Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 64

 

 

 

 

 

 

 

 

2019        05          09                                    64

 

 

Б-ы нэхэмжлэлтэй хариуцагч

Ч-т холбогдох

иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, Ерөнхий шүүгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуразлдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 142/ШШ2019/00281 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Б-ы нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ч-т холбогдох,

Хашаа байшин, газар худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж 21.000.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагч Ч-ын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, Ерөний шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э, Г, хариуцагч Ч-, хариуцагчийн өмгөөлөгч С, нарийн бичгийн дарга Ө.Оюумаа нар оролцов.

Нэхэмжлэгч Б- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие Б- нь 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр иргэн Ч-аас Орхон аймаг Баян-Өндөр сум Шанд 00 тоот хаягт байрлах хашаа байшинг худалдан авсан. Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ, газар худалдах худалдан авах гэрээг нотариатаар гэрчлүүлсэн. Тус үл хөдлөх хөрөнгийг 21.000.000 сая төгрөгөөр худалдан авсан боловч худалдах худалдан авах гэрээг хариуцагч талын хүсэлтээр 11.000.000 төгрөгөөр болгон байгуулсан. 20.000.000 төгрөгийг нь хариуцагчийн дансаар шилжүүлж, 1.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Нөгөө талаас хууль болон гэрээнд зааснаар худалдагч нь худалдаж байгаа эд хөрөнгийн үнэн зөв бүрэн мэдээллийг худалдан авагчид өгөх үүрэгтэй бөгөөд хариуцагч нь уг үүргээ биелүүлээгүй. Тодруулбал миний бие маргаан бүхий хашаа байшингийн хажууд 6000 вольтын цахилгаан станцтай болохыг саяхан олж мэдсэн. Хариуцагч нь надад анх гэрээ байгуулахдаа 380 вольтын станц хэмээн худал мэдээлэл өгсөн. Гэрээ байгуулсны дараа Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх станц ТӨХК нь тус газрын айлуудыг 45 хоногийн дотор нүүх шаардлага тавьсан, хэрвээ нүүхгүй бол ямар нэгэн эрсдэл гарвал манай байгууллага хариуцлага хүлээхгүй болохыг илэрхийлсэн баримтанд гарын үсэг зуруулж авсан болохыг мэдэж авлаа. Ч-т энэ талаар уулзахад мэдэж байсан болохоо хүлээн зөвшөөрч өөр хүнд зарчихгүй юу гэсэн хариуг өгсөн. Иймээс үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, газар худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж 21.000.000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ч- шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие Ч- нь Орхон аймаг Баян-Өндөр сум Шанд 00 тоот хашаа байшин, газраа зарахаар хашаандаа зар тавьсан байсан ба уг зарын дагуу Б- 2-З удаа ирж уулзан үзэж байгаад худалдан авахаар болж бид үнэ хөлсөө тохирч 2 талын хүсэл зоригоо илэрхийлэн худалдах худалдан авах гэрээг хуулийн шаардлагын дагуу бичгээр хийж, улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн. Гэрээний дагуу би өмчлөлд нь хашаа байшингаа шилжүүлж, Б- надад мөнгө төгрөгөө төлсөн болно. Б- уг хашаа байшинг 2-З удаа ирж үзсэн ба цахилгаан станц нь манай хашаан дотор биш, гадна нь байгаа бөгөөд энэ нь хэнд ч ил тод харагдаж байгаа. Би уг цахилгаан станцыг юмаар хааж халхалсан зүйл надад байхгүй, тэгэх ч боломжгүй юм. Би заавал ав гэж шахаж шаардаагүй. Харин хашааны гадаа байгаа цахилгаан станцын тухайд бол 380 вт-ын хүчдэл авч ашиглаж блок хийж байсан тухайгаа хэлсэн. Гэтэл уг байдлыг гуйвуулан 6000 вт-ын цахилгаан станцыг 380 вт-ын цахилгаан станц гэж буруу ойлгуулсан мэтээр бичсэнийг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Ер нь бол би шандын 00 тоот хаягт байх хашаа байшинг худалдсан болохоос биш 6000 вт-ын цахилгаан станц зараагүй. Гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох хуулийн үндэслэлгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 142/ШШ2019/00281 дугаар шийдвэрээр:

