| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2023/02004/И |
| Дугаар | 142/ШШ2024/00595 |
| Огноо | 2024-04-10 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 142/ШШ2024/00595
Зохигч эвлэрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбасүрэн даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ****************-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ****************-д холбогдох,
56,122,565 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Номин-Эрдэнэ оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч **************** нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани **************-тай 41/22 тоот Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээг 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс 2023 оны 05 дугааар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд байгуулан хамтран ажилласан. 41/22 тоот гэрээний 5 дугаар зүйлийн 5.2-т заасны дагуу худалдан авагч нь тухайн сард худалдан авсан барааны тооцоог сар бүрийн 7-ны дотор тооцоо нийлж, акт үйлдэх ба тухайн сарын 20-ны дотор манай компанийн арилжааны банкан дахь дансанд шилжүүлэх буюу бэлнээр төлж барагдуулна гэж заасан боловч өнөөдрийн байдлаар бүрэн төлж барагдуулаагүй байна.
Иймд 41/22 тоот гэрээний үлдэгдэл 30,057,210 төгрөгөөс энэхүү гэрээний 5.3-д тухайн сарын 20-ны өдрөөс хэтэрсэн тохиолдолд 10 хоног тутамд 0,7 хувийн хүү тооцно гэж заасны дагуу хүү тооцоход 11,036,750.49 төгрөг /тооцооллыг хавсаргав./, мөн гэрээний 7.2-т заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар хугацаа хэтрүүлсэн алдангийг тооцон Иргэний хуулийн 232.4-д заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувьд хүргэж зогсооход 15,028,605 төгрөг, /хоногт ногдох алдангийн хэмжээ 150,286.05 төгрөг/ нийт 56,122,565 /Тавин зургаан сая нэг зуун хорин хоёр мянга таван зуун жаран тав/ төгрөг болсон тул *************-аас гэрээний үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөрийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай ************2022 оны 05 сарын 13-ны өдөр МТ Баянзүрх ХХК-тай 41/22-тоот Газрын тос зээлээр худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. **********-ийн 2023 оны 11-р сарын 13-ны өдөр гаргасан 56,122,565 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар хүлээн зөвшөөрөхгүй байна.
1) *********** гэдэг хүн нь манай *************-ийн *************-тай байгуулсан 41/22-тоот Газрын тос зээлээр худалдах, худалдан авах гэрээг мэдэж байсан. Тариа будаа тарих үеэр шатахуун авах боломжгүй гэдэг шалтгаанаар энэхүү гэрээг далимдуулан тухайн үед ***********-д эрхлэгчээр ажилладаг байсан дүү ************ дамжуулан авчихсан байсан. Би тухайн үед эмнэлэгт хэвтэж байсан бөгеөд шууд хариу өгөөгүй ээ. Хожим ************-тай 2022 оны 12 сард тооцоо нийлсэн акт үйлдсэн. Тэрнээс өмнө тухайн шатахууныг 2022 оны 5 сард би огт хүлээн аваагүй ээ. Тодруулбал, тухайн үед шатахууныг манай байгууллагын тамга тэмдэг, итгэмжилсэн төлөөлөх этгээдийн гарын үсэггүйгээр дотоод ажилтан нь миний танил бүхий хүн болох ахдаа өгчихсөн байсан. Ажилчны хариуцлагагүй үйлдпээс болж намайг зөвшөөрөөгүй байхад өгчихсөн байсан. *************ах ******************т шатахуун өгснийг би эмнэлгээс гарсны дараа 11 сард мэдсэн. Тэгээд 12-р сард тооцоо нийлсэн. Гэрээний дагуу би шатахууныг хууль ёсоор хүлээн аваагүй байхад энэ хугацаан дахь хугацаа хэтэрсэн хүү, алдангийг төлөх үүрэг надад үүсэхгүй.
