Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 00120

 

Булган аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,
нарийн бичгийн дарга О.Одончимэг,
улсын яллагч Ц.Гэрэлбаатар,
хохирогч Л.Бямбадулам,
шүүгдэгч Н.Энхбаатар, түүний өмгөөлөгч П.Ган-Очир нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Нарангийн Энхбаатарт холбогдох эрүүгийн 17150000450007 дугаартай, 132/2017/0113/Э индекстэй хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 3, эмээ, дүүгийн хамт Булган аймгийн Булган сумын Жаргалант 2 дугаар баг 2-4 тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Нарангийн Энхбаатар /РД:ГЮ95072217/.
Холбогдсон хэргийн талаар:
Н.Энхбаатар нь /яллах дүгнэлтээр/ 2017 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Булган аймгийн Булган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Л.Бямбадуламын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Энхбаатар өгсөн: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Л.Бямбадуламын өгсөн: 2017 оны 7 дугаар сарын 14-ний орой хүүхэд халуураад байхаар нь хойд талын дэлгүүрээс эм гуйж аваад гэртээ харих гээд явж байхад хамт нэг ангид сурч байсан Энхбаатар таараад ойр зуурын юм яриад гэрт чинь хүргээд өгье гээд явсан. Гэрийн гадаа ирээд жаахан юм ярья гээд байхаар нь “би хүүхэд халуураад байна, би эм аваад явж байгааг харж байгаа биз дээ” гэхэд миний гарнаас бариад хашаа руу түлхсэн. Би газар унахад миний хөхөн дээрээс хөлөөрөө дэвссэн. Босоод ирэхэд гараараа миний хацар луу гараа зангидаж
байгаад цохьсон. Хохирол төлбөрийг барагдуулсан гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг,
17150000450007 дугаартай эрүүгийн хэргээс хэрэг бүртгэлтийн шатанд:
Гэрч Ц.Лхагвасүрэнгийн өгсөн: Тухайн орой 23 цагийн орчимд миний ач охин Бямбадулам нь хойд айлаас халууны эм авах санаатай гараад гэр лүүгээ буцаж орох үедээ дээрх хүнд зодуулсан гэсэн. Тэр оройдоо гэрээсээ гараад ирэхгүй байж байгаад гаднаас охины минь дуу гарахаар нь гарч очиход охины минь хамраас цус гарчихсан байдалтай байж байсан. Намайг гэрээсээ гарахад охины минь дэргэд зодсон гэх Энхбаатар үл таних залуугийн хамтаар байж байсан. Тэгээд юу болоод байгаа юм та нарыг цагдаа дуудаж өгнө гэж хэлэхэд Энхбаатар гэх залуу битгий цагдаа дуудаач гээд гуйгаад байсан. Зодсон шалтгаан нь охиноос маань архины мөнгө нэхээд зодсон байна лээ гэх мэдүүлэг /хх-16-17 тал/,
Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 204 дугаартай дүгнэлтэнд: Л.Бямбадуламын биед тархи доргилт, дээд уруулд шарх, баруун бугалга, зүүн хөх, баруун шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-19 тал/,
Булган аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2017 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн яаралтай тусламжийн хуудас, өргөдөл, гомдол хүлээн авсан тэмдэглэл /хх-5 тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон хувийн байдлын талаарх баримтууд /хх-29 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг хянаж шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Булган аймгийн прокурорын газраас шүүгдэгч Н.Энхбааатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-т заасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Н.Энхбаатар нь 2017 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Булган аймгийн Булган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Л.Бямбадуламын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, гэмт хэргийн сэдэлт, шалтгаан, учирсан хор уршгийн талаар хохирогч, өөр хоорондоо зөрүүгүй өгсөн мэдүүлгүүд, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсаныг тогтоосон шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч Н.Энхбаатарын холбогдсон хэргийн талаар гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдож байна.
Хохирогчийн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.
Иймд шүүгдэгч Н.Энхбаатар нь хүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Н.Энхбаатарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Л.Баямбадулам санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлжээ.
Шүүгдэгч Н.Энхбаатар ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, гэм хорыг арилгасныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Н.Энхбаатар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Боржигон овогт Нарангийн Энхбаатарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Н.Энхбаатарыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Н.Энхбаатар нь 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийн торгуулийн ялыг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн дотор төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Н.Энхбаатар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. .
5. Шүүгдэгч Н.Энхбаатар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй, хохирогч санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Энхбаатарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ДЭЛГЭРМӨРӨН