Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 2022/ДШМ/120

 

 

 

 

     

   2022              2              1                                           2022/ДШМ/120                             

 

 

 

Б.Өб, М.Ө нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Батзаяа,

өсвөр насны шүүгдэгч М.Ө, түүний хууль ёсны төлөөлөгч А.Ариунтуяа нарын өмгөөлөгч Г.Батболд,

өсвөр насны шүүгдэгч Б.Өб, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Болд нарын өмгөөлөгч Л.Ганцэцэг,

нарийн бичгийн дарга Б.Одонмаа нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 2021/ШЦТ/776 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч өсвөр насны шүүгдэгч Б.Өб, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Болд, тэдгээрийн өмгөөлөгч Л.Ганцэцэг, өсвөр насны шүүгдэгч М.Ө, түүний өмгөөлөгч Г.Батболд нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Б.Өб, М.Ө нарт холбогдох эрүүгийн 2105 01004 1012 дугаартай хэргийг 2022 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Б овогт Мын Ө, ...... оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ...................... ................. сургуулийн .... ангид сурдаг, ам бүл 4, эх, хоёр дүүгийн хамт .................... дүүргийн ..... дугаар хороо, .................................. дугаар гудамжны ..... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:.............../

2. Ш овогт Болдын Өб, ....... оны ... дүгээр сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, .......................... сургуулийн 12д ангид сурдаг, ам бүл 4, эцэг, эх, эгчийн хамт ................. дүүргийн .... дугаар хороо, .......................... дугаар гудамжны .... тоотод оршин суух бүртгэлтэй боловч ................... дүүргийн ..... дугаар хороо, ... дугаар байр, .... тоотод оршин сууж байгаа гэх, ял шийтгэлгүй, /РД:................................./,

Өсвөр насны шүүгдэгч М.Ө, Б.Өб нар нь Баянгол дүүргийн 13 дугаар хороо, “Өргөө” кинотеатрын урд талбайд 2021 оны 5 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө хохирогч Т.Дзийг үл ялих зүйлээр шалтаглан биед нь халдаж гараараа нүүрэн тус газарт нь цохиж баруун нүдний зовхи, баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, уруулын салстад цус хуралт, язрал, дээд зүүн 2 дугаар шүдний сулрал, дээд зүүн 1, баруун дээд 1 дүгээр шүдний хугарал, баруун дээд 2 дугаар шүдний хүзүүвч хэсгийн хугарал, баруун дээд 3 дугаар шүдний эмтрэл, тархи доргилт бүхий гэмтэл учруулсан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж” үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: М.Ө, Б.Өб нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Өсвөр насны шүүгдэгч Б овогт Мын Ө, Ш овогт Болдын Өб нарыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч М.Өийг 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, өсвөр насны шүүгдэгч Б.Өбыг 120 /нэг зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч М.Өөд оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, өсвөр насны шүүгдэгч Б.Өбад оногдуулсан 120 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус бүр Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэлтрүүлж, тэдгээрийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, өсвөр насны шүүгдэгч М.Ө хохиролд 600.000 төгрөг, өсвөр насны шүүгдэгч Б.Өб хохиролд 2.000.000 төгрөг тус тус өгсөн болохыг дурдаж, хохирогч Т.Дзийн өсвөр насны шүүгдэгч М.Өөд холбогдуулан энэ гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, өсвөр насны шүүгдэгч М.Ө, Б.Өб нар цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол М.Ө, Б.Өб нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Өсвөр насны шүүгдэгч Б.Өб, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Болд нар давж заалдах гомдолдоо: “...2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 23:00 цагийн үед би Өргөө кинотеатрын өмнө байрлах ТҮЦ-нээс найз М.Өийн хамт ундаа аваад гарч ирэхэд “энэ дөрвөн залуугийн өндөр шар залуу нь урд нь намайг мөрлөөд байсан залуу мөн байна хоёулаа очиж уулзах уу?” гэсэн. М.Ө тэд нарыг “Өргөө” кинотеатрын урд талбайд дуудсан. Тэр дөрвөн залууг ирэхэд М.Ө архины шил хагалаад барьсан байсан. Энэ үед би Т.Дзийг дуудахад ухраад байсан бөгөөд надаас хол байсан. Эхэлж би цохиогүй. М.Ө миний хажуугаар орж ирээд Т.Дзийн ам руу 1 удаа цохиод яваад өгсөн. Дараа нь би Т.Дзийг баруун шанааны дээд хэсэгт 1 удаа цохисон.” гэжээ.

Өсвөр насны шүүгдэгч М.Ө, түүний өмгөөлөгч Г.Батболд нар давж заалдах гомдолдоо: Шийтгэх тогтоолоор шүүхээс өсвөр насны шүүгдэгч М.Ө болон Б.Өб нарыг хохирогч Т.Дзийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосон мөртлөө цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой асуудлыг шийдвэрлэхдээ дан ганц шүүгдэгч М.Өөөс гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байгаа.

