Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2026 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 2026/ШЦТ/77

 

2026            04           17                                       2026/ШЦТ/77

      

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                              Б.Саранзаяа,

Улсын яллагч                                                                        Н.Улсболд /томилолтоор/,

Шүүгдэгч                                                                   ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 2*******2000000128 дугаартай хэргийг 2026 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1974 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй,  ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Багануур дүүргийн 3 дугаар хороо ******* дугаар байрны 05 тоотод оршин суудаг,

Урьд Багануур дүүргийн шүүхийн 2003 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 113 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 5 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж байсан, ******* ******* .

 Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд тогтоосноор/

Шүүгдэгч ******* нь 2021 онд Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Цагаан хуарангийн орчимд үл таних хүнээс Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 95 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтын “Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалт”-ын 6 дугаарт бүртгэгдсэн, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны А/356/396 дугаар хамтарсан тушаалын гуравдугаар хавсралтад заасан “Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалт”-ын 658 дугаарт багтсан хортой 3 (Х331), олон удаагийн нөлөөллөөр тодорхой эрхтэн системийг хордуулдаг 2 (Н373), усан орчинд архаг хоруу чанартай 1 (Н410) мөнгөн ус гэх нэршилтэй 44.0 грамм (3.3 мл) хэмжээтэй химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар олж авсан,

Улмаар дээрхи бодисыг  2021 оноос 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл Багануур дүүргийн 3 дугаар хороо, ******* дугаар байрны 05 тоот өөрийн гэртээ хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би хэдэн жилийн өмнө Мангасын ам гэх газар архи ууж байгаад хүнээс мөнгөн ус авсан. Тухайн үедээ хүнд гайгүй үнээр зараад архи болгочихъё гэж бодож байсан. Тэгээд гэртээ аваачиж тавьсан ба сая гэртээ засвар хийж байхдаа шүүгээний дээр хүн харахааргүй газарт тавьсан байсныг олоод авах гэж байгаад нэг шилтэйг нь унагаж хагалсан. Мөнгөн ус хортой гэж бодоод охин болон тэжээвэр муураа хордчихно гээд бушуухан онцгой байдал руу дуудлага өгсөн юм.” гэв /шүүх хуралдааны тэмдэглэл/,

Улсын яллагчаас шинжлэн судлуулсан баримт:

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1-р хуудас/,

- Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 2-4-р хуудас/,

- Эд зүйл хураан авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-8-р хуудас/,

- Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын 17 дугаартай  тогтоол /хх-ийн 18-19-р хуудас/,

- Мөрдөгчийн эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 124-р хуудас/,

- Гэрч М.Тэмүүжиний мэдүүлэг /хх-ийн 28-31-р хуудас/,

- Гэрч Ч.Сүнжидмаагийн мэдүүлэг /хх-ийн 24-27-р хуудас/,

- Гэрч Л.Батзоригийн мэдүүлэг /хх-ийн 68-71-р хуудас/,

- Гэрч Ц.Тайхирын мэдүүлэг /хх-ийн 72-75-р хуудас/,

 

- Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн шинжээчийн 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн дүгнэлт /хх-ийн 105-107-р хуудас/,

- Онцгой байдлын ерөнхий газрын Гамшиг судлалын үндэсний хүрээлэнд эд мөрийн баримтаар хураагдсан мөнгөн усыг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 110-р хуудас/ зэрэг баримтуудыг тус тус шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

  1. Гэм буруугийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заасан.

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах гэмт хэрэгт холбогджээ.  

              Улсын яллагчаас: “...Шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгчийг бусдад учруулсан хохирол төлбөргүй болохыг дурдуулах саналтай.” гэсэн дүгнэлтийг,

              Шүүгдэгч *******гээс: “...Үйлдсэн хэргийнхээ гэм бурууг хүлээн зөвшөөрч байна.” гэсэн тайлбарыг тус тус гаргав.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах гэмт хэргийн шинжийг тодорхойлохдоо Химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулсан, улсын хилээр нэвтрүүлсэн, үйлдвэрлэсэн, хадгалсан, худалдсан, авсан, тээвэрлэсэн, бусдад дамжуулсан, зориулалтын бусаар ашигласан үйлдлийг хамааруулахаар хуульчилсан.

