| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 320/2026/0119/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/160 |
| Огноо | 2026-04-08 |
| Зүйл хэсэг | 24.8.1., |
| Улсын яллагч | Б.Оюун-Эрдэнэ |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2026 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 2026/ШЦТ/160
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Хулан,
Улсын яллагч Б.Оюун-Эрдэнэ
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганчимэг,
Шүүгдэгч З.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З-ийн Б-д холбогдох эрүүгийн 2438004360067 дугаартай хэргийг 2026 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, И овогт З-ийн Б, 1991 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Хөвсгөл аймгийн Жаргалант суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, боловсролгүй, малчин, ам бүл 4, аав, ээж, дүү нарын хамт Хөвсгөл аймгийн Жаргалант сумын ……… дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн РЕ......................... дугаартай.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч З.Б нь 2024 оны 10 дугаар сарын 10-13-ны өдрүүдэд Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 2 дугаар багийн нутаг “Доод Цэцүүх" гэх газраас зөвшөөрөлгүйгээр 60 кг ховор ургамлын жагсаалтад орсон хуш модны самар бэлтгэж, хадгалан, 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Завхан аймгийн Их-Уул сумын нутаг дэвсгэр рүү тээвэрлэн “байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд.
Улсын яллагч хавтаст хэргээс: 2026 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 61 дугаартай яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн өмгөөлөгч хавтаст хэргээс: Хэргийн 76-78 дугаар талд авагдсан “Ашид билгүүн” хөрөнгө үнэлгээний газрын дүгнэлт, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч хавтаст хэргээс: Судлах баримтгүй гэв.
Хоёр. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтууд.
2.1.Шүүгдэгч З.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:“…Мэдүүлэг өгөхгүй, асуусан асуултад хариулна, гэм буруу дээр маргахгүй, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Ойн санд учруулсан бодит хохирлыг төлнө…” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл),
Гурав.Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэрэгт авагдсан нотлох баримтууд.
3.1.Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл, хүлээн авсан тухай тэмдэглэл (хх-ийн 15-р тал)
3.2.Завхан аймгийн Цагдаагийн газрын Тосонцэнгэл сумын сум дундын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч ЖМ-ын илтгэх хуудас (хх-ийн 16-17-р тал)
3.3.Тээврийн хэрэгсэл, ачаа тээшинд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 23-24-р тал)
3.4.Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тухай: “....Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Цэцүүх 2 дугаар багийн нутаг “Доод цэцүүх” гэх газар сумын төвөөс 70 километр орчим зайтай уулын орой хэсгийн энгэр хэсэгт газрын ойр орчим шинэс болон хуш, нарс модтой уулын урд хэсэг, ой модоор хүрээлэгдсэн газар байв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 26-27-р тал)
3.5.Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Ц.Э-ийн иргэний нэхэмжлэгчээр өгсөн: “...Тус аймгийн Жаргалант сумын Цэцүүх 2 дугаар багийн иргэн З.Б нь хууль бусаар зохих зөвшөөрөл бичиг баримтгүйгээр хуш модны самар /ургамал/ бэлтгэж, Завхан аймгийн Их-Уул сумын нутаг дэвсгэр рүү тээвэрлэсэн гэх хэрэгт тус аймгийн Байгаль орчны газрыг төлөөлж, иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн гаргасан ЕГ0326/1146 дугаартай дүгнэлттэй танилцлаа. Тухайн дүгнэлтэд иргэн З.Б-ийн хууль бус үйлдлийн улмаас байгаль экологид учирсан хохирлыг тооцож гаргасан байна. Тиймээс дээрх дүгнэлтэд тусгагдсан байгаль экологид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 38-39-р тал),
