Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 2022/ДШМ/122

 

 

 

 

 

 

     

2022             2           1                                              2022/ДШМ/122                            

 

 

Л.Бод холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Энэрэл,

шүүгдэгч Л.Б, түүний өмгөөлөгч Г.Цолмон,

нарийн бичгийн дарга Б.Одонмаа нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж, шүүгч Г.Мөнхзул, С.Сэржмядаг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2021/ШЦТ/1184 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Л.Б, түүний өмгөөлөгч Г.Цолмон нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Л.Бод холбогдох эрүүгийн 2108 00000 1332 дугаартай хэргийг 2022 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Бэ овогт Лсгийн Б, ..... оны ... дугаар сарын ....-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 65 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, токарчин мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт байдаг, ам бүл 2, хамтран амьдрагч .................... хамт .................... дүүргийн .... дугаар хороо, ................ дугаар гудамжны задгай тоотод оршин суудаг, /РД:......................../; 

- Улаанбаатар хотын Октябрын районы ардын шүүхийн 1990 оны 3 дугаар сарын 28- ны өдрийн 61 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлд зааснаар 4 жилийн хорих ял шийтгүүлж, Улаанбаатар хотын шүүхийн 1991 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 24 дүгээр магадлалаар эдлээгүй үлдсэн 9 сар 3 хоногийн хорих ялыг тэнсэж байсан.

Шүүгдэгч Л.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн өглөө 06 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, 21 дүгээр хороолол 39/А байрны 24 тоотод очиж, төрсөн дүү Л.Сыг урьд үүссэн хувийн таарамжгүй харилцаа буюу “амьдарч байсан газрыг маань орон сууцаар сольж өөртөө авсан, намайг орон гэргүй болгосон” гэх эд хөрөнгийн маргаанаар шалтаглан “та нар намайг доромжлохгүй шүү” гэж хутгаар цээж, хэвлийн тус газруудад нь олон удаагийн үйлдэл, давтамжтайгаар хутгалж, амьсгал тасрахгүй болохоор нь хутгаар хүзүүн тус газар нь 1 удаа хэрчиж, эрүүл мэндэд нь “цээжний зүүн хэсэг, хүзүү, цээжний баруун хэсэг хэвлийн урд хана, баруун эгэм, баруун мөр, баруун, зүүн бугалга, зүүн тохой, зүүн бугуйн үенд шарх, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, баруун бугуйнд зулгаралт” бүхий олон тооны шарх гэмтлийг,

талийгаач Л.Сыг хутгалах явцад нь тухайн гэмт үйлдлийг таслан зогсоохоор ирсэн талийгаачийн эхнэр Г.Бсыг тодорхой шалтгаангүйгээр олон удаагийн үйлдэл, давтамжтайгаар хутгалж, эрүүл мэндэд нь “цээжний зүүн ар хэсэг дэх цээжний хөндийд нэвтэрсэн, зүүн бугалганы дотор ар дээд хэсгийн бугалганы булчин зөөлөн эдийг сүлбэн хавсан, цээжний зүүн хажуу дээд хэсэг дэх цээжний хөндийд нэвтэрсэн, цээжний зүүн хажуу доод хэсгийн цээж, хэвлийн хөндийд нэвтэрсэн, хэвлийн зүүн хажуу дээд хэсгийн хэвлийн хөндийд нэвтэрч чацархай, нойр булчирхайг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх” бүхий олон тооны шарх гэмтлийг тус тус учруулан, хоёр хүний амь насыг хохироон, онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэргийг;

