Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 00121

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,
Нарийн бичгийн дарга Д.Одончимэг,
Улсын яллагч Г.Баяраа,
Хохирогчийн өмгөөлөгч Д.Дарьбазар,
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Даваасүрэн,
Шүүгдэгч Б.Ганзориг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Харуул овогт Баасанжавын Ганзоригт холбогдох эрүүгийн 201706000151 дугаартай 132/2017/0114/Э индэкстэй хэргийг 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1989 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Булган аймгийн Могод суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй, багийн иргэдийн нийтийн хурлын дарга, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 5 дугаар багийн 3 дугаар хорооны 8-11 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Харуул овогт Баасанжавын Ганзориг /РД:РЗ89032218/.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.Ганзориг нь 2017 оны 5 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө 0130 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Жаргалант 3 дугаар багийн нутагт “Цал” гэх нэртэй газарт иргэн Ч.Гарамрагчааг гэртээ амарч байхад нь “мотоцикль авч явлаа” гэх шалтгаанаар зодож, түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэм хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ганзоригийн өгсөн: 2017 оны 5 дугаар сарын 20-21-ний өдрүүдэд манай суманд авто тээврийн үзлэг хийгдэж байсан. Тухайн өдөр Гарамрагчаа гэдэг хүн манай хамаатны мотоциклийг хулгайлж авчихаад мал туугаад явсан сурагтай байсан. Тэгээд очиж авах гээд гэрт нь очтол хэрүүл хийгээд маргалдаад байхаар нь би Гараамрагчаа ахыг “хүний юм авсан юм бол авчираад өгчих” гэсэн. Тэгэхэд урдаас “хамаг юмаа шатаасан хормойгоо чирчихээд юу яриад байгаа юм” гээд намайг доромжлоод хоёр алгадсан. Тэгэхээр нь подволкноос нь татахад подволк нь урагдсан. Урдаас дайраад босоод ирэхээр нь нэг цохьсон. Хохирол төлбөр дээр ярилцаад энэ сардаа багтаагаад 1300000 төгрөгийг барагдуулна гэж тохиролцсон байгаа гэх мэдүүлэг,
201706000134 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд: Хохирогч Ч.Гарамрагчаагийн өгсөн: Намайг 2017 оны 5 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө ойролцоогоор 01 цаг 15 минутын үед Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Жаргалант 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Цал” гэх нэртэй газар өөрийн гэртээ эхнэр Эрдэнэчулууны хамтаар амарч байхад гэрийн гадаа машин ирэх чимээ сонсогдсон. Манайх гэрийн хаалгаа нарийн сураар уясан байсныг цаанаас нь татаад Ганбат гээд нутгийн танил залуу орж ирсэн. Тэгээд араас нь Ганзориг, нэг эмэгтэй хүн орж ирсэн. Тэгэхээр нь би гэрийнхээ гэрлээ асаасан. Тэгтэл Ганбат гэх залуу “босооч яасан жаргалтай унтдаг пиздаа вэ, хурдан бос” гэж хэлсэн. Тэгтэл эхнэр маань сэрж “мэндийн зөрүүгүй юун хүмүүс орж ирээд байгаа юм вэ” гэсэн. Тэр үед эхнэр Эрдэнэчулууныг босох гээд хөнжилтэйгээ дээш өндийсөн чинь яг хэн гэдгийг нь сайн харж чадаагүй хөнжилтэй нь цуг татаж газарт унагаасан. Тэгэхээр нь би подволк өмсөөд босоод иртэл Ганзориг нь подволкноос татаад толгой дээгүүр давуулаад газар татаж унагаасан. Тэгэхээр нь би Ганзоригийг цааш нь түлхтэл миний подволк урагдсан. Энэ үед Ганзориг подволкноос татаж чангаах үедээ намайг гараараа толгойн хэсэгт хэд хэдэн удаа цохиод авсан. Тэгтэл Ганбат нь хажуунаас миний хоёр гарыг бариад хөдөлгөөнийг хорихоор нь “тавиач, би хувцасаа өмсмөөр байна” гэж хэлсэн чинь цаанаас нь Ганзориг нь миний подволкоор хоолойг минь боогоод хойд талын орон дээр унагаасан. Тэгээд тохойгоороо элгэн дээр дараад нухчаад байсан. Тэгэхээр нь би Ганзоригийг дахиж цааш нь түлхээд эсэргүүцэл үзүүлээд босоод ирсэн. Тэгтэл Ганбат нь дахиж миний гарыг барьж авах үед Ганзориг нь цаанаас гэнэт ухасхийгээд миний баруун нүдэн тусах газарт гараараа нэг удаа цохиод авсан. Тэгэхээр нь би “ёо, ёо” гээд нүдээ дартал миний хамарнаас цус гарсан. Ганзориг нь надруу “гажиг Гарамаа минь чамайг алсан ч яадаг юм” гээд дайраад байсан. Миний хамарнаас цус гарсан байхаар нь “яагаад чи хүн цохиж байгаа юм бэ” гэж хэлсэн чинь “лаларын эр минь чамайг алсан ч яадгийн” гээд байсан. Тэр үед Ганзориг нь гэрийн баруун талын орны хажууд зогсож байсан. Би болохоор гэрийн хойморынхоо ойролцоо тонгойгоод сууж байхад Ганбат нь миний гарнаас дахин бариад авсан, тэгтэл Ганзориг цаад талаас нь дахин миний баруун нүдэн тус газарт 1 удаа нэлээд хүчтэй өшиглөсөн. Өшиглөхөөр нь би дахин “ёо, ёо” гээд орны хойшоо налахад хажуугаас нь манай эхнэр “та нар хүн аллаа ш дээ” гээд дөхөж ирэхэд Ганбат нь цааш нь түлхээд унагасан. Тэгээд би эхнэртээ “цагдаа дуудаач” гэж хэлтэл эхнэр утас аваад хүнтэй утсаар яриад байсан, яг хэнтэй юу гэж ярьсныг сонсож чадаагүй. Тэгж байгаад эхнэрүүд нь “явъя, явъя” гэж хэлээд Ганбат, Ганзориг нарыг дагуулаад гэрээс гарсан. Тэгээд манай гэрээс гарч явахдаа “та нарыг гэртээ чинь цуг машинаар дайраад шатаагаад явна шүү” гэж байсан. Ингээд тэд нар гэрийн ард байсан мотоциклийг машиндаа ачиж аваад явсан. Тэр өдрөө эхнэр бид хоёр гэртээ унтаж амраад маргааш өглөө нь сумын төв рүү эмнэлэгт очиж эмчид үзүүлсэн. Тэгээд 3 хоногийн дараа Булган аймгийн Цагдаагийн газарт ирж өргөдөл өгөөд Эрдэнэт рүү явж толгойн зураг авахуулж, Булган аймгийн шүүх эмнэлгээр гэмтлийн зэргээ тогтоолгосон юм. Би зодуулснаас болж толгой минь өвдөх болсон. Миний чих юм сонсох нь муудаад байгаа. Би энэ хэргийн улмаас 815850 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн. Тэгээд цааш нь эмчилгээ хийлгэхэд 8000000 төгрөг хэрэгтэй байгаа. Уг хүмүүсээс энэ мөнгөө нэхэмжилж авмаар байна гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 тал/,