3.6.Мөрдөн шалгах ажиллагааны шатанд С.З-ийн гэрчээр өгсөн: “...2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Жаргалант сумаас миний эзэмшилд байдаг Приүс-30 маркийн ..........ХӨН улсын дугаартай тээврийн хэрэгслээр хүү Б надад утсаар хэлэхдээ “аав би таны машиныг унаад Завхан аймгийн Тосонцэнгэл сум руу Х ахынд очоод ирье” гэхээр нь би тэг, тэг гэж хэлэхэд, миний машиныг унаад явсан байсан. Би гэртээ байгаагүй гадуур явж байгаад гэртээ ирэхэд Тосонцэнгэл сум руу явсан байсан. Тэгтэл Завхан аймгийн Их-Уул сумын замын цагдаагийн постон дээр цагдаад шалгуулаад 4 тал шуудайтай хуш модны самар бичиг баримтгүй тээвэрлэж явсан гээд саатуулагдлаа гэж тухайн өдөр над руу утсаар ярьсан “би чи хэнтэй явсан юм гэхэд” ганцаараа явсан гэж надад хэлсэн. Хүмүүсийн самар түүж, бэлтгэсэн газар дээрээс манай хүү Б эхний өдөр өөрийн дүү Л-г дагуулж ирээд 1 шуудай орчим самар түүсэн гэсэн. Тэгэхдээ хог ихтэй байсан тул дүү Л нь энэ хүний түүсэн хогноос самар гарахгүй юм байна гэж хэлээд хаяад явсан байсан. Тэгээд ах нь маргааш нь мөн нөгөө газартаа дахин очиж бага зэрэг шигссэн болоод нийтдээ 4 ширхэг тал шуудайнд хуш модны самар хийж өөрийн “Мустанг-5” маркийн мотоциклоор сумын төв руу оруулж ирээд барааны муу амбаарт хийсэн байсан гэсэн. Би энэ талаар мэдээгүй. Эхний өдөр 1 шуудай, маргааш нь 3 шуудай, нийт 4 ширхэг тал шуудай самар бэлтгэсэн гэсэн. Би Завхан аймгийн Тосонцэнгэл сумаас өөрийн хүү Б-ийн тээвэрлэж явсан 4 шуудай цайруулсан самрыг очиж авсан.
2024 оны 11 дүгээр сарын сүүлээр байхаа цаг хугацааг нь сайн санахгүй байна. Завхан аймгийн Тосонцэнгэл сумын экологийн асуудал хариуцсан мөрдөгч А гэдэг хүн ажлын байран дээрээсээ 4 ширхэг тал шуудай самар гаргаж өгсөн. Тэгэхдээ би хиллэж аваагүй надад хиллэж өгөөгүй тул дээрх шуудайтай самрыг аваад өөрийн хүү Б-ийн хамт очиж аваад гэртээ авчирсан.
Тухайн самар маш их хогтой, битүү чийг авч хөгцрөх маягтай болсон байсан тул би өөрийн хүү Б-ийн хамт дахин сайн шигшиж цэвэрлээд хөгцтэй хэсэг болон хогийг нь ялгаад дэлгэж хатаагаад 3 ширхэг тал шуудайнд хийж тавьсан.
Тэгээд хэд хоногийн дараа Хөвсгөл аймгийн Жаргалант суманд байх Эрчимт-Идэр сум дундын ойн ангийн даргаар ажиллаж байсан Т гэдэг хүн ирж самарт үзлэг хийж хиллэсэн. Тэгэхэд цэвэрлэсэн 60кг хуш модны самар байна гэж хэлээд явсан. Тухайн үед уг самрыг цэвэрлэхэд гарсан хог нь манай хашаанд байгаа ойролцоогоор 30 орчим кг самрын нарийн хог навч нь байгаа...” гэх мэдүүлэг (хх-ийн 41-45-р тал),
3.7.Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Ж.М-ын гэрчээр өгсөн: “...Үүрэг гүйцэтгэх хугацаанд 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 12:00 цагийн орчимд замын хөдөлгөөнд оролцож, явсан приүс-30 маркийн ..........ХӨН улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоон шалгахад тухайн тээврийн хэрэгсэлийн арын багажны хэсгээс 4 шуудай цайруулсан хуш модны самар гарч ирсэн. Тухайн үед тээврийн хэрэгслийн жолооч З.Б-аас хэний эзэмшлийн ямар учиртай самар болох талаар асууж тодруулахад миний өөрийн самар байгаа юм. Би дээрх самруудыг 2024 оны 10 дугаар сарын 14-15-ны өдрийн хооронд Хөвсгөл аймгийн Жаргалант сумын “Доод цэцүүх” гэх газраас өөрийн төрсөн дүү З.Л-г ийн хамт түүж бэлтгээд Жаргалант сумын төвд Дөрөлж хороо 18 тоот хашаанд хадгалж байгаад Завхан аймгийн Их-Уул суманд хүн олж худалдахаар явж байна гэж хэлсэн.