2) Мөн гэрээний үндсэн төлөлт болох 30,057,210 төгрөгийн хугацаа хэтэрсэн хүү 11,036,750 төгрөг болон 15,028,605 төгрөгийн алдангийг тус тус хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Тодруулбал сар тутам төлбөл зохих хэмжээгээр төлж байсан. 2022 оны 6 сараас эхлэн үндсэн мөнгөнөөс хүү тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасны дагуу гүйцэтгээгүй үүргээс алданги тооцох ёстой. Хүүг нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт заасан гэрээний үүргийг хугацаанд нь биелүүлэхээр тохиролцож 2022 оны 06-р сараас хүүг бодсон байтал мөн адил хугацаанаас алданги тооцох нь шударга, тэнцвэртэй байх зарчмыг зөрчсөн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл алдангийг гэрээ дууссан өдөр буюу 2023 оны 5 сарын 31-ний өдрөөс тооцох ёстой байсан.
3) Тус 41/22 тоот гэрээний тогтоосон хүүг мөн хүлээн зөвшөөрөхгүй байна. Тус гэрээний 5.3-д хугацаа хэтэрсэн тохиолдолд 10 хоног тутамд 0,7 хувийн хүү буюу сард 2,1 хувийн хүү нь өндөр хүү оаигаа тул иргэний хуулийн 56дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасны дагуу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл гэж үзэн хүүгийн хэмжээг багасгах нь зүйтэй юм.
Дээрх шалтгаануудын улмаас *********-ийн 2023 оны 11-р сарын 13-ны өдөр гаргасан ******** төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийн үүргийн гүйцэтгэлийн үндсэн төлбөр, хүү, алдангийн хэмжээг шударгаар тогтоон, багасгаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч болон хариуцагч нарын 2024 оны 04 сарын 09-ний өдөр шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээнд:
1.************** нь үндсэн төлбөр 30,057,210 төгрөг болон алдангийн зарим хэсэг болох 7,514,302.5 төгрөг, нийт 37,571,512.5 төгрөгийг дараах хуваарийн дагуу төлж барагдуулна. Үүнд:
-2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 18,500,000 төгрөг,
-2024 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн дотор 19,071,512.5 төгрөгийг,
2.************* нь хүү, алдангийн үлдэх хэсэг болох 18,551,052.5 төгрөгөөс татгалзах,
3.Төлбөр төлөгч нь гэрээнд заасан хугацаанд төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгүүлэхийг ойлгосон болно гэжээ.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ************** нь хариуцагч *****************-д холбогдуулан 56,122,565 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд хоорондоо эвлэрч, эвлэрлийн гэрээг шүүхэд ирүүлсэн. Уг эвлэрлийн гэрээнд хариуцагч ************** нь үндсэн төлбөр 30,057,210 төгрөг болон алдангийн зарим хэсэг болох 7,514,302.5 төгрөг, нийт 37,571,512.5 төгрөгийг дараах хуваарийн дагуу буюу 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 18,500,000 төгрөг, 2024 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн дотор 19,071,512.5 төгрөгийг тус тус төлж барагдуулах,
нэхэмжлэгч ************** нь хүү, алдангийн үлдэх хэсэг болох 18,551,052.5 төгрөгөөс татгалзах-аар талууд эвлэрчээ, энэхүү эвлэрлийн гэрээ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нэхэмжлэгч ************* нь хариуцагч *-д холбогдуулан ************ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба талууд шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:
-********** нь үндсэн төлбөр 30,057,210 төгрөг болон алдангийн зарим хэсэг болох 7,514,302.5 төгрөг, нийт 37,571,512.5 төгрөгийг дараах хуваарийн дагуу буюу 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 18,500,000 төгрөг, 2024 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн дотор 19,071,512.5 төгрөгийг тус тус төлж барагдуулах,
-нэхэмжлэгч ************ нь хүү, алдангийн үлдэх хэсэг болох 18,551,052.5 төгрөгөөс татгалзах-аар эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 438,563 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч ************-иас 345,808 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Шүүхийн шийдвэрийг талууд сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийг нэг адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухай асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН