Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 128/ШШ2023/0620

 

 

 

 

 

 

 

   2023            08              14                                    128/ШШ2023/0620

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Д.Чанцалням даргалж, шүүгч Л.Батбаатар, шүүгч Д.Халиуна нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д.Б*******

Хариуцагч: У,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.А*******,

Гуравдагч этгээд Б.Б*******,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М******* нарын хоорондын “Иргэн Б.Б*******ын нэр дээр эрхийн улсын бүртгэлийн Ү-2******* дугаартай үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон бүртгэлийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Номинзул, нэхэмжлэгч Д.Б*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Ж*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А*******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М*******, иргэдийн төлөөлөгч Г.М нарыг оролцуулав.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Д.Б******* нь нэхэмжлэлийн шаардлагаа “Иргэн Б.Б*******ын нэр дээр эрхийн улсын бүртгэлийн Ү-2******* дугаартай үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон бүртгэлийг хүчингүй болгуулах” гэж тодорхойлжээ.

Нэхэмжлэгч нь маргаан бүхий актыг 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Б******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс мэдэж, Ут бүртгэлийг хүчингүй болгуулах талаар гомдол гаргасан боловч 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр тоот албан бичгээр шүүхэд хандаж шийдвэрлүүлнэ үү гэсэн хариу ирж, 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

Маргаан бүхий акт нь дараах үндэслэлээр хууль бус. Үүнд:

Уг орон сууцыг 2005 онд “Г******* ” ХХК-тай байгуулсан захиалгын гэрээний дагуу худалдаж авсан, 2005 оноос хойш өнөөдрийг хүртэл амьдарч байгаа,

2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Б******* дүүргийн эд хөрөнгийн бүртгэлийн газарт хүсэлт гаргаж, урьдчилсан тэмдэглэгээ хийлгэснээс хойш дээрх бүртгэл хийгдсэн гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Ж******* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...Захиргааны байгууллага бүртгэл хийхдээ Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх хэсэгт заасан бүртгэл үнэн, зөв байх, 3.1.5 дугаар зүйлд заасан нотлох баримтад тулгуурлан хуульд заасан журмын дагуу батлах, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2011 оны 38 дугаар тушаалаар баталсан Эд, хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмыг зөрчсөн гэж үзэж байгаа

1 дүгээр хавтаст хэргийн 34 дүгээр хуудсанд нэхэмжлэгчийн урьдчилсан тэмдэглэгээг хийлгэсэн баримт байгаа. 2018 он 01 дүгээр сарын 05-ны өдөр хүсэлт гаргасан. Энэ хүсэлтийн дагуу урьдчилсан тэмдэглэгээ хийлгэснийг Улсын бүртгэлийн газрын 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн тоот тайлбарт ...энэ бүртгэл хигдсэн байна. Бүртгэгч н.А нь хууль зөрчиж бүртгэл хийсэн. Урьдчилсан тэмдэглэгээ хүчингүй болоогүй байна гэсэн тайлбар өгсөн. н.А бүртгэгч нь дээр дурдсан хууль болон журмыг зөрчсөн гэдгийг хариу тайлбараараа зөвшөөрсөн байдаг.

Нэхэмжлэгч нь энэхүү асуудлаар маргаан гарсан тул Б******* дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр урьдчилсан тэмдэглэгээ хийлгэж бүртгүүлсэн. 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн У хариу тайлбартаа Б*******, 4-р хороо с хотхон, г*******-32 байр 12 тоот 2 өрөө үл хөдлөх хөрөнгөд 2018 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн бүртгэл дээр иргэн Д.Б******* урьдчилсан тэмдэглэгээ хийлгүүлсэн байна. Энэхүү урьдчилсан тэмдэглэгээ нь хуульд заасан үндэслэлийг хангаагүй боловч тэмдэглэгээ хийлгэх үндэслэл нь болсон байна гэж зөвшөөрсөн.

Ямар үндэслэлийг хангаагүй гэвэл улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй гэсэн зүйл хэлдэг. Урьдчилсан тэмдэглэгээ нь хуульд заасан үндэслэлийг хангаагүй боловч урьдчилсан тэмдэглэгээ хийх үндэслэл болно гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа дурдсан байгаа.

Хариуцагчийн зүгээс урьдчилсан тэмдэглэгээ хүчинтэй байна гэж мэдэгдсэний дараа 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Ү- дугаартай үл хөдлөх өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон нь хууль бус гэж үзэж байна. Хүсэлт гаргаж, хуулийн дагуу урьдчилсан тэмдэглэгээ хийсэн байхад тухайн оны 10 дугаар сарын 15-ны өдөр Ү- дугаартай үл хөдлөх өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон.

