| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 320/2026/0123/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/157 |
| Огноо | 2026-04-06 |
| Зүйл хэсэг | 17.4.2.1., |
| Улсын яллагч | Б.Ариунсанаа |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2026 оны 04 сарын 06 өдөр
Дугаар 2026/ШЦТ/157
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн,
Улсын яллагч Б.Ариунсанаа,
Шүүгдэгч Э.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э-ын С-д холбогдох эрүүгийн 2238003200035 дугаартай хэргийг 2026 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Н овгийн Э-ын С , 1989 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн эдийн засгийн удирдлага мэргэжилтэй, “Хялганат энержи” ХХК-д хөрөөчин ажилтай, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ..... дүгээр баг ................ тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн РФ.................. дугаартай.
Холбогдсон хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар)
Шүүгдэгч Э.С нь 2021 оны 01 дүгээр сараас 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргын тамгын газарт .....................-р ажиллаж байхдаа НИК ХХК-ны Хөвсгөл аймаг дахь Нефть хангамжийн салбарын харьяа “Эг-Үүр” ШТС-аас Эрдэнэбулган сумын Засаг даргын тамгын газрын албаны хэрэгцээнд ашиглах шатахуун, тослох материалын зардлаас 5,479,050 төгрөгийн үнэ бүхий шатахууныг бэлэн мөнгөөр болон шатахуун хэлбэрээр хувьдаа гаргуулан авч хөрөнгө завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
Улсын яллагч: 2026 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 41 дугаартай яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүгдэгч хавтаст хэргээс: Судлах баримтгүй гэв.
Хоёр.Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтууд:
2.1. Шүүгдэгч Э.С шүүхийн хэлэлцүүлэгт: “…Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл),
Гурав. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэрэгт авагдсан нотлох баримтууд:
3.1.Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.Д-ын иргэний нэхэмжлэгчээр өгсөн: “...2021 онд Эрдэнэбулган сумын төвд байрлах “Ник” ХХК-ийн шатахуун түгээх газартай Эрдэнэбулган сумын ЗДТГ нь гэрээ байгуулж гэрээгээр шатахуун авдаг байсан. Тухайн үед нягтлангаар ажиллаж байсан. С нь 2021 оны 09 дүгээр сард ..................-ийн ажлаасаа гарсан ба С ийн оронд М гэж хүн нягтлангаар шинээр томилогдсон. М нь ажлаа хүлээж авсныхаа дараа “Ник” ХХК-тай шатахууны тооцооны талаар тулгалт хийхэд Эрдэнэбулган сумын төвд үйл ажиллагаа явуулдаг “Ник” ХХК-аас явуулсан шатахуун авсан цуваа таарч байгаа боловч “Ник” ХХК-ийн Мөрөн сум руу явуулсан бензин авсан тооцооны цуваа зөрүүтэй байсан. Тэгтэл С нь “НИК” ХХК-аас өөрөө бензин авсан тооцоогоо хийлгүй тамгын газраас дараа нь тооцоогоо шилжүүлдэг байсан. Нэг үгээр хэлбэл Мөрөн сум руу явуулсан цуваагаа манайх руу явуулахдаа С нягтлан өөрөө авсан бензинээ Х-д хэлж хасуулаад тамгын газар руу явуулдаг байсан ба С