| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намсумын Идэр |
| Хэргийн индекс | 307/2026/0188/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/197 |
| Огноо | 2026-04-08 |
| Зүйл хэсэг | 20.17.1., |
| Улсын яллагч | Э.Улаанаа |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2026 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 2026/ШЦТ/197
2026 04 08 2026/ШЦТ/197
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 307/2026/0188/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мандах,
Улсын яллагч Э.*******аа,
Шүүгдэгч Г.*******, Д.*******үү, тэдний өмгөөлөгч Ө.*******аа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт...... нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2618000000137 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, 2026 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ......, 1985 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Ховд аймгийн Зэрэг суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ....... ХХК-нд жолооч ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Дархан-Уул аймгийн Дархан сумын ......... оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай.
Монгол Улсын иргэн, ........., 1986 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Завхан аймгийн Их-Уул суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто хөдөө аж ахуйн механикч мэргэжилтэй, ......ХХК-нд тоног төхөөрөмжийн засварчин ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймгийн ................ тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:
Шүүгдэгч Г.*******, Д.*******үү нар нь бүлэглэн олон нийтийн газар ашиг олох зорилгоор хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.******* мэдүүлэхдээ: “...Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.*******үү мэдүүлэхдээ: “...Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.” гэв.
Гэм буруугийн талаар:
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Г.*******, Д.*******үү нар нь бүлэглэн 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багт байрлах “*******” зочид буудалд ашиг олох зорилгоор хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлсээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Г.*******, Д.*******үү нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна.” гэв.
Гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч нарын өмгөөлөгч дүгнэлтдээ: “...Гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцэхгүй.” гэв.
Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч Г.*******, Д.*******үү нар нь бүлэглэн 2026 оны 01 дүгээр сарын 29-ний шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багт байрлах "*******" зочид буудлын 301 тоот өрөөнд ашиг олох зорилгоор хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан:
Гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 2 дахь тал),
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 3-7 дахь тал),
Мөрдөгчийн: “...100" гэсэн бичиглэлтэй хар өнгийн хясаа /98ш/, "500" гэсэн бичиглэлтэй цэнхэр өнгийн хясаа /90ш/, "1000" гэсэн бичиглэлтэй шар өнгийн хясаа /73 ширхэг/, “5000” гэсэн бичиглэлтэй бор өнгийн хясаа /21ш/, "10000" гэсэн бичиглэлтэй улбар шар хясаа /20ш/, АZ1463486, AH2222940, AL2712797, AM3617063 зэрэг дугаартай 20,000 төгрөгийн дэвсгэрт /4ш/, АН3362960, АР0021834, АМ6065089 зэрэг дугаартай 10,000 төгрөгийн дэвсгэрт /3ш/, цэнхэр өнгийн хөзөр /52ш/, бичсэн тэмдэглэгээтэй дэвтрийн цаас /1 ш/ зэрэг эд зүйлсийг эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол (хавтаст хэргийн 11 дэх тал),
