| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 318/2026/0072/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/76 |
| Огноо | 2026-04-02 |
| Зүйл хэсэг | 16.3.1., |
| Улсын яллагч | Ц.Нэргүй |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2026 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 2026/ШЦТ/76
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Хишигтогтох,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Нэргүй,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Лхагважав,
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Ө.Э,
Шүүгдэгч: Б.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Нэргүйгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.3 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Х овогт Б-ын Ад холбогдох 2635000000062 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, … оны … дугаар сарын …-нд … аймгийн ... суманд төрсөн, 21 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эцэг, эх, дүү, хүүхдийн хамт амьдардаг, ... аймгийн ... сумын ... дугаар багт оршин суудаг, урьд ял шийтгүүүлж байгаагүй, Х овогт Б-ын А (регистрийн дугаар: ....);
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.А нь хуулиар хүлээсэн асран хамгаалах үүргээсээ зайлсхийж, өөрийн төрүүлсэн хүүхэд болох 20 хоногтой А.Аийг 2026 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн нутагт байрлах 115 дугаар байрны 5 давхарын 39 тоотын үүдэнд хаясан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.А нь хуулиар хүлээсэн асран хамгаалах үүргээсээ зайлсхийж, өөрийн төрүүлсэн хүүхэд болох 20 хоногтой А.А-ийг 2026 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн нутагт байрлах 115 дугаар байрны 5 давхарын 39 тоотын үүдэнд хаясан болох нь:
1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 01 дэх тал);
2. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 4-7 дахь тал);
3. Бага насны хохирогч А.А-ийн эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн тухай лавлагаа (хавтаст хэргийн 13 дахь тал);
4. Бага насны хохирогчийн хууль ёсны төлөөлөгч тухай мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 86 дахь тал);
5. Хохирогч Ө.Э-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “2026 оны 02 дугаар сарын 17-ны өглөө 08 цагийн үед Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, 115 дугаар байрны 5 давхарын орцноос хэн болох нь тодорхойгүй нярай хүүхэд олдож, хүүхдийг төрөх тасгийн хяналтад хэвтүүлснээс хойш хууль ёсны төлөөлөгчөөр оролцсон. Хүүхэд хэвтсэнээс хойш буюу 02 дугаар сарын 17-ны орой хүүхдийн төрсөн эх нь олдсон. Тухайн эх нь болох Б.А гэх эмэгтэйтээ 2025 оны 02 дугаар сарын 19-ний өглөө уулзахад 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Ховд аймгийн бүсийн оношилгооны төвд амаржиж, 02 дугаар сарын 17-ны өглөө үүрээр Ховд аймгаас Улаангом суманд ирсний дараа өөрийн амьдралын боломжгүй гэх шалтгаанаар хүүхдээ Улаангом сумын 3 дугаар баг, 115-р байрны 5 давхарын 39 тоот айлын үүдэнд өөрийн хүү болох А.А-ийг тавьсан гэж хэлсэн бөгөөд цаашид хүүхдээ асрах, өсгөх боломжгүй учраас айлд өргүүлэх хүсэлтэй байна гэж хэлээд тухайн асарч авах болон ээжийн хүсэлтийн дагуу хүүхдийг хуульд заасан журмаар айлд өргүүлсэн.
