Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 128/ШШ2023/0628

 

2023 08 17 128/ШШ2023/0628

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж, шүүх хуралдааны дөрөвдүгээр танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ж.Ж*******

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Б*******

Хариуцагч: Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны дарга

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.М******* нарын хоорондын Засгийн газрын 2019 оны 7-р тогтоолоор батлагдсан "Өндөр насны тэтгэвэрт гарч буй төрийн албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгох тухай журам"-ын 2.1 заалтаар надад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох үндсэн цалингийн хэмжээг тогтоохдоо миний Төрийн албаны зөвлөлд ажилласан 25 сарын дундаж цалингаар тооцохыг, иргэн миний 1999 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх 1 жил 9 сарын ажилласан хугацааг дээрх журмын 3 дугаар зүйлийн 3.1.2-д заасны дагуу төрийн албанд ажилласан хугацаанд тооцохыг хариуцагчид даалгуулах-ыг хүссэн шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Ж*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Г нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ж.Ж******* нь нэхэмжлэлийн шаардлагаа Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны даргын 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн "Өргөдлийн хариу өгөх тухай" албан бичгийг хууль бус болохыг тогтоож төрийн албан хаагч надад нэг удаагийн буцалтгүй тусламж олгохыг даалгаж, миний бие уг буцалтгүй тусламжийг авах хууль ёсны эрхтэй болохыг тогтоолгох гэж тодорхойлж байгаад

Засгийн газрын 2019 оны 7-р тогтоолоор батлагдсан "Өндөр насны тэтгэвэрт гарч буй төрийн албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгох тухай журам"-ын 2.1 заалтаар надад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох үндсэн цалингийн хэмжээг тогтоохдоо миний Төрийн албаны зөвлөлд ажилласан 25 сарын дундаж цалингаар тооцохыг хариуцагчид даалгах,

Иргэн миний 1999 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх 1 жил 9 сарын ажилласан хугацааг дээрх журмын 3 дугаар зүйлийн 3.1.2-д заасны дагуу төрийн албанд ажилласан хугацаанд тооцохыг мөн хариуцагчид даалгах,

Дээрх 2 маргаантай асуудлыг шийдсэний үндсэн дээр Төрийн албаны Зөвлөлийн ажлын албаны даргын 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдөр тоот тушаалдаа мөнгөн дүн тавьж өөрчлөлт оруулан, надад олгох буцалтгүй тусламжийг цаг алдалгүй олгохыг Төрийн албаны зөвлөлийн Ажлын албанд даалгуулах гэж өөрчилж,

Шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн Дээрх 2 маргаантай асуудлыг шийдсэний үндсэн дээр Төрийн албаны Зөвлөлийн ажлын албаны даргын 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдөр тоот тушаалдаа мөнгөн дүн тавьж өөрчлөлт оруулан, надад олгох буцалтгүй тусламжийг цаг алдалгүй олгохыг Төрийн албаны зөвлөлийн Ажлын албанд даалгах гэсэн шаардлагаасаа татгалзсан байна.

2. Нэхэмжлэгч нь 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Ажлын албаны даргад гомдол гаргаж, 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 06/84 тоот Өргөдлийн хариу хүргүүлэх тухай албан бичгээр нэг удаагийн буцалтгүй тусламж олгох боломжгүй тухай хариуг авсан учир 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

Маргаан бүхий акт нь дараах үндэслэлээр хууль бус. Үүнд:

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 001/ХТ******* дугаартай тогтоолоор Монгол улсын Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам-ын 1.2 дахь заалтыг дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаатай түдгэлзүүлэх шийдвэр гаргасан байтал Засгийн газар тогтоолын 1.2 дахь заалтад өөрчлөлт оруулахгүй шууд хассан,

Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны дарга Г.Б******* 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн тоот тушаалыг гаргахдаа нэг удаа олгох буцалтгүй тусламжийн хэмжээг тооцож мөнгөн дүн тавиагүй нь одоо болтол буцалтгүй тусламжаа авч чадаагүй,

1999 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 9 дүгээр сарыг дуустал ажилласан 1 жил 9 сарын хугацаанд улс төрийн намын сонгуульт ажил хийж, нийгмийн даатгалын шимтгэлийг хувиараа төлснийг төрд ажилласан жилд тооцохгүй байгаа нь тус тус хууль бус гэжээ.