нягтлан өөрөө шатахууны тооцоог шилжүүлдэг байсан болохоор өөрийнхөө авсан бензиний мөнгөн тооцоог тамгын газарт оруулж шилжүүлдэг байсныг баримтаас харж мэдсэн. Х нь төв рүүгээ явуулахдаа С-ийн авсан шатахууныг нэмж оруулаад бензиний цуваагаа явуулдаг байсан боловч Эрдэнэбулган сумын ЗДТГ-руу явуулах бензиний цуваагаа явуулахдаа С-ийн авсан шатахууныг хасаад цуваа үйлдэж явуулдаг байсан юм билээ. Эрдэнэбулган сумын ЗДТГ нь шаардах хуудсаар бензин авдаг байсан. С нь албан тушаалаа ашиглан өөрөө авсан шатахууны мөнгөө тамгын газрын төсөв мөнгөнөөс төлж Эрдэнэбулган суманд учруулсан хохирлыг нь барагдуулж төлүүлж авмаар байна. Шинжээч нь дүгнэлтдээ “Ник” болон сумын ЗДТГ-ын 2021 оны 9 дүгээр сарын шатах тослох материалын үнийн дүнг нэмж оруулсан байна. Тухайн сард Э.С нь ажлаасаа чөлөөлөгдсөн байсан үе, тийм болохоор С тээвэр шатахууны зардлаас гүйлгээ хийх ямар ч боломжгүй байсан, ...шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан 18,288,490 төгрөгөөс манай 9 сард авсан шатах тослох материалын үнэ болох 2,239,820 төгрөгийг /Э.С нь 2021 оны 9 сард ажиллагаагүй хугацааны/ хасахаар 16,048,670 төгрөг болж байгаа. Уг 16,048,670+522,250 /2021 оны 01 сар болон 3 сард БХС-аас шилжүүлэг хийж авсан шатахууны үнийг/ нэмэхээр 16,570,920 төгрөг болж байгаа.
Гэхдээ Э.С энэ хугацаанд нягтлангаар ажиллаж байхдаа “Ник” рүү шатахууны төлбөр гэж 22,049,970 төгрөгийг шилжүүлсэн байгаа. Эрдэнэбулган сумын ЗДТГ-ын ажилтан, алба хаагч нар 2021 оны 1 сараас 2021 оны 8 сарыг дуустал хугацаанд 16,570,920 төгрөгийн шатахууныг бодитоор авсан. Ингээд хасахаар С нь 5,479,050 төгрөгийн шатахууныг хувьдаа авсан...” гэх мэдүүлэг (1-р хх- ийн 62-63, 67-69-р тал),
3.2.Мөрдөн шалгах ажиллагааны шатанд М.О-ийн гэрчээр өгсөн: “...Э.С ийг .....................-р ажиллаж байх хугацаанд буюу 2021 оны 01 сараас 2021 оны 09 сар хүртэл хугацаанд тээвэр шатахууны зардлаас болон байгаль хамгаалах сангаас нийт 5,120,890 төгрөгийг Хөвсгөл аймгийн салбар “Петровис”-ийн данс руу илүү шилжигдсэн. Сүүлд нь “Петровис” ХХК-ийн Эрдэнэбулган сумын салбар хариуцсан ажилтан Х нь /88................../ энэ зөрүү болох 5,120,890 төгрөгийг танай С нь гаргуулж авсан ш дээ, надад хамааралгүй гэж хэлсэн,...Х нь хоёр өөр байдлаар шатахуун олгосон жагсаалтыг гаргасан байсан. Илүү дүн бичсэн шатахуун олгосон цувааг Мөрөн сумын “Петровис”-т, харин манай тамгын газрын авсан шатахуун олгосон бодит цувааг манайд өгдөг байсан. Тэрний зөрүү нь гарч ирээд, манайх бол үндсэн баримтаараа яг таарч байгаа. Шатахууны зөрүүтэй холбоотой асуудал цагдаагийн газарт шалгагдаж эхэлсний дараа С шатахууны мөнгө гэж 1,000,000 төгрөгийг манай сумын ЗДТГ-ын төрийн сангийн данс руу 2023 онд шилжүүлсэн...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 77-79-р тал),
3.3. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Д.Х-гийн гэрчээр өгсөн: “...2021 онд ЗДТГ нь “Ник” ХХК-аас шатахуун авахдаа шаардах хуудсаар авдаг байсан.