мөн 2021 оны 9 дүгээр сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын 6 дугаар гудамжны задгай тоотод гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Р.Эбийг “намайг хүүхдэдээ мөнгө өглөө гэж уурладаг байж өөрийнхөө хүүхдэд өгөх гэлээ” гэж хэлэхэд нь уурлаж, хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, нүүр болон толгойн тус газар нь гараараа цохиж, зодон, гэрээсээ гаргахгүй гэсэн зорилгоор цахилгааны утсаар сандалтай гар, хөлийг нь хүлж, амыг нь скочоор дарж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, эрүүл мэндэд нь “зулайн хуйх, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун, зүүн бугалга, шуу, зүүн гуяны цус хуралт” бүхий хөнгөн зэргийн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Л.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.6 дахь заалт, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Бэ овогт Лсгийн Быг “Онц харгис хэрцгийгээр, хоёр хүнийг” алсан гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1,2.6 дахь заалтад зааснаар, мөн “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Лсгийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1,2.6 дахь заалтад зааснаар бүх насаар нь хорих ял; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 /долоон зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасныг баримтлан шүүгдэгч Л.Бод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.6 дахь заалтад зааснаар оногдуулсан бүх насаар нь хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож 90 хоногийн буюу 3 сарын хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч Л.Бын биечлэн эдлэх ялын төрөл хэмжээг бүх насаар нь хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бод оногдуулсан бүх насаар нь хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бын 2021 оны 9 дүгээр сарын 5-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 81 /наян нэг/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хасч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн “Мини маркет” дэлгүүрийн болон Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсийн хүлээлгийн танхимын хяналтын камерын бичлэг бүхий 2 ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсарган үлдээж, мөн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн нийт урт 265 мм, ажлын хэсгийн урт 163 мм, ажлын хэсгийн өргөн 18мм, бариулын өргөн 38мм, урт 102 мм хэмжээтэй нэг бэхэлгээтэй, бариулын урд хойш хэсэгт хоёр, бариулын их бие хэсэгт гурван цагаан металл оруулгатай хар бараан судалтай бор өнгийн иштэй хутга 1 ширхэг, шилэн аяга 3 ширхэг, усны шилэн сав 1 ширхэг, марльд шингээсэн цусны дээж 1 ширхэг, алчуур 1 ширхэг, тунгалаг өнгийн хулдаасан үүдний гишгүүр 1 ширхэг, цэнхэр эрээн өнгийн нимгэн даашинз 1 ширхэг, бор шаргал өнгийн хүрэм 1 ширхэг, хилэн өмд 1 ширхэг, цагаан саарал өнгийн пүүз 1 ширхэг, саарал өнгийн цамц 1 ширхэг, үдээс 1 ширхэг, алх 1 ширхэг, саарал өнгийн цахилгааны утас 1 ширхэг, архины шил 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гаргуулбал зохих зардалгүй, шүүгдэгч Л.Бын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Р.Эб, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Эт нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн зардал нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Бб нь оршуулгын зардлыг нотлох баримтыг бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдэж, түүний эдлэх ялыг 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн тоолж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Бод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Л.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие Л.Б нь 2021 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр уг гэмт хэргийг үйлдсэн бөгөөд гэмт хэрэг хийснээ цагдаагийн байгууллагад өөрийн биеэр очиж, үнэн бодит байдлыг хэлсэн байдаг. Мөрдөн байцаалт болон прокурор, шүүхийн шатанд үнэнийг хэлж, өөрийн хийсэн үйлдэлдээ туйлын ихээр харамсаж байдаг. Гэм буруутай тал дээр миний бие маргасан зүйл байдаггүй. Хохирогч нартай хууль бус харьцсан үйлдлээс хамааран хохирол, нөхөн төлбөрийн хэмжээ гарсан байдаг. Хохирогч Б.Эбийн өгсөн гэрчийн мэдүүлэгт “...хөнгөн гэмтэл учруулсанд гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн байна. Амь хохирогч Л.Сын хууль ёсны төлөөлөгч Л.Этаас мөн “гомдол санал болон нэхэмжлэх зүйлгүй” гэсэн мэдүүлгийг шүүхийн хэлэлцүүлгийн үед өгч, шүүхээс миний ялыг багасгаж өгөхийг хүссэн байдаг. Амь хохирогч Г.Бсы хууль ёсны төлөөлөгч Г.Ббын нэхэмжилсэн 18 сая төгрөгийг шүүх хэдийгээр иргэний журмаар нэхэмжлэхээр тогтоолд дурдсан хэдий ч миний бие хохирлыг төлж барагдуулахаа шүүхийн хэлэлцүүлгийн үеэр хэлсэн байдаг. Л.Б миний бие 65 настай, өндөр насны тэтгэвэрт байдаг бөгөөд эрүүл мэндийн байдал муутай хүн юм. Нурууны 4, 5 дугаар үенд суулт өгснөөс хамаарч 3 удаагийн хагалгаанд орсон байдаг. Мөн зүрхний судасны нарийсал болон артерийн судасны даралт ихсэх суурь өвчтэйгөөс болж даралт 200 гардаг. Мөрдөн шалгах хугацаанд цагдан хорих 461 дүгээр ангийн нэгдсэн эмнэлэгт 60 гаран хоног хэвтэн эмчлүүлсэн ч даралт буурахгүй хэвээр байна. Дээрх байдлуудыг харгалзан үзэж намайг бүх насаар нь хорих ялыг хугацаатай болгож өгөхийг төрийн алтан сүлд, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүнээс хичээнгүйлэн чин сэтгэлээсээ гуйж байна. Хохирогч болон тэдгээрийн төлөөлөгч нараас миний бие мянгантаа уучлал гуйж, өдөр болгон өөрийн үйлдсэн гэмт хэрэгтээ харамсаж явдгаа хэлье. Өөрийн тэнэг харалган зан уурын мунхгаас болж өтөл насандаа ийм гэмт хэрэг үйлдсэндээ гэмшээд барахгүй, сэтгэлийн зовлон үй лайтай явна. Бүх хүмүүсээс дахин дахин уучлал гуйж байгааг хүлээн авахыг хүсэж байна.” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Цолмон давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Л.Б нь 2021 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр өөрийн төрсөн дүү Л.С, түүний эхнэр Г.Бс нарын амь насыг хохироосон. Л.Б нь тухайн гэмт хэргийг үйлдсэнийхээ дараа хэргийн газраас шууд Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын 2 дугаар хэлтэст өөрийн биеэр очиж үйлдсэн гэмт хэргээ хүлээж, өөрийгөө илчилж, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан хутгыг цагдаагийн алба хаагчид хүлээлгэн өгсөн байдаг. Мөн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн удаа дараагийн мэдүүлэгтээ хэргийн талаар үнэн зөвөөр мэдүүлж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байсан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид бүх насаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн хүн өөрийн гэм буруутай болохыг хүлээн зөвшөөрсөн бол түүнд хугацаатай хорих ял оногдуулах эсэхийг шүүх шийдвэрлэнэ.” гэж хуульчилсан байна.