Хохирогч Т.Дз нь цаашид гарах эмчилгээний зардлаа М.Өөөс гаргуулна гэх тайлбарыг шүүх хуралдаан дээр хэдий гаргасан боловч хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэж байгаа л бол цаашид гарах эмчилгээний зардлыг ч гэсэн өсвөр насны шүүгдэгч нар адилхан хариуцах ёстой гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад “...хохирогч Т.Дзийн өсвөр насны шүүгдэгч М.Ө, Б.Өб нарт холбогдуулан...” гэж өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв.

Өсвөр насны шүүгдэгч Б.Өб, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Болд нарын өмгөөлөгч Л.Ганцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс Б.Өбыг хүнийг эрүүл мэндэд хохирол санаатай учруулах гэмт хэргийг “бүлэглэн үйлдсэн” гэм буруутайд тооцохдоо хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, нягт нямбай хянаж үзээгүй, мөн дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй, энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг зөрчсөн гэж үзэж байна.

Тухайн хэрэг учрал болсон үед шүүгдэгч М.Ө нь “намайг мөрлөсөн” гэх шалтгаанаар хохирогч Дз болон гэрч Сг, Э-О нартай маргалдаж, улмаар архины шил хагалж гартаа барин хэрүүл маргааныг эхлүүлсэн байдаг. Хохирогч Дз болон Өб нарын хооронд ямар нэгэн зодоон болоогүй байхад шүүгдэгч М.Ө “хажуунаас ирж хохирогчийн уруул, шүд хэсэг рүү цохисон” /хх 13, 83-84/. Үүний дараа Б.Өб “хохирогчийг 1 удаа баруун шанаа хэсэгт цохисон” үйл явдал болсон байдаг /хх 124-125/. Энэ талаар хохирогчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт тодорхой дурдагдсан байдаг /хх 6, 25/.

Мөн гэрчүүдээс хууль сануулан авсан мэдүүлэгт Б.Өбыг зодоонд оролцоогүй, хохирогчийн биед огт халдаагүй талаар мэдүүлсэн байдаг. Гэрч Э-О мэдүүлэхдээ “...Дз надад миний шүд рүү М.Ө цохисон гэж хэлсэн...” /хх 17/, гэрч Сг мэдүүлэхдээ “...Өб Дзийн биед халдаж байхыг хараагүй...” /хх 20/ гэсэн байдаг. Эндээс харвал Б.Өб, М.Ө нарын бүлэглэсэн үйлдэл нь тогтоогдохгүй байна.

Мөн Б.Өб “хохирогчийг нэг удаа баруун шанаа хэсэгт цохисон гэх үйлдэлдээ маргаагүй”, хөнгөн хохирлын талаар хэрэгт Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн гаргасан 4201 тоот дүгнэлт байдаг. Энэхүү дүгнэлттэй холбогдуулан шинжээч эмчээс авсан мэдүүлэгт “баруун нүдний зовхи, баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь ..мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой бөгөөд тухайн гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй” /хх 41/ гэсэн байдаг. Энэхүү дүгнэлт, мэдүүлгээс харвал Б.Өб хохирогчид ямар нэгэн гэмтэл, хохирол учруулаагүй болох нь харагдаж байна.

Анхан шатны шүүхээс хэргийн бодит байдлыг тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутай болохыг тогтооход чухал ач холбогдол бүхий дээрх гэрч нар болон хохирогчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн удаа дараагийн мэдүүлгүүд, шинжээч эмчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг үнэлэлгүй орхигдуулсан байна.

Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Б.Өбад холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 39.6, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

