Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 59

 

 

 

 

 

 

 

 

2019        05         09                                    59

 

 

А-гийн нэхэмжлэлтэй хариуцагч

“Р” ХХК-д холбогдох иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 142/ШШ2019/00288 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: А-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: “Р” ХХК-д холбогдох,

Р ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/236 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Р ХХК-ийн санхүү, эдийн засгийн хэлтсийн даргын үүрэгт ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 6.701.504 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э, хариуцагчийн өмгөөлөгч Н нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Сарантуул, хариуцагчийн өмгөөлөгч Н, нарийн бичгийн дарга Ө.Оюумаа нар оролцов.

Нэхэмжлэгч А- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие А- нь 2015 оны 8 дугаар сарын 27-нд компаний ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд томилогдоод хөдөлмөрийн гэрээг компаний гүйцэтгэх захирал Т-тэй байгуулсан. Дараа нь 2018 оны 05 дугаар сарын 23-нд компаний ТУЗ-ийн дарга Э нь санхүү эдийн засгийн хэлтсийн даргын ажил үүргийг гүйцэтгэх хөдөлмөрийн гэрээг тус тус надтай байгуулсан. 2018 оны 06 дугаар сарын 13-нд компаний гүйцэтгэх захирлаар Л ажиллах болсон. Тэрээр сум дундын шүүх болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн тогтоогдсон юм. 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/356 тоот гүйцэтгэх захирал Эын тушаалаар хөдөлмөрийн хуулийн-37 дугаар зүйл, 43 дугаар зүйл, мөн компаний гүйцэтгэх захирлын зөвлөлийн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн хурлын шийдвэрийг үндэслэн ерөнхий нягтлан бодогчийн ажилд тавигдах мэргэжлийн шаардлагыг ханган ажиллах чадваргүй, компанийн хэвийн үйл ажиллагаа, ажилтан хамт олонд үйлчлэх санхүүгийн ажиллагаанд удаа дараалан, хүндрэл чирэгдэл учруулж ирсэн нь цаашид ажиллуулах нөхцөл алдагдсан тул гэсэн нөхцөлөөр санхүү, эдийн засгийн хэлтсийн даргын үүрэгт ажлаас халлаа. Энэхүү ажлаас халж буй үйл процесс нь хуулийн үндэслэл муутай байгаа бөгөөд надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасан ажил олгогчийн зүгээс гэрээг цуцлах үндэслэлийг бий болгоогүй. Иймд 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/356 тоот тушаалыг хүчингүй болгож урьд эрхэлж байсан Р ХХК-ийн санхүү, эдийн засгийн хэлтсийн даргын үүрэгт ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны үндсэн цалин 21.752.000*2=4.201.504 төгрөг болон урамшуулалт цалин жилийн эцсийн ажлын үр дүнгийн урамшуулал буюу 13-р сарын цалинг 2.500.000 төгрөг буюу нийт 6.701.504 төгрөгийг хэрэг хянан шийдвэрлэх хүртэл хугацаагаар тооцон гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Р ХХК-ийн гүйцэтгэх захирал Б 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр А-тай Ерөнхий нягтлан бодогчийн орон тоо буюу ажлын байранд Хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулсан байна. Гэтэл түүнтэй тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Э 2018 оны 05 дугаар сарын 23-нд компанийн Санхүү, эдийн засгийн хэлтсийн даргын орон тоо буюу ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулснаар 2017 оны 03 дугаар сарын 15-ны гэрээ дуусгавар болжээ. Компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга нь ажилтан А-тай хөдөлмөрийн гэрээ байгуулах замаар Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлд заасан эрх бүхий албан тушаалтан буюу гүйцэтгэх удирдлагын эрхийг хэрэгжүүлсэн нь Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлд заасан Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэн эрхийн хүрээнд бус бөгөөд мөн хуулийн 83, 84 дүгээр зүйлд заасан гүйцэтгэх удирдлагын чиг үүргийг Төлөөлөн удирдах зөвлөл хэрэгжүүлсэн нь Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйл, 83, 84 дүгээр зүйл, компанийн дүрмийн 8 дугаар зүйлийн 8.7.7, 11 дүгээр зүйлийн 11.1 дэх заалтыг тус тус зөрчсөн байх тул А-тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээг 2018 оны 11 дүгээр сарын 28-ны Б/356 тоот тушаалаар дуусгавар болгосон нь үндэслэлтэй. Иймд иргэн А-гийн нэхэмжлэлтэй Р ХХК-д холбогдох иргэний хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 142/ШШ2019/00288 дугаар шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч А-г Р ХХК-ийн санхүү, эдийн засгийн хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоож, А-гийн ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 3.557.062 төгрөг /гурван сая таван зуун тавин долоо мянга жаран хоёр төгрөг/-ийг хариуцагч Р ХХК-иас гаргуулан нэхэмжлэгч А-д олгож, нэхэмжлэлээс 3.144.442 /гурван сая нэг зуун дөчин дөрвөн мянга дөрвөн зуун дөчин хоёр/ төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.5.-д зааснаар уг нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар хариуцагч Р ХХК-иас 142.062 /нэг зуун дөчин хоёр мянга жаран хоёр/ төгрөг гаргуулж төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э, хариуцагчийн өмгөөлөгч Н нар давж заалдсан гомдолдоо:

