Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 2022/ДШМ/121

 

 

 

 

 

 

     

    2022         2            1                                             2022/ДШМ/121                             

 

 

Д.Эбад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүгдэгч Д.Эб, түүний өмгөөлөгч Г.Наранбаатар,

нарийн бичгийн дарга Б.Одонмаа нарыг оролцуулан,

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж, Ерөнхий шүүгч Х.Ганболд, шүүгч Э.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 2021/ШЦТ/189 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Эбын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2107 00000 0183 дугаартай хэргийг 2022 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Д овогт Двын Эб, ............ оны .... дугаар сарын .....-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 58 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Х-А” тоосгоны үйлдвэрт цэвэрлэгч ажилтай, ам бүл 1, ...................... дүүргийн .... дугаар хороо, ..................... гудамжны ...... тоотод оршин суух хаягтай, /РД:............................../; 

- Чингэлтэй дүүргийн шүүхийн 2002 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, Хөвсгөл аймгийн шүүхийн 2004 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 443 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 4 сар 25 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан.

Шүүгдэгч Д.Эб нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 04 цагийн үед Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр “Их ам” гэх газар байрлах “Хан-Алтай” тоосгоны үйлдвэрийн ажилчдын амрах байранд архидан согтуурч С.Нттой тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж зүүн гуя, хэвлий, зүүн шилбэнд хутгалж хүнийг санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас: Д.Эбын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Д овогт Двын Эбыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Дэл овогт Далхжавын Эбыг 9 /ес/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар Д.Эбын цагдан хоригдсон 114 /зуун арван дөрөв/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эбад оногдуулсан 9 /ес/ жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг диск, DVR төхөөрөмжөөс хуулбарлан авсан хяналтын камерын бичлэг бүхий флаш дискийг хэрэг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргаж, мөн хуулийн 1.4-т зааснаар цагаан эрээн өнгийн дэвсгэр даавуу, цагаан эрээн хөнжлийн даавуунаас хэсэглэж авсан улаан өнгийн зүйлээр бохирлогдсон хэсэг, хараа нэртэй 0.75 литрийн архины шил, кока кола ундааны сав, бариултай цагаан өнгийн цайны аяга, шаргал өнгийн аяга, бинтэнд шингээсэн цус мэт дээж, 25.3 см урттай хүрэн иштэй металл хутга, амь хохирогч С.Нтын нас барсан монгол гэрийн шалнаас самбай даавуунд шингээж авсан арчдас дээж, Д.Эбын биед үзлэг хийж хураан авсан хумсны дээж, цусны дээж, өмсөж байсан цайвар өнгийн фудболк, амь хохирогч С.Нтын өмсөж байсан цагаан үстэй дотортой, хар түрийтэй, хар өнгийн гутал, улаан өнгийн богино ханцуйтай цамц, улаан судалтай хар өнгийн өмд зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт хариуцсан комисст даалгаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Эбад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг 2021 оны 12 дугаар сарын 9-ний өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.Эб давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдөр талийгаач Нтын амь насанд хүрсэн ба хүний амь хохироосон гэм буруугаа хүлээн зөвшөөрч, талийгаачийн дүү болох Нгт гүн эмгэнэл илэрхийлж байна. Миний баруун бөөр усжсан, уушиг сэвтэй зэрэг эрүүл мэндийн байдал сайнгүй тул давж заалдах шатны шүүхээс миний эрүүл мэндийн байдлыг минь харгалзан үзэж надад оногдуулсан хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр заасныг нээлттэй болгож өгөхийг хүсэж байна.” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Д.Эбын гаргасан гомдлыг түүний өмгөөлөгчийн хувьд дэмжиж байна. Шүүхээс түүнд 9 жилийн хорих ял оногдуулахдаа хохирол төлбөргүй гэж дүгнэн шийдвэрлэсэн. Иймд шүүгдэгч Д.Эбын гаргасан гомдлыг үндэслэн хорих ялын дэглэмийг нээлттэй ангид эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү.” гэв. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Д.Эбын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Д.Эб нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 04 цагийн үед Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр “Их ам” гэх газар байрлах “Хан-Алтай” тоосгоны үйлдвэрийн ажилчдын амрах байранд амь хохирогч С.Нтыг “цуг байсан эмэгтэйг явууллаа” гэх шалтгаанаар маргалдан зүүн гуя, хэвлий, зүүн шилбэнд хутгалж эрүүл мэндэд нь зүүн гуянд шарх, зүүн гуяны өнгөц тараагуур судасны тасрал, хэвлий, зүүн гуя, зүүн шилбэнд хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл учруулж зүүн гуяны ар дээд хэсгийн шархны улмаас зүүн гуяны өнгөц тараагуур судас тасарч цочмог цус алдаж амь насыг нь хохироож, хүнийг санаатай алах гэмт хэрэгт үйлдсэн болох нь:  