Гэрч Г.*******гэрэлийн 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр мэдүүлсэн: “...Би 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 14 цагийн үед *******үү... манай хэд 13 модны хөзөр тоглох уу гэж ярилцаж байсан гэж хэлсэн. Орой 20 цагийн үед *******үү над руу залгаад нөгөө Хонгорын хэд маань Дарханд ирж байна, цөмөөрөө хаана тоглох уу гэж надаас асуухаар би сайн мэдэхгүй байна гэж хэлсэн. Би *******үү рүү залгаад та нар хаана байна гэхэд "*******" гэх зочид буудлын 3 давхарт 301 тоотод байна гэсэн. Тэгээд би тус буудлын 301 тоот өрөө рүү орох үед тэнд Өлзийбадрах, *******, *******үү гурав 13 модны хөзөр тоглоод сууж байсан. Тэгтэл оройны 22 цагийн үед .....дөрөв гаднаас орж ирсэн тоглож эхлээд удаагүй байж байтал гаднаас буудлын өрөөний хаалгыг тогшоод онгойлгох үед 2 цагдаа орж ирээд хяналт шалгалт хийсэн юм ...Тухайн үед 13 модны хөзөр тоглож байх үед найз ******* нь читон гаргаж ирээд энүүгээр бөөндөө тоглож үзэх үү гэж хэлсэн. Тэгээд үүний дагуу тоглосон юм.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15 дахь тал),
Гэрч Л.*******ийн 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр мэдүүлсэн: “...21 цагийн үед Дархан-Уул аймагт явж байтал манай Төмөрлөгийн уурхайд ажилладаг ******* гээд ах залгаад юу хийж байна ах нар нь жаахан тоглох гэж байна чи тоглох юм уу гэж асуухаар нь би тоглоё гээд 22 цаг өнгөрөөд ******* зочид буудлын 301 тоот өрөөнд яваад очиход *******, ...... гээд ах нар 13 тоглоод сууж байсан. Намайг очсоноос хойш ....... ах бас нэг танихгүй ах гээд 3 хүн нэмэгдэж орж ирсэн. Ингээд наймуулаа болсон бөгөөд ******* ах читон гаргаж ирээд бөөндөө хөзрөөр покер тоглохоор болж тоглож эхэлсэн. Тоглож эхлэхдээ хүн тус бүр 100,000 төгрөг миний данс руу хийгээд 1 цаг тоглоод читоноо тоолж мөнгөө тарааж шилжүүлэх байдлаар тоглосон бөгөөд 1 удаа тоглож тоглолт дууссаны дараа мөнгөө хүмүүсийн данс руу нь шилжүүлж өгсний дараа дахиж мөнгө хурааж эхлээд 20 орчим минут тоглож байтал гаднаас хаалга тогшоод 2 цагдаагийн алба хаагч ороод ирсэн. Дандаа надаас ах хүмүүс байсан бөгөөд намайг интернэт банктай юм чинь дансаа ашиглуулчих гээд ах нар бүгд л хэлсэн тэгээд би өөрийн хаан банкны .... дугаарын дансаа ашиглуулж тэр хэдээс мөнгийг нь дансандаа шилжүүлэн аваад буцааж хожсон хүмүүс рүү нь шилжүүлэн өгч байсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19 дэх тал),
Гэрч Ц.*******ын 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр мэдүүлсэн: “...18-19 цагийн хооронд танил ах ... над руу утсаар залгаад манай хэд ганц, хоёр 13 модны хөзөр тоглох гэж байна хоёулаа явчихаад ирэх үү гэж асуухаар нь би ажлаа дуусгаад ярья гэж хэлсэн. Тэгээд орой 22 цагийн үед ......ах машинтай манай гэрийн гадаа хүрч ирээд намайг аваад Хонгор сумаас Дархан руу хөдөлсөн. Тэгээд 22 цаг өнгөрч байх үед ......ах бид хоёр "*******" зочид буудлын гадна ирээд 301 тоот дугаартай өрөө рүү орсон. Тус өрөөнд ....... тав түрүүлээд ирчихсэн байсан. Дараа нь бид долоо читон болон хөзрөөр техас буюу мөрийтэй тоглоом тоглосон юм. Гаднаас орж ирээд наймуулаа болоод үргэлжлүүлээд тоглосон. Тэгтэл удалгүй хяналт шалгалтаар 2 цагдаа орж ирээд тоглоомоо зогсоосон юм. Би бэлэн 100,000 төгрөгөөр ёндоогоо үзье гэж бодоод очсон юм. Тэгээд тэнд ******* нь хүмүүсийн бооцооны мөнгийг өөрийн дансандаа байршуулж хожсон хүнд тараах юм. Тэгээд сүүлд цагдаа дээр ирэх үед ******* нь манай амбаарт байсан би авчирсан гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21 дэх тал),
Гэрч Э...... 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдөр мэдүүлсэн: “...******* залгаад завтай бол хүрээд ирээч жаахан хөзөр тоглоё гэхээр нь... ******* нэртэй зочид буудлын 3 давхарт 301 тоот өрөөнд яваад очиход ........ нар бүгд хөзөр тоглоод сууцгааж байсан. Би тухайн үед 100,000 төгрөг *******ийн данс руу шилжүүлээд тоглолт дууссаны дараа буцааж 80,000 төгрөг дансаараа авсан. Би 20,000 төгрөгний алдагдалтай л тоглосон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24-25 дахь тал),
Гэрч С.ын 2026 оны 02 дугаар сарын 15-ны өдөр мэдүүлсэн: “... Над руу ******* хөзөр тоглоё гэж хэлж дуудсан. Би тухайн үед өөрт байсан 200,000 төгрөг *******ийн данс руу шилжүүлээд тоглоод алдсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28-29 дэх тал),