Өөрөөр хэлбэл Химийн хорт, аюултай бодисыг зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур олж авч өөрийн бие, эд зүйл, цүнх сав, тээврийн хэрэгсэл, орон байр, агуулах, тусгай бэлтгэсэн нуувч зэрэгт хууль бусаар байлгахыг "хууль бусаар хадгалсан", харин Химийн хорт, аюултай бодисыг худалдан авах, өр төлбөрт тооцож авах, өөр бараа, эд зүйлээр сольж авах, зээлж авах, бэлгэнд авах зэргээр хариу төлбөртэй эсхүл хариу төлбөргүй авч байгаа идэвхтэй үйлдлийг "хууль бусаар олж авсан" гэж тус тус үзнэ.

Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1-т "химийн хорт бодис" гэж хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал, амьтанд хортой нөлөө үзүүлэх, улмаар үхэл, мөхөлд хүргэх үйлчилгээтэй химийн бодис, тэдгээрийн нэгдлийг, 3.1.2-т "химийн аюултай бодис" гэж тэсрэмтгий, шатамхай, идэмхий, исэлдүүлэгч, цочромтгой шинж чанартай химийн бодис, тэдгээрийн нэгдлийг хэлнэ гэж нэр томьёог тайлбарласан байна.

Монгол Улсын Байгаль Орчин, Ногоон Хөгжил, Аялал Жуулчлалын Сайд, Эрүүл Мэнд, Спортын Сайдын 2015 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн А/356/396 дугаар хамтарсан тушаалаар баталсан “Химийн хорт болон аюултай бодисын ангилал батлах тухай” жагсаалтын 3 дугаар хавсралтын 27 дугаарт “мөнгөн ус” гэж,

Монгол Улсын Засгийн Газрын 2007 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 95 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсад ашиглахыг хориглосон химийн хорт болон аюултай бодисын жагсаалт, Монгол улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалт”-ын 2 дугаар хавсралтын 6 дугаарт “Мөнгөн ус” гэж тус тус зааснаар мөнгөн ус нь Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт бодис юм.

Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн шинжээчийн 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн дүгнэлтэд: “...Шинжилгээнд ирүүлсэн шилэн төхөөрөмж доторх мөнгөлөг өнгөтэй, хүнд шингэн дээжид хийсэн химийн шинжилгээгээр 99.9% мөнгөн ус (Hg) болохыг тогтоов. Мөнгөн ус (Нд) нь Монгол Улсын Засгийн Газрын 2007 оны 95 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтын "Монгол улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалт"-ын 6 дугаарт бүртгэгдсэн. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны А/356/396 хамтарсан тушаалын 3 дугаар хавсралтаар батлагдсан "Химийн хорт болон аюултай бодисыг ангилалд хамруулсан бодисын жагсаалт"-ын 658 дугаарт багтсан ба хортой 3 (Н331), олон удаагийн нөлөөллөөр тодорхой эрхтэн системийг хордуулдаг 2 (H373), усан орчинд архаг хоруу чанартай 1 (Н410) гэсэн ангилалд хамаарна” /хх-ийн 105-107-р хуудас/ гэжээ.  

Химийн хортой болон аюултай байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1.14-т заасан тэсэрч дэлбэрэхээс бусад химийн хорт болон аюултай бодис экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх, үйлдвэрлэх, худалдах, ашиглах, устгах зөвшөөрлийг төрийн захиргааны төв байгууллага олгоно” гэж тус тус заажээ.

        Шүүгдэгч ******* нь 2021 онд Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо Цагаан хуарангийн орчимд үл таних хүнээс Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 95 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтын “Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалт”-ын 6 дугаарт бүртгэгдсэн, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны А/356/396 дугаар хамтарсан тушаалын гуравдугаар хавсралтад заасан “Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалт”-ын 658 дугаарт багтсан хортой 3 (Х331), олон удаагийн нөлөөллөөр тодорхой эрхтэн системийг хордуулдаг 2 (Н373), усан орчинд архаг хоруу чанартай 1(Н410) мөнгөн ус гэх нэршилтэй 44.0 грамм (3.3 мл) хэмжээтэй химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар олж авсан,

           Улмаар дээрхи бодисыг 2021 оноос 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл Багануур дүүргийн 3 дугаар хороо, ******* дугаар байрны 05 тоот өөрийн гэртээ хадгалсан болох нь:

-  2026 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан “...Багануур дүүргийн 3-р хороо *******-05 тоотод ******* гэгч нь гэртээ мөнгөн ус хадгалсан байна” гэх тэмдэглэл /хх-ийн 1-р хуудас/,

 - Хэргийн газарт үзлэг хийсэн тухай “...гал тогоооны шүүгээтэй зэрэгцүүлэн бор өнгийн бүтээлэгтэй ширээ байх ба түүний хажууд хар өнгийн гялгар уутны амыг зангидсан байдалтай  байв.  ... өрөөний цонхны  тавцан дээр хөх өнгийн таглаатай шилэн бууз салад гэсэн бичиглэлтэй тунгалаг саванд 3ш шилтэй мөнгөн усыг хийж битүүмжилсэн” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 2-4-р хуудас/,

- Эд зүйл хураан авсан тухай “...Багануур дүүргийн 3 дугаар хороо, *******-05 тоот өрөөнд үүдний хэсгийн шалан дээр байрлах хар өнгийн гялгар уутны амыг зиплоктож битүүмжилсэн “мөнгөн ус” нэршилтэй шингэн, том өрөөний цонхны таван дээр хөх өнгийн таглаатай “бууз салат” гэсэн бичвэртэй шингэн саванд хийсэн  “мөнгөн ус” гэх нэршилтэй 3ш шингэн савтай, грамм тодорхойгүй 1ш-ийг Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсээс битүүмжилж аюулгүй болгосон тул тагийг онгойлгож дээрх шингэний грамм хэмжээг тогтоох боломжгүй байв...” гэх мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-8-р хуудас/,

- Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын 17 дугаартай  тогтоол /хх-ийн 18-19-р хуудас/,

- Мөрдөгчийн эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 124-р хуудас/,

- Гэрч М.Тэмүүжиний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2026 оны 01 дүгээр сарын 25-ны орой 22 цаг 10 минутад байгууллагын тусгай дугаарын 800461... дугаарын утаснаас дуудлага хүлээн авагч Г.Дэлгэрмаа нь "Багануур дүүргийн 3 дугаар хороо *******-05 тоотод оршин суух иргэн *******гээс мөнгөн ус алдагдсан” гэх дуудлага мэдээлэл ирүүлсэн талаар мэдэгдсэн. Дуудлагын дагуу миний бие 22 цаг 42 минутад тус байранд очиж ******* дугаар байрны 05 тоотод байрлах иргэн *******гийн гэрт шалгалтыг явуулж, иргэний тайлбарласнаар хар өнгийн гялгар ууттай хогийн саван дотор шалтгаангүйгээр гэртээ хадгалсан гэх мөнгөн усыг асгаж хийсэн байдалтай байсныг Онцгой байдлыг ерөнхий газрын ажиллагааны удирдлагын газрын хими, цацраг, биологийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн ахлах дэслэгч Ш.Мөнгөнтулга, мэдээлэл шуурхай удирдлагын төвийн ахлах зохицуулалт ахмад М.Баярбаатар нараас заавар зөвлөгөө авч тухайн асгарсан байж болзошгүй гэх мөнгөн усыг хамгаалах хэрэгсэл болох амны хаалт, хогны уутанд задгай хэлбэрээр байсан мөнгөн усыг хамгаалах хэрэгсэл болох амны хаалт, нэг удаагийн бээлий малгай зэргийг хэрэглэж шилэн тагтай саванд зөөвөрлөн хийсэн...“ гэх мэдүүлэг /хх-ийн 28-31-р хуудас/,

- Гэрч Ч.Сүнжидмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай нөхөр ******* нь 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр гэрээ янзалж байгаад орны доороос жижиг гялгар ууттай зүйл гаргаж ирсэн. Тэгээд тухайн зүйлийг хамаагүй хаяж болохгүй байх, алтанд ашигладаг мөнгөн ус гэж хэлж байсан. Тэгээд манай нөхөр орой 22 цагийн үед гялгар ууттай зүйлийг онгойлгож үзээд “өө гоожчихлоо” гэж хэлсэн. Тэгээд шалан дээр унасан байсан зүйлийг цаасаар бөөгнүүлж аваад цаасанд ороогоод авсан. Тэгээд Цагдаа, Онцгой байдлын хэлтэс рүү дуудлага, мэдээлэл өгсөн. Манай нөхөр ******* мөнгөн усыг хэнээс авсан талаар мэдэх байх. Би мэдэхгүй байна. Би өмнө мөнгөн ус гэх зүйлийг харж байгаагүй. Ямар зорилгоор хадгалж байсныг мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 24-27-р хуудас/,

- Гэрч Л.Батзоригийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Металл мөнгөн ус нь хүний мэдрэлийн систем, үр хөврөлд муугаар нөлөөлдөг, биед био хуримтлал үүсгэдэг хортой химийн бодис. Мөнгөн усыг алтны хүдрээс алт ялгах, Хөдөө аж ахуйн салбарт фестицит, судалгаа шинжилгээний зориулалтаар өргөн ашигладаг. Мөнгөн ус нь Засгийн газрын 2007 оны 95 дугаар тогтоолоор Монгол улсад ашиглахыг хязгаарласан бодисын жагсаалтын 6 дах заалтад орсон байдаг. Металл мөнгөн усыг уул уурхайн салбарт ашиглахыг 2008 оноос хойш Байгаль орчны сайдын тушаалаар бүрэн хориглосон байдаг. Тэр дундаа иргэн хүнд мөнгөн усны зөвшөөрөл бүр олгохгүй. Иргэн хүнд мөнгөн ус байж болохгүй.“ гэх мэдүүлэг /хх-ийн 68-71-р хуудас/,

- Гэрч Ц.Тайхирын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би *******г танина. Бид нар найз нөхдийн холбоотой. нь манайд 2024 оноос хойш нэг хэсэг архи уугаад байж байдаг байсан. Би тэр мөнгөн усны талаар мэдэх зүйл байхгүй. Манай гэрт мөнгөн ус байлгаж байсан, мөнгөн ус авсан талаар мэдэх зүйл байхгүй. нь манайхаас 2 жилийн өмнөөс явсан гэж санаж байна. Түүнээс хойш ер нь ерөөсөө уулзаагүй. гийн зан байдлын хувьд их найрсаг, ямар нэг муухай ааш араншин гаргаад байдаггүй хүнд их тусархуу хүн байгаа юм. Би тэр мөнгөн усны талаар юу ч мэдэхгүй. Манай гэрт ерөөсөө мөнгөн ус авчрах, худалдан авах тийм асуудал болж байгаагүй.“ гэх мэдүүлэг /хх-ийн 72-75-р хуудас/,

- Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн шинжээчийн 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн дүгнэлт /хх-ийн 105-107-р хуудас/,

- Онцгой байдлын ерөнхий газрын Гамшиг судлалын үндэсний хүрээлэнд эд мөрийн баримтаар хураагдсан мөнгөн усыг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 110-р хуудас/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгчид холбогдох хэргийн үйл баримтыг бодитойгоор тогтоох, гэмт этгээдийн гэм бурууг үндэслэлтэй, эргэлзээгүй нотолж чадахуйц баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх арга хэмжээг шүүхийн өмнөх шатанд мөрдөгч, прокурорын зүгээс гүйцэд авч хэрэгжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулсан, гэм буруугийн асуудлыг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн хэрэгт хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон гэж үзэв.