Тухайн шаардах хуудас нь нягтлангийн гарын үсгээр баталгааждаг байсан. 2021 оны гэрээн дээр шаардах хуудсаар ЗДТГ-т шатахуун олгоно гэсэн байсан болохоор гэрээний дагуу шаардах хуудсаар шатахуун өгдөг байсан. С нь өөрийнхөө нэр дээр авсан шатахууныг өөр сангаас орно гэж хэлээд тусад нь бичүүлдэг байсан. Эрдэнэбулган сумын тамгын газраас авсан шатахууныг болохоор мөн өөр сангаас тусдаа ордог гэж хэлж ярьсан болохоор төлбөр тооцоогоо ялгахын тулд би С-ийн хэлснээр тус тусад нь бичиж цуваа үйлддэг. Нэгдсэн нийт авсан цувааг С нь канондаж авдаг байсан.
Шатахуун авсан цуваагаа тамгын газарт аваачиж өгөх үед С нь миний авсан шатахуун болон тамгын газрын ажилчид авсан шатахууны /бензиний/ цувааг тус тусад нь ялгаж үйлдүүлж авдаг байсан. Мөрөн сум руу явах цувааг болохоор би Эрдэнэбулган сумын тамгын газрын ажилчид авсан бензин болон С нь тусдаа авдаг байсан бензинийг нийлүүлээд явуулдаг байсан. Ямар ч байсан “Ник” ХХК-д С болон Эрдэнэбулган сумын тамгын газар төлбөр тооцоогүй, тооцоогоо бүрэн хийж шилжүүлдэг байсан. С нь бензин авахдаа өөрийнхөө нэрийг шаардах хуудас дээр бичдэг байсан. Шаардах хуудсаар бензин авч байгаа тохиолдолд авч байгаа жолоочийн нэрийг нь бичдэг байсан болохоор С нь өөрийнхөө нэртэй шаардах хуудсаар авдаг байсан.
Намайг ажилд орох үед С нь тамгын газрын нягтлангаар ажилладаг байсан болохоор бүхэл бүтэн тамгын газрын нягтлан ажлаа мэдэж байгаа гэж бодоод хэлснээр нь төлбөр тооцооны цуваагаа хоёр янзаар буюу тамгын газарт хүргүүлэхдээ С ийн авсан бензинийг тусад нь бичиж өгдөг байсан.
С 2021 онд бол хоёр, гурван удаа шатахууны мөнгийг бэлнээр гарган авч байсан тохиолдол байгаа. Яг хэд, хэдэн саруудад гэдгийг цээжээр санахгүй байна. Аймаг сум руу сургалтад явах гэсэн юмаа, буцаж ирэх зардалгүй болчих гээд байна, шатахууны мөнгийг бэлнээр гаргаж авах хэрэгтэй байна гэж хэлээд надад сумын ЗДТГ-ын шаардах хуудас өгөөд шатахуун авах мөнгөө бэлнээр гаргуулж байсан. Хамгийн дээд тал нь 60,000- 70,000 төгрөг л өгч байсан, тэрнээс хэтрэхгүй...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 89-90, 92-94-р тал),
3.4. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Ц.М-ийн гэрчээр өгсөн: “...Би 2021 оны 09 дүгээр сард анх Эрдэнэбулган сумын ЗДТГ-т .....................-р ажилд орсон. С нь Эрдэнэбулган сумын ЗДТГ-т .....................-р ажиллаж байхдаа “Ник” шатахуун түгээх газарт шатахууны мөнгө шилжүүлэх үедээ санхүүгийн өр төлбөр үүсгэсэн байсан. Тэгээд Д эгч бид хоёр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын төвд байрлах “Ник” шатахуун түгээх газрын төв байранд очиж Эрдэнэбулган сумын “Ник” ХХК-ийн явуулсан цувааг холбогдох ажилтанд хэлж баримтыг үзэж утсаараа дарж авч Эрдэнэбулган сумын “Ник” шатахуун түгээх газраас ЗДТГ-т өгсөн цуваатай тулгаж үзэхэд 5,120,890 төгрөгийн зөрүү гарч ирсэн. С нь “Ник” руу шатахууны мөнгө шилжүүлэхдээ өөрийнхөө хувьдаа авсан шатахууны мөнгийг хамт шилжүүлдэг болох нь цуваагаар тогтоогдсон...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 97-99-р тал)
3.5. ТЭД-АУДИТ ХХК-ны 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн №25/ш-03 дугаартай шинжээчийн дүгнэлт, хавсралт (1-р хх-ийн 143-164-р тал),
3.6.Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Д.О-ын гэрчээр өгсөн: “...мэдээж гэрээтэй албан байгууллагууддаа шатахууныг манайх олгох ёстой.