Монгол Улсын Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 59 дүгээр зүйлийн 59.2-т заасныг баримтлан 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Б-, Ч- нарын хооронд байгуулагдсан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, газар худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцож, хариуцагч Ч-аас 21.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б-д олгож, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шанд багийн 36-04 тоотод байршилтай, 86.5 метр квадрат талбайтай, Ү-2101017535 тоот улсын бүртгэлийн дугаартай хувийн сууц, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шанд багийн 36-04 тоотод байршилтай, 130111164 тоот нэгж талбарын дугаартай, 672 метр квадрат талбайтай, Г-2101006610 тоот улсын бүртгэлийн дугаартай газрыг Ч-ын өмчлөлд шилжүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 262.950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 262.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Ч- давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийдвэрээр намайг Бүрэнсайханд хашаа байшингаа зарахдаа хэлцэл хийхэд саад болох нөхцөл байдлын талаар мэдэгдэх үүрэгтэй энэ үүргээ биелүүлээгүй нуун дарагдуулсан гэж үзнэ. 6000 вт-ын станц байгааг арын айлын хүнээс мэдсэн гэсэн нэхэмжлэгчийн тайлбарт тулгуурласан байна. Би өөрөө уг хашаа байшинг авахад уг дэд станц баригдсан байсан ба хуралд оролцсон эрчим хүчний байцаагчийн хэлснээр дэд станц бүхий газарт оршин суудаг 50-60 өрхөд мэдэгдэл хүргүүлсэн зарим жилд хүргүүлээгүй гэсэн тайлбараас үзэхэд эрчим хүчний хуулийн 33 дугаар зүйлд зааснаар эрчим хүчний байгууллага нь хамгаалалтын зурваст айл өрхүүд байж болно гэж зөвшөөрсний үндсэн дээр уг цахилгаан станцыг тухайн шанд баг, түүний үүсгэсэн гудамж, айл өрхийн газарт ойр барьж байгуулжээ. Аймгийн засаг дарга нь хамгаалалтын зурвасын хэмжээг тогтоох ёстой юм байна. Зурвасын хэмжээг тогтоогоогүй бөгөөд тухайн дэд станцыг барих газар эзэмших зөвшөөрлийг 2000 онд авсан баримт ч байхгүй юм билээ. Газар түүн дээр байгаа хашаа байшинг өмчлөгчийн эрхийг зөрчсөн үйл ажиллагааг эрчим хүчний байгууллага зөрчсөн байна. Нэхэмжлэгч Б-ы хувьд 6000 вт-ын дэд станц гэж мэдээгүй гэдэг нь үндэслэлгүй. Гэр бүлийнхээ хүнтэй ирээд уг дэд станцын талаар асууж, уг дэд станц дээрх хүчин чадлын талаарх бичиглэл бүхий мэдээллийг хараад, байшин дээгүүр татсан цахилгааны утсыг хүртэл харж, асууж лавлаад авсан. Эдгээр бүх байдал нь өөрсдөд нь худалдсан эд хөрөнгө ашигтай, тухайн байрлалд өөрсдөө худалдаа хийх зорилготой байсан тул хүлээн зөвшөөрч авсан гэж үзэж байгаа. Миний хувьд уг шийдвэрийг хүлээн зөвшөөрч чадахгүй. Иймд шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

                                                          ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Б- нь хариуцагч Ч-т холбогдуулан хашаа, байшин, газар худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, 21.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Шүүх хэргийг Монгол Улсын Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 59 дүгээр зүйлийн 59.2-т заасныг баримтлан 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Б-, Ч- нарын хооронд байгуулагдсан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, газар худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцож, хариуцагч Ч-аас 21.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б-д олгож, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шанд багийн 36-04 тоотод байршилтай, 86.5 метр квадрат талбайтай, Ү-2101017535 тоот улсын бүртгэлийн дугаартай хувийн сууц, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шанд багийн 36-04 тоотод байршилтай, 130111164 тоот нэгж талбарын дугаартай, 672 метр квадрат талбайтай, Г-2101006610 тоот улсын бүртгэлийн дугаартай газрыг Ч-ын өмчлөлд шилжүүлж шийдвэрлэжээ.