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Нгийн “...манай аав, ээж Өвөрхангай аймгийн Тарагт сумын уугуул хүмүүс юм. Төрсөн ах дүү гэвэл 1955 онд төрсөн том эгч Санжмятавын Насанжаргал, 1958 онд төрсөн удаах ах Санжмятавын Нт, дараагийн ах 1967 онд төрсөн Санжмятавын Баатарцогт, түүний дараа миний бие ах дүү дөрвүүлээ байсан. 1980-аад онд би 10 орчим настай Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод амьдарч байх үед ах Нтыг манай аав, ээж хоёр хүнд үрчлүүлж өгсөн юм. Тухайн үед миний санаж байгаагаар ах Нт маань цэргийн албанд байсан. Цэрэг хувцастай явдаг байсан. Түүнээс хойш Нт ахыг мэдэхгүй болсон. Манай том эгч С.Насанжаргал Улаанбаатар хотоос зүүн тийш Хонхор гэдэг газар амьдарч байгаад 2018 онд нас барсан. Миний дээд талын ах Баатарцогт одоо Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод амьдарч байна. Баатарцогт ах маань Нт ахыг сайн мэдэхгүй. Надтай адилхан ойлголттой бөгөөд бие муутай хүн байдаг болохоор хүнд хорлогдож нас барсан талаар нь мэдэхгүй байвал сайн байна. Би 2015 оны үед Хонхорт амьдарч байсан эгч Насанжаргалын гэрт очиход гараад явж байхад гэрийнх нь ойролцоо Нт ахтай таарч уулзаж байсан. Түүнээс урьд болон хойно уулзаж байгаагүй. Нэг их юм яриагүй. Эгчийнхээр орчхоод гараад явж байсан юм билээ. Амьдрал ахуйн талаар юу ч яриагүй. Би 20.000 төгрөг авч өгөөд салсан. Архи уудаг болчихсон юм уу гэмээр харагдсан. Нт ах Хонхорт эгч дээр хааяа ирдэг байсныг эгч ярьж байсан...” /хх 36-38/,

гэрч Ч.Жгийн “...2021 оны 8 дугаар сарын 15-ны өдөр манай аав, ээж хоёр ажлаасаа 19 цаг 30 минутын үед ирээд хоол ундаа идэж уугаад шөнө 23 цагийн үед бид гурав унтаж амарсан. Тэгтэл шөнө 04 цагийн үед хажуу талд нэг эгч хойно цус алдаад байх шиг байна гэж дуугарах үед манай аав, ээж хоёр гэрээс гараад явсан...” /хх 40/,

гэрч Т.Бгийн “...Нт ах цустайгаа хутгалдчихсан шалан дээр хэвтэж байсан. Тэгэхээр нь юу болов гэж Дарийгаа эгчээс асуухад Эб Нтын араас элдэж хөөж орж ирсэн. Нт гаднаас орж ирээд бид хоёрыг хэвтэж байхад нөхрийн араар орж хэвтсэн. Намайг гэрлээ асаахад Нт цус болчихсон газар уначихсан юм гэж хэлээд намайг цагдаа хурдан дууд гэж хэлсэн...” /хх 42, 43/,

гэрч Б.Гдын “...миний унтаж байсан орны урд талын шалан дээр талийгаач Нт дээшээ хараад хэвтчихсэн газраар болон түүний өмсөж байсан өмд нь нэлэнхүйдээ цус болчихсон байдалтай байсан. Тэгээд би орноосоо босоод хэвтэж байсан хэсэг рүүгээ хартал миний унтаж байсан орны ор хөнжлийн давуу ч бас тэр чигтээ цус болчихсон байсан...” /хх 45-46/,