Түүнээс биш манай салбарын түгээгч маань хаа хамаагүй таньж мэдэхгүй хүнд шатахуун олгоно гэж байхгүй. Эрдэнэбулган сумын Тамгын газрын НБ нь Эрдэнэбулганы сумын ШТС-ын шатахуун түгээгч Х-д юу гэж хэлээд шатахуун авч байгаагаас хамаарах асуудал байна. Сумын Тамгын газрын ажлын хэрэгцээ шаардлагаар авч байгаа гэж хэлээд шаардах хуудсаа өгөх юм бол хүссэн шатахууныг нь манай ажилтан олгохоос өөр аргагүй. Манай шатахуун түгээх салбарын шатахуун түгээгч хэн нэгэн ажилтан нь манай компанитай шатахуун худалдах, худалдан авах гэрээ байгуулсан албан байгууллагаас ирүүлсэн шаардах хуудсаар шатахууныг олгох ёстой байдаг. Гэхдээ суманд байгаа манай ШТС-ын шатахууны нөөц дууссан үед мөн гэрээтэй албан байгууллагын албаны машин, тухайн байгууллагын ажилтны машиных нь бензиний банкны багтаамжаас илүү дүнгээр ирсэн шаардах хуудасны зөрүү шатахууны литрийн үнийг бэлэн мөнгөөр буцааж гаргаж өгөх тохиолдол гардаг...” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 91-92-р тал)
3.7. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Э.С ийн яллагдагчаар өгсөн: “...Би Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргын тамгын газарт 2017 оны 08 дугаар сарын 25-аас 2021 оны 09 дүгээр 01-ний өдрийг хүртэлх хугацаанд .....................-р ажиллаж байхдаа “Ник Петровис” ХХК-ны түгээгч Х-д Засаг даргын тамгын газрын шаардах хуудас бичиж өгч, оронд нь бэлэн мөнгө, бензин шатахуун авч хувьдаа хэрэглэж байсан. Ингэж авсан бэлэн, мөнгө шатахууны өрийг “Ник Петровис” ХХК руу явуулдаг сарын тайлан дээрээ Эрдэнэбулган сумын Засаг даргын тамгын газрын төлбөрт оруулаад илгээдэг байсан. Би Х-д бол өөрөө өрөө төлнө гэдгээ хэлдэг байсан. Би ажлаа өгөөд гарсны дараа жилийн эцсээр хоёр байгууллага тооцоо нийлэх үед миний авсан бэлэн мөнгө, шатахууны өр гарч ирээд тэрийг нь Эрдэнэбулган сумын Засаг даргын тамгын газраас төлчихсөн юм байна лээ. Ингээд надад одоо 5 сая гаруй төгрөгийн өр үүссэн байгаа...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 179-р тал),
3.8.Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1-р хх-ийн 41-р хуудас),
3.9. Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргын тамгын газрын даргын 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн №Б/09 дугаартай “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” тушаал (1-р хх-ийн 198-р тал),
3.10.Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргын тамгын газрын даргын 2021 оны 09 дүгээр сарын 01-ий өдрийн №Б/07 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал (1-р хх-ийн 198-р тал),
3.11.Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн №718 дугаартай албан бичиг (2-р хх-ийн 63-р тал),
3.12.Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн №555 дугаартай албан бичиг (2-р хх-ийн 64-р тал)
3.13.Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой: иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар (1-р хх-ийн 188-189, 204-р тал) зэрэг нотлох баримтууд болно.
Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн гэх зөрчил тогтоогдоогүй байна.
Тав. Талуудын гаргасан санал, дүгнэлт:
Улсын яллагч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Ариунсанаа би Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 14.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэнд холбогдсон Э.С ид холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцон дүгнэлт гаргаж байна.
Шүүгдэгч Э.С нь 2021 оны 1 дүгээр сараас 2021 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргын Тамгын газарт ....................-ражиллаж байхдаа Нефть хувьцаат компанийн Хөвсгөл аймаг дахь нефт хангамжийн харьяа шатахуун түгээх станцаас Эрдэнэбулган сумын Засаг даргын Тамгын газрын албаны хэрэгцээнд ашиглах шатахуун, туслах материалын зардлаас 5,479,050 төгрөгийн үнэ бүхий шатахууныг бэлэн мөнгөөр болон шатахуун хэлбэрээр хувьдаа гаргуулан авч, албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт цугларсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгч Э.С ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна...” гэв.
Шүүгдэгч Э.С нь улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй, гэм буруугийн талаар маргаагүй болно.
Зургаа. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт:
6.1.Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Э.С нь Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргын тамгын газарт ....................-ражиллаж байхдаа хугацаандаа буюу 2021 оны 01 дүгээр сараас 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд “НИК” ХХК-ны Хөвсгөл аймаг дахь Нефть хангамжийн салбарын харьяа “Эг-Үүр” ШТС-аас Эрдэнэбулган сумын Засаг даргын тамгын газрын албаны хэрэгцээнд ашиглах шатахуун, тослох материалын зардлаас 5,479,050 төгрөгийн үнэ бүхий шатахууныг бэлэн мөнгө, шатахуун хэлбэрээр хувьдаа гаргуулан авч хөрөнгө завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна.
6.2.Хууль зүйн дүгнэлт.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд “Хөрөнгө завших” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан бол” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг заасан.
“Хөрөнгө завших” гэж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг итгэмжлэлийн үндсэн дээр эзэмшиж, ашиглаж буй байдлаа урвуулан ашиглаж, бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн өмчлөлд хариу төлбөргүйгээр хууль бусаар авах, захиран зарцуулах үйлдлийг ойлгоно.
Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөн олговор, үнийг төлнө” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар бусдын өмчлөх эрхийг баталгаажуулсан.
“Итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө” гэж өмчлөгч, эзэмшигчээс итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг хэлэх ба “итгэмжлэгдэн хариуцсан этгээд” гэж аж ахуй нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээсэн, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг ойлгодог.
Мөн “Хөрөнгө завших” гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй, шунахай сэдэлтэй гэмт хэрэг юм.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд хууль, гэрээ, хэлцлийн үндсэн дээр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшихыг хөрөнгө завших гэмт хэргийн энгийн бүрэлдэхүүнээр тодорхойлсон.
Харин энэ гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн тохиолдолд хүндрүүлж эрүүгийн хариуцлага оногдуулахаар зохицуулсан.
Өөрөөр хэлбэл нийтийн албан тушаалтан өөртөө эсхүл бусдад хууль бус давуу байдал бий болгох зорилгоор албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж төрийн болон байгууллагын өмч, хөрөнгийг завшсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан “Албан тушаалын байдлаа ашиглаж хөрөнгө завшсан” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “албан тушаалын байдлаа ашиглаж” үйлдсэн гэж үзнэ.
“Албан тушаалын байдал” гэдэгт албаны эрх нөлөө хамаарахаар бол “албаны эрх нөлөө” гэж тухайн нийтийн алба хаагчийн хувьд хууль тогтоомж, дүрэм журмаар тогтоосон эрхлэх чиг үүрэг, бүрэн эрхэд шууд хамаарахгүй ч албан тушаалын дээгүүр эрх, нийтлэг давуу байдлаар бусад албан тушаалтанд нөлөөлөх боломжийг, “урвуулан ашиглах” гэж албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг тус тус ойлгоно.