Хариуцагч Р ХХК нь А-г тус компанийн дэргэдэх үйлдвэрчний эвлэлийн хорооноос удаа дараа ирүүлсэн санал шаардлагыг үндэслэн Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 1.4 дэх заалт, Үйлдвэрчний Эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийг үндэслэн Санхүү, эдийн засгийн хэлтсийн даргын үүрэгт ажлаас халсан бөгөөд анхан шатны шүүх А- нь ажилтнуудын хөдөлмөрлөх эрхийг хохироосон гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж ажилд нь эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 3.557.062 төгрөгийг гаргуулан түүнд олгохоор шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна. Үүнд: А- нь Р ХХК-ийн ажиллагсдын тарифт цалинг нэмэгдүүлэх, холбогдох журмын дагуу цалин, урамшууллыг бодож олгохгүй, энэ талаар Үйлдвэрчний эвлэлийн байгууллагаас эрхийнхээ хуулийн 5 дугаар зүйлд заасны дагуу тавьсан хууль ёсны шаардлагыг үл тоодог, Үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажилтнууд болон бусад захиргааны ажиллагсадтай зүй бусаар харьцдаг зэргээр Үйлдвэрчний эвлэлээс гишүүд ажилчдын эрхийг хамгаалахад зүй бусаар саад хийж байгаа болох, энэ байдалд нь хариуцлага тооцохыг шаардсан шаардлага, захиргааны ажилтны хурлын тэмдэглэл зэрэг баримтууд хэрэгт авагдсан байгаа. Нэхэмжлэгч А-гийн зүгээс хариуцагчийн гаргасан энэхүү нотлох баримтыг няцаасан баримт гаргаагүй байна. Энэ нь шүүх нотлох баримтыг тал бүрээс нь, эргэлзээгүй талаас нь үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн зарчмыг биелүүлээгүй гэж үзнэ. Компанийн тухай хууль, Р компанийн дүрэмд зааснаар гүйцэтгэх захирлыг компанийн ТУЗ-өөс томилж гэрээ байгуулах ба бүтцийн нэгж дэх ажлын байр буюу батлагдсан орон тоонд ажиллаж байгаа ажилтнуудтай Хөдөлмөрийн гэрээ байгуулах цуцлах эрх гүйцэтгэх захирлын эрх мэдэлд байдаг. Гэтэл А- нь энэ дагуу Гүйцэтгэх захирал Н.Батцэнгэлтэй 2017 оны 03 сарын 15-аас байгуулсан гэрээгээр ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан гэрээг дуусгавар болгож, Р ХХК-ийн ТУЗ-ийн дарга Д.