Прокурор Д.Батзаяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хавтаст хэрэгт авагдсан баримтаар М.Ө, Б.Өб нарын үйлдэл нотлогдсон гэж үзэж байгаа. Хохирогч Дз, гэрч Сг, өсвөр насны шүүгдэгч М.Ө нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт зэрэг байдаг. М.Өөөс “Б.Өб, Дзтэй маргаад түүнийг түлхээд байж байхаар нь урдуур нь ороод түүний ам, шанаа хэсэг рүү нь гараа атгаж байгаад цохисны дараа Б.Өбыг би дагуулаад явсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэсэн байна. Б.Өбаас “М.Ө миний хажуугаар орж ирээд Дзийн уруул, шүд хэсэгт гараараа цохисны дараа би зүүн гараараа түүний баруун шанаа хэсэгт цохисон” гэсэн мэдүүлэг байдаг. Шүднээс бусад гэмтлийг би учруулсан гэдгээ өөрийнх нь мэдүүлгээр нотлогддог боловч давхар шинжээчийн дүгнэлтээр тогтоогддог. Иймд хэргийн оролцоо, ял шийтгэл нь шударга ёсны зарчимд нийцсэн гэж үзэж анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гарсан байна. Анхан шатны шийдвэрийг хэвээр үлдээж, шүүгдэгч болон өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна. Хохирол төлбөрийн асуудал дээр 11.365.000 төгрөгийг нийтдээ нэхэмжилсэн байдаг. Үүний 361.000 төгрөгийн баримт нь хавтаст хэрэгт авагдсан байдаг. 2.365.000 төгрөг зөвхөн имплант шүдэлбэрийн нөхөн сэргээх эмчилгээ хийлгэх зардал, 9.000.000 төгрөг имплант шүдний буюу 2 шүд, 1 шүд ёзоор хэсгээрээ хугарсан шүдний үнэ байсан. Шүүгдэгч нарын хохирол төлбөртэй холбоотой асуудал дээр гэмт хэргийн оролцоо, тухайн гэмтлийн учруулсан нөхцөл байдалд нь тохируулж анхан шатны шүүхээс гэм буруутайд тооцсон шийтгэх тогтоол гарсан нь үндэслэлтэй байна гэж үзэж байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ өсвөр насны шүүгдэгч Б.Өб, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Болд, тэдгээрийн өмгөөлөгч Л.Ганцэцэг, өсвөр насны шүүгдэгч М.Ө, түүний өмгөөлөгч Г.Батболд нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Өсвөр насны шүүгдэгч М.Ө, Б.Өб нар нь Баянгол дүүргийн 13 дугаар хороо, “Өргөө” кинотеатрын урд талбайд 2021 оны 5 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө хохирогч Т.Дзийг үл ялих зүйлээр шалтаглан биед нь халдаж гараараа нүүрэн тус газарт нь цохиж баруун нүдний зовхи, баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, уруулын салстад цус хуралт, язрал, дээд зүүн 2 дугаар шүдний сулрал, дээд зүүн 1, баруун дээд 1 дүгээр шүдний хугарал, баруун дээд 2 дугаар шүдний хүзүүвч хэсгийн хугарал, баруун дээд 3 дугаар шүдний эмтрэл, тархи доргилт бүхий гэмтэл учруулсан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж” үйлдсэн болох нь:

хохирогч Т.Дзийн “...би 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн орой 22 цагийн үед найз Сг, М-А, Э-О нартай “Өргөө” кинотеатрын урд байх ТҮЦ-нээс юм авах гээд гарч иртэл Өбын найз бас хамт гарч ирсэн. Тэгээд Өбын найз Сгийг цохиод хамраас нь цус гарсан. Бид нар Сгийн цусыг тогтоочхоод “Өргөө” кинотеатрын урд талбай дээр байж байтал Өбын найз гэх залуу архины шил хагалаад гартаа барьчихсан Өбтай хамт бид нар дээр ирэхээр нь бид нар Өбын найзад хандаж “шилээ хаячих” гэтэл шил бариагүй гараараа Э-Оыг цохитол Э-О газар суусан. Тэгтэл Өб над дээр ирээд миний баруун нүд, баруун хацар хэсэг рүү гараараа 1-2 удаа цохиод байж байтал Өбын найз нь над руу хүрч ирээд миний ам хэсэг рүү 1-2 удаа цохитол миний амнаас цус гарсан. Би амаа дараад газар сууж байтал Өб болон түүний найз тэр хоёр яваад өгсөн. Тэр хоёрыг явсны дараа би шүдээ үзтэл миний 2 шүд хугарсан байсан...” /хх 25-26/,

гэрч А.Сгийн “...Өб хүрч ирээд “чи дээр манай найз Өийг мөрлөсөн байна лээ” гэж хэлэхээр нь санаандгүй мөрлөсөн гэж хэлтэл Өб миний хамар хэсэг рүү гараараа нэг удаа цохисон. Тэгээд Ө, Өб хоёр бид дөрөвт хандаж “Өргөө” кинотеатрын урд талбай дээр гараад ир гэж дуудсаны дагуу очтол Ө архины шил хагалаад Э-О дээр очоод шил бариагүй гараараа Э-Оын шанаа хэсэг рүү нь нэг удаа цохих үед Э-О газар суутал, нүүр хэсэг рүү нь хөлөөрөө нэг удаа өшиглөөд Ө Дз дээр очоод түүний ам, шүд хэсэг рүү нь гараараа цохичхоод Өб, Ө хоёр яваад өгсөн. Тэгээд бид нар гэр гэр рүүгээ явж байхдаа Дзийн шүдийг хартал 3 шүд нь хугарсан байсан...” /хх 20-21/,  

өсвөр насны шүүгдэгч М.Өийн “...Өб Дзтэй маргаад түүнийг түлхээд байж байхаар нь урдуур нь ороод Дзийн ам, шанаа хэсэг рүү нь гараа атгаж байгаад цохичхоод Өбыг дагуулаад яваад өгсөн. Би өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна, дахин ийм зүйл хийхгүй...” /хх 83-84/,