Улсын тэмдэгтийн хураамж төлөх эсэх асуудал нь 2018 он 11 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Харин нэхэмжлэгч 2018 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр урьдчилсан тэмдэглэгээ хийлгэсэн. Тэнд зөвхөн хөлс төлөх асуудал байсан. Хөлс төлөх асуудал нь лавлагаа өгөхөд хөлс авах тухай байсан. 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш үйлчилсэн хуульд улсын тэмдэгтийн хураамж гэх үг орж ирсэн. Энэ заалт нь манайд хамааралгүй хойно гарч ирсэн заалт байгаа.” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А******* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...Урьдчилсан тэмдэглэгээ манай дээр хууль журмынх нь дагуу хийгдээгүй байгаа. Мөн захиалгын гэрээ нь манай байгууллага дээр эх хувиараа ирээгүй. Эх хувиар нь гаргаж өгөөч гэхэд хуулбарласан хувь үзүүлж, миний өмчлөл гэдэг. Урьдчилсан тэмдэглэгээ хийлгэсэн гэдгээр яваад байгаа. Нэхэмжлэгч талаас дурдаж байна. Манай байгууллагын зүгээс хуульд нийцээгүй гэсэн хариу өгсөн байхад өмгөөлөгч нь хийсэн гэж ойлгоод байна.” гэв.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М******* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...Б.Б******* нь орон сууцыг хуулийн дагуу Г******* констракшин ХХК-тай гэрээ байгуулж тохиролцооны дагуу мөнгө төлөөд зохих бичиг баримтаа бүрдүүлээд өмчлөх эрхийн гэрчилгээгээ авсан байгаа.

Нэхэмжлэгчийн ямар эрх ашиг хангагдах гэж байгаа нь тодорхой биш. Хэрэв гэрээ байгуулсан, гэрээ нь эх хувиараа байгаа бол өнөөдрийн энэ асуудал үүсэхгүй байсан.

Өнөөдрийг хүртэл амьдарч байгаа гэдэг нь тухайн байрыг өмчлөх үндэслэл биш. Олон жил амьдарч байсан учраас цахилгааны мөнгө төлж байсан зэрэг нь өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулах үндэслэл биш юм.

Тэмдэгтийн хураамжийг 2015 оноос хойш төлдөг байсан. Хуульд нийцээгүй боловч шаардлага хангаж байна гэж юу яриад байгаа юм бэ? Хуульд нийцээгүй л бол хуульд нийцээгүй. Тэр урьдчилсан тэмдэглэгээ хуульд нийцээгүй байгаа учраас хууль бус.

Бүртгэл үнэн зөв байх. Хуульд заасан журмыг баримтлах гэж заасан байгаа. Б.Б*******ыг бүртгэсэн бүртгэл нь хуульд заасан хэмжээнд байгаа. Б.Б*******ын гэрчилгээг хүчингүй болголоо гэж бодоход Д.Б******* яаж гэрчилгээ авах юм бэ? Эрх ашиг нь яаж хангагдах юм бэ? Ямар ч нотлох барим байхгүй. Энэ хүний эрх ашиг зөрчигдөхгүй байгаа. Үнэн, зөв байх гэдэг нь Б.Б*******ын бүртгэл үнэн, зөв хийгдсэн эсэх талаар асуудал яригдана.

Урьдчилсан тэмдэглэгээ өнөөг хүртэл хүчинтэй байна гэж тайлбарлаж байна. Одоогийн мөрдөгдөж байгаа хуулиар урьдчилсан тэмдэглэгээг өөрөөр зохицуулж байгаа. Урьдчилсан тэмдэглэгээ хийлгэх хугацаа нь 30 хоног байдаг. 30 хоног өнгөрсний дараа хүчингүй болдог гэж би ойлгож байгаа. Хэрэв хийлгэсэн юм бол хүчингүй болсон юм байна.” гэв.

Иргэдийн төлөөлөгч Г.М шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Нэхэмжлэгч талын зөв гэж үзэж байна.” гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүхээс болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судлаад, маргаан бүхий захиргааны актыг түдгэлзүүлж шийдвэрлэв.

Нэхэмжлэгчээс “...2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Б******* дүүргийн эд хөрөнгийн бүртгэлийн газарт хүсэлт гаргаж, урьдчилсан тэмдэглэгээ хийлгэснээс хойш дээрх бүртгэл хийгдсэн байхад бусдад үл хөдлөхийг гэрчилгээ олгосон бүртгэл хууль бус...гэж, хариуцагчаас “...хуульд заасан шаардлага хангаагүй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2011 оны 38 дугаар тушаалаар баталсан “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам” зөрчиж хийгдсэн тэмдэглэл…” гэж маргажээ.