4. Нэхэмжлэгч Ж.Жамъянтив шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Иргэн миний бие өнгөрсөн хугацаанд Монгол улсын Засгийн Газрын 2019 оны 7-р тогтоолоор батлагдсан журмын 1.2 болон 2.1 заалтыг хүчингүй болгуулахаар Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шугамаар мөн Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүхэд давж заалдах шатны шугамаар хандсан билээ. Энэ тухайд: 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 001/XT******* дугаартай тогтоол гарсан билээ. Уг тогтоолын тогтоох хэсэгт Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан "Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам"-ын 1.2 дахь заалтыг дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаатай түдгэлзүүлэх шийдвэр гаргасан билээ.

Улсын Дээд шүүхийн шийдвэрийн дагуу Засгийн газар дээрх тогтоолынхоо маргалдаж буй 1.2 заалтыг тухайн тогтоолоосоо хасах ердөө ганц өөрчлөлт хийсэн байна.

Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 заалтын дагуу Төрийн албаны зөвлөлөөс уг журмын өөрчлөлтийн тухай асуудлаар хэд хэдэн үндэслэл бүхий тодорхой саналууд хүргүүлсэн боловч алийг нь ч тусгаагүй болно. Мөн уг журамд хасалт хийсэн өөрчлөлт оруулахдаа Захиргааны Ерөнхий хуулийн 60,61,62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангуулах талаар хуулийн ажилбарууд огт хийгдээгүй болно.

Гэвч 1.2 заалт тухайн журмаас хасагдсанаар миний анхны нэхэмжлэлд тавьсан Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны даргын 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн "Өргөдлийн хариу өгөх тухай албан бичгийг хууль бус болохыг тогтоолгох шаардлага байхгүй болж байгаа юм. Учир нь: Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны дарга Г.Б******* 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдөр тоот тушаал гаргаж намайг төрийн албанаас чөлөөлж нэг удаагийн буцалтгүй тусламжийг бодож олгохоор тогтоосон болно. Ийнхүү тушаал гаргасан нь миний буцалтгүй тусламж авах хууль ёсны эрхтэй гэдгийг хариуцагчийн зүгээс хүлээн зөвшөөрсөн гэж үзэж болох юм. Гэвч уг тушаалд буцалтгүй тусламжийн хэмжээг тооцож мөнгөн дүн тавиагүй байгаа тул хэрэгжих боломжгүй байгаа юм. Ажлын албаны даргын тушаал гараад 50 хоног өнгөрч байхад миний бие буцалтгүй тусламжаа бодуулан авч чадаагүй байна. Учир нь. Миний буцалтгүй тусламж авах сарын дундаж цалинг хэрхэн тооцох асуудлыг нэг мөр шийдэж чадахгүй гацаанд ороод байгаа юм. Миний бие З******* аймгийн Засаг даргын үүрэг ажлаас 2016 оны 8 дугаар сарын 09-ний өдөр чөлөөлөгдөж Төрийн албаны зөвлөлд 2021 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр ахлах референтийн ажилд орох хүртэлх 4 жил 8 сар 4 хоногийн хугацаанд төрд ажиллаагүй болно. Над шиг ийм нөхцөлд орсон үед буцалтгүй тусламж олгох сарын үндсэн цалинг хэрхэн тооцохыг заасан журам аргачлал огт байхгүй байна.

Өмнө дурдсан: Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 001/ХТ******* дугаартай тогтоолын "ҮНДЭСЛЭХ" хэсгийн 26-д энэ талаар хийж болох гарц гаргалгааг дурдсан байна. Тухайлбал:

"Захиргаа "үндсэн цалингийн 3 жилийн дундаж"-ийг тооцохдоо заавал сүүлийн 3 жил тасралтгүй ажилласан эсэхээс хамаарахгүйгээр тухайн тохиолдол бүрд уян хатан байдлаар хэрэглэх боломжтой. Түүнчлэн хариуцагч журмын түдгэлзүүлсэн хэсгийг дахин батлахдаа шаардлагатай гэж үзвэл уг хэсгийг шинэчлэн батлах эрх нь нээлттэй болохыг дурдах нь зүйтэй" гэжээ.

Дээрх Засгийн Газрын тогтоолын 1.2 ба 2.1 заалт нь харилцан уялдаатай бөгөөд 1.2 заалтыг төрийн алба мэргэшсэн тогтвортой байх зарчимд нийцүүлэн өөрчилж батлалгүйгээр шууд хассан нөхцөлд 2.1 заалтаа зайлшгүй авч үзэх ёстой байв. Улсын Дээд шүүх ч шууд хасчихна гэж бодолгүй өөрчлөн батална гэж тооцсон байхаа...

Гэхдээ Улсын Дээд шүүхийн тогтоолд гарч болзошгүй эрсдэлийг анзаарч "Түүнчлэн хариуцагч журмын түдгэлзүүлсэн хэсгийг дахин батлахдаа шаардлагатай гэж үзвэл уг хэсгийг шинэчлэн батлах эрх нь нээлттэй болохыг дурдах нь зүйтэй." гэж тов тодорхой зааж өгсөн байна. Гэтэл Засгийн газар 1.2 заалтаа шууд хасаж 2.1 заалтыг хөндөлгүй хэвээр орхисноос болж зөрчилдөөнтэй байдал бодитоор үүсээд байна. Тухайн журамдаа хэрхэх талаар юу ч заагаагүй атлаа тухайн иргэний бүр өмнө ажиллаж байсан төрийн байгууллагад ажиллаж хугацаанаас нь 36 сарыг нь гүйцээж нөхөлт хийж болох албан бус уг яриаг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам болон Сангийн яамны түшмэлүүд ярьдаг гэж дам сонсов.

Гэхдээ Улсын Дээд шүүхийн дээрх тогтоолд буй "Захиргаа "үндсэн цалингийн 3 жилийн дундаж"-ийг тооцохдоо заавал сүүлийн 3 жил тасралтгүй ажилласан эсэхээс хамаарахгүйгээр тухайн тохиолдол бүрд уян хатан байдлаар хэрэглэх боломжтой" гэснийг үндэслэн иргэн миний тухайд Төрийн албаны зөвлөлд ажилласан 25 сарын дундаж цалинг минь үндэслэн буцалтгүй тусламж олгох сарын дундаж цалинг тооцох боломжтой бөгөөд хууль зүйн үндэстэй гэж бодож байна.

Миний бие Н******* сумын МАХН (одоогийн МАН)-ын даргаар 1996 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 2005 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийг дуустал ажиллав. Энэ тухай МАН-ын Хяналтын Ерөнхий хороонд хувийн хүсэлт гаргаж тэндээс архив шүүлгэж авсан лавлагаа тодорхойлолтыг хавсаргав. Тухайн үед улс төрийн намын даргын сонгуульт ажлыг төрийн үйлчилгээний албан тушаалтай хавсран гүйцэтгэж болдог байсан билээ. Би З******* аймгийн Н******* сумын 10 жилийн сургуулийн захирлаар ажиллаж байгаад 1998 оны 12 дугаар сарын 30-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөж намын сонгуульт ажлаа дагнах болсон юм. Улмаар 2000 оны орон нутгийн сонгуульд ялалт байгуулж сонгуулийн үр дүнгээр Н******* сумын Засаг даргаар сонгогдож, томилогдсон болно.

Сумын намын хорооны даргаар төрийн өөр ажил хавсарч эрхлэлгүйгээр дагнаж ажилласан хугацаа минь 1999 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 9 дүгээр сарын 01-ийг дуустал 1 жил 9 сар юм. Би энэ хугацаагаа Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолын 3-р зүйлийн 3.1.3-д заасны дагуу төрд ажилласан хугацаанд тооцуулах хүсэлтэй байна. Би УИХ-д суудалтай намд орон тооны албан тушаал эрхэлж байгаад төрийн албанд шилжин ажилласан тул уг зүйл заалтын болзол шаардлагыг хангаж буй. Сумын намын байгууллага өөрөө өөрийгөө гишүүдийн татвараар санхүүжүүлж чаддаггүйгээс намаас цалин хөлс авч нийгмийн даатгалын шимтгэлээ төлүүлэх боломжгүй байсан. Энэ байдал хөдөөгийн сумдын тухайд одоо ч тийм байдалд байгаа. Төрийн улс төрийн албан тушаал давхар эрхлээгүй сумын аль ч улс төрийн намын дарга нар нийгмийн даатгалын шимтгэлээ өөрөө хувиараа төлөхөөс аргагүй байдалд хүрдэг.

Миний тухайд 2012 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр батлагдсан "Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох хууль"-ийн дагуу даатгуулагч өөрөө төлөх 10 хувийн нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн онуудын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцуулан хувиараа нөхөн төлсөн билээ. Өөрөөс үл хамаарах шалтгаанаар ажил хөдөлмөр эрхэлж чадаагүй байсан хүмүүс дээрх хуулийн үйлчлэлд хамрагдсан билээ. Миний хувьд хэдийгээр улс төрийн намын сонгуульт ажил хийж байсан боловч сумын намын байгууллага цалин хөлс олгож, нийгмийн даатгалын шимтгэл төлөх боломжгүй байсан. Энэ цалин хөлсгүй байдал нь надаас хамаарсан шалтгаан биш бөгөөд дээрх 1 жил 9 сарын шимтгэлээ аргагүйн эрхэнд хувиараа нөхөн төлсөн билээ.

Миний тухайд улс төрийн намын орон тооны сонгуульт ажилтай байсан тэгээд тэндээсээ төрийн албанд шилжин ажилласан нь магадтай үнэн тул дээрх хугацааг төрд ажилласан хугацаанд тооцуулах үндэстэй гэж үзэж байгаа юм гэв.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эвлэрэн хэлэлцэх боломжгүй нөхцөл байдал үүсээд байгаа юм. Манайхаас уул нь татгалзах зүйл байхгүй. Сангийн яамнаас мөнгө олгохдоо мөнгөө бодох тал дээр асуудал үүсгээд байгаа. Сангийн яам мөнгөн дүнг эцэслэж гаргадаг болохоор шүүхийн шийдвэр байх нь зүйтэй гэж Ажлын албаны дарга, нягтлан бид нар хэлэлцсэн.

Бодох аргачлалаа мэдэхгүй байгаа юм. Бодолтоо журам дээрээ журамлаж өгөөгүй болохоор манайх сангийн яам хоёр өөр өөрөөр бодох гээд байгаа юм.

Сангийн яам 36 жилийн дундаж гэдэг, гэтэл энэ хүн манайд 25 сар ажилласан болохоор сараар нь бодохоор мөнгөн дүн нь багасаад, эрх зүйн байдал нь дордох гээд байгаа тул эвлэрч болохгүй, шүүхийн шийдвэр гаргуулах асуудал үүсээд байгаа юм. Манай зүгээс нэгэнт журам дээр ажилласан хугацааг нь тооцно гэж заасан тул татгалзах зүйл байхгүй.