Гэрч Ж.Өлзийбадрахын 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдөр мэдүүлсэн: “...гэртээ 19 цагийн үед байж байтал *******үү залгаад завтай бол хүрээд ирээч жаахан хөзөр тоглоё гэхээр нь би ******* нэртэй зочид буудлын гадна очиход *******, *******үү хоёр байж байсан. Буудал руу орж 3 давхарт 301 тоор өрөөнд орж 9 мод тоглох гэдэг тоглоом тоглож байгаад *******үү, ******* хоёр хүмүүс рүү яриад удалгүй ....... нар ар араасаа цувраад хүрч ирцгээсэн. Тэгээд бөөндөө 13 хөзрийн покер тоглоё гээд ярилцаад бөөндөө тоглож эхэлсэн. Тухайн үед *******ийн дансанд бүгд 100.000 төгрөг шилжүүлээд хясаагаа тараагаад тоглож эхэлсэн. Би тухайн үед өөрт байсан 100,000 төгрөг читоныг ******* авчирсан. *******ийн данс руу 3 удаа шилжүүлээд тоглоод алдсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32-33 дахь тал),
Д.*******үүгийн 2026 оны 02 дугаар сарын 15-ны өдөр сэжигтнээр, 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдөр яллагдагчаар мэдүүлсэн: “...Би 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр би цуг ажилладаг ******* руу өөрийн гар утсаар залгаад орой яах уу, юу хийх гэж байна бөөндөө хөзөр тоглох уу гэж асуугаад тухайн үед ******* зөвшөөрөөд 2026 оны 01 сарын 29-ний орой 19 цагийн үед *******той манай гэрийн гадаа уулзаад бид хоёр Өлзийбадрах руу ярьж дуудаад бид гурав Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг ******* нэртэй зочид буудалд орсон. Тэгээд тухайн буудлын 3 давхрын 301 тоотод орж хөзрөөр 13 хөзрийн покер нэртэй тоглоом тоглосон. Тэгээд бид гурав тоглож байгаад *******гэрэлийг би утсаар дуудсан. Тэгээд ........бид 4 нийлээд покер тоглож байгаад цувраад цувраад ap apaacaа ******* бид хоёрын дуудсан ...... нар нэмэгдэж ирсэн. Тэгээд бөөндөө покер тоглохоор болоод ******* гэрээсээ авчран читоныг тараагаад ******* дансаа ашиглаж *******ийн данс руу 100.000 төгрөг бүгд шилжүүлээд тэгээд покер тоглоцгоож эхэлсэн. ...Би өөрийн үйлдсэн гэмт хэрэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 36-37, 53-54 дэх тал),
Г.*******ын 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдөр сэжигтнээр, 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдөр яллагдагчаар мэдүүлсэн: “... Би 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр *******үүтэй Хонгор суманд тааралдаад хөзөр тоглохоор болоод Өлзийбадрах руу залгаад бид гурав Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг "*******" нэртэй зочид буудалд орсон. Тэгээд тухайн буудлын 3 давхрын 301 тоот орж хөзрөөр 13-н хөзрийн покер нэртэй тоглоом тоглосон. Тэгээд бид гурав тоглож байгаад *******үү *******гэрэлийг утсаар дуудсан. Б.ыг дуудаад араас нь ........ гээд хүмүүс нэмэгдэж орж ирсэн. Нэг мэдэхэд наймуулаа болсон. Тэгээд бөөндөө покер тоглохоор болоод миний авчирсан читон хөзрийг тараагаад *******ийн данс руу 100,000 төгрөг бүгд шилжүүлээд тэгээд покер тоглоцгоож эхэлсэн. *******үү бид хоёр уулзаад сууж байгаад тоглох санаачилгыг гаргасан. Б. *******ийн данс руу 400,000 төгрөг шилжүүлж тоглоод 150,000 төгрөг нэг хожиж, бусад мөнгөө алдсан, ашиггүй 250,000 төгрөгийн алдагдалтай тоглосон. ******* л өөрөө миний дансаар мөнгөө хураая арай найдвартай гэж үзээд *******үү бид хоёр зөвшөөрөөд *******ийн дансаар мөнгөө хураасан. Би өөрийн үйлдсэн гэмт хэрэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 38-39, 63-64 дэх тал),
Д.*******үүгээс Хаан банк дахь ...... дугаар дансны хуулга хүлээн авсан тэмдэглэл, дансны хуулга (хавтаст хэргийн 114-115 дахь тал),
Г.*******оос Хаан банк дахь ....... дугаар дансны хуулга хүлээн авсан тэмдэглэл, дансны хуулга (хавтаст хэргийн 116-117 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ.”,
3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ.” гэж тус тус заажээ.
Гэмт хэргийг хоёр ба түүнээс дээш хүн санаатай нэгдэж үйлдсэн тохиолдолд хамтран оролцсон хэлбэрийг зайлшгүй тогтоох шаардлагатай бөгөөд уг гэмт хэргийг үйлдэхээс өмнө хоорондын үүрэг оролцоог хэлэлцэн тохироогүй ч гэмт хэрэг үйлдэх явцад үйлдэл, үзэл бодол, сэдэлт, зорилгоороо нэгдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэж үздэг ба энэ нь гэмт хэрэгт хамтран оролцохын ердийн хэлбэр юм.
Гэмт хэрэг үйлдэж буй этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцдог ба шүүгдэгч нарын бүлэглэн олон нийтийн газар ашиг олох зорилгоор хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч нарт холбогдох хэргийн зүйлчлэл зөв, тэдний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул шүүгдэгч Г.*******, Д.*******үү нарыг бүлэглэн олон нийтийн газар ашиг олох зорилгоор хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.
Мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй хохирол шаардахгүй тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.
Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Д.*******үү, Г.******* нарт тус бүр 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялын 5 сарын хугацаанд сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчилж төлүүлэх саналтай байна...” гэв.
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд шүүгдэгч нарын өмгөөлөгч дүгнэлтдээ: “...Улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын саналд маргаж, мэтгэлцэх зүйлгүй, дэмжиж байна. Миний үйлчлүүлэгч нар нь “.......ХХК-д ажил хөдөлмөр эрхэлдэг, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хувийн байдлыг харгалзан торгох ялын саналыг дэмжиж байна. Шүүгдэгч Д.*******үүгийн гэмт хэрэг үйлдэж олсон ашиг 160,000 төгрөгийг улсын орлого болгоход татгалзах зүйлгүй.” гэв.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэх ба шүүгдэгч нар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй хувийн байдалтай байна.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог.
Шүүгдэгч нарын ажил хөдөлмөр эрхэлдэг хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл зэргийг харгалзан шүүгдэгч нарт торгох ял оногдуулах боломжтой байна.
Шүүхээс шүүгдэгч Г.*******, Д.*******үү нарт ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч тус бүрийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгох ялаар шийтгэж, оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Д.*******үүгээс гэм хэрэг үйлдэж олсон орлого 160,000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгох зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Г.*******, Д.*******үү нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдсан “100” гэсэн бичиглэлтэй хар өнгийн хасаа 98 ширхэг, “500” гэсэн бичиглэлтэй цэнхэр өнгийн хасаа 90 ширхэг, “1000” гэсэн бичиглэлтэй шар өнгийн хасаа 173 ширхэг, “5000” гэсэн бичиглэлтэй бор өнгийн хасаа 21 ширхэг, “10000” гэсэн бичиглэлтэй улбар шар хясаа 20 ширхэг, 52 ширхэг цэнхэр өнгийн хөзөр, 1 ширхэг бичсэн тэмдэглэгээтэй дэвтрийн цаас зэргийг устгаж, AZ1463486, AH2222940, AL2712797, AM3617063 зэрэг дугаартай 20,000 төгрөгийн 4 ширхэг дэвсгэрт, AH3362960, AP0021834, AM6065089 зэрэг дугаартай 10,000 төгрөгийн 3 ширхэг дэвсгэртийг тус тус улсын орлого болгож, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ....... нарыг бүлэглэн олон нийтийн газар ашиг олох зорилгоор хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ........ нарыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ........нарт оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт....... нарт торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******үүгээс гэмт хэрэг үйлдэж олсон орлого 160,000 төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “100” гэсэн бичиглэлтэй хар өнгийн хасаа 98 ширхэг, “500” гэсэн бичиглэлтэй цэнхэр өнгийн хасаа 90 ширхэг, “1000” гэсэн бичиглэлтэй шар өнгийн хасаа 173 ширхэг, “5000” гэсэн бичиглэлтэй бор өнгийн хасаа 21 ширхэг, “10000” гэсэн бичиглэлтэй улбар шар хясаа 20 ширхэг, 52 ширхэг цэнхэр өнгийн хөзөр, 1 ширхэг бичсэн тэмдэглэгээтэй дэвтрийн цаасыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, AZ1463486, AH2222940, AL2712797, AM3617063 зэрэг дугаартай 20,000 төгрөгийн 4 ширхэг дэвсгэрт, AH3362960, AP0021834, AM6065089 зэрэг дугаартай 10,000 төгрөгийн 3 ширхэг дэвсгэртийг тус тус улсын орлого болгосугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ИДЭР