гэрч О.Дгийн “...Шөнө унтаж байтал талийгаач шууд манай гэр лүү гаднаас гүйж сандарсан байдалтай орж ирээд ямар ч үгийн зөрүүгүй манай нөхрийн араар ороод нуугдаад хэвтчихсэн... талийгаачийг орноос босоод гэр дотор шалан дээр унасны дараа талийгаачийн хэвтэж байсан орыг хартал тэр чигтээ цус болчихсон байсан. Дараа нь талийгаач руу дөхөөд ойртоод хартал түүний өмдний баруун тал тэр чигтээ цус болчихсон байсан. Тухайн үедээ би өөрөө айж сандраад сайн харж чадаагүй. Эбын хувьд талийгаачийг араас нь хөөгөөд орж ирсэн байдалтай байсан...” /хх 47-49/,

гэрч Б.Днгийн “...гэрт нь явж ортол гэрийн зүүн талын орны талд толгой нь баруун хойш чигтээ Насаа ах гадуур хувцас нь цус болчихсон газар ухаангүй хэвтэж байсан. Тэгэхээр нь юу болсон юм гэхэд Дарийгаа эгч нөхөр бид хоёрыг орон дээр хэвтэж байхад Насаа ах орж ирээд бид хоёрын араар шууд орж хэвтэхээр нь юу болов яасан юм гэхэд орноос босож яваад хоёр алхаад уначихсан. Араас нь бутлагч машины ард цэвэрлэгээ хийдэг өвгөн орж ирээд зугтаагаад явчихсан гэж хэлсэн...” /хх 50-51/,

гэрч Т.Пдын “...Насаа ах гэрээс гарах гээд хаалга руу чиглээд 2-3 алхаж байснаа гэнэт хойшоогоо газар унаад өгсөн. Тэгэхээр нь Дарийгаа эгч бид нар сандраад ойртоод хартал өмд нь битүү цус болчихсон газраар болон хоймрын орны хөнжил даавуу тэр чигтээ цус болчихсон байсан...” /хх 54-55/,

шүүгдэгч Д.Эбын “...Насаа өвгөнд архиа өгтөл хийгээд уугаад байсан. Тэгээд би Насаа өвгөнд энэ хүүхэн энд хонох юм. Би гарчхаад ирье гэж хэлээд гарч арын Аагийгийн гэрээр ороход амьдардаг ажилчид нь архи ууж байсан. Надад архинаас хийж өгөхөөр нь 2 удаа татсан. Тэнд жаахан сууж байгаад өрөөндөө ирэхэд хүүхэн маань байхгүй болохоор нь Насаа өвгөнөөс асуухад Гангаа орж ирээд дагуулаад гарсан гэхээр нь тэр чинь мэдрэл муутай хүүхэн хамаагүй явуулж болохгүй шдээ, унаж тусвал яахын гэж хэлсэн. Тэгээд би тухайн үедээ Насаа өвгөнд уур хүрч айлгах санаатай орны гудсан доороосоо чинжаал хутгаа гаргаж ирээд хэн дагуулаад гарсан юм үнэнээ хэл гээд ойртоход Насаа орны толгой тал руу арагшаа хэвтэж хутганаас өөрийгөө хамгаалж хөлөө хумьж Гангаа аваад гарсан шдээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би Гангаа сая гэрт архи хундагалаад сууж байсан хүн чинь яахаараа ороод ирдэг юм битгий худлаа яриад бай чи үнэнээ хэл гээд арагш налаад хөлөө өргөөд хамгаалж байгаа Насаа өвгөний хөл гуя руу хутгаараа хэд хэдэн удаа чичсэн. Тэгтэл Гангаа аваад гарсан шүү дээ л гээд байсан. Тэгээд би гараад салхинд цохиулаад түүнээс хойш юм санахгүй байна. Нэг мэдсэн би жалганд хэвтчихсэн байхад хүн ирээд энд хэвтэж байна шүү дээ гэж хэлж байсан. Тэгээд сэрэх шиг болсноо түүнээс хойш юу болсныг мэдэхгүй. Нэг сэрсэн цагдаагийн эрүүлжүүлэх байранд байсан. ...хутгаар 3, 4 удаа сийчсэн нь үнэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” /хх 197-198/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 67 дугаартай “...Талийгаачийн биед зүүн гуянд шарх, гуяны өнгөц тараагуур судасны тасрал, хэвлий, зүүн гуя, зүүн шилбэнд хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Талийгаачийн биед хуучин гэмтэл тогтоогдсонгүй. Талийгаачийн зүүн гуяны ар дээд хэсгийн шархны улмаас зүүн гуяны өнгөц тараагуур судас тасарч цочмог цус алдаж нас баржээ. Талийгаач нь ерөнхий судас хатуурах өвчинтэй байсан нь үхэлд нөлөөлөөгүй байна. Талийгаачийн нас барсан хугацааг цогцосны анхны үзлэгээр тогтооно. Талийгаачийн цусанд 1,4 промилли спиртийн агууламж илэрсэн нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна. Талийгаач нь цус нь А/И/ бүлгийн харьяалалтай байна. Талийгаачид эмнэлгийн яаралтай анхны тусламж үзүүлсэн бол амь насыг аврах боломжтой байсныг үгүйсгэхгүй.” /хх 100-103/,