Гэрч М.Мажигсүрэнгийн өгсөн: 2017 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Хишиг-Өндөр сумын төвд Бат-Эрдэнэ гэж айлд очиж бөөнөөрөө ямаа боож идсэн. Тэгээд би нөхөр 2 хүүхэдтэйгээ болон Ариунсарнай, Ганбат нарын хамтаар Гарамрагчаа гэж айл руу мотоцикль авахаар явсан юм. Тэгээд Гарамрагчаа гэж айлыг хөдөө хайж явсаар 23 цаг 30 минутын үед олоод очсон. Тэгээд машинаас Ганбат, Ганзориг, Ариунсарнай гурав буугаад гэр рүү нь орсон. Би хоёр хүүхдийн хамтаар машинд сууж үлдсэн. Тэгтэл удалгүй айлын эхнэр нь бололтой нэг хүн чангаар ярьж, хашгирч эхэлсэн. Тэгэхээр нь би юу болоод байгаа юм болоо гэж бодоод гэр рүү яваад орсон. Тэгтэл хэн нэгэнд нь цохиулсан бололтой Гарамрагчаа гуай гэрийнхээ хоймрийн орон дээр хамарнаас нь цус гарчихсан, эхнэр нь хажууд нь сууж байсан. Ганзориг Гарамрагчааруу уурлаад дайрах гэхээр нь нөхрийгөө аваад гэрээс нь гарсан. Удалгүй Ариунсарнай, Ганбат хоёр гарч ирсэн. Тэгээд гэрийнх нь хойно байсан мотоциклийг машиндаа ачаад явсан. Тэр айлд миний харснаар ийм л зүйл болсон. Намайг гэрт орохоос өмнө бүх зүйл болоод өнгөрсөн байсан учраас юу болсныг хэлж мэдэхгүй байна гэх мэдүүлэг /хх-ийн 16-р тал/,
Гэрч П.Эрдэнэчулууны өгсөн: Намайг 2017 оны 5 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө буюу 01 цаг 15 минутын үед Булган аймгийн Хишиг-Өидөр сумын Жаргалант 4 дүгээр баг “Цал” гэх нэртэй газарт өөрийн гэртээ нөхрийн хамтаар унтаж амарч байхад гэрийн гадаа машинтай хүмүүс ирсэн. Тэгээд нөхөр гэрэл асаах гэсэн боловч маслаад асахгүй унтартал гэрийн хаалгаа сураар уясан байсныг нэг хүн татаад гэрт орж ирсэн. Тэгээд эхлээд нутгийн зүс таних Ганбат гэх залуу орж ирээд араас нь Ганзориг гэх залуу, нэг эмэгтэй хүний хамтаар орж ирсэн. Тэгээд гэрт орж ирээд Ганбат нь “бос пиздаа минь, чи хүний мотоцикль авчихаад яасан жаргалтай унтаж байдаг юм бэ” гээд мотоцикл машинд ачиж өг гэж хэлсэн. Тэгээд бид хоёрын унтаж байсан орны урд хоёулаа зэрэгцэж зогсоод чангаар ална, хядна гээд байхаар нь би та нар юу яриад байгаан бэ, та нар нутгийн хүүхдүүд байж ээж, аав шигээ хүнтэй юу ярьцгаагаад байгаа юм гэж хэлсэн. Тэгтэл намайг Ганбат нь орны хөнжилтэй минь цуг татаад газарт унагаасан. Тэгтэл босч ирээд эргээд харсан чинь Ганбат нь нөхрийг подволкоо өмсөж байхад нь подволкноос нь татаж ураад толгойн дээгүүр Ганзориг давуулж бариад хоолойг нь боосон. Тэгтэл нөхөр маань хойшоо ухраад орон дээр хэвтсэн дээрээс нь Ганзориг дараад гараараа нухаад цохисон. Тэгтэл нөхөр Гарамрагчаа нь цааш нь түлхээд босч ирсэн. Тэгтэл нөхөр хувцсаа өмсөх гэтэл Ганзориг нь дахин зодох гээд дайраад байхаар нь яаж байгаа юм бэ гэж хэлээд хоймрын орны урд очоод суусан чинь хамарнаас нь цус гараад унасан. Ганбат нь гарнаас нь бариад авсан. Тэгтэл хажуунаас нь Ганзориг нь хөлөөрөө нүдэн тус газарт тас хийтэл өшиглөөд авсан. Тэр үед нөхөр доошоо нүүрээ бариад, чи яаж байгаа м бэ гээд доошоо хараад суугаад л байсан. Ганзориг нь энэ зэрэгтэй зодуүлаад өнгөрсөн нь их юм гэж бодоорой гэж хэлсэн. Энэ үед нөхөр цагдаа дуудаарай гэж надад хэлэхээр нь би утсаар сумын цагдаагийн хажуу талд байдаг танил Пүрэвээ рүү ярьж бид хоёрыг гэрт амарч