| Шүүх | Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2019/00071/и |
| Дугаар | 65 |
| Огноо | 2019-05-14 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 65
2019 05 14 65
Э-гийн нэхэмжлэлтэй,
хариуцагч С-т холбогдох
иргэний хэргийн тухай
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч С.Уранчимэг, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар,
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 142/ШШ2019/00363 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Э-гийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: С-т холбогдох,
Махны үнэ 8.535.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,
Хариуцагчийн өмгөөлөгч Ц-ийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н, хариуцагчийн өмгөөлөгч Ц, нарийн бичгийн дарга Ө.Оюумаа нар оролцов.
Нэхэмжлэгч Э- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 64 тооны адууг С-т худалдаж нийт 9.493 кг махыг 3 ангилан үнэ тохиролцон 140 килограммаас дээш жин дарсан нэг адууны махыг 1 кг нь 4 200 төгрөг, 120 килограммаас дээш жин дарсан нэг адууны махыг 1 килограммыг 3.900 төгрөг, 120 килограммаас доош жин дарсан нэг адууны махыг 1 килограммыг 3.600 төгрөгөөр тус тус үнэлэн худалдаж нийт 38.535.000 төгрөг болсон. 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр эхний ээлжинд гээд 20.000.000 төгрөгийг дансаар шилжүүлж өгсөн. Үүнээс хойш С- нь би чамд мөнгө өгөх шаардлагагүй энэ тэр гээд Жаргалант махны үйлдвэрийн захирал н.Төмөрхуягаас мөнгө авах ёстой тэр хүнээс ав гэж холбож өгөөд н.Төмөрхуяг нь 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 8.000.000 төгрөгийг өгч, үүнээс хойш 2.000.000 төгрөгийг өгсөн. Адуу зарснаас хойш үлдэгдэл мөнгөө авах гэж удаа дараа уулзаж, утсаар ярьж хэлсэн боловч сүүлдээ бүр хэл амаар доромжилж одоог хүртэл 8.535.000 төгрөгийг өгөөгүй байна. Иймд үлдэгдэл 8.535.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч С- шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Миний бие 8.535.000 төгрөгийг төлөх үндэслэл байхгүй. Тухайн үед хятадууд ирж адууны мах үйлдвэр дээр авсан. Иргэн Энхтуяа нь гэртээ өгөх адуугаа ялгасан. Газар дээр нь би орчуулагч хийж хятад иргэн Зин Мен Хуг аваачиж үзүүлж харуулсан. Тэгээд тохиролцоод иргэн Э- нь адуугаа өөрийн биеэр авчирч үйлдвэрт оруулж өгсөн. Уг адууны махыг 1 талаас эзэн өөрөө 2 дугаарт нөгөө талаас хятад иргэн Зин Мен Ху 3 дугаарт үйлдвэрийн нярав бичиж жин хэмжээг бичиж авсан. Иргэн Саранцэцэг миний бие үүнд оролцоогүй хятад иргэнд иргэн Энхтуяа нь өөрийн биеэр махаа өгсөн. Харин би зөвхөн орчуулагч хийж байсан учраас өг гэсэн мөнгийг шилжүүлж өгсөн. Иргэн Энхтуяагийн үлдэгдэл 8.000.000 төгрөгийг Жаргалант ХХК-ийн захирал Төмөрхуягаас өгөх ёстой гэсэн үүнийг би дамжуулж орчуулж өгсөн.Э-г өөрийн биеэр захирал Төмөрхуягтай уулзуулж өгсөн. Эд нар хоорондоо уулзаад тохиролцсон гэж Жаргалант ХХК-ийн захирал Төмөрхуяг утсаар хэлсэн. Бас өөрийн биеэр аваачиж уулзуулсан. Иймд иргэн С- би холбогдох мөнгөний материалыг шүүхэд өгсөн. Хариуцагч этгээд Жаргалант ХХК-ийн захирал Төмөрхуягийг хариуцагчаар дуудаж энэ иргэн Э-гийн 8.000.000 төгрөгийг гаргуулж өгөхийг хүсэж байна. Уг адууны мөнгө /үлдсэн/ 37.206.000 төгрөг өгөх ёстой гэж надад хятад иргэн хэлсэн гэхдээ бид удаасан гэдгээр нь 38.000.000 төгрөгийг өгнө гэж хятад иргэн орчуулга хийлгэсэн. Мөнгө шилжүүлж өгсөн хуулга Төмөрхуяг, Э- нарт байгаа. Иймд иргэн С- миний өргөдлийг хүлээн авч үнэн зөвөөр шийдэж өгнө үү гэжээ.