Нэмэхбаяртай 2018 оны 5 сарын 23-аас Санхүү, эдийн засгийн хэлтсийн даргаар Хөдөлмөрийн гэрээ байгуулсан нь Компанийн тухай хуулийн 76, 83, 84 дүгээр зүйл, Компанийн дүрмийн 8 дугаар зүйлийн 8.7.7, 11 дүгээр зүйлийн 11.1 дэх заалтыг зөрчсөн, Гүйцэтгэх захирлын 2018 оны 11 дүгээр сарын 27-ны Б/236 тоот тушаал нь хууль бус хөдөлмөрийн гэрээний үйлчлэлийг зогсоосон байх тул А-д хууль зөрчсөн хөдөлмөрийн гэрээний үр дагавар шаардах эрх үүсэхгүй. Энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаж, хариуцагч хариу тайлбар гаргаж мэтгэлцээний үндэслэл болсон байхад шүүх хэргийн энэ нөхцөл байдал, мэтгэлцээнд дүгнэлт өгөөгүй байна. Р ХХК 2015, 2016 онд Орхон аймагтай байгуулсан Хамтын ажиллагааны хүрээнд хотын Орон сууцны фасадын ажлыг гүйцэтгэсэн байх ба энэ ажлын үед Орон нутгийг хөгжүүлэх сангаас санхүүжүүлсэн фасадын ажлын материалын үнэ 91.669.182 төгрөгийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас 2015 онд давхар авсан, 2016 онд гүйцэтгэсэн бодит ажлын гүйцэтгэлийг илүү тооцох замаар 41.159.947 төгрөгийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас илүү буюу нийт 132.829.129 төгрөгийг илүү авсныг хэрхэн юунд зарцуулсан, ашиглаж завшсан эсэх асуудал одоо Цагдаагийн байгууллагад шалгагдаж байна. Эдгээр бүх ажлын санхүүжилт, санхүүгийн баримтад А- хоёрдугаар гарын үсэг зурж зөвшөөрч гүйцэтгүүлж байсан байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр баримтыг шүүхэд гаргаагүй явдал нь гагцхүү гуравдагч этгээд Үйлдвэрчний эвлэлийн шаардлагатай холбоотойгоор А-гийн асуудал яригдсан, байгууллагын удирдлагын хувьд Үйлдвэрчний эвлэлийн дотоод үйл ажиллагаанд оролцож асуудалд хэрхэн хандсаныг нь нягтлах боломжгүй байсантай холбоотой байгааг шүүх харгалзан үзэх шаардлагатай. Энэ гомдлын 2 дахь хэсэгт заасан үндэслэл хангагдаж байгаа болох нь гүйцэтгэх захирлын 2018 оны 11 дүгээр сарын 27-ны Б/236 тоот тушаал хүчинтэй байгаа. Шүүх энэ тушаалыг хүчингүй болгох шаардлагагүй гэж дүгнэсэн явдлаар илэрнэ. Дээр дурдсан үндэслэлүүдээр А-гийн нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 11-ний 288 тоот шийдвэрийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү гэжээ.