Түүнчлэн Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд “хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлага болон гүйцэтгэх удирдлагаас томилогдсон ерөнхий НБ нар нь аж ахуйн нэгж, байгууллагын хөрөнгийн орлого, зарлагын баримт болон санхүүгийн тайланд нэг, хоёрдугаар гарын үсэг зурах этгээд” байхаар хуульчилсан.
Шүүгдэгч Т.С нь тухайн хуулийн этгээдэд санхүүгийн шийдвэр гаргах эрх бүхий эрхтэй этгээд мөн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдсон ба тэрээр Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргын тамгын газарт .....................-р ажиллаж байхдаа 2021 оны 01 дүгээр сараас 2021 оны 09 дүгээр сарыг хүртэлх хугацаанд “НИК” ХХК-ны Хөвсгөл аймаг дахь Нефть хангамжийн салбарын харьяа “Эг-Үүр” ШТС-аас тамгын газрын албаны хэрэгцээнд ашиглах шатахуун, тослох материалын зардлаас 5,479,050 төгрөгийн үнэ бүхий шатахууныг бэлэн мөнгө, шатахуун хэлбэрээр хувьдаа гаргуулан авч захиран зарцуулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Хөрөнгө завших” гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан.
Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг ба шүүгдэгч Э.С нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж үйлдсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж дүгнэв.
Иймд шүүгдэгч Э.С ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Хөрөнгө завших” гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Бусдын эрх, ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах,...гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүргийг хүлээнэ гэж Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйлд хуульчилсан.
Шүүгдэгч Т.С-ийн гэм буруутай үйлдлийн улмаас Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргын тамгын газарт 5,749,050 төгрөгний хохирол учирсан ба шүүгдэгч нь хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч байгууллагад 1.000.000 (нэг сая) төгрөгийг төлсөн байна.
Иймээс шүүгдэгч Т.С-оос 4,479,050 (дөрвөн сая дөрвөн зуун далан есөн мянга тавь) төгрөгийг гаргуулж хохирогч Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргын тамгын газарт олгох нь зүйтэй гэж үзлээ.
Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөрдөгчийн тогтоолоор шинжээч томилсон, уг зардлыг “Авлигатай тэмцэх” газар төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон бөгөөд хуульд шүүгдэгч гэм буруутай болох нь тогтоогдвол түүнээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг гаргуулахаар заасан.
Иймд шүүгдэгч Т.С оос шинжээчийн ажлын хөлс 1,650,000 (нэг сая зургаан зуун тавин мянга) төгрөгийг гаргуулж “Авлигатай тэмцэх” газарт олгохоор шийдвэрлэв.
Долоо. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Э.С ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Шүүгдэгч Э.С ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, Э.С ийн хувийн байдал, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 10000 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 10,000,000 төгрөгөөр торгох ялын саналтай байна...” гэв.
Шүүгдэгч Э.С өмгөөлөгчийн байр сууринаас эрүүгийн хариуцлага хүлээлгэх саналдаа: “...Торгох ял оногдуулж өгнө үү...” гэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Шүүгдэгч нь ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 01 дүгээр багт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан, тухайн зүйл, хэсэг, заалтад заасан торгох ял оногдуулах нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв.
Хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.С-ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 6 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н овгийн Э-ын С ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Хөрөнгө завших” гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Э.С ийг 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 (арван сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.С ийг 10,000,000 төгрөгөөр торгох ялыг 2 (хоёр) жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.С торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С оос 4,479,050 (дөрвөн сая дөрвөн зуун далан есөн мянга тавь) төгрөгийг гаргуулж Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргын тамгын газарт, 1,650,000 (нэг сая зургаан зуун тавин мянга) төгрөгийг гаргуулж Авлигатай тэмцэх газарт тус тус олгосугай.
6. Хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.С ид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