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 27-ний өдрийн 142/ШШ2019/00363 дугаар шийдвэрээр:
Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1-д заасныг баримтлан хариуцагч С-ээс 8.535.000 /найман сая таван зуун гучин таван мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э. Энхтуяад олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 151.510 /нэг зуун тавин нэгэн мянга таван зуун арав/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С-ээс 151.510 /нэг зуун тавин нэгэн мянга таван зуун арав/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э-д олгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч Ц давж заалдсан гомдолдоо:
Анхан шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч Э-гийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэлтэй, хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна. Хариуцагч С- нь нэхэмжлэгч Э-гаас мал, мах худалдан аваагүй, харин тухайн үед мал мах худалдан авч байсан хятад иргэний орчуулагчаар ажиллаж байсан, мөн нэхэмжлэгч Э- өөрийн биеэр хятад иргэнд худалдаж байгаа адуугаа махны үйлдвэрт аваачиж өгсөн, мах авахад нэг талаас махны эзэн, нэгээ талаас худалдан авч байгаа хятад иргэн, гуравдагч этгээд нь тухайн үйлдвэрийн нярав байж жингийн хяналт тавьж байсан гэдгийг хариуцагч хэлдэг энэ байдал нь ч гэрчүүдийн мэдүүлгээр нотлогддог. Анхан шатны шүүх нь хариуцагчийн дансаар хийгдсэн гүйлгээ болон “Жаргалант мах импекс” ХХК-ний захирал Х.Төмөрхуягтай хийсэн тооцоо нийлсэн акт зэргээс дүгнэвэл С- нь энэ хэргийн хариуцагч мөн гэж дүгнэжээ. Гэтэл нэхэмжлэгчийн мал, махыг худалдаж авсан тал нь хариуцагч биш юм. Мөн хариуцагч С- нь нэхэмжлэгч Э-гаас хэдий хэмжээний махыг хэдэн төгрөгөөр худалдаж авснаа мэдэхгүй байна, мөн нэхэмжлэгч тал ч хэдий хэмжээний махыг хэдэн төгрөгөөр худалдсанаа нотлох баримтаар нотлоогүй байхад анхан шатны шүүх ямар нотлох баримтаар нэхэмжлэгч Э-г ямар хэмжээний махыг хэдэн төгрөгөөр худалдаад хэдэн төгрөгийг авсан хэдэн төгрөг үлдэж байгааг тооцож нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж байгаа нь ойлгомжгүй байна. Нэхэмжлэгч Э- нь мал махаа худалдсан тухай ямар ч нотлох баримт гаргаж өгөөгүй нь хэдэн кг махыг худалдсан, мөн 1 кг махыг хэдэн төгрөгөөр худалдсан гэдгээ хэлдэггүй бөгөөд энэ тухай ямар нэгэн баримт байхгүй байна. Иймд Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 363 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулан, нэхэмжлэгч Э-гийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч Э- хариуцагч С-т холбогдуулан махны үлдэгдэл үнэ-8.535.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч “...уг мөнгийг Төмөрхуяг төлөхөөр тохирсон, хооронд нь уулзуулж өгсөн, би орчуулга хийсэн, мах авахад оролцоогүй...” гэсэн үндэслэлээр шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Шүүх хариуцагч С-ээс махны үнэ 8.535.000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэжээ.
Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байна. Үүнд:
Хариуцагч С- нь нэхэмжлэгч Э-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж шүүхэд 2019 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр тайлбар болон холбогдох нотлох баримт буюу “Тооцоо нийлсэн акт”-ыг ирүүлсэн ба уг баримтыг шүүх нотлох баримтанд үнэлж хариуцагч С-ийг энэ хэргийн хариуцагч мөн гэж үзэх үндэслэлтэй гэсэн дүгнэлт хийсэн байна. Гэтэл хэрэгт авагдсан “Тооцоо нийлсэн акт” эх хувиар биш нотариатаар гэрчлүүлээгүй байхад шүүх нотлох баримтанд үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасныг зөрчжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2019.03.18-ны өдрийн 19/01290 шүүгчийн захирамжинд зааснаар ХААН Банкнаас ирүүлсэн 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 255 тоот лавлагаа, хариуцагчийн шүүхэд ирүүлсэн тайлбар болон нэхэмжлэгч Э-гийн эзэмшлийн 5097046253 тоот дансны хуулга, хариуцагчийн тайлбар зэрэг баримтаар Хаан банкны 5041449247 тоот дансны эзэмшигч нь Х.Төмөрхуяг мөн болох нь, тэрээр 2 удаагийн үйлдлээр нийт 2.000.000 төгрөг нэхэмжлэгчийн дансанд шилжүүлсэн байхад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 –д “Шаардлагатай гэж үзвэл шүүх шийдвэрээ гаргахаас өмнө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөр этгээдийг хамтран нэхэмжлэгч, буюу хамтран хариуцагчаар татан оролцуулж болно“ гэж заасны дагуу шүүх Төмөрхуягийг хамтран хариуцагчаар татаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй зөрчлийг гаргасан байна.
Дээрх үндэслэлүүд нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-д заасан үндэслэлд хамаарч байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Нэхэмжлэгч Э-гийн махны үлдэгдэл үнэ 8.535.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй тул хариуцагч өмгөөлөгч Ц-ийн гаргасан “...С- нь хариуцагч биш, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэл тогтоогдохгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 142/ШШ2019/00363 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчийн өмгөөлөгч Ц-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 151.510 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР
ШҮҮГЧИД С.УРАНЧИМЭГ
Б.ОЮУНЦЭЦЭГ