байхад 2 эрэгтэй, 2 эмэгтэй хүн ирээд Гарамрагчаа ахыг чинь зодчихлоо цагдаад хэлээд өгөөч гэж гуйсан. Тэгээд байж байхад Ганбат, Ганзориг, хоёр эмэгтэй манай гэрээс гарч явсан. Тэгээд гэрийн ард байсан мотоциклийг машиндаа ачиж аваад явсан. Бид хоёр гэртээ унтаж амраад маргааш нь сумын төв орж эмнэлэгт очиж их эмч Билгүүн гэх хүнд үзүүлсэн. Тэгсэн чинь эмч үзээд нөхрийг маань толгойн зураг авахуул цагдаад очиж мэдэгдээрэй гэж хэлсэн. Ингээд үүнээс хойш 3 хоногийн дараа Булган аймагт ирж цагдаад өргөдөл өгөөд Эрдэнэт рүү явж толгойн зураг авахуулсан, мөн эмчид үзүүлсэн юм. Тэгээд Булган аймгийн Шүүхийн шинжилгээний байгууллагаар гэмтлийн зэргийг нь тогтоолгосон гэх мэдүүлэг /хх-ийн 19-20-р тал/,
Гэрч Б.Ариунсарнайгийн өгсөн: 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр манай аав, ээж хоёр болох Дэлгэрмаа, Даваасүрэн хоёрын мотоциклийг Гарамрагчаа нь согтуудаа айлын гадаа байхад нь хулгай хийгээд унаад явсан байсан. Тэгээд мотоцикл нь олдохгүй байж байгаад Гарамрагчааг унаж явсныг хүнээс сонсож мэдсэн байдаг. 2017 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Хишиг-Өндөр сумын төвд ах Бат-Эрдэний гэрт ямаа боож идчихээд бид нар бөөнөөрөө хоёр том 2.5 летрийн пивыг хувааж уусан. Тэгээд байж байхад аавын мотоциклийг авах гээд орой 23 цаг өнгөрч байхад шатахуун түгээхээс бензин аваад Гарамрагчаагийн хөдөө байх гэр рүү нь Ганзориг нь эхнэр Мажигсүрэн, хоёр хүүхдийнхээ хамт, мөн би нөхөр Ганбатын хамтаар явсан юм. Тэгээд шөнө Гарамрагчаагийн гэрийг хайж явсаар гэрт нь очсон. Ганзориг, Ганбат, бид гурав Гарамрагчаагийнд орсон чинь нь эхнэр Эрдэнэчулууны хамтаар орондоо орсон хэвтэж байсан. Тэгээд Ганзориг нь мотоцикл хаана байна, машинд ачаад өг гэж хэлсэн. Тэгтэл эхнэр нь өөдөөс харанхуй шөнө айлын гэрт дайрч орж ирдэг хэн юм бэ, аваачаад өгөхийн хооронд юун сүртэй юм бэ гэсэн. Тэгтэл Ганбат авсан шигээ одоо машинд ачаад өгчих гэж хэлсэн. Тэгтэл Гарамрагчаа, эхнэрийн хамтаар орон дээрээ босоод суусан. Ганзоригийг Эрдэнэчулуун нь та муу сайн хормойгоо шатаасан гуйлгачид, гээд чангаар ярьж эхэлсэн. Тэгж хэлэхээр нь Ганзориг Гарамрагчаагийн подволкноос нь татсан чинь урагдсан. Тэр үед Эрдэнэчулуун дээлээ нөмөрч босч ирээд Ганзоригийг алгадсан. Тэгэхээр нь Ганзориг Гарамрагчааг нүүрэн тус газарт нь нэг удаа цохиод авсан. Тэгсэн чинь Эрдэнэчулуун, Гарамрагчаа хоёр нөгөө талын орон дээр очоод суусан. Тэр үед Гарамрагчаагийн хамарнаас нь цус гарч байсныг урагдсан подволкоороо арчаад сууж байсан. Тэгээд Эрдэнэчулуун нь Ганзоригийг элдэв янзын үгээр доромжлоод байсан. Тэгэхээр нь Ганзориг Гарамрагчааг хөлөөрөө өшиглөх гэтэл Ганбат урдуур нь орсон. Энэ үед Мажигсүрэн гэрийн гаднаас орж ирээд Ганзоригийг дагуулаад гарч явсан. Араас нь Ганбат бид хоёр гараад гэрийнх нь ард байсан мотоциклийг машиндаа ачиж аваад явсан. Гарамрагчаагийн гэрт ийм л зүйл болж енгөрсөн. Тэгээд маргааш өдөр нь Хишиг-Өндөр сумын цагдаагийн гадаа уулзсан чинь