Манай байгууллагын зүгээс хамгаалалтын арга хэмжээ авсны дагуу эмнэлэгт хэвтэж байх хугацаанд 1 удаа очиж асрах үйлчилгээ үзүүлсэн. Гэхдээ үүнтэй холбоотой байгууллагаас албан ёсны зардал гарч хохирол учирсан зүйл байхгүй мөн хүүхэд эмнэлэгт ирэх болон эмнэлэгт байх хугацаанд эрүүл саруул байсан бөгөөд миний хувьд 2026 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүүхдийг ээжид нь болон үрчлэн авах хүмүүс хүлээлгэн өгсөн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 88 дахь тал);
6. Гэрч Ч.П-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Гатал 02 дугаар сарын 17-ны өглөө 07 цаг өнгөрөөд сэрэхэд тухайн байрны 5 давхарт хүүхэд уйлах чимээ гарсан. Тэгээд би ороо хурааж, гэрийн хогоо хаяхаар уйлснаас хойш 20 орчим минутын дараа гарч шатны хэсэгт хогоо тавьчхаад гэр лүүгээ орох гэхэд манай хаалганы баруун талд байрлах 39 тоот айлын үүдэн дээр цайвар манцуутай хүүхэд уйлж байхаар нь би очихгүйгээр охин Б.Цэнгэлмааг дуудсан. Тэгээд охин гарч ирээд харчихаад цагдаагийн байгууллагад дуудлага өгч, уйлаад байсан учраас аваад тэврэхэд нь духан дээрээ хөө түрхсэн байдалтай хүүхэд байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дахь тал);
7. Гэрч Б.Ц-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Өнөөдөр буюу 02 дугаар сарын 17-ны өглөө 07 цаг өнгөрч байхад ээж намайг сэрээж орцонд нэг хүүхэд уйлаад байна гэхээр нь би гарч харахад бид хоёрын байсан 40 тоот байрны баруун талын айл болох 39 тоот айлын яг үүдэнд нь цайвар цоохор өнгийн манцуутай хүүхэд уйлж байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгчөөд хүүхдийг авч тэвэрэхэд духан дээр нь хөө түрхэж хоёр гарт нь бээлий өмсгөсөн байдалтай нярай хүүхэд байсан. Тэгээд удалгүй цагдаа болон эмнэлэг ирээд хүүхдийг аваад явсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 102 дахь тал);
8. Гэрч Ц.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Миний бие 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 08 цагаас 02 дугаар сарын 17-ны өглөөний 08 цаг хүртэл Зөрчлийн хэрэг бүртгэгчээр үүрэг гүйцэтгэсэн 02 дугаар сарын 17-ны өглөөний 08 цаг 10 минутын үед Улаангом сумын 3 дугаар багт байрлах 5 давхар орон сууцны 5 давхарт 39 тоот хаалганы үүдэнд нярай хүүхэд байна гэсэн дуудлагын дагуу очсон. Жолоочийн хамт очиход тухайн нярай буюу манцуйтай күүхдийг тухайн дуудлага иргэн тэвэрсэн, нярай хүүхэд нь уйлсан байдалтай байсан. Уг хүнээс юу болсон талаар асуухад 07 цаг 30 минутын үед хүүхэд уйлах чимээ сонсоод гэрээсээ гарахад хажуу талын 39 тоотын үүдэн дээр хүүхэд байхаар нь эмнэлэг болон цагдаад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 105 дахь тал);
9. Гэрч Б.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2026 оны 02 дугаар сарын 17-ны өглөө 07 цагийн үед бөөндөө гэртээ унтаж байхдаа нярай хүүхэд уйлахыг сонссон боловч манай хажуу талын айл 1 сарын өмнө нялх хүүхэдтэй болсон бөгөөд их уйлдаг хүүхэд байсан тул тухайн айлын хүүхэд уйлж байна гэж бодсон. Гэтэл хэсэг хугацааны дараа манай хаалгыг цохихоор нь гарахад коридорт эмч нярай хүүхэд тэвэрчихсэн мөн хоёр цагдаа ирчихсэн байсан. Мөн 40 тоот айлын эгч охины хамт зогсож байсан. Тэгээд юу болсон талаар асуухад 40 тоот айлын охин утсан дээрээ дарсан зургаа үзүүлээд манай хаалганы үүдэнд манцуйтай хүүхэд байсныг олсон гэж хэлсэн. Удалгүй эмч ирээд хүүхдийг аваал явсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 107 дахь тал);
10. Шүүгдэгч Б.А-ын өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 148 дахь тал) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна.
Хууль зүйн дүгнэлт:
1. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн Арван зургаа дугаар бүлэгт “Хүүхдийн эсрэг гэмт хэргийг тодорхойлж заасан ба 16.3 дугаар зүйлд “Хүүхдийг хаях, төөрүүлэх” гэмт хэргийг тодорхойлохдоо “Хуулиар хүлээсэн асран хамгаалах, харгалзан дэмжих үүргээсээ зайлсхийж хүүхдийг хаясан, орон гэрээ олох боломжгүй газар зориуд орхисон” гэж энэ гэмт хэргийн шинжийг тодорхойлсон байна.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ” гэж, 26 дугаар зүйлийн 26.2.1-д “....хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх...”, 26.2.2-т “....хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх...”, 26.3-т “Эцэг, эх нь хүүхдийн эрүүл мэнд, сэтгэхүй, ёс суртахууны хүмүүжилд хохирол учруулах, хүүхдэдээ хэрцгий хандах, эцэг, эх байх эрхээ зүй бусаар ашиглахыг хориглоно” гэж эцэг, эхийн үүргийг хуульчилсан байна.
Прокуророос, шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүүхдийг хаях гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлджээ.
А.А нь шүүгдэгч Б.Аын төрсөн хүү болох нь хавтаст хэрэгт авагдсан төрсний гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 79 дэх тал)-аар тогтоогдож байх тул түүнийг шүүгдэгчийн төрсөн хүү мөн гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.А нь хуулиар хүлээсэн хүүхдээ асран хамгаалах үүргээсээ санаатай зайлсхийж, хүүхдээ хаясан үйлдэл нь тухайн нярай хүүхдийн амь нас, эрүүл мэндэд аюултай нөхцөл байдлыг үүсгэсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.
Шүүгдэгч нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хийсэн санаатай үйлдэл байх тул түүнийг санаатайгар гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Б.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүүхдийг хаях” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
3. Шүүгдэгч Б.Азржаргал нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.
Хохирол, хор уршгийн талаар:
Бага насны хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.Э мөрдөн байцаалтын шатанд “Манай байгууллагын зүгээс хамгаалалтын арга хэмжээ авсны дагуу эмнэлэгт хэвтэж байх хугацаанд 1 удаа очиж асрах үйлчилгээ үзүүлсэн. Гэхдээ үүнтэй холбоотой байгууллагаас албан ёсны зардал гарч хохирол учирсан зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 88 дахь тал), мөн шүүгдэгч нь эрүүл мэндийн даатгалын санд учирсан 60,858 төгрөгийг хор уршгийг нөхөн төлсөн гэх Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримт (хавтаст хэргийн 97 дахь тал) зэргийг үнэлээд шүүгдэгчээс шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
1. Шүүгдэгч Б.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Б.А нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 151 дэх тал)-аар тогтоогдсон.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Б.А нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт иргэний нэхэмжлэгчид 60,858 төгрөг төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөлд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.
3. Шүүгдэгч Б.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргажээ.
4. Прокуророос шүүгдэгч Б.А-ын хүсэлтийг хангаж, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт үйлдэж, шүүгдэгчтэй ял тохиролцон, хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийг зөрчөөгүй байна.
5. Түүнчлэн шүүгдэгч Б.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, түүний үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, прокурорын сонсгосон ялыг шүүгдэгч нь зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдал нь шүүгдэгч Б.Ад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хуульд заасан урьдач нөхцөлүүдийг хангаж байна.
6. Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ад 360 (гурван зуун жар) цаг нийтэд тустай ажил хийлгах ял оногдуулах саналыг гаргаж, шүүгдэгч Б.Ад танилцуулсныг шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуульд нийцэж байна.
Иймд шүүгдэгч Б.Аын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ад 360 (гурван зуун жар) цаг нийтэд тустай ажил хийлгах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 (найм) цагийн ажлыг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулах нь зүйтэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгчид өмнө нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.
8. Шүүгдэгч Б.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Б-ын А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.3 дугаар зүйлийн 1-т заасан “Хүүхдийг хаях” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.3 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Ад 360 (гурван зуун жар) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 (найм) цагийн ажлыг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай
4. Шүүгдэгч Б.А нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7-д зааснаар шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГАНСҮХ