| Шүүх | Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шагдаргомбын Төмөрбаатар |
| Хэргийн индекс | 2122000000125 |
| Дугаар | 2022/ДШМ/01 |
| Огноо | 2022-01-28 |
| Зүйл хэсэг | 10.1-1, |
| Улсын яллагч | Б.Саруул-Ирээдүй |
Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 2022/ДШМ/01
Ж.Дорждэрэмд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонцэцэг даргалж, шүүгч Ш.Төмөрбаатар, Х.Гэрэлмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:
Прокурор Б.Саруул-Ирээдүй,
Шүүгдэгч Ж.Дорждэрэм,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Долгорсүрэн,
Нарийн бичгийн дарга Б.Мөнх-Эгшиглэн нарыг оролцуулан,
Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Мөнхбат даргалж, шүүгч З.Шүрэнчулуун, З.Ууганбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2021/ШЦТ/116 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ж.Дорждэрэм, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Долгорсүрэн нарын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч Ж.Дорждэрэмд холбогдох 2122000000125 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Төмөрбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.
Ням овогт Жамцын Дорждэрэм, 1984 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Дундговь аймгийн Гурвансайхан суманд төрсөн, 37 настай, тусгай дунд боловсролтой, төмөр замын замчин мэргэжилтэй, малчин, ам бүл 2, ээжийн хамт Дундговь аймгийн Гурвансайхан сумын 4-р баг, Чингийн 8-13 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, РД:/ЗГ84050614/;
Шүүгдэгч Ж.Дорждэрэм нь 2021 оны 08 дугаар сарын 29-ний өдөр согтуугаар Дундговь аймгийн Гурвансайхан сумын 5 дугаар баг, Чингийн 8-13 тоот хашаанд өөрийн төрсөн ах Ж.Чимэд-Ойдовын чээжин тус газарт ногоон өнгийн иштэй атвёркоор хатгаж хүнийг алах гэмт хэрэгт холбогджээ.
Дундговь аймгийн Прокурорын газраас: Ж.Дорждэрэмийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ням овогт Жамцын Дорждэрэмийг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Дорждэрэмд 8 /найман/ жил, 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэж, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Дорждэрэмд оногдуулсан 8 /найман/ жил, 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Дорждэрэмийн энэ хэргийн улмаас цагдан хоригдсон 83 /наян гурав/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож хасаж, Хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ариунболор хохирол төлбөр нэхэмжлээгүй, гомдол саналгүй гэсэн болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан ногоон өнгийн иштэй атвёрк 1 ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон хөвөн, хараа нэртэй 0.75 литрийн архины шил 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дундговь аймгийн Шүүхийн тамгын газарт шилжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ариунболор нь учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж, Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Дорждэрэмд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн байна.
Шүүгдэгч Ж.Дорждэрэм, түүний өмгөөлөгч Д.Долгорсүрэн нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Өмгөөлөгч Д.Долгорсүрэн, иргэн Ж.Дорждэрэм бид Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2021/ШЦТ/116 дугаартай шийтгэх тогтоолыг тус шүүхийг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
Тус шүүх нь Ж.Дорждэрэмд холбогдох 2122000000125 тоот эрүүгийн хэргийг шийдвэрлэхдээ шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 8 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосон юм. Мөн тогтоолдоо хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ариунболорыг хохирол төлбөр нэхэмжлээгүй, гомдол саналгүй гэснийг дурдсан.
Ж.Дорждэрэм нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эхнээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч ирсэн ба бид анхан шатны шүүхэд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулж өгөхийг хүссэн боловч хүлээж авсангүй.
Бид анхан шатны шүүхийг дээрх шийдвэрийг гаргахдаа Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсгийг буруу тайлбарлаж, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсгийг “хүний амь нас хохирсон гэмт хэрэгт хэрэглэхгүй” гэсэн зохицуулалт Эрүүгийн хуульд байхгүй, харин “хорих ялын дээд хэмжээг 12 жил, эсхүл 15 жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг”-т хэрэглэхээр заасан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ариунболор хохирол төлбөр нэхэмжлээгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаараа удаа дараа мэдүүлж тайлбарласан байдаг.
Иймд Ж.Дорждэрэмийн хувийн байдал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн санал, өндөр настай ээжийнх нь ирүүлсэн хүсэлт, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4, 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсгүүдэд зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсгийг хэрэглэн оногдох ялыг хөнгөрүүлж өгнө үү гэжээ.
Шүүгдэгч Ж.Дорждэрэм давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Гомдлоо дэмжиж байна. Ийм хэрэг үйлдсэндээ маш их харамсаж гэмшиж байна. Хөгшин настай ээжийг минь бодож ялыг минь багасгаж өгнө үү гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Долгорсүрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Гаргасан гомдлоо бүрэн дэмжиж байна. Энэ нэг гэр бүлийн төрсөн ах дүүгийн дунд болсон хэрэг. Хохирол төлбөрийн асуудал дээр ээж нь шүүхэд хүсэлт өргөдөл өгсөн. Ийм ийм зардал гарсан гэх баримт гаргаж өгөх нь зохимжгүй байсан учир баримтаа гаргаж өгч чадаагүй. Ийм байдлыг харгалзаж үзнэ гэж хүсэж байна. Өөрсдийнхөө зүгээс талийгаачийн 3 хүүхдүүдийг харж, хандаж явна. Одоо ч нэг хашаанд орж гарч хамт амьдарч байгаа. Ийм учраас Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар Ж.Дорждэрэмд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын доод хэмжээг гуравны хоёроос багагүйгээр оногдуулж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.
Прокурор Б.Саруул-Ирээдүй давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч Ж.Дорждэрэмд холбогдох мөрдөн шалгах ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 2-т заасан нотолбол зохих байдлыг бүрэн тогтоосон байна. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Иймд анхан шатын шүүхийн 2021 оны 11 дугаар сарын 22-ны өдрийн 116 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Ж.Дорждэрэм нь 2021 оны 08 дугаар сарын 29-ний өдөр согтуугаар Дундговь аймгийн Гурвансайхан сумын 5 дугаар баг, Чингийн 8-13 тоот хашаанд өөрийн төрсөн ах Ж.Чимэд-Ойдовын чээжин тус газарт ногоон өнгийн иштэй атвёркоор хатгаж хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ариунболорын: “...Ууганбаярын төрсөн дүү Санжаасүрэн хойд хаалгаар ороод иртэл манай нөхөр дотуур хувцастай дээшээ хараад хэвтчихсэн харин Дорждэрэм болохоор дээр нь суучихсан чээж рүү нь цохиод байгаа харагдсан. Тэгээд Санжаасүрэн очоод Дорждэрэмийг нөхрийн дээрээс “яагаад байгаа юм бэ” гээд татаад авсан нөхөр босоод ирсэн чинь чээж нь цус болчихсон байхаар нь юу болов оо, та чинь яаж байгаа юм бэ гэж хэлтэл нөхөр юу ч дуугараагүй буцаад саваад арагшаа унахаар нь яаж байна гээд түргэн дуудсан. Тэгсэн түргэн тусламжаар Дашням, Амарсайхан эмч хоёр ирж үзээд нас барсан байна гэж хэлсэн. Хүнээ үхүүлсэн хүн гомдолтой байна. Хуулийн дагуу шийдэж өгнө үү” гэх мэдүүлэг /хх28- 30/
Гэрч Ц.Ууганбаярын “...гэртээ хариад гагнуур хийгээд байж байхад талийгаачийн эхнэр Ариунболор гадаа ирээд “Дорждэрэм ирээд агсам тавиад байна” гэхээр нь дүү Санжаасүрэнг очоод ир гээд явуулсан. Тэгсэн хүн хашхирах шиг болохоор нь талийгаачийн хашаанд ороод очтол талийгаач гэрийнхээ зүүн урд талд дээшээ хараад хэвтсэн, чээж нь цус болчихсон байсан. Дүү болохоор Дорждэрэмийн хоёр гарыг нь барьчихсан хашхирч орилоод сууж байсан. Би талийгаачийн биед юугаар гэмтэл учруулсныг мэдэхгүй, дүү Санжаасүрэн хэлэхдээ “Дорждэрэм ахын гарт нь нэг юм байсан, юу байсан талаар мэдэхгүй, гараас нь аваад шидсэн гэж л хэлсэн” гэх мэдүүлэг/хх35-36/
Насанд хүрээгүй гэрч Ц.Санжаасүрэнгийн “...зүүн гэрийн зүүн урд талд талийгаач газар дээшээ хараад хэвтчихсэн, дээр нь Дорждэрэм ах гараад суучихсан байхаар нь сандарч очоод Дорждэрэмийг шууд арагш нь татаж түлхэж унагасан. Тэгсэн гарт нэг юм харагдахаар нь гараас нь булааж аваад шидсэн. Гарт нь яг юу байсныг би сайн санахгүй байна. Тэгээд цааш нь болсон үйл явдлыг би сайн санахгүй байна. Сүүлд харж байхад талийгаачийн чээжин дээр цус болсон байгаа харагдсан. Дорждэрэм нэлээн их согтуу байсан. ...” гэх мэдүүлэг /хх-39-40/
Гэрч Т.Гүндсамбын “...талийгаачийн гэрийн зүүн урд талд талийгаач газар дээшээ хараад хэвтчихсэн, Санжаасүрэн Дорждэрэмийг дараад суучихсан “гүрээг нь ханачихлаа ш дээ” гээд Санжаасүрэн орилоод байсан. Чимэд-Ойдовоос нэг их цус гарч байгаа харагдаагүй чээжээр нь цус болчихсон байсан. Ууганбаяр, Ариунболор нар бас хажууд нь байсан. Намайг гэрээс гарахад Дорждэрэм гэрт үлдсэн юм. Жорлон орох гээд явсан хойгуур талийгаач хүү Чимэд-Ойдовын гэрт ороод авч гарч ирсэн юм байна лээ. Уг нь намайг жорлон руу явж байхад талийгаач гэрийн гадаа байгаа харагдаагүй. ...Чимэд-Ойдовын биед гэмтэл шарх байсан үгүйг мэдэхгүй ээ” гэх мэдүүлэг /хх 42-44/
Гэрч Ц.Цогтын “...Хараа нэртэй 0.5 литрийн архи Отгонбаатар, Дорждэрэм ах бид гурав хувааж уусан. Архиа дуусгаад Дорждэрэм холдохгүй гээд гараад явсан. Бид гурвын хооронд хэрэлдэж маргалдсан зүйл огт байхгүй. Биед ил харагдах гэмтэл шарх байгаагүй.” гэх мэдүүлэг /хх-50/
Гэрч О.Амарсайханы “...2021 оны 08 сарын 29-ний орой 20:05 минутад миний 86998389 дугаар руу 89687444 дугаараас “Дэрмээ согтуу ирээд Ойдов ахын чинь чээжин хэсэг рүү нь атвёрк зоочихлоо. Чээжнээс нь цус гараад уначихсан огт хөдлөхгүй байна” гэсэн дуудлага өгсөн. Дуудлагын дагуу би Чингийн 8-13 тоот болох хашаанд нь очсон. Очиход гэрийнхээ зүүн урд талд, толгой нь баруун урагшаа, хөл нь зүүн хойшоо харсан байдалтай 2 гараа дэлгээд дээшээ хараад унасан байсан. Чээжин хэсэг дээр нь цус нөжирч урссан байсан. Тэгээд гүрээний лугшилт мэдэрч, хүүхэн хараа гэрлийн урвал харсан, зүрхний цохилт чагнаж, даралт хэмжиж үзэхэд тодорхойлох амин үзүүлэлт байгаагүй, нас барсан байсан. ...” гэх мэдүүлэг /хх-55/ гэх мэдүүлгүүд,
Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 42 дугаартай дүгнэлт /хх-82-87/,
“...Ж.Дорждэрэмийг сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай болохыг тогтоосон. ...” Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн, Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээч нарын 2021 оны 09 сарын 13-ний өдрийн 703 дугаартай дүгнэлт /хх-102-103/, хэргийн газарт болон цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 5-14/ болон анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ж.Дорждэрэмийг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсгийг хэрэглэн оногдох ялыг хөнгөрүүлж өгнө үү гэх давж заалдах гомдол гаргажээ.
Эрүүгийн хуулийн Аравдугаар бүлэгт заасан “Хүний амьд явах эрхийн эсрэг” гэмт хэргүүдийн хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт этгээдийн гэм буруугийн хэлбэр, хор уршигт хүргэсэн шалтгаант холбоо зэрэг нь тухайн гэмт хэргийн шинжийг тодорхойлох гол хүчин зүйлс болдог.
“Хүнийг санаатай алах гэмт хэрэг” нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байна.
Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэгт гэмт этгээдийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байгаа эсэх, түүний улмаас үр дагавар үүссэн эсэх нөхцлийг зайлшгүй шаарддаг.
Амь хохирогч Ж.Чимэд-Ойдовын цогцост задлан шинжилгээ хийсэн Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 42 дугаартай дүгнэлтээр “Талийгаачийн цогцост Чээжний зүүн дээд хэсэгт 1, 2-р хавирганы завсраар, өвчүү орчмын шугамаар чээжний хөндий рүү нэвтэрч гол судасны нум хэсгийг хатгаж, үнхэлцгийн хөндийд орж төгссөн 9 см гүн хатгагдсан шарх, үнхэлцгийн хөндий дэх сул цус 250 мл, зүрхний чихэлдэлт, чээж, зүүн шуунд язарсан шарх, шуу, бугалга, өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх зулгарсан болон хатгагдсан шарх нь 3-5x1-2 мм талбай бүхий хэмжээтэй хатуу ирмэг бүхий үзүүртэй 8-10 см урттай нарийн зүйлээр үүссэн байх боломжтой. Тухайн гэмтлүүд нь амьд байх үед үүссэн гэмтэл байна. Биед учирсан гэмтэл нь шууд үхэлд хүргэж байгаа тул гэмтлийн зэрэг тогтоохгүй. Амь хохирогч нь үнхэлцгийн хөндийд цус хурсны улмаас зүрх чихэлдэж нас барсан. ...” гэжээ.
Дээрх байдлаас дүгнэхэд, амь хохирогч Ж.Чимэд-Ойдовын биед учирсан гэмтэл нь шүүгдэгч Ж.Дорждэрэмийн атвёркоор хатгах үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байх бөгөөд уг гэмтлийн улмаас амь хохирогчийг шууд үхэлд хүргэсэн байна.
Иймээс ялыг хөнгөрүүлэх талаар маргасан шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.
Анхан шатны шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан 8 жил 6 сарын хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.
Мөн анхан шатны шүүхийн “шүүгдэгч Ж.Дорждэрэмийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон нь амьд явах эрх дахин сэргэх, амь нас хохирсон хор уршиг арилах боломжгүй юм” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Долгорсүрэн, шүүгдэгч Ж.Дорждэрэм нарын “хорих ял хөнгөрүүлэх тухай” гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ Ц.ОТГОНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Ш.ТӨМӨРБААТАР
Х.ГЭРЭЛМАА
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОТГОНЦЭЦЭГ
ШҮҮГЧ Ш.ТӨМӨРБААТАР
ШҮҮГЧ Х.ГЭРЭЛМАА