Иргэн З.Б-ийн тээвэрлэж явсан дээрх 4 шуудай самранд ямар нэгэн зөвшөөрөл, бичиг баримт байхгүй байсан..." гэх мэдүүлэг (хх-ийн 53-р тал)
3.8.Мөрдөн шалгах ажиллагааны шатанд З.Л-г ийн гэрчээр өгсөн: “...Миний төрсөн ах З.Б намайг самранд хамт явъя гэхээр нь би тус сумын 2 дугаар багийн нутаг “Доод Цэцүүх” гэдэг газар руу самарт цуг явсан. Самарт ах бид хоёр ахын Мустанг-5 маркийн мотоциклоор явсан. Бид хоёртой өөр хэн нэгэн хүн хамт яваагүй. Бид хоёр хүмүүсийн түүж бэлтгээд үлдээсэн хог дээрээс дахин шигшиж хуш модны самар нэг ногоон өнгийн дунд зэрэг хэмжээтэй самар бэлтгэсэн.
Би ахтай хамгийн эхний өдөр очоод хүмүүсийн түүж бэлтгэсэн самрын үлдэгдэл дээрээс нэг их самар гарахгүй байхаар нь дахиж яваагүй ах ямар хэмжээтэй самар түүсэн эсэх талаар би сайн мэдэхгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 55-60-р тал),
3.9.Мөрдөн шалгах ажиллагааны шатанд З.Б-ийн сэжигтнээр өгсөн:
“...Би 2024 оны 10 дугаар сарын 16-17-ны орчим байхаа Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Цэцүүх багийн нутаг “Доод цэцүүх” гэдэг газраас дүү З.Л-г ийн хамт эхний өдөр очиж хүмүүсийн самар түүж бэлтгэж үлдээсэн отог дээр очиж хог хаягдлаас дүүгийн хамт шигших гэхэд дүү Л энэ хүний түүсэн хогноос самар бараг гарахгүй юм байна, би явлаа гэхэд нь бид буцаад гэртээ ирсэн. Тэгээд би маргааш нь дахин нөгөө газарт ирж самрын үлдэгдэл хогноос нь 3 шуудайг нийт 4 шуудайг өөрийн унаж явсан Мустанг-5 маркийн мотоцикльд ачаад сумын төв рүү оруулж гэрийнхээ муу амбаарт оруулсан. Завхан аймгаас Тосонцэнгэл сумын цагдаагаас яриад анх хураалгасан 4 тал шуудайтай хуш модны самраа өөрийн аав С.З-ийн хамт очиж хүлээж аваад гэртээ авчирсан. Би 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр байхаа Завхан аймгийн Их-Уул сумын замын цагдаагийн пост дээр цагдаад шалгуулаад саатуулагдахад миний тээвэрлэж явсан 4 ширхэг тал шуудайтай самрыг хиллэхэд нийт 119 кг болж байсан,...буцааж хүлээж аваад гэртээ авчирч аав бид самрын хогийг ялгаад нойтон чийгтэй байхаар нь дэлгэж хатаасан. Тэгээд удалгүй манай сумын Эрчимт-Идэр сум дундын ойн ангийн даргаар ажиллаж байсан Т гэдэг хүн ирж 3 шуудайнд байсан самрыг хиллэж үзэхэд 60 кг самар байсан. Аав бид хоёрын цэвэрлэж ялгасан хогийг хиллээгүй 1 шуудай орчим хог нь байгаа...” гэх мэдүүлэг (хх-ийн 150-152-р тал),
3.10.Хөвсгөл аймгийн “Эрчимт Идэр” сум дундын ойн ангийн шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн №01 дугаартай: “...GPS төхөөрөмжөөр тогтоосон N48.43992 Е99.20845 солбилцлын цэг нь Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Цэцүүх 2 дугаар багийн нутаг “Доод Цэцүүх” гэх газар мөн байна. Тухайн хуш модны самар бэлтгэсэн газар нь 1-р муж Улсын тусгай хамгаалалтай газарт хамаарахгүй...” гэх дүгнэлт (хх-ийн 69-71-р тал),
3.11.Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн ЕГ0326/1146 дугаартай: “...Сибирь хуш модны цайруулсан үр /самар/ мөн байна. Монгол Улсын Засгийн Газрын 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 153 тогтоолын хавсралтад “Ховор ургамлын жагсаалтад орсон ургамал Монгол орны ургамлын улаан данс (2019) эмзэг (VU) ангиллаар бүртгэгдсэн байна.