Нэхэмжлэгч Д.Б******* нь Б******* дүүрэг, 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах тоот 36 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны 32/12 дугаар Орон сууц захиалгын гэрээг “Г******* ” ХХК-тэй нэхэмжлэгч Д.Б*******ын нэрээр түүний эгч Д.О хийсэн, тухайн үед Д.Б******* нь Бүгд Найрамдах Солонгос Улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж, Д.Огаар дамжуулан байрны төлбөрийг төлсөн гэж тайлбарлаж,

Д.Б*******ын “Г******* ” ХХК-тай байгуулсан 2005 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн Орон сууц захиалгын 32/12 тоот гэрээ /нийт үнэ 11.880 ам.доллар/, уг гэрээний хавсралт болох төлбөрийн хүснэгт /11.385.000 төгрөгийн төлбөр хийгдсэн тэмдэглэгээтэй, компанийн санхүүгийн тамга дарагдсан/, Улсын ерөнхий прокурорын газрын Эрүүгийн хэргийн төв архиваас ирүүлсэн 32 айлын орон сууцны захиалга /12 тоот орон сууцны захиалагч Д.Б*******/ гэсэн баримтууд авагдсан байна.

Дээрх баримтуудаас үзвэл нэхэмжлэгчийг маргаан бүхий байрыг эзэмших эрхгүй гэж шууд дүгнэх боломжгүй нөхцөл байдал үүссэн байх бөгөөд хариуцагчийн журам зөрчиж хийгдсэн гэх урьдчилсан тэмдэглэгээ өнөөдрийг хүртэл хүчингүй болгоогүй, өөрөөр хэлбэл тухайн үед улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй гаргасан мэдүүлгийг үндэслэн “улсын бүртгэгч бүртгэв” гэсэн тэмдэглэгээ болон улсын бүртгэгчийн хувийн дардас дарагдаагүй байсан гэж тайлбараар нэхэмжлэгчийг урьдчилсан тэмдэглэгээ огт хийлгээгүй гэж үзэх үндэслэлгүй байна.

Учир нь тэмдэглэгээ хийгдсэн гэж үзэх итгэл үнэмшил төрөх үйлдлийг захиргааны байгууллагаас гаргасан байх бөгөөд энэ тал дээр нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй байна.

Мөн хариуцагчийн зүгээс урьдчилсан тэмдэглэгээ журам зөрчсөний улмаас хийгдээгүй гэж буцаасан үйл баримт тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2011 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 38 дугаар тушаалаар баталсан Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам-ын 8 дугаар зүйлийн 8.12-т Шинээр баригдаж байгаа барилга байгууламжийн тодорхой хэсгийг нийтийн орон сууцны болон бусад зориулалтаар өмчлөхөөр захиалан гэрээ хийж, хөрөнгө оруулсан иргэн, хуулийн этгээд нь урьдчилсан тэмдэглэгээ хийж болно.

Энэ тохиолдолд мэдүүлгийг захиалга өгсөн хөрөнгө оруулагчийн нэрээр гаргах бөгөөд мэдүүлэгт дараах баримт бичгийг хавсаргана, 8 дугаар зүйлийн 8.13-т .... зөвхөн тухайн шинээр баригдаж байгаа барилгад улсын бүртгэлийн дугаар өгч, хувийн хэрэгт тухай бүр бичилт хийж, гэрээнд болон улсын бүртгэгчийн хувийн дугаар бүхий тэмдгийг дарж, гэрээний хувийг мэдүүлэг гаргагчид буцаана.

Энэ тохиолдолд улсын бүртгэгч тухайн эд хөрөнгийн нутаг дэвсгэрийн харьяаллаар дэвтэр /Маягт Б-2/-Т тусгайлан тэмдэглэл хөтөлнө, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль-ийн 9 дүгээр зүйлд заасан тэмдэгтийн хураамж төлөөгүй мэдүүлгийг хүлээж авч бүртгэсэн нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам-ын 2.1.1 дэх хэсгийг тус тус зөрчсөн гэх тайлбарыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргаж байгаа хэдий ч  шаардлага хангасан эсэхээс үл хамаарч нэхэмжлэгчээс 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Б******* дүүргийн Эд хөрөнгийн бүртгэлийн газарт хандаж урьдчилсан тэмдэглэгээ хийлгэх хүсэлт гаргасан, хариуцагчийн зүгээс тэмдэглэгээ хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрдөг, урьдчилсан тэмдэглэгээг хууль, журамд нийцүүлж хийх нь хариуцагчийн үүрэг бөгөөд магадгүй шаардлага хангаагүй хүсэлт гаргавал тухайн үед нь буцаах, шаардлага хангуулж авах боломж байжээ.