Эрдэнэчулуун нь одоо нөхрийг маань эмнэлэгт үзүүлж өг, одоо мөнгө, төгрег өг гэсэн. Тэгэхээр нь 1 дэх өдөр Булган явж эмнэлэгт үзүүлье гэж хэлсэн, тэгтэл Эрдэнэчулуун нь би явж чадахгүй, малаа яах юм бэ гэсэн. Тэгэхээр нь 2 дахь өдөр явж үзүүлье гэтэл би 2 дахь өдөр гэрээсээ гарддаггүй хүн байгаа юм гэсэн. Тэгээд тэр хоёр хэсэг хугацаанд чимээгүй болж байгаад цагдаагийн байгууллагад хандсан юм байна лээ гэх мэдүүлэг /хх-ийн 17-18-р тал/, Гэрч Л.Чулуунцэцэгийн өгсөн: 2017 оны 5 дугаар сарын 21-ний шөнө 01 цаг 40 минутын үед П.Эрдэнэчулуун нь миний гар утас руу залгаж цагдаа дуудаад өгөөч гэртээ унтаж амарч байхад 2 эмэгтэй, 2 эрэгтэй хүн орж ирээд зодчихоод явлаа гэж ярьсан. Хэн гэж хүнд хэрхэн яаж зодуулсан талаар ямар нэгэн тодорхой зүйл хэлээгүй. Цагдаад мэдэгдээд өгөөч л гэж хэлсэн. Яагаад зодсон талаар тодорхой зүйл хэлээгүй гэх мэдүүлэг /хх-ийн 21-р тал/, Гэрч Б.Дэлгэрмаагийн өгсөн: Би нөхрийн хамтаар Булган аймгийн Хишиг-Өндөр сумын төв рүү хөдөөнөөс 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр мотоциклтойгоо орж ирээд 16 цагийн орчимд хүргэн ах Цогоогийн хашааны гадаа тавьсан байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа Цогоогийн гэрээс гарч ирэхэд мотоцикл хулгайд алдагдсан байсан. Тэгтэл Ч.Гарамрагчаа нь хулгай хийгээд авч явсан байсан. Би нөхрийн хамтаар 2 хоногийн турш сумын төвөөр мотоциклоо хайж Ч.Гарамрагчааг хулгай хийснийг олж мэдсэн гэх мэдүүлэг /хх-ийн 23 тал/, Сэжигтэн, яллагдагчаар Б.Ганзоригийн өгсөн: 2017 оны 5 дугаар сарын 20-ны орой Булган аймгийн Хишиг-Өндөр суманд авто тээврийн үзлэг оношилгоо явагдаж байсан. Тэгээд би өөрийн машинаа үзүүлээд ойр орчмын айлуудаар зар тарааж яваад Бат-Эрдэнэ гээд ахындаа очиж ямаа боож идсэн. Тэгээд тэнд байж байхад манай хамаатны ах, эгч Даваасүрэн, Дэлгэрмаа нарын мотоцикл алга болсон байсан. Тэгээд хөдөө Гарамрагчаа гэж айлд байгаа гэдгийг нь мэдсэн учраас Ганбат, түүний эхнэр, мөн би өөрийн эхнэр, 2 бага насны хүүхдийн хамтаар Гарамрагчаа гэж айлыг сураглаж явсаар 23 цагийн орчимд очсон. Тэгээд Гарамрагчаа ахын гэрт Ариунсарнай, Ганбат, бид гурав орсон чинь гэртээ унтаж байсан. Тэгэхээр нь Ариунсарнай түрүүлж очоод яагаад хүний мотоцикл хэлэлгүй хулгай хийгээд аваад явж байгаа юм бэ гэхэд Эрдэнээ эгч юун сүртэй юм бэ, өглөө оруулаад өгнө ш дээ гэж хэлсэн. Тэгэхээр нь Ганбат юу гэсэн үг вэ, наад мотоциклийн эзэн чинь хөдөө түрээсийн мал маллаж байгаа хүмүүс явж чадахгүй байна гэж хэлсэн. Тэгтэл Эрдэнээ эгч урдаас та нар юун сүртэй юм гээд уурлаад байсан ба зарим хэлээд байсан үгийг нь ойлгож чадаагүй. Тэгээд бид нарын хооронд бага зэргийн маргаан үүсч эхэлсэн. Тэгэхээр нь би болиулах санаатай Гарамрагчаа ах та гэрээсээ гараад мотоциклийг нь машинд ачаад өгөөч гэж хэлсэн. Тэгтэл Эрдэнээ эгч хамаг юм аа шатаасан хормойгоо чирсэн гуйлгачин минь чи юу гээд байгаа юм гэж хэлээд орноосоо босч ирээд намайг алгадаад авсан. Тэгэхээр нь би эмэгтэй хүнд яаж гар