод байна гэж асуухад үхрийн эзэнтэй би таны хажууд яръя, та итгэхгүй байна уу гээд нэг хүн лүү миний хажууд залгаж ярьж байгаад утсаа надад өгсөн нэг эрэгтэй хүн би бог гаргаж байна араас нь 1 адуу гаргана тэгээд яваад очъё гэхээр нь би хулгайн янз бүрийн зүйл байхгүй юм шиг байна гээд дүү **** **** бид гурав эхлээд 2 ширхэг үхэр бариад машинд ачсан. Түүний дараа **** та нэг мөсөн 3 болгоод аваад яваач гээд надад хэлээд байж байхад надтай цуг явсан **** ахаа манай гэрт өвлийн идэш хэрэгтэй байгаа би авчихъя харин танд мөнгийг нь аймагт очоод өгье гэсэн. Тэгээд бид хоёр *** сарлагийн 2 бор үнээ, 1 охин шүдлэн бор үхэр зэрэг нийт 3 тооны үхэр худалдаж авсан. Гурван үхэр нийт мөнгө 3.200.000 (гурван сая хоёр зуун мянга) төгрөг шилжүүлээд тэгээд явсан. ...Энэ хүнийг танихгүй зарын дагуу л холбогдож уулзаад 3 үхрийн наймаа хийсэн урьд өмнө харж байгаагүй хүн байна лээ. ...**** надтай утсаар ярьж байгаад малын эзэн тантай ярья гэнэ гээд утас өгөхөөр нь утсыг нь аваад ярихад нэг эрэгтэй хүн байсан. Тэр хүн малын эзэн би байгаа юм та **** ярьж байгаад наймаагаа хийчих би очиж чадахгүй юм шиг байна бог гаргаж байна дараа нь би 1 адуу гаргана нэг хэсэгтэй очиж чадахгүй юм шиг байна та хоёр учраа олж бай гээд хэлчихээр нь гайгүй юм байна гэж бодсон мөн гарал үүслийн гэрчилгээний код хүртэл өгөөд байхаар нь итгээд 3 үхрийн мөнгө дансаар шилжүүлж өгсөн. ...манай дүү **** бид гурав байсан анх очсон ***** гэрийнхэн зүүн зүгт 7-10 орчим км зайтай “****” гэдэг газар 3 үхрийг ачсан. Сүүлд **** аав нь байна нэг хүн утсаар ярьж байсан манай хүү **** чамд ямар үхэр өгсөн бэ, мөн чи тэр үхрийн мөнгөө хэнд өгсөн юм гэж асуухаар нь би аавд нь болсон үйл явдлын бүгдийн хэлсэн...” гэсэн мэдүүлгээр болон гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл хүлээн авсан тэмдэглэлээр, **** сумын **** багийн иргэн **** худалдаж авсан гэх сарлагийн 3 тооны үхрийн 2 ширхэг гэрэл зураг, 2025 оны 11 дүгээр сарын 21, 24-ний өдрүүдэд **** фейсбүүк цахим хэлбэрээр харилцсан харилцсан гэрэл зургуудаар зэрэг хэрэгт цугларсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

          Шүүгдэгч **** үйлдлийн улмаас хохирогч **** 5,500,000   төгрөгийн хохирол учирсан нь Завхан аймгийн “****” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчин ***** 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн **** дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна.

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогч, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд болон бусад бичгийн нотлох баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, хэргийн үйл баримтыг нотолсон энэ  хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлж шийдвэрийн үндэслэл болголоо.

“Мал хулгайлах” гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа малыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч, хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууц далд аргаар авахыг ойлгодог бөгөөд гэмт этгээд хулгайлсан малаа эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоог бий болгодог. Мал хулгайлах гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ нь иргэний шударгаар өмчлөх үндсэн эрх, эрх чөлөөг зөрчсөн байдагт оршино.

Өөрөөр хэлбэл мал хулгайлах гэмт хэрэг нь гэмт этгээдийн идэвхтэй үйлдлийн үр дүнд эд хөрөнгийн шилжилт хийгдсэн байдаг ба эд хөрөнгийг эзэмшигч өмчлөгчид мэдэгдэхгүйгээр хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авах байдлаар илэрнэ.

 Шүүгдэгч **** нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхэд халдаж өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авах нь хууль бус болохыг өөрийн үйлдлийн улмаас бусдад эд хөрөнгийн хохирол учирч болохыг ухамсарлаж, ухамсарласан үйлдлээ хэн нэгний нөлөөгүйгээр хүсч үйлдэж хохирол хор уршигт зориуд хүргэсэн нь мал хулгайлах гэмт хэргийн субьектив шинжийг, тэрээр 3 тооны бод мал буюу олон тооны мал хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан олон тооны мал хулгайлах гэмт хэргийн обьектив шинжийг  тус тус хангаж байна.

Иймд шүүгдэгч ***** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан буюу олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.

Шүүгдэгч ***** нь хохирогч **** хохирол төлбөрөө барагдуулсан  байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

                Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч ***** Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан буюу олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнд Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан. Шүүгдэгч **** эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“ гэж тус тус заасныг үндэслэв.

Шүүгдэгч ***** эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүгдэгчийг хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д  “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг 2 жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж заасан байна.

 

        Шүүгдэгч **** нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа нөхцөл байдлыг харгалзан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д  заасныг баримтлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй буюу 01 жил 01 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  түүнд оногдуулсан 01 /нэг/ жил 1 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

             

             Шүүгдэгч **** тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзээд           

           

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.5, 1.6, 1.8 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн  4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйл, 36.12 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч **** овогт **** **** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан буюу олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

      2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч ***** 01 /нэг/ жил 1/нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

      3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **** оногдуулсан 01 /нэг/ жил 1 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

     4.Шүүгдэгч ***** өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, 2026 оны 03 дугаар  сарын 30-ны өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

5.Шүүгдэгч **** энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн цахим үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхний лавлагаа, цахим үнэмлэхний хуулбар хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

         6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

         7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н. ДЭЛГЭРМАА