Ойн тухай хуулийн 3.1.12-т заасны дагуу “Ойн дагалт баялаг”-т ордог. Сибирь хуш модны самрыг MNS5786:2007, MNS5364:2011 стандартад заасны дагуу 1 жил хадгална. Стандарт шаардлага хангаагүй газар хадгалсан тохиолдолд чанар, жинд өөрчлөлт орох боломжтой,...самар болон идээ нь хөгцөрч, хатсан байгаа тул хүнсэнд хэрэглэх шаардлага хангаагүй байна. Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/63 дугаар тушаалын хавсралтад тусгаснаар 1 кг хуурай хуш модны самрын экологи-эдийн засгийн үнэлгээ 176,600 төгрөг байна. Мөрдөгчийн тогтоолд дурдсаны дагуу 60 кг хуш модны самрын үнэлгээг тооцвол 60х176.600=10,596.000 төгрөг байна. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ойн санд учруулсан хохирлын нөхөн төлбөрийн экологи-эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлж тооцно. Үүнээс тооцвол 10,596,000х3=31,788,000 төгрөг, мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3 дахь хэсэгт зааснаар 5 дахин нэмэгдүүлж тооцвол: 10,596,000х5=52,980,000 төгрөг байна…” гэх дүгнэлт ( хх-ийн 93-101-р тал)
3.12.Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой: иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, (хх-ийн 154-158-р тал) зэрэг нотлох баримтууд.
Дөрөв. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар.
4.1.Талуудын гаргасан санал, дүгнэлт:
Улсын яллагч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Оюун-Эрдэнэ би Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн З.Б-д холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож дараах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч З.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх” гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Иймд шүүгдэгч З.Б ийг “байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирол, хор уршгийн тухайд байгаль экологид учирсан бодит хохирлыг 3,5 дахин нэмэгдүүлэхгүйгээр гаргаж байгаа шүүхийн шийдвэрийн жишиг кэйсүүд байгаа. Шүүх хохирлыг шийдвэрлэхдээ бодит байдалд үндэслэж хэргийн үйл баримтад үнэн зөв дүгнэлт хийж хууль зүйн үндэслэлтэй шийдвэрийг гаргах нь зүйтэй. Хавтаст хэрэгт тээврийн хэрэгслийн үнэлгээг шинжээчийн дүгнэлтээр гаргуулсан тул шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх байх...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч гэм буруугийн талаарх саналдаа: “...Монголын хуульч, өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгч Б.Ганчимэг би өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч З.Б-ийн өмгөөлөгчөөр оролцож байна. Шүүгдэгч болон миний зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, маргаагүй. Миний үйлчлүүлэгчийн зүгээс өөрийнхөө хийсэн үйлдэлд гэмшиж байгаа талаар мөн илэрхийлсэн. Хохирол, хор уршгийн тухайд Сибирь хуш модны үр болох самар 60 кг-ны шууд хохирол нь 10,596,000 төгрөг, ойн санд учруулсан хохирол 31,788,000 төгрөг, ургамлын аймагт учруулсан хохирол 52,980,000 төгрөг гэсэн дүгнэлт хэрэгт авагдсан байгаа. Өөрөөр хэлбэл шинжээчийн дүгнэлтэд самар байгалийн баялаг учраас ойд учирсан хохирол, ургамлын санд учирсан хохирол гэдэг байдлаар хор уршиг тооцон дүгнэлт гаргасан байдаг. Гэхдээ миний үйлчлүүлэгч ямар нэгэн байдлаар байгаль экологид хортой үр дагавар үүсгэх буюу тухайн самар ургаж байсан модыг эвдэж, дахин самар ургах боломжгүй нөхцөл байдлаар бэлтгэсэн байдал тогтоогдоогүй. Самар нь Монголын ховор ургамлын жагсаалтад багтсан байгаа боловч жил бүр төлжин дахиж ургадаг, мөн сэргээгддэг байгалийн баялаг.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар миний үйлчлүүлэгч тухайн самар ургадаг модыг ямар нэгэн байдлаар хатуу зүйл, мунаар цохиж гэмтэл учруулсан, эсвэл модыг углуургаар нь хөрөөдөж модонд байгаа самрыг түүж бэлтгэсэн зүйл байхгүй. Бид хавтаст хэргийн хүрээнд хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэж, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд мэтгэлцэх эрхтэй. Өнөөдөр Монголын нийгэм, эдийн засаг ямар байгаа билээ, үнэхээр өөртөө ашиг бий болгож, өөртөө давуу байдал бий болгосон байвал өөр хэрэг. Гэтэл тийм зүйл байхгүй, ихэнх нь хог шахуу самар байгаа. Самар одоо хөгцөрч, хэн нэгэн ашиглах боломжгүй, дуудлага худалдаагаар оруулах боломжгүй болсон. Хохирлыг заавал 3,5 дахин нэмэгдүүлж төлүүлнэ гэсэн хуулийн заалт байхгүй. Улсын яллагч энэрэнгүй болон шударга ёсны зарчимд нийцүүлэн тайлбар, дүгнэлтээ гаргаж байна. Шүүгдэгчийн хувийн байдал, тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг бодитоор дүгнэж байгаад талархаж байна. Улсын яллагч хохирол, хор уршгийн хэмжээг заавал 3 дахин, 5 дахин нэмэгдүүлж гаргуулах шаардлагагүй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн байдлыг шүүх шийдвэр гаргахдаа харгалзан үзэхийг хүсэж байна...” гэв.
Шүүгдэгч З.Б, түүний өмгөөлөгч Б.Ганчимэг нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй, хэргийн үйл баримт, гэм буруу, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно.
4.2. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч З.Б нь Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Цэцүүх 2 дугаар багийн нутаг “Доод Цэцүүх" гэх газраас 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 13-ны өдрүүдэд "Ховор ургамлын жагсаалт"-д орсон Сибирь нарс (Хуш)-ийн үр болох самар 60 кг-г зохих зөвшөөрөлгүй түүж, бэлтгэн өөрийн өмчлөлийн улсын дугааргүй, Мустанг-5 маркийн мотоциклоор Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Дөрөлж хороонд тээвэрлэн хүргэж хадгалсан, мөн 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Завхан аймгийн Их-Уул сумын нутаг дэвсгэрт ..........ХӨН улсын дугаартай Тоёота приүс-30 маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдлоо.
Тодруулбал шүүгдэгч З.Б нь 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн хооронд Хөвсгөл аймгийн Жаргалант сум нутаг Цэцүүх 2 дугаар багийн “Доод Цэцүүх" гэх газраас Монгол Улсын Засгийн Газраас батлагдсан "Ховор ургамлын жагсаалт"-д орсон Сибирь нарс (хуш)-ийн үр болох самар 60 кг-г түүж, бэлтгэхдээ эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл аваагүй болох нь гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл, хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 15-р тал), Завхан аймгийн Цагдаагийн газрын Тосонцэнгэл сумын сум дундын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Ж.М-ын илтгэх хуудас (хх-ийн 16-17-р тал), тээврийн хэрэгсэл, ачаа тээшинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 23-24-р тал), хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 26-27-р тал), иргэний нэхэмжлэгч Ц.Э-ийн өгсөн мэдүүлэг (хх-ийн 38-39-р тал), гэрч С.З-ийн өгсөн мэдүүлэг, (хх-ийн 41-45-р тал), гэрч Ж.М-ын өгсөн мэдүүлэг (хх-ийн 53-р тал), гэрч З.Л-гийн өгсөн мэдүүлэг (хх-ийн 55-60-р тал), Хөвсгөл аймгийн “Эрчимт Идэр” сум дундын ойн ангийн инженер, шинжээч Ц.Т ы гаргасан 2025 оны №01 дугаартай дүгнэлт (хх-ийн 69-71-р тал), Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч М.Дамдинпүрэвнямын гаргасан 2026 оны ЕГ0326/1146 дугаартай дүгнэлт (хх-ийн 93-101-р тал), шүүгдэгч З.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг (хх-ийн 150-152-р тал, шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг бичгийн баримтуудаар нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, хангалттай нотлогдож байна.
4.3.Эрх зүйн дүгнэлт:
Самар нь ойн дагалт баялагт тооцогдох ба Ойн тухай хуулийн 38 дугаар зүйлд иргэн, аж ахуйн нэгж, байгууллага тодорхой төлбөртэй, тухайн ойн анги, эсхүл байгаль хамгаалагчаас олгосон зөвшөөрлийн үндсэн дээр ашиглахаар зохицуулжээ.
Өөрөөр хэлбэл хууль тогтоомжоор хориглосон буюу тусгай зөвшөөрөл шаарддаг байгалийн баялгийг ашиглах, түүх, бэлтгэхэд тусгай зөвшөөрөл шаардлагатай бөгөөд үүнийг зөрчсөн тохиолдолд хууль бус гэж үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг.
Мөн энэ нь зөвхөн түүж, бэлтгэхээс гадна ачиж тээвэрлэх, худалдан борлуулах, хадгалах гэсэн үйл ажиллагаа хамаарна.
Тодруулбал 1995 онд батлагдсан Байгаль орчныг хамгаалах тухай хуулиар хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, байгаль орчныг хамгаалах, нөөцийг зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх, нийгэм, эдийн засгийн хөгжлийг байгаль орчны тэнцэлтэй уялдуулахтай холбогдсон харилцааг зохицуулсан бөгөөд уг хуулиар байгаль орчинд хамаарах объектуудыг нарийвчлан заасан.
Тухайлбал: Байгалийн ургамлын тухай хуулиар ой болон таримал ургамлаас бусад ургамлыг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээхтэй холбогдсон харилцааг зохицуулсан ба хуулийн 3 дугаар зүйлийн 2-т зааснаар ургамлын нөөц, нөхөн сэргэх чадварыг харгалзан нэн ховор, ховор, элбэг ургамал гэж ангилан, ховор ургамалд байгалийн жамаар нөхөн сэргэх чадвар хязгаарлагдмал, тархац, нөөц багатай, устаж болзошгүй ургамлыг хамааруулж, энэ ургамлын жагсаалтыг Засгийн Газраас батлахаар хуульчилсан.
Үүний дагуу Монгол Улсын Засгийн Газрын 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 153, 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 410 дугаар тогтоолоор нарсны төрлийн модны үр /ойн нарс, одой нарс, сибирь хушны үр, идээ/-г ховор ургамлын жагсаалтад оруулсан тул энэ төрлийн мод, түүний үр, идээг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй түүсэн, бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1-д заасан “байгалын ургамлыг хууль бусаар бэлтгэх” гэмт хэрэгт тооцохоор заажээ.
Эрүүгийн эрх зүйн онолд гэмт хэргийн бүрэлдэхүүний обьектив талын шинжийг хэрхэн хуульчилснаас хамаарч хэлбэрийн болон материаллаг бүрэлдэхүүнтэй гэж ангилдаг.
Материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг нь гэмт этгээдийн нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас заавал хор уршиг учирсан байхыг шаарддаг.
