Шүүх | Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гэрэлхүгийн Жаргалтуяа |
Хэргийн индекс | 142/2023/01238/И |
Дугаар | 142/ШШ2024/00501 |
Огноо | 2024-03-20 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 142/ШШ2024/00501
2024 03 20 142/ШШ2024/0501
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Жаргалтуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, *** тоот хаягт оршин суух, **** регистрийн дугаартай, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: : Орхон аймаг, Баян-Өндөр сум, *** тоот хаягт оршин суух, *** регистрийн дугаартай, ******* ******* овогт *******гийн *******т холбогдох,
Хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Д.*******,
Хариуцагч Г.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгонтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Г.*******т холбогдуулан хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч Д.******* нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Миний бие Д.******* би нөхөр Г.*******тай 2017 онд танилцаж, ойр дотно харилцаатай байж, бидний дундаас 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр охин Э.******* мэндэлсэн. Бид гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй. Нөхөр Г.******* гэр бүлээс гадуур харилцааг нэг бус эмэгтэйтэй үүсгэж, сүүлийн 3-4 жилд архи их уудаг болсон. 5 өдөр ажилдаа явна. Амралтын өдрүүдээр байнга архи ууна. Бидний дунд үр хүүхэд, гэр бүлээ хайрлах гэсэн дотно харьцаа байхгүй болоод удаж байна. Одоо амьдарч байгаа байрандаа 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр ороод удаагүй хөл хүндтэй болоод охиноо 2021 оны 10 дугаар сарын 07 ны өдөр төрсөн төрүүлсэн. Охиноо өөрийн асрамжиндаа үлдээж, эцэг Г.*******аас хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Шүүхэд дараах өргөдлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: Бид цаашдаа хамт амьдрахгүй. Түүний хүүхдүүдээ болон надад гаргадаг авир, бидний таарамжгүй харилцаа охины минь хүмүүжилд нөлөөлнө гэж болгоомжлон цаашид хамт амьдрахгүй. Гэр бүлийн тухай хуульд зааснаар 2021 оны 10 дугаар сарын 07 ны өдөр төрсөн охин Э.******* гэх Д.******* миний асрамжинд үлдээж, эцэг Г.*******аас хүүхдийн тэтгэлэг гаргуулна уу. Гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгө гэж бидний амьдарч байгаа ******* д байрлах ипотекийн зээлтэй, 2 /хоёр/ өрөө байр бий. Нөхөр Г.*******ын шүүхэд гаргах тайлбартай холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх болно. Дээрх шаардлагуудыг гаргаж байх тул хүлээн авч, ханган шийдвэрлэж өгнө үү гэв.
Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагада: Д.******* би Г.*******тай 2017 оны 12 сараас эхлэн хамтран амьдарч эхэлсэн ба тухайн үед бид хоёр манай ажлын газрын албаны орон сууцанд 2020 оны 10 сарын 04-ны өдрийг хүртэл хамт амьдарч байсан юм. Тэгээд бид хоёр түрээсийн орон сууцанд орохоор бичиг баримтаа бүрдүүлж, сугалаа татахад нь хамтдаа нэрсээ өгч 300 орчим айлаас Г.*******ын нэр гарч ирсэн тул түрээсийн орон сууцанд орж амьдрах эрхтэй болсон ба тухайн үед 2020 оны 12 сарын 10-ны өдөр орон сууцны түрээсийн гэрээг байгуулах үед би ковидын тусгаарлалтанд сувилагчаар ажиллаж байсан тул Г.******* ээж Г.Жавзандуламыг дагуулж очоод гэрээг байгуулсан юм. Би Медипас /хуучин нэрээр/ эмнэлэгт өдрийн эмчилгээний сувилагчаар ажиллаж байсан ба ковидын тусгаарлалтанд ажиллахаар намайг аймгаас шууд томилж, Сэлэнгэ буудалд байрлаж байсан эмнэлэгт сувилагчаар ажиллаж байсан, тухайн үед бид нар гарч орох эрхгүй тэндээ байрлаж ажиллаж байсан юм. Би Г.*******аас сална тусдаа амьдарна гэж бодож байгаагүй болохоор ганцаараа гэрээ байгуулчихсан гэхээр нь тоогоогүй юм, гэтэл одоо би охин *******гийн хамт орох оронгүй, амьдрах газаргүй болох нөхцөл байдал үүссэн. Гэтэл сүүлд орон сууцны гэрээг байгуулахдаа өөрийнхөө ээжийг хамтран эзэмшигч гээд байгуулж гарын үсгийг зураад гэрээ байгуулсан байсныг хараад би Г.*******т чи гэрээг ганцаараа байгуулсан гэчихээд яагаад ээжийн гарын үсэг байгаа юм бэ гэхэд Г.******* би хамтран эзэмшигч байх ёстой гэхээр нь ээжийн гарын үсгийг дуурайлгаад зурчихсан гэж хэлэхээр нь би түрээсийн гэрээ байгуулдаг хүмүүст очиж хэлэхэд иймэрхүү асуудал зөндөө болж байгаа, бид нар жаахан туршлагагүйдээд, хэн хаана гарын үсэг зурж байгааг сайн анзаараагүй гэж хэлж байсан юм. Тухайн гэрээнд зурсан Г.Жавзандулам гэх гарын үсэг бол Г.*******ын өөрийнх нь бичвэр байна лээ, хадам ээжийн гарын үсэг бол биш гэж би бодож байна. Би түрээсийн орон сууцанд амьдрах эрх олж авахын тулд Г.*******тай хамт нэг гэр бүл гэж өргөдөл өгч, болзол журмыг нь хангуулан байж түрээсийн байртай болсон мөртлөө өнөөдөр тухайн байранд амьдрах эрхгүй болох гээд байгаа тул нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Г.******* түрээсийн гэрээний хамтран эзэмшигч болох ээж Г.Жавзандуламыг сольж эхнэр Д.*******ээр солиулахаар мөн би хамтран эзэмшигчээр солиуулахаар хүсэлт гаргасан боловч шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй гээд хариу өгөөгүй байгаа болно. Нэхэмжлэлийн шаардлага: Орхон аймаг Баян-Өндөр сум баг айл ы дугаар байрны 96 тоот 51,62 м2 талбай бүхий 2 өрөө түрээсийн орон сууцны хамтран эзэмшигч мөн болохыг тогтоож өгнө үү гэв.
2. Хариуцагч Г.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Г.******* надад Д.******* нэхэмжлэл гарган шүүхэд өгсөнд хариу тайлбар гаргаж байна. Д.*******тэй анх 2018 оны 12 дугаар сард танилцаж, 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр охин маань төрсөн юм. Анх Д.*******ийн амьдардаг байранд амьдарч эхэлсэн бөгөөд 2020 онд төрийн байгууллагын ажилтнаар ТОСК-ийн сугалаанд орж ******* д орсон юм. Намайг архи уудаг, гэр бүлээс гадуурх харилцаатай хэмээн хэлсэн байгаа нь үндэслэлгүй юм. Уул уурхайд сүүлйн гурван жил тасралтгүй ажиллахдаа ихэнх цаг хугацааг ажил дээрээ өнгөрүүлж байдаг. Харин Д.******* гэх эмэгтэй байнга архи ууж тамхи татдаг, мөн залуучуудтай холбоо хамааралтай байдаг юм. Энэ асуудал хүндэрвэ нотлох баримт бичлэгүүдийг ил гаргаж болно. Уурхайд гэрээсээ хол ажиллаад тураад ирэхэд аяга цай хийж өгсөн удаа гарын таван хуруунд багтахаар цөөхөн юм. Архи дарс би хааяа амарч байх хугацаандаад уулзаад уудаг хэдхэн найзтай тэд нар дээрээ л очиж 1 өдөр уудаг юм. Тэрнээс хэтэрвэл бие маань өвдөн дийлдэггүй. Мөн гэртээ охиныхоо хажууд архи дарс ууж агсам согтуу тавж байсан удаа байхгүй. Хэрүүл болонгуут үргэлж цагдаа дуудаж намайг байнга хөөж туудаг. Цагдаагийн байгууллага хэд хэдэн удаа ирж арх дарс уугаагүй шаардлаггүй хэмээж явсан удаа бий. Анх нийлж байхад архи дарс залуучуудын асуудалтай эмэгтэй байсан юм. Тэр үеэс л би сална даа гэж хэлж ярьсаар байгаад одоог хүрсэн юм. Д.*******ийн талаар хариу тайлбар хийвэл зөндөө зүйлүүд байгаа. Намайг шүүхэд өгч асуудлыг шийдэх гэж байгаа бол би дэмжиж байна. Одоо бидний амьдарч байгаа байр манай нэр дээр байдаг бөгөөд бүх төлбөр тооцоо, эд хогшил, тог, ус СӨХ-ны төлбөр, хоолны төлбөрүүдийг би анхнаасаа бүгдийг нь төлсөөр явж байгаа. Энэ байран дээр нэхэмжлэл гаргасан бол би эсэргүүцэж байна. Охин Э.******* дээр тэтгэмж тогтоолгох нэхэмжлэл дээр шүүх шинжилгээгээр орж тогтоогдвол татгалзах зүйлгүй гэв.