хүрэх вэ гэж бодоод Гарамрагчаа ахын подволкноос нь татсан чинь урагдсан. Тэгтэл Эрдэнээ эгч үг хэлэхийн завдалгүй цохиод байсан, тэр үед Гарамрагчаа ах орон дээрээс өөдөөс босоод ирэхээр нь нүүрэн тус газарт нь нэг удаа цохисон. Тэгээд хойшоо орон дээр очиж суухаар нь өөдөөс нь өшиглөсөн. Тэр үед манай эхнэр Мажигсүрэн гаднаас юу болоод байгаан бэ гэсээр орж ирсэн. Тэгээд намайг гэрээс авч гарсан ба араас Ганбат Ариунсарнай хоёр гарч ирээд гэрийн ард байсан мотоциклоо машиндаа ачаад явсан. Тухайн үед ийм л зүйл болсон юм. Маргааш өдөр нь Гарамрагчаа, Эрдэнэ эгч хоёр сумын төвд орж ирээд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн байсан. Тэгэхээр нь бид тэр оройдоо хоорондоо уулзаад бүгдээрээ цагдаа гэж байхаар зохицоод салъя гэж ярьцгаасан. Аймгийн эмнэлэгт очиж үзүүлье, хэрэв шаардлага гарвал эмнэлэгт мөнгийг нь төлөөд хэвтүүлээд өгье гэж ярьсан. Тэгсэн чинь Эрдэнээ эгч 1 дэх өдөр чадахгүй завгүй, 2 дахь өдөр болохоор би гэрээс гарддагүй учраас чадахгүй гэсэн, 3 дахь өдөр явах болсон боловч Ганбат, Ариунсарнай хоёр хадаг тавих ажилтай болоод Улаанбаатар хотруу яваад явж чадаагүй. Тэгтэл цагдаагийн байгууллагад хандсан байсан. Ингээд намайг өчигдөр цагдаагаас дуудаж байна гэхээр нь өнөөдөр ирж цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгч байна гэх мэдүүлэг /хх-66-р тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн №6217 тоот
1. Ч.Гарамрагчаагийн биед баруун чамархай ясанд хугарал, баруун ухархайн ханын хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун дээд, доод зовхи, баруун хацар, хамрын нуруу, баруун нүдний алиманы салстад цус хуралт, баруун зовхи, баруун хацар, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн үед үүссэн байх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалт эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 34-35-р тал/,
Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол /хх-ийн 4-р тал/, гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6-8-р тал/, гомдол мэдээллийг харъяаллын дагуу шилжүүлэх тогтоол /хх-ийн 9-р тал/, гэрчийг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл /хх-ийн 26-29-р тал/, хохирогчийн толгойн зураг авсан баримт /хх-ийн 40-43-р тал/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 72-р тал/, хохирогчийн хохирол нэхэмжилсэн баримт /хх-ийн 79-82-р тал/, эд хөрөнгө битүүмжилсэн /хх-ийн 85-р тал/, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 86-87-р тал/ зэрэг нотлох баримтуудыг судлав.
Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч Б.Ганзориг нь 2017 оны 5 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө 0130 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Жаргалант 3 дугаар багийн нутагт “Цал” гэх нэртэй газарт иргэн Ч.Гарамрагчааг гэртээ амарч байхад нь “мотоцикль авч явлаа” гэх шалтгаанаар зодож, түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан хууль зүйн факт, үйл баримт тогтоогдож байна.