                                             ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч А- нь Р ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/236 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Р ХХК-ийн санхүү, эдийн засгийн хэлтсийн даргын үүрэгт ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 6.701.504 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч байгууллагын төлөөлөгч зөвшөөрөхгүй маргажээ.

Нэхэмжлэгч А- нь Р ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 06 дугаар тогтоолоор “Р” ХХК-ийн санхүү эдийн засгийн хэлтсийн даргаар томилогдсон, 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр тус компаний төлөөлөн удирдах зөвлөлийн даргатай хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулсан байна.

“Р” ХХК-ийн захирлын 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/356 дугаар тушаалаар Компаний тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.4.1., 84.3., Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4., 43 дугаар зүйл, Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйл, “Р” ХХК-ийн гүйцэтгэх захирлын зөвлөлийн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн хурлын шийдвэр, зэргийг үндэслэн А- нь санхүү эдийн засгийн хэлтсийн даргын болон ерөнхий нягтлан бодогчийн ажилд тавигдах мэргэжлийн шаардлагыг хангаж ажиллах чадваргүй, компанийн хэвийн үйл ажиллагаа, ажилтан хамт олонд үйлчлэх санхүүгийн ажиллагаанд удаа дараа хүндрэл чирэгдэл учруулж ирсэн нь компанийн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хорооноос ирүүлсэн шаардлагаар тогтоогдсон цаашид үргэлжлүүлэн ажиллуулах нөхцөл алдагдсан үндэслэлээр “Р” ХХК-ийн санхүү эдийн засгийн хэлтсийн даргын үүрэгт ажлаас чөлөөлөгджээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд “Р” ХХК-ийн ҮЭХ нь “Р” ХХК-ийн гүйцэтгэх захиралд компаний Үйлдвэрчний эвлэлийн хорооны тэргүүлэгчдийн хуралдааны 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 03 тоот тогтоол, хурлын тэмдэглэл зэргийг хүргүүлсэн байх ба үүгээр санхүү эдийн засгийн дарга А- нарыг яаралтай сольж, мэргэжлээрээ олон жил ажилласан мэргэшсэн мэргэжилтнийг сонгон ажиллуулах талаар мэдэгдсэн, ажилтнуудын эрх ашигт холбогдуулан хэлтсийн даргыг чадавхжуулах, эсвэл хөдөлмөрийн эдийн засагчаар солих талаар шаардлага хүргүүлсэн байна.

Шүүх нэхэмжлэгч А-г ажлаас чөлөөлөхдөө зөвхөн тус компаний ҮЭХ-ны тэргүүлэгчдийн хурлын тогтоол хурлын тэмдэглэлийг үндэслэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, А-г хэлтсийн дарга болон нягтлан бодогчийн ажилд тавигдах мэргэжлийн шаардлагыг хангаж ажиллах чадваргүйг шалгаж тогтоосон баримтгүй, ажилчдын эрх ашгийг хохироосон байдлыг шалгаж тогтоохгүйгээр хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчсөн гэж дүгнэж А-г санхүү эдийн засгийн хэлтсийн даргын үүрэгт ажилд эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулж шийдвэрлэсэн нь хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2., 69.1.-д заасантай нийцжээ.

Ажил олгогч ажилтныг санхүү эдийн засгийн хэлтсийн даргын ажилд тавигдах мэргэжлийн шаардлагыг хангаж ажиллах чадваргүй санхүүгийн хэвийн үйл ажиллагаанд удаа дараа хүндрэл чирэгдэл учруулсан гэж үзэж байгаа бол түүний ажил мэргэжлийн ур чадварыг мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулж шийдвэрлэх учиртай ба зөвхөн компанийн дэргэдэх ҮЭХ-ны тэргүүлэгчдийн хурлын тогтоол тэмдэглэлийг үндэслэн ажлаас чөлөөлөх нь хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй, хууль зөрчсөн шийдвэр болно.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч болон өмгөөлөгчийн А- нь “Р” ХХК-ийн ТУЗ-ын дарга Д.Нэмэхбаяртай 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр санхүү эдийн засгийн хэлтсийн даргын албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулсан нь хөдөлмөрийн тухай хуулийн 76, 83, 84 дүгээр зүйл, компанийн дүрмийн 8 дугаар зүйлийн 8.7.7., 11 дүгээр зүйлийн 11.1-д заасныг зөрчсөн гэж давж заалдах гомдолд дурдан маргаж байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлөөлөн удирдах зөвлөлийн даргатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан нь хууль, дүрэм зөрчсөн гэх үндэслэлээр ямар нэг шаардлага хүсэлт гаргаж байгаагүй байна. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх зарчимтай тул энэ талаарх болон орон сууцны фассадын ажлын гүйцэтгэлтэй холбоотойгоор А-г цагдаагийн байгууллага шалгаж байгаа гэх гомдлыг /хэрэгт ямар нэгэн нотлох баримтаар авагдаагүй/ хүлээн авах боломжгүй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 142/ШШ2019/00288 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э, хариуцагчийн өмгөөлөгч Н нарын гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагч “Р” ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 142.062 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                 Б.ОЮУНЦЭЦЭГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                    Б.БАТТӨР

ШҮҮГЧ                                                                         С.УРАНЧИМЭГ