Харин хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн хувьд тухайн гэмт хэргийн улмаас заавал хор уршиг учирсан байхыг шаардахгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг хийснээр гэмт хэрэгт тооцогддог.
Шүүгдэгч З.Б нь зохих зөвшөөрөлгүйгээр "Ховор ургамлын жагсаалт"-д орсон Сибирь нарс (хуш)-ийн үр болох самрыг түүсэн, бэлтгэсэн, хадгалсан, тээвэрлэсэн болох нь нотлогдсон ба уг үйлдэл нь “байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж, гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч З.Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
4.4.Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг:
Иргэний нэхэмжлэгч Ц.Э нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэгтээ “...Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн гаргасан ЕГ0326/1146 дугаартай дүгнэлттэй танилцлаа. Тухайн дүгнэлтэд З.Б-ийн хууль бус үйлдлийн улмаас байгаль экологид учирсан хохирлыг тооцож гаргасан байна. Тиймээс дээрх дүгнэлтэд тусгагдсан байгаль экологид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна...” гэжээ.
Мөн “...байгаль экологид учруулсан бодит хохирол 10,596.000 төгрөг, ойн санд учруулсан хохирол 31,788,000 төгрөг, ургамлын аймагт учруулсан хохирол 52,980,000 төгрөг...” гэх дүгнэлт хэрэгт авагджээ.
Өөрөөр хэлбэл самар нь өөрөө ойн байгалийн баялаг тул ойн санд учруулсан хохирол, ургамлын санд учруулсан хохирол гэдэг байдлаар хор уршгийг тооцсон дүгнэлтийг шинжээч гаргажээ.
Ойн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.12-д зааснаар Сибирь хушны самар нь ойн дагалт баялагт хамаарч байна.
Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу ойн санд хохирол учруулсан тохиолдолд гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэх хохирлын хэмжээг шууд хохирол болон ойг нөхөн сэргээхэд шаардагдах зардал гэсэн хоёр хэлбэрээр тогтоосон.
Ойн санд учруулсан шууд хохирол (Direct Damage) гэдэг нь
холбогдох хууль тогтоомж, журмыг зөрчиж ойн сан, түүний нөөцөд зохих зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар халдсан үйл ажиллагааг хэлнэ.
Харин ойг нөхөн сэргээхэд шаардагдах зардал гэдэг нь хууль тогтоомжийг зөрчиж ойн санд зохих зөвшөөрөлгүй халдсанаас ойн сан, ургамлын аймгийн хэвийн нөхцлийг алдагдуулж, сөрөг үр дагавар бий болгосны улмаас эвдэрсэн ойн сан, ургамлын аймгийг анхны байдалд оруулах, нөхөн сэргээх, ойжуулах, мод, ургамал тарих, биологийн болон техникийн нөхөн сэргээлт хийхэд зарцуулагдах мөнгөн хөрөнгийг ойлгоно.
Хэргийн баримтаас дүгнэвэл шүүгдэгчийн зохих зөвшөөрөлгүйгээр самар түүсэн, бэлтгэсэн, хадгалсан, тээвэрлэсэн үйлдлийн улмаас ойн санд болон ургамлын аймагт ноцтой хор уршиг учраагүй, ойн даац чадавхи буюу хушин ойн байгалийн аясаар нөхөн ургах хэвийн нөхцлийг алдагдуулаагүй, хуш модыг ямар нэгэн гадны биетээр (мунаар) цохиж гэмтээн байгаль-экологид хортой, сөрөг үр дагавар бий болгон дахин нөхөн төлжиж ургахааргүй доройтуулсан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шүүгдэгчээс байгаль-экологид учруулсан шууд хохирлыг гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.
Иймд шүүгдэгч З.Б-аас ойн санд учирсан шууд хохирол 10,596.000 (арван сая таван зуун ерэн зургаан мянга) төгрөгийг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулж шийдвэрлэв.