Б- Ч- нар нь 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум 9 дүгээр баг Шандын 00 тоотод  байршилтай хашаа, байшин, газрыг  худалдах, худалдан авах гэрээ байгуулжээ.

Талууд гэрээгээ нотариатаар батлуулж, улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээгээ авсан ба нэхэмжлэгч Б- нь хариуцагч Ч-т хашаа байшин, газрын үнэ 21.000.000 сая төгрөгийг шилжүүлэн өгчээ.

Нэхэмжлэгч  “...хашаа байшингийн хажууд 6000 вольтын цахилгаан станц байгааг саяхан олж мэдсэн,...айлуудыг нүүх шаардлага тавьсан байсныг зарах үедээ хариуцагч хэлээгүй, Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2-т хэлцэл хийхэд саад болох нөхцөл байдлыг хэлцэл хийгч нэг тал нь нуун дарагдуулсныг нөгөө тал хожим мэдсэн бол хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй гэсэн агуулгатай нэхэмжлэл гаргажээ.

Харин хариуцагч Ч- нь ямар нэгэн хууран мэхлэх нуун дарагдуулах зорилго байгаагүй, хашаа байшингаа зарж банкны зээлээ төлөх зорилготой байсан, хашаа байшинг худалдан авах үед түүний ойролцоо байгаа 6000 вт станцын талаар нэхэмжлэгч мэдэх боломжтой байсан, мөн байшингийн дээр  380 вт-ын шугам байгаа талаар хэлсэн гэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргажээ.

Хариуцагч Ч- нэхэмжлэгч Б-д худалдсан Орхон аймгийн Баян-Өндөр сум 9 дүгээр баг Шандын 00 тоот газар, хашаа байшин нь 6000 вт-ын цахилгаан дамжуулах шугам, дэд станцын шугам сүлжээнд тогтоосон хамгаалалтын зурвасын дотор байрладаг болох нь тогтоогджээ.

 Эрчим хүчний тухай хууль болон Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах  дүрмийг зөрчсөн тул хамгаалалтын зурвасыг чөлөөлөх талаар тухайн газарт оршин суудаг айлуудад Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас  удаа дараа мэдэгдэх хуудас хүргүүлж байжээ.  

Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-т заасан “...хамгаалалтын зурвасын дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно...”, гэжээ. мөн эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрмийн 2.2, 2.3-д зааснаар эрчим хүчний шугам сүлжээнд хамгаалалтын зурвас тогтоосон байдаг, үүнд дэглэм сахиулах, хяналт тавих үүргийг  Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ ТӨХК хариуцдаг байна.   

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд “...хариуцагч Ч- нэхэмжлэгчтэй худалдах, худалдан авах гэрээ байгуулах үедээ түүнийг хууран мэхлэх зорилго агуулсан эсвэл өр төлбөрөө барагдуулах зорилгоор үл хөдлөх эд хөрөнгөө худалдсан, энэ үед хэлцэл хийхэд саад болох нөхцөл байдлын талаар зориуд нуун дарагдуулсан, энэ талаар хэлэхээ мартсан зэргээс шалтгаалахгүйгээр тэрээр мэдэгдэх үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй бол түүнийг нуун дарагдуулсан гэж үзнэ. Энэ талаар нэхэмжлэгч хөрш айлуудаас хожим олж мэдсэн нь шаардах эрхийн үндэслэл болж байна. Дээрх байдлыг нэхэмжлэгч Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2-т зааснаар хэлцэл хийхэд саад болох нөхцөл байдал гэж үзэж байгаа бөгөөд хариуцагч үүнийг нуун дарагдуулсныг хожим мэдсэн гэж үзэн хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардаж байгаа нь үндэслэлтэй байна...” гэсэн дүгнэлтийг хийж хэргийг хянан шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, иргэний хуульд нийцжээ.

Иймд хариуцагч Ч-ын гаргасан давж заалдсан гомдол хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул хүлээн авах боломжгүй юм.

Шүүх хэргийн хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагч Ч-ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 262.950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 142/ШШ2019/00281 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Ч-ын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагч Ч-ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 262.950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     С.УРАНЧИМЭГ

ШҮҮГЧ                                                           Б.ОЮУНЦЭЦЭГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Б.БАТТӨР