Энэ үйл баримтыг тогтоох мөрдөн шалгах ажиллагаа хуулийн дагуу явагдсан, түүний гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хоорондоо зөрүүгүйгээр өгсөн хохирогч Ч.Гарамрагчаа, гэрч М.Мажигсүрэн, Б.Ариунсарнай, П.Эрдэнэчулуун, Л.Чулуунцэцэг, Т.Даваасүрэн, Б.Дэлгэрмаа, М.Билүүн, Б.Оюунмаа нарын мэдүүлэг, хохирогчийн биед учирсан гэмтэл, гэмтлийн зэргийг тогтоосон Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт, уг дүгнэлттэй холбогдуулан шинжээч О.Нансалмаагийн өгсөн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.
Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргажээ.
Харин 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль хэрэгжиж, энэ хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Ганзоригийн үйлдэлд Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэсэн хэргийн зүйлчлэл зөв, хэргийн талаар нотолбол зохих асуудлууд нотлогдсон, Аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.Ганзоригийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Б.Ганзоригийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Б.Ганзоригийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ч.Гарамрагчаагийн эрүүл мэндэд хүнд хохирол учирч хохирогч эмчилгээ, оношлогоотой холбоотой иргэний нэхэмжлэл түүнд холбогдох нотлох баримтыг гаргаж шүүхэд ирүүлсэн байх ба шүүхийн хэлэлцүүлэгт түүний өмгөөлөгч 2500000 төгрөгийг нэхэмжилсэн байна.
Хэргийн 79-82 дугаар талд авагдсан нотлох баримтуудыг шүүх үнэлж, шүүгдэгч Б.Ганзоригоос гэм хорын хохиролд эмийн үнэ 176250 төгрөг, эмчилгээ оношлогооны 195000 төгрөг, хохирогч болон түүний эхнэрийн тээврийн зардлын 10000 төгрөг, Цагдаагийн байгууллагад гомдол мэдээлэл өгсөн /2017.5.24/, гэрч хохирогчоор мэдүүлэг өгсөн /2017.5.24-26, 2017.6.14, 2017.8.01/, хохирлын баримт гаргаж өгсөн, хэргийн материалтай танилцсан /2017.7.24-25, 2017.8.03/ цаг хугацааны болон ойролцоо үеийн шатахууны баримтын дагуу 318000 төгрөг, нийт 699250 төгрөгийг гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна.
Харин хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас гэмт хэргийн шууд хохиролд тооцох боломжгүй өмгөөллийн зардлын 300000 төгрөг, Энхбаяр гэх хүний тээврийн зардлын 5000 төгрөг, цаг хугацааны хувьд хэрэгт хамааралгүй шатахууны баримтаар нэхэмжилсэн 145400 төгрөг, түүнчлэн Хаан банкны кассын баримтаар нэхэмжилсэн 125000 төгрөг зэрэг нийт 1800750 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, цаашид гарах хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхтэйг дурьдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Ганзоригт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, шүүгдэгч Б.Ганзоригийн хувийн байдлыг харгалзан торгуулийн ял оногдуулж, түүний хөрөнгө орлогын байдал торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх тухай санал хүсэлтийг нь харгалзан торгуулийн ялыг хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Б.Ганзориг нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүйг тус тус дурьдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Харуул овогт Баасанжавын Ганзоригийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Ганзоригийг 10000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх буюу 10000000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.Ганзоригийн 10000000 төгрөгийн торгуулийн ялыг эхний 35 сард сар бүр 280000 /хоёр зуун наян мянга/ төгрөгөөр, сүүлийн сард 200000 /хоёр зуун мянга/ төгрөгөөр тус тус хэсэгчлэн төлүүлж, торгуулийн ялыг биелүүлэх хугацааг 3 /гурван/ жилийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.Ганзориг нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд төлөөгүй бол 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15000 /арван таван мянга/ төгрөгийг хорих ялын 1 /нэг/ хоногтой дүйцүүлж, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус зааснаар шүүгдэгч Б.Ганзоригоос 699250 /зургаан зуун ерэн есөн мянга хоёр зуун тавь/ төгрөгийг гаргуулж хохирогч Ч.Гарамрагчаад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас1800750 /нэг сая найман зуун мянга долоон зуун тавь/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч Ч.Гарамрагчаа нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.
6. Хэрэгт битүүмжилсэн Samsung grand galaxy маркийн гар утсыг төлбөрт тооцуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлсүгэй.
7. Энэ хэрэгт шүүгдэгч Б.Ганзориг нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ганзоригийн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д тус тус зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНХАНД