Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 00119

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,
Нарийн бичгийн дарга О.Одончимэг,
Улсын яллагч Ц.Гэрэлбаатар,
Хохирогч Ж.Батдорж,
Шүүгдэгч Д.Бөхбат, түүний өмгөөлөгч П.Ган-Очир нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Булган аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан Д.Бөхбатад яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201706000165 дугаартай, 132/2017/0111/Э индекстэй хэргийг 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1975 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Архангай аймгийн Хайрхан суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Булган аймгийн Хангал сумын 2 дугаар баг Чулуут багт оршин суух оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Монгол овогт Дамьхүүгийн Бөхбат /РД:АК75062413/
Холбогдсон хэргийн талаар:
Д.Бөхбат нь /яллах дүгнэлтэнд бичсэнээр/ 2017 оны 04 дүгээр сарын сүүлээр Булган аймгийн Хангал сумын 2 дугаар багийн нутаг “Чулуут” гэх газраас хууль бусаар мод бэлтгэж байгаль экологид 304950 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Бөхбат шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2017 оны 04 дүгээр сарын сүүлээр Булган аймгийн Хангал сумын Чулуут гэх газраас гэр бүлийн хэрэгцээндээ зориулан малын хашаа барих гэж зөвшөөрөлгүйгээр хуурай мод бэлтгэсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэх мэдүүлэг,
Хохирогч Ж.Батдорж шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2017 оны 04 дүгээр сарын сүүлээр Хангал сумын 2 дугаар багийн иргэн Бөхбат нь зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн байна гэсний дагуу хохирогчоор тогтоогдож шүүх хуралдаанд оролцож байна. Бөхбат нь байгаль экологид 304950 төгрөгийн хохирол учруулсан, учруулсан хохирлоо төлж барагдуулсан тул одоо гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг,
201706000165 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:
Гэрч Д.Батсайхан өгсөн: Би он сарыг нь сайн санахгүй байна. Манай найз Бөхбат манай гэрт ирээд Хангал сумын 2 дугаар багийн нутаг Чулуут гэх газраас бэлдсэн байгаа мод ачаад манай хаваржаа барих газарт буулгаад өгөөч гэхээр нь би зөвшөөрөөд өөрийн эзэмшлийн 68-34 БУЛ улсын дугаартай хөх өнгийн Портер маркийн тээврийн хэрэгслээр Бөхбатын хамтаар Хангал сумын Чулуут гэх газарт явж очсон. Очиход ууландаа бэлдсэн байсан нарийн хуурай хар моднуудыг машин дээрээ ачаад хаваржаа барих гэж байгаа газарт нь буулгаж өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 хуудас/,
Гэрч Ш.Сарангэрэл өсгөн: Манай нөхөр Д.Бөхбат Булган аймгийн Хангал сумын 2 дугаар багийн нутаг Чулуут гэх газраас хашаа барих гэж хуурай хар мод бэлтгэсэн. Яг хэдэн ширхэг мод бэлтгэсэн эсэхийг би мэдэхгүй байна гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 хуудас/,
Гэрч Ю.Пүрэвсүрэн өгсөн: 2017 оны 04 дүгээр сарын сүүлээр манайхтай хамт нэг газарт нутагладаг Бөхбат гэх залуу Хангал сумын 2 дугаар багийн нутаг Чулуут гэх газраас хууль бусаар мод бэлтгэж манай малын өвлийн бэлчээр дээр хаваржаа барьсан. Тэгээд би Хангал сумын Эрдэнэбат байгаль хамгаалагчтай утсаар холбогдоод Чулуут гэх газраас мод бэлтгээд байна. Ингэж болох юм уу гэхэд надаас хүн мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй гэж хэлсэн. Тэгээд л Хангал сумын цагдаад мэдэгдсэн гэх мэдүүлэг /хх-ийн 22 хуудас/
2017 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн Экологи эдийн засгийн үнэлгээний №16 дугаартай акт, 2017 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 17-116 дугаартай Лэндс ХХК-ийн шинжээчийн дүгнэлт, гэмт хэргийн гомдол мэдээлэлийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 хуудас/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-9 хуудас/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-ийн 58-60 хуудас/, шинжээчийн дүгнэлт /хх-ийн 26-30 хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 50 хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Бөхбат нь 2017 оны 04 дүгээр сарын сүүлээр Булган аймгийн Хангал сумын 2 дугаар багийн нутаг “Чулуут” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар мод бэлтгэж байгаль экологид 304950 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өгсөн мэдүүлэг, гэрч Д.Батсайхан, Ш.Сарангэрэл, Ю.Пүрэвсүрэн нарын мэдүүлэг, 2017 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 17-116 дугаартай Лэндс ХХК-ийн шинжээчийн дүгнэлт, модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байх ба дээрхи нотлох баримт нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларч бэхжигдсэн, байгаль экологид учирсан хохирлын талаархи дүгнэлтүүдийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээчид гаргасан,
дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.
Шүүгдэгч Д.Бөхбат зохих зөвшөөрөлгүй хууль бусаар мод бэлтгэсэн үйлдэл нь нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийн бүрэлдэхүүний бүхий л шинжийг агуулж байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.
2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор шүүгдэгч Д.Бөхбатын зохих зөвшөөрөлгүй хууль бусаар мод бэлтгэж барьсан “Малын хашаа”-г битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-д заасны дагуу хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан цахилгаан хөрөө 1 ширхэг, малын хашааг тус тус хураан авч улсын орлого болгохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд тус тус даалгаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2,3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:
1. Монгол овогт Дамьхүүгийн Бөхбатыг зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар мод бэлгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Бөхбатыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Д.Бөхбат нь 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийн торгуулийн ялыг 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Д.Бөхбат нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Шүүгдэгч Д.Бөхбат нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримтгүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-д заасны дагуу хэрэг эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд мөрийн баримтаар хураагдан ирсэн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан цахилгаан хөрөө 1 ширхэг, 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилсэн Д.Бөхбатын хууль бусаар мод бэлтгэж барьсан “Малын хашаа”-г тус тус хураан авч улсын орлого болгохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бөхбатад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ДЭЛГЭРМӨРӨН