Хариуцагч Г.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х. нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: Иргэн Д.*******ийн нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөнтэй танилцлаа. Орон сууцны хамтран эзэмшигч мөн болохыг тогтоолгох шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэл:
1. Иргэн Д.*******, Г.******* бид хоёр түрээсийн орон сууцанд хамрагдахаар Орхон аймгийн Засаг даргад хандаж , уг хүсэлтийг хүлээн авч сугалаа сугалахад Г.******* миний нэр гарч ирж, түрээсийн гэрээ байгуулах эрхтэй болсон ба хамтран эзэмшигчээр Д.*******ийг оруулах хүсэлтийг гаргасан боловч татгалзаж, гэр бүлийн гишүүн болох миний ээж Г.Жавзандуламыг хамтран эзэмшигч болохыг зөвшөөрсөн. Д.*******ийг зөвшөөрөөгүй шалтгаан нь: А.Тухайн түрээсийн төлбөрийг төлөх үүргийг хүлээлгэхтэй сугалаагаар Г *******ын нэр гарч ирсэн, Д.*******ийн нэр гарч ирээгүй, та хоёр гэр бүлийн гишүүн байх шаардлагыг хангаагүй байна гэсэн. Б.Бид хоёр тухайн орон сууцны хамтран эзэмшигч болохыг хүсч нотариатаар байгуулсан хэлцэл хийж холбогдох баримтыг байгууллагад өгсөн боловч мөн зөвшөөрөөгүй. Зөвшөөрөөгүй үндэслэл нь мөн л гэр бүлийн гишүүн биш, анхнаасаа түрээсийн гэрээ байгуулах эрхийг Д.******* аваагүй байна гэх үндэслэлийг зааж зөвшөөрөөгүй. Энэ талаар өөрөө маш сайн мэдэж байгаа бөгөөд Д.*******ийн нэр сугалаагаар гарч ирээгүй учир нь түүнд орон сууцыг хамтран эзэмших эрх үүсээгүй гээд түрээсийн гэрээг хамтран эзэмшигчээр оруулахгүй татгалзсныг мэдэж байгаа. В.Өнөөдрийг хүртэл түрээсийн төлбөрийг би, ээж Г.Жавзандуламын хамт хариуцан төлж ирсэн бөгөөд Д.******* нэг ч удаа түрээсийн төлбөр төлж байгаагүй. Харин түрээсийн гэрээний дагуу төлбөр төлөх үүргийг хүлээсэн намайг үүргээ гүйцэтгэж дуусаад, давуу эрхийн дагуу өмчлөгч болох тохиолдолд хэнийг өмчлөгчөөр оруулах нь таны эрх, бид зөвхөн эрх үүссэн этгээдтэй түрээсийн гэрээг байгуулна, харин эрх үүсээгүй этгээдийг түрээсийн гэрээнд оролцуулах, хариуцлага хүлээлгэх боломжгүй гээд Д.*******ийн нэрийг оруулахыг эрх бүхий байгууллагаас огт зөвшөөрөөгүй ба Орон сууцны түрээслэх журмын дагуу явж байгаа тул хуулийн дагуу таныг өөрчлөх, өөр хүнд гэрээг шилжүүлэх, өөр этгээдийг нэмж хамтран эзэмшигчээр оролцуулах боломжгүй гэж хэлснийг Д.******* мэдэж байгаа. Харин би үүргээ биелүүлэхгүй бол түрээсийн орон сууцыг буцаан авна, авах тохиолдолд түрээсийг буцаан авах эрхгүй билээ. 2. Д.******* бид хоёр хамтран амьдрах боломжгүй болсон нь үнэн. Түрээсийн орон сууцыг эзэмших эрхийг сугалаагаар авах үед Д.*******тэй хамт амьдарч байсан нь үнэн бөгөөд хамтран амьдарснаар түрээсийн гэрээний үүргийг биелүүлэх эрх үүсээгүй. Энэхүү хамт амьдарсан гэх үндэслэлээр хамтран эзэмшигч мөн болохыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй. Мөн Д.******* нь түрээсийн гэрээний үүргийг огт хүлээж байгаагүй, биелүүлж ч байгаагүй учир хамтран эзэмшигч гэж үзэх үндэслэлгүй. Цаашид ч тус тусдаа амьдрах нь тодорхой ч болсон учир энэхүү Түрээсийн гэрээний хамтран хариуцлага хүлээх, хамтран эзэмшигч этгээд болох боломжгүй байна. Иймд нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
3. Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянбулаг багийн 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн ам бүлийн тодорхойлолт, Нийцэл ӨЭМТ-ийн тодорхойлолт, охин Э.*******гийн төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, ******* овогтой *******гийн Бяцхан Одод цэцэрлэгт суралцаж байгаа талаарх тодорхойлолт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах өргөдлийн маягт, Орхон аймгийн Засаг даргын орлогж А.Түвшинжаргалд 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр гаргаж байсан Д.*******, Г.******* нарын хүсэлт, иргэний үнэмлэх, лавлааны хуулбар, 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Орхон аймгийн Засаг даргаас Д.*******т олгосон Жуух бичиг-ийн хуулбар, Орон сууцны түрээсийн гэрээ 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн ТОС-1 хөтөлбөр баримт (хх 95-99, 117 тал),
4. Хариуцагчаас 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Орон сууцны түрээсийн гэрээ-г нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх 26-27 тал), 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 0106 дугаартай итгэмжлэл, 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 1 200 000 төгрөг ОНӨГазарт төлсөн Хаан банкны банкны шилжүүлгийн баримт, 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 800 000 төгрөг ОНӨГазарт төлсөн мөнгөн шилжүүлгийн баримт, 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 400 000 төгрөг ОНӨГазар төлсөн Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримт, 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 400 000 төгрөг ОНӨГазар төлсөн Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримт, 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 1 200 000 төгрөг ОНӨГазар төлсөн Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримт, 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүртлэх Г.*******ын Хаан банкны 5021243126 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хх 70-91 тал) зэрэг баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байна.
Шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баасанжавын хүсэлтийг хангаж Орхон аймгийн Орон нутгийн өмчийн газраас иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах өргөдлийн маягт, Орхон аймаг Баян-Өндөр сумын Даваат багийн 01 дүгээр сарын 15-ны өдрийн оршин суугаа газрын тодорхойлолт, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Ерөнхий боловсролын 17 дугаар сургуулийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 10 дугаартай тодорхойлолт, Хас банкны Баян-Өндөр тооцооны төвийн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 63/058 дугаартай тодорхойлолт, 0734233 дугаартай Г.*******ын нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Хас банкны зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Г.*******ын иргэний үнэмлэхний хуулбар, Г.*******ын оршин суугаа хаягийн тодорхойлолт, Г.*******ын эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа, Г.*******ын шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болох тодорхойлолт, Д.*******ийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Голомт банкны 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн ГБ-11/44 дугаартай тодорхойлолт, Голомт банкны зээлийн дансны хуулга, Д.*******ийн иргэний үнэмлэхний лавлагаа, Д.*******ийн оршин суугаа хаягийн тодорхойлолт, Д.*******ийн эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа, Д.*******ийн шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болох тодорхойлолт, иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах өргөдлийн маягтыг хүлээн авсан хяналтын хуудас, 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн ЦЧ ТОС-2020/137 дугаартай Орон сууцны түрээсийн гэрээ-ний хуулбар баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.******* нь тус шүүхэд хариуцагч Г.*******т холбогдуулан Хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. (хх 1 тал)
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Д.******* нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн Орхон аймаг Баян-Өндөр сум баг айл ы дугаар байрны 96 тоот 51,62 м2 талбай бүхий 2 өрөө түрээсийн орон сууцны хамтран эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай шаардлага гаргасан.
Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, зохигч талуудын тайлбаруудыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д заасныг баримтлан хариуцагч Г.*******т холбогдуулан гаргасан Орхон аймаг Баян-Өндөр сум баг айл ы дугаар байрны 96 тоот 51,62 м2 талбай бүхий 2 өрөө түрээсийн орон сууцны хамтран эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэгч Д.*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 40 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ЖАРГАЛТУЯА