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлд эрхийн улсын бүртгэл үнэн зөв байх зарчим, мөн зүйлийн 7.6 дахь хэсэгт “Эрхийн улсын бүртгэлийг давхардуулж, эсхүл хуурамч баримт бичигт үндэслэн хийсэн, түүнчлэн гэрчилгээг хуурамчаар үйлдсэн бол ерөнхий бүртгэгчийн шийдвэрээр тухайн бүртгэлийн хөдөлгөөнийг түдгэлзүүлж, эрх бүхий байгууллагад шилжүүлж шалгуулна”, 14 дүгээр зүйлийн 14.1.1 дэх хэсэгт “мэдүүлэг гаргагч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч гэдгийг баттай нотлох баримт байхгүй бол улсын бүртгэгч мэдүүлгийг хүлээн авахаас татгалзаж, ийнхүү татгалзсан үндэслэлийг мэдүүлэг гаргагчид тайлбарлан, холбогдох материалыг буцааж өгөх”-өөр, 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсэгт “Мэдүүлэг, түүнд хавсаргасан баримтад энэ хуулийн 14.1-д заасан үндэслэл илэрвэл улсын бүртгэгч нь бүртгэхээс татгалзаж, мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичгийг татгалзсан үндэслэлийн тайлбарын хамтаар мэдүүлэг гаргагчид буцаах”-аар, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8 дахь заалтад “улсын бүртгэлд өмнө нь бүртгэгдсэн эрх нь хүчинтэй байхад дахин бүртгэж, гэрчилгээ олгохыг хориглох”-оор тус тус заажээ.

Дээрх хуулийн заалтуудаас үзвэл эрхийн улсын бүртгэлийг нэг үл хөдлөх эд хөрөнгөд давхар хийхгүй бөгөөд бүртгэхэд үндэслэл болсон мэдүүлэгт хавсаргаж ирүүлсэн баримт нь хуурамч, алдаа мадагтай бол тухай бүртгэлийг түдгэлзүүлж, эрх бүхий этгээдээр шалгуулах, мөн бүртгүүлэхийг хүссэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болохыг баттай нотлох баримтгүй бол мэдүүлэг гаргагчид буцаахаар заасан бөгөөд хэрэгт авагдсан баримтуудаар урьдчилсан тэмдэглэгээ хийгдсэн үл хөдлөх эд хөрөнгөд давхар бүртгэл хийгдсэн эсэхийг шалгах үүрэг нь захиргааны байгууллагад байна.

Иймд нэхэмжлэгч Д.Б******* 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Б******* дүүргийн эд хөрөнгийн бүртгэлийн газарт урьдчилсан тэмдэглэгээ хийлгэх хүсэлт гаргасныг татгалзаж, буцаасан эсэх, үүнтэй холбоотойгоор маргаан бүхий бүртгэлийг түдгэлзүүлэх, цаашид маргаан бүхий бүртгэлийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг тодруулах шаардлагатай, энэ талаар шүүхийн шинжлэн судлах хүрээнээс хэтэрсэн байх тул захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл хугацаагаар эрхийн улсын бүртгэлийн Y-2******* дугаартай үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон бүртгэлийг түдгэлзүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Түүнчлэн шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Г.Маас “...Нэхэмжлэгч талын зөв гэж үзэж байна.” гэх агуулгаар дүгнэлт гаргасан бөгөөд иргэдийн төлөөлөгчийн гаргасан дүгнэлт нь дээрх үндэслэлүүдээр хангагдах үндэслэлгүй байгааг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11-т заасныг баримтлан ТОГТООХ нь:

1. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 7 дугаар зүйлийн 7.6, 14 дүгэр зүйлийн 14.1.1, 15 дугаар зүйлийн 15.4, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлага болох Иргэн Б.Б*******ын нэр дээр эрхийн улсын бүртгэлийн Ү-2******* дугаартай үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон бүртгэлийг хэргийн нөхцөл байдлыг тодруулж, хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт заасныг баримтлан шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий бүртгэл түүнд үндэслэн олгосон гэрчилгээнүүд хүчингүй болсонд тооцохыг хариуцагчид мэдэгдсүгэй.

3 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Д.ЧАНЦАЛНЯМ

                                                    ШҮҮГЧ                       Л.БАТБААТАР

                                                    ШҮҮГЧ                       Д.ХАЛИУНА