өсвөр насны шүүгдэгч Б.Өбын “...Ө миний хажуугаар орж ирээд Дзийн уруул, шүд хэсэг рүү гараараа цохисны дараа би зүүн гараараа Дзийн баруун шанаа хэсэг рүү гараа атгаж байгаад нэг удаа цохисон...”  /хх 124-125/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 4201 дугаартай “...Т.Дзийн биед баруун нүдний зовхи, баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, уруулын салстад цус хуралт, язрал, дээд зүүн 2-р шүдний сулрал, дээд зүүн 1, баруун дээд 1-р шүдний хугарал, баруун дээд 2-р шүдний хүзүүвч хэсгийн хугарал, баруун дээд 3-р шүдний эмтрэл, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5 хувь алдагдуулна.” гэх шинжээчийн дүгнэлт /хх 35-36/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн өсвөр насны шүүгдэгч М.Ө, Б.Өб нарыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, тэдгээрийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч М.Өийг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, өсвөр насны шүүгдэгч Б.Өбыг 120 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж, уг ялыг тус бүр Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэлтрүүлж, тэдгээрийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн нь тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон, Өршөөл үзүүлэх тухай хуулийг зөв хэрэглэсэн байна гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Өсвөр насны шүүгдэгч Б.Өб, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Болд, тэдгээрийн өмгөөлөгч Л.Ганцэцэг нар нь “...Б.Өб нь хохирогч Т.Дзт хохирол учруулаагүй, уг зодоонд оролцоогүй тул шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан байх бөгөөд хавтаст хэрэгт авагдсан хохирогч Т.Дзийн “...Өб над дээр ирээд миний баруун нүд, баруун хацар хэсэг рүү гараараа 1-2 удаа цохиод байж байтал Өбын найз нь над руу хүрч ирээд миний ам хэсэг рүү 1-2 удаа цохитол миний амнаас цус гарсан. Би амаа дараад газар сууж байтал Өб болон түүний найз тэр хоёр яваад өгсөн. Тэр хоёрыг явсны дараа би шүдээ үзтэл миний 2 шүд хугарсан байсан...” /хх 25-26/, өсвөр насны шүүгдэгч М.Өийн “...Өб Дзтэй маргаад түүнийг түлхээд байж байхаар нь урдуур нь ороод Дзийн ам, шанаа хэсэг рүү нь гараа атгаж байгаад цохичхоод Өбыг дагуулаад яваад өгсөн. Би өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна, дахин ийм зүйл хийхгүй...” /хх 83-84/, өсвөр насны шүүгдэгч Б.Өбын “...Ө миний хажуугаар орж ирээд Дзийн уруул, шүд хэсэг рүү гараараа цохисны дараа би зүүн гараараа Дзийн баруун шанаа хэсэг рүү гараа атгаж байгаад нэг удаа цохисон...” /хх 124-125/ гэх мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 4201 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 35-36/ зэрэг баримтаас дүгнэвэл тэдгээрийн гаргасан давж заалдах гомдлууд няцаагдаж байх бөгөөд энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

Харин анхан шатны шүүхээс өсвөр насны шүүгдэгч М.Ө, Б.Өб нарыг бүлэглэж хохирогч Т.Дзийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж дүгнэсэн атлаа цаашид гарах эмчилгээний зардлыг зөвхөн өсвөр насны шүүгдэгч М.Өөөс гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон байх ба хохирогч нь өсвөр насны шүүгдэгч нараас цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эсэх нь түүний эрхийн асуудал тул өсвөр насны шүүгдэгч М.Ө, түүний өмгөөлөгч Г.Батболд нарын хамтран гаргасан “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад “...хохирогч Т.Дзийн өсвөр насны шүүгдэгч М.Ө, Б.Өб нарт холбогдуулан...” гэж өөрчлөлт оруулж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.

Иймд өсвөр насны шүүгдэгч М.Ө, түүний өмгөөлөгч Г.Батболд нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дээр дурдсан зохих өөрчлөлтийг оруулж, өсвөр насны шүүгдэгч Б.Өб, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Болд, тэдгээрийн өмгөөлөгч Л.Ганцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 2021/ШЦТ/776 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад “...шүүгдэгч М.Өөд...” гэснийг “...шүүгдэгч М.Ө, Б.Өб нарт...” гэж өөрчилсүгэй.

2. Өсвөр насны шүүгдэгч М.Ө, түүний өмгөөлөгч Г.Батболд нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, өсвөр насны шүүгдэгч Б.Өб, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Болд, тэдгээрийн өмгөөлөгч Л.Ганцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг болохыг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.ОЧ              

           

 

                        ШҮҮГЧ                                                             Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

 

                        ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