Тав. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч З.Б-ийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх үндэслэл тогтоогдож, хүндрүүлэх үндэслэл тогтоогдоогүйг дурдаад, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, эд мөрийн баримтаар хураагдсан 60 кг самрыг устгуулах саналтай байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаарх саналдаа: “...Миний үйлчлүүлэгчийн тухайд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хувийн байдлын хувьд урьд нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал байна, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг нь сонгох санкцитай тул торгох ял оногдуулж өгнө үү гэсэн саналыг өмгөөлөгчийн зүгээс гаргаж байна...” гэв.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч З.Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч З.Б нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 158-р тал)-аар тогтоогдсон ба тэрээр анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг тэмдэглэв.
Шүүгдэгч нь ам бүл 4, аав, ээж, дүү нарын хамт Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Цэцүүх 2 дугаар багт мал маллан амьдардаг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан түүнд тухайн зүйл, хэсэг, заалтад заасан торгох ялыг оногдуулах нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэлээ.
Зургаа. Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар.
Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник, хэрэгслийг хураан авч хохирол нөхөн төлүүлэх, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын орлого болгохоор хуульд заажээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч З.Б нь зөвшөөрөлгүй түүж, бэлтгэсэн самрыг Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Цэцүүх 2 дугаар багийн нутаг “Доод Цэцүүх" гэх газраас Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Дөрөлж хороонд хадгалахаар хүргэхдээ өөрийн өмчлөлийн улсын дугааргүй, Мустанг-5 маркийн мотоциклоор, харин Завхан аймгийн Их-Уул сум руу авч явахдаа С.З-ийн эзэмшлийн ..........ХӨН улсын дугаартай Тоёота приүс-30 маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн болох нь тогтоогдсон. Иймээс шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчээс гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан түүний эзэмшлийн 2,800,000 төгрөгний үнэлгээ бүхий улсын дугааргүй, Мустанг-5 маркийн мотоциклийг гаргуулж улсын орлогод оруулах, С.З-ийн эзэмшлийн Тоёота приүс-30 маркийн ..........ХӨН улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 15,435,000 (арван таван сая дөрвөн зуун гучин таван мянга) төгрөгийг гаргуулж, хохирол нөхөн төлүүлэх, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Мөн эд мөрийн баримт нь хурдан муудаж, чанараа алдах, жин, кг өөрчлөгдөх шинжтэй, удаан хадгалах боломжгүй үед түүнийг ашиглах (худалдах) боломжтой эсэхийг мэргэжлийн шинжээчээр дүгнүүлэн, улмаар хэрэглэх боломжгүй тохиолдолд устгах эсэх асуудлыг шийдвэрлэх ажиллагааг хуульд зохицуулсан.
Хэрэгт гаргасан шинжээчийн дүгнэлтэд...самар болон идээ нь хөгцөрч, хатсан байгаа тул хүнсэнд хэрэглэх шаардлага хангаагүй байна...” гэжээ.
Иймд энэхүү хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Сибирь нарс (Хуш)-ны үр болох 60 кг самрыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгалаа.
Хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хураагдсан иргэний бичиг баримтгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч И овогт З-ийн Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Б ийг 6,000 (зургаан мянга) нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 6,000,000 (зургаан сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Б-д оногдуулсан 6,000 (зургаан мянга) нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 6,000,000 (зургаан сая) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 (нэг) жилийн дотор төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д заасныг баримтлан шүүгдэгч З.Б-аас 10,596,000 (арван сая таван зуун ерэн зургаа мянга) төгрөгийг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулсугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч З.Б-аас 2,800,000 (хоёр сая найман зуун мянга) төгрөгний үнэлгээ бүхий улсын дугааргүй, Мустанг-5 маркийн мотоциклийг гаргуулж улсын орлогод оруулахыг, С.З-ийн эзэмшлийн Тоёота приүс-30 маркийн ..........ХӨН улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 15,435,000 (арван таван сая дөрвөн зуун гучин таван мянга) төгрөгийг гаргуулж, хохирол нөхөн төлүүлэх, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.
7.Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хураагдсан иргэний бичиг баримтгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Сибирь нарс (Хуш)-ны үр болох 60 кг самрыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