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 682 дугаартай “...Д.Эб нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Д.Эб нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. Д.Эб нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Д.Эб нь гэмт хэргийн үйлдлийн үед сэтгэл санаа хүчтэй цочрон давчидсан гэх шинж тэмдэг илрээгүй. Д.Эб нь гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадвартай байсан байна.” гэх шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /хх 114/,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 2-7/,

хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 8-16/,

цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 17-19/,

эд мөрийн баримтаар хураагдсан хутганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 20-21/,

эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх 23/,

хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 24-26/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.Эбыг “Хүнийг алах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод тус тус нийцсэн байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Эбад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг  хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.Эб нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлөх хохирол төлбөргүй гэх тайлбарыг гаргаж байх хэдий ч нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдалд нь ялын төрөл, хэмжээ, дэглэм нь тохирсон байна гэж давж заалдах шатны шүүх дүгнээд, шүүгдэгч Д.Эбын гаргасан “...хорих ялын дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоовол түүнээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг холбогдох баримтыг үндэслэн гаргуулна.” гэж заасан байх бөгөөд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн захирлын 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 07/5596 дугаартай “...амь хохирогч Санжмятав овогтой Нт /РД:............................./-ын цогцсыг ШЭШГ-ын цогцос хадгалах байранд 33 хоног хадгалж байгаад Монгол Улсын Засгийн газрын 2009 оны “Зарим цогцос оршуулах” журмын дагуу 2021 оны 10 дугаар сарын 7-ны өдөр баруун Нарангийн оршуулгын газарт №44 дугаартай оршуулсан болно.” гэх албан бичиг хэрэгт авагджээ.

Улсын зардлаар амь хохирогчийн цогцсыг оршуулсан талаарх баримтыг холбогдох байгууллагаас хэрэгт ирүүлсэн байхад энэхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг хэрхэх талаар прокурор ажиллагаа хийж, яллах дүгнэлтэд тусгалгүй орхигдуулсан, цаашлаад анхан шатны шүүхээс уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич эрх бүхий этгээд нь нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлээгүй байх тул энэхүү магадлалаар зөвтгөн шийдвэрлэх зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дээр дурдсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбогдуулан зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Д.Эбын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.Эб нь Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 2021/ШЦТ/189 дугаартай шийтгэх тогтоол гарснаас хойш буюу давж заалдах шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцсэн 2022 оны 2 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 54 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялын хугацаанд оруулж тооцох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 2021/ШЦТ/189 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт: “...Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг эрх бүхий албан тушаалтан нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.  

2. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Эбын  гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эбын 2021 оны 12 дугаар сарын 9-ний өдрөөс 2022 оны 2 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 54 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.ОЧ              

           

 

                        ШҮҮГЧ                                                             Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

 

                        ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