Иймд шүүгдэгч Л.Бын гэмт хэрэг үйлдсэнээ илчилсэн, өөрийн гэм буруутай болохыг хүлээн зөвшөөрсөн, одоо 65 настай зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, анхан шатны шүүхээс оногдуулсан “бүх насаар хорих ял”-ыг хөнгөрүүлж, хугацаатай хорих ял оногдуулж өгнө үү.” гэв.

Прокурор Б.Энэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Л.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.6 дахь заалт, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдлаар гэмт хэрэгт холбогдсон. Тухайн гэмт хэргийг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар хангалттай нотлогдон тогтоогддог. Шүүгдэгч Л.Б урьд нь бас л хутга мэс хэрэглэж бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдож хорих ял эдэлж байсан хувийн байдалтай. Хорих ялаа эдэлж байхдаа гэмшиж өөрийн амьдралдаа цааш цаашид сургамж болгож яваагүй нөхцөл байдал харагдаж байна. Мөн нийгмийн аюулын зэрэг, бусдад учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан ял шийтгэл оногдуулах ёстой байдаг. Прокурорын зүгээс эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд бүх насаар нь хорих ял оногдуулсан нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж байдал, түүний хувийн байдал, хохирогчид учруулсан хохирол, хор уршигт тохирсон гэж үзэж байна. Хэдийгээр гэмт хэрэг үйлдсэн даруйдаа цагдаагийн байгууллагад очиж өөрийгөө илчилсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарах хэдий ч дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан бүх насаар нь хорих ял оногдуулсан нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцсэн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Л.Б, түүний өмгөөлөгч Г.Цолмон нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Л.Б нь:

1. 2021 оны 9 дүгээр сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын 6 дугаар гудамжны задгай тоот өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Р.Эбээс “намайг хүүхдэдээ мөнгө өглөө гэж уурладаг байж өөрийнхөө хүүхдэд мөнгө өгөх гэлээ” гэж хэлсэнд уурлаж, Р.Эбтэй тухайн үед үүссэн үл ойлголцол, хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар гараараа түүний нүүр болон толгойн тус газар нь цохиж, зодон, гэрээсээ гаргахгүй гэх зорилгоор гар, хөлийг нь цахилгааны утсаар сандалтай холбож хүлэн, амыг нь скочоор дарж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, эрүүл мэндэд нь "зулайн хуйх, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун, зүүн бугалга, шуу, зүүн гуяны цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:  

хохирогч Р.Эбийн “...2021 оны 9 дүгээр сарын 4-ний ...22 цагийн орчим ...би “миний хүүхэд аваарт ороод хагалгаанд орж байхад чи мөнгө өглөө гээд намайг загнаад байсан, өөрийнхөө хүүхдийг болохоор өгнө гэж ярилаа”...гэж хэлэхэд Б намайг “пизда минь чи ам асуугаад байгаа юм уу, би чамайг одоо ална” гээд босоод ...гар хийцийн иш нь бор өнгөтэй судалтай хутга гаргаж ирээд ...цэнхэр өнгийн жинсэн өмдний өвдөг хэсгийг хутгаараа ураад баруун гарын алга хэсгийн хойд тал руу хутгаар хатгасан. ...Б ...цахилгааны утас гаргаж ирээд хоёр гарыг нурууны ард гаргаад хоёр хөлтэй холбож байгаад уясан. ...скоч аваад ам наасан. ...Б гэрийн хаалгыг дотроос нь цоожлоод цонхоо алхаар хага цохиод гараад явсан. ...Би тухайн үед Мядагмаад Б намайг хүлээд явсан талаар хэлсэн. ...Тухайн өдөр Б өөрийн хүүхдийг аваарт орсон талаар хэлсэн. Тэгээд уг асуудлаас болоод маргалдсан...” /2 хх 72-73/,

гэрч Д.Дгийн “...2021 оны 9 дүгээр сарын 4-өөс 5-нд шилжих шөнө ...Б нь Эбтэй 0.5 литрийн архи хувааж уугаад хоорондоо маргалдсан. ...хаалгаа цоожлоод маргалдаж цохиж, зодож дарж унагаад цахилгааны утсаар гар хөлийг нь уяад ...ээж Эбийн баруун хөлийн өвдөг хэсгийн өмдийг нь хутгаар зүсээд нүүр лүү нь чичлээд ...утсыг нь хага шидсэн байсан...” /2 хх 75-76/,

гэрч В.Мгийн “...Үүрээр 05-06 цагийн орчим ...би эргээд хэвтэж байхад хүн дуудаад байгаа юм шиг чимээ гарахаар нь гэрээс гарсан чинь Бын байшингийн цонх хагараад дотроос Билгээ наашаа хүрээд ирээч гэж бүдэг орилоод байгаа чимээ гарсан. ...Би хагархай цонхоор нь очсон чинь Билгээгийн амыг скочдоод гарыг нь хойно нь хүлсэн байсан. ...гараараа хүлээг нь оролдож байгаад тайлсан. Билгээ өөрөө амны хаалт болон хүлээгээ тайлсан...” /хх 85, 2 хх 75-76/,

гэрч Б.Зны “...аавын амьдардаг гэрт очиход аавын хамтран амьдрагч эмэгтэй Р.Эб нь өвлийн сууцны орон дээр ганцаараа сэтгэлээр унасан байдалтай сууж байхаар нь юу болсон талаар асуух үед танай аав надтай хэрэлдээд намайг цохиод өвлийн сууцны хаалга түгжээд гараад явсан гэсэн...” /хх 88-90/

шүүгдэгч Л.Бын “...2021 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр ...эхнэр над руу агсам тавьж чи миний хүүхдүүдийг ад үздэг гэх мэтээр үг хэлээд байсан. ...сүүлдээ эхнэр үгэнд орохгүй байхаар нь зодоход цагдаа дуудна гээд утсаа авахаар нь гар утсыг нь шүүрч аваад эвдсэн. ...эхнэрийг гарч зугтах гэхээр нь гэрээ цоожлоод эхнэрийг гэрлийн утсаар хүлээд гэрийнхээ цонхыг хагалж гарсан. Би тухайн үед эхнэртэйгээ хэрүүл маргаан хийхдээ уур хүрээд гараараа цохиж, зодож гэмтээсэн...”  /хх 219, 235, 2 хх 122/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 8354 дугаартай “...Р.Эбийн биед зулайн хуйх, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун, зүүн бугалга, шуу, зүүн гуяны цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь өөрийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /2 хх 85-86/,

гэмт хэргийн талаар гаргасан гомдол, мэдээллийг бүртгэсэн тэмдэглэл /2 хх 56/,

   хэргийн газарт үзлэг хийсэн хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 хх 57-64/,

эд мөрийн баримтыг тооцсон мөрдөгчийн тогтоол /2 хх 65/,

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 70 дугаартай “Хойшлуулшгүй ажиллагааг хүчинтэйд тооцсон тухай” тогтоол /2 хх 67-68/ зэрэг нотлох баримтуудад,

Мөн 2021 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн өглөө 06 цагийн орчим согтууруулах ундаа хэрэглэж согтуурсан үедээ Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, 21 дүгээр хороолол, 39/А дугаар байрны 24 тоотод очиж, урьд үүссэн хувийн таарамжгүй харилцаа буюу “хамт амьдарч байсан газраа орон сууцаар сольж өөртөө авсан, намайг орон гэргүй болгосон” гэх эд хөрөнгийн маргаанаас, улмаар “намайг доромжиллоо” гэх шалтгаанаар төрсөн дүү Л.Сыг хутгаар цээж, хэвлийн тус газруудад нь олон удаагийн үйлдэл, давтамжтайгаар хутгалж, амьсгал тасрахгүй болохоор нь хутгаар хүзүүн тус газар нь 1 удаа хэрчиж, эрүүл мэндэд нь “цээжний зүүн хэсэг, хүзүү, цээжний баруун хэсэг хэвлийн урд хана, баруун эгэм, баруун мөр, баруун, зүүн бугалга, зүүн тохой, зүүн бугуйн үенд шарх, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, баруун бугуйнд зулгаралт” бүхий олон тооны шарх гэмтлийг учруулж онц харгис хэрцгийгээр алсан,

мөн талийгаач Л.Сыг хутгалах явцдаа түүний гэмт үйлдлийг таслан зогсоохоор ирсэн талийгаачийн эхнэр Г.Бсыг олон удаагийн үйлдэл, давтамжтайгаар хутгалж, эрүүл мэндэд нь “цээжний зүүн ар хэсэг дэх цээжний хөндийд нэвтэрсэн, зүүн бугалганы дотор ар дээд хэсгийн бугалганы булчин зөөлөн эдийг сүлбэн хавсан, цээжний зүүн хажуу дээд хэсэг дэх цээжний хөндийд нэвтэрсэн, цээжний зүүн хажуу доод хэсгийн цээж, хэвлийн хөндийд нэвтэрсэн, хэвлийн зүүн хажуу дээд хэсгийн хэвлийн хөндийд нэвтэрч чацархай, нойр булчирхайг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх” бүхий олон тооны шарх гэмтлийг учруулж онц харгис хэрцгийгээр алсан буюу онц харгис хэрцгийгээр хоёр хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Ббын “...Миний эгч Г.Бс нь 1960 оны 3 дугаар сарын 9-ний өдөр төрсөн. ...талийгаач Л.Стай суугаад 10 жил орчим хамт амьдарсан. ...Би маш их гомдолтой байна. Хуулийн дагуу арга хэмжээ авахуулмаар байна...” /хх 69/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Этын “...Миний ах Л.С нь Улаанбаатар хотод 1959 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Лс гэх хүний дунд хүү болж төрсөн. ...2015 билүү 2016 онд талийгаач Бстай гэр бүл зохиож нэг гэрт орсон. ...Талийгаач Сүхбаатар ах өөрийн гэсэн хүүхэдгүй болохоор хууль ёсны төлөөлөгчөөр нь төрсөн дүү нь болох би өөрөө оролцож байна....” /хх 73/,

гэрч Р.Эбийн “...Намайг хүлж байхдаа “би одоо Сүхбаатарыг очиж эхнэртэй нь ална дараа нь чамайг ирж алаад хамгийн сүүлд нь өөрийгөө ална” гэж хэлж байсан. Чиний амыг скочдохгүй бол Сүхбаатарт хэл өгчихнө гээд амийг скочоор дараад ...гараад явсан. ...Б намайг анх гэртээ дагуулж ирж байхад Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, 3-22 тоотод дүү Сүхбаатартай нэг хашаанд хоёр өөр байшинд амьдардаг байсан. Тэр газар Сүхбаатарын нэр дээр байсан болохоор Сүхбаатар Бод хэлэхгүйгээр 1 өрөө байраар сольсон гэж байсан. Тэр асуудлыг Б мэдээд Сүхбаатартай муудалцаад хоорондоо хэрэлдээд таарч тохирохоо больсон. ...Нэг өдөр Б би Сүхбаатараас тусдаа амьдрахгүй бол харахаар уур хүрээд алчих гээд байх юм гэж байсан. ...Б гэртээ байхдаа “Сүхбаатарыг ална аа” гээд яриад байдаг юм. Мөн хамт амьдарч байгаа Баярмаа нь шуналтай авгай, Сүхбаатарыг уруу татаж газрыг нь нэг өрөө байраар сольсон гээд байдаг...” /хх 80-83/,

гэрч С.Бцийн “...Би Г.Бс гэх хүний том охин нь юм. ...ээж ...Г.Бс нь 2013 оноос хойш талийгаач Б.Сүхбаатарын Сонгинохайрхан ...хашаа байшинд нь хамт амьдарч байсан. ...2018 онд тэр хашаа нь газарт ороод нэг өрөө байр санал болгоод талийгаач Г.Бс, Л.С нар саналыг нь зөвшөөрөөд одоогийн амьдарч байсан Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, 39/А дугаар байрны 24 тоотод амьдрах болсон. ...Л.Б нь тухайн хашаанд цуг амьдарч байгаад орох байргүй болоод байсан, би бас талийгаач Сүхбаатар ахаас Б ах яах юм бэ гэж асуухад талийгаач Сүхбаатар “энэ хашаа байшин угаасаа минийх, миний нэр дээр байдаг, би ээжтэй хамт насаараа асарч амьдарч байсан” гэж хэлж байсан. Тэрнээс болоод Б нь талийгаач Сүхбаатар ахыг надад хэлэлгүй шийдвэр гаргасан гээд Сүхбаатар ахад уурлаж муудалцсан гэж сонссон. Би талийгаач ээжээсээ энэ талаар сонссон...” /хх 98-99/,

шүүгдэгч Л.Бын “...ер нь Сүхбаатар, Бс нарт дургүй хүрдэг байсан учраас гэрээс гарахдаа гал тогоонд хэрэглэдэг байсан хар саарал өнгийн хутгыг аваад 82-66 УНЧ улсын дугаартай “Тоёота Субару” загварын тээврийн хэрэгслээр дүү Сүхбаатарын гэрийн ойролцоо байдаг өөрийн ...дүү болох Этын гэрийн гадна ирж машинаа орхиод гаднаас нь алхаж Сүхбаатарын байрны гадна ирсэн. ...Сүхбаатарын гэрийн гадна ирэхэд гадаа гэгээ орсон байсан. ...Сүхбаатарын байрны 4 давхарт гарч хаалгыг нь тогшиход Сүхбаатар хаалга нээж өгөхөөр нь “Та хоёр намайг доромжлох болоогүй шүү” гэж хэлээд шууд гартаа барьсан байсан хутгаараа цээж хэвлий хэсэг рүү нь хутгалж эхэлсэн. Тэгтэл эхнэр Бс нь орон дээрээс босож ирэхээр нь мөн шууд хутгалсан, миний уур их хүрсэн байсан учраас яг хэд, хэдэн удаа хутгалсан гэдгээ хэлж мэдэхгүй байна. Сүхбаатарыг хутгалчхаад эхнэр Бсыг хутгалсны дараа Сүхбаатар үхэхгүй миний гараас зуураад байхаар нь хоолойг нь хутгаар хэрчихэд үхчих шиг болсон. Тэгээд шууд гэрээс нь гарч дүү Этын гэрт ороод би Сүхбаатар, Бс хоёрыг сая алчихлаа гэхэд дүү надад итгэхгүй та битгий тоглоод бай гээд байхаар нь би одоо цагдаа орж хэргээ хүлээнэ гэж хэлчихээд шууд цагдаагийн хэлтэс дээр ирсэн. Цагдаагийн хэлтэс дээр ирэхэд Сүхбаатар, Бс хоёрыг хутгалсан хутга надад байсан учраас надтай уулзсан цагдаад хутгаа шууд өгсөн. ...Сүхээ болон эхнэртэй нь таарахад эхнэр нь надад хандаж бид хоёр байранд сайхан амьдарч байна гээд даапаалахаар нь би та хоёрыг сайхан амьдрахыг харна аа, би та хоёрыг ална гэж хэлсэн. Дараа нь ...Сүхээгийн эхнэр таараад бид хоёр байрандаа байгаа, сайхан байна гэж хэлээд салаад явсан. Тэгээд явж байхдаа намайг басамжилж байна гэж бодож байсан. Тэгээд би Сүхээг эхнэрийн нь хамт алсан. ...Би баруун гартаа хутга бариад Сүхээгийн биед 2-3 удаа хутгалаад хоолойг нь зүссэн. ...Бсыг бас 2-3 удаа хутгалсан...” /хх 219-220, 234-237/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 1831 дугаартай “...Амь хохирогч Л.Сын цогцост цээжний зүүн хэсэг, хүзүү, цээжний баруун хэсэг, хэвлийн урд хана, баруун эгэм, баруун мөр, баруун, зүүн бугалга, зүүн тохой, зүүн бугуйн үенд шарх, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, баруун бугуйнд зулгаралт зэрэг гэмтлүүд тогтоогдлоо. Цээжний зүүн хэсэг, хүзүү, цээжний баруун хэсэг, хэвлийн урд хана, баруун эгэм, баруун мөр, баруун, зүүн бугалга, зүүн тохой, зүүн бугуйн үенд шарх нь хурц ир үзүүртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, баруун бугуйнд зулгаралт нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтлүүдийг авснаас хойш богино хугацаанд нас барах бөгөөд хэдий хугацаанд амьд байхыг нарийвчлан тогтоох боломжгүй. Цээжний хөндийд нэвтэрсэн шарх, хүзүүний шарх, хэвлийн урд ханын шарх гэмтлүүд нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Амь хохирогч Л.С нь цээжний хөндийд нэвтэрч үнхэлцэг хальс, зүүн уушгины вений судсыг гэмтээсэн шарх, хүзүүний урд дунд хэсгийн зүүн талын гүрээний артерийн судсыг гэмтээсэн шарх гэмтлийн улмаас цээж, үнхэлцэгийн хөндийд цус хуралдаж зүрх чихэлдэлт, цус алдалтын шокийн улмаас нас баржээ. АВО системээр “В” 3-р бүлгийн цустай. Цусанд 0,9 промилли, ходоодны шингэнд 2.8 промилли, шээсэнд 1.3 промилли спиртийн агууламж илэрсэн нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна. Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй байна. Үхэлд хүргэх архаг хууч өвчингүй байна. Эмнэлгийн яаралтай тусламж авсан ч амь нас аврагдах боломжгүй. Ходоодонд 100 мл орчим өргөст хэмх мэт зүйл ялгарах нар ногоон өнгийн бүрэн боловсролтой шингэн агууламжтай байна. Амь хохирогчийн зүүн гарын бугуйнд хатгагдаж зүсэгдсэн шарх, баруун гарын бугуйнд зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдсон болно. 2021 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 18:00 цагт хийсэн цогцосны гадна үзлэгээр нас бараад 12-13 орчим цаг болсон...” /хх 121-127/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 1832 дугаартай “...Г.Бсы цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр цээжний зүүн ар хэсэг дэх цээжний хөндий рүү нэвтэрсэн, зүүн бугалганы дотор ар дээд хэсгийн бугалганы булчин зөөлөн эдийг сүлбэн хавсан, цээжний зүүн хажуу дээд хэсэг дэх цээжний хөндийд нэвтэрсэн, цээжний зүүн хажуу доод хэсгийн цээж, хэвлийн хөндийд нэвтэрсэн, хэвлийн зүүн хажуу дээд хэсгийн хэвлийн хөндийд нэвтэрч чацархай, нойр булчирхайг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтлүүд учирсан нь тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтлүүд байх бөгөөд ир үзүүртэй зүйлийн 5 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Талийгаачийн гол судас гэмтсэн тул богино хугацаанд нас барах бөгөөд талийгаач нь дээрх гэмтлүүдийг авсны дараа үйл хөдлөл хийх боломжгүй. Шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдоогүй болно. Талийгаач Г.Бс нь дээрх цээж, хэвлий рүү нэвтэрсэн, амь насыг аврах боломжгүй хүнд гэмтлийн улмаас нас баржээ. Задлан шинжилгээгээр эсэргүүцэн тэмцэлдсэн гэхээр шинж тэмдэг тогтоогдоогүй болно. Талийгаач нь АВО системээр Ва (III) бүлгийн цустай байжээ...” /хх 139-147/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 4100 дугаартай “...Л.Бын гэх цусны ДНХ-ийн тогтцыг хүний геномын 16 локусаар тогтоов...” /хх 149-150/,

Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст иргэн Л.Боос “Би 2 хүн алчихлаа” гэх гэмт хэргийг өөрийн биеэр ирж мэдээлснийг 2021 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 07 цаг 34 минутад хүлээн авсан тэмдэглэл /хх 1/,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 2-14/,

тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 20/,

цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 21-26, 27-30/,

Л.Бын биед үзлэг хийсэн “...бор өнгийн хилэн яакны ...баруун ханцуйны мөрнөөс доош хэсэгт цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон, мөн ар далны хэсэгт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон, дотроо саарал өнгийн ханцуйтай цамц байх ба цамцны энгэр дээр толбо хэмжээний цус мэт улаан хүрэн зүйлээр бохирлогдсон, ...цагаан өнгийн пүүзтэй байх ба, гутлын улан дор, үдээс, баруун бөөрөн дээр цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байсан...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 31-40/,

Л.Боос ажлын хэсэг нь 16 см, бариул хэсэг нь 10 см урттай бор алаг өнгийн хутгыг хураан авсан тэмдэглэл /хх 42/,

эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /хх 44/,

хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 45-46, 48-51/,

2021 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 69 дугаартай “Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай” прокурорын тогтоол /хх 48-53/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын “...Л.Б нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, гэмт хэрэг үйлдэх үед болон гэмт хэрэг үйлдсэнээс хойш сэтгэцийн ямар нэгэн өвчтэй байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. Л.Б нь үнэн зөв мэдээлэл өгч бусдад ойлгуулах чадвартай мөн хэрэг хариуцах чадвартай байна. Л.Б сэтгэцийн эмнэлгийн хяналтанд байдаг эмчлүүлж байсан гэх баримт мэдээлэл үгүй. Түүнд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй...” болохыг тогтоосон 787 тоот дүгнэлт /хх 212-213/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Л.Быг онц харгис хэрцгийгээр хоёр хүнийг алсан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.6 дахь заалт, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод тус тус нийцсэн байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Л.Бод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.6 дахь заалтад зааснаар бүх насаар нь хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасныг баримтлан шүүгдэгч Л.Бод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.6 дахь заалтад зааснаар оногдуулсан бүх насаар нь хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож 90 хоногийн буюу 3 сарын хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч Л.Бын биечлэн эдлэх ялын төрөл хэмжээг бүх насаар нь хорих ялаар тогтоож, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Л.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж, цаашид гарах хохирол, хор уршгийг төлөхөө илэрхийлж байх хэдий ч нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, өөрийн төрсөн дүүг эхнэрийн хамт буюу 2 хүнийг алах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр үйлдсэн, хувийн байдалд нь ялын төрөл, хэмжээ, дэглэм нь тохирсон байна гэж давж заалдах шатны шүүх дүгнээд, шүүгдэгч Л.Б, түүний өмгөөлөгч Г.Цолмон нарын гаргасан “...бүх насаар хорих ялыг хугацаатай болгож өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Л.Б нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2021/ШЦТ/1184 дугаартай шийтгэх тогтоол гарснаас хойш буюу давж заалдах шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцсэн 2022 оны 2 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 68 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялын хугацаанд оруулж тооцох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2021/ШЦТ/1184 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.Б, түүний өмгөөлөгч Г.Цолмон нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бын 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 2022 оны 2 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 68 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.ОЧ              

           

 

                        ШҮҮГЧ                                                             Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

 

                        ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