Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 182/ШШ2024/01492

 

 

 

 

 

 

 

 

 

2024 04 09 182/ШШ2024/01492

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр /17040/, Чингисийн өргөн чөлөө 37/1 тоотод байрлах, ******* ******* ******* ******* ББСБ ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, 1 дүгээр 40 мянгат гудамж, 7 дугаар байр, 23 тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/-т холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэг болон зардалд 3,511,618.41 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Эрхэмбаяр

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ш.Эрдэнэцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.  Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч Б.*******т холбогдуулан нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Хариуцагч Б.******* нь ******* ******* ******* ******* ББСБ ХХК-д хандаж гар утас худалдан авах зорилгоор 3,000,000 төгрөгийн зээл олгохыг хүссэн. Зээлдэгчийн хүсэлт, холбогдох баримтыг үндэслэж 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 24 сарын хугацаатай, сарын 2,9 хувийн хүүтэйгээр 3,000,000 төгрөгийг ЗГ1305210587 дугаартай зээлийн гэрээ байгуулан зээлийг олгосон байна.

Мөн ЗБ1305210587 дугаартай барьцааны гэрээг байгуулан Iphone 12 pro max маркийн гар утсыг барьцаалсан.

Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгэхгүй байгаа тул манай байгууллагын зүгээс зээлийн эргэн төлөлтийг төлж, зээлийн графикт орохыг удаа дараа сануулж, тодорхой хугацаанд зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэх боломжит хугацааг зээлдэгчийн хүсэлтийн дагуу өгч байсан боловч өнөөдрийг хүртэл зээлийн үүргээ биелүүлээгүй байна.

Иймд ЗГ1305210587 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлд 2,611,315.62 төгрөг, үндсэн хүүнд 840,494.92 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 43,807.88 төгрөг, нотариатын зардал 16,000 төгрөг нийт 3,511,618.41 төгрөгийг хариуцагч Б.Батсууриас гаргуулж өгнө үү, нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

 

2. Хариуцагч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний зүгээс энэ 3,511,618.41 төгрөгийг төлөх боломжтой боловч тооцоолол хийж шалгаж үзэхээс нааш төлөх боломжгүй. ******* андуурч байж магадгүй тухайн үед 2,3 банк бус санхүүгийн байгууллагын эдийн засагч нар ярьж мөнгөө яаралтай шилжүүл гэх үед би хувь данснаасаа шилжүүлсэн тохиолдол байгаа. Тэгэхээр энэ ******* ******* ******* ******* ББСБ ХХК руу хийсэн үү, өөр ББСБ руу хийсэн эсэхээ мэдэхгүй байгаад байна гэжээ.

 

3.Нэхэмжлэгч талаас дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

3.1. Монголын Нотариатчдын танхим, мөнгөний баримт /хх-5/

3.2. Улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ /хх-6-9/

3.3 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Зээлийн гэрээ /хх-10-12/

3.4 Зээл төлөлтийн дэлгэрэнгүй хүснэгт /хх-13/

3.5 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Барьцааны гэрээ /хх-14-15/

3.6 Зээл хүсэгчийн тухай мэдээлэл /хх-16/

3.7 Зээлдэгчид хүргүүлсэн мэдэгдэл /хх-17-18/

3.8 Зээлдэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-19/ зэрэг баримт авагдсан байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч Б.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэг болон зардалд 3,511,618.41 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

2.Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, үндэслэлээ хариуцагч нь зээлийг хүлээн авч ашигласан боловч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүй, зээл төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй тул зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү болон шүүхэд нэхэмжлэл гаргахад хавсарган ирүүлсэн баримт, материалыг нотариатчаар гэрчлүүлсэнтэй холбоотой гарсан зардлыг хариуцагчаас шаардах эрхтэй гэж тайлбарлажээ.

3.Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, ...Миний зүгээс энэ 3,511,618.41 төгрөгийг төлөх боломжтой боловч тооцоолол хийж шалгаж үзэхээс нааш төлөх боломжгүй... гэж татгалзжээ.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

******* ******* ******* ******* ББСБ ХХК, Б.******* нарын хооронд 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр ЗГ1305210587 дугаартай Зээлийн гэрээ байгуулагдаж, зээлдүүлэгч нь 3,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 2,9 хувийн хүүтэй, зээлийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцөлтэй, ахуйн хэрэглээний зориулалтаар зээл олгох, зээлдэгч нь зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлөх үүргийг тус тус хүлээж харилцан тохиролцжээ.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаагаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ, мөн зүйлийн 451.2 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээг бичгээр хийнэ гэж зааснаар талуудын хооронд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн, уг гэрээ хүчин төгөлдөр байна.

 

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй.

 

5.Зээлийн гэрээний дагуу хариуцагч Б.******* нь зээлийг ашиглаж, эргэн төлөлтийн хуваарийн дагуу, зээлийн гэрээний хугацаанд үндсэн зээлд 388,684.38 төгрөг, зээлийн хүүд 746,896.18 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 39,419.44 төгрөг төлсөн байна. 2023 оны 3 дугаар сараас зээл, зээлийн хүү төлөх үүргээ зөрчжээ.

 

Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ББСБ ХХК нь зээлийн гэрээ 4.3, 4.9-т зааснаар зээлийг төлүүлэх талаар тодорхой арга хэмжээ авч, мэдэгдэл хүргүүлж байсан болох нь хэрэгт авагдсан 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 23/470 дугаар мэдэгдэл, 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 23/1221 дугаар мэдэгдлээр тус тус тогтоогдож байна.

 

6.Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэжээ.

 

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө гэж заасан.

 

Талууд дээрх хуульд заасны дагуу зээлийн гэрээний 2.1.5-т нэмэгдүүлсэн хүү төлөхөөр харилцан тохиролцжээ.

 

7. Хариуцагч Б.******* нь зээлийн гэрээний 2.4.1, 2.4.2, 4.9-т зааснаар ашигласан зээлийг төлөх үндсэн үүргээ Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1, 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасны дагуу хугацаанд нь зохих ёсоор, шударгаар биелүүлээгүй, зээлийн үлдэгдэлтэй байх тул нэхэмжлэгч нь зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү шаардсан нь үндэслэлтэй байна.

 

8. Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нотлох баримтыг нотариатаар гэрчлүүлж 16,000 төгрөгийг төлсөн гэж тайлбарлан түүнтэй холбоотой Монголын Нотариатчдын танхимын мөнгөний тасалбарыг нотлох баримтаар ирүүлсэн байна.

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасан учир хариуцагчаас нотариатын зардалд төлсөн 16,000 төгрөгийг гаргуулах үндэстэй.

 

9.Хэрэгт авагдсан баримтаас үзвэл хариуцагч нь ...Миний зүгээс энэ 3,511,618.41 төгрөгийг төлөх боломжтой боловч тооцоолол хийж шалгаж үзэхээс нааш төлөх боломжгүй... гэх тайлбар, хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч талуудын мэтгэлцэх эрхийг ханган шүүх хуралдааныг хойшлуулж байжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй байх боловч хариуцагч Б.******* нь хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

10. Иймд хариуцагч Б.Батсууриас үндсэн зээлд 2,611,315.62 төгрөг, зээлийн хүүд 840,494.92 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 43,807.88 төгрөг, нотариатын зардал 16,000 төгрөг нийт 3,511,618.41 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ББСБ ХХК-д олгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

11.Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ББСБ ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 71,136 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Батсууриас 71,136 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ББСБ ХХК-д олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-т заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Батсууриас 3,511,618.41 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ББСБ ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 71,136 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Батсууриас 71,136 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