Шүүгдэгч ******* нь 2021 онд Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо Цагаан хуарангийн орчимд үл таних хүнээс “мөнгөн ус” гэх нэршилтэй химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар олж авсан, дээрхи бодисыг 2021 оноос 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл Багануур дүүргийн 3 дугаар хороо, ******* дугаар байрны 05 тоот өөрийн гэртээ хадгалсан болох нь шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээс гадна хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна. 

Иймд шүүхээс шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, тус хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр Химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар хадгалсан, авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

  1. Хохирол, хор уршгийн талаар

Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, сэтгэцэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд энэ хэрэгт хохирол, хор уршиг тодорхойлж ирүүлээгүй, шүүгдэгчээс нэхэмжилсэн зүйлгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Улсын яллагч дүгнэлтдээ: “...Шүүгдэгч  *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******00 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, тус торгох ялыг нэг жилийн хугацаанд хэсэгчилж төлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна.” гэв,

              Шүүгдэгч *******: “...Хийсэн хэрэгтээ үнэхээр их гэмшиж байгаа, дахиж ийм үйлдэл гаргахгүй. Би одоогоор эхнэрээсээ тусдаа ганцаараа амьдарч байна. Ажил хийдэггүй. Хортой бодис зөвшөөрөлгүй авч болохгүй гэдгийг маш сайн ойлгосон. Хүүхдээ хордчихно гээд бушуухан онцгой байдал дуудаж мөнгөн усыг өгсөн.” гэсэн тайлбарыг гаргав.

Шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тус тус тогтоогдоогүй гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэрэгт хамаарч байна.

Шүүх хуралдаанд шинжлэн хэлэлцүүлсэн нотлох баримтаар шүүгдэгч ******* нь гэмт хэргийн талаарх дуудлага мэдээллийг сайн дураараа өгсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрсөн, бусдад учруулсан хохиролгүй, шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн үйлдлийн учир холбогдол, гэм буруугийн талаар өөртөө дүгнэлт хийж байгаагаа илэрхийлжээ. 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад тус тус зааснаар шүүхээс тэнссэн 01 /нэг/ жилийн хугацаанд шүүгдэгч *******д оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг авах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн гялгар ууттай, шилэн савтай 631.2 гр мөнгөн усыг хадгалуулахаар Онцгой байдлын ерөнхий газрын  Гамшиг судлалын Үндэсний хүрээлэнд хүлээлгэн өгсөн байх тул шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Онцгой байдлын ерөнхий газрын Гамшиг судлалын Үндэсний хүрээлэнд болон Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгаж шийдвэрлэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус шийдвэрт дурдав.

Улсын яллагчаас гаргасан “шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлэх” гэсэн саналыг хянаад шүүгдэгч ******* нь урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчиж байгаагүй, мөн түүний хувийн байдлыг харгалзан шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь: 

1. Шүүгдэгч ******* ******* г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, тус хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар хадгалсан, авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тус хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад тус тус зааснаар шүүхээс тэнссэн 01 /нэг/ жилийн хугацаанд шүүгдэгч *******д оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5, 6 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс хүлээлгэсэн албадлагын арга хэмжээг зөрчсөн, эсхүл гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдвол тус шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуульд заасан журмаар ял оногдуулахыг тайлбарласугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, Онцгой байдлын ерөнхий газрын Гамшиг судлалын Үндэсний хүрээлэнд хадгалагдаж буй хар өнгийн гялгар ууттай, шилэн савтай 631.2 гр мөнгөн усыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Онцгой байдлын ерөнхий газрын Гамшиг судлалын Үндэсний хүрээлэн болон Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тогтоол хүчин төгөлдөр болтол *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, прокурор, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол эсэргүүцлийг шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргахыг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        С.ӨЛЗИЙ-ОТГОН