Манай зүгээс ийм байр суурьтай байгаа ч Сангийн яам ойлгодоггүй, гацалт үүсгээд албан хаагчийг байгууллагатай нь маргалдуулаад байдаг нөхцөл байдал үүсээд байгаа юм гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүхээс болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судлаад, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс нэхэмжлэгч татгалзсаныг баталж, үлдэх хэсгийг хангаж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн Дээрх 2 маргаантай асуудлыг шийдсэний үндсэн дээр Төрийн албаны Зөвлөлийн ажлын албаны даргын 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдөр тоот тушаалдаа мөнгөн дүн тавьж өөрчлөлт оруулан, надад олгох буцалтгүй тусламжийг цаг алдалгүй олгохыг Төрийн албаны зөвлөлийн Ажлын албанд даалгуулах-ыг хүссэн шаардлагаас татгалзсан тухайд:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно, 109 дүгээр зүйлийн 109.1-т Захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасан үндэслэл, нөхцөл байдал илэрвэл шүүгч, шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэгч, хариуцагч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж зааснаар нэхэмжлэгч Ж.Жамъянтив нь Төрийн албаны Зөвлөлийн ажлын албаны даргын 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдөр тоот тушаалдаа мөнгөн дүн тавьж өөрчлөлт оруулан, надад олгох буцалтгүй тусламжийг цаг алдалгүй олгохыг Төрийн албаны зөвлөлийн Ажлын албанд даалгуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул түүнд мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй, 69 дүгээр зүйлийн 69.1-т Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэхдээ нөхөн төлүүлэх шүүхийн зардал болон улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуулийн 47, 48 дугаар зүйлд зааснаар шийдвэрлэнэ, 69.2-д Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэж заасан үр дагаврыг танилцуулж, нэхэмжлэлийн энэ шаардлагаас татгалзсаныг батлав.

 

3. Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-т Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь 36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй байна. Нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох цалингийн дундаж хэмжээ болон олгох шалгуур нөхцөлийг тодорхойлсон журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно гэж заажээ.

4. Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 7 дугаар тогтоолын хавсралтаар Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гаргахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам-ыг баталсан бөгөөд Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын шүүх хуралдааны 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 35 дугаартай Тогтоолоор дээрх журмын 1.2 дахь ...энэ журмын үйлчлэлд хамаарах төрийн албан хаагч нийтдээ 5 жил, үүнээс сүүлийн 3 жил төрийн албанд тасралтгүй ажилласан тохиолдолд нэг удаагийн буцалтгүй тусламж авах эрх үүснэ гэсэн заалтыг дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэсэн байна.

5. Ингэхдээ ...төрийн албанд олон жил /5-аас дээш жил/ ажилласан иргэдийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр төрийн албан хаагчийн нийтлэг баталгааны нэг болох өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тусламж олгох шалгуур нөхцөлийг тэгш байдал, шударга ёсны зарчмыг хангасан байдлаар/зөвхөн сүүлийн 3 жил ажилласан этгээдэд тусламж олгохоор биш/ уг арга хэмжээний зорилгод нийцүүлэн, бодит нөхцөлд тохирсон зохицуулалт хийх шаардлагатай гэж үзжээ.

6. Нэхэмжлэгч Ж.Жамъянтив нь:

1983-1984 онд З******* аймгийн Т хотын 10 жилийн 1 дүгээр дунд сургуульд Физик, одон орны багшаар,

1984-1985 онд Б******* сумын 8 жилийн дунд сургуульд Физик, математикийн багшаар,

1985-1991 онд Н******* сумын 10 жилийн дунд сургуульд Физик, одон орны мэдээлэл зүйн багшаар,

1991-1994 онд Асгат сумын 8 жилийн дунд сургуульд Сургуулийн захирлаар,

1994-1997 онд Н******* сум 10 жилийн дунд сургуульд Физик, одон орны багшаар,

1997-1998 онд Н******* сумын 10 жилийн дунд сургуульд Сургуулийн Захирлаар,

1999 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 9 дүгээр сарыг дуустал ажилласан 1 жил 9 сарын хугацаанд улс төрийн намын сонгуульт ажил

2000-2005 онд Н******* сумын Засаг даргаар,

2005-2010 онд З******* аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаар,

2011-2016 онд З******* аймгийн Монгол Ардын намын хорооны даргаар,

2012-2016 онд З******* аймгийн Засаг даргаар,

2016-2019 онд Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-д Нийгмийн асуудал, нийтлэг үйлчилгээ хариуцсан дэд захирлаар,

2019 оноос Бизнес нэгдлийн дээд зөвлөлд Сургагч багшаар,

2021 оны 4 дүгээр сарын 13-ны өдрөөс Төрийн албаны зөвлөлийн Ахлах референтээр тус тус томилогдон ажилласан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. 7. Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам"-ын 3.1.3-д Улсын Их Хуралд суудалтай намын байгууллагад орон тооны албан тушаал эрхэлж байсан иргэн төрийн албанд шилжин ажиллавал намын байгууллагад ажилласан хугацаа-г төрийн албанд ажилласан хугацаанд оруулан тооцохоор заасан байх бөгөөд Монгол Ардын намын хяналтын ерөнхий хорооны 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 14 дугаартай алба бичигт нэхэмжлэгчийг ...1996 оны 10 дугаар сарын 08-аас 2005 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийг дуустал З******* аймгийн МАН-ын хорооны даргаар ажилласан гэсэн нь түүний 1999 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх 1 жил 9 сарын ажилласан хугацааг төрд ажилласан гэж тооцох үндэслэлтэй байна.

8. Гэхдээ энэ нь иргэний хэргийн шүүхийн харьяалан тогтоодог ажилласан жилд хамааралгүй, дээрх журмын хүрээнд улс төрийн албан тушаал эрхэлсэн байдлаа төрд ажилласанд дүйцүүлж байгаа үйл баримт болно.

9. Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны даргын 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Өргөдлийн хариу өгөх тухай 06/84 дугаартай албан бичигт нэхэмжлэгч Ж.Жамъянтивийг ...Төрийн албаны зөвлөлийн Захиргаа удирдлагын газрын Стратеги төлөвлөл, гүйцэтгэлийн удирдлага хариуцсан ахлах референтийн албан тушаалд ...21 сар ажилласан... гэх үндэслэлээр нэг удаагийн буцалтгүй тусламж олох боломжгүй гэж, үндэслэл болгосон Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журмын 1.2 дах заалтыг Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын шүүх хуралдааны 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 35 дугаартай Тогтоолоор түдгэлзүүлэн шийдвэрлэж, зөвхөн сүүлийн 3 жил ажилласан этгээдэд тусламж олгохоор биш уг арга хэмжээний зорилгод нийцүүлэн, бодит нөхцөлд тохирсон зохицуулалт хийх шаардлагатай гэж дүгнэсэн тул нэхэмжлэгчийн Төрийн албаны зөвлөлд ажилласан 25 сарын дундаж цалингаар тооцох боломжтой байна.

10. Нөгөөтэйгөөр хариуцагч талаас ...Манай зүгээс нэгэнт журам дээр ажилласан хугацааг нь тооцно гэж заасан тул татгалзах зүйл байхгүй гэсэн тайлбарыг шүүхэд гаргаж байгаа тул дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн үлдэх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3, 106.3.4 дэх заалт, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж.Жамъянтивээс Дээрх 2 маргаантай асуудлыг шийдсэний үндсэн дээр Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны даргын 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн дугаар тушаалдаа мөнгөн дүн тавьж өөрчлөлт оруулан, надад олгох буцалтгүй тусламжийг цаг алдалгүй олгохыг Төрийн албаны зөвлөлийн Ажлын албанд даалгах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталсугай.

2. Нэхэмжлэгч Ж.Жамъянтивийн 1999 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх 1 жил 9 сарын ажилласан хугацааг төрийн албанд ажилласан хугацаанд тооцож, нэхэмжлэгчид Төрийн албаны зөвлөлд ажилласан 25 сарын дундаж цалингаар тооцож, нэг удаагийн буцалтгүй тусламж олгохыг хариуцагчид даалгасугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй. 

 

 

 

ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